Skip to content

Гарчиг руу орох

Бид ёс бус ертөнцөд «түр суугч» билээ

Бид ёс бус ертөнцөд «түр суугч» билээ

Бид ёс бус ертөнцөд «түр суугч» билээ

«Тэд бүгд итгэсэн хэвээр ... тэр нутагт харь хүн ба түр суугч гэдгээ олонд тунхаглаж байв» (ЕВР. 11:13, ШЕ).

1. Есүс энэ ертөнц дэх шавь нарынхаа байр суурийн талаар юу гэж хэлсэн бэ?

 «ТЭД ертөнцөд байна» гэж Есүс шавь нарынхаа тухай хэлээд цааш нь «Би ертөнцийнх биш адил тэд бас ертөнцийнх биш» хэмээн тайлбарласан (Иох. 17:11, 14). Сатаны мэдлийн энэхүү ертөнцөд жинхэнэ дагалдагчид нь ямар байр суурь эзэлдгийг Есүс ийнхүү тодорхой хэлжээ (2 Кор. 4:4). Шавь нар нь ёс бус ертөнцөд амьдардаг ч ертөнцөөс тусгаар байх ёстой байлаа. Тэд энэ тогтолцоонд «харь хүмүүс болон түр хугацаагаар байгч» ажээ (1 Петр 2:11).

Тэд «түр хугацаагаар байгч» мэт амьдарсан

2, 3. Енох Ноа Абрахам Сара нарыг «харь хүн ба түр суугч» адил амьдарсан гэж хэлж болохын учир юу вэ?

2 Эрт дээр үеэс Еховагийн үнэнч үйлчлэгчид тухай үеийнхээ ёс бус хүмүүсээс ялгарч байв. Усан галаваас өмнө Енох Ноа хоёр «Бурхантай хамт явж» байжээ (Эх. 5:22–24; 6:9). Тэдний хэн хэн нь Сатаны ёс бус ертөнцийг Ехова шүүх тухай мэдээг зоригтой тунхаглаж байв (2 Петр 2:5; Иуда 14, 15-ыг уншина уу). Ёс бус ертөнцөд Бурхантай хамт алхаж явсан учраас Енох «Бурханд таалагдсан». Ноа «өөрийн үеийнхний дунд гэм зэмгүй хүн байв» (Евр. 11:5; Эх. 6:9).

3 Абрахам Сара хоёр Бурхны үгийг дуулгавартай даган Халдеин Ур хот дахь тав тухтай амьдралаа орхиод, харь газар нүүдэлчин мэт амьдрах ярвигтай даалгаврыг хүлээн авсан (Эх. 11:27, 28; 12:1). Элч Паул: «Итгэлээр, Абрахам дуудагдахдаа өв болгон хүлээн авах гэж байсан нутаг уруу явснаар дуулгавартай дагав. Тэр хаашаа явж байгаагаа ч мэдэлгүй гарч явав. Итгэлээр тэр адилхан амлалтыг хамтран өвлөгчид болох Исаак Иаков нартай хамт майханд нутаглаж, амлалтын газарт харийн хүн мэт, харийн нутагт байгаа мэт амьдарсан» хэмээн бичжээ (Евр. 11:8, 9). Еховагийн ийм үнэнч үйлчлэгчдийн талаар Паул: «Тэд бүгд итгэсэн хэвээр нас барсан. Амлалт биелэхийг үзээгүй ч холоос харж, мэндчилэн, тэр нутагт харь хүн ба түр суугч гэдгээ олонд тунхаглаж байв» гэжээ (Евр. 11:13, ШЕ).

Израильчуудад анхааруулсан нь

4. Ехова газар нутаг өгөхөөсөө өмнө израильчуудад юу анхааруулсан бэ?

