Skip to content

Гарчиг руу орох

Өвчин зовлонгоос болж баяр баясгалангаа бүү алдагтун

Өвчин зовлонгоос болж баяр баясгалангаа бүү алдагтун

Өвчин зовлонгоос болж баяр баясгалангаа бүү алдагтун

ӨНӨӨДРИЙГ яаж барна даа гэж бодсоор шинэ өглөөг угтаж байгаагаар өөрийгөө төсөөл дөө. Өнөөдөр бас л өвчин шаналлаа тэвчихээс өөр аргагүй. Та Иов шиг «Сэтгэл минь өвчин шаналлаас минь илүүгээр боож үхэхийг сонгохсон» гэж хэлэх байх (Иов 7:15). Энэ янзаараа удвал яах вэ?

Давид хааны найз Ионатаны хүү Мефибошетын амьдрал яг ийм байсан. Тэрбээр таван настайдаа унаад «хөлгүй болжээ» (2 Сам. 4:4). Хожим нь хаанаас урвасан хэмээн гүтгэгдэж, эд хөрөнгөө алдсан нь зовлон дээр зовлон нэмсэн биз ээ. Гэсэн ч баяр баясгалангаа алдалгүй, бие сэтгэлийн зовлонгоо давахын гайхамшигтай жишээ үзүүлсэн (2 Сам. 9:6–10; 16:1–4; 19:24–30).

Одоо элч Паулын тухай ярилцъя. Тэрбээр нэгэнтээ «Махан биед минь өргөс өгөгдсөн» гэж бичжээ (2 Кор. 12:7). Ужиг өвчин юм уу, элч гэдэгт нь эргэлздэг хүмүүсийг «өргөс» гэсэн байж болох юм. Аль нь ч бай, бие сэтгэлийн зовлон болсон энэ асуудал тийм хурдан шийдэгдээгүй бөгөөд тэвчихээс өөр арга байгаагүй аж (2 Кор. 12:9, 10).

Бурхны орчин үеийн үйлчлэгчдийн дунд хүнд өвчтэй, сэтгэлийн хямралтай хүмүүс байдаг. Магдалена 18 настайдаа системийн чонон яр гэдэг өвчин туссанаа мэджээ. Ийм өвчний үед хүний дархлалын тогтолцоо гажуудаад өөрийн эд эрхтний эсрэг тэмцдэг байна. Магдалена: «Би их айсан. Цаг хугацаа өнгөрөх тусам улам дордож, ходоод гэдэс хямарч, аман дотор юм гарч, бамбай булчирхайн үйл ажиллагаа алдагдсан» гэж ярьсан юм. Харин Изабела хүмүүст тэр бүр анзаарагдаад байдаггүй зовлонг тэвчдэг. Тэрбээр: «Би хүүхэд байхдаа л сэтгэл гутрал буюу депресст орсон. Үүнээс болоод айж сандардаг, амьсгалахад хэцүү байдаг, гэдэс мушгирдаг. Ер нь би их ядардаг» гэж ярьсан.

Бодит байдалтай эвлэрэх нь

Өвчин тусахад амьдрал орвонгоороо эргэдэг. Хэрэв ийм юм тохиолдвол бодитой байдалтай эвлэрэх нь тустай байдаг. Энэ нь тийм ч амар биш. Магдалена: «Өвчин улам даамжирч байгаа. Өглөө орноосоо өндийх ч тэнхээгүй байх үе олон. Энэ өвчнөөс болоод ямар нэг ажлыг урьдаас төлөвлөхөд их хэцүү байдаг. Би Еховад урьдын адил үйлчилж чадахгүй байгаадаа хамгийн их гутардаг» гэжээ.

Збигнев гэдэг эрэгтэй: «Би ревматоид артрит өвчтэй. Энэ өвчин жил өнгөрөх тусам нэг үенээс нөгөөг гэмтээн даамжирсаар хамаг тэнхээг минь барж байна. Өвчин хүндэрсэн үед хамгийн наад захын юмыг ч хийж чадахаа больдог. Үүнээс болоод сэтгэлээр унадаг» гэж ярьсан.

Хэдэн жилийн өмнө Барбара гэдэг эмэгтэй даамжрах хэлбэрийн тархины хавдартай болох нь тогтоогджээ. Тэрбээр: «Биед минь гэнэт өөрчлөлт гарсан. Ямар ч тамир тэнхээгүй болж, толгой үе үе өвдөн, анхаарлаа төвлөрүүлж чадахаа больсон. Шинэ нөхцөлд тохируулж бүх юмаа өөрчлөхөд хүрсэн» гэж ярьсан.

Дээрх хүмүүс бүгдээрээ Еховагийн үйлчлэгчид юм. Бурхны хүсэл тааллыг биелүүлэх нь тэдний эн тэргүүний зорилт. Өөрт нь бүрэн найддаг учраас Бурхан тэдэнд тусалдаг (Сур. 3:5, 6).

