Skip to content

Гарчиг руу орох

Та ёс бусыг жигшдэг үү?

Та ёс бусыг жигшдэг үү?

Та ёс бусыг жигшдэг үү?

«[Есүс] Та ... ёс бусыг жигшсэн» (ЕВР. 1:9).

1. Есүс хайрын талаар юу заасан бэ?

 ЕСҮС Христ бусдыг хайрлахын чухлыг онцолж, шавь нартаа: «Би та нарт бие биеэ хайрлагтун, Би та нарыг яаж хайрласны адил та нар мөн бие биеэ хайрлагтун гэсэн шинэ тушаал өгч байна. Хэрэв та нар бие биеэ хайрлах юм бол үүгээр чинь бүх хүн та нарыг Миний шавь нар мөн гэдгийг мэдэх болно» гэж хэлжээ (Иох. 13:34, 35). Тэрбээр дагалдагчдадаа өөрийгөө золиослон бие биеэ хайрлахыг тушаасан. Үүгээр жинхэнэ шавь гэдэг нь танигдах байв. Есүс бас: «Дайснуудаа хайрла, та нарыг хавчдаг хүмүүсийн төлөө залбир» гэж захижээ (Мат. 5:44).

2. Христийн дагалдагчид юуг жигшиж сурах ёстой вэ?

2 Есүс шавь нартаа бусдыг хайрлахыг заахын зэрэгцээ юуг жигших хэрэгтэйг бас хэлж өгсөн. Библид Есүсийн тухай: «Та зөвт байдлыг хайрласан бөгөөд ёс бусыг жигшсэн» гэж байдаг (Евр. 1:9; Дуу. 45:7). Эндээс үзвэл, бид зөвт байдлыг хайрлаад зогсохгүй, нүгэл буюу ёс бусыг жигших ёстой ажээ. Элч Иохан: «Нүгэл үйлддэг хүн бүр бас ёс бус хэрэг үйлддэг. Нүгэл бол ёс бус хэрэг юм» хэмээн бичсэнийг анхаарууштай (1 Иох. 3:4).

3. Энэ өгүүллээр юун тухай ярилцах вэ?

3 Тэгэхлээр, христианууд өөрсдөөсөө: «Би ёс бусыг жигшдэг үү?» гэж асуух нь зүйтэй. Одоо 1) архи дарс хэтрүүлэн хэрэглэх, 2) ид шид, далдын хүчтэй холбоотой зүйл үзэж харах, 3) садар самууныг сурталчилсан материал сонирхох, 4) ёс бусыг хайрлагчдад хандах гэсэн дөрвөн асуудлаар бузар мууг жигшдэгээ хэрхэн харуулж болохыг үзье.

Дарсанд бүү боолчлогд

4. Есүс архидан согтуурах явдлаас сэрэмжлүүлэхдээ нүүр бардам байсны учир юу вэ?

4 Есүс дарсыг Бурхны өгсөн бэлэг гэж үзээд хааяа нэг амсдаг байсан (Дуу. 104:14, 15). Гэвч согттолоо ууж, зохисгүй хэрэглэсэн удаагүй (Сур. 23:29–33). Тийм ч учраас, архидан согтуурахыг нүүр бардам буруушаажээ (Лук 21:34-ийг уншина уу). Архи дарс хэтрүүлбэл ноцтой нүгэл үйлдэхэд хүрнэ. Элч Паул: «Дарсанд бүү согтуур. Ингэвэл дураараа дургих байдалд автагдана. Харин Сүнсээр дүүрэн бай» гэж бичсэн нь үүнтэй холбоотой (Еф. 5:18). Түүнчлэн настай христиан эмэгтэйчүүдэд «дарсанд хэт боолчлогдохгүй» байхыг зөвлөсөн (Тит 2:3).

5. Архи дарс уухаар болбол ямар ямар асуултыг өөрөөсөө асууж болох вэ?

5 Хэрэв та архи дарс уухаар болбол дараах асуултыг өөрөөсөө асуугаарай. «Би архидан согтуурах тухайд Есүсийнх шиг үзэл бодолтой юу? Хэрэв энэ асуудлаар хэн нэгэнд зөвлөгөө өгөх хэрэг гарвал нүүр бардам ярьж чадах уу? Зовлонгоо мартах, стрессээ тайлах гэж архи уудаг уу? Долоо хоногт хэр их уудаг вэ? Хэтрүүлж байгаа юм биш үү гэж хүн хэлбэл би яадаг вэ? Өөрийгөө өмөөрдөг үү, эсвэл бүр уурладаг уу?». Дарсанд хэт боолчлогдвол юмыг эрүүл сэтгэж, ухаалаг шийдэж чадахгүйд хүрнэ. Христийн дагалдагчид сэтгэн бодох чадвараа алдахгүй байхыг хүсдэг (Сур. 3:21, 22).

