Skip to content

Гарчиг руу орох

Иехү цэвэр шүтлэгийг дэмжсэн

Иехү цэвэр шүтлэгийг дэмжсэн

Иехү цэвэр шүтлэгийг дэмжсэн

ИЕХҮ бол цэвэр шүтлэгийн төлөө тэмцэгч юм. Гал цогтой, түргэн шаламгай, шийдэмгий, хичээл зүтгэлтэй, эр зоригтой энэ хүнийг дууриавал зохино.

Иехү ороо бусгаа цаг үед даалгавар авчээ. Ахабын бэлэвсэн эхнэр, Иорам хааны эх Иезебелийн муу нөлөөнд Израиль тэр чигээрээ автсан байв. Тэрбээр Еховаг шүтэх шүтлэгийг Баалын мөргөлөөр сольж, Еховагийн зөнчдийг алж хядан, ард олныг өөрийнхөө «завхайрал» болон «ид шидүүдээр» бузарлан завхруулжээ (Х.дэд 9:22; Х.дээд 18:4, 13). Ехова Ахабын гэрийнхнийг хүйс тэмтрэхийг, түүний дотор Иорам Иезебел хоёрыг устгахыг тушаажээ. Энэ тушаалыг гүйцэтгэхэд Иехү бусдыгаа манлайлсан.

Рамот-гилеадад болсон Израиль Сирийн тулалдааны үед Иехү цэргийн ахмадуудтай ярилцаж суув. Библид Иехүг анх ийн дүрсэлсэн байдаг. Иехү Израилийн армийн дээд тушаалын офицер юм уу, үгүй ядаж цэргийн дарга байжээ. Зөнч Елиша Иехүг хаан болгон тослуулж, тэрслүү хаан Ахабын гэрийнхний эр хүйстэн бүрийг устгах заавар өгүүлэхээр зөнчдийн хөвгүүдийн нэгийг илгээдэг (Х.дэд 8:28; 9:1–10).

Цэргийн ахмадууд тэр зөнчийн ирсэн зорилгыг асуусанд Иехү хариулах дургүй байсан ч шалаад байхлаар нь үнэнийг хэлдэг. Тэгэхлээр нь тэд Иехүтэй үгсэн нийлж, Иорамын эсрэг хуйвалдаан зохиожээ (Х.дэд 9:11–14). Цэргийн ахмадууд Ахабын гэрийнхний бодлого, Иезебелийн үйл ажиллагаанд дургүйцэж байсан бололтой. Ямар ч байсан, Иехү даалгавраа биелүүлэх хамгийн сайн арга олохын тулд нухацтай боджээ.

Иорам хаан тулалдаанд шархдаад эдгэрэх санаатай Иезреел хот руу буцдаг. Иехү зорьсон хэргээ гүйцэлдүүлэхийн тулд Иезреелд нэг ч үг дуулгах ёсгүй гэж үзээд, «Иезреелд дуулгахаар хэн ч оргох юм уу хотыг орхин явж болохгүй» хэмээн хэлдэг (Х.дэд 9:14, 15). Тэрбээр Иорамд үнэнч цэргүүдийн эсэргүүцэлтэй тулгарахаа тооцсон биз ээ. Ийнхүү гарч болзошгүй саадыг урьдаас зохицуулжээ.

ГАЛЗУУ МЭТ ДАВХИСАН НЬ

Иехү хүмүүсийг сэжиг аваагүй дээр нь даалгавраа биелүүлэхээр Рамот-гилеадаас 72 километр зайтай Иезреел рүү тэргээ унан довтолгов. Зорьсон газартаа хүрэхээр хурдлан давхиж байхад нь харуул «Иехүгийн цэргүүдийг ирж байгааг» цамхаг дээрээс харжээ (Х.дэд 9:17). Иехү зорьсондоо хүрэхийн тулд их цэрэгтэй ирсэн нь ойлгомжтой.

Тэрэгнүүдийн нэгэнд зоригт Иехүгийн сууж явааг харуул танимагцаа «Тэрээр галзуурсан мэт давхидаг» хэмээн дуу алдав (Х.дэд 9:20). Иехү жирийн үед ширүүн давхидаг бол, тусгай даалгавар авсан энэ үед бүр ч галзуу юм шиг давхисан нь ойлгомжтой.

Иехү өөрийг нь угтаж ирсэн хоёр элчид юу ч хариулалгүй явсаар Иорам хаан болон түүний холбоотон Иудагийн хаан Ахазиаг тэрэгтэйгээ явж байхад нь уулзсан. Иорамыг «Иехү, амар амгалан уу?» гэж асуусанд Иехү: «Чиний эх Иезебелийн завхайрал болон түүний ид шидүүд олшрон байхад юун амар амгалан байх билээ?» хэмээн хариулдаг. Иорам сандарч, буцаад зугтсан боловч Иехүд дорхноо баригджээ! Иехү нумаа татаж, зүрхийг нь нэвт харвасанд Иорам тэргэн дотроо үхэтхийн унав. Ахазиа зугтахыг оролдсон ч Иехү түүнийг хайж олоод амийг нь хөнөөжээ (Х.дэд 9:22–24, 27).

