Skip to content

Гарчиг руу орох

Шинэ нөхцөлд дасаад ивээл хүртсэн минь

Шинэ нөхцөлд дасаад ивээл хүртсэн минь

Шинэ нөхцөлд дасаад ивээл хүртсэн минь

Жеймс Томпсоны яриа

Би 1928 онд АНУ-ын өмнөд хэсэгт, хар цагаан арьстнуудыг хуулиар тусгаарладаг байсан үед төрсөн. Тэр хуулийг зөрчвөл шоронд орох юм уу, бүр дор юм болдог байв.

ТЭР үед АНУ-ын өнцөг булан бүрд амьдарч байсан Еховагийн Гэрчүүд арьс өнгөөрөө ялгаран, тус тусын хурал, дүүрэг, мужид хамрагдах ёстой байлаа. 1937 онд аав маань Теннесси мужийн Чаттануга хот дахь хар арьстнуудын хуралд нөхөрлөлийн үйлчлэгчээр (одоогийн ахлагчдын зөвлөлийн зохицуулагч) томилогдсон юм. Харин цагаан арьстнуудын хурал дахь нөхөрлөлийн үйлчлэгч нь Хенри Николс ах байв.

Хүүхэд насны олон сайхан дурсамж үлдэж дээ. Бага байхдаа оройн цагаар байшингийн арын довжоон дээр суугаад аав Николс ах хоёрын яриаг чагнан суудаг сан. Бүгдийг нь сайн ойлгохгүй ч гэсэн тэр хоёрын хажууд суун, дэлгэрүүлэх ажлаа тухайн нөхцөлдөө тохируулаад яаж хамгийн сайн хийх талаар ярилцахыг нь сонсох дуртай байж билээ.

Түүнээс хэдэн жилийн өмнө, 1930 онд манайхыг гай дайрч, ээж минь дөнгөж хорьтойдоо нас барсан юм гэсэн. Аав минь Дорис эгч бид хоёрыг асарч үлдсэн. Тэгэхэд эгч дөрөвтэй, би хоёртой байсан. Аав баптисм хүртээд удаагүй ч сүнслэгээр сайн өссөн гэдэг.

Сайн жишээ

1933 онд аав Лили Мей Гвендолин Томас гэдэг гайхалтай сайн христиан эмэгтэйтэй учирч, удалгүй гэрлэсэн юм. Аав ээж маань Дорис бид хоёрт Еховад үнэнчээр үйлчлэхийн үлгэр жишээ үзүүлсэн.

Хурлын ахлагчдыг орон нутгаас сонгохоо больж, Нью-Йоркийн Бруклин дэх төвөөс томилох болсон тогтоол 1938 онд гарч, уг тогтоолыг дэмжихийг Еховагийн Гэрчүүдийн нийт хурлаас хүсжээ. Чаттануга дахь зарим христиан шууд хүлээн зөвшөөрч чадахгүй байхад аав минь зохион байгуулалтын энэ арга хэмжээг бүрэн дэмжиж байгаагаа илэрхийлсэн. Аав үнэнч байхыг үлгэрлэн үзүүлж, ээж чин сэтгэлээсээ дэмжсэн нь одоо ч надад тус болдог.

Баптисм хүртэж, бүрэн цагаар үйлчилсэн минь

1940 онд манай хурлын хэсэг хүмүүс автобус хөлслөөд Мичиган мужийн Детройт хотод болсон чуулганд явсан юм. Тэр автобусанд сууж явсан хэдэн хүн баптисм хүртэв. Хүмүүс намайг баптисм хүртээгүйд гайхаж байв. Таван настайгаасаа эхлэн дэлгэрүүлэх ажилд идэвхтэй оролцож байсан учраас тэр л дээ.

