Skip to content

Гарчиг руу орох

Сүнслэгээр өсөхөд нь эрчүүдэд туслагтун

Сүнслэгээр өсөхөд нь эрчүүдэд туслагтун

Сүнслэгээр өсөхөд нь эрчүүдэд туслагтун

«Үүнээс хойш чи хүмүүсийг загасчлах болно» (ЛУК 5:10).

1, 2. а) Есүсийг дэлгэрүүлэхэд эрчүүд хэрхэн хүлээж авсан бэ? б) Энэ өгүүллээр юу үзэх вэ?

 ЕСҮС шавь нарынхаа хамт Галил нутгаар дэлгэрүүлж явжээ. Нэгэн өдөр завиар явж байгаад зэлүүд газар очиж амрахаар эрэг рүү сэлүүрдсэнд асар олон хүн араас нь дагалаа. Тэгэхэд «эмэгтэйчүүд, хүүхдүүдээс гадна таван мянга орчим эрчүүд» цугларчээ (Мат. 14:21). Бас нэгэн удаа Есүсээр өвчнөө эдгээлгэж, үг сургаалыг нь сонсохоор үй олон хүн цугларахад «эмэгтэйчүүд, хүүхдүүдээс гадна ... дөрвөн мянган эрчүүд» байлаа (Мат. 15:38). Үүнээс үзвэл, Есүс дээр ирж, сургаалыг нь сонирхсон хүмүүсийн дунд эрэгтэйчүүд олон байжээ. Үүнээс ч олон хүн үнэнийг хүлээж авахыг Есүс мэдэж байсан. Учир нь тэрбээр шавь нартаа загас барихад нь туслан гайхамшиг үйлдсэнийхээ дараа Симонд «Үүнээс хойш чи хүмүүсийг загасчлах болно» гэж хэлсэн билээ (Лук 5:10). Шавь нар нь хүн төрөлхтөн хэмээх далайд тороо хаяж, олон эрэгтэй хүнийг «загасчлах» ажээ.

2 Өнөөдөр биднийг дэлгэрүүлж явахад Библийн мэдээг сонирхон хүлээж авдаг эрэгтэй хүн байдаг (Мат. 5:3). Гэвч тэдний зарим нь Библи судалдаг ч сүнслэгээр өсдөггүй. Тэдэнд хэрхэн туслах вэ? Есүс зориуд эрэгтэй хүн хайж олох тусгай арга хэрэглэж байгаагүй ч тухайн үеийнхээ эрчүүдийн санааг зовоосон асуудлыг хөндөн дэлгэрүүлдэг байжээ. Есүсийг дууриан, санаа зовоосон асуудлаа шийдэхэд нь өнөөгийн эрчүүдэд хэрхэн тусалж болохыг үзье. Эрчүүд гол төлөв 1) мөнгөний төлөө санаа зовдог; 2) бусдаас айдаг; 3) өөрийгөө голдог.

Мөнгөний төлөө санаа зовдог бол...

3, 4. а) Эрчүүдийн санааг гол нь юу зовоодог вэ? б) Зарим эрчүүд амьдрахын тулд мөнгө олохыг сүнслэг зүйлээс илүү чухал гэж үздэгийн учир юу вэ?

3 Нэгэн хуулийн багш Есүст «Багш аа, Таныг хаашаа ч явсан би дагаж явъя» гэж хэлсэн боловч «Хүний Хүүд толгой хоргодох газар байхгүй» гэсэн хариултыг сонсоод бодлоо өөрчилжээ. Түүнийг Христийн дагалдагч болсон гэж Библид бичээгүйг бодоход хаанаас хоолоо олж идэх, хаана амьдрах нь тэр хүний санааг зовоосон бололтой (Мат. 8:19, 20).

4 Эрчүүд сүнслэг зүйлийг анхаарахаас илүү, эд хөрөнгө, мөнгө төгрөг бодох нь олонтаа. Дээд боловсрол эзэмшиж, цалин сайтай ажил хийхийг хамгийн чухал гэж үздэг. Тэдний бодлоор, Библи судалж, Бурхантай танилцсанаас, мөнгө олох нь хамаагүй ашигтай, зайлшгүй шаардлагатай зүйл юм. Библийн сургаал сэтгэлд нь нийцэж болох ч «ертөнцийн зовнил, эд баялгийн хуурамч байдал» сонирхлыг нь бууруулдаг талтай (Марк 4:18, 19). Есүс үзэл бодлоо өөрчлөхөд нь шавь нартаа хэрхэн тусалсныг авч үзье.

