Би Еховад үйлчлэхдээ баярладаг
Би Еховад үйлчлэхдээ баярладаг
Фред Раскийн яриа
Дуулал 27:10-т: «Миний эцэг, эх намайг орхисон. Харин ЭЗЭН [«Ехова», ШЕ] намайг босгоно» гэж бичсэн Давидын үгийн үнэнийг би бага залуугаасаа үзсэн. Чухам юу болсныг ярьж өгье.
БИ 1930-аад оны Их хямралын үед АНУ-ын Жоржиа мужид хөвөнгийн аж ахуй эрхэлдэг өвөөгийндөө өсөж өндийсөн юм. Ээж дүү хоёрын үхлээс болж хүнд цохилтод орсон аав минь намайг өвөө дээр орхиод, ажил олж хийхээр хот газар бараадсан. Хожим нь аав намайг өөр дээрээ авах гэж нэлээд хэдэн удаа оролдоод чадаагүй.
Аавын эгч нар ар гэрээ авч явдаг байсан. Өвөө минь шүтлэггүй ч, авга эгч нар баптист сүмийн сургаалыг чанд сахидаг хүмүүс байсан юм. Би тэдэнд зодуулахаасаа айгаад ням гариг бүр аргагүйн эрхэнд сүмд очдог байв. Тийм болохоор багаасаа л шашин сонирхдоггүй, харин сургуульд явах, спортоор хичээллэх дуртай байж билээ.
Амьдралыг минь өөрчилсөн уулзалт
1941 оны нэгэн өдөр, намайг 15-тай байхад нэг хүн эхнэртэйгээ манайд ирлээ. Тэр хүн: «Би чиний авга ах Талмаж Раск байна» гэж өөрийгөө танилцуулав. Сургийг нь ч сонсож байгаагүй энэ ах эгч хоёрыг Еховагийн Гэрч гэж тэгэхэд л мэдсэн юм. Тэрбээр хүн төрөлхтнийг дэлхий дээр мөнх амьдруулах Бурхны санаа зорилгын тухай ярьж өгөхөд сүмд сонссон зүйлээс шал өөр байж билээ. Манай гэрийнхэн бараг бүгдээрээ тэдний ярьсныг таашаасангүй. Харин ч бүр жигшин, дахиж битгий ирээрэй гэж хэлсэн. Гэхдээ аавын бага дүү, надаас гурав эгч Мери тэднээс Библи болон Библийн сургаалыг тайлбарласан ном хэвлэл авсан.
Мери эгч үнэнийг олсноо шууд ойлгоод, 1942 онд баптисм хүртэн Еховагийн Гэрч болсон. Тэрбээр Есүсийн: «Хүний дайсан нь өөрийнх нь гэр бүлийнхэн нь болно» гэж зөгнөснийг биеэрээ амссан даа (Мат. 10:34–36). Манайхан улам их эсэргүүцэх болов. Орон нутгийн захиргаанд нэр нөлөөтэй том авга эгч хотын захирагчтай хуйвалдан, Талмаж ахыг баривчлуулсан. Тэгээд зөвшөөрөлгүй худалдаа хийсэн хэргээр шоронд хорьсон.
«Энэ хүний тарааж байгаа хэвлэл ... хор адил аюултай» гэж хотын захирагч бөгөөд шүүгчийн хэлсэн үгийг орон нутгийн сонинд нийтэлсэн байлаа. Авга ах давж заалдаад заргаа авсан ч шоронд арав хоносон.
Мери эгч надад тусалсан нь
Мери эгч шинэ итгэл үнэмшлийнхээ тухай надаас гадна хөршүүддээ ярьдаг байлаа. Нэг хүнтэй Библийн хичээл хийхдээ намайг дагуулж очив. Тэр хүн эгчээс авсан «Шинэ ертөнц» * гэдэг номоо шөнөжин уншсаныг эхнэр нь ярьж билээ. Би ер нь ямар нэг шашинд орохыг хүсээгүй ч мэдсэн зүйлдээ сэтгэл минь татагдсан юм. Гэхдээ Библийн сургаалд биш. Еховагийн Гэрчүүд эсэргүүцэлд яаж хандаж байгаа нь миний сэтгэлийг их хөдөлгөсөн.