Ямар учиртайг асуухлаар нь би: «Баптисм хүртэнэ гэж яахыг хэлдгийг сайн ойлгодоггүй» гэж хариулсан. Аав үүнийг сонсоод их гайхаж билээ. Тэр үеэс эхлээд аав минь баптисм гэж юу болох, яагаад чухал гэдгийг надад ойлгуулах гэж их хичээсэн дээ. Дөрвөн сарын дараа 1940 оны 10-р сарын хахир хүйтэн нэгэн өдөр би Чаттануга хотын гадна байдаг цөөрөмд баптисм хүртсэн юм.

Би 14-тэйдөө сургуулийнхаа зуны амралтаар эхлэгчээр үйлчилж эхэлсэн. Теннесси мужийн жижиг хотуудад, мөн ойролцоох Жоржиа мужид дэлгэрүүлдэг байсан юм. Өглөө эрт босож, өдөр идэх юмаа цүнхэлж аваад 6 цагийн галт тэрэг юм уу, автобусанд амжиж суугаад л хэсэг рүүгээ явна даа. Тэгээд орой 6 болж байхад гэртээ ирдэг байж билээ. Өглөө авч явсан хоол үдээс өмнө дуусчихдаг байлаа. Мөнгөтэй байсан ч би хар арьстан болохоор хэсгийнхээ ойр хавийн дэлгүүрээс идэх юм авч чаддаггүй байв. Нэг удаа дэлгүүрт ороод зайрмаг авах гэтэл намайг хөөсөн. Тэгтэл нэг сайхан сэтгэлтэй цагаан арьст эмэгтэй надад зайрмаг авч өгч билээ.

Намайг ахлах сургуульд ороход өмнөд нутагт тэгш эрхийн төлөө иргэний хөдөлгөөн идэвхтэй өрнөж байлаа. Өнгөт Арьстнуудын Дэвшлийн төлөөх Үндэсний Холбоо гэх мэтийн байгууллагууд оюутан сурагчдыг хөдөлгөөнд нэгдэхийг уриалж байв. Манайхаас гадна, хар арьстнуудын хэд хэдэн сургууль бүх хүүхдээ гишүүн болгох зорилготой байсан юм билээ. Манай сургуулийнхан намайг дарамталж «Бид эрхээ хамгаалах» ёстой гэхэд нь би татгалзан, Бурхан нүүр тал хардаггүй бөгөөд ямар нэг үндэстнийг бусдаас дээгүүр үздэггүй гэж тайлбарласан. Бас иймэрхүү шударга бус явдлыг Бурханд даатгадгаа хэлсэн (Иох. 17:14; Үйлс 10:34, 35).

Сургуулиа төгсөөд удалгүй Нью-Йоркт амьдрахаар шийдэв. Харин замдаа, чуулган дээр танилцсан найзууд дээрээ очихоор Пенсильванийн Филадельфид буув. Тэнд намайг анх удаа хар цагаан арьстнууд хамтдаа цугладаг хуралд очиход явуулын харгалзагч эргэлт хийж байсан юм билээ. Тэр ах намайг дуудаад, дараагийн цуглаан дээр даалгавар биелүүлээрэй гэв. Ингээд тэнд үлдэхээр боллоо.

Филадельфид байдаг найзуудын маань нэг нь Жералдин Уайт гэдэг охин байсан юм. Би Жерри гэж дуудна. Жерри Библи сайн мэддэг, айлаар дэлгэрүүлэхдээ хүмүүстэй их чадварлаг ярьдаг байсан. Хамгийн гол нь тэр надтай адилхан эхлэгч болно гэсэн зорилготой байлаа. Бид 1949 оны 4-р сарын 23-нд гэрлэсэн.

