Skip to content

Гарчиг руу орох

Манай архиваас

«Би ч ёстой нэг од болсон доо»

«Би ч ёстой нэг од болсон доо»

Шарлот Уайт гэдэг бүрэн цагийн үйлчлэгч эмэгтэй АНУ-ын Кентукки мужийн Луисвилл хотод дугуйтай чемодантай ирж олны нүдэнд өртжээ.

1908 он. Уайт цоо шинэ хэрэгсэл болох Доон Мобайлаараа хотынхны анхаарлыг татжээ. «Хүн болгон юу юм бол гэж шивэр авир хийж байлаа. Би ч ёстой нэг од болсон доо» хэмээн Уайт ярьсан юм.

Тухайн үед Библи Судлаачид гэж нэрлэгдэж байсан Еховагийн Гэрчүүд Библийг нямбай судлаад мэдсэн зүйлээ хүмүүстэй хуваалцах хэрэгтэйг ойлгожээ. «Шинэ мянганы эхлэл» хэмээх (хожим нь «Судрыг судлах нь» гэгдэх болсон) зургаан боть номыг уншаад Библийн мэдлэгтэй болсон хүн олон. Хүсэлтэй, боломжтой тэдгээр христиан хот хөдөөгүй явж, уншъя гэсэн хүн болгонд «Библи Судлаачдад зориулсан гарын авлага» гэж нэршсэн эдгээр номыг өгч байлаа.

1908 онд Хаанчлалыг идэвхийлэн тунхаглаж байсан Уайт болон бусад хүн уг зургаан боть номыг 1 доллар 65 центээр өгч байв. Эхлээд захиалга аваад дараа нь хүмүүсийн цалин буудаг өдөр очиж ном хэвлэсэн зардлыг нөхөх төдий үнээр өгдөг байжээ. Номын үнэ цэнийг буурууллаа гэж дургүйцэх хүн ч гарсан!

Малинда Кифер долоо хоногт хоёр зуугаас гурван зуун номын захиалга авдаг байснаа дурссан юм. «Шинэ мянганы эхлэл» номыг хүмүүс их сонирхдог болсон ч нэг асуудал тулгарчээ. Зургадугаар боть л гэхэд дангаараа 740 хуудастай байв! 50 ном 18 килограмм бөгөөд үүнийг авч явахад, ялангуяа эмэгтэйчүүдэд хүнд ачаа болж байсныг «Харуулын цамхаг» сэтгүүлд бичжээ.

«Шинэ мянганы эхлэл» номыг хүргэж өгөх ажлыг хөнгөвчлөх зорилгоор Жеймс Коул гэдэг христиан хоёр дугуйтай, эвхдэг тэргэнцэр зохион бүтээжээ. Тэрбээр дүүрэн номтой, хүнд чемодан барьж явах хэрэггүй болсныг онцлон «Одоо л мөр амарлаа» гэж хэлжээ. 1908 онд Охайо мужийн Цинциннати хотноо болсон чуулган дээр шинэ бүтээлийг танилцуулжээ. Уг тэрэгний төмөр голын хоёр үзүүрт бэхэлсэн гоёон дээр Доон Мобайл (орчуулбал, «Эхлэл» тэргэнцэр) гэж сийлсэн байв. «Шинэ мянганы эхлэл» номыг хийж явдаг байснаас тэр ажээ. Жаахан сургууль хийчихвэл дүүрэн номтой энэ чемоданыг ганц гараар түүртэхгүй авч явдаг байв. Өндөр намыг нь тохируулж болдог энэ хэрэгсэл шороон замаар ч сайн явна. Номоо тарааж дуусаад явган юм уу трамвайгаар гэртээ харихдаа дугуйг нь эвхээд авч явдаг байжээ.

Бүрэн цагаар үйлчилдэг эмэгтэй христианууд Доон Мобайлыг үнэгүй, харин бусад нь 2 доллар 50 центээр авдаг байжээ. Кифер (зураг дээр байгаа) Доон Мобайлыг чадварлаг ашиглаж сурсан учраас нэг гараараа дүүрэн номтой чемоданаа түрээд, нөгөө гартаа номтой цүнх бариад явж чаддаг байв. Тэрбээр АНУ-ын Пенсильвани мужийн уурхайн нэг хотоос чин сэтгэлтэй олон хүнийг хайн, ном хэвлэл хүргэж өгөх өдрөө гүүрээр гурав дөрвөн удаа гардаг байжээ.

Эдүгээ нисэх буудал, хөл ихтэй гудамжинд түгээмэл үзэгдэх болсон, доороо дугуйтай гар тээшийг 1980-аад оны сүүлээр нэгэн онгоцны нисгэгч зохион бүтээжээ. Гэтэл түүнээс зуугаад жилийн өмнө хичээл зүтгэлтэй Библи Судлаачид үнэний үрийг цацан, Доон Мобайлаа түрэн нааш цааш явж, сониуч хүмүүсийн анхаарлыг татаж байсан юм.

[32-р хуудасны товчлол]

Кифер ном хүргэж өгдөг өдрөө гүүрээр гурав дөрвөн удаа гардаг байв

[32-р хуудасны товчлол]

Ном хүргэх ажил хөнгөвчлөгдсөн