Skip to content

Гарчиг руу орох

Тэвчээртэй гүйгтүн

Тэвчээртэй гүйгтүн

Тэвчээртэй гүйгтүн

«Өмнөө тавигдсан уралдаанд тэвчээртэйгээр гүйцгээе» (ЕВР. 12:1).

1, 2. Элч Паул христиан хүний амьдралын замыг юутай зүйрлэсэн бэ?

 ДЭЛХИЙН олон оронд жил бүр марафон гүйлтийн уралдаан болдог. Нэртэй тамирчид түрүүлнэ гэсэн ганцхан зорилготой гүйдэг бол, ихэнх нь түрүүлж чадахгүйгээ мэддэг учраас барианд л орж байвал боллоо гэж боддог.

2 Библид христиан хүний амьдралын замыг уралдааны замтай зүйрлэсэн байдаг. Элч Паул эртний Коринт хотын христиануудад бичсэн эхний захидалдаа энэ санааг илэрхийлэн: «Уралдаанд оролцон гүйгчид бүгд гүйдэг ч нэг нь л шагнал хүртдэгийг та нар мэдэхгүй гэж үү? Та нар ялахын тулд ийнхүү гүйцгээ» хэмээн бичжээ (1 Кор. 9:24).

3. Ганцхан тамирчин шагнал хүртэнэ гэж Паулын хэлснийг юу гэж ойлгох вэ?

3 Коринтын христиануудаас ганцхан хүн л мөнх амиар шагнуулаад, бусад нь юу ч үгүй хоцорно гэж Паул хэлсэн үү? Яалаа гэж дээ! Тамирчид ялагч болохын төлөө сайтар бэлтгэл хийж, уралдаанд хамаг хүчээ шавхан гүйдэг. Паул итгэл нэгтнүүдээ мөнх амийн уралдаанд тэгж л гүйгээсэй гэж хүсжээ. Тэгсэн цагт мөнх амийн шагнал авах байлаа. Барианд орсон бүх христиан шагнал хүртэнэ.

4. Ямар ямар асуултыг авч үзэх хэрэгтэй вэ?

4 Паулын хэлсэн үг урам хайрлахын зэрэгцээ яаж амьдарч байгаагаа нухацтай бодоход хүргэдэг. Еховад таалагдаж амьдардаг бол тэнгэр газрын алинд ч мөнх амьдрах сайхан ирээдүй биднийг хүлээж байна. Гэвч барианы газар хол, аюул осол, анхаарал сарниулах зүйл их бий (Мат. 7:13, 14). Зарим христиан хурдаа сааруулах юм уу эсвэл бүр «гүйхээ» больдог нь тоогүй. Амийн төлөөх уралдааны замд ямар саад тотгор, аюул осол байдаг вэ? Тэдгээрээс хэрхэн зайлсхийх вэ? Барианд орж ялахын тулд яах хэрэгтэй вэ?

Ялахад тэвчээр хэрэгтэй

5. Еврей 12:1-д Паул юуны тухай тайлбарласан бэ?

5 Паул Иерусалим, Иудей дэх еврей христиануудад бичсэн захидалдаа уралдаанд гүйгчдийн тухай дахин дурджээ (Еврей 12:1-ийг уншина уу). Ингэхдээ уралдаанд оролцох хэрэгтэйн учрыг төдийгүй яавал түрүүлэхийг тайлбарлажээ. Паул энэ захидлыг еврей христиануудад яагаад бичих болсон, юу гэж уриалсныг эхлээд ярилцъя. Дараа нь бидэнд сургамж болох зүйлийг авч үзье.

6. Шашны удирдагчид христиануудыг хэрхэн дарамталж байсан бэ?

6 Нэгдүгээр зууны христиануудад янз бүрийн сорилт бэрхшээл тулгарч байжээ. Ялангуяа Иерусалим, Иудейн христианууд ийм зовлон их амссаны учир нь шашны удирдагчид тэднийг эрхэндээ оруулах гэж дарамталдаг байсных юм. Өмнө нь Есүс Христийг өдөөн хатгагч хэмээн яллаж, гэмт хэрэгтэн адил алсан тэдгээр удирдагчид энэ удаа ч эсэргүүцлээ зогсоохыг бодсонгүй. Тэд МЭ 33 оны Пентекостын өдрийн дараахан христианууд руу дайрч довтлох болсныг «Үйлс» номд бичсэн байдаг. Тийм учраас, үнэнч христианууд их зовлон эдэлж байжээ (Үйлс 4:1–3; 5:17, 18; 6:8–12; 7:59; 8:1, 3).

7. Нэгдүгээр зууны христианууд ямар хэцүү үед амьдарч байсан бэ?

