Skip to content

Гарчиг руу орох

Ехова бол «амар амгалангийн Бурхан»

Ехова бол «амар амгалангийн Бурхан»

Ехова бол «амар амгалангийн Бурхан»

«Амар амгалангийн Бурхан та бүгдийн хамт байх болтугай» (РОМ 15:33).

1, 2. Эхлэл 32, 33-р бүлэгт түгшүүртэй ямар нөхцөл байдлыг дүрсэлсэн бэ? Юугаар төгссөн бэ?

 ИОРДАН голын зүүн этгээдэд орших Иаббокийн хөндийн дэргэдэх Пенуелийн ойролцоо ийм нэгэн явдал болжээ. Ах дүү хоёр нүүр нүүрээ харалгүй олон жил өнгөрсөн байлаа. 20 жилийн өмнө ах Есав нь ууган хүүгийн эрхээ дүү Иаковтаа худалдсан аж. Иаковын ирж явааг сонссон Есав 400 хүн дагуулан дүүгээ угтахаар гарав. Иаков үүнийг дуулаад ихэд айлаа. Ах минь одоо ч уурласан хэвээрээ байгаа юм байна, намайг алах байх хэмээн боджээ. Тэгээд сүргээсээ 550 толгой мал таслан, хэсэг хэсэг болгоод зарц нартаа өгч илгээв. Зарц нар Есавтай уулзах бүрдээ дүү Иаковаас нь өгч буй бэлэг хэмээн хэлж байлаа.

2 Ингээд ах дүү хоёр нүүр тулан уулзах боллоо! Иаков Есав руу зориглон очиж, нэг ч биш, бүр долоон удаа мэхийн ёслов. Харин үүнээс өмнө ахынхаа сэтгэлийг зөөлрүүлэх хамгийн чухал зүйлээ хийчихсэн байлаа. Тэрбээр Есавын гараас аврахыг Еховагаас гуйн залбирсан ажээ. Ехова залбиралд нь хариулсан болов уу? Тийм ээ, хариулсан. Библид: «Есав гүйж ирээд, түүнийг тэврэн хүзүүдэж үнсэв» гэж бичжээ (Эх. 32:11–20; 33:1–4).

3. Есав Иаков нарын түүх бидэнд ямар сургамжтай вэ?

3 Хурлын амгалан тайван байдалд заналхийлсэн асуудал гарвал түүнийг шийдэхийн тулд чадах бүхнээ хийх хэрэгтэйг Есав Иаков хоёрын түүх харуулдаг. Ууган хүүгийн эрхээ юман чинээ бодолгүй, аяга шөлөөр худалдсан хүн нь Есав байсан атал ямар ч буруугүй Иаков ахтайгаа эвлэрэх гэж хамаг чадлаараа хичээдэг (Эх. 25:31–34; Евр. 12:16). Христиан ах дүүтэйгээ эвтэй байхын тулд хэр зэрэг хүч хөдөлмөр гаргах хэрэгтэй нь Иаковын жишээнээс харагддаг. Түүнчлэн, залбирвал Ехова тусалдгийг эндээс мэдэж болно. Библид эв эеэ хичээхэд туслах өөр олон жишээ байдаг.

Дууриавал зохих хамгийн агуу жишээ

4. Бурхан хүн төрөлхтнийг нүгэл, үхлээс аврахын тулд ямар арга хэмжээ авсан бэ?

4 «Амар амгалангийн Бурхан» Ехова эв эеэ хичээхийн хамгийн сайн үлгэр дууриал болдог (Ром 15:33). Ехова хүмүүстэй эвлэрэхийн тулд юу хийснийг бодоорой. Адам Ева хоёрын нүгэлт үр сад бид «нүглийн хөлс» төлж, үхэх учиртай (Ром 6:23). Гэсэн ч Ехова агуу хайрандаа хөтлөгдөн биднийг аврах арга хэмжээ авчээ. Тэрбээр хайртай Хүүгээ дэлхий рүү илгээн, төгс хүн болгон төрүүлсэн. Хүү нь ч Эцгийнхээ хүсэл тааллыг дуулгавартай биелүүлэн, амиа бидний төлөө золиосолсон (Иох. 10:17, 18). Дараа нь Ехова Есүсийг амилуулжээ. Есүс асгаруулсан цусныхаа үнэ цэнийг Эцэгтээ өргөн барьсан. Нүглээ гэмшсэн бүх хүн энэхүү золиосны ачаар үхлээс үүрд аврагдах юм (Еврей 9:14, 24-ийг уншина уу).

