Skip to content

Гарчиг руу орох

Яарах сэтгэлтэй байгтун

Яарах сэтгэлтэй байгтун

Яарах сэтгэлтэй байгтун

«Үгийг дэлгэрүүлэгтүн. ... Шамд» (2 ТИМ. 4:2, МАБ).

ТАЙЛБАРЛАНА УУ

Нэгдүгээр зууны христианууд шамдан дэлгэрүүлдэг байсны учир юу вэ?

Яарах сэтгэлээ гээхгүйн тулд яах хэрэгтэй вэ?

Хаанчлалын тухай мэдээ тунхаглах ажлыг хэзээ хэзээнээс илүү шамдан хийх ёстой болсны учир юу вэ?

1, 2. Шамдан дэлгэрүүл гэсэн тушаалаас үүдэн ямар ямар асуулт гарч байна вэ?

 ХҮНИЙ амьтай холбоотой ажил хийдэг хүн яарах сэтгэлтэй байдаг. Жишээ нь, гал сөнөөгч дуудлага авмагц шууд хөдөлдөг. Яагаад гэвэл, хүний амь нас дээсэн дөрөөн дээр байгаа.

2 Еховагийн Гэрчүүд бид хүмүүсийг аврагдаасай гэсэндээ Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэхийг маш чухал гэж үздэг ч яарч тэвддэггүй. Тэгвэл Паул: «Үгийг дэлгэрүүлэгтүн. ... Шамд» гэж зөвлөхдөө юу бодож байсан юм бол? (2 Тим. 4:2, МАБ). Яарах сэтгэлээр шамдан дэлгэрүүлэх гэж яахыг хэлдэг вэ? Дэлгэрүүлэх ажлыг хойшлуулшгүй чухал гэхийн учир юу вэ?

ДЭЛГЭРҮҮЛЭХ АЖЛЫГ ХОЙШЛУУЛШГҮЙ ЧУХАЛ ГЭХИЙН УЧИР

3. Хаанчлалын тухай мэдээ хүлээж авсан болон хүлээж аваагүй хүмүүс эцэстээ юу амсах вэ?

3 Хаанчлалын тухай сайн мэдээ дэлгэрүүлэх ажил хүний амь настай холбоотойг бодох юм бол энэ ажлыг шамдан хийх зайлшгүй хэрэгтэйг та ойлгох биз ээ (Ром 10:13, 14). Бурхны Үгэнд «Би хорон муу хүнд „Чи заавал үхэх болно“ хэмээн айлдахад, тэрээр өөрийн нүглээс буцаж, шударга ёс, зөвт үйлсийг үйлдвэл ... заавал амьдрах болно. Тэр үхэхгүй. Түүний үйлдсэн нүглийн нэг нь ч түүний эсрэг дурсагдахгүй» гэж байдаг (Езе. 33:14–16). Тийм ч учраас Библи Хаанчлалын тухай мэдээ тунхагладаг хүмүүст «Чи өөрийгөө болон чамайг сонсогчийн хэн хэнийг нь аварна» гэж хэлдэг (1 Тим. 4:16; Езе. 3:17–21).

4. Паул Тимотод шамдан дэлгэрүүлэхийг захисны учир юу вэ?

4 Паул Тимотод шамдан дэлгэрүүлэхийг захисны учрыг ойлгохын тулд энэ өгүүллийн үндэс болсон Библийн зүйлийг хам сэдэвтэй нь авч үзье. Библид «Чи үгийг дэлгэрүүлэгтүн, цаг болсон ч, цаг болоогүй ч шамдан үргэлж хүлцэнгүй ба сургаалаар ухуулан, зэмлэн ятгагтун. Юу гэвэл, хүн эрүүл зөв сургаалыг дагалгүй, чих нь загатнаж, өөрийн хүслээр өөрсдөдөө багш нарыг цуглуулах бөгөөд үнэнийг сонсохоос урвана» гэсэн байдаг (2 Тим. 4:2–4, МАБ). Тэрс явдал гарахыг Есүс зөгнөж байсан (Мат. 13:24, 25, 38). Тимот үүнээс урьтаж хурал дотор ч «үгийг дэлгэрүүлэх» ёстой байлаа. Тэгвэл христианууд сэтгэл татам хуурамч сургаалд хууртахгүй байх байв. Эс бөгөөс тэд амиа ч алдаж болох байлаа. Тэгвэл өнөөдөр ямар вэ?

