Skip to content

Гарчиг руу орох

Сорилт тулгарах, сэтгэлээр унах үед хүчтэй байх нь

Сорилт тулгарах, сэтгэлээр унах үед хүчтэй байх нь

Сорилт тулгарах, сэтгэлээр унах үед хүчтэй байх нь

«Ариун Сүнс та нар дээр ирэхэд, та нар хүчийг олно» (ҮЙЛС 1:8).

1, 2. Есүс дагалдагчдадаа яаж туслахаа амласан бэ? Тэдэнд ийм тусламж хэрэгтэй байсны учир юу вэ?

 ШАВЬ НАР НЬ өөрсдийнхөө хүчээр тушаалыг нь биелүүлж чадахгүй гэдгийг Есүс мэдэж байсан. Дэлгэрүүлэх ажлаа өргөн далайцтай хийж, эсэргүүцлийг сөрж, махан биеийн сул дорой байдалтайгаа тэмцэх ёстойг нь бодож үзвэл хүний хэрээс хэтэрсэн хүч зайлшгүй хэрэгтэй байлаа. Тийм учраас, Есүс тэнгэрт гарахынхаа өмнөхөн дагалдагчдадаа: «Ариун Сүнс та нар дээр ирэхэд, та нар хүчийг олж, тэгээд Иерусалим, бүх Иудей, Самари тэр байтугай энэ дэлхийн хязгаар хүртэл Намайг гэрчлэх болно» хэмээн батлан хэлжээ (Үйлс 1:8).

2 Энэ амлалтаа МЭ 33 оны Пентекостын өдөр биелүүлж эхэлсэн. Тэр үед Есүс Христийн дагалдагчид ариун сүнсний хүчээр Иерусалимыг сургаалаараа булж орхижээ. Тэднийг яаж ч эсэргүүцээд зогсоож чадаагүй (Үйлс 4:20). Есүсийн үнэнч дагалдагчдад, түүний дотор, бидэнд «үеийн төгсгөл хүртэл» Бурхны өгдөг тэр л хүч зайлшгүй хэрэгтэй (Мат. 28:20).

3. Еховагийн өгдөг хүч бидэнд хэрхэн тусалдаг вэ?

3 «Ариун сүнс та нар дээр ирэхэд та нар хүчийг олно» гэж Есүс шавь нартаа амласан. Эндээс харвал, Бурхны ариун сүнс хүмүүст нөлөөлж, хүчтэй болгодог нь тодорхой байна. Үүний ачаар, бид Бурханд өөрийгөө зориулсныхаа дагуу амьдрах, шаардлагатай бол янз бүрийн бэрхшээлийг тэвчих чадвартай болдог (Мика 3:8; Колоссай 1:29-ийг уншина уу).

4. Энэ өгүүллээр юу үзэх вэ? Энэ нь бидэнд ямар ач тустай вэ?

4 Ариун сүнс биднийг хүчтэй болгосон нь юунаас харагддаг вэ? Ямар үйл хэрэг, хандлага ариун сүнс нөлөөлж байгаагийн баталгаа болдог вэ? Бурханд үнэнчээр үйлчлэхийг хичээж мэрийх явцдаа бид Сатан, түүний ертөнц, өөрсдийнхөө төгс бус байдлаас болоод янз бүрийн саад бэрхшээлтэй тулгардаг. Христиан ёсоор тууштай амьдарч, дэлгэрүүлэх ажилдаа тогтмол оролцож, Еховатай үргэлж дотно сайн харьцаатай байхын тулд иймэрхүү саад тотгорыг даван туулах нь амин чухал юм. Тиймд сорилт тулгарах, ядрах, сэтгэлээр унах үед ариун сүнс хэрхэн тусалдгийг үзье.

Сорилтыг давах хүчтэй байх нь

5. Залбирал биднийг хэрхэн хүчтэй болгодог вэ?

