Skip to content

Гарчиг руу орох

Эрчүүдийг хариуцлагатай үүрэг хүлээх эрмэлзэлтэй болгогтун

Эрчүүдийг хариуцлагатай үүрэг хүлээх эрмэлзэлтэй болгогтун

Эрчүүдийг хариуцлагатай үүрэг хүлээх эрмэлзэлтэй болгогтун

«Бүрэн суралцсаныхаа дараа хүн бүр багш шигээ болно» (ЛУК 6:40).

1. Есүс дэлхий дээр үйлчилж байхдаа нэгэн онцгой хурлын үндсийг хэрхэн тавьсан бэ?

 ЭЛЧ Иохан: «Есүсийн үйлдсэн өөр олон үйлс бий. Хэрэв тэдгээрийг нь нэг бүрчлэн бичсэн бол бичигдсэн номууд нь энэ ертөнцөд ч багтахгүй байх байсан гэж би боддог» гэсэн үгээр Евангелийг төгсгөжээ (Иох. 21:25). Есүс дэлхий дээр амьдрах богинохон хугацаандаа идэвхтэй үйлчилж их зүйлийг амжуулсны дотор өөрөөс нь хойш дагалдагчдыг нь удирдах эрчүүдийг олж, сургаж бэлтгэн, зохион байгуулалтын арга хэмжээ авсан. Тэрбээр маш бага хугацаанд олон мянган гишүүнтэй болох нэгэн онцгой хурлын үндсийг тавиад, МЭ 33 онд тэнгэрт буцжээ (Үйлс 2:41, 42; 4:4; 6:7).

2, 3. а) Хуралд хариуцлагатай үүрэг хүлээх эрчүүд хэрэгтэй байгаагийн учир юу вэ? б) Энэ өгүүллээр юу үзэх вэ?

2 Өнөөдөр 100 000 гаруй хурлын долоон сая гаруй дэлгэрүүлэгч Хаанчлалын тухай сайн мэдээг идэвхтэй тунхаглаж байна. Тэдгээр хуралд хариуцлагатай үүрэг хүлээх эрчүүдийн хэрэгцээ байсаар байна. Тухайлбал, ахлагч их хэрэгтэй. Ийм үүрэг хүлээх эрмэлзэлтэй хүмүүсийг магтууштай. Учир нь тэд «сайн ажлыг хүсдэг» (1 Тим. 3:1).

3 Гэхдээ эрчүүд зүгээр сууж байгаад ахлагч, туслах үйлчлэгч болчихдоггүй. Мэдлэг боловсрол, амьдралын туршлагатай л бол энэ ажлыг хийдэг юм биш. Хуралд хариуцлагатай үүрэг хүлээе гэвэл авьяас чадвар, ололт амжилтаас илүүгээр, христиан зан чанарыг анхаарах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, ахлагч, туслах үйлчлэгч хүнд тавигддаг Библийн шаардлагыг хангасан байх ёстой. Тэгвэл христиан эрчүүдэд хэрхэн туслах вэ? «Бүрэн суралцсаныхаа дараа хүн бүр багш шигээ болно» гэж Есүс хэлсэн байдаг (Лук 6:40). Энэ өгүүллээр, Агуу Багш Есүс Христ шавь нараа хэрхэн сургаж байсныг үзэж, бидэнд ямар сургамжтайг ярилцъя.

«Би та нарыг анд нөхөд хэмээн дуудав»

4. Есүс шавь нартайгаа хэрхэн дотносон нөхөрлөсөн бэ?

4 Есүс шавь нараа дорд үзэлгүй, анд нөхрийн ёсоор ханддаг байсан. Хамт цагийг өнгөрүүлж, тэдэнд итгэж найдан, «Эцэгээсээ сонссон бүхнээ ... мэдүүлсэн» (Иохан 15:15-ыг уншина уу). Есүс шавь нарынхаа «Таны заларч ирэхэд болон үеийн төгсгөлд ямар шинж тэмдэг байх вэ?» гэсэн асуултад хариулахад тэдний сэтгэл хэчнээн их догдолсон бол оо (Мат. 24:3, 4). Тэрбээр үзэл бодол, сэтгэл санаагаа шавь нартайгаа хуваалцдаг байсан. Тухайлбал, баривчлагддаг оройгоо Петр Иаков Иохан гурвыг дагуулаад Гетсеманийн цэцэрлэгт очиж шаналсан сэтгэлээ уудлан шаргуу залбирсан билээ. Гурван элч нь Есүсийн юу гэж залбирсныг сонсоогүй ч ямар нэгэн ноцтой юм болоод байгааг ойлгосон нь лавтай (Марк 14:33–38). Бас урьд нь Есүсийн хувирч өөрчлөгдсөн үзэгдэл тэр гуравт онцгой сэтгэгдэл төрүүлснийг бодоод үз дээ (Марк 9:2–8; 2 Петр 1:16–18). Есүс шавь нартайгаа дотносон нөхөрлөсөн учраас тэд хожим нь чухал даалгавар биелүүлэх чадвартай болсон.

