Бурхны амралт гэж юу вэ?
Бурхны амралт гэж юу вэ?
«Бурханы хүмүүст Амралтын өдрийн амралт үлддэг» (ЕВР. 4:9).
1, 2. Эхлэл 2:3-аас юу мэдэж болох вэ? Ямар ямар асуултын хариуг мэдэж авах вэ?
БУРХАН хүн төрөлхтний гэр болох дэлхийг зургаан «өдрийн» хугацаанд бэлтгэснийг «Эхлэл» номын нэгдүгээр бүлэгт тэмдэглэсэн байдаг. Энд «өдөр» гэдэг үгээр тодорхой хугацаагаар үргэлжлэх үеийг хэлжээ. Зургаан «өдрийг» дуусах бүрд нь: «Үдэш болоод, өглөө болжээ» гэж бичсэн байдгийг үзвэл дараагийнх нь эхэлжээ гэж ойлгож болно (Эх. 1:5, 8, 13, 19, 23, 31). Харин долоо дахь «өдрийн» тухайд өөрөөр бичсэн байдаг. «Бурхан долоо дахь өдрийг ерөөж, ариун болгов. Учир нь Бурхан Өөрийн хийж, бүтээж байсан бүх ажлаа дуусгаж, энэ өдөр амарсан билээ» хэмээжээ (Эх. 2:3).
2 «Амарсан» гэдэг үйл үгийг нарийвчлан буулгавал «амарч байгаа» гэсэн үргэлжлэх цаг дээр байдаг ажээ. Тэгэхлээр, МЭӨ 1513 онд Мосег «Эхлэл» номыг бичиж байх үед Бурхан амарч байсан гэсэн үг. Хожим нь Бурхан хүмүүсийг амралтад нь орж болох тухай Библид бичүүлсэн байдаг. Тэгвэл Бурхан одоо ч амарч байгаа юу? Хэрэв тийм бол, бид түүний амралтад хэрхэн орох вэ? Эдгээр асуултын хариуг мэдэх нь бидэнд амин чухал юм.
Ехова одоо ч «амарч байгаа» юу?
3. Есүсийн үед долоо дахь өдөр үргэлжилж байсныг Иохан 5:16, 17 хэрхэн баталдаг вэ?
3 Долоо дахь өдрийг Есүсийн болон нэгдүгээр зууны христиануудын үед ч үргэлжилж байсан гэж үзэж болох хоёр шалтгаан байдаг. Эхний шалтгааныг өөрийг нь эсэргүүцэж байсан хүмүүст хэлсэн Есүсийн үгээс мэдэж болно. Тэд Есүсийг Амралтын өдрөөр хүмүүсийг эдгээж байсанд уурлан унтууцаж, Амралтын өдөр ажиллаж болохгүй гэсэн Мосегийн хуулийг зөрчсөн гэж үзэж байв. Харин Есүс тэдэнд: «Миний Эцэг одоо болтол ажилласаар байна. Би Өөрөө ч ажиллаж байна» гэж хэлжээ (Иох. 5:16, 17). Есүс ингэж хэлсэн нь: «Миний Эцэг бид хоёр адилхан ажил хийж байгаа. Эцэг минь олон мянган жил үргэлжилж буй Амралтын өдөр ажилласаар байгаагийн адил би ч бас Амралтын өдөр ажиллана» гэсэн утгатай байв. Тэгэхлээр, долоо дахь өдөр буюу Бурхны Амралтын өдөр дуусаагүй байжээ. * Өөрөөр хэлбэл, Бурхан дэлхий дээрх бүтээх ажлаа завсарлан, амарч байсан ч дэлхий болон хүн төрөлхтний талаарх санаа зорилгоо биелүүлэхээр ажиллаж байсан.
4. Долоо дахь өдөр нэгдүгээр зууны христиануудын үед ч үргэлжилж байсныг Паулын үг хэрхэн харуулдаг вэ?
4 Хоёр дахь шалтгааныг элч Паулын еврей христиануудад бичсэн захидлаас мэдэж болно. Тэрбээр захидлынхаа 4-р бүлэгт: «Итгэгч бид тэрхүү амралт руу ордог» хэмээгээд Эхлэл 2:2-ыг иш татжээ (Евр. 4:3, 4, 6, 9). Энэ нь Паулын үед ч долоо дахь өдөр үргэлжилж байсныг баталдаг. Тэгвэл долоо дахь өдөр хэзээ дуусах вэ?