Ахабын гэр бүлээс устгагдвал зохих дараагийн хүн нь хатан Иезебел байв. Иехү түүнийг «хараагдсан эм» гэж хэлсэн нь тун оносон юм. Түүнийг Иезреелд орж иртэл ордныхоо цонхоор харж байгаа Иезебел нүдэнд нь тусав. Тэгмэгц Иезебелийг доош нь хаяхыг түшмэдэд тушаажээ. Израилийг тэр чигээр нь завхруулсан энэ этгээдийг Иехүгийн морьд гишгэчин дэвсэлсэн. Эцэст нь Иехү хорон муу хаан Ахабын гэр бүлийн олон хүнийг устгажээ (Х.дэд 9:30–34; 10:1–14).

Ехова хүчирхийллийг үзэн яддаг ч тэр үед шүүх шийдвэрээ өөрийн үйлчлэгчдээр гүйцэтгүүлдэг байсныг ойлгох хэрэгтэй. Библид «Ахазиа Иорам уруу явсанд түүний сүйрэл Бурханаас ирсэн юм. Учир нь тэр тэнд ирмэгц, Иорамын хамт Нимшийн хүү Иехүгийн эсрэг хөдөлжээ. Ахабын гэрийг тастуулахаар Иехүг ЭЗЭН тосолсон байв» хэмээн бичжээ (Ш.дэд 22:7). Иехү Иорамын цогцсыг тэрэгнээс нь авч хаяхдаа Наботыг алсных нь төлөө Ахабыг шийтгэнэ гэсэн Еховагийн амлалт биелж байгааг ойлгосон. Тэрбээр бас «Иезебелийн гарт үрэгдсэн [Бурхны] зарц нар болох эш үзүүлэгчдийн цусны» өшөөг авах ёстой байв (Х.дэд 9:7, 25, 26; Х.дээд 21:17–19).

Өнөөдөр Еховагийн үйлчлэгчид цэвэр шүтлэгийг эсэргүүцдэг хүмүүсийн эсрэг хүч хэрэглэдэггүй. «Өшөө авалт нь Минийх» гэж Бурхан айлдсан (Евр. 10:30). Гэхдээ хурлыг завхруулж болзошгүй муу нөлөөнөөс хамгаалахын тулд ахлагчид Иехүгийн адилаар зоримог хөдлөх хэрэгтэй болдог (1 Кор. 5:9–13). Хурлын бусад гишүүн ч хурлаас хасагдсан хүнтэй холбоотой байхаас зайлсхийх ёстой (2 Иох. 9–11).

ИЕХҮ ЕХОВАГИЙН ТӨЛӨӨ ЗҮТГЭЛТЭЙ БАЙСАН

Иехү үүрэг даалгавартаа хэрхэн ханддагийг Иехонадабт хэлсэн үгнээс нь мэдэж болно. Тэрбээр: «Надтай хамт явж, ЭЗЭНий төлөөх миний зүтгэлийг харагтун» хэмээн хэлжээ. Иехонадаб түүний үгэнд орж, тэргэн дээр нь гараад, Самари руу хамт давхисан. Тэнд очоод Иехү «Баалыг шүтэн бишрэгчдийг устгах» заль зохиожээ (Х.дэд 10:15–17, 19).

Тэрбээр Баалд «үлэмж их тахил» өргөх гэж байгаагаа зарлан тунхагладаг (Х.дэд 10:18, 19). Нэгэн эрдэмтний тайлбарласнаар, Иехү далд утгаар ийн хэлжээ. Ер нь «тахил» гэсэн утгатай энэ үгийг тэрслэгчдийг «үй олноор нь хядах» гэж ойлгож болох аж. Иехү энэ арга хэмжээнд Баалын мөргөлчдөөс нэгийг ч үлдээлгүй ирүүлж, бүгдийг нь сүмд цуглуулаад тусгай хувцас өмсгөв. «Шатаалт тахил өргөж дуусмагц» Иехү зэвсэглэсэн 80 хүний хамт Баалын мөргөлчдийг устгадаг. Дараа нь сүмийг нурааж, шүтлэгийн арга хэмжээ явуулах аргагүй жорлон болгож орхижээ (Х.дэд 10:20–27).

