Skip to content

Гарчиг руу орох

Та Бурхны амралт руу орсон уу?

Та Бурхны амралт руу орсон уу?

Та Бурхны амралт руу орсон уу?

«Бурханы үг амьд бөгөөд идэвхтэй» (ЕВР. 4:12).

1. Бурхны амралт руу оръё гэвэл яах хэрэгтэй вэ? Дуулгавартай байх нь ямар учраас хэцүү байдаг вэ?

 БУРХАНД дуулгавартай байж байгууллагатай нь хамтран ажиллавал Бурхны амралт руу орно гэдгийг бид өмнөх өгүүллээр ярилцсан. Еховагийн санаа зорилго биелээсэй гэж хүсдэгээ харуулах арга бол дуулгавартай байх явдал юм. Гэхдээ дуулгавартай байх тэр бүр амар байдаггүй. Жишээ нь, бидэнд сайхан санагддаг зүйлийг Ехова таашаадаггүй бөгөөд биднийг тийм юм хийхээ болиосой гэж хүсдэгийг нь мэдсэн даруйдаа үзэл бодлоо өөрчлөх амаргүй. Хэрэв ийм юм тохиолдвол дуртайяа «дуулгавартай» байж сурах хэрэгтэй (Иак. 3:17, ШГ). Бурханд цаг ямагт дуулгавартай байхыг хүсдэгээ батлан харуулах боломж ямар нөхцөлд гардгийг энэ өгүүллээр ярилцъя.

2, 3. Еховад таалагдахын тулд яах ёстой вэ?

2 Библи уншиж судлах явцад амьдралаа өөрчлөх хэрэгтэйгээ ухаарах үе байдаг. Тийм үед та Еховад хэр зэрэг дуулгавартай байдаг вэ? Ехова «бүх үндэстнээс үнэтэй» хүмүүсийг байгууллагадаа нэгтгэхийг хүсдэг гэж Библид байдаг шүү дээ (Хаг. 2:7, ШЕ). Өөрөөр хэлбэл, Бурхан «үнэтэй» буюу зөвийг хайрладаг хүмүүсийг сонгодог. Бид Библи судлахаасаа өмнө буруу юм хийж явсан нь үнэн. Гэхдээ Бурхан болон Бурхны Хүүг хайрлаж, Бурханд таалагдахыг хүсдэг болсон учир үзэл бодол, үйл хэргээ засахад бэлэн байсан. Бид Еховад залбиран тусламж гуйж, өөрийгөө өөрчлөх гэж бүх хүчээ дайчилж байсан. Тэгээд баптисм хүртэж, Еховагийн тааллыг хүлээдэг болсон (Колоссай 1:9, 10-ыг уншина уу).

3 Гэхдээ төгс бус бидэнд одоо ч амьдралаа өөрчлөх, зөвийг үйлдэхийн тулд хүчин чармайлт гаргах шаардлага гардаг. Өөрт нь таалагдахын тулд чадах бүхнээ хийдэг бол Ехова тусална гэж амладаг.

Амьдралаа өөрчлөх шаардлагатай үед

4. Өөрчлөгдөх хэрэгтэйг маань Ехова ямар гурван аргаар ойлгуулдаг вэ?

4 Юуны түрүүнд амьдралдаа яг юуг өөрчлөх ёстойгоо мэдэх хэрэгтэй. Ехова бидэнд хэд хэдэн аргаар тусалдаг. Цуглааны илтгэл, хэвлэлд гардаг өгүүллээр юуг ташаа бодож, буруу хийдгийг маань хэлж өгдөг. Гэхдээ бид илтгэл сонсохдоо, хэвлэл уншихдаа дутагдлаа олж харахгүй байж болох юм. Тийм нөхцөлд Ехова хурлын маань итгэл нэгтнүүдээр биднийг засаж залруулдаг (Галат 6:1-ийг уншина уу).

5. Бусдыг зөвлөгөө өгөхөд бид заримдаа яадаг вэ? Христиан ахлагчид бидэнд үргэлж туслахыг хичээдэг нь ямар учиртай вэ?

