Христианууд аа, гэр бүлээрээ «сэргэг байгтун»
Христианууд аа, гэр бүлээрээ «сэргэг байгтун»
«Сэргэг бөгөөд эрүүл ухаантай байцгаая» (1 ТЕС. 5:6).
1, 2. Гэр бүлээрээ «сэргэг» байхын тулд яах ёстой вэ?
ЕХОВАГИЙН «агуу аймшигт өдөр» болох гэж буйг элч Паул Тесалоникийн христиануудад сануулан: «Ах дүү нар аа, та нар харанхуй дотор байдаггүй учраас тэр өдөр нь та нарыг хулгайч мэт бариад авахгүй. Учир нь та нар бүгдээрээ гэрлийн хөвгүүд бөгөөд өдрийн хөвгүүд юм. Бид шөнийнх биш, харанхуйнх ч биш» гэж бичжээ. Тэрбээр цааш нь: «Тиймээс бид бусдын адил унталгүй, харин сэргэг бөгөөд эрүүл ухаантай байцгаая» хэмээн уриалсан (Иоел 2:31; 1 Тес. 5:4–6).
2 Тесалоникийн итгэл нэгтнүүддээ өгсөн Паулын зөвлөгөө «эцсийн цагт» амьдарч буй христиануудад онцгой хамаатай (Дан. 12:9). Өөрийнх нь мэдэлд байдаг ёс бус ертөнц сүйрэх дөхсөн учир Сатан жинхэнэ христиануудаас аль болох олон хүнийг Бурханд үйлчлэхийг нь болиулахаар шийдсэн байгаа. Тиймээс сүнслэг утгаар сонор сэрэмжтэй байхын тулд Паулын өгсөн зөвлөгөөг санаж явах нь ухаалаг хэрэг болно. Христианууд гэр бүлээрээ үргэлж сэргэг байя гэвэл, хүн бүр Еховагаас авсан үүргээ биелүүлэх нь чухал юм. Тэгвэл гэр бүлээрээ «сэргэг байхын» тулд нөхөр, эхнэр, хүүхэд ямар үүрэг гүйцэтгэх ёстой вэ?
Нөхрүүд ээ, «сайн хоньчныг» дууриагтун
3. 1 Тимот 5:8-д бичсэнээр, өрхийн тэргүүний үүрэг юу вэ?
3 «Эр хүн бол эмэгтэй хүний тэргүүн» гэж Библид бичжээ (1 Кор. 11:3). Эр хүн айл гэрийн тэргүүний хувьд ямар үүрэг хүлээдэг вэ? Библид: «Хэрэв хэн нэгэн нь өөрийнхнийгөө, ялангуяа төрсөн гэр бүлийнхээ хүмүүсийг тэтгэхгүй байвал тэр хүн итгэлийг үгүйсгэсэн хэрэг болох бөгөөд итгэгч бус хүнээс ч бүр дор юм» гэж бичжээ (1 Тим. 5:8). Эрэгтэй хүн эхнэр, хүүхдээ тэжээх ёстой. Гэхдээ зөвхөн талхны мөнгө олох гэж зүтгэдэг бол сүнслэгээр сэргэг байхад нь тус болж чадахгүй. Бурхантай улам дотно болоход нь гэрийнхэндээ тусалж, тэднийгээ сүнслэгээр өсгөх учиртай (Сур. 24:3, 4). Чухам яаж?
4. Гэрийнхнээ сүнслэгээр өсгөх талаар амжилт олъё гэвэл өрхийн тэргүүн юу хийх хэрэгтэй вэ?
4 «Христ чуулганы толгой байдгийн адил нөхөр нь эхнэрийнхээ толгой юм». Тиймээс эхнэртэй эрчүүд, Есүс хурлыг хэрхэн тэргүүлж байсныг судалж, дууриах хэрэгтэй (Еф. 5:23). Есүс өөрийгөө болон дагалдагчдаа юутай зүйрлэснийг авч үзье (Иохан 10:14, 15-ыг уншина уу). Гэрийнхнээ сүнслэгээр өсгөх талаар амжилт олъё гэвэл өрхийн тэргүүн юу хийх хэрэгтэй вэ? «Сайн хоньчин» Есүсийн үг яриа, үйл хэргийг судалж, мөрөөр нь дагах хэрэгтэй (1 Петр 2:21).