Иехү цус их урсгасан нь үнэн. Гэхдээ Сударт түүнийг Иезебел болон түүний гэрийнхний дарангуйллаас Израилийг чөлөөлсөн зоригтой хүн гэж дүрсэлдэг. Израилийн удирдагч хүн ийм амжилт гаргая гэвэл зоригтой, шийдэмгий, идэвх зүтгэлтэй байх ёстой байв. Библийн нэгэн тольд «Эцсийг нь хүртэл нягт нямбай ажиллах шаардлагатай нэлээд ярвигтай хэрэг байв. Дайчин шуурхай л байхгүй бол Баалын шүтлэгийг Израилиас зайлуулах оролдлого бүтэхгүй байсан» гэж тайлбарлажээ.

Өнөөдөр христианууд Иехү шиг байх хэрэгтэй болдог. Жишээ нь, Еховагийн таалалд нийцдэггүй ямар нэг юм хийх хүсэл төрвөл яах вэ? Тэр даруйд нь зоримог алхам хийж, идэвх зүтгэлтэй байх хэрэгтэй. Бурханд үнэнч эсэх маань соригдох үед Еховагийн төлөө зүтгэлтэй байх ёстой.

ЕХОВАГИЙН ХУУЛИЙГ ДАГАГТУН

Энэ түүхийн төгсгөлд нэгэн сануулга байдаг. Иехү «Бетел ба Дан дахь алтан тугалуудыг» шүтэхээ болиогүй (Х.дэд 10:29). Цэвэр шүтлэгийн төлөө тийм их зүтгэлтэй байсан хүн хиймэл шүтээн шүтэхийг хүлцэн тэсвэрлэсэн нь ямар учиртай юм бол?

Тэрбээр Израилийн хаант улсыг Иудатай нэгтгэхгүйн тулд хоёр улсыг шашин шүтлэгээр тусгаарлах нь зүйтэй гэж бодсон байж болох юм. Тийм учраас Израилийн өмнөх хаадын адилаар, тугал шүтэх шүтлэгийг хэвээр нь үлдээсэн. Гэтэл энэ нь, өөрийг нь хаан болгосон Еховад итгэлгүй хандсан хэрэг байлаа.

Иехү Еховагийн «мэлмийд зөвийг гүйцэтгэснээрээ ... сайныг үйлдсэн учир» магтаал сайшаалыг нь хүлээсэн боловч «бүх зүрх сэтгэлээсээ Израилийн Бурхан болох ЭЗЭНий хууль дотор алхахыг анхаарсангүй» (Х.дэд 10:30, 31). Иехүгийн хийсэн бүхнийг бодохлоор гайхмаар, бас харамсмаар. Гэхдээ бидэнд сургамжтай. Бид нэгэнт Еховатай ойр дотно болсон бол энэ хэвээрээ л байх юм шиг санаж хэрхэвч болохгүй. Тэнгэрийн Эцэгтээ үнэнч байх гэж өдөр бүр хичээх хэрэгтэй. Үгийг нь судалж, эргэцүүлэн бодож, чин сэтгэлээсээ залбирах нь чухал. Тиймээс бүхий л зүрх сэтгэлээрээ Еховагийн хуулийг үргэлж дагахын тулд хамаг чадлаараа хичээцгээе (1 Кор. 10:12).

[4-р хуудасны хавсралт]

Иехү бол түүхэн хүн

Шүүмжлэгчид Библид гардаг хүмүүсийн бодитой эсэхэд ямагт эргэлздэг. Тэгвэл Иехүгийн талаарх баримт нотолгоо Библиэс өөр хаана байдаг вэ?

Эртний Ассириас Израилийн энэ хааны нэрийг дурдсан баримт наад зах нь гурав олдсон юм. Тэдгээрийн нэгд Ассирийн хаан III Шалманесерийн өмнө Иехү юм уу элч нарынх нь нэгийг сөгдөн мөргөж, алба гувчуур өгч байгаа мэтээр дүрсэлж, тайлбар дээр нь «Омрийн (Ху-ум-ри) хүү Иехүгийн (Иа-у-а) алба гувчуур; Би түүнээс алт, мөнгө, алтан саплу аяга, шовх ёроолтой алтан ваар, гонзгой алтан аяганууд, алтан шанаганууд, алтан лааз, хааны таяг, модон пурухту [утга нь тодорхойгүй] авсан» гэж бичжээ. Иехү «Омрийн хүү» байгаагүй. Гэхдээ хаадын угсаа залгамжилсан хүнийг «Омрийн хүү» гэдэг байжээ. Израилийн нийслэл Самари хотыг байгуулсан Омрийн нэр алдрын улмаас ийн нэрлэдэг байсан бололтой.

Иехү алба гувчуур өгсөн гэж Ассирийн хааны хэлснийг баттай гэх аргагүй ч тэрбээр Иехүг гурвантаа дурджээ. Чулуун самбараас гадна Шалманесерийн хөшөөн дээр, Ассирийн хаадын шастирт Иехүгийн нэр гардаг. Эдгээр баримт Библид гардаг энэ хүний түүхэн бодитойг эргэлзээгүй баталдаг.