Skip to content

Гарчиг руу орох

Бурхны таалалд нийцдэг хүн мөнх амьдарна

Бурхны таалалд нийцдэг хүн мөнх амьдарна

Бурхны таалалд нийцдэг хүн мөнх амьдарна

«Зөв шударга хүнийг ерөөдөг нь, ЭЗЭН, Та билээ. Та түүнийг бамбайгаар халхлах шиг тааллаараа хүрээлнэ» (ДУУ. 5:12).

1, 2. Елиа Зарефатын бэлэвсэн эмэгтэйгээс юу гуйсан бэ? Юу гэж батлан хэлсэн бэ?

 ЗАРЕФАТ хэмээх хотод нэгэн бэлэвсэн эмэгтэй хүүгийн хамт амьдардаг байжээ. Тэр нутагт ган болсны улмаас өлбөрч үхэхийн аюул нүүрлээд байлаа. Эмэгтэйг гал түлээд, хоол хийх гэж байтал, өлсөж ядарсан зөнч Елиа түүн дээр ирж талх, ус гуйжээ. Ус өгөхөд болохгүй юм байсангүй. Харин тэдний «хул аяганд атгын төдий гурил, вааранд жаахан тосноос» өөр юм байгаагүй тул идэх юм өгч чадахгүйгээ зөнчид хэлж учирлав (Х.дээд 17:8–12).

2 Тэгтэл Елиа: «Байгаа юмнаасаа эхлээд надад жижигхэн гурилан боов хийгээд над уруу авч ир. Үүний дараа өөртөө болон хүүдээ идэх юм хийгтүн. Яагаад гэвэл, Израилийн Бурхан ЭЗЭН „ЭЗЭН энэ газрын гадарга уруу дахин бороо буулгаж өгөх өдрийг хүртэл хул аяган дахь гурил ч дуусахгүй, тостой ваар ч хоосрохгүй“ гэж айлдсан юм» хэмээн батлан хэлжээ (Х.дээд 17:13, 14).

3. Бид ямар чухал шийдвэр гаргах хэрэгтэй болдог вэ?

3 Үлдсэн жаахан хүнсээ өгөх эсэхээс илүү чухал асуудал бэлэвсэн эмэгтэйн өмнө тулгарчээ. Ехова Бурхны таалалд нийцэн анд нөхөр нь болж, өөрсдийн амь насыг түүнд даатгах уу, эсвэл бие махбодын хэрэгцээгээ хангахыг илүүд үзэх үү? Бидэнд ч бас иймэрхүү асуудал тулгардаг. Еховад таалагдахыг илүүд үзэх үү, ирээдүйгээ бодож эд хөрөнгө хураах уу? Бурханд найдаж, түүнд үйлчлэх хүндтэй шалтгаан бидэнд бий. Бурхны таалалд нийцье гэвэл яах хэрэгтэй вэ?

Еховаг шүтэхийн учир

4. Еховаг шүтэх ёстойн учир юу вэ?

4 Ехова хүмүүсээс таалалд нь нийцүүлэн үйлчлэхийг шаардах бүрэн эрхтэй. Тэнгэр дэх үйлчлэгчдийнх нь нэг бүлэг үүнийг баталж, «Бидний Эзэн ба Бурхан минь, Та алдар, хүндэтгэл, хүчийг авах нь зохистой. Учир нь Та бүх юмсыг бүтээсэн билээ. Таны хүслийн улмаас тэдгээр нь оршсон бөгөөд бүтээгдсэн юм» хэмээн нэгэн дуугаар хэлжээ (Илч. 4:11). Ехова бүхнийг бүтээсэн учраас бид түүнийг шүтэх ёстой.

5. Бурхан биднийг хайрладаг нь түүнд үйлчлэх шалтгаан болдог гэхийн учир юу вэ?

5 Ехова биднийг хэнээс ч илүү хайрладаг нь түүнд үйлчлэх ёстойн өөр нэг шалтгаан болдог. Библид: «Бурхан Өөрийнхөө дүр төрхөөр хүнийг бүтээж, Бурханы дүр төрхөөр эрэгтэй, эмэгтэй хүнийг бүтээв» гэж байдаг (Эх. 1:27). Хүн сонгох эрх чөлөөтэй бүтээл юм. Түүнчлэн Бурхан хүнд сэтгэн бодох, шийдвэр гаргах чадвар хайрласан. Ехова хүн төрөлхтөнд амь өгч, Эцэг нь болсон (Лук 3:38). Сайн Эцэг тэрбээр хөвгүүд охидоо жаргалтай амьдраасай гэсэндээ хэрэгтэй бүхнээр нь хангадаг. «Тэр Өөрийнхөө нарыг ... мандуулж», «бороо оруулдаг» учраас бидэнд зориулсан хоол хүнс дэлхий дээр элбэг дэлбэг байдаг (Мат. 5:45).

