Skip to content

Гарчиг руу орох

Бурхны сүнсээр удирдуулахын учир

Бурхны сүнсээр удирдуулахын учир

Бурхны сүнсээр удирдуулахын учир

«Та миний Бурхан ... Таны сайн Сүнс намайг ... удирддаг» (ДУУ. 143:10).

1. Хүн үл үзэгдэх хүчээр удирдуулж болдгийг жишээгээр тайлбарлана уу.

 ТА луужингаар зүг чигээ олж үзсэн үү? Луужин гэдэг нь хойд зүгийг заадаг ганц соронзон зүүтэй энгийн багаж юм. Үл үзэгдэх соронзон хүчний нөлөөгөөр зүү нь хөдөлж байдаг. Олон зууны турш хайгуулчид, аялагчид эх газар, далай тэнгисээр явахдаа зүг чигээ баримжаалахын тулд луужин хэрэглэж байжээ.

2, 3. а) Эрт галавын үед Еховагийн хэрэглэж байсан агуу хүч нь юу вэ? б) Бид Бурхны үйлдэх хүчээр удирдуулах хэрэгтэйг хаанаас мэдэж болох вэ?

2 Зүг чигээ олоход зайлшгүй хэрэгтэй өөр нэгэн үл үзэгдэх хүч байдаг. Тэр хүчний талаар Библийн эхний номд бичжээ. Ехова эрт галавын үед юу хийснийг «Эхэнд Бурхан тэнгэр газрыг бүтээжээ» хэмээн «Эхлэл» номд бичсэн байдаг. Бурхан агуу хүчээр бүтээлээ туурвисныг цааш нь «Бурханы Сүнс усны мандал дээгүүр элин хальж байлаа» гэжээ (Эх. 1:1, 2). Энэ бол Бурхны ариун сүнс буюу үйлдэх хүч юм. Ехова энэ л сүнсээрээ биднийг болон бусад бүх зүйлийг бүтээсэнд нь талархаад баршгүй (Иов 33:4; Дуу. 104:30).

3 Хүмүүнд амь, амьсгал өгсөн энэ хүч бидний амьдралд өөр ямар нэг байдлаар нөлөөлдөг болов уу? Нөлөөлж болдог гэдгийг Бурхны Хүү мэддэг байсан учраас шавь нартаа «Сүнс ... та нарыг бүх үнэн уруу удирдана» хэмээн хэлжээ (Иох. 16:13). Энэ сүнсийг юу гэж ойлгох вэ? Үүгээр удирдуулах хэрэгтэйн учир юу вэ?

Ариун сүнс гэж юу вэ?

4, 5. а) Гурвалд итгэдэг хүмүүс ариун сүнсний талаар ямар буруу ойлголттой вэ? б) Ариун сүнс гэж чухам юу болохыг та хэрхэн тайлбарлах вэ?

4 Та дэлгэрүүлж явахдаа ариун сүнсний талаар Библийн үндэслэлгүй үзэл бодолтой хүмүүстэй хааяа таардаг биз ээ. Гурвалд итгэдэг тэд ариун сүнсийг Эцэг Бурхантай эн тэнцүү сүнсэн бодгаль гэж ойлгодог (1 Кор. 8:6). Гэвч Гурвалын тухай сургаал Библитэй зөрчилддөг.

5 Тэгвэл ариун сүнс гэж юу вэ? Эхлэл 1:2-т «Сүнс» гэж орчуулсан «руах» гэдэг еврей үгийг «салхи» гэж орчуулж болдог ажээ (Эх. 8:1). Салхи харагддаггүй мөртлөө байгаа нь мэдрэгддэг шиг, ариун сүнс нүдэнд үзэгддэггүй, бодит биегүй мөртлөө үр нөлөө нь мэдрэгддэг. Энэ нь Бурхнаас гардаг эрчим хүч юм. Бурхан хүсэл тааллаа гүйцэлдүүлэхийн тулд энэ хүчээ илгээдэг бөгөөд тэр нь хүн ба юмс үзэгдэлд нөлөөлдөг. Хүчний ариун Эх булаг болох төгс хүчит Бурхнаас ийм эрчим хүч ялгардаг гэж үзэх нь зүйн хэрэг биз дээ? (Исаиа 40:12, 13-ыг уншина уу).

6. Давид Еховагаас юу гэж гуйсан бэ?

6 Ехова одоо ч биднийг ариун сүнсээрээ удирдах болов уу? Тэрбээр дуулалч Давидад «Би чиний явах ёстой замд чамд зааварлан зааж өгнө. Би чамайг ширтэн, чамд зөвлөнө» гэж амлажээ (Дуу. 32:8). Давид Бурхнаар удирдуулахыг хүссэн нь түүний гуйлтаас харагддаг. Тэрбээр: «Та миний Бурхан учраас Таны хүсэл тааллыг гүйцэлдүүлэхийг надад заагаач. Таны сайн Сүнс намайг ... удирддаг» хэмээжээ (Дуу. 143:10). Бид бас Бурхны сүнсээр дуртайяа удирдуулах учиртай. Яагаад тэр вэ? Дөрвөн шалтгааныг авч үзье.

