Skip to content

Гарчиг руу орох

Зөвт байдлыг чин зүрхнээсээ хайрлагтун

Зөвт байдлыг чин зүрхнээсээ хайрлагтун

Зөвт байдлыг чин зүрхнээсээ хайрлагтун

«Та нар зөв шударгыг хайрласан» (ДУУ. 45:7).

1. «Зөвийн замаар» явахад юу туслах вэ?

 ЕХОВА ард түмнээ Үг болон сүнсээрээ удирдан, «зөвийн замаар» хөтөлдөг (Дуу. 23:3). Харин бид төгс бус учир энэ замаасаа гарчих гээд байдаг талтай. Замаа алдахгүйн тулд шийдэмгий байж, хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Яавал сайн үр дүнд хүрэх вэ? Есүсийн адилаар зөвийг хайрлах шаардлагатай (Дуулал 45:7-г уншина уу).

2. «Зөвийн зам» гэж юу вэ?

2 «Зөвийн зам» гэж юу вэ? Энд «зам» гэж орчуулсан еврей үг жим гэсэн утгатай. Энэ нь Еховагийн тогтоосон зөвт байдлын хэм хэмжээнд нийцсэн амьдралын хэв маяг юм. «Зөв», «зөв шударга», «зөвт байдал» гэж орчуулсан еврей, грек үг нь ёс суртахууны зарчмыг чанд баримтлах гэсэн утга илэрхийлдэг. Ехова «зөв шударгын орших газар» учраас үйлчлэгчид нь баримталбал зохих ёс суртахууны зөв замаа Еховагаар заалгахдаа баяртай байдаг (Иер. 50:7).

3. Бурхны зөвт байдлыг яаж илүү их мэдэж болох вэ?

3 Бурхны зөвт хэм хэмжээнд нийцүүлэхийг чин сэтгэлээсээ хичээж байсан цагт л тааллыг нь бүрэн олно (Д.хууль 32:4). Үүний тулд эхлээд Библиэс Ехова Бурхны тухай чадлынхаа хэрээр сурч мэдэх хэрэгтэй. Еховагийн тухай мэдлэгээ ахиулж, өдөр ирэх тусам түүнтэй дотносохын хэрээр зөвт байдлыг нь хайрладаг болно (Иак. 4:8). Бас амьдралдаа чухал шийдвэр гаргах болоход Бурхны ариун сүнсээр бичигдсэн Үгээр удирдуулах ёстой.

Бурхны зөвт байдлыг хайгтун

4. Бурхны зөвт байдлыг хайх гэж яахыг хэлдэг вэ?

4 Матай 6:33-ыг уншина уу. Бурхны зөвт байдлыг хайна гэдэг нь Хаанчлалын тухай сайн мэдээ тунхаглах ажилд цаг заваа зориулахаас илүү их юм хийнэ гэсэн үг. Еховад таалагдахаар үйлчилье гэвэл өдөр бүр өндөр хэм хэмжээг нь баримтлан биеэ авч явах ёстой. Еховагийн зөвт байдлыг хайдаг хүн бүр яах ёстой вэ? «Зөвт байдал болон үнэний ариун байдал дотор Бурханы дагуу бүтээгдсэн шинэ хүнийг өөртөө өмсөх» ёстой (Еф. 4:24).

5. Сэтгэлээр унахын зовлонг даван туулахад юу туслах вэ?

