Санаа сэтгэл амарлиулагч Еховад бүрэн найдагтун
Санаа сэтгэл амарлиулагч Еховад бүрэн найдагтун
«Намайг дуудахад ЭЗЭН сонсдог билээ» (ДУУ. 4:3).
1, 2. а) Давидыг ямар гай зовлон дайрсан бэ? б) Энэ өгүүллээр хэддүгээр дууллыг авч үзэх вэ?
ДАВИД ХААН Израилийг олон жил захирчээ. Гэтэл түүнд гай зовлон учрав. Хүү Абсалом нь хаан болохыг санаархан башир арга зохиож, түүгээр ч үл барам, итгэлт зөвлөх нь урвасанд Давид үнэнч хэдэн нөхдийн хамт арга буюу Иерусалимаас дүрвэж, Чидун уул өөд уйлан хайлан, хөл нүцгэн явжээ. Ядахад, Саулын ургийн Шимеи гэгч түүнийг хараан, шороо цацаж, чулуу шидэлж байв (2 Сам. 15:30, 31; 16:5–14).
2 Давид энэ зовлонгоос болж гуньж гутран, хүмүүсийн хүндэтгэлийг хүлээлгүй байсаар үхсэн үү? Үгүй. Учир нь тэрбээр Еховад найдаж байсан. Абсаломоос зугтаж явсан үеийнхээ тухай бичсэн 3-р дуулал нь үүнийг баталдаг. 4-р дууллыг ч бас Давид зохиожээ. Бурхан залбирлыг нь сонсож, хариулдагт итгэдэг нь энэ хоёр дууллаас харагддаг (Дуу. 3:4; 4:3). Тиймээс Ехова үнэнч үйлчлэгчидтэйгээ өдөр шөнөгүй хамт байж, ивээн тусалж, аюулгүй амар тайван байлгадагт бид бас итгэж болно (Дуу. 3:5; 4:8). 3, 4-р дуулал бидний сэтгэлийг хэрхэн тайвшруулж, Бурханд найдахад тус болохыг авч үзье.
«Миний эсрэг босогчид» олшроход...
3. Дуулал 3:1, 2-оос харахад, Давид ямархуу байдалтай байсан бэ?
3 «Израилийн хүмүүсийн сэтгэл зүрх Абсаломтой хамт байна» хэмээн элч мэдэгдэв (2 Сам. 15:13). Абсалом яаж ийм олон хүний зүрх сэтгэлийг эзэмдэв гэж гайхширсан Давид: «ЭЗЭН, миний өстнүүд юутай олширно вэ! Миний эсрэг босогчид олон байна. Олон хүн миний тухай „Түүнд Бурханы аврал үгүй“ гэдэг» хэмээн хэлжээ (Дуу. 3:1, 2). Ехова Давидыг Абсалом болон түүний талынхны учруулсан гай зовлонгоос аврахгүй гэж олон израиль хүн бодож байв.
4, 5. а) Давид юунд итгэж байсан бэ? б) «Тэргүүнийг минь өргөгч Нэгэн» гэсэн нь ямар утгатай вэ?
4 Гэвч Бурханд бүрэн найддаг Давидын сэтгэл тайван байжээ. Тэрбээр: «ЭЗЭН, Та бол миний бамбай, миний цог жавхлан болон тэргүүнийг минь өргөгч Нэгэн билээ» гэж дуулсан (Дуу. 3:3). Бамбай, цэргийг хамгаалдгийн адилаар, Ехова өөрийг нь хамгаална гэдэгт Давид итгэж байв. Тэрбээр өтөлсөн хойноо толгойгоо бүтээн, гутамшигтайгаар зугтаж явсан нь үнэн. Гэсэн хэдий ч Хамгийн Дээд Нэгэн Ехова түүнийг хөл дээр нь босгож, тэргүүнийг нь өргөн, дахин өргөмжилж чадах байлаа. Давид хариу өгнө гэж итгэн, Бурхнаас тусламж гуйн залбирчээ. Та бас Еховад тийн найддаг уу?
5 Ехова өөрт нь заавал тусална гэдгийг мэдэж байгаагаа Давид «Тэргүүнийг минь өргөгч Нэгэн» гэдэг үгээр илэрхийлжээ. Библийн өөр нэг орчуулгад: «Гэвч ЭЗЭН та үргэлж аюулаас хамгаалах бамбай минь байдаг; та надад ялалт авчирч, зориг оруулдаг» гэж хөрвүүлсэн байдаг (Today’s English Version). Нэгэн тайлбар тольд: «Бурхан „тэргүүнийг“ өргөнө гэдэг нь итгэл, найдвар төрүүлнэ гэсэн үг» хэмээн бичжээ. Давид Израилийн хаан ширээнээс аргагүйн эрхэнд буусандаа гуньж гутарч байсан. Гэвч Бурхан тэргүүнийг нь өргөсөн учир урамшин зоригжиж, сэтгэл санаа нь амран, Бурхандаа бат найджээ.
