Skip to content

Гарчиг руу орох

Та зөвлөгөө өгөхийн тулд яадаг вэ?

Та зөвлөгөө өгөхийн тулд яадаг вэ?

Та зөвлөгөө өгөхийн тулд яадаг вэ?

Хэн нэг нь танаас зөвлөгөө авч байсан уу? Жишээ нь, «Би яах вэ? Энэ үдэшлэгт очсон нь дээр үү? Энэ ажилд орчих уу? Гэрлэх зорилгоор энэ хүнтэй үерхвэл ямар вэ?» гэж асууж байсан уу?

Үерхэл нөхөрлөл, ар гэрийнхэнтэй холбоотой, тэр бүү хэл, Еховатай тогтоосон харьцааг нь хөндсөн асуудлаар шийдвэр гаргахын өмнө зөвлөгөө өгөөч гэж хүсэх чин сэтгэлтэй хүмүүс байдаг. Та юуг үндэс болгон зөвлөдөг вэ? Ер нь зөвлөгөө өгөхдөө яадаг вэ? Тухайн асуудал жижиг ч бай, том ч бай, «шударга зөв хүний зүрх яаж хариулахаа цэгнэдэг» гэж Сургаалт үгс 15:28-д бичсэн байдаг. Библид үндэслэсэн дараах таван зарчмыг хэрэгжүүлбэл зөвлөгөө өгөхөд тус болно.

1 Бодит байдлыг нягтал.

«Сонсохоосоо өмнө хариу хэлэх нь хүнд өөрт нь мунхаг хэрэг ба ичгүүр билээ» (СУР. 18:13).

Зөвлөгөө хүссэн хүнд тус болъё гэвэл ахуй амьдрал, одоогийн байдал, үзэл бодлыг нь ойлгож мэдэх хэрэгтэй. Жишээ авъя. Танайх руу очих замыг мэдэхгүй хүн тан руу утасдаад хаагуур, яаж явахыг асуувал та тэр хүнд туслахын тулд эхлээд юу мэдэх хэрэгтэй вэ? Хаана байгааг нь мэдэхгүйгээр зам зааж өгч чадах уу? Чадахгүй нь ойлгомжтой! Үүнтэй адилаар, зөвлөгөө авахыг хүссэн хүнд тусалъя гэвэл «хаана байгааг» нь буюу нөхцөл байдал, үзэл бодлыг нь мэдэх шаардлагатай. Тухайн хүнийхээ нөхцөл байдлыг харгалзан үзэх хэрэгтэй юм биш биз? «Хаана байгааг» нь сайн мэдэхгүйгээр зөвлөгөө өгвөл төөрүүлэхээс цаашгүй шүү дээ (Лук 6:39).

Хэр их судалж мэдсэнийг нь тодруул. Зөвлөгөө хүссэн хүнээс дараах асуултуудыг асуувал ухаалаг хэрэг болно. «Библийн ямар зарчмыг хэрэгжүүлье гэж бодож байна вэ?» «Таны хийе гэж бодож байгаа зүйлийн сайн муу тал нь юу вэ?» «Энэ асуудлаа шийдэхийн тулд юу уншиж судалсан бэ?» «Бусад хүн, тухайлбал, хурлын ахлагчид, эцэг эх, Библийн багш тань юу гэж зөвлөсөн бэ?»

Дээрх асуултад юу гэж хариулснаас нь тухайн хүн асуудлаа шийдэхийн тулд хэр их хүчин чармайлт гаргаж байгааг мэдэж болно. Түүнчлэн, бусад хүн түүнд ямар зөвлөгөө өгснийг мэдэж авна. Бас хүссэн юмыг нь зөвлөж, «чихийг [нь] гижигдэх» хүнийг хайж байгаа эсэхийг тогтоож болно (2 Тим. 4:3).

2 Зөвлөх гэж бүү яар.

«Хүн бүр сонсохдоо түргэн, ярихдаа удаан ... байг» (ИАК. 1:19).

Ер нь хүн сайн санасандаа тэр даруйд нь зөвлөх гээд байдаг талтай. Гэтэл сайн судалж мэдээгүй байж яаран зөвлөх нь ухаалаг хэрэг мөн үү? Сургаалт үгс 29:20-д «Хэлэх үгэндээ яаруу нэгнийг чи хардаг биз дээ? Мунхаг нэгэнд тийм хүнээс ч илүү засрах найдвар бий» гэж байдаг.

