Skip to content

Гарчиг руу орох

Хурлаа сайн сайхан байлгагтун

Хурлаа сайн сайхан байлгагтун

Хурлаа сайн сайхан байлгагтун

«Эзэн Есүс Христийн нигүүлсэл та нарын сүнстэй хамт байх болтугай» (ФЛП. 4:23).

ХУРЛЫНХАА САЙН САЙХНЫ ТӨЛӨӨ БАЙДАГ БОЛ . . .

итгэл нэгтнүүдтэйгээ хэрхэн нөхөрлөх вэ?

дэлгэрүүлэх ажилд хэр идэвхтэй оролцдогоо анхаарах хэрэгтэйн учир юу вэ?

ноцтой нүглийн талаар мэдээлэх ёстойн учир юу вэ?

1. Филиппой, Туатейр хотын христианууд юуны учир магтуулсан бэ?

 НЭГДҮГЭЭР зууны Филиппойн христианууд бэл чадал муутай ч өгөөмөр сэтгэл гаргаж, итгэл нэгтнүүдээ хайрладаг байсан (Флп. 1:3–5, 9; 4:15, 16). Тийм ч учраас Паул ариун сүнсээр удирдуулан бичсэн захидлынхаа төгсгөлд «Эзэн Есүс Христийн нигүүлсэл та нарын сүнстэй хамт байх болтугай» хэмээн бичжээ (Флп. 4:23). Туатейр хотын христианууд мөн ийм сэтгэлтэй байсан. Алдрын оргилд хүрсэн Есүс Христ тэдний тухай «Би чиний ажил үйлс, хайр, итгэл, үйлчлэл, тэвчээр болон эцсийн ажил үйл чинь эхнийхээсээ агуу гэдгийг мэднэ» гэжээ (Илч. 2:19).

2. Хурлынхаа сайн сайхны төлөө бид ямар хувь нэмэр оруулж болох вэ?

2 Орчин үеийн Еховагийн Гэрчүүдийн хандлага, сэтгэлгээ бас адилхан. Зарим хурлын гишүүд халуун дотно харьцаатай. Нөгөө зарим нь Хаанчлалыг тунхаглах ажилд идэвх зүтгэлтэй оролцож, бүрэн цагаар үйлчлэхийг илүү чухалд үздэг. Гишүүн бүр өөдрөг байвал хурлын эв нэгдэлд хувь нэмэр оруулж, бүгдээрээ сүнслэгээр өснө (1 Кор. 1:10). Харин өөдрөг бус байвал хурал сүнслэгээр нойрмоглож, дэлгэрүүлэх ажилдаа идэвх зүтгэл гаргахаа больж, ноцтой нүглийг хүлцэн тэвчдэг болно (1 Кор. 5:1; Илч. 3:15, 16). Танай хурал ямар вэ? Хурлынхаа сайн сайхны төлөө та юу хийж чадах вэ?

ӨӨДРӨГ СЭТГЭЛТЭЙ БАЙГТУН

3, 4. «Их чуулганд [Еховад] талархал өргөх» ямар арга байдаг вэ?

3 Дуулалч: «Би Танд их чуулганд талархал өргөнө. Би Таныг хүчит олон түмний дунд магтах болно» хэмээн дуулжээ (Дуу. 35:18). Дуулалч бусадтайгаа хамт Еховаг магтан алдаршуулдаг байв. «Харуулын цамхаг» судлалын цуглаан гэх мэтийн долоо хоног тутам болдог цуглаанд идэвхтэй оролцож, итгэл үнэмшлээ хариултаараа илэрхийлэх сайхан боломж бидэнд олддог. Хүн бүр өөрөөсөө «Цуглаанд боломжийнхоо хэрээр оролцдог уу? Сайн бэлдээд утга төгөлдөр хариу өгдөг бил үү? Өрхийн тэргүүн би хүүхдүүдээ цуглаанд бэлдүүлж өөрийн үгээр хариулахад нь тусалдаг бил үү?» гэж асуух хэрэгтэй.