Ид шид, далдын хүчтэй холбоотой зүйлээс болгоомжил

6, 7. а) Есүс Сатан болон чөтгөрүүдэд хэрхэн ханддаг байсан бэ? б) Ид шид, далдын хүчтэй холбоотой зүйл тийм их өргөн тархаж байгаагийн учир юу вэ?

6 Есүс дэлхийд байхдаа Сатан болон чөтгөрүүдийг тууштай эсэргүүцэж байжээ. Тэрбээр үнэнч байдлыг нь эвдэх гэсэн Сатаны шууд довтолгоог няцаадаг байсан (Лук 4:1–13). Бас бодол санаа, үйл хэрэгт нь нөлөөлөх гэсэн зальжин аргыг мэдээд, тэмцэж явжээ (Мат. 16:21–23). Чин сэтгэлтэй хүмүүсийг харгис чөтгөрүүдийн савраас аварч байв (Марк 5:2, 8, 12–15; 9:20, 25–27).

7 Есүс 1914 онд хаан ширээнд залраад, муу нөлөө үзүүлдэг Сатан болон чөтгөрүүдийг тэнгэрээс хөөн зайлуулсан. Түүнээс болоод Сатан «бүх ертөнцийг» мэхлэхээр эргэлт буцалтгүй шийдсэн (Илч. 12:9, 10). Тиймээс ид шид, далдын хүчтэй холбоотой сэтгэл татам зүйл илүү өргөн тархаж байгаа нь гайхах хэрэг биш. Өөрийгөө хамгаалахын тулд яах хэрэгтэй вэ?

8. Амралт, чөлөөт цагаар үзэж сонирхох зүйлээ сонгохдоо өөрийгөө хэрхэн шалгах вэ?

8 Библи биднийг муу сүнстэй холбоотой зүйлийн аюулаас сэрэмжлүүлдэг (Дэд хууль 18:10–12-ыг уншина уу). Өнөөдөр Сатан болон чөтгөрүүд ид шид, далдын хүчтэй холбоотой зүйлийг дэвэргэсэн кино, ном, компьютерийн тоглоомоор хүмүүсийн оюун санааг хордуулж байна. Тийм учраас, амралт, чөлөөт цагаа хэрхэн өнгөрөөхөө шийдэхдээ дараах асуултыг өөрөөсөө асуугаарай. «Сүүлийн хэдэн сарын турш би далдын хүчтэй холбоотой кино, зурагтын нэвтрүүлэг, компьютерийн тоглоом, ном, комик үзэж сонирхсон уу? Ид шидийн нөлөөнөөс өөрийгөө хамгаалахын чухлыг ойлгодог уу, эсвэл үл тоомсорлодог уу? Чөлөөт цагаараа үзэж сонирхдог зүйл маань Еховад ямар санагддаг вэ гэж бодож үзсэн бил үү? Хэрэв би Сатаны иймэрхүү нөлөөнд автлаа гэхэд Еховаг болон зөвт зарчмыг нь хайрлах хайрандаа хөтлөгдөөд шийдэмгий хөдөлж өөрийгөө хамгаалах болов уу?» (Үйлс 19:19, 20).

Садар самууны талаарх Есүсийн сэрэмжлүүлгийг анхаарах нь

9. Яавал ёс бусыг хайрласаар байгаа хэрэг болох вэ?