5 Төгс бус хүнийг зөвлөгөө өгөхдөө хэчнээн эелдэг байсан ч үгийг нь хүлээж авахад хэцүү байж болох юм. Гэхдээ Галат 6:1-д бичсэнээр, Ехова биднийг «дөлгөөн байдлын сүнс дотор» «засахыг» ахлагчдад тушаасан байдаг. Тэдний зөвлөгөөг хүлээн авбал бид Еховагийн хувьд улам «үнэтэй» болно. Уг нь, бид Еховад залбирахдаа төгс бусаа хэлж, алдаа дутагдал гаргадгаа хүлээн зөвшөөрдөг. Харин христиан ахлагчаас алдаа дутагдлынхаа талаар сонсохлоороо өөрийгөө өмөөрч шалтаг тоочих, зөвлөгөө өгсөн ахлагчийг сүржигнэлээ, эсвэл надад дургүй юм байна гэх юм уу зөвлөгөө өгөхдөө зөв харьцаагүй гэх мэтээр бодож болох юм (Х.дэд 5:11). Эсвэл ахлагчид гэрийнхний маань хэн нэгнийг буруу юм хийдэг гэх юм уу биднийг зохисгүй хувцасладаг гэж хэлэхэд эсвэл ариун цэвэр чанд сахихыг, амралт чөлөөт цагаараа Еховад таалагддаггүй юм хийхээ болихыг зөвлөхөд хувийн хэрэгт оролцлоо гэж уур хүрч ч мэднэ. Тэгээд уурлаж цухалдсандаа ярих ёсгүй юм ярьж магадгүй. Үүнээс болоод өөрөө шаналж, бас сайхан сэтгэлээр зөвлөгөө өгсөн хүнийг ч шаналгах аюултай. Гэвч тайвширсан хойноо, бидний л төлөө тэгж хэлснийг нь ойлгодог.

6. Бурхны үг «зүрхний бодол хийгээд санааг» яаж «шүүдэг» вэ?

6 Энэ өгүүллийн гол зүйлд Бурхны үгийг «идэвхтэй» гэсэн байдаг. Энэ нь Бурхны Үг буюу Библи хүнд нөлөөлж, амьдралаа өөрчлөхөд нь түлхэц болдог гэсэн үг. Бид Библийн тусламжтайгаар баптисм хүртэхээсээ өмнө өөрсдийгөө өөрчилж чадсан. Тэгэхлээр, баптисм хүртсэнийхээ дараа ч Библийн тусламжтайгаар амьдралаа өөрчилж чадна. Элч Паул еврей христиануудад бичсэн захидалдаа Бурхны үгийг «сэтгэл хийгээд сүнс[энд] ... нэвтрэн ордог бөгөөд зүрхний бодол хийгээд санааг ч шүүх чадвартай» хэмээжээ (Евр. 4:12). Энэ зүйлд «сэтгэл» гэж орчуулсан үг нь психе гэдэг грек үг ажээ. Энэ үг хүн, амьтан, амь гэсэн гурван утга илэрхийлдэг. Үүнээс үзвэл, «сэтгэл» гэдгээр бид хүнийхээ хувьд бусдад ямар харагддагийг буюу гаднах хүнийг маань хэлдэг байна. Харин «сүнс» гэж орчуулсан грек үг нь пневма гэдэг үг юм. Энэ үг олон утгатай. Жишээ нь, давамгайлах хандлага гэсэн утга илэрхийлдэг. Тэгэхлээр, «сүнс» гэдгээр хүнд ил харагддаггүй, бидний дотоод хандлага буюу дотор хүнийг хэлсэн байна. Одоо Паулын хэлсэн үгийн утга тодорхой боллоо. Хүн Бурхны хүсэл тааллыг Библиэс мэдээд, хүсэл таалалд нь хэрхэн хандаж байгаагаараа дотор хүнээ илчилдэг. Тэгвэл бидний дотор хүн гаднах хүн хоёр зөрчилдөх үе байдаг уу? (Матай 23:27, 28-ыг уншина уу). Дараах нөхцөлд та ямар шийдвэр гаргахаа бодож үзээрэй.

