Skip to content

Гарчиг руу орох

Бурхны бүтээл ба ариун сүнсний үүрэг

Бурхны бүтээл ба ариун сүнсний үүрэг

Бурхны бүтээл ба ариун сүнсний үүрэг

«ЭЗЭНий үгээр тэнгэрүүд, амных нь амьсгалаар тэдгээрийн бүх эрхэс бүтээгдсэн» (ДУУ. 33:6).

1, 2. а) Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр сансар огторгуй, гариг ертөнцийн талаарх хүн төрөлхтний мэдлэгийн хүрээ хэрхэн өргөжин тэлсэн бэ? б) Ямар асуултын хариуг мэдэх хэрэгтэй вэ?

 1905 онд Альберт Эйнштейн харьцангуйн онолоо гаргах үедээ бусад эрдэмтдийн адилаар, орчлонт ертөнцийг ганцхан Тэнгэрийн заадас галактик л бүрдүүлдэг гэж итгэж байв. Орчлонт ертөнцийг тийм өчүүхэн хэмээн эндүүрч байжээ! Харин одоо галактик 100 тэрбумаар тоологддог нь тодорхой болсон бөгөөд тэдгээрийн зарим нь олон тэрбум одноос тогтдог аж. Илүү нарийн мэдрэмжтэй дуран авайг дэлхий дээр суурилуулж, мөн дэлхийн тойрог замд оруулах болсноор, шинээр бүртгэх галактикийн тоо өссөөр байна.

2 1905 онд хүн төрөлхтөн сансар огторгуйн талаар дулимаг мэдлэгтэй байсан шигээ дэлхийн талаарх мэдлэг нь ч нимгэн байсан. Гэхдээ л тэр үеийн хүмүүс өмнөх үеийнхнээсээ илүү ихийг мэдэж байсан нь лавтай. Харин эдүгээ амьд байгалийн гоо үзэсгэлэн, нарийн нийлмэл байдал болон дэлхий дээрх амьдралыг тэтгэх тогтолцооны тухай ойлголт улам бүр тодорхой болжээ. Ирээдүйд дэлхий болон сансар огторгуйн тухай илүү ихийг сурч мэдэх нь дамжиггүй. Юутай ч, «Энэ бүхэн хэрхэн бий болсон бэ?» гэсэн асуултыг бодож үзэх нь зүйтэй. Энэ асуултын хариуг Бүтээгч маань Библиэрээ хэлж өгдөг учраас мэдэх боломжтой.

Бүтээлийн гайхамшиг

3, 4. Бурхан орчлонт ертөнцийг хэрхэн бүтээсэн бэ? Бүтээлүүд нь Бурхныг хэрхэн алдаршуулдаг вэ?

3 Библи, «Эхэнд Бурхан тэнгэр газрыг бүтээжээ» хэмээсэн үгээр эхэлж, орчлонт ертөнц хэрхэн бий болсныг тайлбарладаг (Эх. 1:1). Анх Еховаг ариун сүнс буюу үйлдэх хүчээрээ тэнгэрийн эрхэс, дэлхий гээд орчлонт ертөнц дэх бүх зүйлийг бүтээж эхлэх үед юу ч байсангүй. Дархан хүн гар, багаж хоёроороо юм хийдэг бол, Бурхан сүнсээ илгээн агуу ажлаа хийжээ.

4 Библид ариун сүнсийг Бурхны «хуруу» гэдэг (Лук 11:20; Мат. 12:28). «Түүний гарын бүтээл» буюу ариун сүнсээрээ бүтээсэн бүхэн нь Еховаг алдаршуулдаг. Дуулалч Давид: «Тэнгэр нь Бурханы сүр жавхланг зарлаж, огторгуй нь Түүний гарын бүтээлийг тунхаглаж байна» хэмээн дуулжээ (Дуу. 19:1). Үнэхээр ч, Бурхны ариун сүнсний агуу хүч бүтээлүүдээс нь харагддаг (Ром 1:20). Яагаад тэгж хэлж болох вэ?

Бурхны хүч хязгааргүй

5. Еховагийн ариун сүнсний бүтээх хүчийг харуулах жишээ хэлнэ үү.