Нэгэн өдөр Мери эгч бид хоёр талбай дээр ажиллачихаад харих замдаа хог шатаах зуухнаас утаа гарахыг харав. Тэгтэл эгч нар Мери эгчийн ном хэвлэл, эгшигт хайрцаг, Библийн мэдээтэй бичлэг зэргийг шатаасан байлаа. Би маш их уурлатал том авга эгч намайг загнан, «Хожим та нар бидэнд баярлана даа» гэж хэлсэн.
Мери эгч шинэ итгэл үнэмшлээсээ няцаж, хөршүүддээ дэлгэрүүлэхээ болихыг хүсээгүй тул 1943 онд гэрээсээ явахаас өөр аргагүйд хүрсэн. Тэр үед би Бурхныг Ехова гэдэг нэртэй төдийгүй, хүмүүсийг галт тамд шатаадаггүй, хайрын сэтгэлтэй, өрөвч Бурхан гэж мэдээд сэтгэл их хөдөлж билээ. Бас Ехова хүмүүст санаа тавьдаг байгууллагатай гэдгийг цуглаанд очиж үзэхээсээ өмнө мэдсэн юм.
Намайг өвс бухалдаад зогсож байтал машинтай хоёр хүн дөхөж ирснээ, «Чи Фред үү?» гэж асуулаа. Би тэднийг Гэрчүүд гэж мэдмэгцээ, «Намайг машиндаа суулгаач. Хэдүүлээ аюулгүй газар очиж ярилцъя» гэлээ. Мери тэднийг над руу ирүүлсэн юм байжээ. Тэр хоёрын нэг нь явуулын үйлчлэгч (одоогийнхоор дүүргийн харгалзагч) Шийлд Түтжиян байв. Тэр хүн намайг зоригжуулж, цагаа олсон зөвлөгөө өгч билээ. Еховагийн Гэрчүүдийн талд орсноос хойш манайхан намайг эсэргүүцэж эхлэв.
Виржиниад нүүж очсон хойноо Мери эгч над руу захиа явуулав. Еховад үйлчилье гэвэл над дээр ирээрэй гэсэн байлаа. Би шууд л явахаар болов. 1943 оны аравдугаар сарын нэгэн баасан гаригийн орой хэрэгтэй гэсэн юмаа хайрцагт хийгээд, гэрээсээ хол нэг модонд уялаа. Маргааш нь нөгөө хайрцгаа аваад, хөршийнх рүүгээ очдог замаар явж, машинд дайгдан төв ороод, тэндээсээ Роунок хотод очив. Тэгээд Эдна Фаулс гэдэг хүний гэрт амьдарч байсан Мери эгчтэйгээ уулзсан юм.
Сүнслэгээр өсөж, баптисм хүртээд, бетелчин болсон нь
Өрөвч сэтгэлтэй, тослогдсон Гэрч Эднаг орчин үеийн Лудиа гэж хэлж болно. Тэрбээр том байшингаа түрээслүүлэхийн зэрэгцээ Мери эгчийг болон бэргэнээ хоёр охинтой нь гэртээ суулгадаг байв. Гледис Грегори, Грейс Грегори гэдэг тэр хоёр охин хожим нь миссионер болсон. Гледис одоо 90 настай ч Япон дахь салбарт үйлчилж байна.
Би Эдна эгчийнд байхдаа цуглаанд тогтмол явж, дэлгэрүүлэхийг заалгасан. Ямар ч саадгүйгээр Бурхны Үгийг судалж, цуглаанд явж байсны ачаар сүнслэгээр өсөж, 1944 оны зургадугаар сарын 14-нд баптисм хүртэв. Мери эгч, Гледис, Грейс гурав Виржиниагийн хойд хэсэгт эхлэгчээр томилогдож очоод, Лисбургт хурал үүсгэн байгуулалцсан. 1946 оны эхээр би тэндээс холгүй газар эхлэгчээр үйлчилж эхэлсэн. Тэр жилийн наймдугаар сарын 4–11-нд Охайо мужийн Кливленд хотод зохиогдсон олон улсын чуулганд бид хамт очиж оролцсон нь санаанаас гардаггүй.