Ехова хариулна
6. Давид Еховаг ариун уулнаасаа залбиралд нь хариулсан гэж дуулсны учир юу вэ?
6 Давид Еховад итгэж, залбиралд нь хариулна гэж мэдэж байсан учраас «Би ЭЗЭНд хандан дуу хоолойгоороо хашхирсан бөгөөд Тэрээр ариун уулаасаа надад хариулсан» хэмээн дуулжээ (Дуу. 3:4). Давидын тушаалаар, Бурхны залран байгаагийн бэлгэдэл болох гэрээний авдрыг Сион ууланд авчирч тавьжээ (2 Самуел 15:23–25-ыг уншина уу). Тэгэхлээр, Давид Еховаг ариун уулнаасаа залбиралд нь хариулсан гэж дуулсан нь ойлгомжтой байна.
7. Давид яагаад айгаагүй вэ?
7 Залбирлыг нь Бурхан сонсоно гэдгийг мэдэж байсан учраас Давид айгаагүй. Харин ч бүр: «Би хэвтээд, унтаад, сэрсэн. Учир нь ЭЗЭН намайг түшиж байна» гэж дуулсан (Дуу. 3:5). Гэнэтийн дайралт их байдаг шөнийн цагаар ч амар тайван унтаж чаддаг байв. Бурхан үнэхээр тусалдгийг амьдрал дээрээ үзэж, бат итгэлтэй болсон учир сэрнэ гэдэгтээ итгэлтэй байсан. Бид ч бас Еховагийн «замаар явж», тэр замаас гарахгүй бол тийм итгэлтэй болно (2 Самуел 22:21, 22-ыг уншина уу).
8. Давид Бурханд итгэдгийг Дуулал 27:1–4 хэрхэн харуулдаг вэ?
8 Давид хэнээс ч, юунаас ч айлгүй, Бурханд бүрэн найдаж байсан нь түүний зохиосон өөр дууллуудаас харагддаг. Бурхны сүнсээр хөтлүүлэн бичсэн тэдгээр дууны нэгэнд: «ЭЗЭН бол миний гэрэл болон миний аврал юм. Хэнээс би эмээх юм бэ? ЭЗЭН бол миний амийн хамгаалалт юм. Хэнээс би айх юм бэ? ... Түмэн цэргүүд намайг бүслэвч миний зүрх айхгүй. ... Би эрэн хайх ёстой нэг л зүйлийг ЭЗЭНээс гуйсан. Энэ нь ЭЗЭНий гоо сайхныг харж, Түүний сүмд бясалгахын тулд би насан туршдаа ЭЗЭНий өргөөнд суухыг гуйсан» гэж байдаг (Дуу. 27:1–4). Танд ч тийм сэтгэгдэл төрдөг бол боломжийнхоо хэрээр цуглаандаа тогтмол явах нь дамжиггүй (Евр. 10:23–25).
9, 10. Давид өшөө авахыг бодож байгаагүй гэж хэлж болохын учир юу вэ?
9 Абсалом тэрсэлж, өчнөөн олон хүн өөрөөс нь урвасан ч гэлээ Давид: «Түмэн хүн миний эсрэг намайг бүсэлсэн ч би айхгүй. ЭЗЭН, босооч! Бурхан минь ээ, намайг авраач! Миний бүх дайсны шанаа уруу Та дэлссэн. Хорон муу хүний шүдийг Та хэмхэлсэн» хэмээн дуулсан (Дуу. 3:6, 7).
10 Давид өшөө авахыг бодож байсангүй. Бурхан хүсвэл дайснуудынх нь «шанаа уруу дэлсэж» чадах байв. Давид Израилийн хааны хувьд Мосегийн хуулийг хуулж авсан учир «Өшөө авалт нь Минийх» хэмээн Еховагийн айлдсаныг сайн мэддэг байжээ (Д.хууль 17:14, 15, 18; 32:35). «Хорон муу хүний шүдийг ... хэмхлэх» эсэхээ Ехова л мэднэ. Тэдний шүдийг хэмхлэх гэдэг нь хор хөнөөл учруулах чадваргүй болгоно гэсэн үг юм. Ехова «зүрхийг нь хардаг» учраас хэн нь хорон муу вэ гэдгийг мэддэг (1 Сам. 16:7). Бурхан бидэнд хамгийн хорон муу нэгэн болох Сатаныг эсэргүүцэн зогсох итгэл, хүч хайрладагт нь талархаад баршгүй! Архирахаас өөр чадалгүй, шүдгүй арслан устгагдвал зохихын адил Сатаныг ч ёроолгүй гүнд удахгүй хаяна (1 Петр 5:8, 9; Илч. 20:1, 2, 7–10).
