Жинхэнэ христианууд Бурхны Үгийг эрхэмлэдэг
«Таны үг бол үнэн мөн» (ИОХ. 17:17).
1. Та Еховагийн Гэрчүүдтэй анх ярилцахдаа шашны бусад бүлэглэлээс ялгаатай юуг нь олж харсан бэ?
ТА Еховагийн Гэрчүүдтэй анх уулзаад ярилцаж байснаа санаж байна уу? Сэтгэлд тань юу хоногшиж үлдсэн бэ? «Миний бүх асуултад Библиэс хариулахыг хараад үнэхээр гайхсан» гэж хэлэх хүн олон. Дэлхийн талаарх Бурхны санаа зорилго, хүн үхээд яадаг, талийгаачийг маань ямар ирээдүй хүлээж байгааг мэдээд бид хэчнээн их баярласан билээ!
2. Та Библийг ямар учраас эрхэмлэдэг болсон бэ?
2 Библийг цааш нь судлаад амьдрал, үхэл, ирээдүйн тухай төдийгүй өөр олон асуултын хариу байдгийг мэдсэн. Библи бол энэ ертөнц дээрх хамгийн ач тустай ном болохыг ойлгодог болсон. Зөвлөгөө нь цагаа олсон бөгөөд үүнийг ягштал дагаж мөрдвөл сайн сайхан, аз жаргалтай амьдарна (Дуулал 1:1–3-ыг уншина уу). Жинхэнэ христианууд Библийг «хүний үг бус, харин үнэхээр байгаагаар нь ... Бурханы үг» гэж итгэдэг (1 Тес. 2:13). Түүхийн хуудсыг сөхвөл Бурхны Үгийг чин сэтгэлээсээ эрхэмлэдэг болон эрхэмлэдэггүй хүмүүсийн ялгааг ойлгоно.
ЯРВИГТАЙ АСУУДАЛ
3. І зууны христиан хурлын эв нэгдэлд аюул учруулсан ямар асуудал гарсан бэ? Энэ нь шийдвэрлэхэд хэцүү байсны учир юу вэ?
3 Хөвч хөндүүлээгүй харь үндэстэн Корнелийг хамгийн анх ариун сүнсээр тослогдсоноос хойш 13 жил өнгөрөхөд харь үндэстэн христиануудын тоо нэмэгджээ. Энэ хугацаанд хурлын эв нэгдэлд аюул учруулах асуудал гарсан. Тэр нь, харь үндэстэн эрчүүд иудейн заншлаар хөвч хөндүүлж байж баптисм хүртэх ёстой юу гэсэн асуулт аж. Энэ асуултад хариулах нь иудей хүнд амаргүй байв. Мосегийн хуулийг сахидаг иудейчүүд харь үндэстнүүдийн гэрээр шагайдаг ч үгүй юм чинь тэдэнтэй ах дүү шигээ харьцах нь юу л бол. Христиан болсон иудейчүүдийг хуучин шашнаа орхилоо гэж харгислан хавчих болсон юм бол, тэгэх тусмаа хөвч хөндүүлээгүй харь үндэстнийг ах дүү шигээ үздэг болбол улам ширүүн хавчих байлаа. Цаашлаад, уламжлалт ёс заншил сахидаг иудейчүүд болон христиануудын хоорондох ан цав улам томрох байв (Гал. 2:11–14).
4. Маргаантай асуудлыг шийдэхээр ямар хүмүүс цугларсан бэ? Ямар асуулт урган гарч болохоор байна вэ?
4 Иерусалим дахь элч нар болон ахлагчид хөвч хөндүүлсэн иудейчүүд байсан. Тэд МЭ 49 онд «энэ асуудлыг хэлэлцэхээр ... хамтдаа цуглажээ» (Үйлс 15:6). Ингэхдээ үг үсгээр хөөцөлдөн, улиг болсон шашны номлолоор мэтгэлцэх бус, Бурхны Үгийн сургаалыг үндэс болгон ярилцсан. Хүн бүр ярианд оролцож, тус тусын байр сууриа илэрхийлж байсан. Тэгээд асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн бэ? Хувь хүний хүсэл сонирхол тэдний гаргасан шийдвэрт нөлөөлсөн үү? Хариуцлагатай үүрэг хүлээдэг ахлагчид Израиль дахь шашны хавчлага намжтал хүлээе гэсэн үү? Эсвэл ямар нэг хэмжээгээр харилцан буулт хийгээд асуудлаа шийдэхээр болсон уу?
