Skip to content

Гарчиг руу орох

«Сонор сэргэг байх» нь яагаад чухал бэ?

«Сонор сэргэг байх» нь яагаад чухал бэ?

«Сонор сэргэг байх» нь яагаад чухал бэ?

«ТАНЫ заларч ирэхэд болон үеийн төгсгөлд ямар шинж тэмдэг байх вэ?» (Мат. 24:3). Шавь нарынхаа энэ асуултад Есүс хэрхэн хариулсныг Матай 24, Марк 13, Лук 21-р бүлэгт тус тус бичсэн байдаг. Тэрбээр шууд мэдэж болох тодорхой шинж тэмдгийг нэгд нэгэнгүй хэлж өгөөд, цааш нь: «Сонор сэргэг бай» хэмээн захижээ (Мат. 24:42).

Шинж тэмдэг тийм тодорхой байхад яагаад «сонор сэргэг» байхыг сануулсан юм бол оо? Хоёр шалтгаан байж болох юм. Нэгдүгээрт, анхаарал сарниснаас болоод шинж тэмдгийг үл тоомсорлон, итгэл суларч, сонор сэрэмжээ алдах талтай. Хоёрдугаарт, амьдарч байгаа газарт нь зарим шинж тэмдэг илэрдэггүй учир өөрт нь шууд хамаатай гэж боддоггүй байх. Тийм хүн, Есүсийн зөгнөсөн «агуу их гай гамшиг» мөддөө болохгүй юм чинь одоохондоо «сонор сэргэг байх» шаардлагагүй гэж боддог (Мат. 24:21).

«Тэд анхаараагүй»

Есүс дагалдагчдадаа Ноагийн үеийнхнийг сануулсан. Тэр үед Ноа мэдээ тунхаглан, асар том авдар хийж байгаа нь, мөн хүчирхийлэл гаарсан нь хэний ч нүдэнд ил байлаа. Гэвч ихэнх хүн «анхаараагүй» (Мат. 24:37–39, ШЕ). Өнөөдөр бас хүмүүс сэрэмжлүүлэгт ингэж хандах болжээ. Жолоо барихдаа хурдны хязгаарын тэмдгийг харсаар байж дүрэм зөрчдөг хүн олон байдаг учраас хот доторх зам дээр хурд сааруулагч тавьдаг. Үүнтэй адилаар, зарим христиан эцсийн өдрүүдийн шинж тэмдгийг мэддэг мөртлөө өөр юм хийсээр байдаг. Өрнөд Африкт амьдардаг Ариел гэдэг охин тэдний нэг байжээ.

Ариел эмэгтэйчүүдийн гандболын тэмцээнийг зурагтаар үзэх дуртай байжээ. Тэдний сургууль баг бүрдүүлэх болоход гандбол тоглох хүсэлдээ автаад сүнслэг байдалд нь аюултайг ч бодолгүй хаалгачаар бүртгүүлжээ. Тэгээд юу болсон бэ? Ариел: «Манай багийн зарим охины найз хөвгүүд нь мансууруулах бодис хэрэглэж, тамхи татдаг. Намайг найз хөвгүүнгүй болохоор шоолдог ч би тоодоггүй байсан. Гэтэл гандбол миний сүнслэг байдлыг баллаж эхэлсэн. Ухаан санаа, сэтгэл зүрхээ эзэмдүүлчихсэн болохоор цуглаан дээр гандболын тухай л боддог байлаа. Зан ааш ч өөрчлөгдсөн. Эхлээд тоглох дуртай байснаа, сүүлдээ хожихоос өөрийг бодохоо больсон. Хожихын тулд их хичээллэдэг байсан. Стресст орж, найз нөхдөө ч алдсан.

Нэг тоглолтын үеэр эсрэг багийн тамирчид торгуулийн цохилт хийх болсон юм. Хаалган дээр бэлтгээд зогсож байхдаа, бөмбөг хаахад туслаач гэж Еховад залбирсан. Гэвч дараа нь буруу юм хийснээ ойлгосон! Еховагаас холдож байгаагаа тэгэхэд л ухаарч билээ» гэж ярьсан юм. Ариел сүнслэгээр яаж сэргэсэн бэ?