5 Есүс дагалдагчдадаа: «Биднийг сорилтод бүү оруулаач, харин бузар муугаас гэтэлгээч» хэмээн залбирч байхыг заасан (Мат. 6:13). Ехова ийн гуйдаг үнэнч үйлчлэгчдээ орхихгүй. Бас нэг удаа Есүс: «Тэнгэрлэг Эцэг тань Өөрөөс нь гуйдаг хүмүүст Ариун Сүнс өгөх нь дамжиггүй» гэж хэлсэн (Лук 11:13). Ехова зөв үйл хэргийн төлөө ариун сүнсээ өгөхөө амладаг нь хэчнээн тайтгарам бэ! Гэхдээ Бурхан биднийг сорилтоос хамгаална гэсэн үг биш нь ойлгомжтой (1 Кор. 10:13). Сорилттой тулгарсан үедээ урьдынхаасаа илүү шаргуу залбирах хэрэгтэй (Мат. 26:42).

6. Есүс Сатанд соригдохдоо юуг үндэс болгон хариу өгсөн бэ?

6 Есүс Диаволд соригдох үедээ Судраас иш татан хариулж байсан. Тэрбээр: «Гэж бичигдсэн байдаг... бас бичигдсэн байдаг ... Зайл, Сатан аа! „Чи өөрийн Бурхан Эзэндээ мөргөж, зөвхөн Түүнд үйлчил“ гэж бичигдсэн байдаг юм» хэмээн хариулахдаа Бурхны үгийг сайн санаж байжээ. Еховаг хайрлах хайр, Үгийг нь үнэлэх сэтгэл нь хүчтэй байсан учир Есүс Соригчийн тавьсан урхинд ороогүй (Мат. 4:1–10). Сатан Есүсийг дахин дахин сориод, амжилт олоогүй тул түүнийг орхижээ.

7. Сорилтыг давахад Библи хэрхэн тусалдаг вэ?

7 Есүс Диаволын сорилтыг сөрөн зогсохдоо Бурхны үгийг иш үндэс болгож байсан юм бол бид Библид бүр ч илүү найдах ёстой биз дээ! Диавол болон түүний гар хөл бологчдыг эсэргүүцэж чаддаг болохын тулд юуны түрүүнд Бурхны тогтоосон хэм хэмжээг мэдэж, чанд сахихаар эргэлт буцалтгүй шийдсэн байх хэрэгтэй. Библи судлаад, Бурхны мэргэн ухаан, зөвт байдлыг ойлгож эрхэмлэхийн хэрээр Библийн хэм хэмжээний дагуу амьдарч сурдаг хүн олон бий. Үнэхээр ч, «Бурханы үг ... зүрхний бодол хийгээд санааг ч» шүүх хүчтэй (Евр. 4:12). Библийг их уншиж, эргэцүүлэн бодохын хэрээр «Бурханы мэдлэгийг олж авдаг» (Сур. 2:4, 5). Тийм учраас, сул талтайгаа холбоотой Библийн зүйлийг эргэцүүлэн бодох хэрэгтэй.

8. Ариун сүнсийг хэрхэн авч болох вэ?

8 Есүс Судрыг мэдэхээс гадна, «Ариун Сүнсээр» дүүрэн байсан учраас сорилтыг тэвчиж чадсан (Лук 4:1). Бид ч бас тийм хүчтэй, чадвартай болохын тулд Библи судлах, залбирах, итгэл нэгтнүүдтэйгээ байнга харьцах гэх зэргийн аргыг бүрэн дүүрэн ашиглан ариун сүнс авч, Еховатай ойр дотно болох хэрэгтэй (Иак. 4:7, 8). Олон хүн христиан үйл хэргээр бялхаж явахын ач холбогдлыг ойлгодог. Тийм учраас, сүнслэгээр сэргээх зүйлийг үргэлж боддог.

9, 10. а) Христиануудад ихэнхдээ ямар ямар сорилт тулгардаг вэ? б) Эргэцүүлэн боддог, залбирдаг бол ядарсан үед ч хэрхэн сорилтыг тэвчих хүчтэй болох вэ?

