Skip to content

Гарчиг руу орох

Хүмүүсийг нойрноос нь сэрээгтүн

Хүмүүсийг нойрноос нь сэрээгтүн

Хүмүүсийг нойрноос нь сэрээгтүн

«Цаг үеийг, нойрноосоо сэрэх цаг хэдийнээ болжээ гэдгийг мэд» (РОМ 13:11).

ТАЙЛБАРЛАНА УУ

Христиан хүн сүнслэгээр сэргэг байх нь яагаад чухал бэ?

Дэлгэрүүлэгч хүн анхааралтай сонсож, ажигч гярхай байх ёстойн учир юу вэ?

Эелдэг байх нь дэлгэрүүлэх ажилд ямар ач тустай вэ?

1, 2. Олон хүнийг ямар нойрноос нь сэрээх хэрэгтэй вэ?

 ЖИЛ бүр олон мянган хүн тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа нойрмоглох юм уу, унтсанаас болоод амь насаа алддаг байна. Унтаад ажлаасаа хоцрох юм уу, ажил дээрээ унтдагаасаа болоод халагддаг хүмүүс ч байдаг. Харин сүнслэгээр зүүрмэглэвэл үр дагавар нь бүр ч ноцтой. «Сэрүүн байдаг ... хүн ерөөлтэй» гэсэн чухал үг Библид байдаг (Илч. 16:14–16).

2 Еховагийн агуу өдөр ойртож байгаа өнөө үед хүн төрөлхтөн сүнслэгээр унтаж байна. Христ шашны ертөнцийн удирдагчид хүртэл сүсэгтэн олноо «унтаж байгаа аваргууд» гэдэг. Сүнслэгээр унтах гэж яахыг хэлдэг вэ? Жинхэнэ христианууд үргэлж сэргэг байх нь яагаад чухал бэ? Бусдыг сүнслэг нойрноос нь хэрхэн сэрээх вэ?

СҮНСЛЭГЭЭР УНТАХ ГЭЖ ЯАХЫГ ХЭЛДЭГ ВЭ?

3. Сүнслэгээр унтаж байгаа хүн ямар байдаг вэ?

3 Ер нь унтаж байгаа хүн идэвхгүй байдалд байдаг бол, сүнслэгээр унтаж байгаа хүн маш их завгүй харагддаг. Тэд өдөр тутмын ажилдаа дарагдах юм уу, зугаа цэнгэл, алдар нэр, эд хөрөнгөний хойноос ухаан жолоогүй явдаг. Тэгсэн мөртлөө сүнслэг хэрэгцээгээ бараг анхаардаггүй. Харин сүнслэгээр сэргэг хүмүүс «эцсийн өдрүүдэд» амьдарч байгаагаа ойлгодог учраас Бурхны хүсэл тааллыг биелүүлэхийг хамаг чадлаараа хичээдэг (2 Петр 3:3, 4; Лук 21:34–36).

4. Паул ямар учраас «Бусдын адил унталгүй ... байцгаая» гэж уриалсан бэ?

4 1 Тесалоник 5:4–8-ыг уншина уу. Элч Паул: «Бусдын адил унталгүй ... байцгаая» гэж итгэл нэгтнүүддээ уриалжээ. Унтах гэдгийг юу гэж ойлгох вэ? Еховагийн тогтоосон ёс суртахууны хэм хэмжээг тоохгүй байхыг унтаж байна гэж ойлгож болно. Бас муу муухай бүхнийг устгах Еховагийн цаг ойртож байгааг үл тоомсорлох нь унтсантай адил юм. Бурхны таалалд нийцдэггүй тэдгээр хүмүүсийн нөлөөнд автан, хандлага сэтгэлгээ, үйл хэргийг нь дууриахаас сэрэмжилцгээе.

5. Сүнслэгээр унтаж байгаа хүмүүс юу гэж боддог вэ?

5 Зарим хүн хариуцлага тооцдог Бурхан байхгүй гэж боддог (Дуу. 53:1). Нөгөө хэсэг нь Бурхан хүнийг тоодоггүй юм чинь бид Бурхныг мэдэх шаардлагагүй гэдэг. Шашин шүтдэг бол Бурхантай анд нөхөр болно гэж ойлгодог хүмүүс бас байдаг. Энэ хүмүүс бүгдээрээ сүнслэгээр унтаж байна. Тэднийг сэрээх хэрэгтэй. Яаж?