Тэр чуулган дээр байгууллагын ерөнхийлөгч Нейтан Норр Бруклины Бетелийг өргөтгөх төлөвлөгөөг танилцуулсан юм. Орон сууц, хэвлэх үйлдвэрийн барилга барихаар төлөвлөж байсан тул Гэрч залуус их хэрэгтэй байв. Энэ л миний, Еховад үйлчлэх газар байна гэж бодоод анкет бөглөлөө. Хэдхэн сарын дараа буюу 1946 оны 12-р сарын 1-нд бетелчин болсон.
Жил орчмын дараа хэвлэх үйлдвэрийн харгалзагч Макс Ларсон Илгээх тасагт байдаг миний ширээний дэргэд ирээд, Үйлчлэлийн тасагт томилогдсоныг минь дуулгав. Тэнд очоод би, ялангуяа тасгийн харгалзагч Т. Ж. (Бад) Салливантай хамт ажиллах хугацаандаа Библийн зарчмыг хэрэгжүүлэх болон Бурхны байгууллагын үйл ажиллагааны талаар их юм мэдэж авсан.
Аав минь намайг Бетелд байхад хэд хэдэн удаа ирсэн. Насныхаа эцэст сүсэг бишрэлтэй болсон тэрбээр сүүлчийн удаа 1965 онд ирэхдээ: «Уулзъя гэвэл манайд очоорой. Би дахин энд ирэхгүй шүү» гэж хэлсэн. Би аавыгаа өнгөрөхөөс өмнө хэдэн удаа очиж уулзсан. Аав өөрийгөө тэнгэрт гарна гэж бодож байсан. Харин би аавыгаа Еховагийн ой санаанд байгаа гэж боддог. Хэрэв тийм бол нас барагсад амилах цагаар аав тэнгэрт биш, энэ дэлхий дээр сэргээсэн Диваажинд мөнх амьдрах найдвартай болно.
Дурсамжтай чуулганууд, барилгын ажил
Хурал болоод хувь хүнийг сүнслэгээр өсөхөд чуулган чухал үүрэг гүйцэтгэсээр ирсэн. 1950-аад онд Нью-Йоркийн «Янки» цэнгэлдэх хүрээлэнд болсон олон улсын чуулганууд бүр ч онцгой. 1958 онд 123 орноос 253 922 хүн ирэхэд «Янки», «Поло Граундс» цэнгэлдэх хүрээлэн пиг дүүрч билээ. Тэр үед болсон нэг явдлыг мартдаггүй юм. Намайг чуулган зохион байгуулах тасагт тусалж байтал Норр ах хар хурдаараа давхиж ирэв. Тэгснээ: «Фред, би яагаад ч юм, эхлэгчдийн уулзалтад үг хэлэх хүнийг томилолгүй орхичихжээ. Түрээсэлсэн цайллагын танхимд одоо бүх эхлэгч цугласан байгаа. Чи бушуухан очихгүй юү. Замдаа ямар нэг сэдэв бодож олоод, сайхан илтгэл тавьчих» гэлээ. Би туж залбирсаар яваад, амьсгаа дээгүүр очиж билээ.
50, 60-аад онд Нью-Йорк дахь хурлуудын тоо илт нэмэгдэж, түрээсэлж байсан Хаанчлалын танхимууд шаардлага хангахгүй болж ирлээ. Тийм болохоор 1970–1990 онд Манхаттенд гурван барилга худалдан авч, цуглаан хийхэд тохиромжтой болгож зассан. Энэ барилгын ажлыг надад хариуцуулсан юм. Олон сайхан дурсамж үлдэж дээ. Барилгын ажлыг санхүүжүүлэхийн зэрэгцээ хамтран ажилласан хурлуудыг Ехова арвин ихээр ивээснийг санаж байна. Энэ барилгууд одоо ч жинхэнэ шүтлэгийн төв хэвээрээ байгаа.