5, 6. Бид дэлгэрүүлж явахдаа ямар үзэл бодолтой хүмүүстэй тааралддаг вэ?

5 Эдүгээ жинхэнэ шүтлэгт тэрслэх явдал улам гаарчээ (2 Тес. 2:3, 8). Өнөөдөр хүмүүс ямар сургаалд татагдаж байна вэ? Олон оронд хувьслын буюу эволюцийн сургаалыг шашны ариун дагшин сургаал адил үзэж идэвхтэй дэмждэг. Эволюцийг шинжлэх ухааны үндэстэй юм шиг тайлбарладаг нь Бурхныг болон бусдыг үзэх хүний үзэл бодолд хүчтэй нөлөөлдөг. Бурхан хүнийг ерөөсөө анхаардаггүй учир түүнийг мэдэх шаардлагагүй гэсэн бас нэг түгээмэл сургаал байдаг. Эдгээр сургаал олон сая хүнийг татаж, сүнслэгээр бүүвэйлдгийн учир юу вэ? «Чамайг хариуцлагад татахгүй юм чинь юу хүссэнээ хий» гэж уриалдгаас тэр юм. Чих нь «загатнасан» олон хүн энэ үгийг таашаан сонсдог (Дуулал 10:4-ийг уншина уу).

6 Хүмүүс өөр ямар сургаалд татагддаг вэ? «Юу ч хийсэн Бурхан чамайг хайрладаг» гэдэг үгийг сонсох дуртайдаа сүмд явдаг хүн байдаг. Шашны баяр наадам тэмдэглэх, зан үйл сахих, зураг хөрөг шүтвэл Бурхны ивээлийг хүртэнэ гэж хэлсэн лам, пасторуудын үг зарим хүнд таатай сонсогддог. Тэд аюултай байдалд байгаагаа анзаардаггүй (Дуу. 115:4–8). Тийм хүмүүст Библийн үнэнийг ойлгуулж, сүнслэгээр сэрээвэл тэд Бурхны Хаанчлалын ивээл хүртэнэ.

ШАМДАН ДЭЛГЭРҮҮЛНЭ ГЭЖ ЯАХЫГ ХЭЛЭХ ВЭ?

7. Яарах сэтгэлтэй маань юунаас харагдах вэ?

7 Сайн эмч мэс засал хийж байхдаа өөр юм анхаардаггүй. Учир нь түүний ажил хүний амьтай холбоотой. Дэлгэрүүлэх ажлын тухайд бол хүмүүсийн тавьдаг асуулт, сонирхдог сэдэв, сонсох дуртай мэдээллийг анхаарч үзэх нь яарах сэтгэлийн илрэл болдог. Хэрэв бид яарах сэтгэлтэй бол хүмүүстэй уулзах боломжтой цагийг тааруулан хуваариа өөрчилж чадна (Ром 1:15, 16; 1 Тим. 4:16).

8. Яарах сэтгэлтэй байна гэж яахыг хэлэх вэ?

8 Юуг эн тэргүүнд тавьдгаас яарах сэтгэлтэй эсэх маань харагдана (Эхлэл 19:15-ыг уншина уу). Жишээ нь, таныг эмч дуудаад шинжилгээний тань хариуг үзүүлж, «Их ноцтой юм байна. Сарын дотор эмчлүүл» гэж хэлж байна гэж бодъё. Та дуудлага авсан гал сөнөөгч шиг эмчийн өрөөнөөс яарч сандран гарахгүй нь ойлгомжтой. Юуны түрүүнд зөвлөгөөг анхааралтай сонсоно. Тэгээд гэр лүүгээ явна. Дараа нь, юу хийх шаардлагатайгаа нухацтай бодох нь лавтай.

9. Паул Ефес хотод яарах сэтгэлээр дэлгэрүүлж байсан гэхийн учир юу вэ?

