Бурхны сүнсний удирдлага нэгдүгээр зуунд ба өнөөдөр
Бурхны сүнсний удирдлага нэгдүгээр зуунд ба өнөөдөр
«Энэ бүхнийг нэг, адилхан Сүнс ажиллуулдаг» (1 КОР. 12:11).
1. Энэ өгүүллээр юу үзэх вэ?
ПЕНТЕКОСТ. Ганцхан энэ үг сэтгэл хөдөлгөм үйл явдлыг сануулдаг (Үйлс 2:1–4). Нэгдүгээр зууны түүхэн тэр өдөр Бурхан үйлчлэгчид дээрээ ариун сүнсээ асган ард түмэнтэйгээ харьцах аргаа өөрчилжээ. Бид өмнөх өгүүллээр, ариун сүнс эртний үнэнч үйлчлэгчдэд хүнд хэцүү, нарийн чимхлүүр ажил гүйцэтгэхэд нь тусалж байсныг үзсэн билээ. Тэгвэл Бурхны сүнс нэгдүгээр зууны христиануудыг хэрхэн удирдах болсон бэ? Орчин үеийн христианууд Бурхны ариун сүнсээр удирдуулаад ямар ач тус хүртдэг вэ? Энэ тухай үзье.
«Еховагийн шивэгчнийг харагтун»
2. Бурхны сүнсний талаар Мариа юу мэддэг байсан бэ?
2 Бурхан амласан ариун сүнсээ Иерусалимын нэгэн байшингийн дээд давхрын том өрөөнд цугласан хүмүүс дээр асгах үед Мариа тэдний дунд байлаа (Үйлс 1:13, 14). Тэрбээр энэ явдлаас 30 гаруй жилийн өмнө Еховагийн сүнс ер бусаар нөлөөлдгийг биеэрээ үзжээ. Бурхан тэнгэр дэх Хүүгийнхээ амийг онгон бүсгүй Мариагийн хэвлийд ариун сүнсээрээ шилжүүлэн, үр тогтоосон аж. Түүнд олдоод байсан нь «Ариун Сүнснийх» байлаа (Мат. 1:20).
3, 4. Бурхны айлдахыг сонсоод Мариа яасан бэ? Түүнийг хэрхэн дууриах вэ?
3 Мариад ийм хосгүй боломж олдсоны учир юу вэ? Тэрбээр Бурхны Хүүг төрүүлэх гэж байгаагаа тэнгэр элчээс сонсоод, «Эзэний [«Еховагийн», ШЕ] шивэгчнийг харагтун. Хэлсэн үгсийн тань дагуу надад биелэх болтугай» хэмээн дуу алджээ (Лук 1:38). Хэлсэн үг нь Мариагийн ямар хүн болохыг харуулсан бөгөөд Бурхан үүнийг нь аль хэдийнээ ажигласан байлаа. Мариа Бурхны хүсэл тааллыг биелүүлэхэд бэлэн гэдгээ шууд хэлсэн. Бие давхар болсныг нь хүн юу гэх бол, сүйт залуудаа хаягдах вий гэж санаа зовоогүй. Өөрийгөө дорд ядуу үйлчлэгч гэсэн нь Еховаг Эзнээ хэмээн үзэж, бүрэн найддагийнх нь илрэл байв.
4 Еховагийн өгсөн ажил дэндүү хэцүү, хүч хүрэхгүй юм шиг санагдах үе байдаг уу? Бид дор бүрнээ «Өгсөн даалгаврыг нь биелүүлэхэд Ехова заавал тусална гэдэгт бүрэн найддаг уу? Хийе гэсэн сэтгэл надад үнэхээр байна уу?» гэж бодох хэрэгтэй. Бурхан өөрт нь бүхий л зүрх сэтгэлээрээ найддаг, өөрийг нь Орчлонт ертөнцийн хэмжээгүй эрхт Эзэн хэмээн үзэж дуулгавартай захирагддаг хэн бүхэнд сүнсээ заавал өгнө (Үйлс 5:32).