5. Ахлагчид ямар аргаар бусдад тусалдаг вэ?

5 Өнөөдөр ахлагчид Есүсийг дууриан итгэл нэгтнүүддээ тусалж, дотны анд нөхөд нь байхыг хүсдэг. Тийм учраас зориуд зав гарган чин сэтгэлээсээ санаа тавьдаг. Ахлагчид хэн хүнд яриад байх ёсгүй зүйлийг мэддэг ч нууц хадгалах ёстой гээд хүмүүсээс дөлдөггүй. Харин ч христиан ах дүүстээ итгэдэг бөгөөд Бурхны Үгнээс сурч мэдсэнээ хуваалцдаг. Өөрөөс нь насаар дүү туслах үйлчлэгчийг хэзээ ч дорд үздэггүй. Харин тэднийг хурлын сайн сайхны төлөө үйлчлэх чадвартай сүнслэг хүн гэж боддог.

«Та нарт ... Би ... жишээ үзүүлсэн юм»

6, 7. Есүс шавь нартаа ямар үлгэр дууриал үлдээсэн бэ? Шавь нар нь түүнийг хэрхэн дагасан бэ?

6 Есүсийн шавь нар сүнслэг зүйлийг үнэлдэг ч төрж өссөн орчин, ахуй соёл нь тэдний үзэл бодолд хааяа нөлөөлчихдөг байжээ (Мат. 19:9, 10; Лук 9:46–48; Иох. 4:27). Гэлээ ч Есүс тэднийг шүүмжлэх юм уу, аашилж загнаж байсангүй. Хэрээс нь хэтэрсэн юм шаардаж, хийж үзээгүй ажлаа хийлгэх гэж зүтгэж байсан удаагүй. Харин өөрийн биеэр үлгэрлэн үзүүлдэг байв (Иохан 13:15-ыг уншина уу).

7 Есүс шавь нартаа ямар үлгэр дууриал үлдээсэн бэ? (1 Петр 2:21). Энгийн амьдарч, ямар ч саадгүйгээр хүмүүст үйлчилж байсан (Лук 9:58). Даруу зантай тэрбээр сургаалаа Сударт үндэслэн заасан (Иох. 5:19; 17:14, 17). Есүс найрсаг, сайхан сэтгэлтэй хүн байсан. Хийсэн үйлдсэн бүхэн нь хайрынх нь илрэл байлаа (Мат. 19:13–15; Иох. 15:12). Есүсийн жишээ элч нарт сайнаар нөлөөлсөн. Тухайлбал, Иаков үхлээс айлгүй Бурханд үнэнч үйлчилсээр цаазлуулсан (Үйлс 12:1, 2). Иохан 60 гаруй жил Есүсийн мөрөөр дагасан (Илч. 1:1, 2, 9).

8. Ахлагчид залуу эрчүүд болон хурлын бусад гишүүнд ямар жишээ үзүүлдэг вэ?

8 Өөрийгөө золиосолдог, даруу зантай, бусдыг хайрладаг ахлагчид залуу эрчүүдэд сайхан үлгэр дууриал болдог (1 Петр 5:2, 3). Хурлынх нь бусад эрчүүд бат итгэлтэй байдал, заах арга, амьдралын хэв маяг, дэлгэрүүлэх ажлын туршлагаас нь суралцаж байгааг тэд мэдэхлээрээ сэтгэл ханамжтай байдаг (Евр. 13:7).

Есүс шавь нараа илгээхдээ заавар өгсөн

9. Есүс сайн мэдээ дэлгэрүүлэх ажилд шавь нараа бэлдсэнийг хаанаас мэдэж болох вэ?

