Skip to content

Гарчиг руу орох

Ехова миний хувь

Ехова миний хувь

Ехова миний хувь

«Израилийн хөвгүүдийн дунд Би чиний хувь, чиний өв билээ» (ТООЛ. 18:20).

1, 2. а) Иошуа Израилийн овгуудад газар хэрхэн хуваарилсан бэ? б) Ехова левичүүдэд юу гэж амласан бэ?

 ИЗРАИЛЬЧУУД Амласан газрын ихэнхийг эзлэн авав. Иошуа тэргүүн тахилч Елеазар болон овгуудын удирдагчдын хамт газар нутгийг хуваариллаа (Тоол. 34:13–29). Левигээс бусад бүх овог газар нутагтай болжээ (Иош. 14:1–5). Амласан газраас левичүүдэд хувь хүртээгээгүйн учир юу вэ? Тэднийг мартсан хэрэг үү?

2 Левичүүдэд хэлсэн Еховагийн үгнээс хариуг нь мэдэж болно. Ехова тэднийг орхиогүй гэдгээ онцолж: «Израилийн хөвгүүдийн дунд Би чиний хувь, чиний өв билээ» гэжээ (Тоол. 18:20). «Би чиний хувь» гэсэн нь үнэхээр гайхалтай амлалт байлаа. Ехова танд ингэж хэлбэл ямар санагдах вэ? «Төгс хүчит Нэгэн над мэтийн хүнд ингэж амлана гэж үү?» гэж юуны түрүүнд бодох биз ээ. Бас «Ехова төгс бус христиануудын хувь болж үнэхээр болдог гэж үү?» хэмээн асууж магадгүй. Эдгээр асуулт танд болон хайртай хүмүүст тань хамаатай учир их чухал. Тиймээс Бурхны хэлсэн дээрх үг ямар утгатайг авч үзье. Тэгвэл Ехова яаж өнөөгийн христиануудын хувь болж болдгийг ойлгоно. Хамгийн гол нь тэнгэр, газрын алинд ч амьдрах найдвартай бай, та Еховаг өөрийн хувь болгох боломжтой.

Ехова левичүүдэд санаа тавьсан нь

3. Леви овог Бурханд үйлчлэх болсон тухай ярина уу.

3 Еховаг израильчуудад Хууль өгөхөөс өмнө өрхийн тэргүүнүүд өөрсдийнхөө овгийн төлөө тахилчаар үйлчилдэг байжээ. Харин Хууль өгснөөс хойш леви овгоос сонгогдсон хүмүүс л тахилч, туслагчаар үйлчлэх болов. Чухам юу болсон бэ? Бурхан египетчүүдийн ууган хөвгүүдийг хөнөөхдөө Израилийн ууган төрөгсдийг ариусгаж, өөрийн мэдэлд авчээ. Харин дараа нь «Израилийн хөвгүүдийн дундах бүх ууган төрөгсдийн оронд» «левичүүдийг авсан» тухайгаа тунхагласан. Израилийн ууган хөвгүүд леви эрчүүдээс тоогоор илүү байсан тул төлбөр төлж зөрүүг нөхсөн (Тоол. 3:11–13, 41, 46, 47). Ийнхүү левичүүд Израилийн Бурханд үйлчлэх боломжтой болжээ.

4, 5. а) Бурхан левичүүдийн хувь болсон гэдгийг юу гэж ойлгох вэ? б) Ехова левичүүдэд хэрхэн санаа тавьсан бэ?