5, 6. Үзэл бодлоо өөрчлөхөд нь Андрей Петр Иаков Иохан нарт юу нөлөөлсөн бэ?

5 Андрей өөрийн ах Симон Петрийн хамт загас барьдаг байв. Ах дүү Иаков Иохан нар ч эцэг Зебедеен хамт загасчны ажил эрхэлдэг байсан. Ашиг орлого сайтай байсан тул ажилчин хөлсөлдөг байжээ (Марк 1:16–20). Андрей Иохан хоёр Баптисм хүртээгч Иоханаас Есүсийн тухай мэдээд Мессиаг олсон гэдэгтээ итгэсэн. Тэгээд Андрей өөрийн ах Симон Петрт дуулгадаг. Иохан ч бас ах Иаковтаа ярьж өгсөн биз ээ (Иох. 1:29, 35–41). Үүнээс хойш хэдэн сарын турш тэр дөрөв Есүсийг Галил, Иудей, Самариар дэлгэрүүлэхэд нь дагаж явсан. Дараа нь загасчны ажилдаа эргээд оржээ. Тэд сүнслэг зүйлийг сонирхдог байсан ч дэлгэрүүлэх ажлыг хамгийн чухал гэж үзээгүй.

6 Хэсэг хугацааны дараа Есүс, Петр Андрей хоёрыг өөрийн дагалдагч, «хүмүүсийн загасчин» болгохоор дууджээ. Тэд яасан бол? «Тэр даруй тороо орхиж Түүнийг дагалаа». Иаков Иохан хоёр ч бас «тэр даруй ... эцгээ завьтайгаа орхиж Түүнийг дагалаа» (Мат. 4:18–22). Тэд юуны учир дэлгэрүүлэх ажилд өөрсдийгөө бүрэн зориулахад хүрэв? Хөөрүү сэтгэлээр, юу ч бодолгүй ийм шийдвэр гаргасан уу? Үгүй дээ, тийм биш! Хамт өнгөрөөсөн хэдэн сарын турш Есүсийн яриаг сонсож, гайхамшиг үйлдэхийг нь харж, зөв юмны төлөө яаж зүтгэж байгааг нь ажиглаж, дэлгэрүүлэх ажлынх нь гайхам үр дүнг нүдээр үзсэн. Үүний ачаар Еховад улам итгэж, найддаг болсон!

7. Еховад итгэж найддаг болоход нь суралцагчдаа хэрхэн тусалж болох вэ?

7 Суралцагчаа Еховад итгэж найддаг болгохын тулд Есүсийг хэрхэн дууриах вэ? (Сур. 3:5, 6). Заах арга барил их нөлөөтэй. Хаанчлалын үйл хэргийг эн тэргүүнд тавивал Бурхан арвин ихээр ивээнэ гэж амладгийг онцолж болно (Малахи 3:10; Матай 6:33-ыг уншина уу). Ехова үйлчлэгчдэдээ үргэлж санаа тавьдгийг Библиэс үзүүлж болно. Гэхдээ суралцагч маань бидний үлгэр жишээг ажигладгийг битгий мартаарай. Еховагийн тусламжийг өөрийн биеэр амссанаа ярьж өгвөл Бурханд найдаж сурахад нь тус дөхөм болно. Бас байгууллагын ном хэвлэлээс уншсан хүмүүсийн намтар түүхийг ярьж өгөөрэй. *

8. а) Суралцагч хүн «ЭЗЭН сайн гэдгийг амсаж үзэх» нь яагаад чухал бэ? б) Еховаг сайн гэдгийг өөрийн биеэр мэдрэхэд нь суралцагчдаа хэрхэн туслах вэ?