9 Есүс Хаанчлалын тухай мэдээг хоёр жил шахам идэвх зүтгэлтэй тунхагласныхаа дараа дэлгэрүүлэх ажлаа өргөжүүлэхээр 12 элчээ илгээжээ. Гэхдээ эхлээд заавар өгдөг (Мат. 10:5–14). Тэрбээр гайхамшиг үйлдэн олон мянган хүнийг хооллохын өмнө ямар зохион байгуулалттайгаар идэх юм тарааж өгөхийг шавь нартаа тушаасан (Лук 9:12–17). Тэгэхлээр юуг, яаж хийхийг нарийвчлан хэлж сургаж байжээ. Элч нар ийнхүү бэлтгэгдсэнээс гадна ариун сүнсний хүчийг авсан учраас МЭ 33 оноос эхэлсэн дэлгэрүүлэх ажлыг өргөн далайцтай, зохион байгуулалттай хийж чадсан.

10, 11. Шинэ хүнд үе шаттайгаар хэрхэн тусалж болох вэ?

10 Өнөөдөр эрэгтэй хүнийг Библийн хичээл хийж эхэлсэн цагаас нь сургах хэрэгтэй. Сайн уншдаг болгохоос өгсүүлээд янз бүрээр тусалж болно. Цуглаанд тогтмол явж эхлэхлээр нь Дэлгэрүүлэгчийн сургууль дээр даалгавар биелүүлэх, баптисм хүртээгүй дэлгэрүүлэгч болоход хэрэгтэй зүйлийг заадаг. Баптисм хүртэхлээр нь Хаанчлалын танхимын засварын ажилд оролцуулдаг. Яваандаа туслах үйлчлэгч болоход ямар шаардлага хангах хэрэгтэйг ахлагчид тэдэнд ойлгуулдаг.

11 Ахлагч баптисм хүртсэн эрэгтэйд үүрэг даалгавар оноохдоо ямар журмаар хийх ёстойг тайлбарлаж, тодорхой заавар өгдөг. Даалгавар авсан хүн хийх ажлаа яг таг ойлгосон байх ёстой. Даалгасан ажлыг нь хийж чадаагүй бол чадваргүй гэж яаран дүгнэлгүй, харин юуг, яаж хийх ёстойг дахиад аятайхан хэлж өгдөг. Ийнхүү сэтгэл зүтгэл гаргаж байгааг нь үнэлж, өгсөн заавар зөвлөгөөг нь хэрэгжүүлээд, бусдад үйлчлэхийн баяр баясгалан эдэлж байгаа эрчүүдэд ахлагч нар баярладаг (Үйлс 20:35).

«Мэргэн нэгэн зөвлөгөөг сонсдог»

12. Есүсийн өгдөг зөвлөгөө үр нөлөөтэй байсны учир юу вэ?

12 Есүс шавь нэг бүрдээ тохирсон зөвлөгөө өгч, тэднийг сургаж бэлтгэдэг байсан. Жишээлбэл, Багшийг нь хүлээн аваагүй самаричууд дээр тэнгэрээс гал буулгахыг хүссэн Иаков Иохан хоёрыг тэрбээр зэмлэдэг (Лук 9:52–55). Бас нэг удаа Иаков Иохан хоёрын эх Есүс дээр хүрч ирээд, хөвгүүдийг минь Хаанчлалд хүндтэй байр суурьтай болгож өгөөч гэж хүсэхэд Есүс шууд ах дүү хоёрт хандан «Миний баруун, зүүн талд суухыг чинь Би шийдэхгүй. Харин энэ бол Миний Эцэгийн бэлтгэсэн хүмүүсийнх юм» гэж хэлсэн (Мат. 20:20–23). Есүс ямагт тодорхой, хэрэгжүүлж болмоор, Бурхны тогтоосон зарчимд үндэслэсэн зөвлөгөө өгдөг байв. Мөн тэр зарчмуудыг эргэцүүлэн бодуулж сургасан (Мат. 17:24–27). Бас хэр чадлыг нь ойлгодог учир төгс байхыг шаарддаггүй байв. Жинхэнэ ёсоор хайрласандаа зөвлөгөө өгдөг байжээ (Иох. 13:1).

13, 14. а) Ямар хүнд зөвлөгөө өгөх хэрэгтэй вэ? б) Сүнслэгээр өсөхгүй байгаа эрэгтэйд юу гэж зөвлөх хэрэгтэй вэ?