БИД ӨӨРСДӨӨ СЭРГЭГ БАЙХ ЁСТОЙ

6. Христиан хүн сүнслэгээр сэргэг байх гэж хичээх ёстойн учир юу вэ?

6 Бид өөрсдөө сэргэг байсан цагт хүнийг сэрээж чадна. Үүнийг юу гэж ойлгох вэ? Сүнслэгээр нойрсож буй хүмүүс утга учиргүй найрлан цэнгэх, архидах, садарлах, тачаадах, хэрэлдэж маргах, атаархан жөтөөрхөх зэргээр «харанхуйн үйлсэд» оролцдог гэж Бурхны Үгэнд бичсэн байдаг (Ром 13:11–14-ийг уншина уу). Ийм үйл хэргээс хол явах амаргүй. Сэрэмжтэй байх нь амин чухал. Жолоо барьж яваа хүн нойрондоо дийлдвэл амь насанд нь аюул учирна. Христиан хүн сүнслэгээр нойрмогловол амиа алдаж болзошгүй. Тиймээс сэргэг байх нь үнэхээр чухал!

7. Хүмүүсийг буруу дүгнэвэл бидэнд ямар аюултай вэ?

7 Жишээ нь, христиан хүн хэсгийнхээ бүх хүнийг сайн мэдээ хүлээж авахгүй гэж бодож мэдэх юм (Сур. 6:10, 11). Улмаар, «Хүмүүс сонсохгүй юм чинь дэлгэрүүлэх гэж хүчээ барахын хэрэг юу байна?» гэж бодож магадгүй. Өнөөдөр олон хүн сүнслэг нойронд дийлдсэн нь үнэн. Гэхдээ аж амьдрал, үзэл бодол нь өөрчлөгдөхийн цагт нойрноосоо сэрээд, сайн мэдээг хүлээж авах ч юм бил үү. Хэрэв бид өөрсдөө сэргэг байвал Хаанчлалын тухай мэдээг шинэ, сонирхолтой аргаар дэлгэрүүлэн тийм хүмүүст тусалж чадна. Дэлгэрүүлэх ажил маань яагаад чухал болохыг санаж явбал сэргэг байхад тустай.

ДЭЛГЭРҮҮЛЭХ АЖИЛ ЯАГААД ЧУХАЛ БЭ?

8. Дэлгэрүүлэх ажлыг амин чухал гэхийн учир юу вэ?

8 Хүмүүс сонсохыг хүсэхгүй байлаа ч, дэлгэрүүлэх ажил маань Еховаг алдаршуулдгийг санаж яваарай. Түүнчлэн, Ехова санаа зорилгоо хэрэгжүүлэхийн тулд биднээр энэ ажлыг хийлгэдэг. Сайн мэдээг дагадаггүй хүмүүсийг удахгүй шийтгэнэ. Дэлгэрүүлсэн мэдээг маань хүлээж авсан эсэхэд нь үндэслэн шүүнэ (2 Тес. 1:8, 9). «Зөвт ба хилэнцэт хүмүүсийн хэн хэн нь амилах» юм чинь тэгтлээ их дэлгэрүүлэх шаардлагагүй гэж бодох нь алдаа болно (Үйлс 24:15). Ямаатай зүйрлэм хүмүүс бүрмөсөн устгагдана гэдгийг бид Бурхны Үгнээс олж мэдсэн билээ. Дэлгэрүүлэх ажил бол Еховагийн нигүүлсэнгүй сэтгэлийн илрэл юм. Учир нь хүмүүс энэ ажлын үрээр амьдралын хэв маягаа өөрчилдөг бөгөөд мөнх амьдрах боломжтой болдог (Мат. 25:32, 41, 46; Ром 10:13–15). Бид дэлгэрүүлэхгүй бол амь настай нь холбоотой мэдээг хүмүүс яаж сонсох билээ?

9. Сайн мэдээг дэлгэрүүлэх нь бидэнд болон бусад хүнд ямар ач тустай вэ?

9 Дэлгэрүүлэх нь өөрсдөд маань ч тустай (1 Тимот 4:16-г уншина уу). Ехова болон Хаанчлалын тухай ярихлаар итгэл бэхжиж, Бурхныг улам хайрладгийг та анзаарсан уу? Христиан зан чанарыг төлөвшүүлэхэд тус нэмэр болдоггүй гэж үү? Дэлгэрүүлэх ажилд оролцож Бурханд хайртайгаа харуулахлаар баяр жаргалтай болдог биз дээ? Суралцагч маань Бурхны сүнсний хүчээр амьдралаа өөрчилж байгааг хараад бид баярладаг.