6, 7. а) Адам үр удамдаа ямар гай тарьсан бэ? б) Бурхны таалалд нийцдэг хүмүүс Христийн золиосноос ямар ач тус хүртэх вэ?

6 Түүнчлэн, Ехова нүглийн аймшигт үр дагаврыг арилгах арга хэмжээ авчээ. Адам нүгэл үйлдсэнээрээ мөрийтэй тоглоом тоглох гэж гэрээсээ юм хулгайлдаг хүнээс өөрцгүй болсон. Тэрбээр Еховагийн эсрэг самуун дэгдээгээд, үр хүүхдийнхээ мөнхийн жаргалтай, сайхан ирээдүйг балласан. Хувиа хичээсний гайгаар хүн төрөлхтнийг төгс бус байдал гэгч харгис захирагчид боол болгон өгчээ. Тийм учраас, бүх хүн өвдөж, уй гашуу амсаж, эцэстээ үхэхээс өөр аргагүй болсон. Боолыг чөлөөлөхөд төлөөс төлдөг. Ехова тэр аймшигт үр дагавраас болж зовж байгаа биднийг аврахын тулд төлөөс төлсөн (Ром 5:21-ийг уншина уу). Есүс Христ Эцгийнхээ хүсэл таалалд нийцүүлж «амиа олны төлөө золиос болгон» өгсөн (Мат. 20:28). Бурхны таалалд нийцдэг хүн удахгүй золиосны ач тусыг бүрэн дүүрэн хүртэнэ.

7 Бүтээгч Ехова биднийг аз жаргалтай, утга учиртай амьдрахад хэрэгтэй бүх зүйлээр хангасаар ирсэн. Хэрэв бид Бурхны таалалд нийцвэл хүн төрөлхтний амсдаг бүх хор хохирол хэрхэн арилахыг үзнэ. Түүнчлэн, «Өөрийг нь хайгч хүмүүст» Ехова хэрхэн Шагнагч болдгийг биеэрээ амсана (Евр. 11:6).

«Таны ард түмэн ... сайн дураараа үйлчлэх болно»

8. Исаиад тохиолдсон явдлаас Бурханд үйлчлэх талаар юу мэдэж болох вэ?

8 Бид Бурхны таалалд нийцье гэвэл сонгох эрх чөлөөгөө зөв эдлэх хэрэгтэй. Ехова хэнийг ч өөртөө үйлчлүүлэх гэж албаддаггүй. Тэрбээр зөнч Исаиагийн үед: «Би хэнийг явуулах вэ? Хэн Бидний төлөө явах вэ?» гэж асуужээ. Ехова шийдвэр гаргах эрхтэйг нь харгалзан үзээд, ийн асуусан нь зөнчийг хүндэтгэсэн хэрэг байв. «Би энд байна. Намайг явуулаач» гэж Исаиа хэлэхдээ хэчнээн сэтгэл ханамжтай байсан бол оо (Ис. 6:8).

9, 10. а) Бид ямар сэтгэлээр Бурханд үйлчлэх ёстой вэ? б) Еховад чин сэтгэлээсээ үйлчлэх нь бидэнд яагаад тустай вэ?

9 Хүн Бурханд үйлчлэх эсэхээ өөрөө шийдэх эрхтэй. Ехова биднийг өөрт нь дуртайяа үйлчлээсэй гэж хүсдэг (Иошуа 24:15-ыг уншина уу). Бурханд дуртай дургүй үйлчилдэг хэн боловч тааллыг нь олж чадахгүй. Бас өөрт нь бус, хүмүүст таалагдах гэсэндээ үйлчилдэг хүний шүтлэгийг Ехова хүлээн авдаггүй (Кол. 3:22). Хэрэв бид ертөнцийнхний хүсэл сонирхолд татагдан, Еховад «бүхий л зүрхээрээ» үйлчлэхгүй бол таалалд нь нийцэхгүй (Дуу. 119:2). Чин сэтгэлээсээ үйлчлэх нь бидэнд тустай гэдгийг Ехова мэддэг. Мосе израильчуудад: «ЭЗЭН Бурханаа хайрлан, Түүний үгийг дуулгавартай дагаж, Түүнээс зуурч бай» гэж хэлэн, амийг сонгохыг уриалсан (Д.хууль 30:19, 20).