Аврал бол Еховагийнх
11. Итгэл нэгтнүүдийнхээ төлөө залбирах хэрэгтэйн учир юу вэ?
11 Еховагийн тусламж өөрт нь зайлшгүй хэрэгтэй байсан ч Давид зөвхөн хар амиа бодож байсангүй. Ехова таалалдаа багтдаг ард түмнээ бүхэлд нь аврах чадалтайг ойлгож байсан учир тэрбээр ариун сүнсээр хөтлүүлэн бичсэн дуугаа: «Аврал бол ЭЗЭНийх. Таны ерөөл Таны ард түмэнд хүртэх болтугай!» гэсэн үгээр төгсгөжээ (Дуу. 3:8). Өөрөө зовж явсан ч Еховагийн ард түмнийг марталгүй, Бурхан тэднийг ивээнэ гэдэгт итгэж байсан. Бид бас итгэл нэгтнүүдээ бодож болохгүй нь юу билээ? Тэдэнд ариун сүнсээрээ зориг өгч, сайн мэдээг итгэлтэй дэлгэрүүлэхэд нь туслахыг Еховагаас гуйн залбирдаг байя (Еф. 6:17–20).
12, 13. Абсаломд юу тохиолдсон бэ? Давид яасан бэ?
12 Абсаломын амьдрал гутамшигтайгаар төгссөн нь, ялангуяа Давид гэх мэтийн Бурхны тослогдсон хүмүүсийг зовоодог этгээдүүдэд хатуу сануулга болдог (Сургаалт үгс 3:31–35-ыг уншина уу). Абсаломын тал Давидын цэргүүдтэй тулалдаад ялагджээ. Луус унаад явж байсан Абсалом том модны доогуур гарах гэж байгаад өтгөн үс нь мөчиртэй орооцолдов. Тэгээд модонд өлгөгдөн аргагүй байдалд оржээ. Тэгтэл Иоаб ирж гурван жадаар зүрхийг нь сүлбэж алдаг (2 Сам. 18:6–17).
13 Хүүдээ тохиолдсон явдлыг мэдээд Давид баярласан уу? Баярлаагүй. Харин ч уйлан гашуудаж, нааш цааш холхин, «Миний хөвгүүн Абсалом минь, хүү минь. Миний хөвгүүн Абсалом минь. Чиний оронд би үхсэн бол дээр байсан юм. Абсалом хүү минь, хүү минь» гэсээр байв (2 Сам. 18:24–33). Уй гашуу болсон Давид Иоабын үгийг сонсоод сая нэг тайвширчээ. Еховагийн тосолсон хүн болох төрсөн эцэгтэйгээ тэрсэлдэн, нэр алдрын хойноос үхэн хатан явсан Абсалом өөртөө гай удаж, гутамшигтайгаар амиа алдсан! (2 Сам. 19:1–8; Сур. 12:21; 24:21, 22).
Давид Бурханд найддагаа дахин баталсан нь
14. Давид 4-р дууллыг яагаад зохиосон бэ?
14 4-р дуулал ч бас Давидын шаргуу залбирал бөгөөд Еховад бүрэн найддагийнх нь баталгаа юм (Дуу. 3:4; 4:3). Төрийн эргэлт хийх гэсэн Абсаломын оролдлого бүтэлгүйтсэний дараа Давид тайвширч, Бурханд талархсанаа илэрхийлж энэ дууг зохиосон байх. Эсвэл леви дуучид бичиж үлдээсэн байж болох юм. Юутай ч, энэ дууллыг эргэцүүлэн бодвол Еховад итгэх итгэл бэхэждэг.
15. Еховад итгэлтэйгээр залбирч болохын учир юу вэ?
