Skip to content

Гарчиг руу орох

Та Еховагийн удирдлагыг дагах уу?

Та Еховагийн удирдлагыг дагах уу?

Та Еховагийн удирдлагыг дагах уу?

«Би аливаа худал хуурмаг явдлыг үзэн яддаг юм» (ДУУ. 119:128).

1, 2. а) Найз тань юунаас сэрэмжлүүлбэл та баярлах вэ? б) Ехова биднийг юунаас сэрэмжлүүлдэг вэ? Яагаад?

 ТА нэг газар луу явахаар болжээ. Гэвч зам сайн мэдэхгүй учир тусламж авах хэрэгтэй болов. Нэг найз тань тэр газар яаж хүрэхийг мэддэг аж. Та найздаа итгэдэг учир түүнээс асууж лавлана. Найз тань заавар өгөхийн зэрэгцээ замд тулгардаг аюулаас сэрэмжлүүлжээ. Тэр зам дээр нэг ойлгомжгүй тэмдэг байдаг бөгөөд олон хүн тэр тэмдгээс болж төөрч будилдаг гэнэ. Аюулаас сэрэмжлүүлсэнд нь та баярлаж, анхааралдаа авах нь лавтай. Зүйрлэн хэлбэл, бид ч гэсэн мөнх аминд хүрэх гэж замд гарсан хүмүүс билээ. Ехова бидний найз бөгөөд мөнх аминд хүрэхэд хэрэгтэй заавар өгдөг. Бас биднийг замаас маань хазайлгах аюултай зүйлээс сэрэмжлүүлдэг (Д.хууль 5:32; Ис. 30:21).

2 Бидэнд учирч болох зарим аюулын талаар энэ болон дараагийн өгүүллээр үзье. Ехова Бурхан биднийг аюулаас сэрэмжлүүлдэг нь биднийг хайрлаж, мөнх амьдруулахыг хүсдэгийнх юм. Хүмүүсийг ухаалаг бус шийдвэр гаргаж, өөрт нь үйлчлэхээ болиход Бурхан шаналдаг (Езе. 33:11). Энэ өгүүллээр нэгдүгээрт, бусдын нөлөөнд автах, хоёрдугаарт, өөртөө дийлдэх, гуравдугаарт, «дэмий юмыг» дагах нь ямар аюултайг авч үзье. Эдгээр нь чухам юу гэсэн үг болох, ийм аюулаас зайлсхийхэд Ехова хэрхэн тусалдгийг мэдэх хэрэгтэй. Нэгэн дуулалч: «Би аливаа худал хуурмаг явдлыг үзэн яддаг юм» гэжээ (Дуу. 119:128). Тэрбээр өөрийг нь Еховад дуулгаваргүй болгох аюултай бүх зүйлийг үзэн яддаг байжээ. Та бас тэгдэг үү? Худал хуурмаг бүхнээс зайлсхийдэг байхын тулд яах хэрэгтэйг мэдэж авъя.

«Олныг дагахын» аюул

3. а) Аль зүг эргэхээ мэдэхгүй боллоо гэхэд олныг дагах нь яагаад аюултай вэ? б) Египетээс гарсан нь 23:2-т ямар чухал зарчим байдаг вэ?

3 Та холын замд явж байгаад аль зүг эргэхээ мэдэхгүй боллоо гэж бодъё. Тэгтэл олон хүн нэг зүг явж байв. Тэднийг шууд дагаад явчихаж болно л доо. Гэхдээ олон хүний явдаг замыг л зөв гэж бодох аюултай. Тэр хүмүүс өөр зүг явж байгаа ч юм бил үү. Эсвэл төөрчихсөн байвал яана! Энэ жишээ нь Еховагийн израильчуудад өгсөн хуулийн нэг зарчмыг ойлгоход тус болно. Ехова олныг дагах, бас хүмүүст таалагдах гэсэндээ шударга бус шийдвэр гаргахын аюулаас шүүгч болон шүүх хурлын гэрчүүдийг сэрэмжлүүлсэн байдаг (Египетээс гарсан нь 23:2-ыг уншина уу). Төгс бус хүнд амаргүй юмны нэг бол бусдын нөлөөнд авталгүй, шударга ёсыг сахих явдал юм. Гэхдээ «олныг дагахгүй» байх зарчим нь зөвхөн шүүгч, гэрч хүмүүст л хамаатай юм биш ээ.

4, 5. Юунаас болоод Иошуа Калеб хоёр хүнд байдалд орсон бэ? Тэд юуны ачаар эр зоригтой байсан бэ?