9 Есүс бэлгийн харьцааны ёс зүйн талаарх Еховагийн хэм хэмжээг баримталдаг байсан. Тэрбээр: «Бүтээгч анхнаасаа тэднийг эр, эмээр нь бүтээснийг та нар уншаагүй гэж үү?» гээд, «Тиймээс эр хүн эцэг эхээ орхин эхнэртэйгээ нийлж, хоёулаа нэг бие махбод болдог. Тиймд тэд цаашид хоёр бус, харин нэг бие махбод юм. Иймээс Бурханы хамтад нь нийлүүлснийг хэн ч бүү салгаг» хэмээн хэлжээ (Мат. 19:4–6). Нүдээрээ харсан зүйл зүрхэнд нөлөөлдгийг Есүс мэддэг байсан учир Ууланд номлол айлдахдаа: «„Завхайрч болохгүй“ гэснийг та нар дуулсан. Харин Би та нарт хэлье, эмэгтэй хүнийг тачаадан харах хүн бүр зүрхэндээ түүнтэй хэдийнээ завхайрсан хэрэг юм» гэжээ (Мат. 5:27, 28). Есүсийн энэ сэрэмжлүүлгийг үл тоомсорлодог хүн үнэн хэрэгтээ ёс бусыг хайрласаар байгаа хэрэг юм.

10. Порно үзэх зуршлаас салж болдгийг харуулах жишээ хэлнэ үү.

10 Сатан садар самуун явдлыг порно материалаар сурталчилдаг. Эд юмсын өнөөгийн тогтолцоог порно материалын далайд живсэн гэж хэлж болно. Порно үздэг хүнд тийм муухай дүр зургийг ухаан бодлоосоо арчиж хаях амаргүй байдаг. Тэр битгий хэл, бүр донтох аюултай. Нэг христианд тохиолдсон явдлыг авч үзье. Тэрбээр: «Би нууцаар порно үздэг байсан. Юу үзсэнээ ургуулан боддог маань Еховад үйлчлэхэд саад болохгүй шүү дээ гэж боддог байлаа. Энэ зуршлаа буруу гэдгийг мэдсээр байж, Бурханд таалагдахаар үйлчилж байгаа гэж өөртөө хэлдэг байв» гэж ярьжээ. Бодлоо өөрчлөхөд нь түүнд юу тусалсан бэ? Тэрбээр: «Надад маш хэцүү байсан ч би энэ тухайгаа ахлагчдад хэлэхээр шийдсэн юм» гэжээ. Тэгээд эцэст нь гутамшигт зуршлаасаа салж чаджээ. «Энэ нүглийг үйлдэхээ больсны дараа мөс чанар минь үнэхээр цэвэр байгааг мэдэрсэн» хэмээн тэр ярьсан юм. Ёс бусыг жигшдэг байя гэвэл порног жигшиж сурах ёстой.

11, 12. Дуу хөгжим сонгохдоо ёс бусыг жигшдэгээ хэрхэн харуулж болох вэ?

11 Дуу хөгжим, дууны үг хүний сэтгэлийг хөдөлгөдөг. Энэ нь бэлгэдлийн зүрхэнд хүчтэй нөлөөлж байна гэсэн үг. Дуу хөгжим Бурхны өгсөн бэлэг бөгөөд жинхэнэ шүтлэгт чухал үүрэг гүйцэтгэсээр иржээ (Ег. 15:20, 21; Еф. 5:19). Гэсэн хэдий ч Сатаны ёс бус ертөнцөд садар самууныг дэвэргэсэн дуу хөгжим өргөн тархаж байна (1 Иох. 5:19). Сонсох дуртай хөгжим маань ухаан санааг хордуулдаг эсэхийг яаж мэдэх вэ?

12 Дараах асуултыг бодож үзэх нь зүйтэй. «Би аллага, завхайрал, садар самууныг хөхүүлэн дэмждэг, хараалын үгтэй дуу сонсдог уу? Миний сонсдог дууны үгийг өөр хүн сонсоод намайг ёс бусыг жигшдэг гэж бодох уу, эсвэл бузартсан зүрхтэй гэж бодох уу?». Ёс бусыг магтан алдаршуулсан дуу сонсдог хүнийг ёс бусыг жигшдэг гэж хэлж болох уу? «Амнаас гарах зүйл зүрхнээс гарч, тэдгээр нь хүнийг бузарладаг. Зүрхнээс хорон муу бодол, аллага, завхайрал, садар самуун, хулгай, худал гэрчлэл, гүтгэлэг зэрэг нь гардаг» гэж Есүс хэлжээ (Мат. 15:18, 19; Иаков 3:10, 11-тэй харьцуулна уу).

Ёс бусыг хайрладаг хүнд Есүсийн үзэл бодлоор хандагтун

13. Нүглээ гэмшдэггүй хүмүүсийг Есүс хэрхэн үздэг байсан бэ?