Петрт ариун сүнс тусалдаг байсан
5. МЭ 33 оны Пентекостын өдрөөс өмнө ариун сүнс Петрт хэрхэн нөлөөлсөн бэ?
5 Бурхны сүнс хүчтэй нөлөөлдгийг элч Петр МЭ 33 оны Пентекостын өдрөөс өмнө, Мариагийн адилаар, биеэрээ үзжээ. Есүс Петр болон бусад элч нарт чөтгөрүүдийг зайлуулах эрх өгсөн байв (Марк 3:14–16). Библид дэлгэрэнгүй бичээгүй ч Петр энэ эрхээ эдэлсэн бололтой. Түүнчлэн, нэгэн удаа Есүс түүнд Галил нууран дээгүүр алхахыг тушаахад ариун сүнсний тусламжтайгаар алхаж чадсан (Матай 14:25–29-ийг уншина уу). Их үйлс бүтээхэд ариун сүнс тусална гэдэгт Петр итгэж байсан нь эргэлзээгүй. Ариун сүнс Петр болон бусад шавьд хүч өгч өөр олон ажил хийлгэх гэж байлаа.
6. Петр МЭ 33 оны Пентекостын өдөр болон түүнээс хойш Бурхны сүнсний хүчээр юу хийсэн бэ?
6 МЭ 33 оны Пентекостын өдрийг тэмдэглэхээр хүмүүс зүг бүрээс Иерусалимд иржээ. Ариун сүнс Петр болон түүний нөхдийг тэр хүмүүсийн хэлээр ярих чадвартай болгов. Тэгмэгц Петр хурсан олонд үг хэлжээ (Үйлс 2:14–36). Хааяа бодлогогүй загначихдаг, хулчгар зан гаргачихдаг байсан тэрбээр сүрдүүлэг, хавчлагыг үл тоон, сайн мэдээг зоригтой тунхагладаг болсон (Үйлс 4:18–20, 31). Бурхны сүнс түүнд нууцыг илчилдэг байв (Үйлс 5:8, 9). Тэр байтугай нас барсан хүнийг амилуулах эрх мэдэлтэй болгожээ (Үйлс 9:40).
7. Петр Есүсийн ямар ямар сургаалыг тослогдсоныхоо дараа ойлгосон бэ?
7 Пентекостын өдрөөс өмнө Петр Есүсийн заасан олон зүйлийг ойлгосон байв (Мат. 16:16, 17; Иох. 6:68). Гэхдээ зарим сургаалыг, тухайлбал, Есүс гурав дахь өдрөө сүнсэн бодгаль болж амилахыг, Хаанчлал тэнгэрт байгуулагдахыг Пентекостын өдрийг хүртэл ойлгоогүй ажээ (Иох. 20:6–10; Үйлс 1:6). Хүн сүнсэн биетэй болж, тэнгэрээс хаанчилна гэдэг нь түүний хувьд цоо шинэ ойлголт байлаа. Ариун сүнсээр баптисм хүртэн тэнгэрт амьдрах найдвартай болж байж л эдгээр сургаалыг ойлгожээ.
8. Тослогдогсод болон «өөр хонинууд» юу мэдэж авдаг вэ?
8 Есүсийн шавь нарын хувьд ойлгож ухаарахын аргагүй байсан зүйл ариун сүнс асгарсны дараа тодорхой болжээ. Христиан Грек Судрыг бичигчид ариун сүнсээр хөтлүүлэн, Еховагийн гайхамшигтай санаа зорилгыг тайлбарлан бичсэн нь бидний тусын тулд билээ (Еф. 3:8–11, 18). Эдүгээ, сүнсээр тослогдсон хүмүүс болон «өөр хонинууд» Бурхны тэрхүү санаа зорилгыг судлан, ойлгож байна (Иох. 10:16, ШГ). Та Бурхны Үгийг ариун сүнсний тусламжтайгаар ойлгож, мэдэж байгаадаа баярладаг уу?