«Гилеад» сургуульд уригдав

Бид «Гилеад» сургуульд сурч, гадаадад миссионерээр үйлчлэх зорилготой байв. Тэгээд зорилгодоо хүрэхийн тулд дэлгэрүүлэгчийн хэрэгцээ ихтэй газар баяр хөөртэй үйлчилж байлаа. Удалгүй байгууллагын хүсэлтээр Нью Жерси мужийн Лоонсаид гэдэг жижиг хотод нүүж очоод үйлчлэв. Дараа нь Пенсильванийн Честер, эцэст нь Нью Жерсийн Атлантик хотод үйлчилсэн. Биднийг Атлантикт байхад «Гилеад» сургуулийн урилга ирэв. Гэрлээд хоёр жил болсон учраас тэр шүү дээ. Гэсэн ч урилга авсан даруйдаа явж чадсангүй.

1950-аад оны эхээр залуучуудыг цэрэгт татаж, Солонгос руу дайнд явуулж байлаа. Филадельфи дахь цэрэг татлагын комисс намайг цэргийн албанаас чөлөөлөхийг хүссэнгүй. Тэд Еховагийн Гэрчүүдэд төвийг сахидгаас нь болоод дургүй байсан юм шиг байгаа юм. Эцэст нь шүүгч миний түүх намтрыг Холбооны мөрдөх товчоогоор шалгуулаад, төвийг сахидаг нь үнэн болохыг нотолсныг мэдэгдсэн. Тэгээд шашны номлогч гэдгийг маань тогтоосон тул 1952 оны 1-р сарын 11-нд цэргийн албанаас чөлөөллөө.

Тэр оны 8-р сард Жерри бид хоёр «Гилеад» сургуулийн 20-р ангид суралцах урилга авч, 9-р сард хичээлдээ оров. Бид гадаад руу томилогдоно гэж горьдож байлаа. Эгч Дорис маань «Гилеад» сургуулийн 13-р ангийг дүүргээд Бразилд үйлчилж байв. Эхнэр бид хоёр Алабама мужийн өмнөд хэсэгт байдаг хар арьстнуудын хурлуудад дүүргийн харгалзагчаар томилогдоод хэчнээн их гайхсан гэж санана! Гадаадад үйлчлэхийг тэгтлээ их хүсэж байсан болохоор сэтгэл жаахан дундуур байлаа.

Эргэлт хийсэн анхны хурал маань Хантсвил хотод байв. Нэг эгчийн гэрт бид хоноглох болсон юм. Ачаа тээшээ аваад тэднийх рүү орж байхдаа «Жаахан хүүхдүүд ирлээ» гэж утсаар ярьж байхыг нь сонсов. Бид хоёр дөнгөж 24-тэйн дээр, наснаасаа ч залуу харагдаж байсан. Тэр дүүрэгт үйлчилж байх хугацаандаа Жаалууд гэдэг хочтой байж билээ.

Ихэнх хүн нь Библийг чухал гэж үздэг байсан учраас АНУ-ын өмнөд хэсгийг Библийн бүс гэдэг байв. Бид дэлгэрүүлэхдээ:

1) дэлхийн байдлын тухай товчхон дурдаад,

2) Библид байдаг найдварын тухай ярьж,

3) юу хийх ёстойг Библиэс үзүүлнэ.

Тэгээд Библи судлахад зориулсан гарын авлага өгдөг байв. Энэ арга үр дүнтэй байсан учир 1953 онд Нью-Йорк хотноо болсон «Шинэ ертөнц» гэдэг чуулганд үүнийгээ үзүүлбэр маягаар үзүүлэх даалгавар авсан.

Удалгүй 1953 оны зун нутгийн өмнөд хэсэгт хар арьстнуудын хурлуудад мужийн харгалзагчаар үйлчлэх томилолт авлаа. Манай хэсэг Виржиниагаас Флорида, баруун тийш Алабама, Теннеси хүртэлх өргөн уудам газар нутгийг эзэлдэг байв. Явуулын харгалзагч хүн шинэ нөхцөлд амархан дасдаг байх ёстой. Жишээ нь, эхнэр бид хоёр голдуу усанд орох өрөөгүй айлд сууж, зуухны ард төмөр онгоцонд усанд ордог байв. Гэхдээ л гэрийн хамгийн дулаахан хэсэг болохоор таатай байлгүй яах вэ!