5 Бидний санаанд багтамгүй хязгааргүй уудам орчлонт ертөнц Еховаг шавхагдашгүй хүч, барагдашгүй энергитэйг нь баталдаг (Исаиа 40:26-г уншина уу). Матери энерги, энерги матери болж хувирдгийг орчин үеийн шинжлэх ухаан тогтоосон. Матери энерги болдгийн нэг жишээ нь нар хэмээх од юм. Нар секунд тутамд 4 сая орчим тонн материйг гэрэл, дулаан гэх зэргийн янз бүрийн энерги болгон хувиргадаг. Нарны энергийн өчүүхэн жижиг хэсэг л дэлхий дээрх амьдралыг тэтгэдэг байна. Нар болон олон тэрбум одыг бүтээхэд асар их хүч, энерги хэрэгтэй байсан нь ойлгомжтой. Тэр бүхэн Еховад байсан бөгөөд түүнээс ч илүү их хүч, энергитэй.

6, 7. а) Бурхны бүтээлийн эмх цэгцтэй байдлаас ямар дүгнэлт хийж болох вэ? б) Орчлонт ертөнц тохиолдлоор үүсээгүй нь юунаас харагддаг вэ?

6 Бурхан үйлдэх хүчээрээ бүх зүйлийг асар их эмх цэгцтэй бүтээсний нотолгоо бидний эргэн тойронд байдаг. Жишээ авъя. Өнгө өнгийн бөмбөгтэй хайрцаг байлаа гэж бодъё. Хайрцгийг сэгсэрч бөмбөгийг сайтар холилдуулаад, дараа нь асгавал яах вэ? Бөмбөгнүүд өнгө өнгөөрөө ялгаран, цэнхэр нь нэг дороо, шар нь нэг дороо гэх мэтээр цугларах уу? Мэдээж үгүй! Удирдлага хяналт байхгүй бол аливаа зүйл эмх замбараагүй болдог. Энэ нь хөдөлшгүй үнэн.

7 Харин энгийн нүдээр юм уу, дурангаар тэнгэрийг харвал юу анзаарагдах бол? Өөр өөрийн замаар орчих од, гариг, галактикаас тогтсон асар том, туйлын эмх цэгцтэй тогтолцоог харж болно. Энэ нь тохиолдлоор юм уу тэсрэлтээр үүссэн байж таарахгүй. Тийм учраас, «Эмх цэгцтэй орчлонт ертөнц ямар хүчээр бий болсон бэ?» гэсэн асуултыг бодож үзэх хэрэгтэй. Хүмүүс бид дан ганц шинжлэх ухааны ажиглалт, туршилтаар тэр хүчийг олж тогтоох аргагүй. Харин дээрх асуултын хариу Библид байдаг. Тэр хүч нь Бурхны ариун сүнс буюу орчлонт ертөнцийн хамгийн агуу хүч ажээ. Дуулалч: «ЭЗЭНий үгээр тэнгэрүүд, амных нь амьсгалаар [«сүнсээр», ШЕ] тэдгээрийн бүх эрхэс бүтээгдсэн» хэмээн дуулжээ (Дуу. 33:6). Шөнийн тэнгэрийг ширтэхэд тэр «эрхэс»-ийн өчүүхэн хэсэг нь л бидний нүдэнд харагддаг билээ.

Ариун сүнс ба Дэлхий

8. Еховагийн үйл хэргийн талаарх бидний мэдлэгийн цар хүрээ хэр өргөн бэ?

8 Дэлхий ертөнцийн талаарх бидний одоогийн мэдлэгийг, сурч мэдэх шаардлагатай бүх зүйлтэй харьцуулбал өчүүхэн юм. Үнэнч Иов Бурхны бүтээлийн талаарх хүмүүний мэдлэгийг дүгнэн: «Харагтун, эдгээр нь бол Түүний замуудын өчүүхэн нь юм. Түүний талаар бидний сонсдог үг ямар амархан бэ!» гэж хэлжээ (Иов 26:14). Хэдэн зууны дараа Еховагийн бүтээлүүдийг гярхай ажигласан Соломон хаан: «Бүх юмыг [Бурхан] тухайн цагт нь сайн сайхнаар бүтээсэн бөгөөд хэдийгээр хүн Бурханы үйлдсэн ажлыг эхнээс эцсийг нь хүртэл ойлгохгүй ч гэсэн Тэр тэдний зүрхэнд үүрд мөнхийг байгуулсан билээ» хэмээжээ (Ном. 3:11; 8:17).

9, 10. Бурхан дэлхийг юугаараа бүтээсэн бэ? Бүтээлийн эхний гурван өдөр юу юу бий болсон бэ?