13 Хуралд хариуцлагатай үүрэг хүлээхийг хүсдэг эрэгтэй хүн бүрд үе үе Библийн зөвлөгөө өгөх шаардлага гардаг. Сургаалт үгс 12:15-д «Мэргэн нэгэн зөвлөгөөг сонсдог» гэж байдаг. Нэгэн христиан залуу: «Төгс бус байдлаа ялан дийлэх нь надад хамгийн хэцүү байсан. Нэг ахлагчийн өгсөн зөвлөгөө намайг зөв үзэлтэй болоход тусалсан» гэж ярьжээ.

14 Хэрэв христиан эрэгтэй зохисгүй юм хийдгээсээ болоод сүнслэгээр өсөхдөө удаан байгааг ахлагчид анзаарсан бол санаачилга гарган дөлгөөхнөөр засаж залруулах хэрэгтэй (Гал. 6:1). Заримдаа гаргаж байгаа зан авираас нь болоод зөвлөгөө өгөх хэрэг гардаг. Жишээлбэл ямар нэг хэмжээгээр биеэ оторлоод байгаа нь ажиглагдвал, шавь бэлдэх ажлыг дагалдагчдадаа даалгаж байсан Есүс өөрөө идэвхтэй дэлгэрүүлж байсныг сануулах нь тустай болов уу (Мат. 28:19, 20; Лук 8:1). Хэрэв нэр алдарт дуртай юм шиг харагдвал Есүс шавь нартаа нэр алдрын хойноос хөөцөлдөхийн аюулыг ойлгуулж байсныг хэлж өгч болох юм (Лук 22:24–27). Хэрэв бусдыгаа уучлах дургүй бол яах вэ? Асар их өртэй байгаад хэлтрүүлэгдсэн мөртлөө, өөрт нь багахан хэмжээний өртэй хүнийг уучлаагүй боолын тухай ёгт үлгэрийг ярьж өгөх нь ач тустай (Мат. 18:21–35). Зөвлөгөө өгөх хэрэгтэй бол аль болохоор эрт өгөөрэй (Сургаалт үгс 27:9-ийг уншина уу).

«Өөрийгөө ... дасгалжуул»

15. Хурлын төлөө үүрэг хүлээдэг эрэгтэйд гэрийнхэн нь хэрхэн тусалж болох вэ?

15 Эрэгтэй хүнийг хариуцлагатай үүрэг хүлээх эрмэлзэлтэй болгоход ахлагчид гол нөлөөтэй ч бусад нь, тухайлбал, гэрийнхэн нь тусалж дэмжих учиртай. Гэрч эрэгтэйг ахлагч болсон хойно нь ч хуралд хүлээсэн үүргээ амжилттай биелүүлэхэд нь хайр халамжтай эхнэр, хүүхдүүд нь амиа бодолгүй тусалж дэмждэг. Ийнхүү өөрсдийгөө золиосолдог эхнэр хүүхдүүддээ тэр хүн ч баярладаг, хурлын гишүүд ч үнэхээр их талархдаг (Сур. 15:20; 31:10, 23).

16. а) Ах дүүстээ үйлчлэх хүсэл эрмэлзэлтэй болоход хэн гол үүрэгтэй вэ? б) Ахлагч, туслах үйлчлэгч болох эрмэлзэлтэй хүн яах хэрэгтэй вэ?

16 Ах дүүстээ үйлчлэх хүсэл эрмэлзэлтэй болоход бусдын туслалцаа хэрэгтэй ч тухайн хүн гол үүрэгтэй (Галат 6:5-ыг уншина уу). Бусдад үйлчилж, дэлгэрүүлэх ажилд идэвхтэй оролцохын тулд заавал ахлагч юм уу туслах үйлчлэгч болох албагүй л дээ. Гэхдээ хуралд хариуцлагатай үүрэг хүлээхийг эрмэлзэх гэдэг нь Библид байдаг шаардлагуудыг хангахыг хичээнэ гэсэн үг юм (1 Тим. 3:1–13; Тит 1:5–9; 1 Петр 5:1–3). Тиймээс, ахлагч, туслах үйлчлэгч болохыг хүсдэг хүн сүнслэгээр ахиж дэвших шаардлагатай. Үүний тулд Библи тогтмол унших, бие даан нямбай судлах, нухацтай эргэцүүлэн бодох, чин зүрхнээсээ залбирах, дэлгэрүүлэх ажилд идэвхтэй оролцох хэрэгтэй. Ингэвэл «Өөрийгөө сүсэглэлийн зорилгын төлөө дасгалжуул» хэмээн Тимотод өгсөн Паулын зөвлөгөөг дагаж байгаа хэрэг (1 Тим. 4:7).