7 Бас тэдгээр христиан Иудейн тогтолцоо сүйрэхийн өмнөхөн амьдарч байсан. Бурхан Иерусалимыг устгах гэж байгааг Есүс тэдэнд сануулж, яг өмнө нь юу болох, яавал амьд үлдэхийг тодорхой хэлж өгчээ (Лук 21:20–22-ыг уншина уу). Тэрбээр: «Та нарын зүрх сэтгэл хэт идэж уух явдал, согтуурал болон амьдралын санаа зовнилоор дарамтлагдахгүйн тулд болгоомжлогтун. Тэрхүү өдөр та нар дээр хавх буух мэт гэнэт ирнэ» хэмээн анхааруулсан (Лук 21:34).

8. Зарим христиан юунаас болж хурдаа сааруулах юм уу, гүйхээ больсон бэ?

8 Есүсийг тийн хэлснээс хойш бараг 30 жилийн дараа Паул еврей христиануудад захидал бичжээ. 30 жилийн хугацаанд эдгээр христиан ямар янзтай байсан бэ? Зарим нь дарамт шахалтад автаж, амь зуулгандаа санаа зовон, сүнслэгээр өсөхөө больж, идэвхгүй болжээ (Евр. 5:11–14). Бас Бурхныг шүтдэг, Мосегийн хуулийг сахидаг иудейчүүд шиг амьдарч болно гэж боддог христианууд ч байсан бололтой. Нөгөө хэсэг нь Мосегийн хууль болон Иудейн ёс заншлыг албадан сахиулах гэж оролддог байжээ. Паул христиан ах дүүстээ сүнслэгээр сэргэг байж, уралдаанд тэвчээртэй гүйхэд нь тус болох ямар үг хэлсэн бэ?

9, 10. а) Паул «Еврей» номын 10-р бүлгийн төгсгөлд юу гэж уриалсан бэ? б) Паул Еховагийн эртний үйлчлэгчдийн итгэлийн үйлсийн тухай бичсэний учир юу вэ?

9 Ехова Паулыг удирдаж, еврей христиануудын урмыг сэргээлгэхээр энэ захидлыг бичүүлжээ. Паул захидлынхаа 10-р бүлэгт Мосегийн хуулийг «ирэх сайн юмсын ... сүүдэр нь» гээд, Христийн золих тахилын үнэ цэнийг тодорхой тайлбарласан. Мөнхүү бүлгийн төгсгөлд: «Та нар Бурханы хүслийг биелүүлээд амлагдсаныг хүлээж авахын тулд та нарт тэвчээр хэрэгтэй. “Учир нь айсуй Нэгэн тун удалгүй ирнэ. Тэр саатахгүй ...“» гэж бичжээ (Евр. 10:1, 36, 37).

10 Жинхэнэ итгэл гэж юу болохыг Паул «Еврей» номын 11-р бүлэгт тун оновчтой тайлбарласан байдаг. Тэгээд, бат итгэлтэй түүхэн хүмүүсийн жишээг дурджээ. Тэвчээрийн тухай ярихаасаа өмнө итгэлийн тухай дурдсаны учир юу вэ? Итгэлтэй байхын тулд зоригтой, тэвчээртэй байх ёстойг итгэл нэгтнүүддээ мэдүүлэх хэрэгтэй байсан учраас тэр. Еховагийн эртний үнэнч үйлчлэгчдийн тэр сайхан жишээ еврей христиануудад сорилт бэрхшээлээ даван туулах хүч өгөх байв. Тийм учраас, Паул эртний үнэнч хүмүүсийн итгэлийн үйлсийг жагсааж бичээд, «Бид өөрсдийг минь хүрээлэн буй гэрчлэлийн [«гэрчүүдийн», ШЕ] үлэмж агуу үүлтэй тул аливаа саад тотгор ба биднийг тун амархан урхиддаг нүглийг хажуу тийш нь тавьж, өмнөө тавигдсан уралдаанд тэвчээртэйгээр гүйцгээе» гэж уриалжээ (Евр. 12:1).

Гэрчүүдийн үүл

11. «Гэрчүүдийн үлэмж агуу үүлний» тухай бодох нь ямар ач тустай вэ?

