Skip to content

Гарчиг руу орох

Ухаан санааг хордуулагч атаархал

Ухаан санааг хордуулагч атаархал

Ухаан санааг хордуулагч атаархал

Наполеон Бонапарт, Юлий Цезарь, Македоны Александр. Энэ гурав эрх мэдэл, алдар нэртэй мөртлөө ухаан санааг хордуулдаг атаархуу зантай байжээ.

«Наполеон Цезарьт, Цезарь Александрт атаархдаг байв. Александр огт байгаагүй Геркулест атаархдаг байсан гэж хэлбэл хилсдэхгүй» хэмээн Английн гүн ухаантан Бертранд Расселл бичжээ. Хэчнээн их эд хөрөнгөтэй, авьяас чадвартай, амжилт бүтээл арвин байлаа ч атаархуу болох амархан.

Бусдын эд хөрөнгө, сайн сайхан болон илүү давуу гэх зэрэгт мөчөөрхөн хорсох сэтгэлийг атаа гэдэг. Библийг тайлбарласан нэгэн бүтээлд бичсэнээр, атаархуу хүн бусадтай адилхан болохыг төдийгүй бусдын юмыг авахыг хүсдэг байна.

Атаархах сэтгэл яаж төрдөг, ямар үр дагавартай болохыг бодох нь ухаалаг хэрэг юм. Атаархуу занд дийлдэхгүйн тулд ямар арга хэмжээ авахаа мэддэг байх шаардлагатай.

АТААРХАХ СЭТГЭЛИЙГ НОЦООХ ГАЛ

Төгс бус хүн угаасаа «атаархан хүсдэг» зантай. Үүнийг өөгшүүлдэг янз бүрийн хүчин зүйл бас байдаг (Иак. 4:5). Тэдгээрийн нэгийг элч Паул: «Бид нэг нэгнээ өдөөн сөрж, өөр зуураа атаархан, сайрхахгүй байцгаая» гэж бичсэн (Гал. 5:26). Өөрөөрөө сайрхах сэтгэл атаархах хандлагыг улам дэвэргэдэг. Кристина, Хосе * гэдэг хоёр христиан үүний үнэн болохыг биеэрээ үзжээ.

Кристина байнгын эхлэгч. Тэрбээр: «Би бусдад атаархаж байгаагаа анзаардаг. Тэрэнд байгаа юм надад байхгүй гэж боддог» хэмээн ярьжээ. Нэгэн удаа Кристина, нөхөр Эриктэйгээ явуулын харгалзагчийг эхнэртэй нь хоолонд урьжээ. Дүүргийн харгалзагч болон түүний эхнэр өөрсөдтэй нь насаар ойролцоо, урьд нь адилхан үүрэг хариуцлагатай байсныг мэдээд «Манай нөхөр ч бас ахлагч шүү дээ! Гэтэл та нар явуулын ажилд томилогдоод байхад бид яахлаараа чаддаггүй байна аа?» гэж асуужээ. Өрсөлдөх сэтгэлээс атаархал төрж, улмаар Кристина нөхөртэйгөө хамт хэчнээн сайхан ажил хийдгээ мартаж, сэтгэл дундуур амьдрах болсон байна.

Хосе туслах үйлчлэгч болохыг хүсдэг байв. Гэвч өөрийг нь бус, харин өөр хүмүүсийг туслах үйлчлэгчээр томилоход тэдэнд атаархан, ахлагчдын зөвлөлийн зохицуулагчид уурлажээ. Хосе: «Би атаархсанаас болоод тэр ахлагчийг үзэн ядах болж, надад үүрэг даалгавар өгөх хүсэлгүй юм байна гэж буруу ойлгосон. Атаархуу занд дийлдвэл өөрийгөө л боддог болж, юмыг эрүүлээр сэтгэхээ больдог» хэмээн илэн далангүй ярьсан юм.