АЖИГЧ ГЯРХАЙ БАЙГААРАЙ

10, 11. а) Есүс Паул хоёр ажигч гярхай байсныг юу харуулдаг вэ? б) Ажигч гярхай дэлгэрүүлэгч яадаг вэ?

10 Янз бүрийн аргаар дэлгэрүүлбэл хүмүүс сайн мэдээг сонирхож болох юм. Тиймээс дэлгэрүүлэгчид ажигч гярхай байх ёстой. Есүс бидэнд үлгэр дууриал болдог. Тэрбээр төгс учир фарисай хүний дотроо зэвүүцсэнийг, нүгэлт эмэгтэйн чин сэтгэлээсээ гэмшсэнийг, ядуу бэлэвсэн эмэгтэй өөрт байгаа бүхнээ өгснийг мэджээ (Лук 7:37–50; 21:1–4). Есүс хүмүүсийн хэрэгцээг мэдээд тусалж чаддаг байсан. Гэхдээ төгс хүн л ажигч гярхай байдаг юм биш ээ. Үүнийг элч Паулын жишээ харуулдаг. Тэрбээр янз бүрийн үзэл бодолтой хүмүүсийн сонирхлыг татахын тулд янз бүрийн аргаар дэлгэрүүлдэг байсан (Үйлс 17:22, 23, 34; 1 Кор. 9:19–23).

11 Есүс Паул хоёр шиг ажигч гярхай байвал уулзсан хүмүүсийнхээ сонирхлыг татах хамгийн сайн аргыг олно. Жишээ нь, та хүмүүстэй ярилцаж байхдаа ямар соёлтой, юу сонирхдог, хань ижил, үр хүүхэдтэй эсэхийг нь мэдэх гэж хичээгээрэй. Тухайн үед юу хийж байгааг нь ажиглаад, найртай сайхан үгээр яриагаа эхлээрэй.

12. Дэлгэрүүлж явахдаа хоорондоо юуны тухай ярилцдагаа анхаарах хэрэгтэйн учир юу вэ?

12 Дэлгэрүүлэхдээ ажигч гярхай байя гэвэл өөр зүйлд анхаарал хандуулахаас болгоомжлох хэрэгтэй. Хамт яваа дэлгэрүүлэгчтэйгээ сэтгэл сэргээм юм ярьж болно л доо. Гэхдээ хүмүүст үнэнийг мэдүүлэх зорилготой яваа шүү дээ (Ном. 3:1, 7). Иймээс нэг айлаас нөгөө рүү очихдоо өөр юм яриад зорилгоосоо хазайж болохгүй. Сонирхсон хүнтэй юу ярих талаар хоорондоо зөвлөлдөх нь ямар зорилготой яваагаа санахад тустай. Дэлгэрүүлэх ажилд гар утас хэрэг болох нь бий. Гэхдээ гэрийн эзэнтэй ярихад саад болдог тул гар утсаа унтраах юм уу дууг нь намсгах нь зүйтэй.

САНАА ТАВИАРАЙ

13, 14. а) Хүн юу сонирхдогийг яаж мэдэх вэ? б) Хүний анхаарлыг сүнслэг зүйлд татахын тулд яах хэрэгтэй вэ?

13 Ажигч гярхай дэлгэрүүлэгч уулзсан хүмүүсээ анхааралтай сонсдог. Та хэсгийнхээ хүний санаа бодлыг мэдэхийн тулд юу гэж асуудаг вэ? Өчнөөн олон шашин байдагт, хэрцгий балмад явдал их гардагт, төр засаг нь дорвитой юм хийж чадахгүй байгаад тэдний сэтгэл эмзэглэдэг болов уу? Амьд биетийн гайхалтай нарийн бүтцийг юм уу, Библийн зөвлөгөө хэр зэрэг ач холбогдолтойг тайлбарлан ярих зэргээр анхаарлыг нь сүнслэг зүйлд татаж болохгүй нь юу билээ? Бараг бүх хүн, тэр байтугай, шашингүйн үзэлтнүүд хүртэл залбирлын тухай сонирхдог. Залбирлыг сонсдог нэгэн байдаг болов уу гэж боддог хүн цөөнгүй. «Бурхан бүх хүний залбирлыг сонсдог болов уу? Үгүй бол залбирлаа сонсгохын тулд юу хийх ёстой юм бол?» гэж боддог хүн ч байж магадгүй.