13 Есүс нүгэлтнүүд буюу ёс бусыг үйлддэг хүмүүсийг гэмшилд дуудахаар ирсэн тухайгаа хэлжээ (Лук 5:30–32). Харин нүглээ гэмшдэггүй хүнийг хэрхэн үздэг байсан бэ? Тэрбээр тийм хүмүүсийн нөлөөнд автахгүй байхыг хатуу сануулсан (Мат. 23:15, 23–26). Бас: «Намайг „Эзэн минь, Эзэн минь“ гэсэн болгон тэнгэрийн хаанчлалд орохгүй. Харин тэнгэрт байгаа Миний Эцэгийн хүслийг биелүүлдэг хүн орно. Тэр өдөр [Бурхны шүүх өдөр] Надад олон хүн „Эзэн минь, Эзэн минь, бид Таны нэрээр эш үзүүлж, Таны нэрээр чөтгөрүүдийг хөөж, Таны нэрээр олон гайхамшгийг үзүүлж байсан биш билүү?“ гэж хэлэх болно» хэмээн тодорхой хэлжээ. Харин ёс бусыг үйлдэн, түүндээ гэмшдэггүй тэр хүмүүст: «Надаас зайл» гэж хэлэх ажээ (Мат. 7:21–23). Тэд ёс бус явдлаараа Бурхныг үл хүндэтгэн, бусдыг хохироодог учраас ийм шийтгэл хүртэх юм.

14. Нүглээ гэмшдэггүй хүнийг хурлаас яагаад хасдаг вэ?

14 Бурхны Үгэнд бичсэнээр, нүглээ гэмшдэггүй хүнийг хурлаас хасах ёстой (1 Коринт 5:9–13-ыг уншина уу). Энэ нь дор хаяж гурван шалтгаантай. 1) Еховагийн нэр бузарлагдах ёсгүй. 2) Хурлыг муу нөлөөнөөс хамгаална. 3) Нүгэлтнийг, болж өгвөл, гэмшихэд нь туслах зорилготой.

15. Еховад үнэнч хэвээрээ байя гэвэл ямар чухал асуултуудыг бодож үзэх хэрэгтэй вэ?

15 Та ёс бус юмнаас салах дургүй хүмүүст Есүсийн үзэл бодлоор ханддаг уу? «Хурлаас хасагдсан юм уу, Гэрч байхаа сайн дураараа больсон хүнтэй байнгын холбоотой байдаг уу? Тэр нь хамт амьдардаггүй төрөл садангийн хүн бол яах вэ?» гэсэн асуултыг өөрөөсөө асууж үзэх хэрэгтэй. Иймэрхүү нөхцөл зөвт байдлыг хайрладаг эсэх, Бурханд үнэнч байдаг эсэхийн жинхэнэ сорилт болно.

16, 17. Нэг христиан эх ямар хэцүү асуудалтай тулгарсан бэ? Нүглээ гэмшдэггүй хүнийг хурлаас хасах арга хэмжээг дэмжихэд түүнд юу тус болсон бэ?

16 Нэг Гэрч эмэгтэйн жишээг авч үзье. Насанд хүрсэн хүү нь нэгэн цагт Еховаг хайрладаг байжээ. Гэвч хожим нь ёс бусыг үйлдэх болж, түүндээ гэмшээгүй тул хурлаас хасагдсан аж. Еховад ч, хүүдээ ч хайртай тэр Гэрч эмэгтэйд Бурхны тушаалыг сахин, хүүгээсээ холбоогоо таслахад үнэхээр хэцүү санагджээ.

17 Та тэр эмэгтэйд ямар зөвлөгөө өгөх байсан бэ? Нэг ахлагч түүнд зөвлөгөө өгчээ. Ингэхдээ, Ехова зовлонг нь ойлгодгийг сануулж, тэнгэрийн хөвгүүдийн зарим нь самуун дэгдээхэд хэчнээн гашуудсаныг бодуулсан байна. Иймэрхүү нөхцөл байдал ямар их зовлон учруулдгийг Ехова ойлгодог ч гэсэн нүглээ гэмшдэггүй хүмүүсийг хурлаас хасахыг шаарддаг гэж тайлбарлажээ. Гэрч эмэгтэй сануулгыг чин сэтгэлээсээ хүлээн авч, тэр арга хэмжээг үнэнчээр дэмжсэн. * Ийнхүү үнэнч байвал Еховагийн зүрхийг баярлуулна (Сур. 27:11).