Паул «Ариун Сүнсээр дүүрэв»
9. Паул ариун сүнсний хүчээр юу хийсэн бэ?
9 МЭ 33 оны Пентекостын өдрөөс хойш жил орчмын дараа Бурхан нэгэн хүнд ариун сүнсээ бэлэглэсэн. Тэр нь Паул гэгдэх болсон Саул байлаа. Бурхны сүнс түүнийг удирдаж байсны нэг жишээ нь Библийн 14 номыг бичүүлсэн явдал юм. Энэ нь өнөөгийн бидэнд ашиг тусаа өгдөг. Бурхан ариун сүнсээрээ Петрт тусалсан шигээ Паулыг чадвартай болгосон. Тиймээс Паул үхэшгүй, үл муудах биетэйгээр тэнгэрт амьдрах найдварыг сайн ойлгож, тодорхой бичсэн. Түүнчлэн өвчнийг эдгээж, чөтгөрүүдийг зайлуулж, үхэгсдийг амилуулсан. Гэхдээ ариун сүнс түүнийг илүү чухал өөр нэг зорилгоор удирдаж байжээ. Бурхны орчин үеийн үйлчлэгчид ч мөн тийм зорилгоор ариун сүнсээр удирдуулдаг. Гэхдээ гайхамшиг үйлддэггүй.
10. Паулыг чадварлаг ярихад ариун сүнс нөлөөлсөн гэхийн учир юу вэ?
10 «Ариун Сүнсээр дүүрсэн» Паул нэгэн шидтэний өөдөөс зоригтой ярьдаг. Түүний ярихыг эхнээс нь дуустал сонссон Киприйн захирагчийн сэтгэл ихэд хөдлөн «Эзэний [«Еховагийн», ШЕ] сургаалд гайхшран итгэж», үнэнийг хүлээж авчээ (Үйлс 13:8–12). Үнэнийг зоригтой ярихад Бурхны сүнс чухал үүрэгтэйг Паул мэдэж байсан нь ойлгомжтой (Мат. 10:20). Хожим нь тэрбээр өөрийг нь чадварлаг ярьдаг болгохыг Еховагаас гуйж өгөөч хэмээн Ефесийн христиануудаас хүсжээ (Еф. 6:18–20).
11. Паул Бурхны сүнсээр хэрхэн удирдуулдаг байсан бэ?
11 Ариун сүнс Паулыг ярих чадвартай болгосон ч зарим газар дэлгэрүүлэхийг нь хориглож байжээ. Бурхан Паулын миссионерийн аяллыг сүнсээрээ удирддаг байсан (Үйлс 13:2; Үйлс 16:6–10-ыг уншина уу). Дэлгэрүүлэх ажлыг орчин үед ч ариун сүнсээрээ удирддаг. Еховагийн дуулгавартай үйлчлэгчид Паулын адилаар үнэнийг эр зоригтой, хичээл зүтгэлтэй тунхагладаг. Ехова өнөөдөр биднийг Паулыг удирдсан аргаараа удирддаггүй ч чин сэтгэлтэй хүмүүсийг ариун сүнсээрээ үнэн рүү татдаг нь тодорхой (Иох. 6:44).
«Үйлдлүүд нь ялгаатай»
12-14. Ариун сүнс Бурхны үйлчлэгч бүрд адилхан нөлөөлдөг үү? Тайлбарлана уу.
