Skip to content

Гарчиг руу орох

Еховад чин сэтгэлийн тахил өргөгтүн

Еховад чин сэтгэлийн тахил өргөгтүн

«Та нар юу ч хийсэн, ... Эзэний [«Еховагийн», ШЕ] төлөө мэт чин сэтгэлээсээ хийгтүн» (КОЛ. 3:23).

1-3. а) Есүс амиа золиосолсон юм чинь бид Еховад ямар ч тахил өргөх хэрэггүй гэсэн үг үү? Тайлбарлана уу. б) Тахил өргөх талаар ямар асуулт гарч байна вэ?

 ЕСҮС амиа тахил болгон өргөснөөр Мосегийн хууль хүчингүй болсныг МЭ I зууны Еховагийн үйлчлэгчид сайн ойлгожээ (Кол. 2:13, 14). Олон зуун жилийн турш тахил өргөсөөр ирсэн иудейчүүд тэр цагаас хойш янз бүрийн тахил өргөх шаардлагагүй болсон. Мосегийн хууль «Христ уруу хандуулах зааварлагчийн» үүргээ гүйцэтгэжээ (Гал. 3:24).

2 Тэглээ ч тахил өргөх нь христиануудад огт хамаагүй гэсэн үг биш юм. Элч Петр: «Бурханд тааламжит, сүнслэг тахилуудыг өргөх» хэрэгтэй гэж хэлжээ (1 Петр 2:5). Түүнчлэн элч Паулын хэлснээр, христиан хүний амьдрал тэр чигээрээ Бурханд зориулсан «тахил» ажээ (Ром 12:1).

3 Тэгэхлээр христиан хүн Еховад ямар нэг зүйл өгөх юм уу Еховагийн төлөө ямар нэг юмаа золиослох нь тахил өргөж байгаа хэрэг. Израиль хүн тахил өргөх тухайд ямар шаардлага хангах ёстойг бид өмнөх өгүүллээр үзсэн. Тэгвэл бидний өргөдөг тахил Еховад үнэхээр таалагддаг уу?

БИД ӨДӨР БҮР ТАХИЛ ӨРГӨДӨГ

4. Бид өдөр бүр юу санах ёстой вэ?

4 Өдөр тутам хийдэг зүйлээ Еховад тахил өргөхтэй холбож ойлгох амаргүй байж болох юм. Гэрийн ажил хийх, хичээл сургуульд явах, ажил хөдөлмөр эрхлэх, юм худалдаж авах гэх мэтийн үйл хэрэг Еховатай тогтоосон харьцаанд огт нөлөөлдөггүй юм шиг санагдмаар. Гэхдээ та Еховад амьдралаа зориулсан, эсвэл ойрын ирээдүйд зориулах гэж байгаа бол иймэрхүү аар саар зүйл сүнслэг асуудалд хамаатайг санаарай. Бид цаг ямагт христиан байх учиртай. Библийн зарчмыг амьдралынхаа бүх хүрээнд хэрэгжүүлэх хэрэгтэй. Тиймд Паул: «Та нар юу ч хийсэн, хүмүүсийн төлөө бус, Эзэний [«Еховагийн», ШЕ] төлөө мэт чин сэтгэлээсээ хийгтүн» гэж уриалжээ (Колоссай 3:18–24-ийг уншина уу).

5, 6. Хувцаслах, биеэ авч явах тухайд өөрөөсөө юу гэж асуух хэрэгтэй вэ?

5 Өдөр тутамд хийдэг зүйл маань христиан үйлчлэлийн нэг хэсэг биш ээ. Гэхдээ Паул «Еховагийн төлөө мэт чин сэтгэлээсээ хийхийг» уриалсан болохоор биеэ хэрхэн авч явж, яаж амьдарч байгаагаа анхаарах хэрэгтэй. Паулын зөвлөгөөг яаж хэрэгжүүлэх вэ? Бид цаг үргэлж зохистой хувцаслаж, биеэ зөв авч явдаг уу? Эсвэл өдөр тутмын үйл хэрэг, тухайлбал биеэ авч явах байдал юм уу, хувцас хунараасаа болоод өөрийгөө Еховагийн Гэрч гэж хэлэхээс санаа зовдог уу? Тийм байж хэрхэвч болохгүй! Еховагийн үйлчлэгчид Бурхныхаа нэрийг гутаах юу ч хийх учиргүй (Ис. 43:10; 2 Кор. 6:3, 4, 9).

6 «Еховагийн төлөө мэт чин сэтгэлээсээ хийх» нь амьдралын олон хүрээнд хамаатайг ярилцъя. Тийн ярилцаж байхдаа израильчууд Еховад хамгийн сайныгаа тахил болгон өргөх ёстой байсныг санаарай (Ег. 23:19).