4 Олныг дагачихмаар санагдах үе амьдралд цөөнгүй гардаг. Тийм үе гэнэт тулгарахад бусдыг дагахгүй байх гэдэг их хэцүү. Иошуа Калеб хоёрт тохиолдсон явдлыг жишээ болгон үзье. Тэд Амласан газрыг тандахаар өөр арван эрийн хамт явдаг. Буцаж ирээд арван эр тэр нутгийн хүмүүсийг Нефилимийн удмын аварга хүмүүс гэх мэтээр ярьж израильчуудын зүрхийг үхүүлжээ (Эх. 6:4). Уг нь тийм байх ямар ч боломжгүй байв. Учир нь нефилимүүд хэдэн зууны өмнө Ноагийн үеийн Усан галаваар устсан бөгөөд тэд үр хүүхэдгүй байсан. Гэтэл израильчууд итгэл султай байснаас арван эрийн үгэнд итгэв. Ер нь итгэл султай хүн Бурханд найдахаа больж, хүмүүсийн худал үгэнд амархан үнэмшдэг. Удалгүй израильчуудын ихэнх нь Амласан газар луу яв гэсэн Еховагийн удирдлагыг дагахгүй байхаар шийдсэн. Энэ хэцүү үед Иошуа Калеб хоёр яасан бэ? (Тоол. 13:25–33).

5 Тэд «олныг дагаагүй». Израильчууд үнэн үг сонсохыг хүсэхгүй байсан ч Иошуа Калеб хоёр үнэнийг хэлэхээсээ айгаагүй. Өөрсдийг нь алахаар заналхийлж байхад ч зөвийг үйлдсэн. Ийм эр зоригтой байсан нь Еховад бат итгэж байсны ач юм. Еховад бат итгэдэг хүн Еховагийн үгэнд итгэдгээс бус, хүний буруу ташаа үгэнд итгэдэггүй. Иошуа Калеб хоёр Еховаг амласан бүхнээ биелүүлдэг гэдэгт бат итгэдгээ хожим хэлсэн байдаг (Иошуа 14:6, 8; 23:2, 14-г уншина уу). Бурхныг хайрлаж, түүнд найддаг байсан Иошуа Калеб хоёр, хүнд таалагдах гэж Еховаг гомдоох юм хийгээгүй. Олныг дагахгүй байхын үнэхээр сайхан жишээ үзүүлжээ! (Тоол. 14:1–10).

6. Олныг дагах аюул ямар нөхцөлд тулгардаг вэ?

6 Танд олныг дагамаар санагдах үе гардаг уу? Өнөөдөр олон хүн Еховаг хүндэтгэдэггүй бөгөөд зөв буруугийн талаарх түүний тогтоосон хэм хэмжээг баримтлахыг мунхаг хэрэг гэж үздэг. Тэд зөв буруугийн талаарх өөрсдийн үзлээ бидэнд итгүүлэхийг оролддог. Жишээ нь тэд садар самуун, хүчирхийлэл, ид шид гэх мэтийг сурталчилсан телевизийн нэвтрүүлэг, кино, компьютерийн тоглоомыг аюултай юм гэж боддоггүй (2 Тим. 3:1–5). Тэгвэл та үзэж харах, уншиж сонсох зүйлээ сонгохдоо эсвэл амралт, чөлөөт цагаараа хийх зүйлээ шийдэхдээ яадаг вэ? Хүмүүсийн хэлдгийг дагаж, хийдгийг нь дууриадаг уу? Тэгдэг бол олныг дагадаг гэсэн үг.

7, 8. а) Яавал «мэдрэмжээ» сургах вэ? «Мэдрэмжээ» сургах нь тогтсон дүрэм сахихаас илүү ухаалаг гэхийн учир юу вэ? б) Та христиан хүүхэд залуусын жишээг яагаад үнэлдэг вэ?

7 Ехова бидэнд шийдвэр гаргахад туслах хосгүй бэлэг өгсөн. Энэ нь аливааг эргэцүүлэн бодож байгаад зөв бурууг нь ялгах чадвар юм. Библид энэ бэлгийг «мэдрэмж» гэдэг бөгөөд мэдрэмжээ сургахын тулд «дадлагажуулах» хэрэгтэй (Евр. 5:14). Хэрэв бид бусдыг дууриадаг юм уу бусдын үгээр байдаг бол энэ чадвараа хөгжүүлж чадахгүй. Бид олон асуудлыг мөс чанараараа шийддэг. Еховад үйлчилдэг хүн ямар кино үзэх, ямар ном унших, Интернетийн ямар сайтыг үзэж болохгүйгээ хүнээр шийдүүлж, жагсаалт гаргуулдаггүй. Тийм жагсаалт байлаа гэхэд цаг үргэлж шинэчилж байх хэрэг гарна (1 Кор. 7:31). Хамгийн гол нь, бид Еховагийн өгсөн чадварыг ашиглахыг хүсдэг учир өөрсдийнхөө өмнөөс хүнээр шийдвэр гаргуулдаггүй. Ехова биднийг Библийн зарчмыг эргэцүүлэн бодож, удирдлагыг нь гуйн залбирч байгаад өөрт нь таалагдах шийдвэр гаргаасай гэж хүсдэг (Еф. 5:10).