5. МЭ 49 онд Иерусалимд болсон хурал зөвлөгөөн түүнээс хойш хэдэн зууны дараа болж байсан христ шашны лам хуврагуудын зөвлөгөөнөөс ямар ялгаатай вэ?
5 Эдүгээ, буулт хийх болон дарамт үзүүлэх нь христ шашны лам хуврагуудын хурал зөвлөгөөний үед түгээмэл байдаг. Иерусалимд болсон тэр цуглаанаар буулт хийх, дарамт шахалт үзүүлэн санал хураах явдал гараагүй. Харин ч санал нэгтэйгээр нэг шийдвэр гаргажээ. Яаж тэр вэ? Маргалдагч талууд өөр өөрийн хатуу байр суурьтай байсан ч бүгд Бурхны Үгийг эрхэмлэн үздэг байсан ба маргаантай асуудлыг шийдэх гол түлхүүр нь ариун судар байжээ (Дуулал 119:97–101-ийг уншина уу).
6, 7. Хөвч хөндөх тухай асуудлыг Судрын үндсэн дээр хэрхэн шийдвэрлэсэн бэ?
6 Тэр асуудлыг Амос 9:11, 12-т үндэслэн шийдвэрлэжээ. Үүнийг Үйлс 15:16, 17-д иш татан «Би эргэж ирээд Давидын нурсан асрыг дахин босгоно. Түүний нурангийг Би дахин босгож, сэргээнэ. Энэ нь Миний нэрээр дуудагдсан бүх Харь үндэстнүүд болон бусад хүмүүс Эзэнийг эрж хайхын тулд болой» гэж бичжээ.
7 «Байзаарай, энд харь үндэстэн итгэгчид хөвч хөндүүлэх шаардлагагүй гэж бичээгүй л байна шүү дээ» гэж зарим хүн маргах байх. Тийм л дээ. Гэхдээ иудей христианууд гол санааг нь ойлгосон ажээ. Тэд хөвч хөндүүлсэн иудей бус хүмүүсийг «Харь үндэстнүүд» бус, ах дүүс гэж үзжээ (Ег. 12:48, 49). Жишээ нь Багстерын орчуулгын Естер 8:17-д «Олон харь үндэстэн хөвч хөндүүлж, иудейчүүд болов» гэж бичсэн байдаг. Тийнхүү Израилийн гэрийн үлдэгсэд (иудейчүүд болон хөвч хөндүүлж иудей болсон хүмүүс) «Харь үндэстнүүдтэй» (хөвч хөндүүлээгүй харийнхантай) хамт Бурхны нэрийн төлөөх нэг ард түмэн болно гэдгийг зөгнөсөн нь тодорхой болсон. Христиан болохыг хүссэн харь үндэстнүүд хөвч хөндүүлэх шаардлагагүй байлаа.
8. Гаргасан шийдвэрийг дэмжихэд иудей христианууд зоригтой байх хэрэгтэй байсны учир юу вэ?
8 Чин сэтгэлтэй христианууд Бурхны Үг болон сүнсээр нь удирдуулсны ачаар «санаа нэгдсэн» (Үйлс 15:25). Уг шийдвэрээс болж хавчлага улам ширүүсэх байсан ч үнэнч иудей христианууд Библид үндэслэсэн тэрхүү шийдвэрийг бүрэн дэмжсэн (Үйлс 16:4, 5).
ЭРС ЯЛГАА
9. Хуурамч сургаал жинхэнэ шүтлэгийг гажуудуулах болсон нэг гол шалтгаан юу вэ? Библийн ямар чухал сургаал гажуудсан бэ?
9 Элч нарыг нас барсны дараа жинхэнэ шүтлэг хуурамч сургаалаас болж гажуудахыг элч Паул зөгнөжээ (2 Тесалоник 2:3, 7-г уншина уу). «Эрүүл сургаалыг» баримталдаггүй хүмүүсийн дунд хариуцлагатай хүмүүс ч байсан (2 Тим. 4:3). Паул тухайн үеийнхээ ахлагчдад «Гажууд зүйлс зааж, дагалдагчдыг өөрсдөдөө татах хүмүүс ч та нарын дундаас гарна» хэмээн анхааруулжээ (Үйлс 20:30). Жинхэнэ шүтлэг гажуудах болсон нэг гол шалтгааныг «Британника шинэ нэвтэрхий толь»-д тайлбарлажээ. Тэнд бичсэнээр, Грекийн гүн ухааныг мэддэг зарим христиан итгэл үнэмшлээ тайлбарлахын тулд гүн ухааны үг хэллэг хэрэглэх нь зүйтэй гэж үзэх болсон ажээ. Ингэснээр оюуны чадавхаараа гайхуулаад зогсохгүй, өндөр боловсролтой харийнхныг христиан болгоно гэж бодсон байна. Тэднээс болж гажуудсан нэг чухал сургаал бол Есүс Христ гэж хэн болох тухай юм. Библид түүнийг Бурхны Хүү гэдэг бол, Грекийн гүн ухааныг баримтлагчид Бурхан гэж зүтгэдэг.