БИБЛИД ГАРДАГ ЖИШЭЭ СУРГАМЖТАЙ

Бидэнд сануулга болох олон жишээ Библид бий (1 Кор. 10:11). Атаархал зүрхэнд хураад зогсохгүй, хортой байдгийг зарим жишээ харуулдаг.

Адам Ева хоёрын ууган хүү Каинд тохиолдсон явдал үүний нэг баталгаа юм. Ехова өөрийнх нь тахилыг хүлээж аваагүй мөртлөө дүү Абелынх нь тахилыг хүлээж авсанд Каин ихэд уурладаг. Уг нь сайныг үйлдэж болох байсан ч атаархуу занд дийлдэн, дүүгээ хөнөөжээ (Эх. 4:4–8). Библид Каиныг «муу нэгнийх» буюу Сатаных гэсэн нь гайхах хэрэг биш! (1 Иох. 3:12).

Иосефыг эцэгтэйгээ илүү дотно байдагт нь арван ах нь атаархдаг байжээ. Түүнийг зөнтэй зүүд зүүдэлснээ ярихад нь бүр ч их атаархсан байна. Бүр алахыг хүсжээ. Эцэст нь дүүгээ боол болгон худалдаж, Иосеф үхсэн гэж эцэгтээ хэлэхдээ сэтгэл нь огт зовоогүй (Эх. 37:4–11, 23–28, 31–33). Олон жилийн дараа буруугаа хүлээж «Бид дүүгийнхээ явдлаас болж үнэхээр гэмтэн болцгоолоо. Түүнийг биднээс гуйхад нь сэтгэлийн зовлонг нь бид харсан хэдий ч, үгийг нь сонсоогүй» гэж ярилцжээ (Эх. 42:21; 50:15–19).

Кора Датан Абирам нар өөрсдийн үүргийг Мосе Аарон хоёрынхтой харьцуулснаас болж атаархжээ. Өөрийгөө өргөмжиллөө хэмээн Мосег буруутгаж, «Биднийг захирах нь уу?» гэж хэлсэн (Тоол. 16:13). Үнэндээ тийм биш байлаа (Тоол. 11:14, 15). Мосег Ехова томилжээ. Гэвч самуун дэгдээгч энэ хүмүүс Мосед атаархсан. Эцэстээ атаархуу зангаасаа болж Еховагийн гарт үрэгдсэн (Дуу. 106:16, 17).

Соломон хаан атаархуу зан юунд хүргэдгийг ойлгожээ. Нэгэн эмэгтэй нялх хүүхдээ үхсэнийг мэдээд, хамт байдаг эмэгтэйн амьд хүүхдээр сольж, хууран мэхлэхийг оролддог. Маргааныг таслахын тулд амьд хүүг алах гэсэнд худалч эмэгтэй үүнийг дэмжсэн. Тэгэхлээр нь Соломон төрүүлсэн эхэд нь хүүхдийг өгдөг (Х.дээд 3:16–27).

Атаархлын үр дагавар аймшигтай. Сая авч үзсэн жишээнээс харахад хүн атаархсанаасаа болоод нэгнийгээ үзэн ядаж, шударга бус хандаж, хөнөөдөг. Хохирогчид нь ямар ч гэм хоргүй хүмүүс байдгийг энэ жишээ харуулдаг. Атаархуу занд дийлдэхгүй байх арга байна уу? Атаархуу занг яаж дарах вэ?

ХҮЧТЭЙ ЕРӨНДӨГ!

Итгэл нэгтнээ халуунаар хайрла. Элч Петр: «Та нар үнэнд дуулгавартай байснаараа сэтгэлээ ариусгаж, чин сэтгэлээс ах дүүсээ хайрлах болсон учир бие биеэ зүрх сэтгэлээсээ халуунаар хайрлагтун» гэж христиануудад захижээ (1 Петр 1:22). Хайр гэж юу вэ? «Хайр бол тэвчээртэй, энэрэнгүй юм. Хайр атаархдаггүй, бардам зан гаргадаггүй, ихэрхдэггүй, зохисгүй авирладаггүй, өөрийнхийг эрдэггүй, уурладаггүй, муутай тооцоо хийдэггүй» гэж элч Паул бичжээ (1 Кор. 13:4, 5). Хэрэв зүрх сэтгэлд маань хайр байгаа бол атаархуу занг хөөн зайлуулна шүү дээ (1 Петр 2:1). Ионатан Давидад атаархаагүй, харин ч түүнийг «өөрийн адил хайрласан» (1 Сам. 18:1).