4 Абрахамын үр удам болох израильчууд өсөн нэмэгдэж, эцэстээ өөрийн гэсэн хууль цааз, газар нутагтай, нэг үндэстэн болжээ (Эх. 48:4; Д.хууль 6:1). Газар нутгийнх нь жинхэнэ Эзэн нь Ехова гэдгийг Израилийн ард түмэн мартах учиргүй байв (Лев. 25:23). Тэд газрын эзний хүсэлтийг хүндэтгэн үздэг түрээслэгчтэй адил байх ёстой байлаа. Түүнээс гадна, «хүн зөвхөн талхаар амьдардаггүйг» санан, чинээлэг хангалуун амьдардаг болсон ч Еховаг мартах ёсгүй байв (Д.хууль 8:1–3). Ехова газар өгөхөөсөө өмнө израильчуудад «ЭЗЭН Бурхан чинь чамд өгөхөөр чиний өвөг дээдэс Абрахам, Исаак, Иаковд тангарагласан тэр газарт чамайг аваачиж, өөрсдийн чинь барьж босгоогүй том сайхан хотууд, чиний дүүргээгүй сайн сайхан юмсаар дүүрэн гэрүүд, чиний ухаагүй усан сангууд, бас чиний тарьж ургуулаагүй усан үзмийн цэцэрлэг, чидун жимсний моддыг чамд өгч, чамайг цадтал идүүлэх үед чи өөрийгөө хяна. Өөрийг чинь боолчлолын гэрээс, Египетийн газар нутгаас авчирсан ЭЗЭНийг чи мартуузай» гэж анхааруулсан (Д.хууль 6:10–12).

5. Ехова израильчуудыг голсны учир юу вэ? Ямар шинэ үндэстнийг ивээх болсон бэ?

5 Израильчууд Еховагийн анхааруулгыг тоогоогүй нь харамсалтай. Амласан газар ороод ямар янзтай болсныг нь Нехемиагийн үеийн хэсэг левичүүд хожим дурсахдаа тэдний өмнөөс ихэд ичиж байсан нь лавтай. Израильчууд тохилог байшинд сууж, хоол хүнс, архи дарсаар элбэг хангалуун болж, «идэцгээж, таргалмагцаа» Бурханд тэрсэлж, тэр байтугай өөрсдийг нь сэрэмжлүүлэхээр ирсэн Бурхны зөнчдийг хөнөөжээ (Нехемиа 9:25–27-г уншина уу; Хос. 13:6–9). Хожим нь Ромын эрхшээлд байсан үнэнч бус иудейчүүд амласан Мессиаг алсан. Ехова тэднийг голж, өөр шинэ үндэстнийг буюу сүнслэг Израилийг ивээх болжээ (Мат. 21:43; Үйлс 7:51, 52; Гал. 6:16).

«Ертөнцийнх биш»

6, 7. а) Энэ ертөнц дэх шавь нарынхаа байр суурийн талаар Есүсийн хэлсэн үгийг та юу гэж тайлбарлах вэ? б) Жинхэнэ христианууд Сатаны ертөнцийнх болоогүйн учир юу вэ?

6 Өөрийнх нь дагалдагчид Сатаны ёс бус ертөнцөөс тусгаар байх ёстой гэж хурлын тэргүүн Есүс Христийн хэлснийг энэ өгүүллийн эхэнд дурдсан билээ. Нас барахынхаа өмнө тэрбээр шавь нартаа «Хэрэв та нар ертөнцийнх байсан бол, ертөнц өөрийнхнийгөө хайрлахсан. Харин та нар ертөнцийнх биш, гагцхүү Би та нарыг ертөнцөөс сонгосон юм. Тиймээс ертөнц та нарыг үзэн яддаг» гэж хэлжээ (Иох. 15:19).

7 Хамрах хүрээ нь өргөжин тэлж, нэг улс үндэстнээр хязгаарлагдахгүй болохын хэрээр христианууд ертөнцийнхний хэв маягаар амьдарч, ертөнцийнх болсон уу? Үгүй ээ. Тэд хаана ч амьдарсан Сатаны ертөнцийнхнөөс ялгарах ёстой байлаа. Христийг нас барснаас хойш 30 жилийн дараа элч Петр Ромын эзэнт гүрний харьяа газар нутагт амьдарч байсан христиануудад «Хайрт хүмүүс ээ, сэтгэлийн чинь эсрэг дайн хийдэг махан биеийн хүсэл тачаалуудыг цээрлэхийг харь хүмүүс болон түр хугацаагаар байгч та нараас би гуйя. Харь үндэстнүүдийн дунд биеэ зөв авч яв» гэж бичжээ (1 Петр 1:1; 2:11, 12).

8. Эртний христианууд ертөнцийнх биш байсныг нэгэн түүхч хэрхэн баталсан бэ?