Еховагийн байгууллагатай хөл нийлүүлэн алхагтун

7, 8. а) Еврей христиануудын зарим нь Мосегийн хуулийн зарим заалтыг сахиж байсан нь ямар учиртай вэ? б) Тэднийг Еховагийн санаа зорилгод харшлах юм хийж байсан гэхийн учир юу вэ?

7 Сургаалт үгс 4:18-д: «Шударга зөв хүмүүсийн жим болбоос үүрийн гэгээ мэт агаад, тэр нь өдрийг авчрах хүртэл улам тод гэрэлтсээр байх болно» гэж байдгийг бид сайн мэддэг. Энэ нь цагийн аясаар Еховагийн санаа зорилгын талаарх ойлголт маань гүнзгийрч, биеэ авч явах байдал маань ч сайжирна гэсэн үг юм.

8 Христиан болсон еврей хүмүүс Есүсийг үхсэнээс хойш ч Мосегийн хуулийг сахихыг хүсэж байсныг бид өмнөх өгүүллээр ярилцсан (Үйлс 21:20). Мосегийн хуулийг сахих шаардлагагүй болсныг Паул тодорхой тайлбарлаж байсан ч зарим хүн үүнийг нь хүлээн зөвшөөрөхгүй байлаа (Кол. 2:13–15). Тэд Мосегийн хуулийн зарим заалтыг сахивал иудейн шашин шүтдэг хүмүүст хавчигдахгүй байх гэж бодсон бололтой. Гэхдээ Бурхны санаа зорилгод харшлах юм хийдэг хүн Бурхны амралт руу орохгүй гэдгийг Паул тэдэнд илэн далангүй хэлсэн * (Евр. 4:1, 2, 6; Еврей 4:11-ийг уншина уу). Тэд Еховаг ард түмнээ өөр зүг залж байгааг нь хүлээн зөвшөөрч байж л сайшаалыг нь олох байв.

9. Библийн сургаалын талаарх шинэ ойлголтыг бид хэрхэн үзэх нь зүйтэй вэ?

9 Орчин үед бид итгэмжит ухаалаг боолын тусламжтайгаар Библийн зарим сургаалын талаар шинэ ойлголттой болж байгаа. Ийм өөрчлөлт гардаг нь Ехова үнэнийг заахдаа итгэмжит ухаалаг боолыг ашигладгийн баталгаа бөгөөд үүнд бид баярлах учиртай. Итгэмжит ухаалаг боолыг төлөөлдөг Удирдах Зөвлөл ямар нэг сургаалын тайлбарыг тодруулах юм уу засах шаардлагатайг ойлговол хойш суулгүй арга хэмжээ авдаг. Тодрууллаа, заслаа гэж зарим хүн муу хэлэх вий гэж айдаггүй нь Бурхныг санаа зорилгоо илчлэхийнх нь хэрээр түүнд нийцүүлэхийг бүхнээс чухалд үздэгийнх юм. Библийн сургаалын талаар шинэ ойлголт гарахад та яаж хүлээн авдаг вэ? (Лук 5:39-ийг уншина уу).

10, 11. Шинэ аргаар дэлгэрүүлэхээр болоход Библи Судлаачдын зарим нь яасан бэ? Эндээс бид юунд суралцаж болох вэ?

