Skip to content

Гарчиг руу орох

«Бүх гашуудагсдыг тайвшруул»

«Бүх гашуудагсдыг тайвшруул»

«Бүх гашуудагсдыг тайвшруул»

«Бүх гашуудагсдыг тайвшруул [гэж] ЭЗЭН намайг . . . томилсон юм» (ИС. 61:1, 2).

1. Есүс гашуудагсдад хэрхэн хандсан бэ? Яагаад?

 ЕСҮС ХРИСТ: «Миний хоол бол Намайг илгээсэн Түүний хүслийг үйлдэн, ажлыг нь гүйцэлдүүлэх явдал мөн» гэж хэлжээ (Иох. 4:34). Тэрбээр даалгавраа биелүүлж байхдаа гайхам сайхан зан чанартай Эцгээ дууриан хүмүүсийг асар ихээр хайрладаг байлаа (1 Иох. 4:7–10). Элч Паул Еховаг «бүх тайвшралын Бурхан» хэмээн бичсэнээс тэрхүү хайрын нэг илрэл харагддаг (2 Кор. 1:3). Есүс ийм хайр илэрхийлжээ. Үүнийг Исаиа зөгнөсөн байсан (Исаиа 61:1, 2-ыг уншина уу). Есүс Назарын синагогт энэ зөгнөлийг уншиж, өөрт нь хамаатай болохыг хэлжээ (Лук 4:16–21). Дэлхийд үйлчилж байх хугацаандаа гашуудаж буй хүмүүсийг зоригжуулж, тайвшруулж байсан.

2, 3. Христийн дагалдагчид бусдыг яагаад тайвшруулах хэрэгтэй вэ?

2 Есүсийн дагалдагчид бүгдээрээ Багшийгаа дууриан, гашуудаж буй хүмүүсийг тайвшруулах хэрэгтэй (1 Кор. 11:1). Паул: «Нэг нэгнийгээ тайтгаруулж, нэг нэгнийгээ барьж байгуулагтун» гэж хэлжээ (1 Тес. 5:11). Одоо «эцсийн өдрүүдийн» «хэцүү цаг» тул хүмүүсийг тайвшруулах зайлшгүй шаардлагатай (2 Тим. 3:1). Дэлхий даяар чин сэтгэлтэй олон хүн хэн нэгний үг яриа, үйлдлээс болоод сэтгэлийн шаналал, уйтгар гунигт автах нь улам ихсэж байна.

3 Библид зөгнөсний дагуу энэхүү ёс бус тогтолцооны эцсийн өдрүүдэд «өөрсдийгөө хайрлагчид, мөнгийг хайрлагчид, сагсуурагчид, их зантай, доромжлогчид, эцэг эхдээ захирагдахгүй, үл талархагч, ариун бус, үл хайрлагч, эвлэршгүй, гүжирдэгчид, биеэ хянадаггүй, хэрцгий, сайныг үзэн ядагчид, тэрслэгчид, бодлогогүй, биеэ тоодог, Бурханыг хайрлагчид байхаас илүү зугаа цэнгэлийг хайрлагчид» олон байна. Муу хүмүүсийн үзэл бодол, үйл хэрэг «улам бүр бузар муу» болж байна (2 Тим. 3:2–4, 13).

4. Өнөөдөр дэлхий даяар юу болж байна вэ?

4 Үүнд гайхах хэрэггүй. Учир нь «бүх ертөнц нь муу нэгний дотор байдаг» гэж Бурхны Үг тодорхой хэлдэг (1 Иох. 5:19). «Бүх ертөнц» гэдэгт улс төр, шашин, худалдаа болон суртал ухуулгын тогтолцоо ордог. Сатан Диаволыг «ертөнцийн захирагч», «энэ үеийн бурхан» гэсэн нь яах аргагүй зөв юм (Иох. 14:30; 2 Кор. 4:4). Сатан одоо «үлэмж их уур хилэнтэй» байгаа учраас дэлхийн нөхцөл байдал улам муудаж байна. Түүнд цаг хугацаа маш бага үлджээ (Илч. 12:12). Ехова Сатан болон түүний ёс бус тогтолцоог удахгүй устгаж, өөрийнхөө хэмжээгүй эрх мэдэлд хамаатай асуудлыг шийдвэрлэнэ гэж бодохлоор хэчнээн тайвшрам бэ! (Эх. 3-р бүлэг; Иов 2-р бүлэг).