5, 6. Есүсийн асгаруулсан цус Бурхантай эв түнжингүй болсон нүгэлт хүн төрөлхтөнд ямар ач тустай байсан бэ?

5 Бурхны Хүү амиа золиосолсон нь Бурхантай эв түнжингүй болсон нүгэлт хүн төрөлхтөнд ямар ач тустай байсан бэ? Исаиа 53:5-д: «Бидний амар амгалангийн төлөө Түүн дээр гэсгээлт бууж, Түүний шархаар бид эдгэрсэн» хэмээжээ. Есүсийн золиосны ачаар дуулгавартай хүмүүс Бурхны дайсанд тооцогдохоо больж, анд нөхөд нь болсон. «[Есүсийн] дотор цусаар нь золилт, гэм нүглийн маань төлөөх уучлал бидэнд байдаг» (Еф. 1:7).

6 Бурхан санаа зорилгоо биелүүлэхийн тулд Есүс Христэд гол үүрэг оноосныг Библид: «Бурхан [Христийн] дотор Өөрийн төгс дүүрэн нь оршдогийг ... таалдаг» хэмээн бичсэн байдаг. Ехова ямар санаа зорилготой вэ? Есүс Христийн асгаруулсан «цусаар энх тайвныг тогтоон, Түүгээр дамжуулан ... бүх юмсыг Өөртэйгөө эвлэрүүлэх» зорилготой. Өөртэйгөө эвлэрүүлэх «бүх юмс» нь «газар дээрх» болон «тэнгэр дэх юмс» ажээ. Тэдгээрийг юу гэж ойлгох вэ? (Колоссай 1:19, 20-ийг уншина уу).

7. Бурхантай эвлэрсэн «тэнгэр дэх» болон «газар дээрх юмс» гэж юу вэ?

7 Тослогдсон христианууд золиосны ачаар Бурхны хөвгүүд болон «зөвтгөгдөж», «Бурхантай эвлэрсэн» (Ром 5:1-ийг уншина уу). Тэднийг «тэнгэр дэх юмс» гэдэг. Учир нь тэд тэнгэрт амьдрах найдвартай бөгөөд хаад болж дэлхийг захиран, Бурхны тахилчаар үйлчилнэ (Илч. 5:10). Харин «газар дээрх юмс» гэдэг нь дэлхий дээр мөнх амьдрах найдвартай, нүглээ гэмшсэн хүн төрөлхтөн юм (Дуу. 37:29).

8. Хүн төрөлхтөнтэй эвлэрэх зорилгоор Еховагийн юу хийснийг эргэцүүлэн бодох нь ямар ач тустай вэ?

8 Ефес дэх тослогдсон христиануудад бичсэн Паулын үг золиосны төлөө хэчнээн их талархдагийг нь харуулдаг. Тэрбээр: «Бурхан өршөөлөөр баян ажээ. Тэр ... биднийг гэм нүгэл дотроо үхсэн байхад Христтэй хамт амьд болгосон юм. Та нар нигүүлслээр аврагдсан билээ» гэж бичжээ (Еф. 2:4, 5). Бид тэнгэр газрын алинд ч амьдрах байсан, өршөөл нигүүлслээ үзүүлсэн Бурхандаа гүнээ талархах учиртай. Хүн төрөлхтөнтэй эвлэрэх зорилгоор юу хийснийг нь бодохлоор Еховад талархах сэтгэл өөрийн эрхгүй төрдөг. Хурлын амгалан тайван байдлыг алдагдуулж болзошгүй асуудал христиануудын дунд мэр сэр гардаг. Ийм үед Бурхан ямар үлгэр дууриал үзүүлснийг бодож, ах дүүстэйгээ эвтэй байхыг хичээх хэрэгтэй.