4 Левичүүд ямар үүрэг гүйцэтгэх болсон бэ? Ехова тэдэнд газар нутгийг өв болгон өгөөгүй ч үнэлж баршгүй чухал үүрэг оноожээ. «Тахилчийн үйлчлэлийг» өв буюу хувь болгон өгсөн (Иош. 18:7). Бас материаллаг хэрэгцээг нь хангасныг Тооллого 18:20-ийн хам сэдвээс ойлгож болно (Тооллого 18:19, 21, 24-ийг уншина уу). Левичүүд «гүйцэтгэдэг үйлчлэл[ийнхээ] ... хариуд» «Израиль дахь бүх арван хувийг өв болгон» авах учиртай байв. Өөрөөр хэлбэл, газрын ургац болон өсөж үржсэн мал сүргийн арван хувийг авахаар болсон. Харин авсан зүйлийнхээ «хамгийн сайнаас нь» тахилчийн үйлчлэлийг дэмжихийн тулд хандивлах ёстой байв (Тоол. 18:25–29). Бурханд өргөхөөр Израилийн хөвгүүдийн авчирсан «ариун бэлгүүдийн бүх өргөлүүдийг» бас тахилчдад өгдөг байсан. Тийм учраас, Ехова санаа тавин, хэрэгцээг нь хангана гэдэгт тахилчид итгэж болох байв.

5 Мосегийн хуулиар, израиль айл өрхүүд хоёр дахь арван хувийг жил бүрийн ариун чуулгануудын үеэр хооллож ундлах, «хөөрөн баясахад» зориулан өргөх ёстой байсан бололтой (Д.хууль 14:22–27). Бас долоон жил тутам тэмдэглэдэг амралтын жилийнхээ гурав, зургаа дахь жилийн эцэст ядуус болон левичүүдэд энэ арван хувиа өгдөг байв. Яагаад левичүүдэд өгдөг байсан бэ? Тэд «хувь ч үгүй, өв ч үгүй» учраас тэр юм (Д.хууль 14:28, 29).

6. Левичүүд газар нутаг аваагүй ч хаана амьдардаг байсан бэ?

6 «Левичүүдэд газар оногдоогүй юм бол тэд хаана амьдарч байсан бэ?» гэж та бодох байх. Бурхан тэдэнд санаа тавин, хоргодох 6 хотыг оролцуулаад 48 хотыг бэлчээр нутгуудынх нь хамт өгсөн (Тоол. 35:6–8). Левичүүд Бурхны ариун газарт үйлчлээгүй үедээ тэдгээр хотод аж төрдөг байжээ. Ехова тахилчийн үйлчлэлд оролцдог хүмүүсийг элбэг дэлбэгээр хангадаг байсан. Хэрэгцээтэй бүхнээр хангахад бэлэн, хангах ч чадалтай гэдэгт нь итгэвэл тэд Еховаг өөрсдийн хувь гэж үздэгээ харуулах байв.

7. Еховаг хувиа болгохын тулд левичүүд яах ёстой байсан бэ?

7 Арван хувиа өгөхгүй бол шийтгэнэ гэж Мосегийн хуульд заагаагүй ч ард түмэн хайхрамжгүй хандвал тахилчид болон левичүүдэд хүндээр тусдаг байжээ. Нехемиагийн үед ийм явдал болсны улмаас левичүүд үйлчлэлээ орхин, талбайдаа ажиллахад хүрсэн (Нехемиа 13:10-ыг уншина уу). Израилийн ард түмэн Еховагийн хуулийг сахиж байсан цагт л леви овог хоол хүнсээр тасрахгүй байсан нь харагдаж байна. Түүнээс гадна, тахилчид болон левичүүд Еховад итгэн, өөрсдийнх нь төлөө санаа тавина гэж найдах ёстой байсан.

Еховаг хувиа болгосон хүмүүс

8. Асаф гэгч леви хүн юунаас болоод шаналсан бэ?