10 Эртний Израилийн хаан Давид Еховад: «Таны хүчний өдөр Таны ард түмэн ариун гоёл чимгээ зүүн сайн дураараа үйлчлэх болно. Үүр хаяарахад Таны залуучууд шүүдэр мэт Танд ирнэ» гэж дуулжээ (Дуу. 110:3). Өнөөдөр олон хүн баян чинээлэг амьдрал, зугаа цэнгэлийг эрхэмлэдэг. Харин Еховаг хайрладаг хүмүүс Бурханд үйлчлэхийг юунаас ч чухал гэж үздэг. Тэд сайн мэдээг хичээл зүтгэлтэй дэлгэрүүлж, юуг эн тэргүүнд тавьдгаа харуулдаг. Өдөр тутмын хэрэгцээг нь Ехова хангаж чадна гэдэгт бүрэн найддаг (Мат. 6:33, 34).

Бурханд таалагддаг тахил

11. Израильчууд Еховад тахил өргөснөөр ямар ач тус хүртэх боломжтой байсан бэ?

11 Хуулийн гэрээ ёсоор, Бурхны ард түмэн таалалд нь нийцэхийн тулд шаардлага хангасан тахил өргөдөг байжээ. Левит 19:5-д: «ЭЗЭНд эвийн тахилын өргөлийг өргөхдөө та нар түүнийг өөрсдийгөө хүлээн авахуулахаар өргөгтүн» гэж байдаг. Мөнхүү номд: «Та нар ЭЗЭНд талархлын тахилыг өргөхдөө өөрсдөө хүлээн авагдахаар түүнийг өргөх ёстой» гэсэн заавар бий (Лев. 22:29). Израильчууд шаардлага хангасан амьтдаар тахил өргөхөд тахилын ширээн дээрээс уугих утаа нь жинхэнэ Бурхан Еховад «тайвшруулах тааламжит үнэр» адил байлаа (Лев. 1:9, 13). Ард түмэн нь хайраа ийнхүү илэрхийлэхэд Ехова таалан соёрхдог байжээ (Эх. 8:21). Мосегийн хуулийн эдгээр заалтын зарчим нь одоо ч бидэнд хамаатай. Шаардлагыг нь хангасан тахил өргөвөл таалалд нь нийцэх ажээ. Еховагийн шаардлагыг хангасан тахил гэж юу вэ? Хоёр зүйлийг авч үзье. Энэ нь биеэ авч явах байдал, үг яриа юм.

12. Ямар үйл хэрэг хийдэг хүний өргөсөн тахил Бурхны дургүйг хүргэх вэ?

12 Элч Паул Ромын христиануудад илгээсэн захидалдаа: «Өөрсдийн биеийг Бурханд тааламжит амьд, ариун тахил болгон өргө. ... Энэ нь та нарын сүнслэг мөргөл мөн» хэмээн бичжээ (Ром 12:1). Бурхны таалалд нийцье гэвэл биеэ ариун байлгах учиртай. Тамхи татах, хөегний үр зажлах, мансууруулах бодисыг таашаал авах зорилгоор хэрэглэх, архидан согтуурах зэргээр бузарлагдсан хүн өөрөө үнэ цэнэгүй тахилд тооцогддог (2 Кор. 7:1). Түүнээс гадна, «садарлагч эр өөрийнхөө биеийн эсрэг нүгэл үйлддэг» учраас ямар нэгэн байдлаар садар самуун үйлддэг хүний өргөл Еховагийн дургүйг хүргэдэг (1 Кор. 6:18). Бурхны тааллыг олъё гэвэл «бүх л зан байдалдаа ариун байх» ёстой (1 Петр 1:14–16).

13. Еховаг магтах ёстойн учир юу вэ?

13 Еховаг баярлуулдаг бас нэг тахил нь бидний үг яриатай холбоотой. Еховаг хайрладаг хүн олны дунд ч, гэртээ байхдаа ч түүний тухай сайнаар ярьдаг (Дуулал 34:1–3-ыг уншина уу). 148–150-р дууллыг уншиж, энэ гурван дуулалд Еховаг магтахыг хэчнээн олон удаа уриалсныг хараарай. Үнэхээр, «шулуун шударга хүн магтан дуулахад зохистой» (Дуу. 33:1). Бидэнд үлгэр жишээ үзүүлсэн Есүс Христ сайн мэдээ тунхаглан, Бурхныг магтахын чухлыг онцолсон (Лук 4:18, 43, 44).

14, 15. Хосеа израильчуудад ямар тахил өргөхийг уриалсан бэ? Ехова тийм тахил өргөсөн хүнд хэрхэн ханддаг байсан бэ?