5 Бид Бурхны зөвт хэм хэмжээний дагуу амьдрахыг хичээдэг боловч алдаж энддэгээсээ болоод заримдаа сэтгэлээр унадаг. Юу ч хийж чадахгүй болтлоо сэтгэлээр унахын зовлонг даван туулж, зөвт байдлыг хайрлан, зөвийг үйлдэж сурахад юу туслах вэ? (Сур. 24:10). Еховад «үнэн зүрхээрээ», бат итгэлтэйгээр тогтмол залбирах хэрэгтэй (Евр. 10:19–22). Бид тослогдсон ч бай, дэлхийд амьдрах найдвартай ч бай, Есүс Христийн амиа золиос болгон өгсөнд, мөн агуу Тэргүүн Тахилчаар үйлчилдэгт нь итгэдэг (Ром 5:8; Евр. 4:14–16). Есүсийн асгаруулсан цус ямар ач тустайг «Харуулын цамхаг» сэтгүүлийн анхны дугаарт жишээгээр тайлбарласан байдаг (1 Иох. 1:6, 7). Уг өгүүлэлд: «Нэг баримт дурдъя. Час улаан юм уу хүрэн улаан өнгөтэй юмыг гэрэлд барьж байгаад улаан шилээр харвал цагаан харагддаг. Үүнтэй адилаар, Бурхны зүгээс Христийн цус хэмээх улаан шилээр харвал бидний нүгэл час улаан юм уу хүрэн улаан өнгөтэй байлаа ч цагаан мэт харагддаг» гэж бичжээ (1879 оны 7 сар, х. 6). Ехова хайрт Хүүгээ золиослон бидний төлөө хэчнээн агуу үйлс бүтээгээ вэ! (Ис. 1:18).

Сүнслэг хуяг дуулга, зэр зэвсгээ шалгагтун

6. Сүнслэг хуяг дуулга, зэр зэвсгээ шалгах нь яагаад чухал бэ?

6 Бид цаг ямагт «зөвт байдлын хуяг» өмсөх хэрэгтэй. Учир нь, энэ нь Бурхнаас ирдэг сүнслэг хуяг дуулга, зэр зэвсгийн нэг чухал хэсэг юм (Еф. 6:11, 14). Бурханд өөрийгөө зориулаад удаагүй ч бай, Еховад үйлчлээд олон арван жил өнгөрсөн ч бай бид бүгдээрээ сүнслэг хуяг дуулга, зэр зэвсгээ өдөр бүр шалгах хэрэгтэй. Яагаад? Сатан болон чөтгөрүүд дэлхийн ойр орчимд хаягдсан (Илч. 12:7–12). Өөрт нь цаг хугацаа бага үлдсэн тул Сатан ууртай байгаа. Тийм учраас, Бурхны ард түмэн рүү улам ширүүн довтолж байна. Та «зөвт байдлын хуяг» өмсөхийн чухлыг ойлгодог уу?

7. «Зөвт байдлын хуяг» өмсөхийн ач холбогдлыг ойлгодог хүн биеэ хэрхэн авч явах вэ?

7 Хуяг зүрхийг хамгаалдаг. Бид төгс бус учраас бэлгэдлийн зүрхэндээ хууртан, юу ч хийж болзошгүй (Иер. 17:9). Тиймээс зүрхнийхээ буруу хандлагыг засаж залруулж байх шаардлагатай (Эх. 8:21). «Зөвт байдлын хуяг» өмсөхийн ач холбогдлыг ойлгодог хүн Бурхны жигшдэг зүйлийг үзэж сонирхох, өөрийгөө зохисгүй юм хийж байгаагаар төсөөлөх зэргээр хуягаа түр ч болов тайлахгүй. Зурагт их үзэж цагаа дэмий үрэхгүй. Харин Еховад таалагдах зүйл хийх гэж үргэлж хичээх болно. Махан биеийн зөвт бус хүсэлд түр автаад бүдэрсэн ч Еховагийн тусламжтайгаар сэхнэ (Сургаалт үгс 24:16-г уншина уу).

8. Бидэнд «итгэлийн бамбай» хэрэгтэйн учир юу вэ?

8 Сүнслэг зэр зэвсгийн нэг нь «итгэлийн бамбай» юм. Үүний ачаар бид «муу нэгний бүх галт сумыг унтрааж чадна» (Еф. 6:16). Еховад итгэн, түүнийг чин сэтгэлээсээ хайрладаг бол зөв юм хийж, мөнх амийн зам дээр бат зогсох боломжтой. Бурхныг улам хайрладаг болохын хэрээр зөвт байдлыг нь үнэлдэг болно. Тэгвэл мөс чанар ямар үүрэгтэй вэ? Зөвт байдлыг хайрлахад мөс чанар хэрхэн тусалдаг вэ?

Сайн мөс чанараа хадгалагтун

9. Сайн мөс чанараа хадгалахын ач тус юу вэ?