9 Таны хувьд давахад хэцүү ямар ямар сорилт байдаг вэ? Ханиасаа өөр хүнд сээтэн хаямаар санагдах үе танд байсан уу? Хэрэв та гэрлээгүй бол итгэгч биш хүнтэй үерхэх хүсэл төрж байсан уу? Зурагт үзэх юм уу, интернет ашиглах үед бузар юм үзэх хорхой гэнэт хүрч магадгүй. Танд тийм юм тохиолдож байсан уу? Тэр үед та яасан бэ? Хүн нэг л хазгай гишгэхэд яваа яваандаа бүр ноцтой нүгэл үйлдэж болзошгүйг эргэцүүлэн бодох нь ухаалаг хэрэг юм (Иак. 1:14, 15). Таныг нэг л удаа үнэнч бус үйлдэл хийхэд Ехова, хурлын гишүүд, гэр бүлийнхэн тань хэчнээн их зовохыг бодоорой. Харин Библийн зарчмыг цаг ямагт үнэнчээр баримталдаг бол цэвэр мөс чанартай байна (Дуулал 119:37; Сургаалт үгс 22:3-ыг уншина уу). Тийм сорилт тулгарах бүрд тэвчих хүч гуйн залбирч байгаарай.

10 Диаволын учруулдаг сорилтын талаар бас нэг зүйлийг мартах ёсгүй. Сатан Есүсийг цөлд 40 хоног мацаг барьсных нь дараа очжээ. Одоо л Есүсийн үнэнч байдлыг сориход «тохиромжтой цаг» гэж Диавол бодож байсан нь эргэлзээгүй (Лук 4:13). Сатан бидний үнэнч байдлыг сорих тохиромжтой цагийг ч бас хайж байдаг. Тийм учраас, бид сүнслэгээр үргэлж хүчтэй байх нь чухал. Сатан бай болгосон хүнийхээ сүнслэгээр хамгийн их суларсан цагийг тааруулж довтолдог. Тиймд ядрах юм уу сэтгэлээр унах бүрдээ Еховагаас тусламж, ариун сүнс гуйж урьдынхаасаа илүү шаргуу залбирах хэрэгтэй (2 Кор. 12:8–10).

Ядрах, сэтгэлээр унах үедээ хүчтэй байх нь

11, 12. а) Өнөөдөр олон хүн сэтгэлээр унадгийн учир юу вэ? б) Сэтгэлээр унах үед хүчтэй байхад юу туслах вэ?

11 Төгс бус хүмүүс бид үе үе сэтгэлээр унадаг. Ялангуяа, бидний амьдарч буй энэ цаг үе үнэхээр дарамттай учир сэтгэлээр унах нь их байдаг. Хүн төрөлхтний түүхэнд байгаагүй хамгийн хэцүү цаг үеийг бид дайран өнгөрч байна (2 Тим. 3:1–5). Хармагедон ойртохын хэрээр эдийн засгийн, сэтгэл санааны болон өөр бусад дарамт шахалт ихэссээр байна. Тиймээс гэр бүлийнхнээ анхааран халамжлах, тэжээж тэтгэх үүргээ биелүүлэхэд зарим хүнд улам хэцүү болж байгаад гайхах хэрэггүй. Тэд ядардаг, эцэж цуцдаг, сүүлдээ бүр юу ч хийж чадахгүй болтлоо сульдаж хүч тэнхээ нь барагддаг. Хэрэв танд тийм юм тохиолдвол хэрхэн даван туулах вэ?

12 Есүс шавь нартаа туслагч буюу Бурхны ариун сүнсийг өгөхөө амлаж байсныг саная (Иохан 14:16, 17-г уншина уу). Энэ бол орчлонт ертөнц дэх хамгийн агуу хүч юм. Ехова энэ сүнсээрээ ямар ч сорилтыг тэвчих хүчийг бидэнд «хэмжээлшгүй бялхлаар» өгч чадна (Еф. 3:20). Үүнд найдвал бид «бүх талаараа зовлоо» ч «хэрээс хэтэрсэн хүчтэй» (ШЕ) болно гэдгийг элч Паул хэлсэн (2 Кор. 4:7, 8). Ехова сэтгэл санааны хямралыг арилгана гэж амлаагүй боловч тийм үеийг тэвчих хүчийг сүнсээрээ өгөхөө батлан хэлсэн (Флп. 4:13).