Сайн мэдээ дэлхий даяар тунхаглагдана

5. Дэлгэрүүлэх ажлын тухай зөгнөл эцсийн өдрүүдэд хэрхэн биелж байна вэ?

5 Хүн төрөлхтний түүхийн энэ хэцүү цагт Есүсийн зөгнөл биелж байна. Тэрбээр: «Хаанчлалын энэхүү сайн мэдээ бүх үндэстэнд гэрчлэл болж дэлхий даяар тунхаглагдана. Тэгээд төгсгөл ирнэ» хэмээн зөгнөжээ (Мат. 24:14). Бурхны Хаанчлалыг гэрчлэх ажил урьд хожид байгаагүй өргөн цар хүрээтэй өрнөж байна. Эдүгээ дэлхий дахинд буй 107 000 гаруй хурлын 7 500 000 гаруй Еховагийн Гэрч Есүсийн адилаар Бурхны Хаанчлалын тухай дэлгэрүүлж, шавь бэлдэж байна (Мат. 4:17). Гашуудаж буй олон хүн энэ ажлын үрээр тайвширдаг. Сүүлийн хоёрхон жилийн дотор нийт 570 601 хүн баптисм хүртэж, Еховагийн Гэрч болсон!

6. Дэлгэрүүлэх ажил өргөжин тэлж байгаа нь танд ямар санагдаж байна вэ?

6 Эдүгээ Еховагийн Гэрчүүд Библид үндэслэсэн ном хэвлэлийг 500 гаруй хэлээр орчуулан, тарааж байна. Дэлгэрүүлэх ажлын цар хүрээ ийнхүү өргөжин тэлсэн нь урьд хожид гарч байгаагүй том амжилт юм! Еховагийн байгууллагын дэлхий дэх хэсэг оршин тогтнож, үйл ажиллагаагаа явуулж, өргөжин тэлж байгаа нь үнэхээр гайхалтай. Бурхны хүчирхэг ариун сүнсний удирдлага, тусламж байгаагүйсэн бол Сатаны мэдэлд байдаг энэ ертөнцөд ийм гайхамшиг болохгүй байх байсан. Сайн мэдээ дэлхий даяар тунхаглагдаж байгаа учраас итгэл нэгтнүүд маань төдийгүй Хаанчлалын мэдээг хүлээж авсан хүмүүс ч тайвширдаг.

Итгэл нэгтнээ тайвшруулах нь

7. а) Ехова бүх зовлонг яг одоо үгүй болгоно гэж бодох ёсгүйн учир юу вэ? б) Хавчлага, зовлонг тэвчих боломжтойг хаанаас мэдэж болох вэ?

7 Ёс бус явдал, гай зовлонгоор дүүрсэн энэ ертөнцөд бид ямар нэг хэмжээгээр зовох нь гарцаагүй. Бурхан энэ тогтолцоог устгасан цагт бүх зовлон үндсээрээ арилна. Тэр болтол Еховагийн хэмжээгүй эрх мэдлийг дэмжигч бид зөгнөл ёсоор хавчигдаж, Бурханд үнэнч эсэх маань соригдоно (2 Тим. 3:12). Гэвч хавчлага, зовлонг итгэлтэй, тэвчээртэй давсан эртний Тесалоникийн тослогдсон христиануудыг Ехова тайвшруулж байсан шигээ биднийг ч бас тайвшруулна (2 Тесалоник 1:3–5-ыг уншина уу).