11 Паул Еховагийн эртний үйлчлэгчдийг «гэрчүүдийн үлэмж агуу үүл» гэжээ. Тэд Еховад эцсээ хүртэл үнэнч үйлчилсэн. Христиан хүн ямар ч үед үнэнч байж болдгийг тэдний жишээ харуулдаг. «Гэрчүүдийн үүлийг» бариандаа орж чадсан тамирчидтай зүйрлэж болно. Тэднийг дууриавал цааш үргэлжлүүлэн гүйх урам зориг ордог. Уралдаанд оролцож байгаа шинэхэн тамирчинг туршлагатай сайн тамирчид хараад, хөгжөөн дэмжвэл тэр хүн барианд орохын төлөө хамаг хүчээ шавхах болно. Бурхны эртний үйлчлэгчид сүнслэг уралдаанд хүчээ шавхан гүйж ялагч болсон туршлагатай сайн тамирчид юм. Тиймээс нэгдүгээр зууны христианууд тэдний жишээг санаж явбал урам зоригтой болж, «тэвчээртэйгээр гүйн», бариандаа орж чадах байв. Бид ч бас ялгаагүй.

12. Паулын татсан жишээ бидэнтэй ямар холбоотой вэ?

12 Паулын дурдсан олон үнэнч хүн биднийхтэй адил нөхцөлд амьдарч байсан. Жишээ нь, Ноа Усан галав юүлэх дөхсөн үед амьдарч байсан бол, бид ёс бус ертөнцийн төгсгөл ойртсон цаг үед амьдарч байна. Абрахам Сара хоёр жинхэнэ Бурхныг шүтэж, түүний амлалт биелэхийг хүлээхийн тулд төрсөн нутгаа орхих тушаал авчээ. Бид бас өөрсдийнхөө төлөө бус, Бурхны төлөө амьдрах ёстой. Ингэвэл ивээл хүртэнэ. Мосе аймшигт цөлийг туулан Амласан газрыг зорьж явсан бол, бид мөхөж буй ертөнцөд амьдрангаа Бурхны амласан шинэ ертөнцийг хүлээж байна. Тэгэхлээр энэ үнэнч хүмүүсийн амжилт бүтээл, алдаа дутагдал, хүчтэй хийгээд сул талыг бодож үзэх нь туйлын чухал юм (Ром 15:4; 1 Кор. 10:11).

Барианд ороход нь юу тус болсон бэ?

13. Ноа ямар ярвигтай даалгавар авсан бэ? Юуны ачаар даалгавраа биелүүлж чадсан бэ?

13 Еховагийн эрний үйлчлэгчид юуны ачаар тэвчиж, барианд орж чадсан бэ? Паул Ноагийн тухай юу гэж бичсэнийг анхааръя (Еврей 11:7-г уншина уу). Бүх хүн, амьтныг устгасан үер болохыг Ноа хэзээ ч үзээгүй (Эх. 6:17). Урьд хожид болж байгаагүй цоо шинэ зүйл болох гэж байлаа. Гэсэн ч Ноа эргэлзэж тээнэгэлзээгүй. Яагаад? Ехова юу ч хэлсэн, түүнийгээ биелүүлнэ гэдэгт итгэж байсан. Тиймээс Еховагийн даалгасан ажлыг хэтэрхий хүнд гэж бодолгүй, «ёсоор гүйцэтгэжээ» (Эх. 6:22). Хөвөгч авдар хийх, амьтдыг цуглуулах, хүн малд зориулж хоол хүнс нөөцлөх, сэрэмжлүүлэх мэдээ тунхаглах, эхнэр хүүхдээ Еховад бат итгэлтэй байлгах зэргээр Ноагийн хийсэн бүхнийг бодож үзвэл энэ бүхэн тийм амар «ёсоор гүйцэтгэх» ажил биш байв. Гэвч Ноа итгэлтэй, тэвчээртэй байсны ачаар тэднийхэн аврагдаж, их ивээл хүртсэн.

14. Абрахам Сара хоёр ямар сорилтыг тэвчсэн бэ? Бидэнд ямар сургамжтай вэ?

14 «Гэрчүүдийн үүлний» тоонд багтдаг дараагийн хүмүүс нь Абрахам Сара хоёр юм. Тэд Ур хот дахь тохь тухтай орон гэрээ орхиж явахдаа цаашдаа юу болохыг ч мэдээгүй. Гэвч Еховад бат итгэн, хэцүү нөхцөлд ч дуулгавартай байсан. Абрахам Еховагийн төлөө олон юмаа золиосолсон учир Библид түүнийг «итгэдэг бүх хүний эцэг» гэдэг (Ром 4:11). Еврей христианууд Абрахамын амьдралын нарийн ширийнийг сайн мэддэг байсан учраас Паул түүний амьдралд тохиолдсон онцгой хэдхэн явдлыг дурджээ. Гэсэн ч энэ нь Абрахам болон түүний гэрийнхний итгэл хэр зэрэг бат байсныг харуулах хангалттай нотолгоо болдог. Паул тэдний тухай: «Тэд бүгд амлалтуудыг хүлээж авалгүй, харин холоос тэдгээрийг харж, мэндчилж, өөрсдийгөө дэлхийд харь хүмүүс хийгээд цөлөгдөгсөд гэдгийг хүлээн зөвшөөрөн итгэл дотор нас барсан билээ» гэж хэлсэн (Евр. 11:13). Тэд Бурхантай дотно, бат итгэлтэй байсныхаа ачаар уралдаанд тэвчээртэй гүйсэн.