8 Леви овог бүхэлдээ Еховаг хувиа болгосон. Ганц нэг хүн ч «ЭЗЭН бол миний хувь» гэж хэлэн, Бурханд үнэнч бөгөөд түүнд найддагаа илэрхийлж байсныг тэмдэглүүштэй (Гаш. 3:24). Жишээ нь, Еховаг өөрийнхөө хувь гэж үздэг байсан дуучин, хөгжмийн зохиолч нэгэн леви хүний тухай Библид бичсэн байдаг. Тэрбээр Давид хааны үед дуучдыг удирдаж байсан Асаф юм уу түүний удмын хүн байсан бололтой. Тиймээс түүнийг Асаф гэж нэрлэе (Ш.дээд 6:31–43). 73-р дуулалд бичсэнээр тэрхүү Асаф муу хүмүүст атаархаж, сайн сайхан яваагийнх нь учрыг ойлгож чадаагүй. Тэр байтугай, «Үнэндээ би дэмий л зүрхээ цэвэр байлгаж, гараа гэмгүй байдал дотор угаалаа» гэж хэлсэн удаатай. Тэрбээр Еховад үйлчлэх завшаанаа хэсэг зуур умартан, Еховаг хувь гэж үзэхээ больсон. «Бурханы ариун газарт орох хүртлээ» ийнхүү сүнслэгээр сул явжээ (Дуу. 73:2, 3, 12, 13, 17).

9, 10. Асаф Бурхныг «мөнхөд миний хувь» гэж хэлсний учир юу вэ?

9 Асаф ариун газарт очоод бодлоо өөрчилжээ. Танд иймэрхүү явдал тохиолдсон бол та ч бас Еховад үйлчлэх завшаанаа тодорхой хэмжээгээр үнэлэхээ больж, зөвхөн сүнслэг бус зүйлийн тухай бодож эхэлсэн байж болох юм. Харин Бурхны Үгийг судлан, цуглаанд яваад Еховагийн үзэл бодлоор ханддаг болсон байх. Муу хүмүүст эцэстээ юу тохиолдохыг Асаф ухаарчээ. Тэгээд Еховагийн үйлчлэгч хүний хувьд амьдралаа эргэцүүлэн бодож, Ехова баруун гараас нь бариад удирдан залдгийг ойлгосон. Тийм учраас, Еховад: «Танаас өөр юуг ч газар дээр би хүсдэггүй» гэж хэлжээ (Дуу. 73:23, 25). Дараа нь Бурхныг өөрийнхөө хувь гэж хэлсэн (Дуулал 73:26-г уншина уу). Дуулалчийн «махан бие ба зүрх ... үгүй болж болох» ч Бурхан «мөнхөд [түүний] хувь» байсан. Ехова анд нөхрөө дурсан санаж, үнэнчээр үйлчилснийг нь мартахгүй гэдэгт дуулалч итгэж байсан (Ном. 7:1). Тийм учраас, Асаф их тайвширчээ. Тэрбээр: «Бурханд ойр байх нь надад сайн. ... би БУРХАН Эзэнийг өөрийн хоргодох газар болгосон» хэмээн дуулжээ (Дуу. 73:28).

10 Асаф Бурхныг өөрийнхөө хувь болгосон гэдэг нь леви хүний хувьд хэрэгцээгээ хангуулдаг тухайгаа хэлсэн төдий биш юм. Гол нь, үйлчлэх завшаан болон Хамгийн Дээд Нэгэн болох Еховатай тогтоосон анд нөхрийн харьцааныхаа тухай хэлжээ (Иак. 2:21–23). Еховатай үргэлж анд нөхөр байхын тулд түүнд итгэж найдах хэрэгтэй байсан. Бурхны хэм хэмжээг баримтлан амьдарвал гэрэлт ирээдүйгээр шагнуулна гэдэгтээ Асаф итгэх учиртай байлаа. Та ч бас Төгс хүчит Нэгэнд тийнхүү итгэх хэрэгтэй.

11. Иеремиа Еховагаас юу гэж асуусан бэ? Ехова юу гэж хариулсан бэ?