Хүн явах ёстой замаа өөрөө олох чадваргүй

7, 8. а) Хүн өөрөө явах ёстой замаа олох чадваргүйн учир юу вэ? б) Өнөөгийн ёс бус ертөнцөд Бурхнаар удирдуулах хэрэгтэйн учир юу вэ?

7 Нэгдүгээрт, хүн явах ёстой замаа өөрөө олж чадахгүй учраас Бурхны сүнсээр удирдуулах шаардлагатай. Ехова биднийг тийм чадвартайгаар бүтээгээгүй. Тэгээд ч бид төгс бус. Зөнч Иеремиа: «ЭЗЭН, хүний зам өөрт нь байдаггүйг би мэднэ. Өөрийн алхмаа чиглүүлэхээр алхдаг хүнд ч байдаггүйг би мэднэ» хэмээн бичжээ (Иер. 10:23). Яагаад тэгж бичсэн бэ? Үүний учрыг Бурхан: «Зүрх бол бүх зүйлээс илүү хуурамч бөгөөд эдгэршгүй өвчтэй юм. Үүнийг хэн ойлгож чадах билээ?» гэж Иеремиагаар хэлүүлжээ (Иер. 17:9; Мат. 15:19).

8 Газрын зурагт тэмдэглэгдээгүй эзгүй цөлөөр сайн газарчин ч үгүй, луужин ч үгүй, гав ганцаараа явбал мунхаг хэрэг болно. Ийм аймшигтай зэлүүд газрыг яаж эсэн мэнд туулж, зорьсон газраа саадгүй хүрэхээ мэдэхгүй бол амь насаараа дэнчин тавьсантай адил юм. Үүнтэй адилаар, энэ ёс бус ертөнцөд өөрөө өөрийгөө аваад явчихаж чадна гэж бодоод Бурхнаар зөв зам заалгахгүй бол амь насанд ноцтой аюул учирна. Тэгэхлээр Давидыг дууриан, Еховагаас тусламж гуйн залбирах хэрэгтэй. Давид: «Миний алхмууд Таны замуудад бат холбогдсон. Хөл минь халтирсангүй» гэж залбирчээ (Дуу. 17:5; 23:3). Бурхнаар яаж удирдуулах вэ?

9. 17-р хуудсанд байгаа зургийг үзвэл Бурхны сүнс биднийг хэрхэн найдвартай удирддаг вэ?

9 Хэрэв бид даруу байж, Еховад найдвал тэрбээр ариун сүнсээрээ алхам бүрийг маань чиглүүлнэ. Энэ үйлдэх хүч бидэнд яаж туслах вэ? Есүс шавь нартаа «Туслагч буюу Миний нэрээр Эцэгийн минь илгээх Ариун Сүнс та нарт бүх зүйлийг заах бөгөөд Миний та нарт хэлсэн бүгдийг сануулах болно» хэмээн хэлжээ (Иох. 14:26). Бурхны Үг болон Христийн айлдсан бүхнийг залбирч байгаад тогтмол судалдаг бол ариун сүнсний хүчээр Еховагийн мэргэн ухааныг ойлгож, тэр дагуу амьдарна (1 Кор. 2:10). Амьдралд гэнэтийн явдал тохиолдоход Бурхны сүнс яах ёстойг маань хэлж өгдөг. Ариун сүнс урьд нь сурч мэдсэн Библийн зарчмуудыг сануулж, цаашдаа яах ёстойг маань ойлгуулдаг.

Есүс Бурхны сүнсээр удирдуулдаг байсан

10, 11. Бурхны цорын ганц Хүү дэлхийд байхдаа юу хүсэж байсан бэ? Хүсэл нь хэрхэн биелсэн бэ?

10 Хоёрдугаарт, Бурхны Хүү ариун сүнсээр удирдуулдаг байсан юм бол бид ч удирдуулах нь зүйн хэрэг. Бурхны цорын ганц Хүү дэлхийд ирэхээсээ өмнө «ЭЗЭНий Сүнс, мэргэн ухаан болон ойлголтын сүнс, зөвлөх болон хүч чадлын сүнс, ЭЗЭНээс эмээхүй болон мэдлэгийн сүнс Түүн дээр оршино» гэсэн зөгнөлийг мэддэг байв (Ис. 11:2). Дэлхий дэх амьдралын нөхцөл Есүсийн хувьд амаргүй байсан нь ойлгомжтой. Тэр үед Бурхны сүнсээр туслуулахыг Есүс хэчнээн их хүсэж байсан бол оо!