8 Бурхны ивээлийг хүртсэн хүмүүсийн түүх намтрыг уншиж, сонсохоос гадна, Еховагийн сайн сайхныг өөрийн биеэр үзвэл суралцагчийн итгэл батажна. Дуулалч: «ЭЗЭН сайн гэдгийг амсаж үз. Түүний дотор хоргоддог хүн юутай ерөөлтэй вэ!» хэмээн дуулсан байдаг (Дуу. 34:8). Ехова сайн гэдгийг амсаж үзэхэд нь суралцагчдаа хэрхэн туслах вэ? Суралцагч тань мөнгө төгрөгний асуудалтайн дээр, тамхи татдаг, мөрийтэй тоглоом тоглодог, архи дарс хэтрүүлчихдэг муу зуршлаасаа салахыг оролдож байна гэж бодъё (Сур. 23:20, 21; 2 Кор. 7:1; 1 Тим. 6:10). Муу зуршлаа хаяхад туслаач гэж Бурхнаас гуйж залбирахыг заагаарай. Тэгвэл суралцагч тань Еховаг сайн гэдгийг өөрийн биеэр мэдэрнэ. Долоо хоног бүр Библи судлах, цуглаанд бэлдэж, оролцохыг зөвлөөрэй. Өөрөө хичээсний эцэст Еховагийн ивээлийг хүртэж байгаагаа мэдэрвэл итгэл нь улам батажна.

Хүнээс айдаг бол...

9, 10. а) Есүсийн сургаалыг Никодем Ариматын Иосеф нар нууцаар сонирхож байсны учир юу вэ? б) Өнөөдөр зарим эрчүүд Христийг дагахгүй, тээнэгэлзээд байдгийн учир юу вэ?

9 Зарим эрчүүд бусдын дарамт шахалтаас болоод Христийг тууштай дагаж чадахгүй, тээнэгэлздэг байж болох юм. Жишээ нь Никодем, Ариматын Иосеф нар бусад иудейчүүд юу хэлэх бол, яах бол гэж айгаад, Есүсийн сургаалыг нууцаар сонирхож байсан (Иох. 3:1, 2; 19:38). Ингэж айх ч үндэс байжээ. Шашны удирдагчид Есүсийг улам ихээр үзэн ядах болж, түүнд итгэдэг гэж үнэнээ хэлсэн хэнийг ч болов синагогоос хөөдөг болсон аж (Иох. 9:22).

10 Өнөөдөр зарим оронд Бурхан, Библи эсвэл шашныг ихэд сонирхдог хүнийг найз нөхөд, ажлын газрынхан, хамаатан садан нь шоолдог. Гэтэл зарим оронд шашнаа өөрчлөх тухай ярихад ч аюултай байдаг. Хэрэв зэвсэгт хүчин, засгийн газар, орон нутгийн захиргаанд дээгүүр алба хашдаг бол дарамт шахалт бүр ч илүү байж болох юм. Жишээ нь, Германд амьдардаг нэг хүн: «Гэрчүүд та нарын ярьж явдаг Библийн сургаалыг би үнэн гэж боддог. Гэхдээ намайг өнөөдөр Гэрч боллоо гэхэд маргааш хүн болгон мэднэ. Ажлын газрынхан, хөршүүд, клубийн найз нөхөд, гэрийнхэн, надтай холбоотой хүмүүс юу гэж бодох вэ? Би үүнийг тэвчиж чадахгүй» гэж ярьжээ.

11. Хүнээс айх айдсаа ялахад нь Есүс шавь нартаа хэрхэн тусалсан бэ?

11 Есүсийн элч нар аймхай хулчгар байгаагүй ч хүн юу гэх бол хэмээн хааяа боддог байжээ (Марк 14:50, 66–72). Есүс яаж тусалсан учраас шавь нар нь бусдын дарамт шахалтад бууж өгөлгүй сүнслэгээр өссөн бэ? Эсэргүүцэл тулгарахыг урьдчилан сануулж тэднийг бэлдсэн. Тэрбээр: «Хүний Хүүгээс болж хүмүүс та нарыг үзэн ядаж, хавчин, доромжилж, нэрийг чинь хорон муу мэтээр үзэж үл ойшоох цагт та нар ерөөлтэй еэ!» гэж хэлжээ (Лук 6:22). Есүсийн анхааруулснаар дагалдагчид нь «Хүний Хүүгээс болж» доромжлогдох байлаа. Гэхдээ Бурханд найдвал тусалж дэмжинэ гэдгийг Есүс батлан хэлсэн (Лук 12:4–12). Түүнээс гадна, Есүс шинэ дагалдагчдаа шавь нартайгаа нөхөрлүүлэхийг хүссэн (Марк 10:29, 30).

