Сайн ба муу жишээ
Сайн ба муу жишээ
«Иаковын Бурхан . . . бидэнд Өөрийн замыг зааж, бид Түүний жимээр алхах юм» (ИС. 2:3).
1, 2. Библид гардаг жишээнүүд ямар ач холбогдолтой вэ?
БИБЛИ унших нь ашигтай гэдэгт та итгэдэг биз дээ? Сайхан зан чанартай, зөв зохистой амьдарсан, үнэнч хүмүүсийн түүх намтар олон байдаг шүү дээ. Та тэдэн шиг болохыг хүсдэггүй гэж үү? (Евр. 11:32–34). Гэхдээ дууриаж болохгүй муу үйл хийсэн, буруу сэдэл хандлагатай хүмүүсийн сургамжтай түүх байдгийг та лав анзаарсан байх.
2 Библид гардаг зарим хүн дууриавал зохих сайн жишээ ч үзүүлсэн, зайлсхийвэл зохих муу юм ч хийсэн байдаг. Жишээ нь, эгэл хоньчин байснаа эрх мэдэлтэй хаан болсон Давид үнэнийг хайрладаг, Еховад итгэж найддагаараа үлгэр дууриал болсон хүн гэдгийг та мэддэг байх. Гэхдээ тэрбээр Батшеба Уриа нар болон хүн амын тооллоготой холбоотой ноцтой нүгэл үйлдсэн билээ. Тэгвэл одоо түүний хүү, Библи бичигч Соломон хааны тухай үзье. Эхлээд, ямар хоёр сайн жишээ үзүүлснийг нь ярилцъя.
«Соломоны мэргэн ухаан»
3. Соломон бидэнд үлгэр дууриал болдог гэхийн учир юу вэ?
3 Их Соломон Есүс Христ Соломон хааныг магтаж, сайн жишээ үзүүлсэн хэмээн ярьсан. Тэрбээр хэсэг иудейчүүдэд «Шүүлт дээр Өмнөдийн Хатан хаан энэ үеийнхэнтэй хамт босож эднийг яллах болно. Учир нь тэр Хатан хаан Соломоны мэргэн ухааныг сонсохоор газрын мухраас ирсэн билээ. Үзэгтүн, энд Соломоноос аугаа Нэгэн байна» гэжээ (Мат. 12:42). Үнэхээр ч Соломон мэргэн ухаанаараа алдартай байсан бөгөөд мэргэн ухаантай болохыг уриалсан байдаг.
4, 5. Соломон яаж мэргэн ухаантай болсон бэ? Харин бид яавал мэргэн ухаантай болох вэ?
4 Соломоныг төр барьж эхлэхэд Бурхан зүүдэнд нь үзэгдэн, юу хүссэнээ гуй гэжээ. Соломон туршлага багатайгаа бодон мэргэн ухаан гуйдаг (Хаадын дээд 3:5–9-ийг уншина уу). Мэргэн ухаанаас өөр зүйл гуйгаагүйд нь Бурхан ихэд таашаан, «мэргэн, ухааран ялгах чадвартай зүрх» төдийгүй алдар нэр, эд баялаг өгсөн (Х.дээд 3:10–14). Есүсийн хэлсэнчлэн, Шебагийн хатан Соломон хааныг гайхалтай мэргэн ухаантай гэж сонсоод, шалгаж үзэхээр алс холоос ирдэг (Х.дээд 10:1, 4–9).
5 Бид гайхамшгийн хүчээр мэргэн ухаантай болохгүй. «ЭЗЭН мэргэн ухааныг өгдөг» гэж Соломон хэлсэн байдаг ч хүн өөрөө чармайх учиртай. Үүнийг тэрбээр онцолж «Мэргэн ухаанд анхааран чих тавьж цээжээ тунгаан бодох уруу хандуул» хэмээн бичжээ. Тийм учраас, «чанга дуудах», «эрэх», «хайх» гэдэг үг хэрэглэсэн аж (Сур. 2:1–6). Тэгэхлээр, мэргэн ухаантай болох боломжтой.
6. Соломоны үзүүлсэн сайн жишээг даган, мэргэн ухааныг эрхэмлэдгээ хэрхэн харуулж болох вэ?