11 Дээрх зөгнөл биелсэн. Есүсийг баптисм хүртсэний дараахан юу болсныг Евангелийн номд «Есүс Ариун Сүнсээр дүүрч Иорданаас буцаж цөлд Сүнсээр хөтлөгдсөн» гэж бичжээ (Лук 4:1). Цөлд Есүсийг мацаг барьж, залбирч, бясалгаж байх зуур нь Ехова түүнд заавар өгч, болох гэж буй үйл явдалд бэлдсэн биз ээ. Бурхны үйлдэх хүч Есүсийн оюун ухаан, зүрх сэтгэлд нөлөөлж, бодол шийдвэрийг нь удирдсан. Үүний ачаар Есүс тулгарах нөхцөл бүрд юу хийхээ мэдэж, Эцгийнхээ хүсэл тааллыг яг таг биелүүлсэн.

12. Сүнсээрээ удирдаач хэмээн Бурхнаас гуйх хэрэгтэйн учир юу вэ?

12 Бурхны үйлдэх хүч үнэхээр хэрэгтэй байдгийг Есүс амьдрал дээрээ үзсэн учир ариун сүнс гуйж, түүгээр удирдуулахын чухлыг шавь нартаа онцлон захижээ (Лук 11:9–13-ыг уншина уу). Бодол санааг маань Христийнхтэй адилхан болгож өөрчилдөг учраас ариун сүнсээр удирдуулах зайлшгүй шаардлагатай (Ром 12:2; 1 Кор. 2:16). Бурхны сүнсээр удирдуулбал бодол санаа, үйл хэргээрээ Христтэй адил болно (1 Петр 2:21).

Ертөнцийн сүнс буруу зам руу залдаг

13. Ертөнцийн сүнс гэж юу вэ? Ертөнцийн сүнсний нөлөөгөөр хүн ямар болдог вэ?

13 Гуравдугаарт, Бурхны сүнсээр удирдуулахгүй бол ихэнх хүмүүсийн адилаар ертөнцийн сүнсний нөлөөнд автаж, буруу зам руу орно. Ертөнцийн сүнс нь ариун сүнснийхээс тэс өөр нөлөө үзүүлдэг асар хүчтэй өдөөгч хүч юм. Энэ сүнсний нөлөөгөөр хүний бодох сэтгэх, хийх үйлдэх нь Христийнх шиг биш, харин ертөнцийн захирагч Сатаныхтай адилхан болдог (Ефес 2:1–3; Тит 3:3-ыг уншина уу). Ертөнцийн сүнсэнд автаж, махан биеийн үйлс хийвэл гашуун үр дагавар амсаж, Бурхны Хаанчлалыг өвлөх эрхгүй болно (Гал. 5:19–21).

14, 15. Ертөнцийн сүнсийг хэрхэн эсэргүүцэх вэ?

14 Ехова биднийг ертөнцийн сүнсийг эсэргүүцэх чадвартай болгодог. «Бузар муу өдөрт эсэргүүцэн бат зогсох чадвартай байхын тулд» «Эзэн дотор ба Түүний чадлын агуу хүч дотор бэхжихийг» элч Паул бидэнд зөвлөсөн байдаг (Еф. 6:10, 13). Ехова ариун сүнсээрээ бидэнд хүч өгч, Сатаны заль мэхэнд хууртахгүй байхад тусалдаг (Илч. 12:9). Ертөнцийн сүнс хүчтэй. Үүнээс бүрмөсөн ангижрах аргагүй ч эсэргүүцэх боломж бий. Учир нь ертөнцийн сүнснээс хавьгүй их хүчтэй ариун сүнс бидэнд тусална!

15 Үнэнийг орхисон нэгдүгээр зууны христиануудын талаар элч Петр: «Тэд зөв шулуун замыг умартан, ... төөрөлджээ» хэмээн бичжээ (2 Петр 2:15). Бид «ертөнцийн сүнсийг бус, харин Бурханаас ирсэн Сүнсийг» авдагтаа үнэхээр баярладаг! (1 Кор. 2:12). Ариун сүнсээр удирдуулахын зэрэгцээ Еховагийн өгдөг бүхнийг бүрэн дүүрэн ашиглавал зөв замаар зогсолтгүй явж, ёс бус ертөнцийн сүнсийг эсэргүүцэж чадна (Гал. 5:16).

Ариун сүнс сайн үр жимс ургуулдаг

16. Ариун сүнс биднийг ямар зан чанартай болгодог вэ?