9 Элч Паул Азийн дүүрэгт дэлгэрүүлсэн тухайгаа Ефес дэх хурлын ахлагчдад ярьсныг үзвэл яарах сэтгэлтэй байсныг нь ойлгож болно (Үйлс 20:18–21-ийг уншина уу). Ирсэн өдрөөсөө эхлэн айлаар явж сайн мэдээ дэлгэрүүлсэн ажээ. Мөн түүнчлэн, хоёр жилийн хугацаанд «Туранны сургууль дээр өдөр бүр сургамжлах» хуваарь гарган, мөрдөж байв (Үйлс 19:1, 8–10). Яарах сэтгэлтэйдээ ийм хуваариар ажилласан нь тодорхой. Бид Паулын уриалснаар шамдан дэлгэрүүлэх ёстой ч даалгавраа дарамт гэж үзэх учиргүй. Гэхдээ дэлгэрүүлэх ажлыг эн тэргүүнд тавих ёстой.

10. Библи Судлаачид яарах сэтгэлээр дэлгэрүүлж эхэлсэнд бид яагаад баярлах ёстой вэ?

10 1914 оноос өмнө сайн мэдээ түгээж эхэлсэн Библи Судлаачдын жижигхэн бүлэг яарах сэтгэлтэй байхын үлгэр дууриал үзүүлсэн. Цаг хугацаа давчуу гэдгийг ойлгосон тэд хэдхэн мянгуулаа байсан хэр нь Хаанчлалын тухай идэвхийлэн тунхаглаж байв. Илтгэл лекц, номлолоо олон зуун сонинд нийтэлж, өнгөт зургийг хөдөлгөөнт зурагтай хослуулан найруулж кино хальсанд буулгасан «Бүтээлийн фото драм» гэдэг нэртэй хөтөлбөр үзүүлж байв. Ийнхүү олон сая хүнд сайн мэдээ хүргэжээ. Хэрэв тэд яараагүй бол өнөөдөр ийм олон хүн Хаанчлалын тухай сайн мэдээ сонсох байсан гэж үү? (Дуулал 119:60-ыг уншина уу).

ЯАРАХ СЭТГЭЛЭЭ БҮҮ ГЭЭГТҮН

11. Зарим хүн юунаас болоод яарах сэтгэлээ гээдэг вэ?

11 Өөр юманд сатаарвал дэлгэрүүлэх ажлыг чухал гэж үздэггүй болж мэднэ. Сатаны ертөнцийн зорилго бол бидний хамаг анхаарлыг хувийн ажил, аахар шаахар юманд чиглүүлэх явдал юм (1 Петр 5:8; 1 Иох. 2:15–17). Нэгэн цагт Еховад үйлчлэхийг амьдралынхаа эн тэргүүнд тавьж байснаа, яарах сэтгэлээ гээсэн хүмүүс байдаг. Жишээ нь, Паулын «хамтран зүтгэгчдийн» нэг Дем гэгч христиан ёс бус ертөнцөд татагджээ. Хэцүү үед нь Паулыг дэмжиж зоригжуулахын оронд хаяад явдаг (Флм. 23, 24; 2 Тим. 4:10).

12. Одоо бидэнд ямар боломж байгаа вэ? Ирээдүйд юу хийх вэ?

12 Яарах сэтгэлээ гээхгүй байя гэвэл энэ ертөнцөөс илүү ихийг олж авах гэсэн хүсэлтэйгээ тэмцэх хэрэгтэй. Нөр их хөдөлмөрлөж байж л «жинхэнэ аминд хүрнэ» шүү дээ (1 Тим. 6:18, 19). Та Бурхны Хаанчлалын захиргаан дор дэлхийд мөнх амьдрахлаараа дуртай сонирхолтой юмаа хийнэ гэдэгт эргэлздэггүй байх. Харин одоо бол Хармагедоныг эсэн мэнд давахад нь хүмүүст туслах цаг. Ийм боломж дахиж хэзээ ч олдохгүй.

13. Яарах сэтгэлээ гээхгүйн тулд яах хэрэгтэй вэ?