8 Биднийг Библийн зарчимд нийцүүлэн шийдвэр гаргахад таашаахгүй хүн олон байдаг. Жишээ нь, христиан хүүхэд залуусыг сургуулийнх нь хүүхдүүд уруу татахыг оролддог учир тэдэнд амаргүй байдаг (1 Петр 4:4). Гэхдээ христиан хүүхэд залуусын ихэнх нь олныг дагадаггүй. Христианууд хөгшин залуу гэлгүй Иошуа Калеб хоёрын адилаар бат итгэлтэй байдаг нь үнэхээр магтууштай.

«Өөрсдийн зүрх болон өөрсдийн нүдийг» бүү дага

9. а) Аялалд гарсан хүн зүгээр л дуртай замаараа явах нь ямар аюултай вэ? б) Тооллого 15:37–39-д байдаг тушаалыг сахих нь Бурхны эртний ард түмэнд яагаад чухал байсан бэ?

9 Одоо хоёр дахь буюу өөртөө дийлдэхийн аюулын талаар ярилцъя. Та нэг газрыг зорьж замд гарсан шүү дээ. Уг нь, та газрын зураг авч гарсан хэр нь зургаа харахаа болиод, сайхан юм үзэж болох мэт санагдах газар луу явахаар замаасаа гарвал юу болох вэ? Зорьсон газраа хэзээ ч хүрэхгүй. Энэ жишээнээс Еховагийн израильчуудад ойлгуулахыг хүссэн өөр нэг зарчмыг ойлгож болно. Бурхан ард түмнээ хувцсандаа цацаг болон хөх уяа хадахыг тушаасан байв. Энэ нь ямар учиртай тушаал байсныг өнөөгийн олон хүн тэр бүр сайн ойлгодоггүй байж болох юм (Тооллого 15:37–39-ийг уншина уу). Та учрыг нь ойлгодог уу? Эртний израильчууд энэ тушаалыг сахиснаар хөрш зэргэлдээ үндэстнүүдээсээ ялгардаг байв. Тэд Еховагийн тааллыг хүлээхийн тулд бусад үндэстнээс өөр байх ёстой байсан (Лев. 18:24, 25). Дээрх тушаал бас нэг ач холбогдолтой байв. Одоо энэ талаар үзэж, биднийг замаас маань хазайлгаж болзошгүй хоёр дахь аюулын талаар дэлгэрэнгүй ярилцъя.

10. Ехова хүний мөн чанарыг мэддэг нь юунаас харагддаг вэ?

10 Ехова ард түмэндээ дээрх тушаалыг өгөхдөө учрыг нь тайлбарлан: «Та нар ... өөрсдийн зүрх болон өөрсдийн нүдний араас дагахгүй байхын тулд юм» хэмээжээ. Ингэж хэлсэн нь Ехова хүний мөн чанарыг маш сайн мэддэгийнх юм. Нүдэнд харагддаг зүйл зүрхэнд нөлөөлж, улмаар хүн зүрхэндээ хууртан, буруу юм хийдгийг Ехова мэддэг учир «Зүрх бол бүх зүйлээс илүү хуурамч бөгөөд эдгэршгүй өвчтэй юм. Үүнийг хэн ойлгож чадах билээ?» гэж сэрэмжлүүлдэг (Иер. 17:9). Иймээс л израильчуудад зүрх болон нүдээ дагахгүй байхыг захижээ. Ехова ард түмэн нь харь үндэстнүүдийг хараад тэдэнтэй адил байх буюу гадаад байдал, үзэл бодол, үйл хэргээрээ тэднийг дууриахыг хүсдэг болж болзошгүйг мэдэж байв (Сур. 13:20).

11. Зүрх болон нүдээ дагахын аюул учруулдаг нэг асуудал юу байж болох вэ? Яагаад?