Арьс өнгөөр гадуурхагдахын зовлон

Америкийн өмнөд нутагт үйлчлэхэд хашир хянамгай, авхаалж самбаатай байх хэрэгтэй байсан. Хар арьстнуудыг өөртөө үйлчлэх угаалгын газар оруулдаггүй байв. Тэгэхлээр нь Жерри тэнд очоод «Хатагтай Томпсоны» хувцас гэж хэлэхэд нь олон хүн Жерриг гэрийн үйлчлэгч, «Хатагтай Томпсоныг» эзэгтэй гэж боддог байсан шиг байгаа юм. Тэр үед мужийн харгалзагч нар «Шинэ ертөнцийн дүр зураг» гэдэг киног хүмүүст том дэлгэцэн дээр үзүүлдэг байв. Би дэлгэц түрээслүүлдэг газар луу утасдаад «Ноён Томпсоны» нэрээр захиалга өгсний дараа очиж авдаг байлаа. Ер нь бид аргыг нь олоод, дэлгэрүүлэх ажлаа саадгүй хийдэг байсан.

Тэр үед өмнөд нутгийнхан умард нутгийнхнаа гадуурхдаг байлаа. Орон нутгийн нэг сонинд Нью-Йорк дахь Библи, Танилцуулгын Харуулын Цамхаг Нийгэмлэгээс ирсэн Жеймс Томпсон чуулганд үг хэлнэ гэж бичсэн байсныг зарим хүн уншаад намайг Нью-Йоркоос ирсэн гэж ойлгож л дээ. Үүнээс болоод сургуулийн хурлын танхим түрээслэх гэрээ маань цуцлагдчихав. Тэгэхлээр нь би сургуулийн захиргаанд очоод Чаттануга хотын сургуульд сурч байснаа хэлсэн. Ингэж л дүүргийн чуулган явуулах зөвшөөрөл авсан юм даа.

1950-аад оны дундуур арьс өнгөөр гадуурхах явдал ид гаарч байлаа. Заримдаа бүр хүч хэрэглэдэг байв. 1954 онд болсон дүүргийн чуулгануудад хар арьстай хүн илтгэл тавиагүйд зарим Гэрч гомдоллосон юм. Бид хар арьстай ах дүү нартаа тэвчээртэй байхыг захидаг байсан. Хойтон зуны чуулганд намайг илтгэгчээр томиллоо. Үүнээс хойш өмнөд нутагт хар арьстан Гэрчүүд илтгэл тавьдаг болсон.

Өмнөд нутагт арьс өнгөөр гадуурхах явдал яваандаа багасаж, хурлууд нэгдэх болов. Тиймд, зарим дэлгэрүүлэгчийг өөр хурлуудад шилжүүлж, ахлагчдад шинэ шинэ үүрэг хариуцлага оноолоо. Зарим хүн, хар нь ч цагаан нь ч ялгаагүй, шинэ арга хэмжээнд дургүйцэв. Харин ихэнх нь нүүр тал хардаггүй тэнгэрийн Эцгээ дууриасан. Хар цагаан гэлтгүй ихэнх нь дотны найзууд болцгоосон. Уг нь 1930–1940 онд намайг бага байхад л ийм байлаа шүү дээ.

Шинэ даалгавар

Жерри бид хоёр 1969 оны 1-р сард Өмнөд Америкийн Гайана улсад очиж үйлчлэх урилга аваад их баярласан. Харин эхлээд бид хоёр Нью-Йоркийн Бруклин рүү явав. Тэнд би Гайана дахь дэлгэрүүлэх ажлыг харгалзах сургалтад суусан юм. Тэгээд 1969 оны 7-р сард Гайанад очсон. Явуулын харгалзагчаар 16 жил үйлчилсний эцэст нэг газар суурьшина гэдэг том өөрчлөлт шүү. Жерри миссионерээр үйлчлэн өдөржингөө дэлгэрүүлнэ. Харин би салбарт ажилладаг байв.