8. Ехова үйлчлэгчдээ тайтгаруулдгийг батлах ямар баталгаа Библид байдаг вэ?

8 Ехова хэрэгтэй үед нь үйлчлэгчдээ тайвшруулдаг. Жишээ нь, хорон санаат Иезебел хатан Елиагийн амийг авна хэмээн заналхийлэхэд зөнч айгаад зугтдаг. Бүр үхмээр байна гэж хэлсэн удаатай. Ехова түүнийг зэмлээгүйгээр үл барам тайтгаруулж, цаашид зөнчөөр үйлчлэх урам зориг хайрласан (Х.дээд 19:1–21). Ехова нэгдүгээр зууны христиан хуралд тусалж байсан нь ард түмнээ тайтгаруулдгийн бас нэг баталгаа болдог. Тухайлбал, Библид «бүх Иудей, Галил, Самари даяар чуулган босгон байгуулагдаж, амар тайван» байсан тухай гардаг. Түүнчлэн тэндхийн христианууд «Эзэнээс эмээх айдас болон Ариун Сүнсний тайтгарал дотор явцгаан, тооны хувьд өссөөр» байсан тухай өгүүлдэг (Үйлс 9:31). Ехова биднийг ч бас ариун сүнсээрээ тайтгаруулдагт талархаад баршгүй!

9. Есүсийн тухай судлахлаар тайвширдаг гэхийн учир юу вэ?

9 Христианууд бид Есүс Христийн тухай судалж, мөрөөр нь алхдаг учир тайван байдаг. Есүс: «Эцэж туйлдсан, хүнд дарамт үүрсэн хүмүүс ээ, бүгд Над уруу ир. Би та нарыг амраая. Буулгыг минь өөр дээрээ авч, Надаас суралц. Учир нь Би зүрх сэтгэлдээ дөлгөөн, даруу билээ. Тэгээд та нар сэтгэлдээ амралтыг олох болно. Миний буулга амархан, Миний ачаа хөнгөн» гэж хэлжээ (Мат. 11:28–30). Хүмүүстэй эелдэг зөөлөн харьцаж байсныг нь мэдээд, Есүсийг дууриахыг хичээхлээр сэтгэл тэнийж, тайвширдаг.

10, 11. Хурлын гишүүдийг хэн хэн тайвшруулж чадах вэ?

10 Бас итгэл нэгтнүүд маань биднийг тайвшруулдаг. Жишээлбэл, сүнслэгээр өвдсөн нэгэнд хурлын ахлагчид хэрхэн тусалдгийг ярилцъя. Шавь Иаков: «Та нарын дунд хэн нэгэн нь [сүнслэгээр] өвчтэй байна уу? Тэр нь чуулганы ахлагчдыг дуудаг. Тэд Эзэний нэрээр түүнийг тосоор тосолж, түүний төлөө залбираг» хэмээн бичжээ. Тэгвэл үр дүн нь ямар байх вэ? «Итгэлийн залбирал нь өвчтэй нэгнийг эдгээж, Эзэн тэр хүнийг босгоно. Хэрэв тэр нүгэл үйлдсэн бол тэдгээр нь уучлагдах болно» (Иак. 5:14, 15). Гэхдээ хурлын гишүүдэд зөвхөн ахлагчид тусалдаггүй.

11 Ер нь эмэгтэй хүн өөрийнхөө зовлонг бусадтайгаа хуваалцах дуртай. Ялангуяа ахимаг насны, туршлагатай Гэрч эмэгтэйчүүд залуу бүсгүйчүүлд олон сайхан зөвлөгөө өгч чадна. Тэд залуудаа адилхан зовлон амссан байж болох юм. Настай эмэгтэйчүүд анхааралтай сонсон, санаа тавьдаг учраас залуу бүсгүйчүүлд их тус болдог (Тит 2:3–5-ыг уншина уу). Ахлагчид болон хурлын бусад гишүүн «гутарсан хүмүүсийг тайвшруулж» чадна, тайвшруулах ч ёстой (1 Тес. 5:14, 15, ШЕ). Бурхан «биднийг бүх зовлон дотор маань тайвшруулдаг» гэдгийг санаж явбал «биднийг тайвшруулсан тэрхүү тайвшралаар бид аливаа зовлонд орогсдыг тайвшруулж» чадна (2 Кор. 1:4).