12 Нэгдүгээр зууны тослогдсон христиануудыг Ехова ивээсэн нь бидэнд асар их урам хайрладаг. Паул: «Бэлгүүд нь ялгаатай боловч адилхан Сүнс. Үйлчлэлүүд нь ялгаатай боловч адилхан Эзэн. Үйлдлүүд нь ялгаатай боловч бүгдийн дотор бүх юмыг үйлдэгч нь адилхан Бурхан юм. Энэ бүхнийг нэг, адилхан Сүнс ажиллуулдаг бөгөөд Тэр өөрийнхөө хүссэнчлэн хүн тус бүрд хуваарилдаг аж» хэмээн сүнсний гайхамшигт бэлгүүдийн тухай Коринтын христиануудад бичжээ (1 Кор. 12:4–6, 11). Паулын бичсэнээр, ариун сүнс Бурхны үйлчлэгч тус бүрд тодорхой зорилгоор, янз бүрээр нөлөөлдөг ажээ. Ариун сүнс Христийн «өчүүхэн сүрэг», «өөр хонинуудын» аль алиныг удирддаг (Лук 12:32; Иох. 10:16, ШГ). Гэхдээ хурлын гишүүн бүрд яг адилхан нөлөөлдөггүй.
13 Жишээ нь, ахлагчид ариун сүнсээр томилогддог (Үйлс 20:28). Гэхдээ тослогдсон бүхэн ахлагчаар үйлчилдэггүй. Эндээс ямар дүгнэлт хийж болох вэ? Бурхны сүнс хурлын гишүүн бүрд өөр өөрөөр нөлөөлдөг нь харагдаж байна.
14 Тослогдогсод Бурханд үрчлэгдсэнээ ариун сүнсний тусламжтайгаар ойлгодог. Ехова тэр л сүнсээр цорын ганц Хүүгээ үхэшгүй мөнхийн амьтай болгон тэнгэрт амилуулсан билээ (Ром 8:11, 15-ыг уншина уу). Бас орчлонт ертөнцийг бүтээсэн (Эх. 1:1–3). Безалелыг асарт тусгай ажил хийх ур чадвартай болгож, Самсонд ер бусын бяр чадал өгч, Петрийг усан дээгүүр явуулсан нь ариун сүнс юм. Тиймээс Бурхны сүнсээр удирдуулахыг сүнсээр тослогдохтой адилтгаж болохгүй. Тослох нь сүнсний нэг тусгай үйлдэл юм. Хэнийг сүнсээр тослохоо Бурхан шийддэг.
15. Бурхан хүмүүсийг ариун сүнсээр мөнхөд тослох уу? Тайлбарлана уу.
15 Бурхны сүнс хэдэн мянган жилийн өмнөөс үнэнч үйлчлэгчдэд янз бүрээр нөлөөлсөөр ирсэн. Бурхан МЭ 33 оны Пентекостын өдрөөс үйлчлэгчдээ ариун сүнсээр тосолж эхэлсэн боловч мөнхөд үргэлжлэхгүй. Гэхдээ Бурхны хүсэл тааллыг мөнхөд биелүүлэхэд нь ариун сүнс хүмүүст нөлөөлсөөр байх юм.
16. Бурхны үйлчлэгчид ариун сүнсний хүчээр юу хийж байгаа вэ?
16 Өнөөдөр Еховагийн үйлчлэгчид ариун сүнсний тусламжтайгаар юу хийж байна вэ? Үүний хариулт Илчлэлт 22:17-д бий. Тэнд «Сүнс болон сүйт бүсгүй: „Ирээрэй“ гэнэ. Сонсогч нь: „Ирээрэй“ гэж хэлэг. Цангасан нэгэн нь ирэг. Хүссэн нэгэн нь амийн усыг үнэгүй аваг» гэж бичжээ. Орчин үеийн христианууд Бурхны сүнсээр удирдуулан, амь өгөх урилгыг «хүссэн нэгэнд» тарааж байна. Тослогдсон христианууд энэ ажилд манлайлан оролцож, өөр хонинууд тэдэнтэй хамтардаг. Хоёр бүлэгт энэ ажлыг хийхэд нь нэг л ариун сүнс тусалдаг. Тэд бүгдээрээ Еховад өөрийгөө зориулснаа харуулж «Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр» баптисм хүртсэн хүмүүс (Мат. 28:19). Бас хэн хэн нь сүнсний үр жимсийг ургуулдаг (Гал. 5:22, 23). Өөр хонинууд тослогдогсдын нэгэн адил, Бурхны сүнсээр удирдуулдаг. Тийм учраас, цэвэр ариун бай хэмээсэн Еховагийн шаардлагыг биелүүлэхийн төлөө чадах ядахаараа хичээдэг (2 Кор. 7:1; Илч. 7:9, 14).
