Skip to content

Гарчиг руу орох

Натан цэвэр шүтлэгийг үнэнчээр хамгаалсан

Натан цэвэр шүтлэгийг үнэнчээр хамгаалсан

Натан цэвэр шүтлэгийг үнэнчээр хамгаалсан

Эрх мэдэлтэй хүнтэй ярилцаж, алдааг нь ойлгуулах амаргүй. Хэргээ нуух гээд хүн алсан хүнтэй та уулзах байсан уу?

Эртний Израилийн хаан Давид Батшеба хэмээх бүсгүйтэй завхайран хөл хүнд болгочихжээ. Тэгээд нүглээ нуух гэж нөхрийг нь хөнөөгөөд Батшебаг эхнэрээ болгон авдаг. Давид хэдэн сарын турш хоёр нүүр гарган амьдарч, албан үүргээ гүйцэтгэсээр байв. Харин Ехова түүнийг зүгээр өнгөрөөхийг хүсээгүй тул өөрийн зөнч Натаныг илгээдэг.

Үнэхээр хэцүү даалгавар байлаа. Та өөрийгөө Натаны оронд тавиад үз дээ. Натан Еховад үнэнч, тогтоосон хэм хэмжээг нь чанд баримталдаг байсан тулдаа Давидтай очиж уулзан нүгэл үйлдсэнийг нь сануулсан. Энэ даалгавраа яаж биелүүлсэн бэ? Гэмших шаардлагатайг нь Давид хаанд хэрхэн ойлгуулсан бэ?

ЭВИЙГ НЬ ОЛДОГ БАГШ

2 Самуел 12:1–25-ыг уншаарай. Та Натаны оронд өөрийгөө тавиад, Давид хаанд дараах үлгэрийг ярьж байна гээд төсөөл дөө. «Нэгэн хотод хоёр хүн байжээ. Нэг нь баян, нөгөө нь ядуу хүн байв. Баян хүн нь маш олон хонь болон үхэр сүрэгтэй байжээ. Харин ядууд нь өөрөө худалдан авч тэжээсэн нэг бяцхан охин хурганаас өөр юу ч үгүй юмсанжээ. Хурга түүнтэй болон хүүхдүүдтэй нь хамт өсөн бойжиж, талхнаас нь идэж, аяганаас нь ууж, өвөрт нь унтаж, тэр хүнд яг л охины адил байв. Нэгэн өдөр баян хүнийд аянчин ирэв. Өөр дээр нь ирсэн аянчинд зориулан өөрийн хонь болон үхэр сүргээс төхөөрөхийг баян хүн хүссэнгүй. Харин тэр ядуу хүний охин хургыг авч, өөр дээр нь ирсэн хүнд зориулан төхөөрчээ» (2 Сам. 12:1–4).

Давид өөрөө хоньчин байсан учраас үүнийг үнэхээр болсон явдал гэж бодсон бололтой. Нэгэн эрдэмтэн: «Шударга бус явдлын хохирогч болж юу ч үгүй хоцорсон хүний хэргийг Натан Давидад очиж хэлдэг байсан бололтой. Тиймээс Давид энэ хэргийг ч бас шийдэх ёстой гэж бодсон байх» гэсэн таамаглал дэвшүүлсэн. Юутай ч, хийсэн хэргийнх нь талаар хаантай ярихын тулд Бурханд үнэнч байж, эр зориг гаргах хэрэгтэй байсан. Натаны ярьсан үлгэрийг сонсоод Давид уурлан хилэгнэж, «ЭЗЭНий амьд буйгаар тангараглая. Үүнийг үйлдсэн хүн үхэх ёстой» хэмээн өндөр дуугаар хэлжээ. Тэгэхэд нь Натан: «Чи бол тэр хүн!» хэмээн түс тас хариулдаг (2 Сам. 12:5–7).