16 Дөрөвдүгээрт, Бурхны сүнсээр удирдуулж амьдардаг бол сэтгэл татам олон сайхан зан чанартай болдог. Үүнийг Библид ариун сүнсний үр жимс гэдэг (Галат 5:22, 23-ыг уншина уу). Бусдыг хайрладаг, баяр баясгалантай, амар тайван байхыг хүсдэггүй хэн байх билээ? Тэвчээртэй, энэрэнгүй, сайхан сэтгэлтэй хүн байхыг бүгд л хүсдэг биз дээ? Итгэл, дөлгөөн зан, өөрийгөө захирах чадвар бүх хүнд хэрэгтэй биш гэж үү? Бурхны сүнсний ургуулдаг үр жимс буюу энэ сайхан зан чанар бидэнд төдийгүй гэрийнхэн, итгэл нэгтнүүдэд маань ч тустай байдаг. Эдгээр зан чанарыг илэрхийлж байхыг үргэлж хичээгээрэй. Ихдэж илүүднэ гэж байхгүй шүү.

17. Яавал сүнсний үр жимсийг илүү сайн ургуулах вэ?

17 Ариун сүнсээр удирдуулж, түүний үр жимсийг ургуулж байгаа эсэхээ мэдэхийн тулд үг яриа, үйл хэргээ хянах нь ухаалаг юм (2 Кор. 13:5а; Гал. 5:25). Ариун сүнсний үр жимсний аль нэг хэсгийг ургуулах шаардлагатайгаа анзаарч гэж бодъё. Тухайн зан чанарыг илэрхийлэхийн тулд Бурхны сүнсээр удирдуулахыг илүү их хичээх хэрэгтэй. Библи болон нийгэмлэгийн ном хэвлэлээс ариун сүнсний үр жимсний хэсэг бүрийг судалбал өдөр тутмын амьдралдаа хэрхэн илэрхийлэхийг мэдэж аваад, дараа нь ажил хэрэг болгож чадна. * Ариун сүнсээр удирдуулахын ач тусыг өөрийн биеэр үзэхийн зэрэгцээ итгэл нэгтнүүдийн маань амьдралд хэрэг болж байгааг харахлаар ариун сүнсний тусламж үнэхээр хэрэгтэй байдгийг улам сайн ойлгодог.

Та Бурхны сүнсээр дуртайяа удирдуулдаг уу?

18. Есүс бидэнд ямар жишээ үзүүлсэн бэ?

18 Хүмүүс аяллаар явахдаа соронзон хүчний үйлчлэлээр ажилладаг луужин хэрэглэдэг. Орчлонт ертөнцийг бүтээлцсэн, Бурхны «уран дархан» Есүс дэлхийн соронзон орны талаар сайн мэддэг байсан (Сур. 8:30, МБОХ, 2000; Иох. 1:3). Гэхдээ түүнийг дэлхийд байхдаа соронзон хүчээр зүг чигээ олдог байсан гэж Библид огт бичээгүй. Харин Бурхны ариун сүнс хэмээх агуу хүчээр амьдралаа удирдуулж байсан тухай бичжээ. Есүс ариун сүнсээр дуртайяа удирдуулж, тэр дагуу амьдардаг байжээ (Марк 1:12, 13; Лук 4:14). Та бас тийм хүн үү?

19. Ариун сүнсээр удирдуулахын тулд яах ёстой вэ?

19 Ариун сүнсээр удирдуулахад бэлэн байдаг хүнд ариун сүнс одоо ч нөлөөлж, чиглүүлдэг. Яавал ариун сүнсний удирдлагыг дагах вэ? Ариун сүнсээ өгөөч, үүгээр удирдуулах хүсэлтэй болгооч гэж Еховагаас үргэлж гуйгаарай (Ефес 3:14–16-г уншина уу). Залбирсныхаа дагуу, ариун сүнсний удирдлагаар бичигдсэн Библиэс зөвлөгөө хайгаарай (2 Тим. 3:16, 17). Мэргэн зөвлөгөөг дагаж, ариун сүнсээр дуртайяа удирдуулаарай. Ингэх нь өнөөгийн ёс бус ертөнцөд Ехова биднийг хамгийн зөв зохистой удирдаж чадна гэдэгт итгэж байгаа хэрэг юм.

[Зүүлт]

Та гол санааг ойлгосон уу?

• Ариун сүнс бидний амьдралд яаж нөлөөлдөг вэ?

• Ариун сүнсээр удирдуулах ёстойн дөрвөн шалтгаан юу вэ?

• Ариун сүнсээр удирдуулснаар ямар ач тус хүртэх вэ?

[Догол мөрийн асуулт]

[15-р хуудасны зураг]

Есүс ариун сүнсээр удирдуулдаг байсан

[17-р хуудасны зураг]

Ариун сүнсээр удирдуулахад бэлэн байдаг хүнд ариун сүнс нөлөөлж, чиглүүлдэг