9 Гэсэн ч ажил үйлсийнх нь талаарх бидний мэдвэл зохих нарийн ширийн зүйлийг Ехова тодорхой хэлж өгсөн. Жишээ нь, эрт галавын үед Бурхан сүнсээрээ дэлхий дээр их ажил гүйцэтгэж байсныг Судраас мэдэж болно (Эхлэл 1:2-ыг уншина уу). Тэр үед хуурай газар ч, гэрэл ч байгаагүй ажээ. Тэр байтугай, амьсгалах агаар ч дэлхий дээр байгаагүй бололтой.

10 Библид цааш нь, бүтээлийн өдрүүдэд Бурхан юу хийснийг тайлбарладаг. Бүтээлийн нэг өдөр нь 24 цагаар хэмжигдэхгүй, харин маш олон жилээр үргэлжлэх цаг хугацааны нэг мөчлөг юм. Ехова бүтээлийн эхний өдөр дэлхийд гэгээ тусгаж эхэлсэн бөгөөд нар, сарыг дэлхийгээс харагддаг болоход энэ ажил дуусах ёстой байв (Эх. 1:3, 14). Хоёр дахь өдөр нь агаар мандлыг буй болгожээ (Эх. 1:6). Ийнхүү дэлхий дээр ус, гэрэл, агаар бий болсон ч хуурай газар байхгүй л байлаа. Бүтээлийн гурав дахь өдрийн эхэнд Ехова ариун сүнсээрээ хуурай газрыг бий болгосон. Ингэхдээ байгалийн хүчийг ашиглаж, эх газрыг усан дотроос ил гаргасан байж болох юм (Эх. 1:9). Бүтээлийн гурав дахь болон түүнээс хойших өдрүүдэд гайхамшигтай үйл явдал өрнөх гэж байлаа.

Ариун сүнс ба амьд байгаль

11. Амьд бүхэн нарийн нийлмэл бүтэцтэй, тэгш хэмтэй, гоо үзэмжтэй байдаг нь юуг илтгэдэг вэ?

11 Бурхан ариун сүнсээрээ маш нарийн зохион байгуулалт бүхий амьд биесийг бүтээсэн. Бүтээлийн гурваас зургаа дахь өдөр гайхалтай олон төрлийн амьтан, ургамлыг ариун сүнсээрээ бүтээжээ (Эх. 1:11, 20–25). Тиймээс, амьд бүхэн нарийн нийлмэл бүтэцтэй, тэгш хэмтэй, гоо үзэмжтэй байдаг нь дээд зэргийн ур чадвар гарган хийснийг илтгэдэг.

12. а) ДНХ ямар үүрэгтэй вэ? б) ДНХ-ийн тогтвортой үйл ажиллагаанаас юу ойлгож болох вэ?

12 Амьд бие махбодын онцлогийг дараагийн үедээ дамжуулдаг ДНХ (дезоксирибонуклеин хүчил)-г авч үзье. Бичил биетүүд, өвс ургамал, заан, хөх судалт халим, хүн гээд дэлхий дээрх амьд бүхний төрөл зүйл ДНХ-ийн ачаар үеэс үед оршсоор байдаг. Дэлхий дэх бүтээлүүд олон янз боловч тус бүрийнх нь онцлог шинжийг хянан зохицуулдаг генетикийн код нь тогтвортой учраас амьд бие махбодын үндсэн төрөл зүйл хэдэн зуун жил өнгөрсөн ч хувирч өөрчлөгддөггүй. Дэлхий дэх амьд бие махбодууд Ехова Бурхны санаа зорилгын дагуу, харилцан шүтэлцээтэй оршин тогтносоор байдаг (Дуу. 139:16). Үр ашигтай, нарийн зохион байгуулалттай энэхүү тогтолцоо нь Бурхан «хуруу» буюу ариун сүнсээрээ энэ бүхнийг бүтээснийг баталдаг.

Дэлхий дэх сор бүтээл

13. Бурхан хүнийг хэрхэн бүтээсэн бэ?

13 Цаг хугацаа эрин эринээр улиран өнгөрч, Бурхныг амьд ба амьгүй бүтээлээ туурвисны дүнд «хэлбэр дүрсгүй, эзгүй хоосон» байсан энэ дэлхий өнөөгийн өнгө төрхийг олжээ. Гэхдээ ариун сүнсээрээ бүтээж туурвих ажил нь дуусаагүй л байв. Ехова дэлхий дэх хамгийн агуу бүтээлээ туурвих гэж байлаа. Бүтээлийн зургаа дахь өдрийн төгсгөлд хүнийг бүтээжээ. Яаж бүтээсэн бэ? Ариун сүнсээ ашиглан, газар шорооны элементүүдээр бүтээсэн (Эх. 2:7).