Натан ийм аргаар хааны хэргийг сөхөх болсны учрыг ярилцъя. Ер нь хүнд сэтгэл алдсан хүн нөхцөл байдлыг эрүүлээр дүгнэж чадахаа больдог. Биеэ өмөөрч, өөрийгөө зөвтгөх хандлагатай байдаг. Харин Натаны ярьсан ёгт үлгэрийг сонссон Давид өөрийн эрхгүй буруугаа хүлээсэн. Үлгэрт гардаг хүн айхавтар муухай хэрэг үйлдсэнийг тодорхой ойлгодог. Зөв дүгнэлт хийснийх нь дараа л ёгт үлгэр өөрт нь хамаатайг Натан хэлдэг. Ингээд Давид хэчнээн ноцтой нүгэл үйлдсэнээ ухаарчээ. Үүний ачаар ял зэмлэл хүлээхэд бэлэн болсон. Батшебатай завхайрсан нь Еховаг «үл тоомсорлосон» хэрэг байсныг ухаарч, зохих ёсоор шийтгүүлэхдээ дургүйцээгүй (2 Сам. 12:9–14; Дуу. 51, оршил).

Эндээс бид ямар сургамж авах вэ? Библийн хичээл заадаг хүний зорилго нь суралцагчаараа зөв дүгнэлт хийлгэх явдал юм. Натан Давидыг хүндэтгэдэг байсан учир эвтэйхэн ярьсан. Шударга ёс, зөвт байдлыг хайрладаг Давидад энэ үлгэрийг яривал зүрх сэтгэлийг нь хөндөж чадахаа Натан мэдэж байсан. Бид ч бас чин сэтгэлтэй хүмүүст Еховагийн үзэл бодлыг ойлгуулж чадна. Яаж тэр вэ? Хүмүүс ер нь зөв юмны талаар нийтлэг ойлголттой байдаг. Тэр ойлголтод нь тулгуурлах хэрэгтэй. Ингэхдээ өөрийгөө тэднээс илүү юм шиг эсвэл юу хийхийг нь заах эрхтэй гэсэн шиг хандаж болохгүй. Бид биш, харин Библи юу нь зөв, юу нь бурууг хэлж өгдөг.

Хамгийн чухал нь Натан, Бурханд үнэнч байсан учраас эрх мэдэлтэй хааныг зэмлэж чадсан (2 Сам. 12:1). Бид ч бас үнэнч байвал Еховагийн зөв зарчмыг тууштай баримтлах эр зоригтой байна.

ЖИНХЭНЭ ШҮТЛЭГИЙГ ХАМГААЛСАН

Давид нэг хүүдээ Натан гэдэг нэр өгснөөс үзэхэд Натан тэр хоёр сайн найзууд байсан бололтой (Ш.дээд 3:1, 5). Натаныг Давидтай хамт байгаагаар Библид анх удаа дүрсэлсэн байдаг. Тэдний хэн хэн нь Еховаг хайрладаг байсан. Хаан Еховагийн сүмийг барих бодолтой явдгаа хэлснээс үзэхэд зөнчид найдан, санал зөвлөгөөг нь сонсдог байжээ. «Хаан эш үзүүлэгч Натанд ийн өгүүлэв. „Харагтун, би хуш модон гэрт заларч байхад Бурханы авдар майхны хөшгөн дунд оршин байна“ гэв. Натан хаанд „Явж, оюун бодолдоо байгаа бүхнээ үйлдэгтүн. Учир нь ЭЗЭН тантай хамт байна“ гэв» (2 Сам. 7:2, 3).

Натан Еховагийн үнэнч үйлчлэгч учраас цэвэр шүтлэгийн анхны суурин төвийг барих гэсэн Давидын төлөвлөгөөг идэвхтэй дэмжжээ. Харин энэ удаа Еховагийн хэлүүлснийг бус, өөрийнхөө бодсоныг хэлсэн. Тэр шөнө нь Бурхан өөр мэдээ хүргүүлэхээр зөнчөө хаан руу явуулдаг. Давид биш, хүү нь Еховагийн сүмийг барих учиртай байлаа. Гэхдээ Бурхан хаанчлалыг нь «мөнхөд тогтооно» гэсэн гэрээг Давидтай байгуулсныг Натан мэдэгдсэн (2 Сам. 7:4–16).