6 «Бурхны мэргэн ухааныг эрхэмлэдэг Соломоныг дууриах хүсэл надад төрдөг бил үү?» гэж өөрөөсөө асуугаарай. Эдийн засгийн тодорхойгүй байдлаас болоод хүмүүс ажил төрөл, мөнгө төгрөг юм уу мэргэжил боловсролыг илүү их анхаардаг. Та болон танайхан яадаг вэ? Бурхны мэргэн ухааныг эрхэмлэн үнэлж, эрж хайдаг уу? Гаргасан шийдвэр тань юу хэлдэг вэ? Илүү их мэргэн ухаантай болохын тулд голлон анхаардаг зүйл юм уу зорилгоо өөрчлөх хэрэгтэй юм биш биз? Үүрдийн ач тус хүртье гэвэл мэргэн ухааныг олж, тэр дагуу амьдрах шаардлагатай. «Тэгвэл зөв болон шударга явдал, цэх шулуун байдал ба сайн сайхан зам болгоныг чи ухаарах болно» хэмээн Соломон бичжээ (Сур. 2:9).
Жинхэнэ шүтлэгийг эрхэмлэвэл амар тайван амьдарна
7. Бурхны сүрлэг сүм хэрхэн бий болсон бэ?
7 Мосегийн үеэс хэрэглэж ирсэн асрыг сүрлэг сүмээр солих ажлыг Соломон хаан засаглалынхаа эхэнд хийжээ (Х.дээд 6:1). Бид тэр сүмийг Соломоных гэж нэрийддэг. Гэвч Соломон уран барилгач, баян өглөгч хэмээн алдарших гэж үүнийг бариагүй. Үнэндээ сүм барихыг Давид санаачилсан бөгөөд Бурхан түүнд зураг төслийг нь өгч, дотор нь юу тавихыг нарийвчлан заажээ. Барилгын ажлыг санхүүжүүлэхэд Давид асар их хандив өргөсөн (2 Сам. 7:2, 12, 13; Ш.дээд 22:14–16). Харин барилга барих ажлыг Соломон хариуцаж, долоон жил хагасын хугацаанд бариулжээ (Х.дээд 6:37, 38; 7:51).
8, 9. а) Соломон сайн үйлсэд зүтгэлтэй байх талаар бидэнд ямар үлгэр дууриал үзүүлсэн бэ? б) Соломон жинхэнэ шүтлэгийг эн тэргүүнд тавьснаар ямар үр дүнд хүрсэн бэ?
8 Тийнхүү Соломон сайн үйлсийн төлөө шаргуу зүтгэн, анхаарлаа зөв юманд хандуулахын сайхан жишээ үзүүлсэн. Сүмийг барьж дуусгаад, гэрээний авдрыг дотор нь байрлуулсны дараа Соломон ард олны өмнө залбирсан. Тэрбээр Еховад «Энэ газраас залбирах боолынхоо гуйлтыг сонсохын тулд таны „Миний нэр тэнд байх болно“ гэж айлдсан тэр газар уруу, Таны хараа өдөр ч, шөнө ч өргөө дээр тусах болтугай» хэмээн залбирчээ (Х.дээд 8:6, 29). Бурхны нэрийг алдаршуулахаар барьсан энэ сүмийн зүг израильчууд, харийнхны аль аль нь залбирч болох байв (Х.дээд 8:30, 41–43, 60).
9 Соломон жинхэнэ шүтлэгийг эн тэргүүнд тавьсны үр дүн юу байсан бэ? Сүмийг Еховад зориулах ёслолын дараа «ЭЗЭН Өөрийн боол Давид болон Өөрийн ард түмэн Израильд үзүүлсэн бүхий л сайн сайханд баярласан сэтгэлтэй, жаргалтайгаар хүмүүс тус тусын майхан уруу харьцгаалаа» (Х.дээд 8:65, 66). Соломоны 40 жилийн засаглалын үед ард түмэн гайхалтай амар тайван, элбэг дэлбэг амьдарчээ (Хаадын дээд 4:20, 21, 25-ыг уншина уу). 72-р дуулалд энэ тухай өгүүлдэг бөгөөд хүн төрөлхтөн Их Соломон Есүс Христийн засаглалын үед ямар ивээл хүртэхийг хэлж өгдөг (Дуу. 72:6–8, 16).