10. Христ гэж хэн бэ гэдэг асуултын хариуг хаанаас амархан олж болох байсан бэ?
10 Христ шашны удирдагчид олон удаагийн хурал зөвлөгөөнөөрөө энэ сургаалын талаар маргалджээ. Есүс Христ гэж чухам хэн бэ гэдэг асуултын хариуг Библиэс олж болох байсан хэдий ч ихэнх нь үл тоомсорлосон. Үнэндээ тэдний дийлэнх олонх нь хурлаар хэлэлцэхээсээ өмнө шийдвэрээ гаргачихсан байсан бөгөөд санаагаа огтхон ч өөрчлөөгүй. Эдгээр хурлаар гаргасан шийдвэрүүдийг Библид үндэслэсэн гэж хэлэхэд хэцүү.
11. Шашны удирдагчид шийдвэр гаргахдаа юуг үндэс болгодог байсан бэ? Яагаад?
11 Шашны удирдагчид шийдвэр гаргахдаа Судрыг үндэс болгодоггүй байсны учир юу вэ? Энэ асуултад Чарлз Фриман гэдэг эрдэмтэн хариулжээ. Түүний хэлснээр, Есүс өөрийгөө Бурхны дараа ордог гэсэн утгатай үгийг олон удаа хэлснийг Библид бичсэн байдаг бөгөөд энэ нь Есүсийг Бурхан гэж үздэг шашны удирдагчдын итгэл үнэмшилтэй зөрчилддөг. Тийм учраас тэд Евангелийг гэхээсээ сүмийн ёс заншил, хүний үзэл бодлыг илүү чухалчлах болжээ. Орчин үед ч мөн ялгаагүй. Сүмийн Эцэг гэж нэрлэгддэг хүмүүсийн хэлсэн үгийг Бурхны Үгнээс илүү чухал гэж үздэг лам хувраг олон байдаг! Та христ шашны сургуульд сурсан хүнтэй Гурвалын сургаалын тухай ярилцаж байсан бол үүнийг анзаарсан биз ээ.
12. Ромын эзэн хаан ямар нөлөөтэй байсан бэ?
12 Ромын эзэн хаад асар их нөлөөтэй байсан нь сүм хийдүүдийн хурал зөвлөгөөнөөс харагддаг. Жишээ нь, Никейн хурлын талаар Ричард Рүбенштайн гэдэг профессор ингэж бичжээ. «Шинэ эзэн хаан Константин хамба лам нарыг таалан соёрхож, мөрөөдөж байснаас нь ч илүүгээр баян чинээлэг болгосон. Тэрбээр жил хүрэхгүй хугацаанд сүм хийдийг нь сэргээн барьж, ажил алба, цол хэргэмийг нь буцаан олгожээ. ... Өөр шашны лам нарт үзүүлдэг байсан онцгой хүндэтгэлийг тэдэнд үзүүлсэн». Үүний дүнд, «Константин хаан Никейн хуралд нөлөө бүхий болж, тэр байтугай хурлыг даргалах эрхтэй болжээ». Чарлз Фриман: «Энэ бүх явдлаас хойш эзэн хаан сүмийн лам хуврагуудад эрх мэдэл олгоод зогсохгүй, сургаал номлолыг нь хүртэл өөрчилдөг болсон» гэж бичжээ (Иаков 4:4-ийг уншина уу).
13. Шашны удирдагчид Библийн үнэнийг ямар учраас үл тоомсорлосон бэ?