17, 18. Баптисм хүртсэн эрэгтэй санаа зовдог, өөрийгөө голдог эсвэл бусдад үйлчлэх хүсэлгүй бол яах хэрэгтэй вэ?

17 Эрчүүд санаа зовдог юм уу өөрийгөө голдгоос болоод хариуцлагатай үүрэг хүлээхийг эрмэлздэггүй бол яах вэ? Ехова Бурхан Есүс Христ хоёр бидний төлөө хэчнээн их юм хийдгийг бодох нь зүйтэй. Ехова «өдөр бүр бидний ачааг үүрдэг» (Дуу. 68:19). Тийм учраас, хуралд хариуцлагатай үүрэг гүйцэтгэхэд нь тэнгэрийн Эцэг маань тусалж чадна. Түүнчлэн, Бурхны байгууллагад хариуцлагатай үүрэг хүлээх төлөвшсөн эрчүүд их хэрэгтэй байгааг санах нь зүйтэй. Энэ бүхнийг бодож үзвэл гутранги бодлоосоо салах гэж мэрийх биз ээ. Тэгээд ариун сүнс гуйх хэрэгтэй. Учир нь ариун сүнсний ачаар амар тайван байж, өөрийгөө захирдаг болно. Улмаар санаа зовохоо ч, өөрийгөө голохоо ч болино (Лук 11:13; Гал. 5:22, 23). Ехова өөрт нь үйлчлэх чин хүсэлтэй хүнийг ивээнэ гэдэгт итгээрэй.

18 Баптисм хүртсэн эрэгтэй бусдын төлөө үйлчилье гэж боддоггүй бол яах вэ? Элч Паул: «Өөрийн сайн тааллын дагуух зүйлсийг үйлдүүлж, хүсүүлэхийн тулд та нарын дотор ажиллаж буй нь Бурхан юм» гэж бичжээ (Флп. 2:13). Бурхан биднийг хүсэл тааллыг нь биелүүлэх, бусдад үйлчлэх хүсэлтэй, чадвартай болгодог (Флп. 4:13). Бас зөв юм хийхэд туслахыг Бурхнаас гуйн залбирч болно (Дуу. 25:4, 5).

19. Ехова «долоон хоньчин, найман удирдагчдыг босгох болно» гэдгийг юу гэж ойлгох вэ?

19 Ехова бусдыг сургаж бэлтгэхийн төлөө хичээл зүтгэл гаргадаг ахлагчдыг ч, итгэл нэгтнүүддээ үйлчлэх хүсэл эрмэлзэлтэй хүмүүсийг ч ивээдэг. Бурхны ард түмэн хурлуудыг удирдах эрчүүдээр дутахгүй гэдэгт итгэлтэй байж болно. Учир нь Ехова «долоон хоньчин, найман удирдагчдыг босгох болно» гэж Библид бичсэн байдаг (Мика 5:5). Өнөөдөр хурлын гишүүдэд санаа тавихаар бэлтгэгдэж байгаа, мөн Еховаг алдаршуулах үйл хэрэгт хариуцлагатай үүрэг хүлээх хүсэл эрмэлзэлтэй даруухан эрчүүд олон байдаг нь хэчнээн сайхан бэ!

Хариулна уу

• Есүс шавь нараа хариуцлагатай үүрэг хүлээх чадвартай болгохын тулд хэрхэн сургасан бэ?

• Ахлагчид эрчүүдийг сургахдаа Есүсийг хэрхэн дууриах хэрэгтэй вэ?

• Эрэгтэй хүнийг хуралд хариуцлагатай үүрэг хүлээхэд гэрийнхэн нь ямар хувь нэмэр оруулж болох вэ?

• Хуралд үйлчлэх хүсэлтэйгээ хэрхэн батлах вэ?

[Догол мөрийн асуулт]

[31-р хуудасны зураг]

Суралцагчаа сүнслэгээр өсөхлөөр нь юу зааж өгөх хэрэгтэй вэ?

[32-р хуудасны зураг]

Хуралд үйлчлэх хүсэлтэй нь юунаас харагдах вэ?