5. Сайн Хоньчин хоньдынхоо талаар юу мэддэг вэ?
5 Хоньчин хүн хоньдоо бүгдийг нь мэддэг. Хоньд нь ч хоньчноо мэдэж, хоньчиндоо найддаг. Мөн дууг нь таньж, дуулгавартай дагадаг. Есүс: «Би Өөрийнхийгөө мэдэх бөгөөд Өөрийнхөн минь Намайг мэднэ» гэж хэлсэн. Тэрбээр хурлыг ерөнхийд нь л мэддэг юм биш. Энд «мэдэх» гэж орчуулсан грек үг «гүн гүнзгий, нарийн ширийн мэдэх» гэсэн утгатай. Тэгэхлээр, Сайн Хоньчин хоньдоо нэг бүрчлэн мэддэг аж. Тэрбээр хонь бүрийнхээ хэрэгцээ шаардлага, сул ба давуу талыг мэддэг. Бүх хонио гярхай ажиглаж байдаг. Хонь нь ч хоньчноо сайн мэддэг бөгөөд эзэндээ найдан, дуулгавартай захирагддаг.
6. Нөхрүүд Сайн Хоньчноо хэрхэн дууриаж болох вэ?
6 Христийг дууриадаг нөхөр хүн тэргүүний үүргээ биелүүлэхдээ өөрийгөө бэлгэдлийн хоньчин гэж бодож сурах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, эхнэр хүүхдээ сайн мэддэг байх нь чухал. Яавал сайн мэддэг болох вэ? Гэр бүлийнхээ гишүүн бүртэй харилцан ярилцдаг, юунд санаа зовж байгаагаа хэлэхийг нь сонсдог, бүгдээрээ хамт хийх ажилд манлайлан оролцдог, гэр бүлийн хичээл, цуглаан, дэлгэрүүлэх ажил, амралт чөлөөт цагаа өнгөрүүлэх зэрэг асуудлаар шийдвэр гаргахдаа болгоомжтой байх хэрэгтэй. Христиан нөхөр Бурхны Үгийг төдийгүй эхнэр хүүхдээ сайн мэддэг бол тэд өөрт нь итгэж, дуулгавартай захирагдана. Нөхөр хүн жинхэнэ шүтлэгийг үнэнчээр дэмжиж байгаа гэрийнхнээ хараад сэтгэл дүүрэн байх болно.
7, 8. Сайн Хоньчныг дууриадаг нөхөр хүн эхнэр хүүхдээ хайрлан халамжилдгаа хэрхэн харуулдаг вэ?
7 Бас сайн хоньчин хонио хайрладаг. Есүсийн амьдрал, үйл хэргийн тухай өгүүлсэн Евангелийг судлахлаар, шавь нараа хайрлаж байсныг нь мэдэрч, талархах сэтгэл төрдөг. Тэрбээр бүр, «хоньдын төлөө Өөрийн амийг өгсөн» билээ. Нөхрүүд ч мөн адил, эхнэр хүүхдээ хайрладгаа харуулж байх учиртай. Бурханд сайшаагдахыг хүсдэг хүн эхнэрээ дарлаж дээрэлхэхийн оронд үргэлж хайрлан, «чуулганыг хайрласан» Христийг дууриадаг (Еф. 5:25). Эхнэрээ хүндэтгэх ёстой учраас үг хэлэхдээ ч аядуу зөөлөн, анхаарал халамжтай байх учиртай (1 Петр 3:7).
8 Өрхийн тэргүүнүүд үр хүүхдээ сурган хүмүүжүүлэхдээ Библийн зарчмыг чанд баримтлах ёстой. Гэхдээ хайртайгаа мэдрүүлж байх хэрэгтэй. Сахилгажуулах шаардлага гарахад өрөвдөн хайрлахаа мартаж болохгүй. Зарим хүүхэд өөрөөс нь юу шаардаад байгааг бусдаас хожуу ойлгодог. Эцэг нь тийм хүүхдэдээ илүү тэвчээртэй хандах хэрэгтэй болдог. Өрхийн тэргүүнүүд Есүсийг тууштай дагадаг бол гэрийнхэн нь айж түгших юмгүй, амар тайван байдаг. Энэхүү сүнслэг аюулгүй байдлын тухай дуулалч дуулжээ (Дуулал 23:1–6-г уншина уу).