8 Эртний христианууд Ромын эзэнт гүрэнд «харь хүмүүс болон түр хугацаагаар байгч» шиг амьдардаг байсныг түүхч Кеннет Скот Латуретт батлан «МЭ I–III зууны христианууд үргэлж хатуу ширүүн хавчлагатай тулгарч байсныг мэдэхгүй хүн байхгүй. ... Тэднийг янз янзаар л буруутгадаг байж. Библийн үндэслэлгүй зан үйл үйлддэггүй байсан болохлоор нь христиануудад атеист гэсэн нэр хоч зүүдэг байсан. Харь үндэстнүүдийн итгэл үнэмшил, зан заншилтай холбоотой, садар самуун явдлыг өөгшүүлсэн баяр ёслол, өргөн олныг хамардаг зугаа цэнгэлд оролцдоггүй буюу нийгмийн амьдралын ихэнх хүрээнээс тасархай байсан тэднийг хүн төрөлхтнийг үзэн яддаг гэж доромжилдог байв» гэж бичжээ.

Ертөнцийг бүрэн дүүрнээр ашиглахгүй байх нь

9. Жинхэнэ христианууд бид «хүн төрөлхтнийг үзэн яддаг[гүй]» гэдгээ хэрхэн баталдаг вэ?

9 Өнөөдөр байдал ямар байна вэ? «Одоогийн бузар булай энэ үед» бид эртний христиануудтай адилхан байр суурь баримталдаг (Гал. 1:4). Үүнээс болоод олон хүн биднийг буруугаар ойлгож, зарим нь бүр үзэн яддаг. Харин бид «хүн төрөлхтнийг үзэн яддаг[гүй]». Хүмүүсийг хайрласандаа л айлаар явж, уулзсан хүн болгонтой Бурхны «хаанчлалын ... сайн мэдээ» хуваалцах гэж бүхий л боломжоо дайчилдаг (Мат. 22:39; 24:14). Христ тэргүүтэй Еховагийн Хаанчлал тун удахгүй төгс бус хүний засаглалыг халж, оронд нь зөв шударга шинэ тогтолцоог бий болгоно гэдэгт итгэдэг учраас энэ ажлыг хийдэг (Дан. 2:44; 2 Петр 3:13).

10, 11. а) Христианууд ертөнцийг хэрхэн ашигладаг вэ? б) Ертөнцийг бүрэн дүүрэн ашигладаггүй, сонор сэрэмжтэй христиан хүн боловсролын асуудалд хэрхэн ханддаг вэ?

10 Еховагийн үйлчлэгчид бид энэ тогтолцооны төгсгөл ойртож байгааг мэддэг учраас тав тухтай амьдрал хөөдөггүй. Элч Паул: «Ах дүү нар аа, үүнийг би та нарт хэлье. Цаг хугацаа охор богино болжээ. Цаашдаа . . . худалдан авч байгаа хүмүүс нь өмч хөрөнгөгүй мэт, энэ ертөнцийг хэрэглэж байгаа хүмүүс нь бүрэн дүүрнээр ашиглаагүй мэт болох ёстой аж. Учир нь энэ ертөнцийн хэлбэр өнгөрөн одож байна» хэмээн сануулсан байдаг (1 Кор. 7:29–31). Өнөөгийн христианууд ертөнцийг хэрхэн ашигладаг вэ? Орчин үеийн техник технологи, мэдээллийн хэрэгслийн тусламжтайгаар Библийн мэдлэгийг олон зуун хэлээр дэлхий даяар түгээн дэлгэрүүлж байна. Амьдрахын тулд ажил хийж мөнгө олдог. Хэрэгцээт зүйлсээ худалдан авч, зохих үйлчилгээнд хамрагддаг. Гэлээ ч бидэнд байгаа мөнгө төгрөг, эд хөрөнгө, эрхэлдэг ажил маань амьдралын хамгийн чухал зүйл биш юм (1 Тимот 6:9, 10-ыг уншина уу).