13. а) Нэг залуу эмэгтэй хэцүү нөхцөлийг давах хүчийг хэрхэн олсон бэ? б) Та үүнтэй төстэй жишээ мэдэх үү?

13 19 настай байнгын эхлэгч Стефанийн жишээг авч үзье. Тэрбээр 12 настайдаа саажиж, тархины хавдартай болох нь тогтоогджээ. Тэгээд хоёр ч удаа мэс засал хийлгэж, цацраг туяагаар эмчлүүлжээ. Дахин хоёр удаа саажсаны улмаас зүүн тал нь мэдээгүй болж, хараа нь мууджээ. Тийм учраас, цуглаанд суух, дэлгэрүүлэх гэх мэтийн илүү чухал зүйлийг анхаарах хүч тэнхээ нь барагдаж байлаа. Гэсэн ч Ехова сорилтыг тэвчихэд нь янз бүрийн аргаар тусалж, сүнсээ өгч байгааг Стефани мэдэрч байв. Сэтгэлээр унасан үед нь Библид үндэслэсэн ном хэвлэлд гарсан итгэл нэгтнүүдийнх нь түүх намтар түүнийг сэргээдэг ажээ. Христиан ах дүүс нь захидал илгээх, цуглааны өмнө юм уу дараа урам сэргээх юм ярьж тус дэм үзүүлдэг байна. Сонирхогч хүмүүс заадаг сургаалыг нь үнэлэн эрхэмлэдэг учир Библийн хичээл заалгахаар Стефанийн гэрт очдог. Энэ бүхний төлөө Стефани Еховад маш их талархдаг. Түүний дуртай Библийн зүйл нь Дуулал 41:3 гэнэ. Өөртэй нь холбоотой энэ зүйл биелнэ гэдэгт Стефани итгэл дүүрэн байдаг.

14. Сэтгэлээр унавал яаж болохгүй вэ? Яагаад?

14 Ядарсан, дарамттай үед сүнслэг үйл хэрэгт оролцохоо багасгахыг сэтгэлийн хямралаас гарах зөв арга гэж бодож хэрхэвч болохгүй. Энэ нь үнэндээ хамгийн буруу арга юм. Яагаад гэвэл, Библийг гэр бүлээрээ болон бие даан судлах, дэлгэрүүлэх, цуглаанд явах гэх зэргээс л бид ариун сүнс авч дахин хүч тэнхээтэй болдог. Христиан үйл хэрэг үргэлж сэргээдэг (Матай 11:28, 29-ийг уншина уу). Итгэл нэгт ах дүүс маань цуглаанд ихэнхдээ ядарчихсан ирдэг боловч хүч тэнхээ орж, сүнслэгээр сэргэснээ гэртээ харих үедээ мэдэрдэг.

15. а) Ехова христиан хүний амьдралын замыг дардан болгоно гэж амласан уу? Библиэс тайлбарлана уу. б) Бурхан бидэнд юу гэж амласан бэ? Үүнээс ямар асуулт урган гардаг вэ?

15 Христийн шавь нарын үүрдэг ачаа өд шиг хөнгөн биш нь ойлгомжтой. Үнэнч байхад ихээхэн хүчин чармайлт хэрэгтэй (Мат. 16:24–26; Лук 13:24). Гэхдээ Ехова ядарсан хүнд ариун сүнсээрээ хүч тэнхээ өгдөг. Зөнч Исаиа: «ЭЗЭНд найдагчдын хүч нь шинэчлэгдэнэ. Тэд бүргэд мэт жигүүр дээрээ элин халина. Тэд гүйхдээ үл ядран, алхахдаа үл цуцна» хэмээн бичжээ (Ис. 40:29–31). Тэгэхлээр бид өөрсдөөсөө: «Христиан үйл хэрэг дарамттай санагдах болсны жинхэнэ шалтгаан нь юу вэ?» гэж асуух нь зүйтэй.

16. Ядраадаг, сэтгэлээр унагадаг зүйлээс хэрхэн ангижирч болох вэ?