13 Шашны өндөр цол хэргэмтэй эрхмүүд Есүс Христийг Бурхны Хүү гэж хүлээн зөвшөөрч чаддаггүй байхад, энгийн ард олон огт өөр байсан. Учир нь тэд хааны алтаар хэтэвчээ түнтийлгэх юм уу эрх тушаалын хойноос хөөцөлдөхийг хүсээгүй. Харин Библиэс уншсанаа зөв ойлгоод, байгаагаар нь хүлээж авч байсан нь баримтаас харагддаг. Хувцас наймаалагчид, мөнгө солигчид, хүнс бараа худалдаалагчид зэрэг энгийн ард иргэд шашны талаар юу ярьдгийг тухайн үеийн шашны удирдагч Ниссагийн Григорий шүүмжилсэн байдаг. Тэд Хүүг Эцгээс өөр, Эцэг нь Хүүгээс агуу, Хүү оргүй хоосноос бүтээгдсэн гэж ярьдагт Григорий ихэд дургүйцжээ. Жирийн хүмүүс өөрсдийнхөө ойлголтыг Бурхны Үгээр баталдаг байснаараа лам хуврагуудаас ялгаатай. Григорий болон бусад мяндагтнууд энгийн ардын яриаг үл тоомсорлосон нь даанч тоогүй!
«БУУДАЙ» БА «ЗЭРЛЭГ ӨВС» ХАМТДАА УРГАСАН НЬ
14. Тослогдсон чин сэтгэлтэй христианууд I зуунаас хойш ч дэлхий дээр байсан гэж үзэхийн учир юу вэ?
14 Тослогдсон чин сэтгэлтэй христианууд нэгдүгээр зуунаас хойш ч дэлхий дээр байхыг Есүс ёгт үлгэрээрээ хэлжээ. Тэднийг «зэрлэг өвсөн» дунд ургаж буй «буудайтай» зүйрлэсэн (Мат. 13:30). Буудайн ангид хэн хэн багтаж байсныг бид мэдэхгүй. Гэхдээ Бурхны Үгийг хамгаалж, сүмийн хуурамч сургаалуудыг илчилдэг зоригтой хүмүүс байсаар ирснийг мэднэ. Хэдэн жишээ үзье.
15, 16. Бурхны Үгийг эрхэмлэдэг байсан хүмүүсийг дурдана уу.
15 Францын тэргүүн хамба Лионсын Агобард (МЭ 779–840) шүтээн шүтэх, гэгээнтнүүдийг шүтэх, Библийн үндэслэлгүй сүмийн ёслол, зан үйл хийхийг шүүмжлэн ярьдаг байжээ. Түүнтэй нэгэн үед амьдарч байсан хамба лам Клавдий бас сүмийн ёс заншил үйлдэхээс татгалзан, гэгээнтнүүдэд залбирах, шүтээн шүтэхийг сайшаадаггүй байсан. XI зуунд Францын Турын Архидиакон Беренгар талх дарс гайхамшгаар Христийн бие, цус болж хувирдаг гэсэн сургаалыг хүлээн зөвшөөрөөгүйгээс болж католик шашны сүмээс хөөгджээ. Тэрбээр Библийг сүмийн ёс заншлаас илүү агуу хэмээн эрхэмлэдэг байжээ.
16 Библийн сургаалыг хайрладаг хоёр хүн XII зуунд амьдарч байжээ. Тэд бол Брюигийн Пьер, Лозанны Хенри нар юм. Нялх хүүхдэд баптисм хүртээх, талх дарс Христийн бие, цус болж хувирах, үхэгсдийн төлөө залбирах, загалмай шүтэх гэх мэтийн католик шашны сургаал Судартай зөрчилдөж байна гэж үзсэн учраас Пьер сүмд үйлчлэхээ больжээ. Тэрбээр 1140 онд итгэл үнэмшлээсээ болж амиа алдсан. Гэлэн Хенри сүмийн гажууд зан үйл, Судрын үндэслэлгүй шүтлэгийг шүүмжлэн ярьдаг байсан бөгөөд 1148 онд баривчлагдаж, үлдсэн амьдралаа шоронд өнгөрөөжээ.
17. Уальдо болон түүнийг дэмжигчид ямар чухал үйлс бүтээсэн бэ?