БУРХАНД ӨӨРИЙГӨӨ ЗОРИУЛСАН ХҮНИЙ АМЬДРАЛ

7. Еховад өөрийгөө зориулсан хүн ямар байдаг вэ?

7 Та хэнээр ч албадуулалгүй Еховад өөрийгөө зориулахаар шийдсэн биз дээ? Өөрөөр хэлбэл, амьдралынхаа бүх хүрээнд Еховагийн хүсэл тааллыг л хамгийн түрүүнд бодно гэж амласан (Еврей 10:7-г уншина уу). Ямар нэг асуудлыг шийдэхдээ Ехова юу хүсдэгийг бодоод, тэр дагуу арга хэмжээ авбал үр дүн нь маш сайн байдгийг та биеэрээ үзсэн нь эргэлзээгүй (Ис. 48:17, 18). Бид Бурхнаар заалгаж, Бурхнаа дууриадаг учир цэвэр ариун, баяр жаргалтай байдаг (Лев. 11:44; 1 Тим. 1:11).

8. Израильчуудын өргөдөг тахилыг Ехова ариунд тооцдог байсныг санах нь яагаад чухал бэ?

8 Израильчуудын өргөж байсан тахил ариунд тооцогддог байв (Лев. 6:25; 7:1). «Ариун» гэж орчуулсан еврей үг нь тусгаар, онцгой, зөвхөн Бурхных гэсэн утгатай. Тахилыг маань Ехова хүлээж аваасай гэж хүсэж байгаа бол ертөнцөөс тусгаар байж, муу нөлөөнд нь автахгүй байх ёстой. Бид Еховагийн үзэн яддаг юуг ч хайрлах учиргүй (1 Иохан 2:15–17-г уншина уу). Тэгэхлээр биднийг Бурхны нүдэнд бузар харагдуулж болзошгүй үерхэл нөхөрлөл, үйл хэргээс зайлсхийнэ гэсэн үг (Ис. 2:4; Илч. 18:4). Мөн бузар булай, садар самуун юмыг байнга харахгүй, тийм юмыг төсөөлж бодохгүй гэсэн үг (Кол. 3:5, 6).

9. Бусдад сайнаар хандах нь яагаад чухал бэ?

9 Паул: «Сайныг үйлдэхээ болон хуваалцахаа бүү март. Учир нь ийм тахилууд Бурханд тааламжтай» гэж итгэл нэгтнүүддээ хэлжээ (Евр. 13:16). Хэрэв бид бусдад сайнаар хандаж, сайн үйл хийвэл үүнийг Ехова тааламжит тахил гэж үздэг. Хайрлан санаа тавих нь жинхэнэ христиануудын бусдаас ялгарах шинж юм (Иох. 13:34, 35; Кол. 1:10).

ШҮТЛЭГТЭЙ ХОЛБООТОЙ ТАХИЛУУД

10, 11. Дэлгэрүүлэх ажил, шүтлэг мөргөлтэй холбоотой асуудлаар Ехова биднээс юу хүсдэг вэ? Бид яах хэрэгтэй вэ?

10 Христианууд бидний хийдэг нэг сайн үйл бол «бүх нийтэд найдварынхаа тухай тунхаглах» явдал юм. Та дэлгэрүүлэх боломж болгоныг ашигладаг уу? Паул энэ чухал үйл хэргийг Бурхны «нэрийг бүх нийтэд тунхагладаг уруулын үр жимс буюу магтаалын тахил» гэж хэлжээ (Евр. 10:23, ШЕ; 13:15, ШЕ; Хос. 14:2). Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэхэд хэр олон цаг зарцуулдаг, энэ цагаа хэр зэрэг үр бүтээлтэй ашигладгаа бодож үзэх нь сайн. Үйлчлэх цуглаан үүнд тусалдаг. Товчхон хэлбэл, албан ёсоор болон албан бусаар дэлгэрүүлэх ажил нь шүтлэгийн маань нэг хэсэг болсон «магтаалын тахил» учраас бид хамгийн сайныгаа өргөх ёстой. Хүн бүрийн боломж бололцоо харилцан адилгүй ч сүнслэг зүйлийг хэр зэрэг үнэлдэг нь сайн мэдээг тунхаглахад хэчнээн цаг зарцуулдгаас голдуу харагддаг.