5. Ехова долоо дахь өдөр юу хийхээр болсон бэ? Бурхан санаа зорилгоо хэзээ бүрэн гүйцэд биелүүлэх вэ?
5 Энэ асуултад хариулахын тулд Ехова долоо дахь өдрийг тусгай өдөр болгосныг мэдэх хэрэгтэй. Эхлэл 2:3-т: «Бурхан долоо дахь өдрийг ерөөж, ариун болгов» гэж бичжээ. Ехова долоо дахь өдрийг дэлхийн талаарх санаа зорилгоо бүрэн биелүүлэх өдөр болгосон учир энэ өдрийг ариун болгосон. Тэр санаа зорилго нь дуулгавартай хүмүүсийг дэлхий дээр амьдруулж, тэднээр диваажин дэлхийг арчлуулан тордуулах явдал юм (Эх. 1:28). Ехова энэ зорилгоо бүрэн биелүүлэхийн тулд «одоо болтол ажилласаар байгаа» бөгөөд «Амралтын өдрийн Эзэн» Есүс ч ажилласаар байна (Мат. 12:8). Тэгэхлээр, Бурхны Амралтын өдөр санаа зорилго нь биелтэл үргэлжилж, Христийн мянган жилийн засаглалын эцэст дуусна.
«Дуулгаваргүй байхын жишээгээр ... уначихгүйн тулд»
6. Хэний жишээнээс ямар сургамж авч болох вэ?
6 Бурхан дэлхийн талаарх санаа зорилгоо Адам Ева хоёрт тодорхой хэлсэн боловч тэд санаа зорилгод нь харшлах юм хийсэн. Тэднээс хойших олон сая хүн бас дуулгаваргүй байв. Тэр бүү хэл, Бурхны ард түмэн израильчууд хүртэл дуулгаваргүй загнаж байв. Паул тухайн үеийнхээ христиануудыг израильчуудын адил дуулгаваргүй болохоос сэрэмжлүүлэн: «Иймд дуулгаваргүй байхын жишээгээр хэн нэгэн маань уначихгүйн тулд тэрхүү амралт уруу орохыг хичээцгээе» гэж бичжээ (Евр. 4:11). Дуулгаваргүй хүн Бурхны амралт руу орохгүйг Паул онцлон тэмдэглэсэн байна. Энэ үг бидэнд ямар хамаатай вэ? Хэрэв бид Бурхны санаа зорилгод харшлах ямар нэг юм хийвэл Бурхны амралт руу орж чадахгүй гэсэн үг үү? Энэ асуултын хариуг мэдэх нь бидэнд амин чухал бөгөөд энэ талаар одоо дэлгэрэнгүй үзнэ. Энэхүү чухал асуултын хариуг энэ өгүүллээр дэлгэрэнгүй хэлэлцье. Гэхдээ эхлээд, израильчууд ямар учраас Бурхны амралт руу орж чадаагүйг ярилцъя.
«Тэд миний амралт уруу орохгүй»
7. Ехова ямар зорилгоор израильчуудыг Египетийн боолчлолоос чөлөөлсөн бэ? Израильчууд яах ёстой байсан бэ?
7 МЭӨ 1513 онд Ехова израильчуудын талаар ямар санаа зорилготойгоо мэдэгдэн: «Тэднийг египетчүүдийн гараас чөлөөлж, тэр газраас гарган, ... сүү балаар бялхсан сайхан уудам нутаг уруу аваачихаар Би бууж ирлээ» гэж Мосегоор хэлүүлжээ (Ег. 3:8). Ехова Абрахамд амласан ёсоороо израильчуудыг ард түмнээ болгохын тулд Египетийн боолчлолоос чөлөөлжээ (Эх. 22:17). Бурхан тэдэнтэй энхийн харьцаа тогтоон, тэднийг анд нөхдөө болгох гэж хууль өгсөн (Ис. 48:17, 18). Ехова израильчуудад: «Хэрэв та нар Миний дуу хоолойг дуулгавартай дагаж, Миний гэрээг сахивал та нар бүх ард түмний дундах Миний эзэмшил болно. Учир нь бүх дэлхий Минийх» гэж хэлжээ (Ег. 19:5, 6). Тэгэхлээр, израильчууд Бурхны хуулийг дуулгавартай биелүүлж байсан цагт л ард түмэн нь байх байв.