Ариун сүнс байнга гуйгтун
17. Бурхны сүнс бидний дээр байдгийн баталгаа юу вэ?
17 Тэнгэрт амьдрах ч бай, дэлхий дээр мөнх амьдрах ч бай үнэнч байж, шагналаа авахад тань Ехова тусалж «хэрээс хэтэрсэн хүч» өгнө (2 Кор. 4:7, ШЕ). Сайн мэдээ дэлгэрүүлдэг таныг хүмүүс элэглэн шоолж болох юм. Гэхдээ «та нар Христийн нэрээс болж зүхэгдвэл ерөөлтэй. Учир нь алдрын ба Бурханы Сүнс та нарын дээр оршдог» гэдгийг битгий мартаарай (1 Петр 4:14).
18, 19. Ехова ариун сүнсээрээ танд яаж туслах вэ? Та яахаар шийдсэн бэ?
18 Чин сэтгэлээсээ гуйдаг хүмүүст Бурхан сүнсээ зүгээр өгдөг. Энэ сүнсний хүчээр таны чадвар сайжраад зогсохгүй, Бурханд хамаг чадлаараа үйлчлэх хүсэлтэй болно. Учир нь, «Өөрийн сайн тааллын дагуух зүйлсийг үйлдүүлж, хүсүүлэхийн тулд та нарын дотор ажиллаж буй нь Бурхан юм». Ариун сүнс хэмээх үнэтэй бэлгийг авахын зэрэгцээ «амийн үгнээс баттай барихын» төлөө шаргуу хичээвэл «өөрсдийн авралыг айдас ба чичрэлээр биелүүлнэ» (Флп. 2:12, 13, 16).
19 Тэгэхлээр, ариун сүнс тусална гэж бүрэн итгээд, Бурхны даалгасан ажилд сэтгэл зүрхээ зориулаарай. Ур чадвараа сайжруулаарай. Еховагаас тусламж гуйж байгаарай (Иак. 1:5). Үгийг нь ухаж ойлгоход, амьдралын бэрхшээлийг даван туулахад, сайн мэдээ дэлгэрүүлэхэд Ехова танд тусална. Есүс: «Гуй, тэгвэл та нарт өгөгдөнө. Хай, тэгвэл та нар олно. Тогш, тэгвэл та нарт нээгдэнэ» хэмээн зөвлөсөн. Үүнийг дагавал ариун сүнс авна (Лук 11:9, 13). Ариун сүнсээр удирдуулж байсан эртний болон орчин үеийн үнэнч хүмүүс шиг болоход туслахыг Еховагаас үргэлж гуйгаарай.
Тайлбарлана уу
• Ивээл хүртье гэвэл Мариаг хэрхэн дууриах вэ?
• Бурхны сүнс Паулыг хэрхэн удирдсан бэ?
• Өнөөдөр ариун сүнс Бурхны үйлчлэгчдийг хэрхэн удирддаг вэ?
[Догол мөрийн асуулт]
[24-р хуудасны зураг]
Бурхны сүнс Паулыг муу сүнснүүдийн нөлөөнд автахгүй байх чадвартай болгосон
[26-р хуудасны зураг]
Хаана амьдрах найдвартайгаас нь үл хамааран, ариун сүнс христиануудад тусална