9 Баптисм хүртэнэ гэдэг бол Еховагаас «сайн мөс чанар» гуйж байгаа хэрэг юм (1 Петр 3:21). Бид золиосонд итгэдэг учраас Есүсийн асгаруулсан цус нүглийг маань далдалдаг. Тэгээд Бурхны нүдэнд цэвэр харагддаг. Гэхдээ цэвэр хэвээрээ байхын тулд сайн мөс чанараа хадгалах нь чухал. Мөс чанар маань биднийг сэрэмжлүүлж байвал зөв ажиллаж байна гэж бодоод баярлах хэрэгтэй. Ийн сэрэмжлүүлдэг нь Еховагийн зөвт байдлын тухайд бидний мөс чанар мэдрэг хэвээр байгаагийн шинж юм (1 Тим. 4:2). Зөвт байдлыг хайрладаг хүмүүсийн мөс чанар өөр нэг үүрэг гүйцэтгэдэг.

10, 11. а) Библиэр сургасан мөс чанараа анхаарах ёстойн учрыг харуулсан жишээ хэлнэ үү. б) Зөвт байдлыг хайрлах хайр бидэнд баяр баясгалан авчирдгийн учир юу вэ?

10 Буруу юм хийсэн хүнийг мөс чанар нь буруутгаж зовоодог. Нэгэн залуу «зөвийн замаас» гарчээ. Тэрбээр порно үзэх донтой болж, марихуан татаж эхэлсэн аж. Цуглаанд очихлоор сэтгэл нь зовж, дэлгэрүүлэхлээр хоёр нүүр гаргаж байгаа мэт санагдсан тул христиан үйл хэрэгт оролцохоо больсон байна. «Гэвч мөс чанар минь намайг зовоосоор байх юм гэж огт санаагүй. Бүтэлгүй амьдрал минь дөрвөн жил үргэлжилсэн» хэмээн ярьсан юм. Дараа нь үнэний зам руу буцаж очих тухай бодож эхэлжээ. Ехова сонсохгүй дээ гэж бодсон ч уучлалт гуйн залбираад арван минут болоогүй байтал ээж нь ирж, цуглаанд очихыг ятгасан байна. Залуу ч Хаанчлалын танхимд очин, хичээл хийх хүсэлтэйгээ нэг ахлагчид хэлж, хожим нь баптисм хүртжээ. Тэрбээр өөрийг нь аварсан Еховад талархдаг аж.

11 Зөвийг үйлдээд баярладаггүй хүн байдаггүй биз дээ? Бид зөвт байдлыг хайрлаж сураад, зөв юм хийх тусмаа тэнгэрийн Эцэгтээ таалагддаг зүйл хийхийн баяр баясгалан эдэлдэг. Хүн бүр мөс чанар өвдөхийн зовлонг дахин амсахаа больж, Бурхныхаа зан чанарыг төгс илэрхийлэх цаг ойртож байгааг бодоод үз дээ! Тиймд зөвт байдлыг зүрхнийхээ угаас хайрлаж Еховаг баярлуулцгаая (Сур. 23:15, 16).

12, 13. Мөс чанараа хэрхэн сургах вэ?

12 Мөс чанараа яаж сургах вэ? Библи болон Библид үндэслэсэн ном хэвлэлийг судлахдаа «шударга зөв хүний зүрх яаж хариулахаа цэгнэдгийг» санах нь чухал (Сур. 15:28). Ажилтай холбоотой асуудлыг шийдэхэд эргэцүүлэн бодох нь хэр ач тустайг ярилцъя. Зарим нэг ажил Библийн шаардлагатай илт зөрчилдөж байвал итгэмжит ухаалаг боолын өгсөн зааврыг ихэнх христиан дор нь хүлээж авдаг. Харин тухайн ажил тохиромжтой эсэх нь тодорхойгүй бол холбогдох Библийн зарчмыг олоод, түүнийхээ тухай бодож, залбирах хэрэгтэй. * Жишээ нь, бусдын мөс чанарыг зовоохгүй байх зарчмыг анхаараарай (1 Кор. 10:31–33). Мөн Бурхантай тогтоосон харьцаанд яаж нөлөөлөхийг бодох нь онцгой чухал. Хэрэв хүн Еховад үнэхээр итгэдэг бол өөрөөсөө: «Энэ ажлыг хийвэл Еховаг гашуудуулж, сэтгэлийг нь өвтгөх болов уу?» гэж юуны түрүүнд асуух болно (Дуу. 78:40, 41).