8. Израильчууд Бурханд дуулгавартай байсан бол ямар завшаан эдлэх байсан бэ?
8 Израильчуудад ямар онцгой завшаан олдоод байсныг бодож үзье. Ехова тэднийг дуулгавартай байвал тариалангийн болон усан үзмийн талбай, мал сүргийг нь ивээж, бас дайснуудаас нь хамгаалахаа амлажээ (Хаадын дээд 10:23–27-г уншина уу). Тэд бусад улс үндэстний мэдэлд орохгүй, тухайлбал, Есүсийг дэлхийд амьдарч байх үед ч Ромын захиргаанд орохгүй байх байлаа. Ехова израиль үндэстнийг бусад үндэстэнд жишээ байгаасай гэж хүсэж байв. Өөрөөр хэлбэл, жинхэнэ Бурханд дуулгавартай байвал их ивээл хүртдэгийг тэдний жишээгээр бусдад ойлгуулахыг хүсэж байсан.
9, 10. а) Израильчууд Египет рүү буцахыг хүссэн нь яагаад буруу байсан бэ? б) Египет рүү буцсан бол Еховаг хүссэн ёсоор нь, эрх чөлөөтэй шүтэж чадах байсан уу?
9 Түүнчлэн, Еховаг санаа зорилгоо биелүүлэхэд нь хувь нэмэр оруулах хосгүй боломж израильчуудад олдсон. Ехова израильчуудыг ивээх төдийгүй тэднээр дамжуулан дэлхийн бүх үндэстнийг ивээх байв (Эх. 22:18). Гэвч тэдний ихэнх нь Бурхны ард түмэн байх гэж юу болохыг бусад үндэстэнд харуулах завшаанаа чухалд үзээгүй. Тэр байтугай, Египет рүү буцаж явахыг хүсдэг байсан! (Тооллого 14:2–4-ийг уншина уу). Хэрэв тэд Египет рүү буцсан бол Еховаг хүсэл таалалд нь нийцүүлэн шүтэж, Бурхны ард түмэн байхын утга учрыг бусад үндэстэнд харуулах аргагүй болох байлаа. Урьдынх шигээ Египетийн боол болбол Бурхнаа эрх чөлөөтэй шүтэж, нүглээ уучлуулах боломжгүй болох байв. Ийм байтал Египет рүү буцахыг хүсэж байсан нь Бурхан болон Бурхны санаа зорилгыг умартаж, хар амиа бодсон хэрэг байв. Тийм ч учраас Ехова: «Би энэ үеийнхэнд уурлаж, „Тэд зүрхэндээ үргэлж төөрөлддөг. Тэд Миний замыг мэдсэнгүй“ гэж айлдав. „Тэд Миний амралтад орохгүй“ гэж Би хилэгнэн андгайлав» гэж хэлжээ (Евр. 3:10, 11; Дуу. 95:10, 11).
10 Израильчууд Египет рүү буцахыг хүсдэг байсан нь Еховагийн ивээлийг үнэлдэггүй байсны шинж юм. Үнэндээ бол, тэд Египетийн нутагт идэж дассан хоол хүнсээ санаж байжээ (Тоол. 11:5). Тэд ууган хүү байх эрхээ үнэлэлгүй, таваг хоолноос худалдсан Есавтай адил байв (Эх. 25:30–32; Евр. 12:16).
11. Египетээс чөлөөлөгдсөн израильчууд итгэлгүй байсан ч Ехова санаа зорилгоо өөрчилсөн үү?
11 Египетээс чөлөөлөгдсөн израильчууд Еховад итгэлгүй байсан боловч Ехова тэр үндэстний талаарх санаа зорилгоо өөрчлөөгүй. Тэдний үр хүүхэд Еховад эцэг эхээсээ илүү дуулгавартай байв. Тэд Амласан газар орж, эзлэн ав хэмээсэн Еховагийн тушаалыг биелүүлсэн. Иошуа 24:31-д: «Израиль Иошуагийн амьдралын бүх өдрүүдэд болон Иошуагаас хойш амьд байсан ба Израильд ЭЗЭНий хийсэн бүх хэргийг мэдэж байсан настангуудын амьдралын бүх өдрүүдэд ЭЗЭНд үйлчлэв» гэж бичсэн байдаг.
