Тэд Бурхны Үгийг зоригтой тунхагласан!
Тэд Бурхны Үгийг зоригтой тунхагласан!
Жинхэнэ христианууд эсэргүүцэлтэй тулгарсан ч зоригтой байсан. Энэ тухай «Бурхны Хаанчлалыг „сайтар гэрчлэх нь“», «Еховагийн Гэрчүүд Бурхны Хаанчлалыг тунхагладаг» гэх мэтийн номд бичжээ. Бид I зууны итгэл нэгтнүүдийнхээ адилаар, Еховад залбирч, үгийг нь зоригтой тунхаглахад ариун сүнсээрээ туслахыг гуйдаг (Үйлс 4:23–31).
Дэлхийн I дайны үед яаж дэлгэрүүлдэг байсан тухай нэг Гэрч эрэгтэй: «Бурхны үйлчлэгчид „Судрыг судлах нь“ номын „Нууц тайлагдсан нь“ гэдэг 7-р ботийг идэвхтэй тараадаг байлаа. Урьд нь ерөөсөө ингэж тарааж байсангүй. 1918 онд „Хаанчлалын тухай мэдээ“ цуврал танилцуулгын эхний дугаар гарсан. Дараа нь 2 дахь дугаар гарсан. Тэнд „Нууц тайлагдсан нь“ гэдэг ботийг тараахыг эрх мэдэлтнүүд яагаад хориглосныг тайлбарласан байсан. Дараа нь 3-рх нь гарсан. Эдгээр хэвлэлийг тослогдсон үнэнч христианууд өргөнөөр тараадаг байв. „Хаанчлалын тухай мэдээ“ цувралыг тараахад итгэл, эр зориг хэрэгтэй байсан юм» хэмээн бичжээ.
Эдүгээ, дэлгэрүүлэгч болсон хүн дэлгэрүүлэх арга барилд суралцдаг. Урьд нь тийм байсангүй. АНУ-д амьдардаг польш Гэрч 1922 онд анх дэлгэрүүлснээ дурсан «Юу гэж хэлж өгөхөө ч мэдэхгүй, англиар ч олигтой ярьж чадахгүй би гэдэг хүн эмчийн өрөөний хаалгыг тогшлоо. Сувилагч нь хаалга нээв. Би тэр явдлыг ер мартдаггүй юм. Их ч айж сандарсан байлаа. Цүнхээ уудлах гэж байгаад хамаг номоо талаар нэг асгаж билээ. Юу гэж хэлснээ мэдэхгүй. Ямар ч байсан нэг ном сувилагчид өгсөн. Тэндээс явахдаа зоригтой болж, Еховагийн ивээж байгааг мэдэрсэн. Тэр өдөр албан газруудаар олон товхимол тараасан» гэж бичжээ.
Нэг Гэрч эмэгтэй: «1933 оны үед олон дэлгэрүүлэгч чанга яригчтай машинаар Хаанчлалын мэдээ тарааж байсан» хэмээн дурсав. Тэрбээр нэгэн удаа гэр бүлийн хосын хамт АНУ-ын Калифорнийн уулархаг газраар дэлгэрүүлж байжээ. «Нөхөр нь чанга яригчтай машинтайгаа уул өөд явж, би эхнэртэй нь хотод үлдэв. Тэгээд нөхөр нь чанга яригчаа ажиллуулж эхэлмэгц тэнгэрээс ярьж байгаа юм шиг л байж билээ. Хотынхон хэн хаанаас яриад байгааг мэдэх гэж хэчнээн хичээгээд ч чадаагүй. Бичлэг дуусмагц бид хүмүүс дээр очиж дэлгэрүүлсэн. Би чанга яригчтай өөр хоёр ч машинтай явж дэлгэрүүлж байсан. Үнэнийг хэлэхэд ихэнх хүн мэдээ сонсохыг хүсдэггүй байв. Гэхдээ хүссэн хүсээгүй сонсдог л байсан юм даа. Ехова дэлгэрүүлэх зөв аргыг цагаа олж өгдгийг бид