9. Христиан нөхрүүд, Ноагийн адилаар, ямар үүрэг хүлээдэг вэ? Яавал үүргээ амжилттай биелүүлэх вэ?
9 Христиан гэр бүлийн тэргүүнүүдэд үлгэр дууриал болсон бас нэг хүн нь Ноа юм. Тэрбээр ертөнц мөхөх дөхсөн цаг үед амьдарч байжээ. Гэхдээ Ехова «бурханлаг бус хүмүүсийн ертөнц дээр үер буулгахдаа» Ноаг «долоон хүний хамт хамгаалсан» (2 Петр 2:5). Ноа Усан галавыг эсэн мэнд давахад нь эхнэр, хөвгүүд, бэрүүддээ туслах үүрэгтэй байжээ. Эцсийн өдрүүдэд амьдарч буй христиан нөхрүүдэд ч бас тийм үүрэг оногддог (Мат. 24:37). Тэгэхлээр, «сайн хоньчны» үлгэр жишээг судалж, даган дууриах гэж мэрийх нь хэчнээн чухал бэ!
Эхнэрүүд ээ, «орон гэрээ төвхнүүлэгтүн»
10. Нөхөртөө захирагдах гэдэг нь юу гэсэн үг вэ?
10 «Эхнэрүүд ээ, Эзэнд захирагддаг шиг нөхрүүддээ захирагд» хэмээн элч Паул бичжээ (Еф. 5:22). «Захирагд» гэсэн нь эмэгтэйчүүдийг дорд үзсэн хэрэг биш байв. Жинхэнэ Бурхан анхны эмэгтэй Еваг бүтээхээсээ өмнө: «Хүн ганцаараа байх нь сайн биш учир Би түүнд тохирох туслагчийг бүтээе» хэмээн айлджээ (Эх. 2:18). Эхнэр хүн гэр бүлдээ санаа тавих үүргээ биелүүлэхэд нь нөхөртөө тус дэм болдог учир «туслагч» байх гэдэг нь үнэхээрийн хүндтэй үүрэг юм.
11. Сайн эхнэр орон гэрээ хэрхэн төвхнүүлдэг вэ?
11 Сайн эхнэр орон гэрээ өөд нь татдаг (Сургаалт үгс 14:1-ийг уншина уу). Ухаалаг эмэгтэй тэргүүллийн зарчимд гүн хүндэтгэлтэй ханддагаараа мунхаг эмэгтэйгээс ялгаатай. Дуулгаваргүй, хараат бус байх гэсэн хандлагатай ертөнцөд амьдардаг ч ханьдаа захирагддаг (Еф. 2:2). Мунхаг эхнэр нөхрөө муулахаас огтхон ч санаа зовдоггүй бол, ухаант эхнэр үр хүүхэд, өрөөл бусдад нөхрөө магтан ярьж, хүндэтгэх сэтгэл төрүүлдэг. Үглэж янших юм уу нөхөртэйгөө хэрэлдэж маргахыг тэвчин, тэргүүллийн зарчимд хүндэтгэлгүй хандахаас болгоомжилдог. Мөн түүнчлэн аж ахуйч, арвич хямгач байдаг. Мунхаг эхнэр хөлсөө урсгаж олсон хэдэн төгрөгийг хамаагүй үрдэг бол, нөхөртөө түшигтэй эмэгтэй огт өөр. Мөнгө төгрөг олох, зарцуулах гэх мэтийн асуудалд нөхөртөө тусалдаг. Аливаа зүйлд ухаалаг, ариг гамтай ханддаг. Нөхрөө илүү цагаар ажиллахыг шахаж шаарддаггүй.
12. Гэр бүлээрээ «сэргэг байхад» эхнэр хүн ямар хувь нэмэр оруулж болох вэ?
12 Үр хүүхдэдээ Еховагийн тухай заахад нь сайн эхнэр, нөхөртөө дэм болж, гэр бүлээрээ «сэргэг байхад» хувь нэмэр оруулдаг (Сур. 1:8). Гэр бүлийн Библийн хичээлийг идэвхтэй дэмждэг. Түүнээс гадна, хүүхдэдээ зөвлөгөө өгөх, сахилга батын арга хэмжээ авах болоход нөхөртэйгөө санаа нэгтэй байдаг. Харин эхнэр нь нөхөртөө тусалдаггүй бол үр хүүхэд нь зовж, сүнслэг талаар ч хохирно.