12. Өнөөгийн христианууд ч Бурхны амралтад орох боломжтой гэхийн учир юу вэ?
12 Гэвч дуулгавартай тэр хүмүүс хожим нь өтөлж хөгшрөн, нас барсан. Тэдний дараа «ЭЗЭНийг ч мэдэхгүй, Израилийн төлөө үйлдсэн Түүний үйлсийг ч мэдэхгүй» өөр үеийнхэн гарч ирсэн. Тэгээд тэд «ЭЗЭНий мэлмийн өмнө мууг үйлдэж», хуурамч бурхдад үйлчилдэг болов (Шүү. 2:10, 11). Тэд дуулгаваргүй байсан учир Бурхантай тогтоосон энхийн харьцаа нь тасарсан. Тэдний талаар Паул: «Хэрэв Иошуа амралтыг тэдэнд өгсөн бол түүний дараа Тэр [Бурхан] өөр өдрийн тухай айлдахгүй байх байсан. Тэгэхлээр Бурханы хүмүүст Амралтын өдрийн амралт үлддэг» гэж бичжээ (Евр. 4:8, 9). Үүнийг үзвэл, израильчууд Амласан газар байхдаа Бурхны амралтад орж чадаагүй нь тодорхой байна. Харин «Бурхны хүмүүс» гэдгээр Паул христиануудыг хэлсэн. Христианууд гэдэгт христиан болохоосоо өмнө Мосегийн хуулийг сахидаг байсан хүмүүс ч, огт сахидаггүй байсан хүмүүс ч ордог. Тэгэхлээр, өнөөгийн христианууд ч Бурхны амралтад орж болох аж.
Бурхны амралтад ороогүй христианууд
13, 14. а) Мосегийн үеийн израильчууд Бурхны амралт руу орохын тулд яах ёстой байсан бэ? б) Паулын үед, Бурхны амралт руу орохын тулд христиан хүн яах ёстой байсан бэ?
13 Бурхны санаа зорилгод харшлах юм хийдэг хүн христиан болсон еврейчүүдийн дунд мэр сэр байсан учир Паул тэднийг сэрэмжлүүлсэн (Еврей 4:1-ийг уншина уу). Тэд яадаг байсан юм бол? Мосегийн хуулийн зарим тушаалыг сахисан хэвээр байв. Израильчууд Бурхны тааллыг олохын тулд Мосегийн хуулийг бараг 1 500 жил мөрдөж байсан нь үнэн. Гэхдээ Есүсийг үхэхэд Мосегийн хууль хүчингүй болсон. Гэтэл зарим христиан үүнийг ойлголгүй, тэр хуулийн зарим зүйлийг сахих хэрэгтэй гэж бодсоор байв. *
14 Паул Есүсийг төгс бус ямар ч тэргүүн тахилчаас илүү гэдгийг нь, шинэ гэрээг израильчуудтай байгуулсан гэрээнээс илүү давуу болохыг, бас Еховагийн агуу сүмийг «гараар хийгдсэн» сүмээс «илүү агуу бөгөөд илүү төгс» хэмээн еврей христиануудад тайлбарласан (Евр. 7:26–28; 8:7–10; 9:11, 12). Паул христиан хүн Еховагийн амралтын өдөрт хэрхэн орж болохыг ойлгуулахын тулд Мосегийн хуулийн Амралтын өдрийн талаарх заалтыг жишээ болгон татжээ. Тэрбээр: «Бурханы хүмүүст Амралтын өдрийн амралт үлддэг. Учир нь Бурхан Өөрийн ажлуудаас амарсны адил Түүний амралт уруу орсон хүн өөрийн ажлуудаас амарсан юм» гэжээ (Евр. 4:8–10). Хүн «өөрийн ажил» буюу Мосегийн хуулийг сахидгийнхаа ачаар Бурхны сайшаалыг хүртдэг гэсэн ойлголтоо еврей христианууд засах учиртай байв. Учир нь Ехова МЭ 33 оны Пентекостын өдрөөс хойш, Есүс Христэд итгэдгээ батлан харуулдаг хүмүүст сайшаалаа бэлэг болгон хүртээдэг болсон байв.
15. Еховагийн амралт руу оръё гэвэл дуулгавартай байх хэрэгтэйг юу харуулдаг вэ?