16 Еховагийн Үг бидэнд «илүү чухал юм нь юу болохыг магадлахыг» уриалдаг (Флп. 1:10, ШЕ). Элч Паул христиан амьдралыг холын зайн гүйлттэй зүйрлэн: «Аливаа саад тотгор[ыг] ... хажуу тийш нь тавьж, өмнөө тавигдсан уралдаанд тэвчээртэйгээр гүйцгээе» хэмээн ариун сүнсээр удирдуулан бичжээ (Евр. 12:1). Дэмий зүйлийн хойноос хөөцөлдөх, хэрэггүй ачаа үүрэх зэргээс зайлсхийхгүй бол ядарч, тэнхээгээ барна гэдгийг хэлсэн хэрэг ажээ. Зарим маань угаасаа завгүй амьдардаг мөртлөө хэтэрхий их юм нэмж хийхийг хичээдэг байж магадгүй. Хэрэв та байнга ядардаг, дарамттай байдаг бол ажилдаа хэр их хүч зарцуулдаг, хэр олон удаа аялал зугаалгаар явдаг, спорт болон чөлөөт цагаараа хийдэг бусад ажилд хэр их эрч хүчтэй оролцдогоо бодож үзэх хэрэгтэй. Ухаалаг, даруу байвал хэр чадлаа мэдэж, онцын шаардлагагүй зүйлийг аль болохоор бага анхаарна.

17. Зарим хүн ямар учраас сэтгэлээр унадаг вэ? Гэвч Ехова юу гэж амласан бэ?

17 Зарим маань эд юмсын тогтолцооны төгсгөл хүссэнээр нь хурдан болохгүй байна гэж бодоод, тодорхой хэмжээгээр сэтгэлээр унаж болох юм (Сур. 13:12). Ингэж боддог хэн боловч Хабаккук 2:3-т: «Энэ үзэгдэл тогтоогдсон цагийн төлөө өгөгдсөн. Энэ нь биелэл уруугаа яарч буй бөгөөд хөсөрдөхгүй юм. Энэ нь түр саатаж байгаа боловч түүнийг хүлээгтүн. Учир нь энэ нь хоцролгүй заавал ирнэ» хэмээн бичсэнийг уншаад сэргэж болно. Эд юмсын тогтолцооны төгсгөл Еховагийн товлосон цагт болно гэсэн бүрэн баталгаа бидэнд бий!

18. а) Ямар амлалтуудын ачаар та хүчтэй болдог вэ? б) Дараагийн өгүүллээр бидэнд тустай юуны тухай ярилцах вэ?

18 Еховагийн үнэнч үйлчлэгчид бүгдээрээ «залуугийнхаа хүч тэнхээтэй» болж, ядрах, сэтгэлээр унахыг мэдэхээ болих өдрийг тэсэн ядан хүлээж байгаа нь лавтай (Иов 33:25). Одоо ч гэсэн, тэнхээ оруулдаг сүнслэг үйл хэрэгт оролцон ариун сүнс авч, дотроосоо хүчтэй болох боломжтой (2 Кор. 4:16; Еф. 3:16). Ядарч сульдсанаасаа болоод мөнхийн ивээлээ бүү алдаарай. Хорхой хүргэх, ядраах, сэтгэлээр унагах ямар ч сорилт яг одоо биш ч гэсэн Бурхны шинэ ертөнцөд байхгүй болно. Дараагийн өгүүллээр, христианууд ариун сүнсний хүчээр хавчлагыг хэрхэн тэвчиж, үе тэнгийнхний муу нөлөөнд автахгүй байж, өөр янз бүрийн бэрхшээлийг даван туулж болохыг үзнэ.

Хариулна уу

• Библи унших нь сүнслэгээр хүчтэй болоход хэрхэн тусалдаг вэ?

• Залбирах, эргэцүүлэн бодох нь хүчтэй болоход хэрхэн тусалдаг вэ?

• Сүнслэгээр унагадаг хүчин зүйлээс хэрхэн ангижирч болох вэ?

[Догол мөрийн асуулт]

[24-р хуудасны зураг]

Христиан цуглаан биднийг сүнслэгээр хүчтэй болгодог