13 Ихэнх хүн сүнслэгээр унтаж байгаа энэ үед яарах сэтгэлээ гээхгүйн тулд яах хэрэгтэй вэ? Нэгэн үе бид Бурхныг мэддэггүй, ирээдүйн найдваргүй байснаа санах хэрэгтэй. Харин одоо Ехова Есүс хоёрын тухай үнэнийг мэдсэн бөгөөд хүмүүст тэр үнэнийг заах завшаан эдэлж байна (Ефес 5:14-ийг уншина уу). Элч Паул: «Та нар мэргэн бус хүмүүс шиг биш, харин мэргэн хүмүүсийн адилаар хэрхэн алхаж буйгаа хянаж бай. Цагийг авар [«өөртөө зохистой цагийг зольж авагтун», ШЕ]. Яагаад гэвэл өдрүүд нь бузар булай аж» гэж бас бичжээ (Еф. 5:15, 16). Өнөөгийн ёс бус ертөнцөд сүнслэгээр сэргээх үйлсэд оролцохын тулд «зохистой цагийг зольж» авцгаая.

БИД ЧУХАЛ ЦАГ ҮЕД АМЬДАРЧ БАЙНА

14-16. Хаанчлалын тухай мэдээ тунхаглах ажлыг хэзээ хэзээнээс илүү шамдан хийх болсны учир юу вэ?

14 Христианууд дэлгэрүүлэх ажлыг шамдан хийсээр ирсэн. Харин одоо, цагийн байдал бүр түгшүүртэй болжээ. Бурхны Үгэнд бичигдсэн олон хэсэг бүхий шинж тэмдэг 1914 оноос тодорхой харагдаж эхэлсэн (Мат. 24:3–51). Хүн төрөлхтнийг сүйрүүлэх аюул урьд хожид байгаагүйгээр ихэсжээ. Том том гүрнүүд саяхан энхийн хэлэлцээр хийсэн ч хөөргөхөд бэлэн болсон 2 000 орчим цөмийн пуужин байсаар байна. Цөмийн материал хэдэн зуугаараа «алдагдсан» гэж эрх баригчид мэдээлж байна. Зарим нь алан хядагчдын гарт орсон юм биш биз? Ажиглагчдын хэлж байгаагаар, алан хядагчид дайн өдүүлбэл хүн төрөлхтнийг сүйрүүлэхэд ядах юмгүй ажээ. Гэхдээ зөвхөн дайн л хүн төрөлхтнийг заналхийлээгүй.

15 2009 оны нэгэн тайланд «Хүний эрүүл мэндэд заналхийлж байгаа 21-р зууны хамгийн том аюул бол цаг уурын өөрчлөлт юм. Үүний улмаас ойрын хэдэн арван жилийн хугацаанд хүн амын дийлэнх нь эрүүл мэндээрээ хохирч, олон тэрбум хүний амь насанд аюул учирна» гэж бичжээ («The Lancet» and University College London). Ган гачиг, үер ус, өвчин тахал, хар салхи болон далайн түвшин нэмэгдэж байгаагаас нөөц баялаг хомсдож дайн гарахад хүрээд байна. Дайн дажин, байгалийн гамшиг хүн төрөлхтөнд аюул занал учруулж байна.

16 Цөмийн дайнаас үүдээд тэрхүү «шинж тэмдэг» тодорхой болж, ертөнц сөнөнө гэж зарим хүн боддог. Гэтэл ихэнх хүн Есүсийн зөгнөлийг сайн ойлгодоггүй. Христ үнэхээр залран байгаа бөгөөд ёс бус ертөнц төгсгөл рүүгээ асар хурдан ойртож байгаагийн баталгаа илэрхий харагдаад олон арван жил болж байна (Мат. 24:3). Урьд нь ийм олон шинж тэмдэг нэг дор илэрч байсангүй. Одоо бол сүнслэгээр унтаж байгаа хүмүүсийн сэрэх цаг мөн. Бид дэлгэрүүлж байж л тэднийг сэрээнэ.

17, 18. а) Ямар «цаг үед» амьдарч байгаагаа ойлгосон христиан яадаг вэ? б) Хүмүүс юунаас болоод сайн мэдээнд нааштай хандаж эхэлдэг вэ?

17 Еховад хайртайгаа батлан харуулах, Хаанчлалын тухай мэдээ тунхаглах цаг тун бага үлджээ. «Цаг үеийг, нойрноосоо сэрэх цаг хэдийнээ болжээ гэдгийг мэдэн үүнийг хий. Учир нь урьд бидний итгэсэн үеэс аврал одоо бидэнд улам ойрхон байна» гэж Ромын христиануудад хэлсэн Паулын үг өнөөгийн бидэнд бүр ч их хамаатай (Ром 13:11).