15 Давид Бурханд бүрэн найддагаа дахин баталжээ. Бурхан залбирлыг нь сонсоод хариулдагт итгэдгээ батлан: «Миний зөв шударгын Бурхан, намайг дуудахад хариулаач. Намайг зовоход Та намайг амраасан билээ. Намайг өршөөн, залбирлыг минь сонсооч» хэмээн дуулжээ (Дуу. 4:1). Зөв шударгыг үйлддэг бол бид бас тийн итгэж болно. «Зөв шударгын Бурхан» Ехова зөв шударга үйлчлэгчдээ ивээдэг учир Есүсийн золиосонд итгэдгээ харуулж түүгээр дамжуулан, итгэл төгс залбирч болно (Иох. 3:16, 36). Ингэж бодохлоор хэчнээн их тайвшрам бэ!
16. Давидын сэтгэл яагаад тавгүйтсэн бэ?
16 Сэтгэл санаа тавгүйтэж, гутрах үе бидний хэнд ч тохиолддог. Давидад бас ийм үе байсныг: «Хүний хөвгүүд ээ, хэдий болтол миний цог жавхлан ичгүүрээр солигдох вэ? Хэдий болтол та нар хоосон юманд дурлаж, худал хуурмагийг хайх юм бэ?» хэмээн дуулснаас нь мэдэж болно (Дуу. 4:2). «Хүний хөвгүүд» гэсэн нь хүн төрөлхтнийг эс таашаасан өнгө аясаар хэлсэн хэрэг бололтой. Давидын дайснууд «хоосон юманд дурладаг» байсан. Энэ ишлэлийг Олон улсын Библийн Шинэчилсэн Орчуулгад: «Та нар хэдий болтол төөрөлдөж, хуурамч бурхдыг хайх юм бэ?» гэж хөрвүүлжээ. Бусдын үйлдлээс болоод сэтгэл тавгүйтлээ ч цорын ганц жинхэнэ Бурханд бүрэннайдаж, шаргуу залбирсаар байцгаая.
17. Ямар үед Дуулал 4:3-ыг хэрэгжүүлж болох вэ?
17 Давид Бурханд найддаг байсан нь, «ЭЗЭН Өөрийн төлөө бурханлаг [«үнэнч», ШЕ] хүмүүсийг тусгаарласныг мэдэж ав. Намайг дуудахад ЭЗЭН сонсдог билээ» гэж дуулснаас нь тодорхой харагддаг (Дуу. 4:3). Бурханд үргэлж үнэнч байя гэвэл түүнд бүрэн найдаж, эр зоригтой байх хэрэгтэй. Жишээ нь, нүгэл үйлдээд гэмшээгүй хамаатан нь хурлаас хасагдах үед эдгээр чанар христиан гэр бүлд хэрэг болдог. Бурхан өөрт нь үнэнчээр үйлчилдэг, замаар нь тууштай явдаг хүмүүсийг ивээдэг. Ард түмэн нь Еховад үнэнчээр үйлчилж, бүрэн найддаг учир баяр хөөрөөр цалгидаг (Дуу. 84:11, 12).
18. Хүмүүс биднийг үг яриа, үйл хэргээрээ гомдоовол Дуулал 4:4-т бичсэнээр яах хэрэгтэй вэ?
18 Хэрэв хэн нэг нь биднийг үг яриа, үйл хэргээрээ гомдоовол яах вэ? «Чичрэн айж, нүгэл бүү хий. Орон дотроо зүрхэндээ тунгаан бясалгаж, дуугүй бай» хэмээсэн Давидын үгийг дагавал баяр баясгалангаа алдахгүй (Дуу. 4:4). Бусад хүн биднийг үг яриа, үйл хэргээрээ гомдоовол хариугаа авч нүгэл үйлдэхгүй байя (Ром 12:17–19). Орондоо ороод залбирахдаа тухайн асуудлын талаар юу бодож байгаагаа Еховад аминчлан хэлж болно. Тийнхүү залбирвал бодлоо өөрчлөн, тэр хүнийг хайрлаж, уучлах сэтгэл төрнө (1 Петр 4:8). Элч Паул: «Уурласан ч, нүгэл бүү үйлд. Та нарын уур хилэн дээр нар бүү жаргаг. Диаволд байр бүү өг» хэмээн зөвлөхдөө Дуулал 4:4-ийг үндэс болгосон нь тодорхой (Еф. 4:26, 27).
19. Дуулал 4:5-ыг үзвэл бид сүнслэг тахил өргөхдөө ямар байх ёстой вэ?