Тэрбээр цааш нь: «Байгууллагаас гаргасан „Залуучуудын асуулт. Би амьдралаа юунд зориулах вэ?“ * гэдэг киног өмнө нь үзэж байсан ч дахиж үзье гэж бодсон юм. Гэхдээ энэ удаад бүр илүү анхааралтай үзэхээр шийдсэн. Тэр үед би яг л Андрей шиг, яахаа мэдэхгүй байсан юм. Тэр кинон дээр нэг ахлагч Андрейд Филиппой 3:8-ыг уншаад сайн бодоорой гэж зөвлөдөг. Би тэр зөвлөгөөг бас дагасан. Тэгээд багаасаа гарсан.

Би тэр киног үзээд шал өөр болсон! Хожъё гэсэн бодлоо орхисон, санаа ч амарсан. Илүү их баяр хөөртэй болж, христиан найзуудтайгаа улам дотноссон. Сүнслэг үйл хэрэг миний хувьд илүү чухал болсон. Цуглаан дээр анхааралтай сууж, урьдынх шигээ их юм мэдэж авч байгаа. Дэлгэрүүлэх ажлын маань чанар ч сайжирсан. Одоо би туслах эхлэгчээр тогтмол үйлчилж байна» гэжээ.

Та анхаарал сарниулам зүйлээс болоод Есүсийн хэлсэн шинж тэмдгийг үл тоомсорлодог болсон бол Ариел шиг шийдвэртэй арга хэмжээ аваарай. Дараах зөвлөгөө тустай байж болох юм. «Харуулын Цамхаг Нийгэмлэгийн хэвлэлийн товъёг» ашиглан судалгаа хийгээрэй. Эрдэнэс хаана нуусныг газрын зургаас мэдэж болдог шиг, нь ухаалаг зөвлөгөө болон таныхтай адил бэрхшээлийг даван туулсан хүний түүх намтрыг энэхүү товъёгийн тусламжтайгаар мэдэж болно. Сайтар бэлдэж, бичиж тэмдэглэвэл цуглаан их ач тустай. Урд эгнээгээр суувал анхаарлаа төвлөрүүлэхэд сайн байдаг. Асуулт хариултын журмаар явуулдаг хөтөлбөрт эхнээс нь оролцохыг бодоорой. Сүнслэгээр сэргэг байя гэвэл дэлхий дахинд болж байгаа үйл явдлыг Есүсийн хэлсэн шинж тэмдэг болон «эцсийн өдрүүдийн» тухай бусад зөгнөлтэй харьцуулж үзээрэй (2 Тим. 3:1–5; 2 Петр 3:3, 4; Илч. 6:1–8).

«Бэлэн байгтун»

Эцсийн өдрүүдийн шинж тэмдэг «дэлхий даяар» харагдаж байна (Мат. 24:7, 14). Сая сая хүн тахал, өлсгөлөн, газар хөдлөлт болон Библид зөгнөсөн өөр янз бүрийн үйл явдлыг биеэрээ үзэн, зовж шаналж байна. Нөгөө талаар, олон хүн харьцангуй амар тайван, нам жим аж төрдөг. Та тэдний нэг бол агуу их гай гамшиг хаа байсан юм гэж бодох нь зөв үү? Ингэж бодох нь сайн биш ээ.