18 Эцсийн өдрүүдийн тухай зөгнөсөн үйл явдлуудыг олж харсан хүн сүнслэг хэрэгцээгээ мэдэрдэг. Эдийн засгийн хямрал, цөмийн аюул, гэмт хэрэг, байгаль орчны бохирдол гэх зэрэг олон асуудлыг хүний засгийн газар шийдэж чадахгүй байгааг ухаарсан нэг нь хүн төрөлхтөнд тусламж хэрэгтэйг ойлгодог. Зарим нь эрүүл мэнд муудах, гэр бүл салах, дотны хүнээ алдах гэх зэргээс болоод сүнслэг хэрэгцээгээ мэдэрч эхэлдэг. Дэлгэрүүлэх ажилд оролцвол ийм хүмүүст тусалж чадна.

ЯАРАХ СЭТГЭЛДЭЭ ХӨТЛӨГДӨХ НЬ

19, 20. Яарах сэтгэлдээ хөтлөгдсөн христианууд амьдралаа яаж өөрчилсөн бэ?

19 Олон христиан яарах сэтгэлдээ хөтлөгдөн үйлчлэлээ өргөжүүлдэг. Жишээ нь, Эквадорт амьдардаг нэгэн залуу хос «Нүдээ цэвэр байлга» гэсэн сэдэвтэй тусгай чуулганы хөтөлбөр сонсоод энгийн амьдрахаар шийджээ. Тэгээд хэрэглэхгүй юмаа жагсааж бичсэн байна. Гурван сарын дотор гурван өрөө байрнаасаа гарч, нэг өрөө байранд нүүж ороод, зарим юмаа зарж, өрнөөсөө салжээ. Удалгүй туслах эхлэгч болж, дэлгэрүүлэгчийн хэрэгцээ ихтэй хуралд үйлчил гэсэн дүүргийн харгалзагчийн зөвлөгөөг хүлээн авчээ.

20 Хойд Америкт амьдардаг нэг Гэрч: «Би эхнэртэйгээ 2006 онд болсон чуулганд суусан юм. Тэгэхэд бид хоёр баптисм хүртээд 30 жил болж байлаа. Чуулган тараад харих замдаа энгийн амьдрах тухай зөвлөгөөг хэрхэн хэрэгжүүлэхээ ярилцсан юм (Мат. 6:19–22). Бид гурван байшин, эдлэн газар, үнэтэй чамин машин, моторт завь, гэр машинтай байсан. Мунхаг христиан шиг харагддаг байх гэж бодоод бүрэн цагаар үйлчлэхийг зорилгоо болгосон. 2008 онд охин шигээ, байнгын эхлэгч болсон юм. Сүнслэг ах дүүстэйгээ илүү ойр дотно болж, мөр зэрэгцэн үйлчлэх хэчнээн сайхан гээч! Тэгээд хэрэгцээ ихтэй газар үйлчлэх болсон. Бас Еховагийн төлөө илүү ихийг хийх тусам түүнтэй дотно болсон. Бурхны Үгийг сонсоод, ойлгосон хүний нүд гэрэлтдэг. Үүнийг харах шиг сайхан юм байхгүй» гэж бичжээ.

21. Бид юу мэддэг учраас шамдан дэлгэрүүлдэг вэ?

21 Тун удахгүй «бурханлаг бус хүмүүсийн шүүлт ба сүйрлийн өдөр» болж, өнөөгийн ёс бус ертөнц устгагдана (2 Петр 3:7). Бид үүнийг Бурхны Үгнээс мэдэж авсан учир агуу их гай гамшгийн тухай, шинэ ертөнцийн тухай идэвхтэй тунхагладаг. Хүмүүсийг жинхэнэ найдвартай болоосой гэсэндээ ямагт яарах сэтгэлтэй байдаг. Энэхүү хойшлуулшгүй чухал ажилд бүрэн дүүрэн оролцсоноор Бурхныг болон бусдыг хайрладгаа харуулна.

[Догол мөрийн асуулт]