14 Туршлагатай дэлгэрүүлэгчийг ажиглавал их юм сурна. Яриагаа яаж эхэлж байна вэ? Хүний хувийн хэрэгт оролцохгүйгээр яаж эвтэйхэн асууж байна вэ? Гэрийн эзний үзэл бодлыг сонирхож байгаагаа нүүр царай, дуу хоолойгоороо хэрхэн илэрхийлж байна вэ? (Сур. 15:13).

ЭЕЛДЭГ БАЙЖ, ЭВИЙГ НЬ ОЛОХ

15. Дэлгэрүүлэхдээ эелдэг байх хэрэгтэйн учир юу вэ?

15 Сайхан унтаж байтал сэрээчихвэл ямар санагдах вэ? Гэнэт сэрээхэд ихэнх хүн дургүйцдэг. Харин аяархан сэрээх нь сайн байдаг. Сүнслэгээр унтаж байгаа хүнийг сэрээхэд ч гэсэн адилхан. Жишээ нь таныг ирлээ гэж гэрийн эзэн уурлавал яах вэ? Түүнийг ойлгож байгаагаа эвтэйхэн хэлээд, чимээгүйхэн яваарай (Сур. 15:1; 17:14; 2 Тим. 2:24). Ингэж эелдэг харьцвал тэр хүн дараагийн удаа Гэрчүүдэд нааштай хандаж магадгүй.

16, 17. Дэлгэрүүлэхдээ хэрхэн хэрсүү байх вэ?

16 Татгалзсан хүнтэй ч ярьж болдог тохиолдол бий. Яриаг дуусгах гэсэндээ «Үгүй, баярлалаа. Би өөрийн гэсэн шашинтай л даа» гэх юм уу, эсвэл «Би сонирхдоггүй» гэж хэлдэг хүмүүс байдаг. Гэхдээ эелдэг байж, эвийг нь олбол гэрийн эзний сонирхлыг татах асуулт асуугаад, сүнслэг зүйлд анхаарлыг нь хандуулж болох юм (Колоссай 4:6-г уншина уу).

17 Үнэхээр толгой өөд татах завгүй хүнтэй тааралдах нь ч бий. Тийм үед тэднийг ойлгоод, явсан нь дээр. Харин заримдаа товчхон хэр нь тустай үг хэлж болдог. Зарим христиан минут хүрэхгүй хугацаанд сонирхолтой зүйлийг Библиэс уншуулаад, асуулт тавьж, хариуг нь дараа ярилцахаар тохирч чаддаг. Ингэж товчхон ярилцах нь заримдаа үр дүнтэй байдаг. Гэрийн эзэнд сонирхол төрж, жаахан ярих зав гаргаж чадахаа ойлгодог. Боломжтой бол туршаад үзэхэд болохгүй нь юу билээ?

18. Албан бусаар дэлгэрүүлэх чадвартай болохын тулд яах ёстой вэ?

18 Албан бусаар дэлгэрүүлэхэд бэлэн байдаг бол тааралдсан хүмүүсийн сонирхлыг сайн мэдээнд хандуулж чадна. Олон дэлгэрүүлэгч цүнх юм уу, халаасандаа ном хэвлэл авч явдаг. Бас боломж нь олдвол Библийн ямар зүйлийг бусадтай хуваалцахаа бодож явдаг. Албан бусаар дэлгэрүүлэхэд бэлэн байхын тулд яавал зохихыг хурлынхаа үйлчлэлийн харгалзагч юм уу, эхлэгчдээс асуугаарай.

АХ ДҮҮ ХАМААТНАА АЯАРХАН «СЭРЭЭГЭЭРЭЙ»

19. Аав ээж, ах дүү нартаа дэлгэрүүлэхээ болих ёсгүйн учир юу вэ?

19 Ер нь бид аав ээж, ах дүү нартаа үнэнийг ойлгуулчих юмсан гэж хүсдэг (Иош. 2:13; Үйлс 10:24, 48; 16:31, 32). Анх ярих гээд бүтээгүй бол дахиад ярих ямар ч урамгүй болдог. Юу ч хийсэн, яаж ч хэлсэн, тэдний үзэл бодлыг өөрчилж чадахгүй юм байна гэж бодоход хүрдэг. Гэхдээ тэдний амьдрал ахуй, үзэл бодол яваандаа өөрчлөгдөж болох юм. Эсвэл үнэнийг заах чадвар тань сайжраад ирэхийн цагт илүү сайн үр дүнд хүрч болох шүү дээ.