17 Брюигийн Пьер сүм хийдийг зоригтойгоор шүүмжилснийхээ төлөө амьдаараа шатаагдаж байх тэр үед Бурхны Үгийг түгээн дэлгэрүүлэхэд их хувь нэмэр оруулах нэгэн хүн мэндэлжээ. Түүний овгийг Вальдес буюу Уальдо гэдэг байв. * Тэрбээр Брюигийн Пьер Лозанны Хенри нар шиг лам хувраг биш ч Бурхны Үгийг асар их үнэлэн эрхэмлэдэг байсан учир баян чинээлэг амьдралаа орхиж, Библи орчуулах ажилд ханцуй шамлан оржээ. Библийн хэсгүүдийг Францын зүүн өмнөд нутгийн хүмүүсийн хэлээр орчуулсан байна. Библийн мэдээг эх хэлээрээ сонсоод сэтгэл нь хөдөлсөн зарим хүн мөн л эд хөрөнгөө орхисон бөгөөд Библийн үнэнийг хүмүүст хэлж ярихад амьдралаа зориулсан. Сүмийн удирдлагууд үүнээс болж ихэд түгшжээ. Хожим нь Уальдогийнхан гэж нэрлэгдэх болсон энэ хичээл зүтгэлтэй хүмүүсийг 1184 онд Ромын пап сүмээс хөөж, хамба лам тэднийг цөллөгт явуулсан. Үүний үрээр Библийн үнэн бусад нутагт түгэн дэлгэрчээ. Уальдо Пьер Хенри нарын үзэл бодлыг дэмжигчид яваандаа Европ даяар бий болжээ. Библийн үнэний төлөө тэмцэгч өөр олон хүн дараа дараагийн зуунд гарч ирснийг дурдвал: Жон Уиклиф (ойролцоогоор 1330–1384), Уильям Тиндал (ойролцоогоор 1494–1536), Хенри Грү (1781–1862) Жорж Сторс (1796–1879) нар юм.
«БУРХАНЫ ҮГ ХҮЛЭГДЭЭГҮЙ»
18. XIX зууны үнэнч христианууд Библийг ямар аргаар судалж байсан бэ? Энэ арга нь яагаад үр дүнтэй байсан бэ?
18 Дайсагнагчид хэчнээн оролдоод ч Библийн үнэн сургаалыг түгэн дэлгэрэхэд саад хийж чадаагүй. 2 Тимот 2:9-д «Бурханы үг хүлэгдээгүй» гэж байдаг. 1870 онд Библийг чин сэтгэлээсээ судалдаг хэсэг хүмүүс нийлж, үнэнийг хайж эхэлжээ. Тэд ямар аргаар судалдаг байсан бэ? Нэг нь асуулт асууна. Тэгэхлээр нь бүгдээрээ хэлэлцэж, тухайн сэдэвтэй холбоотой Библийн бүх зүйлийг үзнэ. Уг зүйлүүд өөр хоорондоо холбоотой гэж үзээд санал нийлбэл эцсийн дүгнэлтээ гаргаж, бичиж тэмдэглэнэ. Тэд нэгдүгээр зууны элч нар болон ахлагчдын аргаар Библийг судалсан учир үнэхээр үр дүнтэй байсан юм. 1800-аад оны сүүлчээр амьдарч байсан энэ үнэнч хүмүүсийн итгэл үнэмшил Бурхны Үгэнд бат үндэслэсэн гэдгийг мэдэхлээр урамтай байгаа биз?
19. 2012 оны уриа юу вэ? Энэ нь яагаад оновчтой вэ?
19 Библи одоо ч бидний итгэл үнэмшлийн үндэс суурь хэвээрээ байгаа. Тийм учраас Еховагийн Гэрчүүдийн Удирдах Зөвлөл «Таны үг бол үнэн мөн» хэмээн бат итгэлтэйгээр хэлсэн Есүсийн үгийг 2012 оны уриа болголоо (Иох. 17:17). Бурхны сайшаалыг хүлээхийг хүсдэг хүн бүр үнэний дагуу амьдрах ёстой. Тиймээс бүгдээрээ Бурхны Үгээр удирдуулахыг хамаг чадлаараа хичээцгээе.
[Зүүлт]
^ Вальдесийг заримдаа Пьер Вальдес юм уу Петр Уальдо гэдэг байсан ч жинхэнэ нэр нь тодорхойгүй.
[Догол мөрийн асуулт]
[8-р хуудасны товчлол]
2012 оны уриа: «Таны үг бол үнэн мөн» (Иохан 17:17)
[7-р хуудасны зураг]
Уальдо
[7-р хуудасны зураг]
Уиклиф
[7-р хуудасны зураг]
Тиндал
[7-р хуудасны зураг]
Грү
[7-р хуудасны зураг]
Сторс