11 Христианууд бид гэртээ ч, цуглаан дээр ч Еховаг шүтдэг. Ингэхийг Ехова биднээс хүсдэг. Бид Амралтын өдрийн тухай хуулийг сахих юм уу, баяр тэмдэглэхээр холын Иерусалим руу явдаггүй боловч эдгээр хууль тушаалын цаад санаа нь христиан хүнд хамаатайг ойлгох ёстой. Ехова биднийг үр ашиггүй юм хийхээ болиод, Үгийг нь судалж, залбирч, цуглаанд яваасай гэж хүсдэг. Өрхийн тэргүүнүүд эхнэр хүүхдүүдтэйгээ хамт Гэр бүлийн хичээл хийх үүрэг хүлээдэг (1 Тес. 5:17; Евр. 10:24, 25). Тэгэхлээр бид дор бүрнээ «Шүтлэгтэй холбоотой сайжруулах зүйл надад байна уу?» гэж бодож үзэх нь зүйтэй.

12. а) Эрт үед шүтлэгт хэрэглэж байсан анхилуун үнэрт утлагыг өнөөдөр юутай зүйрлэж болох вэ? б) Бидний залбирал яавал анхилуун утлага мэт байх вэ?

12 Давид хаан Еховад «Миний залбирал Таны өмнө утлага адил тоологдог» хэмээн дуулжээ (Дуу. 141:2). Бид хэр олон удаа, юун тухай залбирдгаа бодох хэрэгтэй. «Илчлэлт» номд «ариун хүмүүсийн залбирлуудыг» утлагатай зүйрлэсэн. Тааламжит залбирал Еховад анхилуун үнэр шиг байдаг аж (Илч. 5:8). Эртний Израильд Еховагийн тахилын ширээн дээр өргөдөг байсан утлагыг нягт нямбай бэлдэх ёстой байжээ. Зааврынх нь дагуу найруулж уугиулсан утлага л Еховад тааламжтай байв (Ег. 30:34–37; Лев. 10:1, 2). Бидний чин сэтгэлийн залбирал бас тийм «найрлагатай» бол Еховад таалагдана гэж итгэж болно.

ӨГӨӨМӨР БАЙВАЛ ИВЭЭЛ ХҮРТЭНЭ

13, 14. а) Паулын төлөө Филиппойн христианууд болон Епафродит юу хийсэн бэ? Паулд ямар санагдсан бэ? б) Филиппойн хурлын хүмүүс болон Епафродитыг хэрхэн дууриах вэ?

13 Дэлхий дахины үйл хэргийг дэмжих зорилгоор өргөдөг мөнгөн хандив нь ямар ч хэмжээгээр өгч болдог өргөлтэй адилхан (Марк 12:41–44). МЭ I зуунд Филиппой дахь хурлын хүмүүс Паулд мөнгө өгүүлэхээр Епафродитыг Ром руу явуулдаг. Филиппойн хурлынхан Паулд ийнхүү өгөөмөр сэтгэл гаргасан нь анхных биш байлаа. Мөнгө төгрөгний талаар бүү санаа зовоосой, дэлгэрүүлэх ажилд илүү их цаг зарцуулаасай гэсэндээ ингэж тусалдаг байжээ. Паул өгсөн бэлгийг нь юу гэж үзсэн бэ? «Бурханд таашаагдах тааламжит тахил ба анхилуун үнэр» гэж хэлсэн (Филиппой 4:15–19-ийг уншина уу). Тэрбээр сайхан сэтгэлтэй Филиппойн хурлынханд үнэхээр их талархсан. Ехова ч мөн ялгаагүй.

14 Үүнтэй адилаар, өнөөдөр Ехова дэлхий дахины үйл хэргийг дэмжиж хандив өргөдөгт маань талархдаг. Түүнчлэн Хаанчлалын үйл хэргийг амьдралынхаа эн тэргүүнд байнга тавивал сүнслэг болоод бие махбодын хэрэгцээг маань хангахаа амладаг (Мат. 6:33; Лук 6:38).

ТАЛАРХЛАА ИЛЭРХИЙЛЭГТҮН

15. Еховад талархах ёстойн ямар ямар шалтгаан байдаг вэ?

15 Еховад талархах ёстойн шалтгааныг тоочоод баршгүй. Амь өгсөнд нь өдөр бүр талархаж болохгүй гэж үү? Тэрбээр бидэнд хоол хүнс, хувцас хунар, орон байр гээд бүхнийг өгсөн. Тэр байтугай амьсгалах агаарыг өгсөн. Түүнчлэн, үнэн зөв мэдлэгтэй болж, ирээдүйгээ итгэл найдвартайгаар харах боломж олгосон. Ехова гэж хэн болох, бидний төлөө юу хийснийг нь мэдсэн учир түүнийг шүтэж, магтаалын тахил өргөх нь зөв юм (Илчлэлт 4:11-ийг уншина уу).

16. Золиос өгсөнд нь Ехова Есүс хоёрт талархдаг бол яах хэрэгтэй вэ?