Бурхны сүмийг хэн барих талаар Натаны бодол Бурхныхтай адилгүй байв. Гэлээ ч даруу зөнч огтхон ч дургүйцэлгүй, Еховагийн санаа зорилгыг үг дуугүй хүлээн зөвшөөрч, зааврыг нь дагасан. Бурхан бидний дутагдлыг хэлж өгвөл Натаныг дууриацгаая! Хожим нь Ехова зөгнөл хэлүүлсэн нь Натаныг сайшаан дэмжсээр байсныг илтгэдэг. Ехова зөнч Натан, үзмэрч Гадыг ариун сүнсээрээ удирдан, сүмд үйлчлэх 4 000 хөгжимчнийг зохион байгуулах зааврыг Давидад өгүүлдэг (Ш.дээд 23:1–5; Ш.дэд 29:25).

ХААН ШИРЭЭГ ХАМГААЛСАН

Давидын дараа Соломон, хаан ширээ залгамжлахыг Натан мэдэж байсан. Тиймээс өтөлж хөгширсөн Давидаас хаан ширээг нь булаах гэсэн Адониагийн оролдлогын эсрэг шийдвэртэй арга хэмжээ авч ухаалаг, үнэнч хүн болохоо дахин харуулсан. Эхлээд, Соломоныг хаан болгохоор амласныг нь Давидад сануулахын тулд Батшебаг ятгадаг. Тэгээд хаанд бараалхан Адониа хаан ширээг залгамжлах болсон эсэхийг лавладаг. Асуудал хэр ноцтой болсныг ойлгомогц Давид Натан болон бусад үнэнч зарцдаа тушаал буулган Соломоныг тосолж, хаан болгосныг зарлан тунхаглуулдаг. Хаан болох гэсэн Адониагийн төлөвлөгөө ийнхүү нуржээ (Х.дээд 1:5–53).

ДАРУУ ТҮҮХЧ

Натан Гад нар «1-р Самуел» номын 25–31-р бүлэг, «2-р Самуел» номыг бичсэн гэдэгтэй хэн ч маргадаггүй. Бурхны сүнсний удирдлагаар бичигдсэн эдгээр номд «Давид хааны үйлс нь эхнийхээсээ эцсийнх хүртэл үзмэрч Самуелын шастир, эш үзүүлэгч Натаны шастир болон үзмэрч Гадын шастирт бичигдсэн» гэж байдаг (Ш.дээд 29:29). Натан бас «Соломоны ... үйлсийг» бичжээ (Ш.дэд 9:29). Тэгэхлээр Натан Давидыг нас барсны дараа ч хааны ордонд ажиллаж байсан хэрэг юм.

Натаны талаар бидний мэддэг бүх зүйлийг зөнч өөрөө бичсэн байж магадгүй. Зарим асуудлын талаар юу ч бичээгүй нь Натаны тухай ихийг хэлж өгдөг. Тэрбээр нэр алдрын хойноос хөөцөлддөггүй даруухан түүхч байсан нь харагддаг. Нэгэн тайлбар тольд «Библид түүний тухай ямар ч мэдээлэл байхгүй, уг гарлынх нь тухай юу ч өгүүлээгүй» гэж бичжээ. Бид Натаны өвөг дээдэс, хувийн амьдралын талаар юу ч мэдэхгүй.

ЕХОВАД ҮНЭНЧ УЧРААС

Библид Натаны тухай цөөхөн хэдэн зүйл бичсэн байдаг ч Бурхны арга хэмжээг идэвхтэй дэмждэг, даруу төлөв хүн байсан нь тодорхой байна. Ехова Бурхан түүнд хүндтэй үүрэг оноожээ. Бурхны тогтоосон хэм хэмжээг эрхэмлэн үнэлдэг, үнэнчээр сахин биелүүлдгийг нь эргэцүүлэн бодож, дууриахыг хичээцгээе.

Садар самуун үйлдсэн хааныг зэмлэж, засгийн эрхийг гартаа авах гэсэн оролдлогыг таслан зогсоох шаардлага танд гарахгүй байх. Гэхдээ та Бурхны тусламжтайгаар үнэнч байж, зөвт хэм хэмжээг нь баримталж чадна. Бас хүний ая эвийг олж, эр зоригтой байж, үнэнийг зааж, жинхэнэ шүтлэгийг түгээн дэлгэрүүлж чадна.

[25-р хуудасны зураг]

Зөнч Натан, хаан ширээг хамгаалахын тулд Батшебаг эвтэйхэн ятгасан