18, 19. а) Ёс бусыг үйлдэгчээс холбоогоо тасалдаг маань юуг жигшдэгийн баталгаа вэ? б) Бурханд үнэнч байн арга хэмжээг нь дэмжвэл ямар үр дүнд хүрэх вэ?

18 Хэрэв та бас ийм асуудалтай тулгарвал Ехова таныг өрөвдөн хайрладгийг битгий мартаарай. Хурлаас хасагдсан, эсвэл Гэрч байхаа сайн дураараа больсон хүмүүсээс холбоогоо таслах нь тийм байдалд хүргэдэг хандлага, үйл хэргийг үзэн яддагийн илрэл болно. Бас тэр хүнийг хайрлаж, сайн сайхныг хүсдэгийн шинж юм. Та Еховад үнэнч байвал сахилга батын арга хэмжээ авахуулсан хүн гэмшиж, Ехова руу эргэхэд дөхөм болно.

19 Хурлаас хасагдсан ч эрхээ сэргээлгэсэн нэг эмэгтэй: «Ехова ард түмнээ хайрладаг учраас байгууллагаа цэвэр байлгадагт нь би баярладаг. Хөндлөнгийн хүмүүст дэндүү хатуу юм шиг санагдаж болох ч энэ бол зайлшгүй хэрэгтэй бөгөөд үнэхээр хайрын арга хэмжээ юм» гэж бичжээ. Хэрэв хурлаас хасагдчихаад байхад нь итгэл нэгтнүүд болон гэр бүлийнхэн нь байнга харьцаж байсан бол тэр эмэгтэй дээрх дүгнэлтийг хийх байсан болов уу? Библийн үндэслэл бүхий, хурлаас хасах энэхүү арга хэмжээг дэмжих нь зөвт байдлыг хайрлаж, биеэ авч явах байдлын хэм хэмжээг Ехова тогтоох эрхтэй гэж хүлээн зөвшөөрдгийг батлан харуулдаг.

«Бузар мууг үзэн яд»

20, 21. Ёс бусыг жигшиж сурах нь яагаад чухал бэ?

20 Элч Петр: «Эрүүл ухаантай, сонор сэрэмжтэй бай» гэж анхааруулаад, үүнийхээ учрыг тайлбарлан: «Та нарын өрсөлдөгч болох диавол нь хэн нэгнийг залгихаар хайж буй архирах арслан мэт гэтэн явдаг» хэмээн бичжээ (1 Петр 5:8). Диавол таныг залгих болов уу? Энэ нь ёс бусыг жигшиж сурсан уу, үгүй юү гэдгээс ихээхэн шалтгаална.

21 Бузар мууг үзэн ядаж сурах амаргүй. Бид нүгэлтэй төрснөөс гадна, махан биеийн хүслээ дагахыг дэмждэг ертөнцөд амьдарч байна (1 Иох. 2:15–17). Гэсэн хэдий ч Есүс Христийг дууриахын зэрэгцээ Ехова Бурхныг улам бүр хайрлавал ёс бусыг жигшиж сурна. Ехова «өөрийн бурханлаг [«үнэнч», ШЕ] хүмүүсийн сэтгэлийг хамгаалдаг ... Тэр тэднийг хорон муу хүний гараас авардаг» гэдэгт бүрэн итгэж бузар мууг үзэн яддаг болцгооё (Дуу. 97:10).

[Зүүлт]

^ Түүнчлэн «Бурхны хайр» номын 207–209-р хуудасны хавсралтыг үзнэ үү.

Хариулна уу

• Архи дарсанд хандах хандлагаа яаж шалгах вэ?

• Ид шид, далдын хүчтэй холбоотой зүйлээс өөрийгөө яаж хамгаалах вэ?

• Порно материал үзэх нь яагаад аюултай вэ?

• Хайртай хүн маань хурлаас хасагдвал ёс бусыг жигшдэгээ хэрхэн харуулж болох вэ?

[Догол мөрийн асуулт]

[29-р хуудасны зураг]

Архи дарс уухаар болбол юун тухай бодох нь зүйтэй вэ?

[30-р хуудасны зураг]

Сатан үзэж харах зүйлээр дамжуулан муугаар нөлөөлдөг

[31-р хуудасны зураг]

Порно үздэг хүн юуг улам хайрладаг болох вэ?