14. Хүн амьтнаас юугаараа онцгой ялгаатай вэ?

14 Эхлэл 1:27-д: «Бурхан Өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж, Бурханы дүр төрхөөр эрэгтэй, эмэгтэй хүнийг бүтээв» гэж байдаг. Бурхны дүр төрхөөр бүтээгдсэн гэдэг нь хүн хайраа илэрхийлж, сонгох эрх чөлөөгөө эдэлж, Бүтээгчтэйгээ дотно харьцаа тогтоох чадвартайгаар бүтээгдсэн гэсэн үг. Тиймээс, хүний уураг тархи амьтныхаас тэс өөр юм. Ялангуяа, Бурхан болон түүний үйлсийг мөнхөд баяр хөөртэй сурч мэдэх чадвараараа онцгой юм.

15. Адам Ева хоёрын өмнө ямар сайхан ирээдүй байсан бэ?

15 Хүн төрөлхтний түүхийн эхэнд Бурхан, Адам Ева хоёрт дэлхий болон түүн дээрх гайхамшигтай бүхнийг өгч, тэдгээрийг судлан баясаасай гэж хүссэн (Эх. 1:28). Бас элбэг дэлбэг хоол хүнс өгч, тэднийг диваажинд амьдруулсан. Адам Ева хоёр мөнх амьдарч, олон тэрбум төгс үр хүүхэдтэй, халамжтай эцэг эх болох завшаантай байв. Гэвч бүх зүйл өөрөөр эргэсэн.

Ариун сүнсний үүргийг хүлээн зөвшөөрөх нь

16. Анхны хүмүүс самуун дэгдээсэн ч бидэнд ямар найдвар байдаг вэ?

16 Адам Ева хоёр Бүтээгчдээ талархан, дуулгавартай байхын оронд хувиа хичээн самуун дэгдээсэн. Хүн төрөлхтөн тэр хоёроос төгс бус байдлыг өвлөн авч, зовж зүдрэх болсон. Гэвч Бурхан өвөг дээдсийн маань үйлдсэн нүглийн хор хөнөөлийг хэрхэн арилгахыг Библид бичсэн байдаг. Түүнчлэн, анхны санаа зорилгоо Ехова хэрхэн биелүүлэхийг хэлж өгдөг. Дэлхий диваажин болж, аз жаргалтай, эрүүл саруул хүмүүс тэнд мөнх амьдрах болно (Эх. 3:15). Сэтгэл сэргээм энэ сайхан ирээдүйд итгэх итгэлээ сулруулахгүй байхад Бурхны ариун сүнсний тусламж бидэнд зайлшгүй хэрэгтэй.

17. Ямар үзэл бодлыг эсэргүүцэх хэрэгтэй вэ?

17 Еховагаас ариун сүнс гуйж залбирах хэрэгтэй (Лук 11:13). Ингэх нь орчлонт ертөнцөд байгаа бүхэн Бурхны гарын бүтээл мөн гэдэгт итгэх итгэлээ бэхжүүлэхэд тус болно. Өнөөдөр шашингүйн үзэл, алдаа мадагтай, үндэс нотолгоогүй эволюцийн сургаалын суртал ухуулга улам хүчээ авч байна. Бид алдаатай үзэл бодлын үерт автан төөрөлдөх юм уу, айж сүрдэх ёсгүй. Христиан хүн бүр иймэрхүү ширүүн эсэргүүцэл, үүнээс улбаалсан үе тэнгийнхний дарамт шахалтыг сөрөхөд бэлэн байх учиртай (Колоссай 2:8-ыг уншина уу).

18. Орчлонт ертөнц ба хүн төрөлхтний гарал үүслийн тухай бодохдоо оюун ухаант Бүтээгч байдгийг үгүйсгэх нь яагаад мунхаг хэрэг вэ?

18 Бүх зүйлийг Бурхан бүтээсэн гэх нотолгоог чин шударгаар шалгаж үзвэл Библи болон Бурханд итгэх итгэл бэхжих нь дамжиггүй. Олон хүн орчлонт ертөнц болон хүн төрөлхтний гарал үүслийн талаар бодохдоо үл үзэгдэх, гаднын ямар нэгэн хүч нөлөөлсөн гэсэн ойлголтыг үгүйсгэх хандлагатай байдаг. Хэрэв асуудлыг ийм байр сууринаас авч үзвэл бүх нотолгоонд чин шударга хандаж чадахгүй. Түүнээс гадна, тодорхой зорилгоор, эмх цэгцтэй бүтээгдсэн «тоо томшгүй» олон бүтээлийн бодитойгоор оршин байгааг үгүйсгэхэд хүрнэ (Иов 9:10; Дуу. 104:25). Ехова ариун сүнс буюу үйлдэх хүчээ ухаалгаар удирдан, бүтээлээ туурвисан гэдэгт христианууд бид итгэдэг.