11 Үздэг хардаг зүйлдээ татагдан, зүрхээ дагахын аюул бидэнд урьд урьдынхаас илүү их тулгарч байна. Учир нь өнөөгийн ертөнцөд буруу хүсэл төрүүлдэг зүйл их болсон. Тэгвэл Тооллого 15:39-д байдаг зарчим бидэнд хэрхэн туслах вэ? Бид хувцас хунарын асуудлаар зүрх болон нүдээ дагахын аюулд өртөж болох юм. Бусдад ёс бус юм бодуулахаар хувцасладаг хүн эргэн тойронд маань олон байдаг. Бид тэгж хувцасладаг хүмүүсийг ажил сургууль дээрээ гэх мэтээр хаа сайгүй хардаг учир тэдэн шиг харагдахыг их хүсдэг болж мэднэ. Тэгвэл христиан хүний баримталдаг хэм хэмжээнээс холдсоор тэдэнтэй илүү адилхан хувцасладаг болох аюултай (Ром 12:1, 2).

12, 13. а) Харах ёсгүй юмыг хармаар санагдвал яах нь зүйтэй вэ? б) Бусдад буруу хүсэл төрүүлэх юм хийх ёсгүйн учир юу вэ?

12 Дур хүслээ захирч байх нь амин чухал юм. Харах ёсгүй юмыг хармаар санагдвал үнэнч хүн Иовын жишээг санах нь тустай. Тэрбээр нүдтэйгээ гэрээ хийсэн буюу эхнэрээсээ өөр эмэгтэйг тачаадан харахгүй байхаар шийдсэн байв (Иов 31:1). Давид хаан ч бас адилхан шийдвэр гаргажээ. Тэрбээр: «Би нүднийхээ өмнө ямар ч хорон юмыг байлгахгүй» гэж хэлсэн (Дуу. 101:3). Бид Давидыг дууриан, «ямар ч хорон юмыг харахгүй» гэж шийдэх ёстой. «Хорон юм» гэдгээр Еховатай тогтоосон харьцааг маань үгүй хийх аюултай бүх юмыг хэлж болно. Бас зүрхэнд маань буруу хүсэл төрүүлж, биднээр муу юм хийлгэж болох аливаа зүйлийг хэлнэ.

13 Хэрэв бид хүмүүст буруу хүсэл төрүүлэх юм хийдэг бол тэдний хувьд «хорон юм» болж байгаатай ижил юм. Жишээ нь бид өмссөн зүүснээрээ тийм бодол төрүүлж мэднэ. Тиймээс Библийн зөвлөгөөг хэрэгжүүлэн «зохистой ... даруу» хувцаслах учиртай (1 Тим. 2:9). Хэрэв даруу хувцасладаг бол зөвхөн өөрийн дур сонирхлыг боддог бус, бусдын үзэл бодлыг хүндэтгэдгээ, сэтгэлд нь аль болох нийцүүлэхийг хичээдгээ харуулна (Ром 15:1, 2). Үлгэр жишээ хувцасладаг олон мянган хүүхэд залуус христиан хуралд байдаг. Зүрх болон нүдээ дагадаггүй, бүх үйл хэргээрээ Еховаг баярлуулахыг хүсдэг тэднийг харахад хэчнээн сайхан бэ!

«Дэмий юмыг» бүү дага

14. Самуел юунаас сэрэмжлүүлсэн бэ?

14 Таныг аяллаа үргэлжлүүлэн цөлөөр явж байна гэж бодъё. Тэгтэл танд ус харагдах шиг боллоо. Гэвч энэ нь зэрэглээ байв! Хэрэв та замаасаа гараад, зэрэглээний араас явбал юу болох бол? Төөрөөд, амиа ч алдаж мэднэ. Хоосон юманд найдах нь хэчнээн аюултайг Ехова сайн мэддэг. Нэгэн удаа Ехова израильчуудыг хоосон юмыг дагахын аюулаас сэрэмжлүүлжээ. Израильчууд хөрш үндэстнүүд нь хаантайг үзээд бас хаантай болохыг хүссэн аж. Энэ нь ноцтой нүгэл байв. Учир нь тэд Еховаг Хаанаа байлгахыг хүсээгүйгээ ингэж харуулжээ. Ехова тэдэнд өөрсдийнхөө дундаас хаантай болохыг нь зөвшөөрсөн боловч зөнч Самуелыг явуулж, нэгэн сэрэмжлүүлэг хэлүүлдэг. Самуел «дэмий юмыг дагах» буюу ямар ч ашиг тусгүй юманд найдахын аюулаас израильчуудыг сэрэмжлүүлсэн (1 Самуел 12:21-ийг уншина уу).

15. Израильчууд «дэмий юмыг» хэрхэн дагаж эхэлсэн бэ?