13. Христиан үйл хэрэгт идэвхтэй оролцдог нөхрөө дэмжихийн тулд эхнэр нь юу ойлгох хэрэгтэй вэ?
13 Христиан хуралд хүлээсэн үүргээ идэвхтэй биелүүлж байгаа нөхрийгөө хараад сайн эхнэр яадаг вэ? Баярладаг! Нөхөр нь туслах үйлчлэгч, ахлагч ч бай, эсвэл Бүс нутгийн барилгын хороо юм уу Эмнэлэгтэй хамтран ажиллах хорооны гишүүн ч бай, эхнэр нь баяртай байдаг. Нөхрөө үг яриа, үйл хэргээрээ идэвхтэй дэмжихийн тулд өөрийгөө тодорхой хэмжээгээр золиослох шаардлага гардаг. Гэлээ ч, нөхөр нь христиан үйл хэрэгт оролцдог нь гэр бүлээрээ «сэргэг» байхад тус болдгийг эхнэр хүн ойлгодог.
14. а) Юунаас болоод эхнэр нь нөхөртөө туслахад хэцүү байдаг вэ? Тийм бэрхшээлийг хэрхэн давах вэ? б) Эхнэр хүн гэр бүлээ аз жаргалтай байлгахын тулд хэрхэн хувь нэмэр оруулж болох вэ?
14 Нөхөр нь санаанд таарахгүй шийдвэр гаргасан бол туслагчийн үүргээ сайн биелүүлэхэд эхнэрт хэцүү санагдаж болох юм. Сайн эхнэр тийм үед ч «дөлгөөн ба даруу» байж, шийдвэрээ хэрэгжүүлэхэд нь нөхөртөө туслан, хамтран ажилладаг (1 Петр 3:4). Мөн Бурхнаас эмээдэг Сара, Рут, Абигаил, Есүсийн эх Мариа гэх зэргийн эртний эмэгтэйчүүдийг дууриах гэж хичээдэг (1 Петр 3:5, 6). Бас «зан байдлаараа хүндлүүштэй» орчин үеийн эмэгтэйчүүдийг дууриадаг (Тит 2:3, 4). Сайн эхнэр гэр бүлээ аз жаргалтай байлгахын тулд нөхрөө хайрлаж, хүндэтгэдэг. Тийм айл тав тухтай, амар тайван байдаг. Сүнслэг юмыг эрхэмлэн үнэлдэг эр хүнд тийм эхнэр үнэ цэнэтэй! (Сур. 12:4).
Охид хөвгүүд ээ, «үл үзэгдэх юмсыг» харагтун
15. Гэр бүлээрээ «сэргэг байхад» охид хөвгүүд ямар хувь нэмэр оруулж болох вэ?
15 Гэр бүлээрээ «сэргэг байхад» охид хөвгүүд та нар ямар хувь нэмэр оруулж болох вэ? Еховагийн өгөх шагналыг бодоорой. Эцэг эх чинь чамайг бага байхад Диваажингийн амьдралыг харуулсан зураг үзүүлж байсан байх. Харин өсөж том болохын чинь хэрээр шинэ ертөнцөд амьдрал ямар байхыг төсөөлөхөд чинь туслан Библи болон байгууллагын ном хэвлэлээс тайлбарладаг болсон биз. Хэрэв Еховад үйлчлэх тухай үргэлж бодон, тэр дагуу амьдрахаар шийдвэл хүүхдүүд та нар «сэргэг байж» чадна.
16, 17. Амийн төлөөх уралдаанд түрүүлье гэвэл охид хөвгүүд яах хэрэгтэй вэ?
16 1 Коринт 9:24-т байдаг элч Паулын үгийг санаж яваарай (Уншина уу.) Мөнх амийн шагнал авах замыг сонгож, түрүүлнэ гэсэн итгэлтэйгээр гүйгээрэй. Эд баялгийн хойноос яваад, шагналаа анхаарахаа больсон хүн цөөнгүй бий. Энэ бол туйлын мунхаг явдал! Баяжихын төлөө амьдарвал жинхэнэ аз жаргалыг олохгүй. Мөнгөөр авдаг бүхэн зуурдынх байдаг юм. Тиймээс та нар «үл үзэгдэх юмсыг» харж байгаарай. Учир нь «үл үзэгдэх юмс бол мөнх билээ» (2 Кор. 4:18).