19 Давид Бурханд найдах хэрэгтэйг онцлон, «Зөв шударгын тахил өргөж, ЭЗЭНд итгэ» хэмээн дуулжээ (Дуу. 4:5). Израильчуудын сэдэл хандлага зөв байсан цагт л өргөсөн тахил нь Еховад үнэ цэнэтэй байв (Ис. 1:11–17). Сүнслэг тахилыг маань Бурхан хүлээж аваасай гэж хүсдэг бол бид ч гэсэн зөв сэдэл хандлагатай байж, түүнд бүрэн найдах ёстой (Сургаалт үгс 3:5, 6; Еврей 13:15, 16-г уншина уу).
20. «Еховагийн нүүр царайны гэрэл» гэж юу вэ?
20 Давид цааш нь: «„Бидэнд сайныг үзүүлэгч нь хэн бэ?“ гэж олон хүн асууж байна. ЭЗЭН, Өөрийн мэлмийг өргөн бидэн дээр гэрэлтээч! [«нүүр царайныхаа гэрлийг бидэн дээр тусгаач», ШЕ]» хэмээн дуулжээ (Дуу. 4:6). «[Еховагийн] нүүр царайны гэрэл» гэдэг нь Бурхны ивээл юм (Дуу. 89:15). Тэгэхлээр, «Нүүр царайныхаа гэрлийг бидэн дээр тусгаач» гэсэн нь «ивээлээ хайрлаач» гэсэн утгатай ажээ. Бид Еховад итгэж найддаг учраас хүсэл тааллыг нь биелүүлэхлээрээ ивээлийг нь хүртэж, баяр хөөрөөр бялхдаг.
21. Сүнслэг ургац хураах ажилд бүрэн дүүрэн оролцдог бол юунд итгэлтэй байж болох вэ?
21 Давид ургац хураах цагаар амсдаг баяр баясгалангаас илүүгээр, Бурхны өгдөг баяр баясгаланг хүсэн хүлээхдээ: «Зүрхэнд минь Таны өгсөн баяр баясгалан нь тэдний үр тариа, шинэ дарс бялхах үеийнхээс ч илүү юм» гэж дуулжээ (Дуу. 4:7). Хэрэв бид одоо сүнслэг ургац хураах ажилд бүрэн дүүрэн оролцдог бол чин сэтгэлийн баяр хөөр эдэлнэ (Лук 10:2). Тослогдогсдын удирдлагаар «ургац хураах ажилчдын» тоо өсөн нэмэгдэж байгааг хараад бид баярладаг (Ис. 9:3). Ургац хураах энэ ажилд та баяр хөөртэй, сэтгэл хангалуун оролцдог уу?
Бурханд бүрэн найдан, урагш давшигтун
22. Израильчууд Бурхны хуулийг сахиж байх үед амьдрал нь ямар байсан бэ?
22 «Би амар амгалан хэвтэж, унтах болно. Намайг аюулгүйгээр аж төрүүлэгч нь, ЭЗЭН, зөвхөн Та билээ» гэдэг үгээр Давид 4-р дууллаа төгсгөжээ (Дуу. 4:8). Израильчууд Еховагийн хуулийг сахин биелүүлж байхдаа түүнтэй эв найрамдалтай, айх аюулгүй, амар тайван амьдарч байсан. Соломоны засаглалын эхэн үед «Иуда ба Израиль хүн бүр ... аюулгүй амьдарсан» нь үүний нэг жишээ юм (Х.дээд 4:25). Тэд Бурханд найдаж байсан учраас хөрш үндэстнүүд нь дайсагнаж байхад ч амар тайван амьдарч байжээ. Бид Давидын адилаар тайван унтаж чаддаг. Учир нь Бурхан бидний сэтгэлийг амраадаг.
23. Бурханд бүрэн найдахын ач тус юу вэ?
23 Еховад найдан, урагш давшицгаая. Бас итгэлтэйгээр залбирцгаая. Тэгвэл «бүх оюун ухаанаас дээгүүрх Бурханы амар тайвныг» амсана (Флп. 4:6, 7). Юутай сайхан бэ! Еховад бүрэн найддаг бол ирээдүйгээ итгэлтэйгээр угтах болно.
Хариулна уу
• Давид Абсаломоос болж ямар зовлон амссан бэ?
• 3-р дуулал бидний сэтгэлийг хэрхэн тайвшруулдаг вэ?
• 4-р дуулал Еховад итгэх итгэлийг хэрхэн бэхжүүлдэг вэ?
• Бурханд бүрэн найдахын ач тус юу вэ?
[Догол мөрийн асуулт]
[29-р хуудасны зураг]
Давид Абсаломоос зугтаж явсан ч Еховад найдаж байсан.
[32-р хуудасны зураг]
Та Еховад бүрэн найддаг уу?