10 Зуу орчим жилийн өмнөх өөр нэг явдлыг жишээ болгон ярилцъя. Библи Судлаачдын дунд чадварлаг илтгэгчид олон байсан бөгөөд тэд илтгэл тавихыг дэлгэрүүлэх хамгийн сайн арга гэж бодож байжээ. Тэд олны өмнө ярих дуртай, илтгэл тавьсныхаа төлөө магтуулах дуртай байв. Хожим нь Еховагийн ард түмэн илтгэл тавихаас илүүг хийх хэрэгтэйг, тодруулбал, айлаар болон өөр бусад аргаар дэлгэрүүлэх хэрэгтэйг ойлгосон. Гэтэл авьяаслаг илтгэгчдийн зарим нь дэлгэрүүлэхийг хүсээгүй. Уг нь, тэд гаднаа Еховад үнэхээр хайртай, дуулгавартай мэт байсан боловч дотроо өөр байсныг үйл хэрэг нь илчилсэн. Ехова тэднийг сайшаагаагүй юм. Тэд Еховагийн байгууллагыг орхисон (Мат. 10:1–6; Үйлс 5:42; 20:20).

11 Үнэндээ, айлаар дэлгэрүүлэх бусдад нь ч амар хялбар байгаагүй юм. Тэд эхэндээ халширч байсан ч Еховад болон байгууллагад нь дуулгавартай, үнэнч байв. Яваандаа айлаар дэлгэрүүлэхийг хэцүү гэж үзэхээ больсон. Ехова ч тэднийг арвин ихээр ивээсэн. Итгэмжит ухаалаг боол дэлгэрүүлэх ажилд шинэ арга хэрэглэхийг зөвлөхөд та яадаг вэ? Шинэ арга хэрэглэхэд хэцүү юм шиг санагдсан ч дуулгавартай байдаг уу?

Дотны хүн маань Еховаг орхиход

12, 13. а) Ехова «хилэнцэт» хүнтэй холбогдож болохгүй гэж тушаасан нь ямар учиртай вэ? б) Христиан эцэг эхчүүдэд ямар сорилт тулгарч болох вэ?

12 Еховад таалагдъя гэвэл бүх талаар цэвэр байх ёстой гэсэн тушаалыг нь дуулгавартай дагах шаардлагатайг бид ухамсарладаг (Тит 2:14-ийг уншина уу). Гэхдээ энэ тушаалыг сахихад амаргүй үе байдаг. Үнэнч христиан айлын ганц хүү нь үнэнийг орхижээ гэж бодъё. Тэрбээр «нүглийн цаг зуурын жаргалыг» Еховатай тогтоосон харьцаанаасаа дээгүүр тавьж, эцэг эхээсээ илүүд үзжээ. Үүнийхээ улмаас хурлаас хасагджээ (Евр. 11:25).

13 Эцэг эх нь ямар их шаналах бол оо! Тэд Библид: «Хэрэв ах дүү гэж нэрлэгддэг нэг чинь садар самуун, эсвэл шунахай, эсвэл шүтээн шүтэгч, эсвэл хараалч, эсвэл архичин, эсвэл дээрэмчин бол тийм хүнтэй холбогдож болохгүй. Тийм хүнтэй хамт хооллож ч болохгүй», «хилэнцэт хүнийг өөрсдийнхөө дундаас зайлуул» гэж байдгийг мэддэг байж таарна (1 Кор. 5:11, 13). Бас «нэг чинь» гэдгээр нэг дор хамт амьдардаггүй гэр бүлийн гишүүнийг хэлж болохыг ч ойлгодог. Гэхдээ хүүгээ гэсэн сэтгэлдээ дийлдэн, «Хүүтэйгээ аль болох харьцаа холбоотой байхгүй бол Ехова руу буцаж ирэхэд нь тусалж чадахгүй» гэж бодож болох юм. *

14, 15. Эцэг эхчүүд хурлаас хасагдсан хүүхэдтэйгээ харьцах эсэхээ шийдэхдээ юу санах ёстой вэ?

14 Сэтгэлийн зовлон эдэлж байгаа эцэг эхийг хараад бид ч гэсэн шаналдаг. Уг нь, тэр хүү эцэг эх болон итгэл нэгтнүүдээсээ харьцаагаа таслахгүй байж болох байсан ч буруу замаар явахаар шийджээ. Хүүдээ туслахыг хэчнээн хүссэн ч өмнөөс нь шийдвэр гаргах аргагүй тул эцэг эх нь тэгж их шаналдаг нь ойлгомжтой.