Абрахам Исаак нараас суралцах нь

9, 10. Малчдынх нь хооронд маргаан гарахад Абрахам Лоттой эвтэй байхын тулд яасан бэ?

9 Библид: «„Абрахам Бурханд итгэсэн. Энэ нь түүнийг зөвт байдалд тооцогдуулсан юм“ ... Абрахам Бурханы анд нөхөр гэж дуудагдах болсон» гэж бичжээ (Иак. 2:23). Абрахам Еховад бат итгэдэг учир бусадтай эвтэй байхыг эрмэлздэг байв. Нэг жишээ үзье. Абрахамын мал сүрэг өссөний улмаас түүний болон ач дүү Лотынх нь малчдын хооронд маргаан гарчээ (Эх. 12:5; 13:7). Маргааныг шийдэх хамгийн сайн арга нь Абрахам Лот хоёр салж нүүх явдал байлаа. Ийм эгзэгтэй үед Абрахам яасан бэ? Лотоос насаар ах, Бурхны анд нөхөр гэдгээр түрээ бариагүй. Харин эвтэй байхыг үнэхээр их хүсдэгээ батлан харуулсан.

10 Тэрбээр ач дүүдээ: «Бид бол ахан дүүс. Чи бид хоёрын хооронд, бас танай, манай малчдын хооронд маргаан бүү гараг!» гээд цааш нь: «Чиний өмнө энэ бүх газар байгаа биш үү? Чи надаас салж яваач. Хэрэв чамайг зүүн тийшээ явбал, би баруун тийшээ явъя. Хэрэв чамайг баруун тийшээ явбал би зүүн тийшээ явъя» гэжээ. Лот тэр нутгийн хамгийн үржил шимтэй газрыг сонгосонд Абрахам огтхон ч дургүйцсэнгүй (Эх. 13:8–11). Хожим нь дайсан халдан ирж Лотыг олзлоход Абрахам эргэлзэж тээнэгэлзэлгүй ач дүүгээ аврахаар явдаг (Эх. 14:14–16).

11. Абрахам хөрш үндэстэн филистчүүдтэй эв эеэ хэрхэн сахисан бэ?

11 Абрахам Канаан нутагт филист хөршүүдтэйгээ эв эеэ хэрхэн сахисныг бас бодъё. Филистчүүд Абрахамын зарц нарын Беершебад ухсан худгийг «булаан авчээ». Дөрвөн хааны савраас ач дүүгээ аварсан хүн энэ удаа яасан бол? Худгаа буцааж авах гэж тэмцэхийн оронд дуугүй байхаар шийджээ. Хожим нь Филистийн хааныг энхийн гэрээ байгуулахаар ирэхэд Абрахам, хааны үр удамд сайхан сэтгэлээр хандахаа амладаг. Үүний дараа л худгаа булаалгасан тухайгаа хаанд хэлсэн. Ихэд цочирдсон хаан худгийг нь буцааж өгчээ. Ингээд Абрахам харийн нутагт амар жимэр амьдарсан (Эх. 21:22–31, 34).

12, 13. а) Исаак эцгийгээ хэрхэн дууриасан бэ? б) Ехова эвийг сахисных нь төлөө Исаакийг хэрхэн ивээсэн бэ?

12 Абрахамын хүү Исаак эцэг шигээ эвийг сахидаг хүн байжээ. Тэрбээр филистчүүдтэй эвдрэлцэхгүйг хичээж байсан нь үүний баталгаа юм. Нутагт нь өлсгөлөн болоход Исаак гэрийнхнээ аваад гандаж хатсан Негевийн Беер-лахаи-рои нутгаас гарч, умард зүгийг чиглэн явсаар филистчүүдийн нутагладаг Герар хэмээх илүү үржил шимтэй газар очжээ. Тэнд Ехова Исаакийг ивээж, арвин их ургац хайрлан, мал сүргийг нь өсгөн олшруулдаг. Гэтэл филистчүүд Исаакт атаархан түүнийг эцэг шиг нь сайн сайхан явуулахыг хүсээгүй тул Абрахамын зарц нарын ухсан худгуудыг бөглөжээ. Эцэст нь Филистийн хаан: «Биднийг орхиж яв» гэжээ. Исаак тэдэнтэй эвтэй байх гэсэндээ хааны хэлснээр болдог (Эх. 24:62; 26:1, 12–17).