15. Мосе ямар шийдвэр гаргасан бэ? Яагаад?

15 Мосе бол Еховад үйлчилдэг үлгэр жишээ «гэрчүүдийн үүлний» нэг хэсэг нь юм. Тэрбээр хааны ордны баян тансаг амьдралыг орхиж, «Бурханы хүмүүсийн хамт ад үзэгдсэн нь дээр гэдгийг ... сонгосон». Яагаад ийм шийдвэр гаргасан бэ? Паул энэ асуултад хариулж: «Учир нь тэр шагнал уруу харж байлаа. ... үзэгдэхгүй Түүнийг харж байгаа мэт тэвчсэн ажээ» гэж бичжээ (Еврей 11:24–27-г уншина уу). Мосе «нүглийн цаг зуурын жаргал» эдлэхийг бодоогүй. Түүний хувьд Бурхан бодитой байсан бөгөөд амласан бүхэн нь биелнэ гэдэгт бат итгэж байсан учраас ер бусын зориг, тэвчээр гаргажээ. Улмаар израильчуудыг Египетээс Амласан газар хүртэл удирдахын төлөө бүхнээ зориулсан.

16. Амласан газар орохыг нь зөвшөөрөөгүй ч Мосе яагаад гуньж гутраагүй вэ?

16 Мосе Абрахамын адилаар Бурхны амлалт биелэхийг үзэлгүй нас барсан. Израильчуудыг Амласан газар орохын даваан дээр Бурхан Мосед: «Чи тэр газрыг алсаас харж болно. Харин чи Израилийн хөвгүүдэд Миний өгч буй тэр газар уруу тийш орж болохгүй» гэж тушаажээ. Учир нь Аарон тэр хоёр ард олны дэгдээсэн үймээн самуунаас болж уурлан, «Мериба-кадешийн усны дэргэд Израилийн хөвгүүдийн дунд [Бурханд] итгэлгүй хандсан» ажээ (Д.хууль 32:51, 52). Мосе гуньж гутрах юм уу уурлаж уцаарласан уу? Үгүй ээ. Харин ч ард олныг ерөөснийхөө дараа: «Израиль аа! Чи ерөөлтэй еэ! ЭЗЭНий авралыг хүртсэн чам шиг ард түмэн хэн юм бэ? Тэр бол чамд туслах бамбай, чиний сүр жавхлант илд юм» хэмээн хэлжээ (Д.хууль 33:29).

Сургамж авах нь

17, 18. а) «Гэрчүүдийн үүлнээс» юу сурч болох вэ? б) Дараагийн өгүүллээр юу үзэх вэ?

17 «Өөрсдийг маань хүрээлэн буй гэрчүүдийн үлэмж агуу үүлийг» бүрдүүлдэг зарим хүний түүхийг ярилцлаа. Барианд орохын тулд Бурханд бат итгэж, амласан бүхэн нь биелнэ гэдэгт өчүүхэн ч эргэлзэхгүй байх ёстойг мэдэж авлаа (Евр. 11:6). Бид ийм итгэлээр жигүүрлэн амьдрах учиртай. Бурхан илүү сайхан ирээдүйг амласан билээ. Бид «үзэгдэхгүй Түүнийг» харж чаддаг учир тэвчээртэйгээр гүйж чадна (2 Кор. 5:7).

18 Амийн төлөөх уралдаанд оролцох нь тийм ч хялбар биш. Гэсэн ч барианд орох бүрэн боломжтой. Бидэнд өөр юу тус болохыг дараагийн өгүүллээр үзнэ.

Тайлбарлана уу

• Паул эртний «гэрчүүдийн» итгэлийн үйлсийг бичсэний учир юу вэ?

• «Өөрсдийг маань хүрээлэн буй гэрчүүдийн үлэмж агуу үүлний» жишээг бодож үзэх нь тэвчээртэй гүйхэд хэрхэн урам хайрладаг вэ?

• Та, Ноа Абрахам Сара Мосе нарын үнэнч «гэрчүүдээс» юу сурч авсан бэ?

[Догол мөрийн асуулт]

[19-р хуудасны зураг]

Абрахам Сара хоёр тохь тухтай амьдралаа орхиж Ур хотоос явахад бэлэн байсан