15 Одоо энэ эцэг эх яах бол? Еховагийн өгсөн тодорхой тушаалыг дагах болов уу? Зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай гэр бүлийн асуудлаар хүүтэйгээ харьцах хэрэг хааяа гарах нь мэдээж. Гэхдээ хүүтэйгээ аль болох харьцаа холбоотой байх гэж олон янзын шалтаг хайх болов уу? Тэд энэ асуудлаар шийдвэр гаргахдаа Еховагийн хүсэл таалал юу болохыг бодох ёстой. Бурхан ард түмнээ цэвэр ариун байлгахыг хүсдэг. Тиймээс Ехова хурлаас «хилэнцэт хүнийг ... зайлуул» гэж тушаасан. Бас буруу юм хийсэн хүнийг гэмшиж, хуралдаа буцаж ирэхэд нь туслахыг хүсдэг. Тэгвэл христиан эцэг эхчүүд Еховагийнхтай адил үзэл бодолтойгоо хэрхэн харуулж болох вэ?

16, 17. Ааронд тохиолдсон явдал бидэнд ямар сургамжтай вэ?

16 Мосегийн ах Аарон хоёр хүүгээсээ болж ямар их зовсныг санацгаая. Түүний хүү Надаб, Абиху хоёрыг ёс бус тахил өргөхөд нь Ехова тэнгэрээс гал буулгаж, тэднийг устгасан. Аарон ямар их шаналсан бол оо! Урьдынх шигээ тэдэнтэйгээ ярьж хөөрөх аргагүй болов. Гэтэл биелүүлэхэд бүр ч амаргүй нэг заавар Ехова өгчээ. Ехова Аарон болон түүний гэрийнхнийг гашуудаж байгаагаа бүү харуулаасай гэж хүсэж байсан учир түүнд: «Толгойгоо бүү ил гарга, хувцсаа бүү урагтун. Ингэснээр та нар үхэхгүй бөгөөд бүх цуглааны эсрэг Түүнийг хилэгнүүлэхгүй байх юм» гэж Мосегоор хэлүүлдэг (Лев. 10:1–6). Энэ явдлаас ямар дүгнэлт хийж болох вэ? Бид Еховаг, үнэнийг орхисон гэр бүлийн гишүүдээсээ илүү ихээр хайрлах ёстой.

17 Өнөөдөр Ехова хуулийг нь зөрчсөн хүмүүсийг тэр даруйд нь устгадаггүй. Тэрбээр тийм хүмүүсийг хайрлаж, тэдэнд гэмших боломж олгодог. Гэтэл эцэг эхчүүд, хурлаас хасагдсан хүүхэдтэйгээ аль болох харьцаа холбоотой байх гэж элдэв шалтаг хайн, тушаалыг нь зөрчдөг бол Еховад ямар санагдах вэ?

18, 19. Хурлаас хасагдсан хүний гэр бүлийнхэн Еховад үнэнч байвал ямар ивээл хүртэж болох вэ?

18 Хурлаас хасагдаад буцаж ирсэн олон хүн өөрсөдтэй нь харьцалгүй Еховад үргэлж үнэнч байсан гэр бүлийнхэн болон найз нөхдийнхөө ачаар эргэж ирснээ хэлсэн байдаг. Жишээ нь, Еховад үнэнч ах нь амьдралаа өөрчлөхөд нь тодорхой хэмжээгээр түлхэц болсныг нэг бүсгүй ярьжээ. Түүнийг хурлаас хасагдчихаад байхад ах нь Библийн зарчмыг чанд баримталж байсан нь хуралд буцаж ирэх хүсэл төрүүлжээ.

19 Тэгвэл бид яах хэрэгтэй вэ? Амьдралынхаа бүх хүрээнд Еховад дуулгавартай байх ёстой. Үргэлж дуулгавартай байна гэдэг төгс бус бидэнд амаргүй нь үнэн. Гэхдээ Еховагийн тушаал заавар ямагт бидний сайн сайхны төлөө байдаг гэдэгт бат итгэх ёстой.

