«Зураг аваад өгөөч»
«Зураг аваад өгөөч»
Мужийн чуулганы хоёр дахь өдрийн орой Мексикийн бетелчин Хосуэй найзуудтайгаа хамт Керетаро хотыг үзэж сонирхож явжээ. Тэгтэл Колумбаас жуулчилж ирсэн Кавиер, Мару гэдэг нөхөр эхнэр хоёр зураг аваад өгөөч хэмээн Хосуэйгээс гуйжээ. Сайхан хувцастай, чуулганы пайзтай түүнээс төгсөлт юм уу ямар нэгэн баярт үйл явдалд оролцож байгаа эсэхийг асуусанд Хосуэй Еховагийн Гэрчүүдийн чуулганд сууснаа ярьж, ням гаригийн хөтөлбөрт мөнөөх хосыг урьсан байна.
Тийм арга хэмжээний үеэр өмсөх тохиромжтой хувцасгүйдээ хоёр жуулчин санаа зовж байжээ. Тэднийг чуулганд очихгүй байх гэж бодсон ч Хосуэй өөрийн нэр, үйлчилдэг салбарынхаа утасны дугаарыг өгчээ.
Санаандгүй байтал дөрвөн сарын дараа Кавиер Хосуэй рүү утастав. Эхнэртэйгээ чуулганд сууснаа ярьж, одоо Мехико хотод байгаа бөгөөд Гэрчүүдтэй уулзах хүсэлтэй байна гэж хэлжээ. Удалгүй Кавиер Мару хоёр Гэрчүүдтэй хамт Библийн хичээл хийж эхлэн, тэр даруйдаа цуглаанд явдаг болов. Арван сарын дараа хоёулаа дэлгэрүүлэгч болсон байна. Дараа нь Канадын Торонто руу нүүсэн ч сүнслэгээр өссөөр баптисм хүртжээ.
Хожим нь Хосуэй Кавиераас захиа авчээ. Уг захидалд Кавиер үнэнийг хүлээж авсан учраа бичсэн байв. «Чуулганд очихоосоо өмнө эхнэр бид хоёр Бурхнаар удирдуулах хэрэгтэй байна гэж ярьж байсан юм. Бид та нарын сайхан хувцасласныг хараад их чухал цуглаанд очиж дээ гэж бодсон. Тэр чуулганд очтол хүмүүс биднийг найр тавин суулгаж, Библиэсээ уншуулж, биеэ аятайхан авч яваа нь үнэхээр сэтгэл хөдөлгөм байсан. Аяны хувцастайдаа санаа зовох хэрэггүй байсан юм билээ».
Хосуэйд тохиолдсон явдал мэргэн ухаант Соломон хааны хэлсэн үгийн үнэнийг баталдаг! Соломон: «Өглөө тарь, үдэш ч гараа бүү буулга. Учир нь өглөө орой тариалсны аль нь үр дүнтэй болохыг чи мэдэхгүй шүү дээ» хэмээн бичжээ (Ном. 11:6). Та үр тарих боломжийг ашиглан удахгүй болох чуулган юм уу нийтийн илтгэлд хүмүүсийг урих уу? Кавиер Мару нар шиг сүнслэгээр өлсөж цангаж яваа хүмүүсийг Ехова танаар дамжуулан өөртөө татах болтугай (Ис. 55:1).
[32-р хуудасны зураг]
Зүүн гар талаас: Алехандро Вогүлин, Мару Пинеда, Алехандро Пинеда, Кавиер Пинеда, Хосуэй Рамирез нар Мексикийн салбарт