12. Цуглаанд очих нь яагаад чухал бэ?

12 Цуглаанд очих нь тайвшрах бас нэг чухал арга юм. Цуглаан дээр бид Библид үндэслэсэн илтгэл, хэлэлцүүлэг сонсож, урамшин зоригждог. Иуда Силас хоёр «ах дүү нарыг арвин үгсээрээ ятган, бататгаж» байсан тухай Библид бичсэн байдаг (Үйлс 15:32). Цуглааны өмнө болон дараа итгэл нэгтнүүдтэйгээ урам сэргээм яриа өрнүүлж болно. Зовлон амсаж байлаа ч итгэл нэгтнүүдээсээ бүү хөндийрөөрэй. Тэглээ гээд байдал сайжрахгүй шүү (Сур. 18:1). Харин ч, «Бие биеэ хайр болон сайн үйлсэд хөхүүлэн урамшуулахад анхааръя. Ингэхдээ зарим хүний зуршил болсон шиг хамтран цуглахаа болилгүй, харин нөгөө өдөр ойртож буйг харах тусам бие биеэ зоригжуулъя» гэсэн Паулын зөвлөгөөг дагах нь зүйтэй (Евр. 10:24, 25).

Бурхны Үг тайвшруулдаг

13, 14. Библи биднийг хэрхэн тайвшруулдаг вэ?

13 Бурхны Үг Библи баптисм хүртсэн христиануудыг ч, Бурхантай танилцан, санаа зорилгыг нь мэдэж эхэлж байгаа хүмүүсийг ч асар их тайвшруулдаг. Паул: «Эрт үед бичигдсэн аливаа зүйлс нь биднийг сургахын тулд бичигдсэн юм. Ингэснээр Судруудын тэвчээр болон урамшуулалтаар дамжуулан бидэнд найдвар байх юм» хэмээн бичжээ (Ром 15:4). Ариун Судар биднийг тайвшруулж, «аливаа сайн үйлд бүрэн бэлтгэдэг» (2 Тим. 3:16, 17). Бурхны санаа зорилгыг мэдэж, ирээдүйн жинхэнэ найдвартай болохлоор тайвшрах нь гарцаагүй. Тиймээс Бурхны Үг болон Библид үндэслэсэн ном хэвлэлийг уншиж судалцгаая. Ингэвэл бид тайвширч, их ач тус хүртэнэ.

14 Есүс Судрыг баримтлан хүмүүсийг сургаж, тайвшруулж байсан нь бидэнд сайхан жишээ болдог. Тухайлбал, амилсныхаа дараа хоёр шавьдаа Судрыг тайлбарласан. Түүнийг ярьж байхад хоёр шавийнх нь сэтгэл ихэд хөдөлжээ (Лук 24:32). Элч Паул Есүсийн сайхан жишээг даган «Судраас ухуулсан». Берой хотынхон түүний ярихыг сонсоод «дуртайяа хүлээн авч, эдгээр нь үнэн эсэхийг мэдэхийн тулд Судрыг өдөр бүр нягтлан үзэж байлаа» (Үйлс 17:2, 10, 11). Библи болон байгууллагын ном хэвлэлийг өдөр бүр унших нь хэчнээн чухал бэ! Энэ бүхний ачаар бид өнөөгийн хэцүү цагт амар тайван, итгэл найдвартай байдаг.

Хүмүүсийг тайвшруулах бусад арга

15, 16. Итгэл нэгтнүүдээ ямар ямар аргаар дэмжиж, тайвшруулж болох вэ?