4 Бид цуглаан дээр дуулж байгаагаараа зүрх маань бат гэдгээ харуулдаг. Давид: «Зүрх минь бат байна, Өө, Бурхан, зүрх минь бат байна. Би дуулна, би магтан дуулна» хэмээжээ (Дуу. 57:7). Еховаг бат зүрхээр «магтан дуулах» сайхан боломж цуглаан дээр олддог. Хэрэв зарим дууг мэдэхгүй бол Гэр бүлийн хичээлийн үеэр дуулах дасгал хийж болно. «Би амьдрах хугацаандаа Еховад дуу дуулна. Би амьд байхдаа Бурхнаа магтан дуулна» хэмээсэн дуулалчийг дууриацгаая (Дуу. 104:33).

5, 6. Бусдадаа хэрхэн өгөөмөр, зочломтгой хандах вэ? Ингэвэл хуралд ямар нөлөөтэй вэ?

5 Итгэл нэгтнүүддээ зочломтгой ханддаг бол хурлын гишүүд бие биеэ хайрладаг болоход хувь нэмэр оруулна. Паул еврейчүүдэд бичсэн захидлынхаа сүүлийн бүлэгт «Ах дүүсийн хайраар хайрлахаа үргэлжлүүлье. Харь хүмүүст зочломтгой хандахаа бүү март» хэмээн бичжээ (Евр. 13:1, 2). Явуулын харгалзагчид болон тэдний эхнэрүүдийг эсвэл хурлынхаа бүрэн цагийн үйлчлэгчдийг хоолонд урин зочломтгой зан илэрхийлж болно. Бэлэвсэн, ганц бие эцэг эх болон бусад хүмүүсийг хоолонд эсвэл гэр бүлийн хичээлдээ уривал тэднийг сэргээнэ.

6 Паул Тимотод «Сайныг үйлдэж, сайн үйлсээрээ баян болж, өглөгч бөгөөд хуваалцахад бэлэн бай хэмээн тэдэнд тушаа. Ингэхдээ тэд ирээдүйн төлөө өөрсдөдөө сайн үндэс суурийн эрдэнэсийг хурааснаараа жинхэнэ аминд хүрэх юм» гэж бичжээ (1 Тим. 6:17–19). Паул өгөөмөр байхыг итгэл нэгтнүүддээ уриалсан. Мөнгө төгрөгөөр гачигдаж байсан ч бид өгөөмөр байж чадна. Дэлгэрүүлэх хэсэг рүүгээ явах юм уу, цуглаандаа ирж очиход нь итгэл нэгтнээ унаагаар хүргэж өгч өгөөмөр сэтгэл гаргаж болно. Тэгвэл тэд шатахуун түлшний үнэ өсөж байгаа энэ үед мөнгө нэмэрлэж талархлаа илэрхийлэх биз ээ. Ингэж, хурлынхаа сайн сайханд хувь нэмэр оруулна. Өгөөмөр сэтгэл гаргах бас нэг арга нь сүнслэг ах дүүстэйгээ хамт цагийг өнгөрөөх явдал юм. Энэ нь тэдэнд өөрийгөө хэрэгтэй хүн, бусдад хайрлагддаг хүн гэдгийг мэдрүүлнэ. «Итгэлийн гэр бүлийн гишүүдэд сайныг үйлдэн» цаг зав, мөнгө төгрөгөө харамгүй зориулбал тэднийгээ улам их хайрлаад зогсохгүй, хурлынхаа сайн сайхны төлөө хувь нэмэр оруулна (Гал. 6:10).

7. Бусдын нууцыг хадгалах нь хурлын сайн сайхан байдалд ямар ач тустай вэ?