14 Хичээл зүтгэлтэй дэлгэрүүлэх нь Еховаг хайрлаж, таалалд нь нийцэхийг хүсдэгийн шинж юм. Хуурамч бурхад шүтэн, Еховагийн таалалд нийцэхээ больсон израильчуудад зөнч Хосеа юу гэж уриалсныг жишээ болгон авч үзье (Хос. 13:1–3). Тэрбээр: «[Ехова] бүх гэм бурууг авч хаяад, биднийг нигүүлсэнгүйгээр хүлээн аваач. Тэгвэл бид уруулынхаа үр жимсийг өргөе» гэж Бурхнаас гуйхыг уриалжээ (Хос. 14:1, 2).

15 «Уруулын үр жимс» гэдэг нь жинхэнэ Бурхныг магтахдаа сайтар бодож цэгнээд, чин сэтгэлээсээ хэлсэн үг юм. Ехова ийм тахил өргөсөн хүнд хэрхэн ханддаг байсан бэ? Тэрбээр: «Би тэднийг ... чөлөөтэйгөөр хайрлана» гэжээ (Хос. 14:4). Магтаалын ийм тахил өргөсөн хүмүүсийг Ехова өршөөн уучилж, таалан соёрхож, анд нөхрөө болгодог байсан.

16, 17. Итгэлдээ хөтлөгдөн сайн мэдээ тунхаглаж эхэлсэн хүний магтаалын тахилыг Ехова хэрхэн хүлээж авдаг вэ?

16 Еховаг олон түмэнд магтах нь жинхэнэ шүтлэгийн салшгүй хэсэг байсаар ирсэн. Жинхэнэ Бурхныг алдаршуулах нь дуулалчийн хувьд маш чухал байсан учраас: «Өө, ЭЗЭН, миний амнаас гарах сайн дурын өргөлийг хүлээн ав[аач]» гэж гуйжээ (Дуу. 119:108). Өнөөдөр ч мөн ялгаагүй. Исаиа орчин үеийн нэгэн бүлэг хүний тухай: «Тэд ЭЗЭНий магтаалын сайн мэдээг тээнэ. ... Тэд [тэдний тахилууд] Миний тахилын ширээнд тааламжтайгаар өргөгдөнө» гэж зөгнөжээ (Ис. 60:6, 7). Энэ зөгнөл биелж, олон сая хүн Бурхны «нэрийг хүлээн зөвшөөрдөг уруулын үр жимс буюу магтаалын тахилыг» өргөж байна (Евр. 13:15).

17 Харин та яадаг вэ? Бурханд тааламжит тахил өргөдөг үү? Өргөдөггүй бол зохих ёсоор өөрчлөгдөж, Еховаг олон түмэнд магтахыг хичээж болохгүй гэж үү? Итгэлдээ хөтлөгдөн сайн мэдээг тунхаглаж эхэлбэл таны өргөдөг тахил Еховад «бухнаас илүүгээр таалагдах болно» (Дуулал 69:30, 31-ийг уншина уу). Таны өргөсөн магтаалын тахилын «тайвшруулах тааламжит үнэрийг» Ехова таалж, таныг сайшаана гэдэгт бат итгээрэй (Езе. 20:41). Тэр үед мэдрэх баяр баясгаланг юутай ч харьцуулшгүй.

«Зөв шударга хүнийг ерөөдөг нь [Ехова] Та билээ»

18, 19. а) Өнөөдөр олон хүн Бурханд үйлчлэх талаар ямар үзэл бодолтой явдаг вэ? б) Бурхны тааллыг алдах гэдэг нь юу гэсэн үг вэ?

18 Өнөөдөр олон хүн Малахийн үеийнхний адилаар: «Бурханд үйлчлэх нь ашиггүй юм. Бид түүний тушаалыг сахиж, түмэн цэргийн ЭЗЭНий өмнө гашуудан явах нь ямар ашиг өгөх вэ?» гэж боддог (Мал. 3:14). Эд хөрөнгөтэй болох гэсэн хүсэлдээ хөтлөгдсөн тэд Бурхны санаа зорилгыг хэзээ ч биелэхгүй, хууль тушаалыг нь амьдралаас тасархай гэж үздэг. Тийм хүмүүсийн хувьд сайн мэдээ дэлгэрүүлэх ажил бол цагаа дэмий үрсэн хэрэг, уур бухимдлын эх үүсвэр юм.