Соломоны муу жишээ
10. Соломон ямар ноцтой алдаа гаргасан бэ?
10 Соломоныг муу жишээ үзүүлсэн гэхлээр танд юу бодогдож байна вэ? Юуны түрүүнд, харь үндэстнүүдээс эхнэр, татвар эмс авсныг нь бодох байх. Сударт «Соломон ЭЗЭНий мэлмийн өмнө бузар муу зүйл үйлдэн, ... ЭЗЭНийг гүйцэд дагасангүй» гэж байдаг (Х.дээд 11:1–6). Соломоныг дууриаж ийм мунхаг юм хэзээ ч хийхгүй гэж та шийдсэн биз ээ. Гэхдээ Соломон амьдралдаа ганцхан ийм алдаа гаргасан уу? Тэр бүр анзаарагдаад байдаггүй зарим зүйлийг дэлгэрэнгүй үзээд, бидэнд ямар сургамжтайг бодъё.
11. Соломоны анхны гэрлэлтийн талаар ямар дүгнэлт хийж болох вэ?
11 Соломон 40 жил төр барьжээ (Ш.дэд 9:30). Тэгвэл Хаадын дээд 14:21-ээс та ямар дүгнэлт хийх вэ? (Уншина уу). Соломоныг нас нөгчихөд хүү Рехобоам нь 41 настайдаа хаан ширээ залгамжилсан бөгөөд эхийг нь «аммон эм Наама» гэжээ. Тэгэхлээр Соломон, хаан болохоосоо өмнө эхнэр авсан гэсэн үг. Тэгээд бүр, хиймэл бурхад шүтдэг, дайсагнадаг үндэстнийхээ эмэгтэйтэй гэрлэжээ (Шүү. 10:6; 2 Сам. 10:6). Эхнэр нь бас хиймэл шүтээн шүтдэг байсан уу? Нэгэн үе шүтэж байснаа болиод, Рахаб Рут нарын адилаар жинхэнэ Бурхныг шүтдэг болсон байж болох юм (Рут 1:16; 4:13–17; Мат. 1:5, 6). Гэхдээ Соломоны хадам эцэг эх, тэдний хамаатнууд Еховаг шүтдэггүй аммончууд байсан.
12, 13. Соломон засаглалынхаа эхэнд ямар мунхаг шийдвэр гаргасан бэ? Юу гэж бодсон байж болох вэ?
12 Соломоныг хаан болсны дараа байдал бүр дордсон нь тодорхой. Тэрбээр «гэрлэлтээр дамжуулан Египетийн хаан Фараонтай холбоо тогтоож, охиныг нь авав». Тэгээд «хатнаа Давидын хотод байлгав» (Х.дээд 3:1). Энэ египет бүсгүй Рутийн адилаар жинхэнэ Бурхныг шүтдэг болсон уу? Энэ тухай огт бичээгүй. Харин Соломон түүнд (бас египет шивэгчдэд нь) зориулан Давидын хотын гадна өргөө барьж өгсөн. Ямар учраас? Хуурамч шашин шүтдэг хүн гэрээний авдрын ойролцоо амьдарч болдоггүй байжээ (Ш.дэд 8:11).
13 Соломон улс төрийн хувьд ашигтай гэж үзээд Египетийн гүнжийг хатнаа болгосон байж болох юм. Гэхдээ үүнийг зөвтгөх аргагүй. Хиймэл шүтээн шүтдэг хүнтэй гэрлэхийг Бурхан бүр өмнө хориглохдоо үндэстнүүдийг нэр заан дурдсан (Ег. 34:11–16). Тэдгээр үндэстний тоонд египетчүүдийг дурдаагүйг бодолцсон юм болов уу? Тэглээ ч үүнийг зөвтгөж болох уу? Үнэндээ тэрбээр израильчуудыг жинхэнэ шүтлэгээс холдуулж, хуурамч шүтлэг рүү хандуулахаас сэрэмжлүүлсэн Еховагийн сануулгыг үл тоомсорлосон (Дэд хууль 7:1–4-ийг уншина уу).
14. Соломоны гаргасан алдаа бидэнд ямар сануулга болдог вэ?