12. Хүнээс айх айдсаа ялахад нь суралцагчдаа хэрхэн тусалж болох вэ?

12 Хүнээс айх айдсаа ялахад нь бид ч бас суралцагчдаа туслах учиртай. Урьдчилан бэлдвэл бэрхшээлийг ажрахгүй давж чадна (Иох. 15:19). Жишээлбэл, хамт ажилладаг хүн нь асуулт асуух юм уу эсэргүүцвэл Библид үндэслэн, ойлгомжтой, ухаалаг хариулж сурахад нь тусалж болно биз дээ? Бид өөрсдөө суралцагчийнхаа сайн найз байгаад зогсохгүй, хурлын гишүүдтэй, ялангуяа, адилхан зовлонтой, хүсэл сонирхол нэгтэй хүнтэй танилцуулах нь зүйтэй. Бас чин зүрхнээсээ, тогтмол залбирдаг болоход нь туслаарай. Ингэвэл суралцагч Еховатай дотносож, түүнийг өөрийн Хоргодох газар, Хад болгоно (Дуулал 94:21–23; Иаков 4:8-ыг уншина уу).

Өөрийгөө голдог бол...

13. Зарим эрчүүд сүнслэг асуудлаас хойш суудгийн учир юу вэ?

13 Зарим эрчүүд сайн уншдаггүй, санал бодлоо чөлөөтэй илэрхийлж чаддаггүй эсвэл бүрэг ичимхий зангаасаа болоод сүнслэг асуудлыг хойш нь тавьдаг. Зарим нь үзэл бодол, сэтгэл санаагаа олон хүний өмнө хэлнэ гэхээс эвгүйцдэг. Библи судлах, цуглаанд хариулах, итгэл үнэмшлээ бусадтай хуваалцах нь тэдний хувьд давшгүй даваа. Нэг Гэрч эрэгтэй: «Би залуу байхдаа айлын хонх дарсан болчихоод, хүн сонсоогүй, эсвэл хараагүй байгаасай гэж бодон сэмээрхэн холдоод явахыг л боддог байлаа. ... Айлаар дэлгэрүүлнэ гэхээр дотор муухайрдаг байсан» гэж ярьжээ.

14. Есүсийн шавь нар чөтгөрт эзэмдүүлсэн хүүг яагаад эдгээж чадаагүй вэ?

14 Есүсийн шавь нарын тухай бодъё. Тэд итгэл багатайгаасаа болоод чөтгөрт эзэмдүүлсэн хүүг эдгээж чаддаггүй. Хүүгийн эцэг Есүс дээр хүрч ирээд «Хүү маань солиотой. Тэр их өвчтэй байна. Гал усанд байнга унаж ойчдог юм. Би түүнийг Таны шавь нар дээр авчирсанд тэд эдгээж чадсангүй» гэдэг. Есүс чөтгөрийг хөөн гаргахад хүү эдгэрэв. Тэгтэл шавь нар нь Есүс дээр хэдүүлхнээ ирж, «Бид яагаад түүнийг хөөн гаргаж чадсангүй вэ?» гэж асуусанд, Есүс: «Итгэл чинь бага учраас. Үнэнээр Би та нарт хэлье. Хэрэв гичийн үр төдийхөн итгэл та нарт байвал, энэ ууланд „Эндээс тийшээ нүү“ гэж хэлбэл тэр нь нүүнэ. Та нарт боломжгүй юм гэж байхгүй болно» хэмээн хариулдаг (Мат. 17:14–20). Уул шиг саадыг давъя гэвэл Еховад итгэх хэрэгтэй. Харин үүнийг мартан өөрийнхөө чадалд найдвал яах вэ? Еховад үйлчилж чадахгүй гэж бодно.

15, 16. Өөрийгөө голдог суралцагчдаа хэрхэн тусалж болох вэ?

