Skip to content

Гарчиг руу орох

Уншигчдын асуулт

Уншигчдын асуулт

Уншигчдын асуулт

Есүс Христийг чухам хэдэн цагт шонд хадсаныг мэдэх арга бий юү?

Ийм асуулт гардгийн учир нь Евангели бичигч Марк Иохан нарын, Бурхны сүнсээр удирдуулан бичсэн Есүсийн үхлийн тухай баримт зөрдөгтэй холбоотой. Марк: «[Цэргүүд] Түүнийг цовдлох үед гуравдугаар цаг байсан юм» гэж бичжээ (Марк 15:25). Иоханы бичсэнээр, «зургадугаар цагийн орчим» Пилат Есүсийг шонд хадуулахаар иудейчүүдэд тушаасан (Иох. 19:14–16). Библийг тайлбарлагчид зөрүүтэй юм шиг энэ хоёр тэмдэглэлийг янз бүрээр тайлбарладаг боловч Библид хангалттай мэдээлэл байдаггүй. Гэсэн хэдий ч тэр үеийн хүмүүс цаг хугацааг хэрхэн тооцож байсныг авч үзэх нь тустай байх болов уу.

Манай эриний нэгдүгээр зуунд иудейчүүд өдрийн цагийг нар мандахаас эхлэн тооцож, 12 цагт хуваадаг байжээ (Иох. 11:9). Тэгэхлээр, «гуравдугаар цаг» нь өглөөний наймаас есөн цагийн хооронд үргэлжилж, «зургадугаар цаг» нь үдийн алдад дуусдаг байсан гэсэн үг. Нар жилийн туршид өөр өөр цагт мандаж, жаргадаг тул улирлаасаа хамаараад өдрийн үргэлжлэх хугацаа ч харилцан адилгүй байсан. Түүнчлэн тухайн өдрийн хэдэн цаг болж байгааг нарны байрлалаар тогтоодог байсан учир цагийг баримжаагаар тооцдог байжээ. Христиан Грек Сударт үйл явдал гурав, зургаа, есдүгээр цагийн орчимд болж байгаагаар бичсэн нь барагцаалж хэлсэн хэрэг (Мат. 20:3, 5; Үйлс 10:3, 9, 30). Харин тухайн үйл явдал болсон цаг тун чухал бол «долдугаар цагт» гэх мэтээр нарийвчлан бичсэн байдаг (Иох. 4:52).

Есүсийн дэлхий дэх амьдралын сүүлчийн өдөр хэдэн цагийн үед ямар үйл явдал болсныг Евангелийн номуудад яг адилхан бичсэн байдаг. Тахилчид болон ахлагчид өглөө эрт уулзаж, Есүсийг Ромын амбан захирагч Понти Пилатад хүргэсэн тухай Евангелийн дөрвөн номд тэмдэглэжээ (Мат. 27:1; Марк 15:1; Лук 22:66; Иох. 18:28). Есүсийг шонд хадуулчихаад байтал зургадугаар цагаас «есдүгээр цаг хүртэл» бүх газрыг харанхуй нөмрөн авсан тухай Матай, Марк, Лук гурвуулаа бичжээ (Мат. 27:45, 46; Марк 15:33, 34; Лук 23:44).

Есүсийн шонд хадсан цагийг олж тогтооё гэвэл нэг чухал зүйлийг анхаарах хэрэгтэй. Ялтанг ташуурдах нь шонд хадах ялын нэг хэсэг байжээ. Ташуурдах шийтгэл туйлын харгис тул зарим ялтан ташуурдуулж байхдаа амиа алддаг байв. Есүсийн тухайд, тэрбээр хайр найргүй ташуурдуулсан учир үүрч явсан шонг нь өөр хүн үүрэхэд хүрчээ (Лук 23:26; Иох. 19:17). Хэрэв шонд хадах үйл явц ташуурдахаас эхэлсэн гэж үзвэл Есүсийг шонд хадах хүртэл тодорхой хугацаа өнгөрсөн байж таарна. Тиймд шонд хадах үйл явцыг юунаас эхэлж тооцсон нь цагийг зөрүүтэй бичихэд хүргэсэн байж болох юм.

Элч Иохан Евангелийг гурван нөхрөөсөө хожуу бичихдээ тэдний тэмдэглэлээс авч оруулжээ. Гэхдээ цаг хугацааг Маркийнхаас өөрөөр бичсэн байдаг. Энэ нь Маркийн бичсэнийг зүгээр нэг хуулаагүйн тодоос тод баталгаа юм. Иохан Марк хоёрын хэн хэн нь Бурхны сүнсээр удирдуулан бичсэн. Цаг хугацааг зөрүүтэй бичсэний учрыг Библид үндэслээд бүрэн тайлбарлах боломжгүй ч Евангелийн мэдээнд итгэж болно.