14 Соломоны алдаа бидэнд сануулга болохгүй гэж үү? Жишээ нь, христиан бүсгүй «зөвхөн Эзэн дотор» гэрлэ хэмээсэн Бурхны зааврыг үл тоомсорлон, Еховаг шүтдэггүй хүнтэй хайр сэтгэлтэй болсноо зөвтгөхийг оролдож болох юм (1 Кор. 7:39). Бас хичээлээс гадуур зохиогддог секц дугуйланд явдгаа, орлогоо бууруулж мэдээлдгээ, нүүр халмаар үйлдлээ нуугаад худлаа хэлснээ зөвтгөж мэднэ. Соломон Бурхны тушаалыг улаан цайм зөрчихгүйгээр санасандаа хүрэхийн тулд ухаан сийлсэн байж таарна. Биднийг ч бас тийм аюул отож байдаг.
15. Ехова Соломонд хэрхэн энэрэнгүй хандсан бэ? Гэхдээ бид юу мартаж болохгүй вэ?
15 Библид Соломоныг харь үндэстэн гүнжтэй гэрлэсэн тухай дурдсаны дараа мэргэн ухаантай болгож өгөөч гэсэн гуйлтыг нь Бурхан биелүүлж, эд баялаг нэмж өгсөн гэж бичсэн байдаг (Х.дээд 3:10–13). Соломон Бурхны зааврыг үл тоомсорлосон ч Ехова түүнийг тэр даруйд нь хаан ширээнээс авч хаясан гэх юм уу хатуу шийтгэл оноосон гэж байдаггүй. Тоос шорооноос бүтсэн төгс бус хүн болохоор нь тэр ажээ (Дуу. 103:10, 13, 14). Гэхдээ хүн хийсэн хэргийнхээ горыг эрт орой хэзээ боловч амсдагийг мартаж болохгүй.
Яасан олон эхнэртэй юм бэ!
16. Соломон олон эхнэр авсан нь юуг үл тоомсорлосон явдал байсан бэ?
16 Хаан, «Соломоны дуун» номдоо 60 хатан, 80 татвар эмээс илүү гоо үзэсгэлэнтэй нэгэн охиныг бахдан биширсэн байдаг (Сол. 6:1, 8–10). Соломон өөрийнхөө амьдралд тохиолдсон явдлыг энд бичсэн бол хаан ширээнд байхдаа тийм олон эмэгтэйг өөрийн болгосон гэсэн үг. Тэдний ихэнх нь, эсвэл бүгдээрээ жинхэнэ Бурхныг шүтдэг байсан ч байж болох. Гэхдээ л Мосегоор өгүүлсэн Бурхны хуульд Израилийн хаан «өөртөө олон эхнэр авч зүрх нь уруу татагдах ёсгүй» хэмээн заажээ (Д.хууль 17:17). Тэглээ ч гэсэн Ехова Соломоныг орхиогүй. Харин ч түүнийг ивээж, «Соломоны дуун» номыг бичүүлсэн.
17. Бид юу ойлгох хэрэгтэй вэ?
17 Соломон Бурхны зааврыг зөрчсөн ч огт шийтгүүлээгүй гэсэн үг үү? Бид бас ял шийтгэлгүй өнгөрөх үү? Тийм биш ээ. Бурхан хэсэг хугацаанд хүлцэж өнгөрүүлдгийг энэ явдал харуулдаг. Гэхдээ Бурхны үйлчлэгч тушаал зааврыг нь үл тоомсорлосон даруйдаа сөрөг үр дагавар амсаагүй гэдэг нь ерөөсөө хохирол амсахгүй гэсэн үг биш юм. «Бузар үйлийн эсрэг ирэх шийтгэл нь тэр дороо ирдэггүй учраас тэдний дунд буй хүмүүний хөвгүүдийн зүрх нь бузар мууг үйлдэхдээ бэлэн байдаг аж» хэмээн Соломоны бичсэнийг саная. Тэрбээр цааш нь «Бурханаас эмээгч тэр нэгэн, Түүний өмнө нээлттэйгээр хандагч нэгэн нь илүү дээр юм гэдгийг би мэдэв» гэж бичжээ (Ном. 8:11, 12).
18. Галат 6:7-ийн үнэнийг Соломонд тохиолдсон явдал хэрхэн баталдаг вэ?