16 Христийн золих тахил бол хүн төрөлхтөнд өгсөн Бурхны хамгийн үнэтэй бэлэг гэж өмнөх өгүүллээр үзсэн. Бурхан бидэнд хайртайгаа ийнхүү харуулсан (1 Иох. 4:10). Бид үүнд талархаж байгаагаа яаж харуулах вэ? «Нэг нь бүх хүний төлөө үхсэн ... гэж бид ятгагдсан тул Христийн хайр биднийг албаддаг. Тэр бүгдийн төлөө үхсэн учраас амьд байгсад цаашид өөрсдийн төлөө бус, харин өөрсдийнх нь төлөө үхээд, амилуулагдсан Түүний төлөө амьдрах ёстой» гэж Паул хэлсэн (2 Кор. 5:14, 15). Хэрэв бид Бурхныг нигүүлслээ үзүүлсэнд нь талархдаг бол Бурхныг болон Хүүг магтан алдаршуулж амьдрах ёстой гэсэн санааг Паул илэрхийлжээ. Дуулгавартай байж, дэлгэрүүлэх болон шавь бэлдэх ажилд чин сэтгэлээсээ оролцдог бол Ехова Есүс хоёрыг хайрлаж, талархаж явдгаа харуулна (1 Тим. 2:3, 4; 1 Иох. 5:3).

17, 18. Зарим хүн илүү сайн магтаалын тахил өргөхийн тулд юу хийдэг вэ? Жишээ хэлнэ үү.

17 Та Бурханд илүү сайн магтаалын тахил өргөх боломжтой юу? Олон хүн өөрсдийнх нь төлөө Еховагийн хийсэн бүхнийг эргэцүүлэн бодсоныхоо дараа цаг зав, ажил төрлөө зохицуулаад дэлгэрүүлэх ажил, бусад христиан үйл хэрэгт түлхүү оролцох болжээ. Жилд нэг юм уу, хэдэн сар туслах эхлэгчээр үйлчилдэг нэг нь байхад, байнгын эхлэгчээр үйлчилдэг болсон хүмүүс ч бий. Зарим нь Хаанчлалын танхим барих ажилд оролцдог. Талархлаа илэрхийлэх сайн арга биш гэж үү? Хэрэв энэ бүхнийг зөв хандлагаар хийдэг бол Бурханд таалагдана.

18 Еховад талархлаа илэрхийлэх хүсэл олон христианд өөрийн эрхгүй төрдөг. Тэдний нэг нь Морена юм. Католик шашин шүтдэг гэр бүлд өссөн тэрбээр олон чухал асуултын хариуг хайж, өөрийнхөө шашныг ч, дорнын гүн ухааныг ч судалж байжээ. Тэгээд ямар ч хариу олж чадаагүй байна. Еховагийн Гэрчүүдээр Библийн хичээл заалгаж эхлээд л сүнслэг цангаагаа тайлсан гэдэг. Асуултынхаа үнэн зөв хариуг Библиэс олж, жинхэнэ ёсоор жаргалтай амьдрах болсондоо Еховад үнэхээр талархсан гэнэ. Тэгээд хамаг хүчээрээ түүнд үйлчилж талархлаа илэрхийлэхийг хүсжээ. Баптисм хүртсэнийхээ дараахан туслах эхлэгчээр тасралтгүй үйлчилж, боломж гармагц байнгын эхлэгч болжээ. Энэ явдал 30 жилийн өмнө болсон. Морена одоо ч бүрэн цагаар үйлчилж байна.

19. Еховад илүү сайн тахил хэрхэн өргөж болох вэ?

19 Еховагийн үнэнч Гэрч бүрд эхлэгчээр үйлчлэх боломж тэр болгон олддоггүй. Гэхдээ Еховад үйлчлэхийн тулд чадах бүхнээ хийдэг бол түүнд таалагддаг сүнслэг тахил өргөж байна гэсэн үг. Бид Еховаг цаг ямагт төлөөлдгөө марталгүй зөвт зарчмыг нь чанд баримтлан биеэ авч явдаг. Бурхан санаа зорилгоо биелүүлнэ гэдэгт итгэдэг. Сайн мэдээг түгээн дэлгэрүүлж сайн үйлс бүтээдэг. Бидний төлөө бүхнийг хийсэнд нь Еховад талархаж, чин сэтгэлийн тахил өргөж явцгаая.

[Догол мөрийн асуулт]

[25-р хуудасны товчлол]

Еховагийн сайхан сэтгэлийг бодохлоор илүү сайн магтаалын тахил өргөх хүсэл төрөхгүй гэж үү?

[23-р хуудасны зураг]

Та дэлгэрүүлэх боломж болгоныг ашигладаг уу?