7 Итгэл нэгтнүүдээ улам бүр хайрлах нэг хүчин зүйл нь тэдэнтэй нөхөрлөж, нууцыг хадгалах явдал юм (Сургаалт үгс 18:24-ийг уншина уу). Жинхэнэ найзууд нэг нэгнийхээ нууцыг хадгалдаг. Анд нөхөд маань бидэнд итгээд, сэтгэлдээ тээж явдаг бүхнээ уудлан ярихлаар бие биеэ улам хайрладаг болдог. Хэрэв бид нууц задруулдаггүй итгэл даасан анд нөхөр байж чадвал хурал маань хайраар бялхсан, халуун дулаан гэр бүл шиг болно (Сур. 20:19).

ДЭЛГЭРҮҮЛЭХ АЖИЛД ИДЭВХТЭЙ ОРОЛЦОГТУН

8. Есүс Лаодик дахь хурлынханд ямар зөвлөгөө өгсөн бэ? Яагаад?

8 Есүс: «Би чиний үйлсийг, хүйтэн ч биш, халуун ч биш гэдгийг чинь мэднэ. Чамайг хүйтэн юм уу, эсвэл халуун байгаасай гэж Би хүсэж байна. Тийнхүү чи халуун ч биш, хүйтэн ч биш, бүлээвтэр тул Би чамайг амнаасаа бөөлжиж гаргана» гэж Лаодик дахь хурлын христиануудад хэлжээ (Илч. 3:15, 16). Лаодикийн христианууд дэлгэрүүлэх ажилд идэвх муутай оролцдог байв. Ийм хандлага тэдний хоорондох харьцаанд ч нөлөөлж байсан бололтой. Есүс тэдэнд «Би хайрладаг хүмүүсээ зэмлэдэг, сахилгажуулдаг юм. Тиймээс зүтгэлтэй бай, гэмш» гэж хайрын үүднээс зөвлөсөн аж (Илч. 3:19).

9. Дэлгэрүүлэх ажилд гаргадаг идэвх зүтгэл хуралд хэрхэн нөлөөлөх вэ?

9 Хурлаа сайн сайхан байлгая гэвэл дэлгэрүүлэх ажилд хэр зэрэг идэвхтэй оролцдогоо анхаарах хэрэгтэй. Хонь шиг хүмүүсийг хайж олоод, тэдэнд үнэнийг заах зорилгоор хурал зохион байгуулагдсан. Тиймд Есүсийг дууриан, шавь бэлдэх ажилд идэвхтэй оролцох учиртай (Мат. 28:19, 20; Лук 4:43). «Бурхны хамтран зүтгэгчид» бид дэлгэрүүлэх ажилд идэвхтэй оролцвол улам эв нэгдэлтэй болно (1 Кор. 3:9). Хамт дэлгэрүүлж яваа нэгэн маань итгэл үнэмшлээ хэрхэн хамгаалж, сүнслэг зүйлийг яаж эрхэмлэж байгааг нь харахлаар улам их хайрлаж хүндлэх сэтгэл төрдөг. «Мөр зэрэгцэн үйлчлэх» нь хурал дотор нэгдмэл байхад тустай (Зефаниа 3:9-ыг уншина уу).

10. Дэлгэрүүлэх ажлынхаа чанарыг сайжруулах нь хурлын бусад гишүүнд хэрхэн нөлөөлөх вэ?

10 Дэлгэрүүлэх ажлынхаа чанарыг сайжруулахыг хичээвэл бусдад сайнаар нөлөөлнө. Уулзсан хүмүүстээ чин сэтгэлээсээ санаа тавьж, зүрх сэтгэлд нь хүрэхийн хэрээр дэлгэрүүлэх ажилдаа улам идэвхтэй оролцдог (Мат. 9:36, 37). Урам зоригтой нэгнээ хараад бусад нь бас дууриадаг. Есүс шавь нараа ганц нэгээр нь биш, хоёр хоёроор нь илгээдэг байсан (Лук 10:1). Хоёр хоёроороо дэлгэрүүлэхлээр урам сэргэж, харилцан суралцахын зэрэгцээ дэлгэрүүлэх ажилд улам хичээл зүтгэлтэй оролцдог. Та хичээл зүтгэлтэй дэлгэрүүлэгчтэй хамт явах дуртай биз дээ? Цог золбоотой тэднийг харахлаар урам зоригтой дэлгэрүүлмээр санагддаг (Ром 1:12).