дандаа ойлгодог байсан. Энэ аргаар дэлгэрүүлэхэд их ч зориг хэрэгтэй байсан, ингэж дэлгэрүүлсний хэрэг ч бүтэж, Ехова гэдэг нэр алдаршсан даа» хэмээн хуучилсан юм.1930-аад оны үе, 40-өөд оны эхээр Гэрчүүд эгшигт хайрцаг, Библийн сэдэвтэй илтгэл бичсэн пянз авч явж дэлгэрүүлдэг байв. «Нэг залуу бүсгүй айлаар дэлгэрүүлэхдээ эгшигт хайрцаг аваад явж байж л дээ. Тэгээд айлын үүдэнд эгшигт хайрцгаа тоглуулж эхэлтэл гэрийн эзэн гарч ирээд аймаар уурлан, эгшигт хайрцгийг нь өшиглөн довжооноос унагачихаж. Гэхдээ нэг ч пянз хугараагүй гэсэн. Тэгтэл машин дотроо үдийн хоол идэнгээ юу болсныг нь харсан гурван эрэгтэй тэр Гэрчийг дуудаад бичлэг сонсон, хэвлэл авч. Таагүй явдал ингэж сайнаар төгссөн юм» гэж нэгэн христиан эмэгтэй ярьжээ. Иймэрхүү сорилтыг давахад эр зориг хэрэгтэй байв.
Тэр эмэгтэй цааш нь «1940 онд гудамжаар сэтгүүл тарааж эхэлснийг санаж байна. Өмнө нь „мэдээллийн аян“ гэж байлаа. Бид бөөнөөрөө явган хүний замаар алхан „Шашин бол урхи бөгөөд заль мэх мөн“, „Бурханд болон Хаан Христэд үйлчлэгтүн“ гэсэн уриа лоозон авч явдаг байсан. Бас хажуугаар өнгөрөх хүмүүст танилцуулга үнэгүй тараадаг байв. Эр зориг хэрэгтэй байсан ч энэ ажил Бурхны нэр болон ард түмнийг олон нийтэд таниулахад хувь нэмэр оруулсан» гэж ярьсан юм.
«Жижиг хотуудад сэтгүүл тараана гэдэг их хэцүү. Гэрчүүдийг улам эсэргүүцдэг болсон үе байлаа. ... Гудамжинд сэтгүүл бариад зогсох, лоозон барин хашгирч явахад зориг хэрэгтэй байв. Гэхдээ бид бараг хагас сайн болгонд дэлгэрүүлдэг байсан. Зарим үед хүмүүс нөхөрсөг хандана. Харин заримдаа уур хилэн болсон бөөн хүн ирнэ. Тэдний ширүүн нударгад өртөхгүйн тулд бушуухан зугтдаг байв» хэмээн өөр нэг Гэрч эмэгтэй ярьсан.
Дэлхийн II дайны үеэр Еховагийн Гэрчүүд хавчигдсан ч зоригтой дэлгэрүүлсээр байсан. 1940 оны 12 дугаар сарын 1-нээс 1941 оны 1 дүгээр сарын 12-ны хооронд болсон 43 хоногийн кампанит ажлын үеэр АНУ-ын 50 000 орчим дэлгэрүүлэгч 8 сая орчим товхимол тараасан байна.
Бурхны байгууллага дахь өндөр настай олон хүн эсэргүүцэл хавчлагын үед яаж зоригтой дэлгэрүүлдэг байснаа тод санадаг. Зарим нь олон жилийн турш «Давшаад!» гэж өөртөө хэлэн зоригждог байснаа дурсдаг. Өнөөгийн ёс бус ертөнцийн төгсгөл ойртох тусам Бурхны өгдөг мэдээг өөр ямар аргаар дэлгэрүүлэхийг бид мэдэхгүй ч Еховагийн тусламжтайгаар үгийг нь итгэлтэй бөгөөд зоригтой тунхагласаар байх болно.
[9-р хуудасны товчлол]
Хаанчлалыг тунхаглах ажилд оролцоход эр зориг үргэлж хэрэгтэй байсан