Амьдрал өөрчлөгдсөн нь
1957 оны нэг өдөр Бетелийн орон сууц, хэвлэх үйлдвэр хоёрын дунд байдаг цэцэрлэг дамжин, ажил руугаа алхаж явтал бороо орж эхлэв. Урд минь гоё шаргал үстэй, бетелчин бүсгүй шүхэргүй явж байлаа. Би түүнийг шүхэр дороо оруулав. Ингэж л Маржритайгаа учирсан юм даа. Бид 1960 онд хуримаа хийж, тэр цагаас хойш нартай, бороотой аль ч өдөр хамтдаа баяр хөөртэй алхан, Еховад үйлчилсээр явна. Бид гэрлэснийхээ 50 жилийн ойг 2010 оны есдүгээр сард тэмдэглэсэн.
Бал сарын аяллаас буцаж ирмэгц Норр ах «Гилеад» сургуулийн багшаар томилогдсоныг минь дуулгав. Ямар онцгой завшаан байсан гэж санана! 1961–1965 онд голдуу салбарт ажилладаг хүмүүсээс бүрдсэн 5 ангийг өмнөхөөс нь урт хугацаагаар хичээллүүлж, салбарыг удирдах тусгай сургалт явуулсан. 1965 оны намраас дахин таван сарын хугацаатай болгож, миссионер бэлтгэхэд голчлон анхаарах болсон.
1972 онд намайг «Гилеад» сургуулиас Захидал харилцааны тасагт шилжүүлэв. Тэнд би харгалзагчаар үйлчлэх боллоо. Янз бүрийн асуултад хариу өгөх гэж судалгаа хийж байсны ачаар Библийн сургаалыг илүү сайн ойлгож, Бурхны өндөр хэм хэмжээг яаж сахихыг бусдад сайн зааж өгч чаддаг болсон.
Дараа нь, 1987 онд Эмнэлгийн мэдээллийн алба гэдэг шинэ тасагт томилогдов. Эмнэлэгтэй хамтран ажиллах хорооны ахлагчдад эмч, шүүгч, нийгмийн ажилтнуудтай хэрхэн харьцаж, цусны талаарх Библийн үзэл бодлоо тайлбарлахыг заасан семинар зохиогдлоо. Эмч нар ихэнхдээ шүүхийн шийдвэр гаргуулж байгаад Гэрчүүдийн хүүхдүүдэд дур мэдэн цус сэлбэж байсан нь нэлээд ярвигтай байв.
Цусгүй эмчилгээний арга хувилбар хэлж өгөхлөөр эмч нар их төлөв боломжгүй гэх юм уу хэтэрхий үнэтэй гэдэг байв. Тэгэхлээр нь би: «Та надад гараа өг дөө» гэж хэлдэг. Эмчийг гараа өгөхлөөр нь «Та цусгүй эмчилгээ хийж чадах алтан гартай эмч байна» гэж хэлдэг байлаа. Ингэж магтахлаар мэс заслын хутгыг болгоомжтой хэрэглэвэл цус бага алдана гэсэн зарчмыг тэр эмч санадаг байв.
Сүүлийн хорин жилийн хугацаанд эмч, шүүгчдийг гэгээрүүлэх ажлыг Ехова их ивээсэн. Бидний байр суурийг илүү сайн ойлгодог болохын хэрээр хандлага нь нэлээд өөрчлөгдсөн. Цусгүй эмчилгээний арга хувилбарууд үр дүнтэй нь анагаах ухааны судалгаа шинжилгээгээр хэдийнээ нотлогдсон бөгөөд цусгүй эмчилгээг хүлээн зөвшөөрдөг эмч, эмнэлэг олон байдгийг тэд мэдсэн.