13 Харуулын цамхаг судлал болон Библи судлалын цуглаанд бэлдэхдээ тухайн материалыг эргэцүүлэн бодох хэрэгтэй байдаг. Хариултын доогуур зурсан болчихоод, дараагийн догол мөр лүү орох гэж яардаг уу? Ийм аргаар судалбал зөвт байдлыг улам хайрлаж, мөс чанараа мэдрэмтгий болгож чадахгүй. Зөвт байдлыг хайрладаг болохын тулд хичээнгүйлэн судалж, Бурхны Үгнээс уншсан зүйлээ эргэцүүлэн бодох хэрэгтэй. Чин зүрхнээсээ зөвт байдлыг хайрлаж сурах нь дардан замаар явахтай адилгүй.

Зөвт байдлын төлөө өлсөж, цангах нь

14. Ехова Есүс хоёр биднийг ямар сэтгэлээр үйлчлээсэй гэж хүсдэг вэ?

14 Ехова Есүс хоёр биднийг баяр хөөртэй үйлчлээсэй гэж хүсдэг. Яавал баяр хөөртэй үйлчлэх вэ? Зөвт байдлыг хайрлах хэрэгтэй! Есүсийн «Ууланд айлдсан номлол»-д: «Зөвт байдлын төлөө өлсөж цангагч хүмүүс ерөөлтэй еэ! Учир нь тэд хангалуун болох болно» гэж байдаг (Мат. 5:6). Энэ үг зөвт байдлыг хайрлах хайраа хөргөхгүй байхыг хичээдэг хүмүүст ямар ач холбогдолтой вэ?

15, 16. Сүнслэгээр өлсөж, цангадаг хүмүүс хэрхэн хангалуун болох вэ?

15 Бидний амьдарч буй ертөнц муу нэгний мэдэлд байдаг (1 Иох. 5:19). Урьд хожид байгаагүй харгис явдал, хүчирхийллийн тухай мэдээ дэлхийн аль ч орны сонин хэвлэлд их гарч байна. Хүн хүндээ хэрцгий догшин хандаж байгаа нь зөвт хүмүүст хэцүү санагддаг (Ном. 8:9). Бид Еховаг хайрладаг. Тийм учраас зөв юмыг сурч мэдэхийг хүсдэг, сүнслэгээр өлсөж, цангадаг хүмүүсийн хүслийг ганцхан Ехова л хангана гэдгийг мэддэг. Ёс бус хүмүүс удахгүй устгагдаж, зөвт байдлыг хайрлагчид ёс зарчимгүй хүмүүсийн хорон муу явдлаас болж дахин хэзээ ч зовохгүй болно (2 Петр 2:7, 8). Ямар сайхан ирээдүй вэ!

16 Зөвт байдлын төлөө өлсөж цангадаг бүх хүн «хангалуун болох болно» гэдгийг Еховагийн үйлчлэгчид, Есүс Христийн дагалдагчид бид мэддэг. Тэд Бурхны авсан арга хэмжээ буюу «зөвт байдал оршдог» шинэ тэнгэр, шинэ газрын ачаар хангалуун болно (2 Петр 3:13). Тиймээс Сатаны ертөнцөд газар авсан хавчлага, хүчирхийллийн улмаас зөвт байдал үгүй болж байгааг хараад сэтгэлээр унахгүй, гайхаж цочирдохгүй байцгаая (Ном. 5:8). Хамгийн Дээд Нэгэн Ехова юу болж байгааг мэддэг бөгөөд зөвт байдлыг хайрлагчдыг удахгүй аварна.

Зөвт байдлыг хайрлахын ач тус

17. Зөвт байдлыг хайрлах нь ямар ач тустай вэ?