13 Исаак эхнэр хүүхэд, зарц шивэгчнээ дагуулан өөр газар нүүж очоод, тэндээ дахиад л худаг гаргав. Филистийн хоньчид: «Энэ ус бол манайх» гэсэнд Исаак эцэг Абрахамаа дууриан тэдэнтэй маргасангүй. Харин өөр худаг ухахыг зарц нартаа тушаасан. Филистчүүд тэр худгийг бас л өмчилж авав. Исаак эв эеэ сахихыг хичээн, дахин их нүүдэл хийжээ. Очсон газартаа зарц нар нь худаг ухсанд Исаак уг худгийг Рехобот гэж нэрлэсэн. Хожим нь тэрбээр илүү үржил шимтэй Беершеба руу нүүжээ. Тэнд Ехова түүнийг ивээж, «Бүү ай! Учир нь Би чамтай хамт байна. Миний зарц Абрахамын төлөө Би чамайг ерөөн, чиний үр удмыг өнөр өтгөн болгоно» хэмээн айлджээ (Эх. 26:17–25).

14. Филистийн хааныг энхийн гэрээ байгуулахаар ирэхэд Исаак түүнтэй эвтэй байх гэж хэрхэн хичээсэн бэ?

14 Уг нь, Исаак зарц нарынхаа гаргасан худгийг бүгдийг нь филистчүүдээс буцааж авч болох л байсан. Тэгээд ч Ехова түүнийг алхам бүрд нь ивээж байгааг филистчүүд анзаарчээ. Филистийн хаан түүнтэй энхийн гэрээ байгуулахаар түшмэдээ дагуулан Беершебад ирж, «ЭЗЭНийг чамтай хамт байгааг бид тодорхой харсан» гэж хэлснээс нь үүнийг мэдэж болно. Гэхдээ Исаак тэдэнтэй тэмцэлдсэнээс хэд дахин нүүсэн нь дээр гэж үзэж байсан билээ. Энэ удаа ч бас эвийг эрхэмлэдэг хүн гэдгээ батлан харуулсан. Библид: «Исаак [гийчдэд] зориулан найр хийсэнд, тэд идэж ууцгаав. Тэгээд тэд өглөө эртлэн босож, бие биедээ тангарагласны дараа Исаак тэднийг явуулж, тэд түүнийг амар тайван орхижээ» гэж бичсэн байдаг (Эх. 26:26–31).

Иосефоос суралцах нь

15. Ах нар нь Иосефтой яагаад эвтэй байж чаддаггүй байсан бэ?

15 Исаакийн хүү Иаков «номхон дөлгөөн» хүн байв (Эх. 25:27). Иаков өөрийн ах Есавтай эвлэрэхийн тулд чадах бүхнээ хийснийг өгүүллийн эхэнд ярилцсан. Тэрбээр эцэг Исаакийнхаа сайхан жишээнээс суралцсан нь эргэлзээгүй. Харин 12 хүү нь Иаков шиг эв эеийг сахидаг байсан болов уу? Иаков хөвгүүдийнхээ дундаас Иосефт илүү хайртай байжээ. Иосеф эцгээ хүндэлдэг, итгэлийг нь хүлээсэн, дуулгавартай хүү байв (Эх. 37:2, 14). Гэвч ах нар нь түүнд атаархан хорсоод, эвтэй байж чаддаггүй байлаа. Тэгээд нэг удаа Иосефыг боол болгон худалджээ. Тэгсэн атлаа зэрлэг араатанд бариулчихжээ гэж эцэгтээ хэлдэг (Эх. 37:4, 28, 31–33).