«Бурхны үг амьд»

20. Еврей 4:12-ыг ямар хоёр утгаар ойлгож болох вэ?

20 Паул «Бурханы үг амьд» гэж бичихдээ Бурхны үг гэдгээр Библийг хэлээгүй юм. * Хам сэдвээс нь үзвэл тэрбээр Бурхны амлалтын тухай бичсэн нь харагддаг. Өөрөөр хэлбэл, Бурхны амлалт заавал биелдгийг онцолсон байдаг. Ехова: «Миний амнаас гарсан Миний үг хүслийг минь гүйцэтгэхгүйгээр, илгээсэн зорилгыг минь хэрэгжүүлэхгүйгээр Над уруу хоосон буцаж ирэхгүй» гэж хэлсэн (Ис. 55:11). Тиймээс Еховаг амлалтаа биелүүлэхгүй удаад байгаа юм шиг санагдсан ч тэвчээртэй хүлээх ёстой. Ехова санаа зорилгоо бүрэн биелүүлэхийн тулд ажиллаж байгаа (Иох. 5:17).

21. Настай итгэл нэгтнүүдийг маань Еховад тасралтгүй үйлчлэхэд нь Еврей 4:12 хэрхэн зоригжуулдаг вэ?

21 Еховад олон жил үйлчилж байгаа хүн «үй олон хүний» дунд цөөнгүй бий (Илч. 7:9). Тэд өнөөгийн ёс бус ертөнцөд өтөлж хөгширнө гэж бодож байгаагүй биз ээ. Гэхдээ одоо ч Еховагийн төлөө чадах бүхнээ хийсээр байдаг (Дуу. 92:14). Тэд «Бурханы үг амьд» буюу амлалт нь биелнэ гэдгийг, Еховаг дэлхий болон хүн төрөлхтний талаарх санаа зорилгоо биелүүлэхийн төлөө ажилласаар байгааг мэддэг. Бурхан санаа зорилгоо чухалд үздэг учир биднийг бас ингэж боддогоо харуулахад баярладаг. Еховаг долоо дахь өдрөө санаа зорилгоо биелүүлэхэд нь юу ч саад болж чадахгүй. Санаа зорилгоо биелүүлэхэд нь ард түмэн нь нийтээрээ хувь нэмэр оруулна гэдэгт Бурхан итгэлтэй байдаг. Таны тухайд юу хэлж болох вэ? Та хувьдаа Бурхны Амралт руу орсон уу?

[Зүүлт]

^ Иудейн шашны олон удирдагч Мосегийн хуулиас үг үсэг гээлгүй сахин биелүүлэхийг хичээж байсан ч Есүсийг дэлхийд ирэхэд нь Мессиа хэмээн хүлээн зөвшөөрөөгүй юм. Ийнхүү тэд Бурхны хүсэл таалалд харшлах зүйл хийсэн.

^ «Бурхны хайран дотор өөрсдийгөө сахь» номын 207–209-р хуудсыг үзнэ үү.

^ Өнөөдөр Бурхан өөрийн Үг буюу Библиэр дамжуулан бидэнтэй ярьдаг. Библи бидний амьдралыг өөрчлөх хүчтэй. Тиймээс Еврей 4:12-ыг өргөн хүрээнд Библид ч хамаатай гэж үзэж болно.

Санаж байна уу?

• Бурхны амралт руу орохын тулд бид яах хэрэгтэй вэ?

• Бурхны хүсэл тааллыг ойлгодог хүн Бурханд таалагдахыг хүсдэгээ юугаар харуулж болох вэ?

• Ямар ямар тохиолдолд Еховагийн тушаалыг биелүүлэхэд амаргүй байж болох вэ? Гэхдээ дуулгавартай байх нь яагаад чухал бэ?

Еврей 4:12-ыг ямар хоёр утгаар ойлгож болох вэ?

[Догол мөрийн асуулт]

[31-р хуудасны зураг]

Эцэг эх нь ямар их шаналах бол оо!