19 Ийм хандлага Еден цэцэрлэгийн үеэс эхтэй. Ева Сатаны ятгалгад автан, Еховагийн өгсөн гайхамшигтай амьдралын жинхэнэ үнэ цэнийг үл тоомсорлосноос болж тааллыг нь алдсан. Өнөөдөр Сатан Бурхны хүсэл тааллыг биелүүлэх нь ямар ч ашиггүй гэдэгт хүмүүсийг итгүүлдэг. Гэвч Бурхны тааллыг алдах гэдэг нь амиа алдана гэсэн үг болохыг Адам Ева хоёр ойлгожээ. Эдүгээ тэднийг дагадаг хүмүүс энэ гашуун үнэнийг удахгүй ойлгоно (Эх. 3:1–7, 17–19).

20, 21. а) Зарефатын бэлэвсэн эмэгтэй юу хийсэн бэ? Үр дүн нь ямар байсан бэ? б) Зарефатын бэлэвсэн эмэгтэйг хэрхэн дууриаж болох вэ? Яагаад дууриах хэрэгтэй вэ?

20 Адам Ева хоёрын түүх эмгэнэлтэйгээр төгссөн. Тэгвэл өгүүллийн эхэнд дурдсан Елиа ба Зарефатын бэлэвсэн эмэгтэйд тохиолдсон явдал юугаар төгссөн бэ? Тэр эмэгтэй Елиагийн хэлсэн сэтгэл сэргээм үгийг сонсоод, талх барьж, эхлээд зөнчид өгсөн. Тэгэхэд нь Ехова Елиагаар хэлүүлсэн амлалтаа биелүүлсэн. Библид: «Эмэгтэйн гэрийнхэн олон өдрийн туршид хоол ундтай байв. Елиагаар дамжуулан ЭЗЭН айлдсанчлан хул аяган дахь гурил дуусаагүй, мөн ваар доторх тос ч дууссангүй» гэж бичжээ (Х.дээд 17:15, 16).

21 Зарефатын бэлэвсэн эмэгтэй өнөөдөр амьдарч байгаа олон тэрбум хүний бараг хэнийх нь ч хийхээргүй зүйлийг хийсэн. Авралын Бурханд бүрэн дүүрэн найдсан учир Ехова ч түүнийг орхилгүй, тусалж дэмжиж байсан. Библид гардаг энэ мэтийн олон үйл явдал Ехова бидний итгэлийг хүлээвэл зохих Нэгэн гэдгийг баталдаг (Иошуа 21:43–45; 23:14-ийг уншина уу). Ехова таалдаг хүнээ хэзээ ч орхихгүйг орчин үеийн Еховагийн Гэрчүүдийн амьдралаас бас харж болно (Дуу. 34:6, 7, 17–19). *

22. Бурхны таалалд нийцэх гэж мэрийх нь ямар учраас хойшлуулшгүй чухал бэ?

22 «Газрын бүх гадаргаар нутаглагсдын дээр ирэх» Бурхны шүүх өдөр хаяанд тулчихаад байна (Лук 21:34, 35). Тэр өдрөөс зугтах аргагүй. Бурхны томилсон Шүүгчийн: «Миний Эцэгээр ерөөгдөгсөд өө, та нар нааш ир. Ертөнцийн сууриас та нарт бэлтгэсэн хаанчлалыг өвлөн авсугай» хэмээснийг сонсох нь эд хөрөнгөтэй, тохь тухтай амьдрахаас хамаагүй үнэ цэнэтэй (Мат. 25:34). Ехова л «зөв шударга хүнийг ерөөдөг». Тэрбээр «бамбайгаар халхлах шиг тааллаараа хүрээлнэ» (Дуу. 5:12). Тэгэхлээр Бурханд таалагдах хэрэгтэй байгаа биз дээ?

[Зүүлт]

Санаж байна уу?

• Еховаг чин сэтгэлээсээ шүтэх ёстойн учир юу вэ?

• Ехова өнөөдөр ямар тахилыг таалдаг вэ?

• «Уруулын үр жимс» гэж юу вэ? Ямар учраас Еховад өргөх хэрэгтэй вэ?

• Бурхны таалалд нийцэх гэж мэрийх ёстойн учир юу вэ?

[Догол мөрийн асуулт]

[13-р хуудасны зураг]

Өлсгөлөнд нэрвэгдсэн эмэгтэй, Бурхны зөнчийн үгийг сонсоод ямар чухал шийдвэр гаргах хэрэгтэй болсон бэ?

[15-р хуудасны зураг]

Еховад магтаалын тахил өргөвөл ямар ач тустай вэ?

[17-р хуудасны зураг]

Еховад чин сэтгэлээсээ найдвал хэзээ ч гонсойхгүй