15 Өөрийгөө голдог хүнд Еховад найдахыг зөвлөөрэй. Петр: «Бурханы хүчирхэг мутрын дор өөрсдийгөө даруу байлга. Тэгвэл Бурхан зохистой цагт та нарыг өргөмжилнө. ... Бүх зовнилоо Түүнд үүрүүл» гэж бичжээ (1 Петр 5:6, 7). Еховаг хайрлаж, түүгээр удирдуулах хүсэлтэй болоход нь суралцагчдаа туслах хэрэгтэй. Сүнслэг хүн сүнслэг зүйлийг өндөр үнэлдэг. Мөн Бурхны Үгийг эрхэмлэн үзэж, «сүнсний үр жимс» илэрхийлдэг (Гал. 5:22, 23). Залбирахыг маш чухал зүйл гэж үздэг (Флп. 4:6, 7). Аливаа сорилтыг давах, даалгавраа амжилттай биелүүлэх эр зориг, хүч чадлыг Бурхнаас гуйдаг (2 Тимот 1:7, 8-ыг уншина уу).

16 Зарим суралцагчийн унших, ярих чадварыг сайжруулах шаардлага гардаг. Зарим нь Еховатай танилцахаасаа өмнө муу юм хийж байснаасаа болоод өөрийгөө Бурханд үйлчлэх зохисгүй гэж боддог. Аль нь ч байлаа гэсэн тэднийг хайрлаж, тэвчээртэйгээр туслах хэрэгтэй. Есүс: «Эмч эрүүл хүмүүст бус, өвчтэй хүмүүст хэрэгтэй» гэж хэлсэн (Мат. 9:12).

Аль болох олон эр хүнийг Еховатай танилцуулаарай

17, 18. а) Аль болох олон эрэгтэй хүнд дэлгэрүүлье гэвэл яах хэрэгтэй вэ? б) Дараагийн өгүүллээр юу үзэх вэ?

17 Бид Библиэс өөр хаана ч байхгүй, аз жаргалын сайн мэдээг аль болох олон эрэгтэй хүн хүлээж аваасай гэж хүсдэг (2 Тим. 3:16, 17). Дэлгэрүүлж явахдаа эрэгтэй хүнийг яаж олж уулзах вэ? Эрчүүд гол төлөв орой үдэш, бямба, ням гаригийн үдээс хойш, баярын өдрүүдэд гэртээ байх нь олонтаа. Болж өгвөл, тухайн айлын эрэгтэй хүнтэй ярилцаж болох эсэхийг асуугаарай. Бас хамт ажилладаг эрэгтэй хүн, итгэл нэгтнийхээ Гэрч биш нөхрүүдэд албан бусаар дэлгэрүүлэх боломжийг алдалгүй ашиглах нь зүйтэй.

18 Уулзсан хүн болгондоо дэлгэрүүлбэл сайн мэдээг нааштай хүлээж авах хүн заавал олдоно. Үнэнийг чин сэтгэлээсээ сонирхдог хүнд тусалъя гэвэл тэвчээртэй байцгаая. Харин баптисм хүртсэн эрэгтэйчүүдийг Бурхны байгууллагад тодорхой үүрэг хүлээх хүсэлтэй болоход нь хэрхэн туслах вэ? Дараагийн өгүүллээр энэ тухай ярилцъя.

[Зүүлт]

^ «Еховагийн Гэрчүүдийн жил тутмын ном», «Харуулын цамхаг» болон «Сэрцгээ!» сэтгүүлд нийтлэгдсэн түүх намтрыг мэддэг хэлээрээ уншаарай.

Хариулна уу

• Сүнслэг зүйлийг илүү чухал гэж үздэг болоход нь эрчүүдэд хэрхэн туслах вэ?

• Бусдын дарамт шахалтад бууж өгөхгүй байхад нь суралцагчдад хэрхэн туслах вэ?

• Өөрийгөө голдог хүмүүст хэрхэн туслах вэ?

[Догол мөрийн асуулт]

[25-р хуудасны зураг]

Та сайн мэдээг эрэгтэй хүнд дэлгэрүүлэх боломжийг ашигладаг уу?

[26-р хуудасны зураг]

Тулгарах сорилтод суралцагчаа хэрхэн бэлдэх вэ?