Таны өгөх зөвлөгөө Бурхны мэргэн ухааны дагуу байгаа эсэхийг зав гаргаж байгаад магадлаарай. «Ертөнцийнхний үзэл бодол, хандлага миний үзэл бодолд нөлөөлсөн юм биш биз?» гэж өөрөөсөө асуугаарай (1 Кор. 2:12, 13). Зөвхөн сайхан сэтгэлдээ хөтлөгдөн зөвлөгөө өгөх нь учир дутагдалтай байдгийг санаарай. Элч Петр Есүст оногдсон хэцүү даалгаврыг сонсоод, Есүст «Эзэн минь, Таныг Бурхан өршөөг. Ийм юм Танд хэзээ ч тохиолдохгүй» гэж хэлдэг. Петрийн алдаанаас ямар сургамж авч болох вэ? Хянамгай байхгүй бол «Бурханы юмыг бус, харин хүнийхийг» дэмжсэн зөвлөгөө өгч болох юм (Мат. 16:21–23). Ярихаасаа өмнө бодох нь хэчнээн чухал бэ! Тэгээд ч бидний мэддэг, чаддаг юмыг Бурхны мэргэн ухаантай харьцуулахад өчүүхэн шүү дээ (Иов 38:1–4; Сур. 11:2).

3 Даруу байж Бурхны Үгийг үндэс болго.

«Би Өөрийн санаагаар юуг ч хийдэггүй, харин Эцэгийн Надад зааснаар Би эдгээрийг ярьдаг» (ИОХ. 8:28).

«Би чиний оронд байсан бол ингэх байсан» гэж та хэлэх үү? Мэдээжийн юм асуусан байлаа ч даруу байхын үлгэр дууриал үлдээсэн Есүсийг санах хэрэгтэй. Тэрбээр ямар ч хүнээс илүү мэргэн ухаантай, туршлагатай байсан хэр нь «Би Өөрийн санаагаар яриагүй, харин юу хэлж, юу ярих тушаалыг ... Эцэг Өөрөө Надад өгсөн юм» гэж хэлсэн (Иох. 12:49, 50). Есүс сургаал айлдаж, зөвлөгөө өгөхдөө цаг ямагт Эцгийнхээ хүсэл тааллыг боддог байжээ.

Жишээлбэл, Есүсийг барих үед шавь нар нь: «Эзэн, бид илдээрээ цавччих уу?» гэж асуусныг Лук 22:49-д бичсэн байдаг. Нэг нь зэвсэг хэрэглэсэн. Тулгамдсан тэр үед ч Есүс шавьдаа Еховагийн хүсэл тааллыг бодуулсныг Матай 26:52–54-т бичжээ. Тэрбээр Эхлэл 9:6-д байдаг зарчим, Дуулал 22, Исаиа 53-ын зөгнөлийг мэддэгийн хувьд Еховагийн таалалд нийцсэн ухаалаг зөвлөгөө өгсөн. Зөвлөгөөг нь дагасан хүмүүс аврагдсан нь лавтай.

4 Сүнслэг багажаа ашигла.

«Эзэн нь зарц нартаа цагт нь хоол ундыг өгүүлэхээр гэрийн даамлаар тавьсан итгэмжит ухаалаг боол нь хэн бэ?» (МАТ. 24:45).

Есүс боолын ангид итгэл хүлээлгэн, сүнслэг хоол түгээх ажлыг хариуцуулсан билээ. Та чухал асуудлаар заавар, зөвлөгөө өгөхийн тулд боолын ангийн гаргасан, Библид үндэслэсэн ном хэвлэлийг нямбай судалдаг уу?

Хурууныхаа үзүүрийг хөдөлгөөд л «Харуулын Цамхаг Нийгэмлэгийн хэвлэлийн товъёг», «Харуулын цамхаг номын сан» *-аас тодорхой бөгөөд асар их мэдээлэл авч болно. Арвин баялаг энэ мэдээллийг тоохгүй байж болохгүй! Шийдвэр гаргахад тус болох өгүүлэл бүхий толгой үгийн жагсаалт бий. Библийн зарчмыг судалж, эргэцүүлэн бодоход нь та хүмүүст тусалж чадах уу? Сансрын холбооны Жи Пи Эс төхөөрөмжөөр хаана байгаагаа, очих газраа тогтоодог шиг, дээрх сүнслэг багажаар ямар зам дээр зогсож байгаа, амийн замаасаа гарахгүйн тулд яах ёстойгоо мэдэж авдаг.