11 Еховаг өөрийн хувь гэж хэлсэн өөр нэг хүн бол зөнч Иеремиа юм. Энэ үгийг хэлэхдээ ямар санаа илэрхийлснийг нь авч үзье. Иеремиа Иерусалимын ойролцоох левичүүдийн хот болох Анатотод амьдарч байсан (Иер. 1:1). Зөв хүмүүс зовж байхад хорон муу хүмүүс жаргадгийн учрыг олж ядан гайхаж Еховагаас асуух үе Иеремиад ч бас байжээ (Иер. 12:1). Тэрбээр Еховаг зөв шударга Бурхан гэдгийг мэдэх тул Иерусалим, Иудад болсон явдлыг хараад Еховад гомдолложээ. Тэгэхэд нь Ехова Иеремиагаар сүйрлийн тухай зөгнөл хэлүүлээд, дараа нь түүнийгээ хэрэгжүүлсэн. Ингэж Иеремиагийн асуултад хариулжээ. Бурхны зөгнөсөн ёсоор, удирдлага зааврыг нь дагасан зөв хүмүүс амьд үлдэж, анхааруулгыг нь үл тоомсорлосон хорон муу хүмүүс амиа алдсан (Иер. 21:9).

12, 13. а) Иеремиа юуны учир «ЭЗЭН бол миний хувь» гэж хэлэхэд хүрсэн бэ? Иеремиа Еховад найддагаа хэрхэн харуулсан бэ? б) Израилийн бүх овог тэвчээртэй хүлээх хэрэгтэй байсны учир юу вэ?

12 Хожим нь Иеремиаг нутагтаа иртэл, нутаг нь эзгүйрэн хоосроод, харанхуйд алхаж яваа мэт санагджээ. Ехова өөрийг нь «харанхуй газруудад оршин суулгасан» мэт байлаа (Гаш. 1:1, 16; 3:6). Иеремиа зөрүүд израильчуудыг ятгаж тэнгэрийн Эцэг рүүгээ буц гэсэн боловч тэдний бузар муу явдал туйлдаа хүрсэн тул Ехова Иерусалим, Иудаг устгахаас өөр аргагүй болжээ. Иеремиа өөрөө буруугүй хэр нь ихэд шаналжээ. Энэ үедээ Бурхны өршөөлийг санан, «Тэдгээр нь өглөө бүр шинэ юм» хэмээн хэлсэн. Дараа нь: «ЭЗЭН бол миний хувь» гэжээ. Учир нь тэрбээр Еховагийн зөнчөөр үйлчлэх хосгүй завшаан эдэлсээр байсан (Иеремиагийн гашуудал 3:22–24-ийг уншина уу).

13 Израильчууд 70 жил харийн нутагт амьдарч, нутаг орон нь эзгүйрэх байв (Иер. 25:11). Гэвч Иеремиа: «ЭЗЭН бол миний хувь» гэж хэлсэн нь Бурхан өршөөл нигүүлслээ үзүүлнэ гэдэгт итгэдгийг нь харуулдаг. Тийм учраас «Түүнд найддаг» буюу Еховаг тэвчээртэй хүлээдэг байжээ. Израилийн бүх овог өв хөрөнгөө алдсан учир Иеремиа шиг тэвчээртэй хүлээх хэрэгтэй байсан. Ехова л тэдний цорын ганц найдвар байв. 70 жилийн дараа Бурхны ард түмэн эх нутагтаа эргэн ирж, Бурхнаа шүтэх боломжтой болжээ (Ш.дэд 36:20–23).

Бусад хүмүүс ч Еховаг хувь болгосон нь

14, 15. Левичүүдээс өөр хэн Еховаг хувиа болгосон бэ? Яагаад?

14 Асаф Иеремиа хоёр Леви овгийн хүмүүс байсан. Тэгэхлээр зөвхөн левичүүд Бурханд үйлчлэх завшаан эдэлдэг байсан хэрэг үү? Үгүй. Израилийн ирээдүйн хаан, залуу Давид Бурхныг «амьдын газарт миний хувь» гэж хэлжээ (Дуулал 142:1, 5-ыг уншина уу). Давид энэ дууллаа ордон юм уу гэр орондоо биш, харин дайснуудаасаа зугтан, агуйд нуугдаж байхдаа зохиосон. Тэрбээр дор хаяж хоёр удаа агуйд хоргодож байсан. Нэг удаад нь Адулламын ойролцоо, нөгөөд нь Енгедийн цөлд байв. Тэр үедээ 142-р дууллыг зохиосон байж болох талтай.