11 Сонор сэрэмжтэй христиан хүн энэ ертөнцийг бүрэн дүүрэн ашигладаггүй учир дээд боловсролыг хэтэрхий их анхаардаггүй. Өнөөдөр олон хүн өндөр боловсролыг нэр алдар, баян тансаг амьдралд хүргэх чухал шат гэж үздэг. Харин христианууд бид түр суугч бөгөөд өөр зорилготой. Бид «ухаан бодолдоо ч ихэрхдэггүй» (Ром 12:16; Иер. 45:5). Есүсийн дагалдагчид «Шуналын алив хэлбэрээс өөрсдийгөө хамгаал, болгоомжил. Учир нь элбэг хангалуун нэгний амь өөрийнх нь өмч хөрөнгөнөөс хамаардаггүй юм» гэсэн сануулгыг нь анхаардаг (Лук 12:15). Тиймээс хамгийн чухал зүйл бол Еховад үйлчлэх гэдгийг залуу христианууд санах хэрэгтэй. Зөвхөн үндсэн хэрэгцээгээ хангахад тус болох мэргэжлийг л эзэмшээрэй. Ингэхдээ Еховад бүх зүрх, сэтгэл, хүч чадал, оюун ухаанаараа үйлчлэхийг анхаараарай (Лук 10:27). Тэгсэн цагт «Бурханы өмнө баян» болно (Лук 12:21; Матай 6:19–21-ийг уншина уу).

Амьдралын санаа зовнилоор дарамтлагдахгүй байх нь

12, 13. Матай 6:31–33-т байдаг Есүсийн үгийг анхаардаг хүн ертөнцийнхнөөс яаж ялгардаг вэ?

12 Еховагийн үйлчлэгчид эд зүйлд хандах хандлагаараа ертөнцийнхнөөс ялгардаг. Энэ талаар Есүс шавь нартаа «„Бид юу идэх билээ?“, „Юу уух билээ?“, эсвэл „Юу өмсөх билээ?“ гэж бүү санаа зов. Харь үндэстнүүд энэ бүх зүйлийг чармайн хайдаг. Тэнгэрлэг Эцэг тань та нарт энэ бүхэн хэрэгтэйг мэддэг юм. Харин эхлээд Түүний хаанчлал болон Түүний зөвт байдлыг хайгтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно» гэж хэлсэн (Мат. 6:31–33). Тэнгэрийн Эцэг Ехова хэрэгтэй бүхнээр хангадгийг итгэл нэгтнүүд маань өөрийн биеэр амсаж үзсэн.

13 «Сүсэглэл ба сэтгэл хангалуун байдал нь хамтдаа байвал энэ нь агуу ашиг мөн» (1 Тим. 6:6). Гэтэл ертөнцийн хүмүүс ингэж боддоггүй. Жишээ нь, залуусын ихэнх нь гэрлэхлээрээ иж бүрэн тавилгатай орон сууц эсвэл хаус, гоё машин, хамгийн сүүлийн үеийн цахилгаан бараа гээд л хүссэн болгоноо шууд авахыг боддог. Харин энэ ертөнцөд түр оршин суудаг христианууд хүслээ хазаарлаж, чадал бололцоондоо тохируулдаг. Еховад үйлчлэхэд илүү их цаг зав, хүч хөдөлмөрөө зориулахын тулд олон хүн тав тухтай амьдралаа орхидгийг нь магтууштай. Зарим нь эхлэгч, бетелчин, явуулын харгалзагч, миссионер болдог. Итгэл нэгтнүүд маань Еховад чин сэтгэлээсээ үйлчилдэгт бид талархаад баршгүй!

14. Есүсийн ярьсан тариачны тухай ёгт үлгэр ямар сургамжтай вэ?

14 Есүс тариачны тухай ёгт үлгэрээрээ «дэлхийн зовнил болоод эд баялгийн хуурамч байдал» нь хүний зүрхэн дэх Бурхны үгийг шахан зайлуулдгийг хэлжээ. Ингэвэл хүн үр жимсгүй болдог ажээ (Мат. 13:22). Энэ ертөнцөд түр суугч шиг амьдардагтаа сэтгэл дүүрэн явдаг бол ийм урхинд орохгүй. Харин ч нүдээ «цэвэр» байлгаж, нэг л зүйл буюу Бурхны Хаанчлалын үйл хэргийг тэргүүн зэрэгт тавина (Мат. 6:22).