15 Бид итгэл нэгтнүүдээ олон аргаар дэмжин, тайвшруулж чадна. Жишээ нь, өндөр настай, өвчин хуучтай хүмүүст тусалж дэлгүүрээс хоол хүнсийг нь авч өгч болно. Бас гэр орны ажлыг нь хийлцэж, анхаарал халамж тавих хэрэгтэй (Флп. 2:4). Итгэл нэгтнийхээ сайн талыг, тухайлбал, бусдыг хайрладаг, юмны эвийг амархан олдог, зоригтой, итгэлтэйг нь магтаж урамшуулах нь зүйтэй.

16 Настангуудаа эргэж тойрон, үүх түүхийг нь яриулж, Еховад үйлчлээд ямар ивээл хүртсэнийг нь анхааралтай сонсох нь тэднийг тайвшруулах бас нэг арга юм. Бид өөрсдөө ч тайвширч, урамшдаг! Библи болон Библид үндэслэсэн ном хэвлэлээс уншиж өгөх нь сайн. Тухайн 7 хоногт үзэж байгаа «Харуулын цамхаг» сэтгүүлийн өгүүлэл юм уу, Библи судлалын цуглаанаар үзэх материалыг хамтдаа ярилцаарай. Мөн байгууллагын видео кино хамт үзээрэй. Урам сэргээм түүх намтрыг сэтгүүлээс унших юм уу ярьж өгөөрэй.

17, 18. Ехова үнэнч үйлчлэгчдээ тайвшруулж, дэмжинэ гэдэгт яагаад итгэж болох вэ?

17 Зовж шаналсан итгэл нэгтнийхээ төлөө залбираарай (Ром 15:30; Кол. 4:12). Бид өөрсдөө зовдог ч бусдыг тайвшруулах гэж хичээдэг бол дуулалч шиг итгэлтэй байж чадна. Дуулалч: «Ачаагаа ЭЗЭНд даатга, Тэр чамайг өмгөөлнө. Зөв шударгыг ганхахыг Тэр хэзээ ч зөвшөөрөхгүй» хэмээн дуулсан байдаг (Дуу. 55:22). Ехова биднийг үргэлж тайвшруулж, тусалж дэмжих болно. Тэрбээр үнэнч үйлчлэгчдийнхээ урмыг хэзээ ч хугалахгүй.

18 Бурхан эртний үйлчлэгчдэдээ: «Би, зөвхөн Би Өөрөө та нарыг Тайвшруулагч мөн» хэмээн айлджээ (Ис. 51:12). Ехова өнөөгийн биднийг ч бас тайвшруулах бөгөөд бусдыг тайвшруулах гэсэн хичээл зүтгэлийг маань ивээнэ. Бид тэнгэр газрын алинд ч амьдрах бай, сүнсээр тослогдсон христиан нөхдөдөө бичсэн Паулын үгийг уншаад тайвширдаг. Тэрбээр: «Бидний Эзэн Есүс Христ Өөрөө болон биднийг хайрлаж, мөнх тайтгарлыг болон нигүүлслээр сайн найдварыг бидэнд өгсөн бидний Эцэг Бурхан зүрхийг тань аливаа сайн ажил үйлс хийгээд үг дотор тайтгаруулж, бататгах болтугай» хэмээн бичжээ (2 Тес. 2:16, 17).

Санаж байна уу?

• Гашуудагсдыг тайвшруулах ажил маань хэр зэрэг өргөжиж байна вэ?

• Бусдыг тайвшруулах ямар ямар арга байдаг вэ?

• Ехова ард түмнээ тайвшруулдгийг батлах ямар баталгаа Библид байдаг вэ?

[Догол мөрийн асуулт]

[28-р хуудасны зураг]

Та гашуудагсдыг тайвшруулдаг уу?

[30-р хуудасны зураг]

Хөгшин залуу хэн боловч бусдыг тайвшруулж чадна