18 Соломон энэ чухал үнэнийг анхаараагүй нь даанч тоогүй! Тэрбээр өчнөөн сайн юм хийж, Бурхны ивээлийг олон жил хүртсэн. Гэвч нэг л хазгай гишгээд бүр дорджээ. Хожим нь элч Паул ариун сүнсээр удирдуулан «Бүү мэхлэгд. Бурхан элэг доог болохгүй. Юу гэвэл, хүн юу тарьснаа л хурааж авдаг» хэмээн бичсэн нь хэчнээн үнэн бэ! (Гал. 6:7). Соломон Бурхны тушаал зааврыг огоороод хожим нь гашуун үр дагавар амссан. Библид «Соломон хаан Фараоны охиноос гадна Моабын, Аммоны, Едомын, Сидоны, Хитийн гэх мэт харь орны эмэгтэйчүүдийг хайрладаг байлаа» гэж бичжээ (Х.дээд 11:1). Тэдний дийлэнх нь хуурамч бурхдаасаа салаагүй. Соломон тэдэнд уруу татагдан замаа алдахад Бурхны тэвчээр барагдан, түүнийг сайшаахаа больсон (Хаадын дээд 11:4–8-ыг уншина уу).
Соломоны сайн, муу жишээнээс сургамж авагтун
19. Библид гардаг олон хүн юугаараа сайн жишээ үзүүлсэн бэ?
19 Паул: «Эрт үед бичигдсэн аливаа зүйлс нь биднийг сургахын тулд бичигдсэн юм. Ингэснээр Судруудын тэвчээр болон урамшуулалтаар дамжуулан бидэнд найдвар байх юм» хэмээн Еховагийн сүнсээр удирдуулан бичжээ (Ром 15:4). Бичигдсэн тэр зүйлсэд гайхам итгэлтэй олон сайхан хүний жишээ байдаг. Паул: «Би бас юу ярих вэ? Хэрэв би Гидеон, Барак, Самсон, Иефта, Давид, Самуел болон эш үзүүлэгчдийн тухай яривал надад цаг хүрэлцэхгүй. Тэд итгэлээр хаанчлалуудыг эзэлж, зөвт байдлыг үйлдэн, амлалтуудад хүрч, ... буурайгаас хүчирхэг болгогдож ... байлаа» хэмээжээ (Евр. 11:32–34). Бид Библид гардаг тэр сайхан хүмүүсийг дууриан ач тус хүртэх учиртай.
20, 21. Библид гардаг муу жишээг та яагаад сургамжтай гэж бодож байна вэ?
20 Гэхдээ зарим хүний түүх бидэнд сануулга болдог. Тэд нэгэн цагт Еховад үйлчилж, таалалд нь багтаж явжээ. Библи уншихдаа, Бурхны зарим үйлчлэгч яаж замаа алдсаныг анхаараарай. Тэгвэл тэдний алдааг давтахгүй байж болно. Зарим хүн аажмаар буруу хандлагатай болж, эцэстээ гашуун үр дагавар амссан байдаг. Тэдгээр түүх ямар сургамжтай вэ? Дараах асуултыг бодож үзээрэй. «Энэ хүн ямар учраас буруу бодолтой болсон юм бол? Би бас ингэх юм биш биз? Үүнээс яавал зайлсхийх вэ? Ямар сургамж авах вэ?».
21 Иймэрхүү түүхийг нухацтай авч үзэх хэрэгтэй. Учир нь Паул: «Энэ бүхэн жишээ болон тэдэнд тохиолдсон бөгөөд үүнийг энэ үеийн эцэст амьдарч буй бидэнд сануулга болгон бичжээ» хэмээн өгүүлсэн байдаг (1 Кор. 10:11).
Та юу мэдэж авсан бэ?
• Библид ямар учраас сайн, муу жишээ байдаг вэ?
• Соломон юунаас болоод улам бүр замаа алдсан бэ?
• Соломоны алдаанаас ямар сургамж авч болох вэ?
[Догол мөрийн асуулт]
[9-р хуудасны зураг]
Соломон аливаа асуудлыг Бурхны мэргэн ухаанаар шийддэг байсан
[12-р хуудасны зураг]
Соломонд тохиолдсон явдал танд сургамжтай юу?