«Ертөнц өнгөрнө»

15. Элч Иохан жинхэнэ христиануудын ертөнцөд хандах хандлага, биеэ авч явах байдлын талаар юу хэлсэн бэ?

15 Жинхэнэ христианууд бид хамгийн гол нь, энэ ертөнцийн төгсгөл ойрхон гэдэгт итгэдэг учраас «харь хүмүүс болон түр хугацаагаар» суугчид шиг амьдардаг (1 Петр 2:11; 2 Петр 3:7). Тийм учраас гаргах шийдвэр, хүсэл эрмэлзэл, санаа зорилго маань бусдынхаас өөр байдаг. Элч Иохан итгэл нэгтнүүддээ ертөнц болон ертөнцөд байгаа зүйлийг хайрлахгүй байхыг зөвлөсөн. Учир нь «ертөнц хийгээд түүний хүсэл тачаал нь өнгөрнө. Харин Бурханы хүслийг үйлддэг нэгэн нь мөнхөд оршдог» (1 Иох. 2:15–17).

16. Еховагийн эзэмшлийнх гэдгээ бид хэрхэн харуулах вэ?

16 Израильчууд Еховад дуулгавартай байвал «бүх ард түмний дундах [Еховагийн] эзэмшил» болох байв (Ег. 19:5). Тэд үнэнч байхдаа шүтлэг мөргөл, амьдралын хэв маягаараа бусад ард түмнээс ялгардаг байсан. Ехова өнөөдөр ч бас Сатаны ертөнцөөс илт ялгардаг хүмүүсийг эзэмшлээ болгодог. Библи бидэнд «бурханлаг бус байдлыг болон ертөнцийн шуналыг үгүйсгэхийг, мөн эдүгээ үед ухаалаг, зөвт байдлаар болон бурханлаг амьдрахыг» уриалдаг. Ингэхдээ бид «өөрсдийн аугаа Бурхан ба Аврагч болох Есүс Христийн цог жавхлант илэрхийлэл хийгээд ерөөлт найдварыг хүлээдэг. Тэр Өөрийгөө бидний төлөө өгсөн нь биднийг алив ёс бус явдлаас золин, Өөртөө сайн үйлсийн төлөө зүтгэлтэй, тусгай ард түмнийг цэвэршүүлэхийн тулд юм» (Тит 2:11–14). Энд гарч байгаа «ард түмэн» гэдгээр тослогдсон христиан болон тэдэнд тусалж дэмжиж байдаг Есүсийн сая сая «өөр хонинуудыг» хэлж байна (Иох. 10:16).

17. Тослогдогсод болон тэдний хамтран зүтгэгчид энэ ертөнцөд түр сууж байсандаа хэзээ ч харамсахгүйн учир юу вэ?

17 Тослогдогсдын «ерөөлт найдвар» нь тэнгэрт Христтэй хамт захирах юм (Илч. 5:10). Харин өөр хонинууд дэлхий дээр мөнх амьдрах найдвартай. Ёс бус ертөнц үгүй болоход тэд түр суугч байхаа болино. Тохилог сайхан орон гэртэй, элбэг дэлбэг хоол ундтай болно (Дуу. 37:10, 11; Ис. 25:6; 65:21, 22). «Бүх дэлхийн Бурхан» Ехова энэ бүхнийг өгсөн гэдгийг тэд хэзээ ч мартахгүй. Үүгээрээ эртний израильчуудаас ялгаатай (Ис. 54:5). Тослогдогсод, өөр хонинуудын аль аль нь энэ ёс бус ертөнцөд түр сууж байсандаа хэзээ ч харамсахгүй.

Хариулна уу

• Эртний үнэнч үйлчлэгчид түр суугч адил амьдарсан нь юунаас харагддаг вэ?

• Эртний христианууд тухайн үеийнхээ ертөнцөд биеэ хэрхэн авч явж байсан бэ?

• Жинхэнэ христианууд энэ ертөнцийг хэрхэн ашигладаг вэ?

• Бид өнөөгийн ёс бус ертөнцөд түр суугч шиг амьдарч байсандаа яагаад харамсахгүй вэ?

[Догол мөрийн асуулт]

[18-р хуудасны зураг]

Эртний христианууд зодоон цохион, садар самууныг өөгшүүлсэн зугаа цэнгэлээс хол байсан