1996 оноос Маржри бид хоёр Бруклинээс хойш 110 километрт орших Нью-Йоркийн Паттерсон дахь Харуулын Цамхаг Нийгэмлэгийн Сургалтын төвд үйлчлэх болов. Урьд нь би энд Үйлчлэлийн тасагт ажиллаж байсан. Бас салбарын удирдах ажилтнууд, явуулын харгалзагчдыг сургах ажилд оролцож байв. Бруклинээс Паттерсон руу шилжсэн Захидал харилцааны тасгийн харгалзагчаар сүүлийн 12 жил дахин үйлчилж байна.
Нас ахихын зовлон
Бетелд үйлчлэх нь завшаантай ч, 80 гарсан надад амархан биш юм. Арав гаруй жил хорт хавдартай тэмцэж байна. Би өөрийгөө Хезекиатай адилхан гэж боддог. Ехова түүний насыг уртасгадаг шүү дээ (Ис. 38:5). Эхнэр маань ч бие муутай, Альцгеймертэй. Бид хоёулаа энэ хэцүү үеийг давах гэж тэмцэж байна. Маржри бол Еховагийн чадварлаг үйлчлэгч, залуу үеийг сурган хүмүүжүүлэгч, миний итгэлт туслагч, үнэнч хамтран зүтгэгч юм. Бас Библийг нямбайлан судалдаг, сайн ч заадаг. Бид сүнслэг хүүхдүүдтэйгээ байнга холбоотой байдаг.
Мери эгч маань 2010 оны гуравдугаар сард 87 насандаа таалал төгссөн юм. Тэрбээр Бурхны Үгийн маш сайн багш байсан бөгөөд олон хүнийг жинхэнэ шүтлэгтэй болоход тусалсан. Олон жил бүрэн цагаар үйлчилсэн. Бурхны Үгийн үнэнийг мэдүүлж, хайрын Бурхан Еховагийн үйлчлэгч болох замд хөтөлж оруулсан эгчдээ би маш их талархдаг. Мери эгчийг нөхрийнх нь булшны дэргэд оршуулсан. Нөхөр нь дээр үед Израильд миссионерээр үйлчилж байсан юм. Тэд дахин амилах цагаа хүлээн Еховагийн санаанд байгаа.
Еховад үйлчилсэн 67 жилээ эргэн харахад, намайг мөн ч их ивээж дээ. Еховагийн хүсэл тааллыг биелүүлэхдээ би үргэлж баярладаг. Хайр энэрлийн Бурханд итгэсээр ирсэн учир «Миний нэрийн төлөө гэр орноо, ах дүүсээ, эгч дүүсээ, эсвэл эцэг эхээ, хүүхдүүдээ, эсвэл эдлэн газраа орхисон хүн бүр зуу дахин ихийг хүртэх бөгөөд мөнх амийг өвлөх болно» гэж Хүүгийнх нь хэлсэн амлалт биелэхийг тэсэн ядан хүлээж байна (Мат. 19:29).
[Зүүлт]
^ 1942 онд хэвлэгдсэн. Одоо хэвлэхээ больсон.
[19-р хуудасны зураг]
1928 онд АНУ-ын Жоржиа муж дахь өвөөгийнхөө хөвөнгийн ферм дээр
[19-р хуудасны зураг]
Мери эгч Талмаж ах хоёр
[20-р хуудасны зураг]
Мери Гледис Грейс гурав
[20-р хуудасны зураг]
1944 оны 6-р сарын 14-нд баптисм хүртэж байгаа нь
[20-р хуудасны зураг]
Бетелд, Үйлчлэлийн тасагт
[21-р хуудасны зураг]
1958 онд «Янки» цэнгэлдэх хүрээлэнд болсон олон улсын чуулган дээр Мери эгчийн хамт
[21-р хуудасны зураг]
Маржри бид хоёрын хуримын өдөр
[21-р хуудасны зураг]
2008 онд