«Тахал дэлгэрч, хоол хүнсний хомсдол болох» тухай Есүсийн зөгнөснийг жишээ болгон авч үзье (Лук 21:11, ШЕ). Нэгд, эдгээр нь бүх газрыг нэгэн зэрэг хамарна гээгүй, харин «нэг газраас нөгөөд» (ШЕ) болно гэсэн. Тиймээс дэлхий даяар хүмүүс нэгэн зэрэг өлсөх юм уу өвдөнө гэж бодох хэрэггүй. Хоёрт, Есүс өлсгөлөнгийн тухай зөгнөсний дараа «Та нарын зүрх сэтгэл хэт идэж уух явдл[аар] ... дарамтлагдахгүйн тулд болгоомжлогтун» хэмээн хэлж, хэтрүүлж идэхийн аюулаас сэрэмжлүүлсэн (Лук 21:34). Тэгэхлээр, бүх шинж тэмдэг амьдарч буй газарт минь болно гэж бодох хэрэггүй. Есүс: «Эдгээр зүйлс болохыг хараад Бурханы хаанчлал ойрхон байгааг мэдтүгэй» гэж хэлсэн (Лук 21:31). Бидний амьдардаг нутаг оронд тэр бүх шинж тэмдэг илрэхгүй байлаа ч, орчин үеийн мэдээллийн хэрэгслээр үзэж харах боломжтой.

Бас Ехова агуу их гай гамшиг эхлэх «өдөр, цагийг» аль эрт товлосныг бүү мартаарай (Мат. 24:36). Дэлхий дээр юу ч болж байсан, Ехова шийдвэрээ өөрчлөхгүй.

Есүс бүх христианд: «Бэлэн бай» гэж анхааруулсан (Мат. 24:44). Бид цаг үргэлж бэлэн байх ёстой. Гэхдээ христиан үйл хэрэгт өдөржин оролцохгүй нь мэдээж шүү дээ. Юу хийж байтал агуу их гай гамшиг болохыг хэн ч мэдэхгүй. Зарим маань дэлгэрүүлээд явж байж магадгүй. Харин зарим нь гэр зуурын ажлаа ч хийж байх юм бил үү (Мат. 24:40, 41). Тэгвэл бэлэн байна гэдэг нь юу гэсэн үг вэ?

Зургаан охинтой Эмануел, Викторин нарын амьдардаг Африкийн нэгэн улсад Есүсийн хэлсэн шинж тэмдэг бүгдээрээ илрээгүй ажээ. Гэхдээ тэд бэлэн байхын тулд өдөр бүр сүнслэг зүйлийн тухай ярилцаж байхаар шийджээ. Эмануел: «Бүгдэд тохиромжтой цаг олоход хэцүү байсан. Тэгээд сүүлдээ өглөөний 6.00–6.30-ийн хооронд 30 минут гаргахаар болсон. Өдөр тутмын зүйлээ ярилцсаны дараа тэр долоо хоногт Библи судлалын цуглаанаар үзэх хэвлэлээс хэдэн догол мөрийг бэлддэг» гэж ярьсан юм. Сонор сэрэмжтэй байхад энэ хуваарь нь тус болсон уу? Тэгэлгүй яах вэ! Одоо Эмануел хурлын ахлагчдын зөвлөлийн зохицуулагч хийж байна. Викторин туслах эхлэгчээр байнга үйлчилдэг бөгөөд олон хүнд үнэнийг хүлээж авахад нь тусалжээ. Охид нь сүнслэгээр сайн өсөж байна.

Есүс бидэнд: «Анхаар, сонор сэрэмжтэй байгтун» гэж сануулсан (Марк 13:33). Анхаарал сарниулж, сүнслэгээр сулруулах бүхнээс хол байгаарай. Ариелийг дууриан, байгууллагын ном хэвлэл болон цуглаанаар өгдөг сайхан зөвлөгөөг дагаарай. Эмануелийн гэр бүл шиг «сонор сэрэмжтэй», бэлэн байхад тустай зүйлийг өдөр бүр хийгээрэй.

[Зүүлт]

^ Еховагийн зөв гэж үздэг зүйлийг хийх гэж тэмцэж байгаа христиан залуугийн тухай кино.

[4-р хуудасны зураг]

Эмануелийнх «бэлэн байхын» тулд өдөр бүр сүнслэг зүйлийг ярилцдаг