Ариун сүнс ба бидний итгэл

19. Бурхан байдаг бөгөөд ариун сүнс нөлөөлдгийг бид өөрийн туршлагаараа хэрхэн баталж болох вэ?

19 Бурханд итгэж, түүнийг хайрлаж, гүнээ хүндэтгэхийн тулд бүтээлийн тухай бүхнийг нэгд нэгэнгүй мэдэх албагүй. Хүмүүс найзалж нөхөрлөхдөө зөвхөн баримт цуглуулдаггүй шиг, дан ганц баримтыг үндэс болгож Еховад итгэх нь учир дутагдалтай. Хүмүүс бие биетэйгээ танилцаж, илүү сайн мэддэг болохын хэрээр нөхөрлөл нь зузаардаг шиг, Бурхантай танилцаж, түүнийг илүү сайн мэдэхийн хэрээр итгэл бэхэждэг. Бид залбирлынхаа хариуг авахлаараа, эсвэл Бурхны тогтоосон хэм хэмжээг амьдралдаа дагаж мөрдөөд ач тусыг нь хүртэхлээрээ түүний оршин байдгийг сайн ойлгодог болно. Ехова биднийг удирддаг, хамгаалдаг, хичээл зүтгэлтэй үйлчлэхэд ивээдэг, хэрэгтэй бүх зүйлээр хангадгийн олон нотолгоог үзэх тусам түүнд илүү их татагддаг. Энэ бүхэн Бурхан байдаг бөгөөд аливаа зүйлийг ариун сүнсээрээ үйлддэгийнх нь үнэмшилтэй нотолгоо болдог.

20. а) Бурхан ямар учраас орчлонт ертөнц болон хүн төрөлхтнийг бүтээсэн бэ? б) Бурхны ариун сүнсээр удирдуулсаар байвал ямар ивээл хүртэх вэ?

20 Ехова үйлдэх хүчээ ашигладгийн тодоос тод нотолгоо нь Библи юм. Учир нь Библийг бичигчид «Ариун Сүнсээр хөдөлгөгд[өн] ... Бурханаас айлджээ» (2 Петр 1:21). Судрыг нямбай судалбал Бурхан бүх юмыг бүтээсэн гэдэгт бат итгэдэг болно (Илч. 4:11). Ехова хайр гэдэг сайхан чанарынхаа илрэл болгож бүх юмыг бүтээсэн (1 Иох. 4:8). Тийм учраас, хүмүүсийг тэнгэрт байдаг халамжит Эцэг, Андтайгаа танилцуулахын төлөө чадах бүхнээ хийцгээе. Бид өөрсдөө сүнсээр нь удирдуулсаар байвал Бурхны тухай сурч мэдэх завшааныг мөнхөд эдэлнэ (Гал. 5:16, 25). Ехова болон түүний агуу үйлсийг байнга судалцгаая. Хязгааргүй хайраа илэрхийлэн, ариун сүнсээрээ тэнгэр, газар, хүн төрөлхтнийг бүтээсэн Бурхнаа дууриаж явцгаая.

Тайлбарлана уу

• Тэнгэр, газар оршин байгааг харвал Бурхны ариун сүнсээрээ бүтээсэн бүхний талаар ямар дүгнэлт хийж болох вэ?

• Бурхны дүр төрхөөр бүтээгдсэн бид ямар давуу талтай вэ?

• Бүх зүйлийг Бурхан бүтээсний баримт нотолгоог шалгаж үзэх хэрэгтэйн учир юу вэ?

• Яавал Еховатай улам дотно болох вэ?

[Догол мөрийн асуулт]

[7-р хуудасны зураг]

Эмх цэгцтэй орчлонт ертөнцийг харвал бүтээлийн тухай юу мэдэж болох вэ?

[Зураг эзэмшигч]

Од: Anglo-Australian Observatory/David Malin Images

[8-р хуудасны зураг]

Энэ бүхэнд ДНХ ямар үүрэг гүйцэтгэдэг вэ?

[10-р хуудасны зураг]

Итгэл үнэмшлээ хамгаалахад бэлэн үү?