Skip to content

Гарчиг руу орох

«Одоо эрэмдэг ч ирээдүйд цоо эрүүл!»

«Одоо эрэмдэг ч ирээдүйд цоо эрүүл!»

«Одоо эрэмдэг ч ирээдүйд цоо эрүүл!»

Сара Ван Дер Мондын яриа

Хүмүүс надаас «Сара, чи их сайхан инээмсэглэх юм. Яагаад дандаа ийм жаргалтай байдаг юм бэ?» гэж асуудаг. Намайг гайхамшигтай ирээдүй хүлээж байгаа учраас гэж би хариулдаг юм. Ирээдүйгээ тодорхойл гэвэл «Би одоо эрэмдэг ч ирээдүйд цоо эрүүл болно!» гэнэ.

БИ 1974 онд Францын Парис хотод төрсөн. Хүндрэлтэй төрөлтөөс болоод тархины саа туссан. Тийм болохоор, хөдөлж, явж чадахгүй, татаж унадаг, амархан өвдчихдөг, бас миний яриаг хүн ойлгодоггүй.

Намайг хоёр настай байхад манайх Австралийн Мелбурн рүү нүүсэн юм. Хоёр жилийн дараа аав маань ээж бид хоёрыг хаяад явчихсан. Тэр үед Бурхан надтай хамт байгааг анх удаа мэдэрснээ санаж байна. Ээж минь Еховагийн Гэрч учраас намайг байнга цуглаанд авч явдаг байлаа. Бурхан намайг хайрладаг, миний төлөө санаа тавьдаг гэдгийг би тэндээс л мэдсэн юм. Хэдийгээр амьдрал өөрчлөгдсөн ч тэр л мэдлэг болон ээжийнхээ хайр халамжийн ачаар би айж түгшихийг мэдэхгүй өссөн.

Еховад яаж залбирахыг ээж зааж өгсөн. Ний нуугүй хэлэхэд, хүнтэй ярихаас Еховад залбирах нь хамаагүй амар байдаг юм. Ярихын зовлонг залбирахдаа мэддэггүй. Би дотроо жирийн хүн шиг ойлгомжтой «ярьдаг». Хүмүүст ойлгогдохоор ярьж чаддаггүй учраас дотроо залбирсан ч, ээрч гацсан ч Ехова бүгдийг ойлгодог гэж бодохлоор урамтай санагддаг (Дуу. 65:2).

Саадыг давж явна

Таван настай байхад саажилт хүндэрснээс болоод хүнд төмрөн чиг хөлдөө бэхлээд алхдаг байлаа. Алхах ч гэж дээ, гуйваад явж чаддаггүй байв. 11 хүрчихээд явж чаддаггүй байсан гээд бод доо! Сүүлдээ, цахилгаан өргөгчийн тусламжтайгаар л орноосоо босож, гар залууртай, моторт тэргэнцэр дээрээ суудаг болсон.

Эрэмдэг төрсөндөө хааяа гутардаг л юм. Тэгэхлээрээ, «Чадахгүй зүйлийнхээ төлөө бүү санаа зов. Чаддаг юмаа л хий» гэдэг гэр бүлийнхээ уриаг санадаг. Үүний ачаар морь унаж, усан онгоц, завиар явж, байгалийн сайханд аялж, тэр байтугай, машин жолоодож үзсэн! Би гарын дүйтэй учир зураг зурах, юм оёх, хавах, уран хатгамал хатгах, вааран эдлэл урлах дуртай.

Өрөөл татуу болохоор зарим хүн намайг Бурханд үйлчлэх шийдвэр гаргах чадваргүй гэж боддог. Намайг 18-тай байхад манай сургуулийн багш ээжийнхээ шашнаас «зугтаж», гэрээсээ явахыг зөвлөсөн. Бүр, амьдрах байр олж өгье гэж билээ. Тэгэхэд нь би итгэл үнэмшлээсээ хэзээ ч няцахгүй, биеэ дааж амьдарч чаддаг болтлоо гэрээсээ явахгүй гэдгээ хэлсэн.

Багштайгаа ингэж ярилцсанаас хойш удалгүй би Еховагийн Гэрч болж баптисм хүртсэн. Хоёр жилийн дараа орон сууцны нэг жижиг өрөөнд амьдрах болов. Өөрийгөө тэжээгээд, биеэ даагаад амьдарч байгаадаа их жаргалтай байдаг.

Гэнэтийн санал

Хэдэн жилийн дараа итгэлийг минь сорьсон явдал болов. Манай ангид сурдаг, мөн л тахир дутуу нэг залуу гэрлэе гэж гуйсанд би бүр балмагдаж орхив. Эхэндээ сайхан л санагдаж байлаа. Ихэнх залуу бүсгүйчүүдийн адил, би ч бас насны ханьтай болохыг хүсдэг. Гэвч өрөөл татуу хүмүүс гэрлээд жаргалтай амьдарна гэсэн баталгаа ер нь байдаггүй. Тэгээд ч тэр залуу бид хоёрын сүсэг бишрэл, үйл хэрэг, санаа зорилго нийлэхгүй юм чинь яаж хамтын амьдрал зохиох билээ дээ? Түүнээс гадна, би зөвхөн итгэл нэгтэнтэйгээ гэрлэ гэсэн Бурхны тодорхой тушаалыг дагахаар шийдчихсэн байсан (1 Кор. 7:39). Тийм болохоор саналыг нь хүлээж авч чадахгүйгээ тэр залууд эвтэйхэн хэлсэн.

Эргээд бодоход, би зөв шийдвэр гаргажээ. Бурхны амласан шинэ ертөнцөд жаргалтай амьдарна гэдэгтээ ерөөсөө эргэлздэггүй (Дуу. 145:16; 2 Петр 3:13). Тэр болтол Еховад үнэнч үйлчилж, одоогийн амьдралдаа сэтгэл ханамжтай байя гэж боддог.

Тэргэнцрээсээ үсрэн буугаад, салхи татуулан гүйх өдрөө тэсэн ядан хүлээдэг. Тэр үед «Би эрэмдэг байсан, харин одоо цоо эрүүл боллоо. Үүрд эрүүл байх болно!» гэж хашгирна.