ДУРГҮЙЦЭХ БОЛОН НОЦТОЙ НҮГЛИЙГ НУУХААС БОЛГООМЖЛОГТУН

11. Мосегийн үеийн израильчууд ямар хандлагатай байсан бэ? Үүнээс болоод ямар муу үр дагавар амссан бэ?

11 Израильчууд шинэ үндэстэн болсноосоо хойш хэдхэн долоо хоногийн дараа дургүйцэн гомдоллож, улмаар Еховаг болон төлөөлөгчийг нь эсэргүүцжээ (Ег. 16:1, 2). Египетээс гарч явсан хүмүүсээс цөөн хэд нь л амьд үлдэж, Амласан газрыг үзсэн. Мосе хүртэл израильчуудад буруу хариу өгсний улмаас тэр нутаг руу орж чадаагүй (Д.хууль 32:48–52). Буруу хандлагаас хэрхэн зайлсхийх вэ?

12. Дургүйцэх хандлага гаргахаас хэрхэн болгоомжлох вэ?

12 Бид дургүйцэх хандлага гаргахаас болгоомжлох ёстой. Эрх мэдлийг хүндэтгэж, даруу байхын зэрэгцээ хэнтэй нөхөрлөдгөө анхаарах хэрэгтэй. Зөвт зарчим баримталдаггүй ажлын хамт олон, ангийн хүүхдүүдтэй хэтэрхий олон цаг өнгөрөөх юм уу зохисгүй юмаар зугаацаж цэнгэвэл хохирол амсана. Буруу хандлагатай, захирагдах дургүй хүмүүсээс зай барих нь ухаалаг хэрэг юм (Сур. 13:20).

13. Дургүйцэн гомдолловол хуралд ямар хор хохирол учруулах вэ?

13 Дургүйцэх хандлага өөр ямар аюул учруулах вэ? Жишээ нь, хурлын эв нэгдэл, амгалан тайван байдлыг алдагдуулж мэднэ. Түүнээс гадна, дургүйцвэл итгэл нэгтнүүдээ зовоогоод зогсохгүй, гүтгэх, харааж зүхэх гэх мэтийн нүгэл үйлдэж ч болзошгүй (Лев. 19:16; 1 Кор. 5:11). Нэгдүгээр зууны зарим христиан «эрх мэдлийг эсэргүүцэн, тэнгэрлэг сүр жавхланг доромжилдог» байжээ (Иуда 8, 16). Хуралд хариуцлагатай үүрэг хүлээдэг эрчүүдэд дургүйцсэн тэр хүмүүсийг Бурхан таалаагүй нь тодорхой.

14, 15. а) Ноцтой нүглийг хүлцэн тэвчвэл ямар аюултай вэ? б) Итгэл нэгтнээ ноцтой нүгэл үйлдсэнийг мэдвэл яах хэрэгтэй вэ?

14 Итгэл нэгтнээ ноцтой нүгэл үйлдсэнийг, тухайлбал, архидан согтуурсан, порно үзсэн, эсвэл садар самуунд орооцолдсоныг мэдсэн бол яах хэрэгтэй вэ? (Еф. 5:11, 12). Ноцтой нүглийг нүдээ аниад өнгөрөөх нь Еховагийн ариун сүнс чөлөөтэй нэвтрэхэд саад болж, хурлын амар тайван байдалд аюул учруулдаг (Гал. 5:19–23). Паул Коринтын христиануудад «хуучин хөрөнгийг бүрмөсөн цэвэрлэхийг» сануулж байсан. Өнөөдөр ч бас хурлаа сайн сайхан байлгахын тулд муу нөлөөнөөс хамгаалах ёстой. Хурлаа амар тайван байлгая гэвэл та юу хийх хэрэгтэй вэ?