Хэрэгтэй өгүүллээ «Товъёг» юм уу «Харуулын цамхаг номын сан»-аас хэрхэн олохыг хурлынхаа итгэл нэгтнүүдэд зааж өгдөг ахлагч олон байдаг. Библийн зарчмыг судалж, харьцуулж байж шийдвэр гаргаж сурахад нь туслах гэсэндээ тэр. Үүний ачаар дэлгэрүүлэгчид санаа зовоосон асуудлыг төдийгүй аар саар зүйлийг шийдэхдээ ч Еховагийн өгдөг ном хэвлэлүүдийг судлах хэвшилтэй болж, тэдгээрт найдаж сурдаг. Ийнхүү «мэдрэмж нь сайн мууг ялгахад суралцана» (Евр. 5:14).

5 Бусдын өмнөөс шийдвэр бүү гарга.

«Хүн бүр өөрийн ачааг үүрнэ» (ГАЛ. 6:5).

Эцэст нь хэлэхэд, аль зөвлөгөөг дагахаа хүн өөрөө шийддэг. Ехова өөрийнх нь зарчмаар удирдуулах уу, үгүй юү гэдгээ шийдэх эрхийг бүх хүнд өгсөн (Д.хууль 30:19, 20). Зарим асуудлыг шийдэхэд Библийн хэд хэдэн зарчмыг бодож үзэхэд хүрдэг. Эцсийн дүнд зөвлөгөө авч байгаа хүн шийдвэрээ өөрөө гаргах ёстой. Тэр хүн ямар асуудлаар зөвлөгөө авахыг хүсэж байгаа, хэдэн насных гэдгийг нь харгалзан үзээд «Ер нь би энэ хүнд зөвлөгөө өгөх нь зөв үү?» гэж өөрөөсөө асуугаарай. Зарим зөвлөгөөг ахлагчид өгсөн нь дээр байж болох юм. Эсвэл хүүхэд бол эцэг эх нь зөвлөгөө өгөх хэрэгтэй.

[Зүүлт]

^ «Харуулын цамхаг номын сан» (компакт диск) 39 хэлээр, «Харуулын Цамхаг Нийгэмлэгийн хэвлэлийн товъёг» 45 хэлээр гарсан.

[8-р хуудасны хавсралт/​зураг]

Гэр бүлийн Библийн хичээлээр юу үзэж болох вэ?

Сүүлд гарч ирсэн асуултын хариуг олохын тулд судалгаа хийж болохгүй нь юу билээ? Асуусан хүнд тус болох өгүүлэл, Библийн зарчмыг хаанаас олох вэ? Жишээ нь, итгэл нэгтэн тань гэрлэх зорилгоор хүнтэй үерхэх талаар танаас асууж гэж бодъё. Тэгвэл эхлээд тэр асуудалтай шууд холбоотой сэдвийг «Товъёг» юм уу «Харуулын цамхаг номын сан»-аас хайж олоорой. Тухайлбал, «Товъёг»-оос «Болзоо», «Гэрлэлт» гэсэн ерөнхий гарчгийг үзэж болно. Дараа нь тухайн асуудалтай холбоотой өгүүллийг олоход тусалдаг жагсаалтыг үзээрэй. Түүнчлэн, нэмэлт материал үзье гэвэл ерөнхий гарчгийн доор хаалтан дотор өөр гарчиг байгаа эсэхийг хараарай.

[9-р хуудасны хавсралт]

Ехова байгууллагаараа дамжуулан сүнслэг хоол өгдгийн ачаар бид хамгийн сайн зөвлөгөөг өгч ч чаддаг, авч ч чаддаг. Номлогчийн үгс 12:11-д (ШЕ) «Мэргэн ухаантнуудын үгс нь үхрийн чичүүртэй адил бөгөөд сургамжит үгсийг цуглуулан баясагчид нь бөх хадсан хадаас мэт буюу. Тэдгээрийг нэг хоньчин өгчээ» гэж байдаг. Эртний Израильд үхэр малыг шовх үзүүртэй «чичүүрээр» чичиж туудаг байсны адилаар, хайрандаа хөтлөгдөн ухаалаг зөвлөгөө өгвөл чин сэтгэлтэй хүн зөв замаар явдаг. Хадаасыг бөх хадвал аливаа юм бат бөх байдаг. Түүнтэй адил, сайн зөвлөгөө өгвөл хүн тогтвортой, тууштай байдаг. Мэргэн ухаант хүмүүс «нэг хоньчин» Еховагийн мэргэн ухааны тусгал болох «сургамжит үгсийг цуглуулахдаа» баясдаг.

Мэргэн зөвлөгөө өгдөг Хоньчноо дууриацгаая. Ярилцаж байгаа хүнээ анхааралтай сонсоод, хэзээ ямагт тустай зөвлөгөө өгнө гэдэг үнэхээр сайхан! Библийн зарчимд үндэслэсэн зөвлөгөө өгөх нь зөв зохистойн зэрэгцээ сонсогч хүнд үүрдийн ач тустай.