15 Израильчууд дундаасаа сонгох хаанаа Еховагаас илүү найдвартай гэж бодсон юм болов уу? Тэгсэн бол, «дэмий юмыг» дагаж байсан хэрэг. Тэд нэг л «дэмий юманд» итгэвэл Сатаны зохиож болох бусад «дэмий юманд» амархан итгэдэг болох байлаа. Жишээ нь, израильчууд хааныхаа нөлөөгөөр хуурамч шүтээн шүтдэг болж болох байв. Мод, чулуугаар хийсэн шүтээнийг нүдээрээ харж, гараараа барьж болдог учир найдаж болохоор санагддаг. Тэгж боддог хүн бүх юмыг бүтээсэн, нүдэнд үл үзэгдэх Ехова Бурханд найддаггүй. Гэхдээ элч Паул шүтээнийг «юу ч биш» гэсэн байдаг (1 Кор. 8:4, МАБ). Хуурамч шүтээн нь харах, сонсох, ярих гэх мэтийн алийг ч чадахгүй шүү дээ. Тиймд нүдэнд харагддаг, гарт баригддаг гээд л шүтээн шүтэх нь мунхаг хэрэг болно. Хуурамч шүтээн хүнд ямар ч тус болдоггүй. Шүтээн бол «дэмий юм» бөгөөд тэдгээрт итгэгч нь «тэдэн шиг л болно» (Дуу. 115:4–8).

16. а) Сатан хүмүүсийг «дэмий юмны» араас явуулахыг хэрхэн оролддог вэ? б) Мөнгө, эд хөрөнгийг «дэмий юм» гэж болохын учир юу вэ?

16 Сатан их зальтай бөгөөд өнөөдөр ч хүмүүсийг «дэмий юмны» араас явуулахыг оролддог. Тэрбээр хүн мөнгө төгрөгтэй, сайн ажилтай, эд хөрөнгөтэй л болбол аз жаргалтай, амар тайван амьдарна гэж итгүүлдэг. Ийм зүйлээр амьдралын бэрхшээлийг шийдчихнэ гэж хүмүүс боддог. Гэхдээ өвчин эмгэг тусахад нь, эдийн засаг хямрахад эсвэл байгалийн гамшиг тохиолдоход эдгээр нь хүмүүст хэр их тус болдог вэ? Амьдрал нь утга учиргүй мэт санагдахад сэтгэлийг нь жинхэнэ ёсоор тайвшруулдаг уу? Амьдралын амин чухал асуултын хариуг өгдөг үү? Үхлээс аварч чадах уу? Хэрэв бид мөнгө төгрөг, эд хөрөнгөнд найддаг бол урам хугарч, цөхөрнө. Мөнгө, эд баялаг биднийг жаргалтай амьдруулж, өвчин, үхлээс аврах чадалгүй, «дэмий юм» шүү дээ (Сур. 23:4, 5). Харин Ехова бол жинхэнэ Бурхан. Тиймээс Еховатай дотнын харьцаатай байсан цагт л жинхэнэ ёсоор аз жаргалтай, амар тайван амьдарна. Ехова л биднийг бүх бэрхшээлээ давахад тусалж чадна. Бид Еховагийн анд нөхөр болсондоо туйлын их баярладаг бөгөөд «дэмий юмнаас» болж түүнийг орхихыг яасан ч хүсэхгүй.

17. Та яахаар шийдсэн бэ?

17 Ехова андын сэтгэлээр хандаж, мөнх аминд хүргэх замаар явж буй биднийг удирддаг нь үнэхээр талархууштай. Хэрэв бид түүний сэрэмжлүүлгийг хүлээж авдаг бол мөнх аминд хүрнэ. Хүмүүс «олныг» юм уу «зүрхээ» эсвэл «дэмий юмыг» дагаснаас болж буруу замд ордгийг энэ өгүүллээр хэлэлцлээ. «Аливаа худал хуурмаг явдлыг» үзэн ядаж, түүнээс зайлсхийхэд маань туслахын тулд Ехова өөр ямар гурван сэрэмжлүүлэг өгдгийг дараагийн өгүүллээр үзье (Дуу. 119:128).

Та юу гэж бодож байна вэ?

Та дараах Библийн зарчмуудыг хэрхэн хэрэгжүүлэх вэ?

Египетээс гарсан нь 23:2

Тооллого 15:37–39

1 Самуел 12:21

Дуулал 119:128

[Догол мөрийн асуулт]

[11-р хуудасны зураг]

Танд «олныг дагамаар» санагдах үе байдаг уу?

[13-р хуудасны зураг]

Зүрх болон нүдээ дагах нь яагаад аюултай вэ?

[14-р хуудасны зураг]

Та «дэмий юмыг» дагаагүй биз?