15 Мосегийн үеийн израильчууд Амласан газар яагаад орж чадаагүй вэ? Еховад дуулгаваргүй байсан. Тэгвэл Паулын үеийн зарим христиан Бурхны амралт руу орж чадаагүйн учир юу вэ? Бас л дуулгаваргүй байсных. Тэд Мосегийн хууль үүргээ биелүүлж хүчингүй болсныг, Ехова ард түмнээ өөр зүг залж байгааг ухаарч чадаагүй.
Өнөө үед Бурхны амралт руу орох нь
16, 17. а) Христиан хүн Бурхны амралт руу орохын тулд яах хэрэгтэй вэ? б) Дараагийн өгүүллээр юуны тухай үзэх вэ?
16 Аврагдахын тулд Мосегийн хуулийг сахих хэрэгтэй гэж үздэг хүн өнөөдөр христиануудын дунд байхгүй. Паул Ефесийн христиануудад: «Нигүүлслээр та нар итгэлээрээ аврагдсан юм. Энэ нь та нараас биш, харин Бурханы бэлэг бөгөөд үйлсээр биш аж» гэж бичсэнийг бид сайн ойлгодог (Еф. 2:8, 9). Тэгвэл өнөө үед христиан хүн Бурхны амралт руу орохын тулд яах ёстой вэ? Ехова амралтын өдрөө дэлхий болон дуулгавартай хүмүүсийн талаарх санаа зорилгоо бүрэн биелүүлэх үе болгосныг бид дээр ярилцсан. Ехова байгууллагаараа дамжуулан бидэнд санаа зорилгоо ч, хүсэл шаардлагаа ч мэдэгддэг. Хэрэв бид Еховад дуулгавартай байж, байгууллагатай нь хамтран ажилладаг бол амралт руу нь орно.
17 Харин итгэмжит, ухаалаг боолд дуулгаваргүй байх юм уу, өөрийнхөө чухал гэж үздэг зүйлийг л эн тэргүүнд тавьдаг бол Еховагийн санаа зорилгод харшлах юм хийдэг гэсэн үг. Тийм хүн Бурхантай дотнын харьцаатай байж чадахгүй. Дуулгавартай байдаг эсэхийг маань харуулах ямар ямар нөхцөл тулгарч болохыг дараагийн өгүүллээр үзье. Тийм нөхцөлд ямар шийдвэр гаргадаг маань Бурхны амралт руу орсон эсэхийг маань харуулна.
[Зүүлт]
^ Левичүүд болон тахилчид Амралтын өдөр сүмд ажилладаг байсан ч «гэм зэмгүй» буюу Мосегийн хуулийг зөрчсөнд тооцогддоггүй байв. Бурхан Есүсийг христиануудын Тэргүүн тахилчаар томилсон учир Бурхны даалгасан ажлыг Есүс Амралтын өдөр хийсэн нь буруу биш байв (Мат. 12:5, 6).
^ МЭ 33 оны Пентекостын өдрөөс хойш еврей христианууд Эвлэрүүллийн өдрөөр тахил өргөдөг байсан эсэх нь тодорхойгүй. Хэрэв тэд тахил өргөдөг байсан бол Есүсийн амиа золиос болгон өгснийг нь хүндэтгэдэггүй байсан болж таарна. Гэхдээ л зарим еврей христиан Мосегийн хуулийн зарим заалтыг сахисан хэвээр байсныг Паул тэмдэглэсэн нь бий (Гал. 4:9–11).
Эргэцүүлэн бодоорой
• Ехова долоо дахь өдөр яахаар болсон бэ?
• Долоо дахь өдөр одоо ч үргэлжилж байгаа гэхийн учир юу вэ?
• Мосегийн үеийн израильчууд, Паулын үеийн зарим христиан яагаад Бурхны амралт руу орж чадаагүй вэ?
• Бид яавал Бурхны амралт руу орох вэ?
[Догол мөрийн асуулт]
[27-р хуудасны товчлол]
Хэрэв бид Еховад дуулгавартай байж, байгууллагатай нь хамтран ажилладаг бол амралт руу нь орно
[26, 27-р хуудасны зураг]
Өнөө үед Бурхны ард түмэн Бурхны амралт руу орохын тулд яах хэрэгтэй вэ?