15 Хэрэв Давид энэ дууллаа агуйд байхдаа зохиосон бол Саул хаанаас зугтаж явсан хэрэг. Саул түүний амийг эрж байсан тул хүрч очиход хэцүү газар, агуйд нуугдсан ажээ (1 Сам. 22:1, 4). Ингэж явахад нь харж хамгаалах найз нөхөргүй мэт санагдсан биз ээ (Дуу. 142:4). Тийм учраас, Бурхнаас тусламж гуйжээ.

16, 17. а) Давид яагаад ганцаардсан бэ? б) Давид хэнээс тусламж гуйсан бэ?

16 Давид 142-р дууллыг зохиохоосоо өмнө тэргүүн тахилч Ахимелехт юу тохиолдсоныг дуулсан байх. Саулаас зугтаж явааг нь мэдээгүй Ахимелех Давидад тусалсан ажээ. Атаархуу хаан Саул Ахимелехийг гэрийнхэнтэй нь хүйс тэмтэрчээ (1 Сам. 22:11, 18, 19). Тэдний үхэлд Давид өөрийгөө буруутгаж байлаа. Өөрт нь тусалсан тахилчийг өөрөө алчихсан юм шиг л санажээ. Та Давидын оронд байсан бол тэгж бодох байсан уу? Ядахад, Саул өөрийг нь зогсолтгүй хөөж байсан учир амсхийх ч боломж байсангүй.

17 Тэгтэл Давидыг ирээдүйн хаанаар тосолсон зөнч Самуел нас барав (1 Сам. 25:1). Давид бүр ч их ганцаардсан байх. Гэсэн ч хэнээс тусламж авахаа мэдэж байсан. Тэр нь Ехова юм. Давид левичүүдийн адил тахилчаар үйлчлээгүй ч өөр нэгэн тусгай ажилд томилогджээ. Тэрбээр Бурхны ард түмний хаан болох байв (1 Сам. 16:1, 13). Давид Еховад сэтгэл зүрхээ уудлан, удирдамж зааварт нь найдсаар байсан. Бурханд хэр чадлаараа үйлчилж байгаа та ч бас Бурхныг өөрийн хувь, хоргодох газар болгож чадна, болгох ч ёстой.

18. Энэ өгүүлэлд гарсан хүмүүс Еховаг яаж хувиа болгож байсан бэ?

18 Энэ өгүүлэлд гарсан хүмүүс Еховаг хувиа болгосон гэдэг нь ямар утгатай вэ? Еховад үйлчлэх тусгай үүрэг хүлээсэн гэсэн үг. Тэд Бурханд найдан, өөрсдөд нь санаа тавина гэж итгэж байсан. Левичүүд ч, Давид гэх мэтийн Израилийн бусад овгийн хүмүүс ч Бурхныг хувиа болгож байсан. Бид яавал тэднийг дууриан, Еховаг хувиа болгож болох вэ? Дараагийн өгүүллээр энэ тухай ярилцъя.

Хариулна уу

• Ехова левичүүдийн хувь болсон гэдгийг юу гэж ойлгох вэ?

• Асаф Иеремиа Давид нар Еховаг хувиа болгосноо хэрхэн харуулсан бэ?

• Бурхныг хувиа болгоход ямар зан чанар хэрэгтэй вэ?

[Догол мөрийн асуулт]

[8-р хуудасны товчлол]

Левичүүдэд газар оногдоогүй. Оронд нь Ехова тэдний хувь болж, өөрт нь үйлчлэх онцгой завшаан олгосон

[7-р хуудасны зураг]

Тахилч болон левичүүдэд Ехова хэрхэн хувь нь болсон бэ?

[9-р хуудасны зураг]

Еховаг хувиа болгосноо мартахгүй байхад нь Асафт юу тус болсон бэ?