16, 17. Иосеф ах нартайгаа эвтэй байхыг хүсдэгээ харуулж тэдэнд хэрхэн хандсан бэ?

16 Ехова Иосефыг ивээжээ. Иосеф Египетийн ерөнхий сайд буюу эрх мэдлээрээ фараоны дараа орох хүн болсон. Канаан нутагт аймшиг өлсгөлөн болоход ах нар нь хоол хүнс авахаар Египетэд ирэв. Тэд Иосефтой уулзсан боловч египет хувцас өмссөн түүнийг дүүгээ гэж таньсангүй (Эх. 42:5–7). Тэднээс өөрийнхөө болон эцгийнхээ өшөөг авахад Иосефт ядах юм байгаагүй! Гэвч өшөө авахын оронд эвлэрэхийг оролджээ. Тэгээд ах нараа гэмшсэнийг ойлгоод өөрийгөө илчлэн: «Та нар намайг энэ газар худалдсандаа бүү санаа зов, бүү харамс. Бурхан амийг аврахаар та нараас өмнө намайг илгээжээ» гээд «ах нараа үнсээд, тэвэрч уйлав» (Эх. 45:1, 5, 15).

17 Эцэг Иаковаа нас барсны дараа Иосефын ах нар: «Хэрэв Иосеф бидний эсрэг өс санаж, өөрт нь бидний хийсэн бүх гэм хорыг бидэнд эргүүлж хийх гэвэл яах вэ?» гэж ярилцжээ. Тэгээд энэ тухайгаа хэлсэнд Иосеф уйлж, «Та нар одоо битгий айцгаа. Би та нарыг болон хүүхдүүдийг чинь тэтгэн тэжээе» гэжээ. Эвийг эрхэмлэгч тэрбээр «тэднийг тайвшруулж, нинжин сэтгэлээр ярилцав» (Эх. 50:15–21).

«Биднийг сургахын тулд бичигдсэн»

18, 19. а) Энэ өгүүллээр үзсэн жишээнүүд танд ямар сургамжтай байсан бэ? б) Дараагийн өгүүллээр юу үзэх вэ?

18 Паул: «Эрт үед бичигдсэн аливаа зүйлс нь биднийг сургахын тулд бичигдсэн юм. Ингэснээр Судруудын тэвчээр болон урамшуулалтаар дамжуулан бидэнд найдвар байх юм» гэж бичжээ (Ром 15:4). Хамгийн агуу үлгэр дууриал болсон Еховагаас гадна Абрахам Исаак Иаков Иосеф нараас юу сурч болох вэ?

19 Ехова нүгэлт хүн төрөлхтөнтэй эвлэрэхийн тулд юу хийснийг бодож үзвэл бид ч бас бусадтай эв найртай байх гэж хичээх болно. Эцэг эхчүүд үр хүүхдэдээ сайн үлгэр дууриал үзүүлж, бусадтай эвтэй байхыг зааж сургах ёстойг Абрахам Исаак Иаков Иосеф нарын жишээ харуулдаг. Түүнчлэн, эв эеэ хичээдэг хүмүүсийн зүтгэлийг Ехова ивээдэг нь харагддаг. Паул Еховаг «амар амгалангийн Бурхан» гэж хэлсэн нь тун зөв юм (Ром 15:33; 16:20-ийг уншина уу). Дараагийн өгүүллээр, амар тайвныг эрхэмлэх учиртайг Паул яагаад онцолсон, амар тайвныг эрхэмлэдэг болохын тулд яах ёстойг ярилцана.

Давтах асуулт

• Иаков Есавтай уулзахаасаа өмнө эвлэрэх ямар алхам хийсэн бэ?

• Ехова хүн төрөлхтөнтэй эвлэрэхийн тулд юу хийсэн бэ? Харин та юу хиймээр байна вэ?

• Та эвийг эрхэмлэгч Абрахам Исаак Иаков Иосеф нарын жишээнээс юу сурсан бэ?

[Догол мөрийн асуулт]

[23-р хуудасны зураг]

Иаков Есавтай эвлэрэхийн тулд ямар чухал зүйл хийсэн бэ?