20. Хамаатантайгаа ярихдаа ая эвийг нь олох яагаад чухал бэ?

20 Бид аав ээж, ах дүүсийнхээ сэтгэлийг ойлгож мэдэрдэг байх хэрэгтэй (Ром 2:4). Дэлгэрүүлэх хэсгийнхээ хүмүүст ханддаг шигээ тэдэнтэй эелдэг харьцвал яадаг бол? Дөлгөөн байж, хүндэтгэлтэй яриарай. Зааж сургамжлахын оронд Библийн үнэн таныг яаж өөрчилснийг нотлон харуулаарай (Еф. 4:23, 24). Еховагаар заалгаснаар амьдрал тань хэрхэн сайжирсныг тодорхой ойлгуулаарай (Ис. 48:17). Христиан хүн яаж амьдардгийг яруу тод харуулаарай.

21, 22. Хамаатнууддаа дэлгэрүүлэхээ болихгүй байхын чухлыг харуулсан жишээ хэлнэ үү.

21 Саяхан нэг христиан эмэгтэй: «Би өөрийнхөө ах эгч дүү нийт 13 хүнд үг яриа, үйл хэргээрээ үнэнийг гэрчлэхийг байнга хичээдэг байлаа. Бүгдэд нь жил алгасалгүй захиа бичиж байв. Гэхдээ л 30 жил өнгөрөхөд хэн нь ч Гэрч болоогүй» гэж бичжээ.

22 Цааш нь тэрбээр: «Нэг өдөр би хол амьдардаг эгчтэйгээ утсаар ярьсан юм. Эгч маань номлогчоороо Библи заалгая гэсэн ч зааж өгдөггүй байжээ. Би тусалъя гэж хэлэхэд эгч маань: „Тэгье л дээ, гэхдээ би хэзээ ч Еховагийн Гэрч болохгүй гэдгийг чамд хэлчихье“ гэж байсан юм. „Библийн сургаалыг зөв ойлгох нь“ номыг явуулчихаад, эгч рүүгээ бараг өдөр болгон утастав. Эгч номоо нээж үзээгүй л байлаа. Сүүлдээ би эгчээсээ номоо бариад суухыг гуйж, иш татсан Библийн зүйлийн тухай утсаар 15 минут ярилцдаг болов. Хэдэн удаа ярьсны дараа эгч маань 15 минутаас илүү хугацаагаар хичээл хийе гэлээ. Тэгээд өөрөө над руу утастдаг болж, заримдаа намайг өглөө босоогүй байхад, заримдаа өдөрт хоёр удаа залгадаг болсон. Хойтон жил нь баптисм хүртэж, тэгээд жилийн дараа эхлэгч болсон юм» гэж ярьжээ.

23. Хүмүүсийг сүнслэг нойрноос нь сэрээхээ больж болохгүйн учир юу вэ?

23 Сүнслэгээр унтаж байгаа хүнийг сэрээхэд эв дүй, байнгын хүчин чармайлт шаардагддаг. Гэхдээ сайн мэдээ хүлээж авдаг даруу хүн олон байдаг. Сар бүр дунджаар 20 000 гаруй хүн баптисм хүртэж Еховагийн Гэрч болж байна. Тиймээс «Эзэн дотор хүлээж авсан үйлчлэлээ биелүүлэхийн тулд үйлчлэлдээ анхаарал тавь» гэж Архийпт өгсөн элч Паулын зөвлөгөөг санаж явцгаая (Кол. 4:17). Дараагийн өгүүллээр яарах сэтгэлээр дэлгэрүүлэхийн чухлыг ярилцъя.

[Догол мөрийн асуулт]

[13-р хуудасны хавсралт]

ЯАВАЛ СЭРГЭГ БАЙХ ВЭ?

▪ Бурхны хүсэл тааллыг биелүүлэх үйлсэд үргэлж идэвхтэй оролцоорой

▪ Харанхуйн үйлсээс хол яваарай

▪ Сүнслэгээр зүүрмэглэхийн аюулыг санаж яваарай

▪ Хэсгийнхээ хүмүүсийн талаар өөдрөг бодолтой байгаарай

▪ Дэлгэрүүлэх шинэ шинэ аргыг туршаарай

▪ Дэлгэрүүлэх ажил амин чухал гэдгийг санаарай