17 Дуулал 146:8-д зөвийн замаар явахын ач тусыг онцолдог. Дуулалч: «ЭЗЭН зөв шударга хүмүүсийг хайрладаг» хэмээн дуулжээ. Орчлонт ертөнцийн хэмжээгүй эрхт Эзэн зөвт байдлыг эрхэмлэдэг биднийг хайрладаг гэж бодохлоор хэчнээн сайхан бэ! Тийм ч учраас Хаанчлалын үйл хэргийг амьдралынхаа эн тэргүүнд тавивал Ехова хэрэгтэй бүхнээр маань хангана гэдэгт бид итгэдэг (Дуулал 37:25; Сургаалт үгс 10:3-ыг уншина уу). Ирээдүйд дэлхий даяараа зөвт байдлыг хайрлах болно (Сур. 13:22). Зөв юм хийдэг Бурхны ард түмний дийлэнх нь үзэсгэлэнт диваажин дэлхийд мөнх амьдрах шагнал авч, баяр хөөрөөр бялхана. Бурхны зөвт байдлыг хайрладаг хүн одоо ч тайван амгалан байж, гэр бүл, хурлынхантайгаа эв нэгдэлтэй байдаг (Флп. 4:6, 7).

18. Еховагийн өдрийг хүлээнгээ юу хийх нь зөв бэ?

18 Бид Еховагийн агуу өдрийг хүлээх зуураа Бурхны зөвт байдлыг хайсаар байх учиртай (Зеф. 2:2, 3). Тиймд, Ехова Бурхны зөвт байдлыг чин зүрхнээсээ хайрлацгаая. Тийн хайрладгаа харуулах нэг арга нь бэлгэдлийн зүрхээ хамгаалж «зөвт байдлын хуягаа» тайлахгүй байх явдал юм. Бас сайн мөс чанараа хадгалах хэрэгтэй. Сайн мөс чанартай хүн өөрөө ч баярлаж, Бурхныг ч баярлуулна (Сур. 27:11).

19. Бид яах хэрэгтэй вэ? Дараагийн өгүүллээр юу үзэх вэ?

19 «Өөрт нь бүрэн зориулсан зүрх сэтгэлтэй хүмүүст хүчтэй дэмжлэг болохоор [Еховагийн] мэлмий дэлхий даяар хойш урагшаа хэрэн явдаг юм» (Ш.дэд 16:9). Нөхцөл байдал улам бүр тогтворгүй болж, хүчирхийлэл, ёс бус явдал газар авч байгаа өнөөгийн хэцүү ертөнцөд зөвийг үйлдэхийг хичээдэг биднийг энэ үг хэчнээн их тайвшруулна вэ! Бурхнаас холдсон ихэнх хүн зөв замаар явж байгаа биднийг хараад гайхдаг биз ээ. Гэхдээ Еховагийн зөвт байдлыг баримтлах нь бидэнд асар их ач тустай (Ис. 48:17; 1 Петр 4:4). Тийм учраас, зөвт байдлыг ямагт чин зүрхнээсээ хайрлаж, зөвийг үйлдэж явцгаая. Энэ нь бидэнд баяр баясгалан авчирна. Еховад зүрх сэтгэлээ бүрэн зориулсан хүн бас ёс бусыг жигшдэг. Үүний учрыг дараагийн өгүүллээр ярилцъя.

[Зүүлт]

^ Ажил хэрэгтэй холбоотой Библийн зарчмын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг «Харуулын цамхаг» сэтгүүлийн 2006 оны 3 сарын 1-ний дугаарын 7, 8-р хуудас; «Бурхны хайр» номын 176–179-р хуудаснаас үзнэ үү.

Хариулна уу

• Зөвт байдлыг хайрлахын тулд золиосны төлөө талархах хэрэгтэйн учир юу вэ?

• «Зөвт байдлын хуягийг» өмсөх нь яагаад амин чухал бэ?

• Мөс чанараа хэрхэн сургах вэ?

[Догол мөрийн асуулт]

[26-р хуудасны зураг]

Мөс чанараа сургавал ажил хэрэгтэй холбоотой асуудлыг шийдэхэд тустай