Ехова яаж тусалдаг вэ?

Өвдөж зовлоо гэхэд Бурхан таалаагүйгээс боллоо гэж бүү бодоорой (Гаш. 3:33). Иов «гэм зэмгүй, шулуун шударга хүн» байсан хэдий ч өвчин зовлон амссан шүү дээ (Иов 1:8). Бурхан хэнийг ч бузар муугаар сорьдоггүй (Иак. 1:13). Бие, сэтгэлийн бүх л өвчин эмгэг бол бидний анхны эцэг эх Адам Евагийн тарьсан балаг юм (Ром 5:12).

Харин Ехова Есүс хоёр зөв шударга хүмүүсийг үнсэнд хаясан шалз шиг орхидоггүй (Дуу. 34:15). Ялангуяа, хэцүү үед Бурхан бидний «хоргодох газар, ... бат цайз» болдогт талархах хэрэгтэй (Дуу. 91:2). Тэгвэл нөхцөл байдлыг тийм амар өөрчлөх аргагүй үед баяр баясгалангаа алдахгүй байхад юу туслах вэ?

Залбирал: Эртний үнэнч үйлчлэгчдийн адилаар тэнгэрийн Эцэгтээ ачаагаа даатган залбираарай (Дуу. 55:22). Ингэвэл «бүх оюун ухаанаас дээгүүрх Бурханы амар тайвныг» мэдэрнэ. Сэтгэлийн амар тайван «та нарын зүрх сэтгэл, санаа бодлыг хамгаална» (Флп. 4:6, 7). Бурханд залбиран, түүнд найддагийнхаа ачаар Магдалена хүнд өвчнөө тэвчиж байна. Тэрбээр: «Еховад сэтгэлээ уудлахлаар тайвширч, эргээд баяр баясгалантай болдог. Бурханд өдөр бүр найдна гэж юу болохыг одоо би үнэхээр сайн ойлгож байна» гэж ярьсан (2 Кор. 1:3, 4).

Ехова ариун сүнсээрээ, Үгээрээ, христиан ах дүүсээр дамжуулан таны залбиралд хариулна. Бурхан гайхамшиг үйлдээд өвчнийг маань эдгээнэ гэж бүү бодоорой. Гэхдээ бүх л зовлонг даван туулах хүч, мэргэн ухааныг өгнө гэж найдаарай (Сур. 2:7). Ехова танд «хэрээс хэтэрсэн хүч» өгнө (2 Кор. 4:7, ШЕ).

Гэр бүл: Танай гэрийнхэн таныг хайрлаж, өрөвддөг учир өвчнөө тэвчихэд тань дэм болдог нь лавтай. Гэвч тан шиг зовж шаналж байгааг нь бүү мартаарай. Юугаар ч тус болж чадахгүй нь гэж боддог байж болох юм. Гэхдээ л тэд хамгийн хэцүү үед ч дэргэдээс тань холдоогүй. Тэдэнтэйгээ хамт залбирч байгаарай. Сэтгэл тань тайвширна шүү (Сур. 14:30).

Барбара өөрийн охин болон хурлынхаа охидын талаар «Тэд дэлгэрүүлэх ажилд маань тусалдаг. Тэдний идэвх зүтгэлтэй байгааг хараад би урам зоригтой, баяр баясгалантай болдог» гэж хэлжээ. Збигневт эхнэрийнх нь тусламж их үнэ цэнэтэй ажээ. «Эхнэр маань гэрийнхээ хамаг ажлыг амжуулдаг. Цуглаанд очих, дэлгэрүүлэх болоход хувцсыг маань өмсүүлж, цүнх барьж явдаг» гэж Збигнев ярьсан юм.

Итгэл нэгтнүүд: Итгэл нэгтнүүдтэйгээ хамт байхлаар урам сэргэж тайвширдаг. Гэтэл өвчнөөсөө болоод цуглаанд очиж чадахгүй бол яах вэ? Магдалена: «Цуглааны ач тусыг хүртээсэй гэсэндээ манай хурлынхан надад аудио бичлэг хийж өгдөг. Итгэл нэгтнүүд маань надтай байнга утсаар ярьж, ямар тусламж хэрэгтэйг асуудаг. Бас надад сэтгэл сэргээм захиа бичдэг. Намайг санадаг, миний төлөө санаа тавьдгийг нь бодохлоор өвчнөө тэвчих хүчтэй болдог» хэмээн өгүүлжээ.

Сэтгэл гутралаас болж шаналж яваа Изабела: «Хуралдаа би олон „аав“, „ээжтэй“. Тэд миний ярихыг сонсож, намайг ойлгохыг хичээдэг. Хурал бол миний гэр бүл. Эндээс би баяр баясгалан, амар тайвныг мэдэрдэг» хэмээн сэтгэлээ хуваалцсан юм.