17 «Үл үзэгдэх юмс» гэдэгт Хаанчлалын ивээл ордог. Тэр ивээлийг хүртэхийн төлөө амьдраарай. Еховад үйлчилдэг хүн л жинхэнэ аз жаргалтайболдог. Жинхэнэ Бурханд үйлчилбэлхол, ойрын зорилгодоо хүрэх боломжтой. * Хүрч болох сүнслэг зорилго тавиад, мөнх амийн шагналын төлөө гүйвэл анхаарлаа сарниулахгүйгээр Бурханд үйлчилж чадна (1 Иох. 2:17).
18, 19. Үнэнийг өөрийн болгоё гэвэл охид хөвгүүд яах хэрэгтэй вэ? Хэний жишээг бодох нь тустай вэ?
18 Охид хөвгүүд та нар амь руу хөтлөх замаар явъя гэвэл юуны өмнө үнэнийг өөрийн болгох хэрэгтэй. Та нар энэ алхмыг хийсэн үү? Дараах асуултыг өөрөөсөө асуугаарай. «Би сүнслэг хүн үү, эсвэл эцэг эхийнхээ шахалтаар л сүнслэг үйл хэрэгт оролцдог уу? Бурханд таалагдах зан чанартай болохыг хичээдэг үү? Жинхэнэ шүтлэгтэй салшгүй холбоотой үйл хэрэг буюу залбирах, Библи судлах, цуглаанд явах, дэлгэрүүлэхийг хэвшил болгож байгаа юу? Бурхантай улам дотно болох гэж хичээдэг үү?» (Иак. 4:8).
19 Мосегийн жишээг бодоорой. Тэрбээр харийн соёлын эрхшээлд байсан хэдий ч фараоны охины хүү гэгдэхийн оронд Еховагийн үйлчлэгч болохоор шийдсэн (Еврей 11:24–27-г уншина уу). Охид хөвгүүд та нар ч бас Еховад үнэнчээр үйлчлэх шийдвэр гаргаарай. Тэгвэл одоо ч жаргалтай амьдарч, ирээдүйд «жинхэнэ аминд хүрэх юм» (1 Тим. 6:19).
20. Амийн төлөөх уралдаанд ямар хүн шагнал хүртэх вэ?
20 Дээр үед гүйлтийн уралдаанд ганцхан тамирчин түрүүлдэг байжээ. Харин амийн төлөөх уралдаан үүнтэй адилгүй. Бурхан «бүх хүнийг аврагдаасай, үнэний мэдлэг уруу ирээсэй» гэж хүсдэг (1 Тим. 2:3, 4). Та нараас өмнө олон хүн энэ уралдаанд амжилттай оролцсон. Одоо ч олон хүн та нартай хамт гүйж яваа (Евр. 12:1, 2). Бууж өгөөгүй хүн шагнал хүртэнэ. Тиймээс түрүүлнэ гэдэгтээ бат итгээрэй!
21. Дараагийн өгүүллээр юу үзэх вэ?
21 Еховагийн «аугаа, аймшигт өдрөөс» хэн ч зугтаж чадахгүй (Мал. 4:5). Христианууд тэр өдөр гэр бүлээрээ сэргэг байх учиртай. Хүн бүр Бурхнаас авсан үүргээ дор бүрнээ биелүүлэх нь амин чухал юм. Сүнслэгээр сэргэг байж, Бурхантай улам дотно болохын тулд өөр яах хэрэгтэй вэ? Гэр бүлээрээ Еховатай дотно байхад тус болох гурван зүйлийг дараагийн өгүүллээр авч үзнэ.
[Зүүлт]
[Давтах асуулт]
• Христианууд гэр бүлээрээ «сэргэг байх» нь яагаад чухал бэ?
• Нөхөр хүн Сайн Хоньчныг хэрхэн дууриах вэ?
• Сайн эхнэр нөхөртөө хэрхэн тусалдаг вэ?
• Гэр бүлээрээ сэргэг байхад охид хөвгүүд ямар хувь нэмэр оруулж болох вэ?
[Догол мөрийн асуулт]
[9-р хуудасны зураг]
Сүнслэг юмыг эрхэмлэдэг эр хүнд түшигтэй эхнэр үнэ цэнэтэй