15 Хэн нэг нь бидэнд итгээд сэтгэл зүрхээ уудалбал нууцыг нь хадгалах учиртайг дээр дурдсан. Нууц задруулах нь хор хөнөөлтэй! Гэхдээ ноцтой нүгэл үйлдсэн хүнийг хурлын ахлагчдад мэдэгдэх шаардлагатай. Ахлагчид үүнийг мэдэх үүрэгтэй (Левит 5:1-ийг уншина уу). Итгэл нэгтнээ нүгэл үйлдсэн гэж мэдвэл ахлагчдаас тусламж авахыг зөвлөх нь зүйтэй (Иак. 5:13–15). Тогтоосон хугацаанд ахлагчдад мэдэгдэхгүй бол бид өөрсдөө мэдэгдэх ёстой.

16. Ноцтой нүглийн талаар ахлагчдад мэдэгдэх нь хурлыг хамгаалдаг гэхийн учир юу вэ?

16 Христиан хурал бол сүнслэг диваажин мөн. Энэ диваажингаа хамгаалахын тулд бид ноцтой нүглийн талаар ахлагчдад мэдэгдэх ёстой. Ахлагчдаас зэмлэл хүлээсэн хүн хийсэн хэргээ ухаарч гэмшээд засарвал хуралд цаашид аюул учрахгүй. Харин тэр хүн гэмшихгүй, ахлагчдын өгсөн зөвлөгөөг хүлээж авахгүй бол яах вэ? Хурлаас хасдаг. Ийнхүү хурлыг муу нөлөөнөөс хамгаалдаг (1 Коринт 5:5-ыг уншина уу). Тэгэхлээр нүгэл үйлдсэн хүний тухай ахлагчид хэлж, зааврыг дагах нь бид бүхний үүрэг юм. Итгэл нэгтнүүдийнхээ төлөө чадах бүхнээ хийж, хурлаа муу нөлөөнөөс хамгаалцгаая.

«СҮНСНИЙ НЭГДЛИЙГ ХАДГАЛАХЫГ ХИЧЭЭГТҮН»

17, 18. «Сүнсний нэгдлийг хадгалахын» тулд яах хэрэгтэй вэ?

17 Есүсийн эртний дагалдагчид «элч нарын сургаалыг сонсож» хурлын эв нэгдлийг хадгалж байв (Үйлс 2:42). Тэд ахлагчдаас авсан заавар, Библийн зөвлөгөөг үнэлдэг байсан. Орчин үеийн ахлагчид итгэмжит ухаалаг боолын ангитай хамтарч ажилладаг учир хурлын бүх гишүүн урамшин зоригжиж, эв нэгдэлтэй байж чаддаг (1 Кор. 1:10). Байгууллагаараа дамжуулан Еховагийн өгсөн Библийн үндэстэй заавар, ахлагчдын зөвлөгөөг дагавал «Сүнсний нэгдлийг хадгалахыг хичээдгээ» батлан харуулна (Еф. 4:3).

18 Тиймээс, хурлаа сайн сайхан байлгахыг хичээцгээе. Тэгвэл «Эзэн Есүс Христийн нигүүлсэл [бидний] сүнстэй хамт» байгаа гэдэгт итгэж болно (Флп. 4:23).

[Догол мөрийн асуулт]

[19-р хуудасны зураг]

Та утга төгөлдөр хариултаараа хурлынхнаа зоригжуулдаг уу?

[20-р хуудасны зураг]

Өөдрөг байж сүнслэг дуу сурцгаая