Бурханд үйлчилдэг хүмүүстэй нөхөрлө. 73-р дууллыг бичигч сэтгэл зовох юмгүй сайхан амьдардаг хорон муу хүмүүст атаархжээ. Гэхдээ «Бурханы ариун газарт» ороод атаархах сэтгэлээ ялан дийлдэг (Дуу. 73:3–5, 17). Бурхны үйлчлэгчидтэй нөхөрлөсний ачаар «Бурханд ойр байхын» ивээлийг мэдэрсэн аж (Дуу. 73:28). Бид ч бас цуглаанд тогтмол явж итгэл нэгтнүүдтэйгээ байнга уулздаг бол Бурхантай анд нөхөр байхын ивээлийг ойлгоно.

Сайныг үйлдэхийг хичээ. Атаархах, үзэн ядах сэтгэл Каинд төрж байгааг Бурхан анзаараад «Сайныг үйлд» гэж хэлдэг (Эх. 4:7). Христианууд ямар учраас «сайныг үйлддэг» вэ? Есүс бидэнд бүх зүрх, бүх сэтгэл, бүх оюун ухаанаараа Ехова Бурхнаа хайрлахыг, бас хөршөө өөрийн адил хайрлахыг захисан (Мат. 22:37–39). Бид Еховад үйлчлэн, бусдад туслахлаараа сэтгэл хангалуун болдог. Энэ бол атаархуу занг дарах хүчтэй ерөндөг юм. Бурханд болон хөршдөө үйлчлэх нэг сайн арга нь дэлгэрүүлэх, шавь бэлдэх ажилд хамаг чадлаараа оролцох явдал бөгөөд ингэвэл Ехова биднийг ивээнэ (Сур. 10:22).

«Баяр хөөр болж буй хүмүүстэй хамт баярла» (Ром 12:15). Есүс шавь нараа амжилттай дэлгэрүүлээд ирэхэд нь баярлаж, өөрийнх нь хийснээс илүү ихийг хийж бүтээнэ гэж хэлсэн (Лук 10:17, 21; Иох. 14:12). Бид Еховагийн эв нэгдэлтэй үйлчлэгчид учраас нэгнийгээ амжилт гаргахад бүгдээрээ баярладаг (1 Кор. 12:25, 26). Бусдыгаа илүү өндөр үүрэг хариуцлага хүлээхэд атаархахын оронд баярлах хэрэгтэй биз дээ?

ЯЛАН ДИЙЛЭХ ХЭЦҮҮ!

Атаархуу занг ялан дийлэхэд цаг хугацаа хэрэгтэй. Кристина: «Би одоо ч атаархдаг. Энэ муухай занг үзэн яддаг ч гэсэн байнга тэмцэх хэрэгтэй байдаг» хэмээн хүлээн зөвшөөрчээ. Хосе бас адилхан. Тэрбээр: «Ахлагчдын зөвлөлийн зохицуулагчийн сайн зан чанарыг үнэлэхэд Ехова надад тусалсан. Бурхантай сайн харьцаатай байх нь хамгийн чухал юм билээ» гэж хэлжээ.

Атаархал бол христиан хүний тэмцэх ёстой «махан биеийн үйлсийн» нэг юм (Гал. 5:19–21). Атаархуу зангаа ялбал аз жаргалтай болж, тэнгэрийн Эцэг Еховадаа таалагдана.

[Зүүлт]

^ Нэрсийг өөрчлөв.

[17-р хуудасны товчлол]

«Баяр хөөр болж буй хүмүүстэй хамт баярла»