Би зүлэг тэгшлэхээс өгсүүлээд 28 хуралд ном хэвлэл илгээх, Бруклин дэх төвтэй захидлаар харилцах гээд юм юм л хийдэг байлаа. Өдөрт 14-15 цаг ажиллана. Хэцүү ч гэсэн бид хоёр үүрэг даалгавраа баяр хөөртэй биелүүлдэг байсан. Анх Гайанад очиход 950 дэлгэрүүлэгч байсан бол одоо 2 500 гаруй болжээ.

Халуун орны таатай уур амьсгалд, жимс ногоо идэх сайхан байлгүй яах вэ. Гэхдээ Библийн үнэнийг мэдэх хүсэлтэй, даруу хүмүүст Бурхны Хаанчлалын тухай заахлаараа жинхэнэ жаргал эдэлдэг байв. Жерри долоо хоногт 20 Библийн хичээлтэй байсан. Суралцагчдаас нь олон хүн сүнслэгээр өсөж баптисм хүртсэн. Зарим нь яваандаа эхлэгч, хурлын ахлагч, бүр «Гилеад» сургуульд сурч миссионер болсон.

Бэрхшээл, эрүүл мэндийн асуудал

1983 онд аав ээж хоёроо асрах хэрэгтэй боллоо. Дорис Жерри бид гурав ярилцаад, Бразилд 35 жил миссионерээр үйлчилсэн Дорис аав ээжийг асрахаар болов. Энэ ажлыг ганц хүн хийж чадахаар байхад хоёрын хоёр хүн миссионерийн үйлчлэлээ орхих хэрэг байна уу гэж эгч минь хэлж билээ. Дорис аав ээжийг нас барснаас хойш Чаттанугадаа тусгай эхлэгчээр үйлчилж байна.

Би 1995 онд түрүү булчирхайн хорт хавдартай болсноо мэдэв. Ингээд нутаг буцах боллоо. Бид Теннесси, Пенсильванийн дунд байдаг Хойд Каролины Голдсборо хотод суурьших болсон юм. Жерригийн хамаатнууд Пенсильванид, манайхан Теннесид байсан учраас л тэр шүү дээ. Одоо миний өвчин янзандаа байгаа. Эхнэр бид хоёр Голдсборо дахь хуралд цагийн нормгүй тусгай эхлэгчээр үйлчилж байна.

Бүрэн цагаар үйлчилсэн 65 жилээ эргээд бодохлоор Еховад үнэхээр баярладаг. Жерри бид хоёр Еховад үйлчлэхийн тулд амьдралын янз бүрийн нөхцөлд дасан зохицож явсан. Үүнийхээ төлөө их ч ивээл хүртсэн. «Үнэнч хүнд [Ехова] үнэнчээ ... харуулдаг» гэж хэлсэн Давидын үг хэчнээн үнэн бэ! (2 Сам. 22:26, ШЕ).

[3-р хуудасны зураг]

Аав Николс ах хоёр надад сайнаар нөлөөлсөн

[4-р хуудасны зураг]

Жерри бид хоёр «Гилеад» сургуульд явахын өмнө, 1952 он

[5-р хуудасны зураг]

«Гилеад» сургууль төгсөөд АНУ-ын өмнөд нутагт явуулын үйлчлэл хийж байгаа нь

[6-р хуудасны зураг]

Мужийн нэгдсэн чуулганы бэлтгэлд оролцсон явуулын харгалзагчид эхнэрүүдтэйгээ, 1966 он

[7-р хуудасны зураг]

Гайанад миссионерээр баяр баясгалантай үйлчилсэн