Өвчин зовлон амсахлаараа «адайр» буюу зожиг зан гаргаж болохгүй шүү. Харин ч хурлынхантайгаа байнга харьцаж байх нь тустай (Сур. 18:1). Ингэвэл бусдадаа урам хайрлана. Юу хэрэгтэй байгаагаа христиан ах дүүстээ хэлэхээс эхэндээ санаа зовж байж болох юм. Гэхдээ нууж хаалгүй, шулуухан хэлбэл тэд баярлах болно. Энэ нь тэдэнд «чин сэтгэлээс ах дүүсээ хайрлах» боломж олгоно (1 Петр 1:22). Цуглаанд хүргэж өгөөч, дэлгэрүүлэх ажилд хамт оролцъё, чин сэтгэлээсээ ярилцъя гэж хэлж болохгүй нь юу билээ? Бусдаас их юм шаардаж болохгүй ч нэрэлхэлгүй тусламж аваарай.

Өөдрөг байх: Баяр баясгалангаа алдахгүйгээр хүнд өвчнөө тэвчих эсэх нь танаас шалтгаална. Гуньж гутраад байвал таагүй юм бодож эхэлдэг. Библид «Хүмүүний сүнс өвчнийг ч тэсвэрлэдэг. Харин цөхөрсөн сүнсийг хэн тэнхрүүлж чадах билээ?» хэмээн бичжээ (Сур. 18:14).

«Би өвчнийхөө тухай бодохгүй байхыг маш их хичээдэг. Бие арай гайгүй бол тэр өдрийг сайхан өнгөрөөхийг боддог. Хүнд өвчтэй ч гэсэн үнэнчээр үйлчилдэг хүмүүсийн намтар түүхийг уншаад сэргэдэг. Ехова намайг хайрладаг, үнэтэйд тооцдог гэж бодохлоор сэтгэлийн тэнхээтэй болдог. Би Еховад хэрэгтэй хүн. Би Еховагийн төлөө амьдардаг. Надад ирээдүйн сайхан найдвар байгаа» гэж Магдалена ярьж байна.

Збигнев: «Би өвчнөөсөө болоод даруу, дуулгавартай байж сурч байна. Хэрсүү ухаалаг байж, үнэн сэтгэлээсээ бусдыг уучилдаг. Өөрийгөө өрөвдөхгүйгээр Еховад баяр хөөртэй үйлчилдэг болсон. Ер нь сүнслэгээр байнга өсье гэж боддог» гэсэн.

Ехова таны яаж тэвчихийг анхааралтай ажигладаг юм шүү. Таныг өрөвдөж, таны төлөө санаа тавьдаг. Тэрбээр «Өөрийнх нь нэрийн төлөөх та нарын үйл хэргийг болон хайрыг тань» мартахгүй (Евр. 6:10). Өөрөөс нь эмээдэг бүх хүнд «Би чамайг хэзээ ч орхихгүй. Би чамайг хэзээ ч мартахгүй» гэж амладгийг санаж яваарай (Евр. 13:5).

Сэтгэлээр унахлаараа шинэ ертөнц дэх гайхамшигт амьдралын тухай бодоорой. Бурхны Хаанчлал дэлхийг ивээх цаг асар хурдан ойртож байна. Та тэр ивээлийг тун удахгүй хүртэнэ!

[28, 29-р хуудасны хавсралт/​зураг]

Тэд хүнд өвчтэй ч дэлгэрүүлдэг

«Ганцаараа явж чадахгүй болохлоор намайг эхнэр минь юм уу, итгэл нэгтнүүд дэлгэрүүлэх ажилдаа дагуулж явдаг. Би оршил үг болон Библийн зүйлүүдийг цээжилдэг» —Еэши (хараагүй).

«Би утсаар ярихаас гадна захиа бичиж дэлгэрүүлдэг. Сонирхсон хэдэн хүнтэй захидлаар байнга харилцдаг. Эмнэлэгт хэвтэж байхдаа Библи, байгууллагын ном хэвлэл хажуудаа тавьчихдаг юм. Тэгэхлээр олон хүнтэй сайхан яриа өрнүүлж чаддаг» —Магдалена (системийн чонон яр өвчтэй).

«Ер нь би айлаар дэлгэрүүлэх дуртай. Гэхдээ бие сайнгүй үед утсаар дэлгэрүүлдэг»—Изабела (сэтгэл гутралаар шаналж байгаа).

«Би давтан уулзалт хийх, Библийн хичээл заах дуртай. Бие гайгүй бол айлаар явдаг»—Барбара (тархины хавдартай).

«Би сэтгүүл л багтах хөнгөхөн цүнх авч явдаг. Үе мөч тэсэхийн аргагүй өвдөөд ирэхлээр дэлгэрүүлэх ажлаа зогсоодог»—Збигнев (ревматоид артриттай).

[30-р хуудасны зураг]

Хүүхдүүд ч, томчууд ч өвдөж зовсон хүнд урам хайрлаж чадна