Skip to content

Гарчиг руу орох

Намтар

Далан жил нэг иудей хүний хувцаснаас зуурч явна

Далан жил нэг иудей хүний хувцаснаас зуурч явна

Леонард Смитийн яриа

Арван хэдтэй байхдаа уншсан Библийн хоёр зүйл сэтгэлийг минь хөдөлгөж билээ. Тэр цагаас хойш 70 гаруй жил өнгөрчээ. «Арван хүн нэг иудей хүний хувцаснаас зуурч» байгаа тухай гардаг Зехариа 8:23-ыг ойлгодог болсон тэр үеэ одоо ч санаж байна. Арван хүн нэг иудей хүнд «Бурхан та нартай хамт байгааг бид сонслоо» гэж хэлдэг.

НЭГ иудей хүн нь тослогдсон христиануудыг, «арван хүн» нь дээхэн үед «ионадабчууд» гэж нэрлэгддэг байсан «өөр хонинуудыг» төлөөлдөг (Иох. 10:16, ШГ). Би үүнийг ойлгомогцоо дэлхий дээр мөнх амьдрах эсэх маань тослогдсон христиануудыг хэр зэрэг үнэнчээр дэмждэгээс шалтгаалах юм байна гэдгийг ухаарч билээ.

Бас Матай 25:31–46-д байдаг «хонь», «ямаа»-ны тухай Есүсийн ёгт үлгэр сэтгэлийг минь их хөдөлгөсөн. «Хонь» гэдэг нь төгсгөлийн үед шүүх ажиллагаа болоход нааштай шийдвэр сонсох хүмүүс юм. Учир нь тэд Христийн ах дүүсийг дэлхий дээр байх хугацаанд нь тусалж дэмжиж байсан билээ. Залуу «ионадаб» би өөртөө «Лен, хэрэв чи Христийн нүдэнд хонь шиг харагдахыг хүсэж байгаа бол тослогдсон ах дүүсийг нь дэмжиж, тэднээр удирдуулах хэрэгтэй. Яагаад гэвэл, Бурхан тэдэнтэй хамт байна» гэж хэлэв. Дал гаруй жилийн турш энэ бодолдоо хөтлөгдөж ирлээ.

«БИ ХААНА БАЙХ ЁСТОЙ ВЭ?»

Ээж минь 1925 онд Бетелийн цуглааны танхимд баптисм хүртсэн гэдэг. Лондонгийн асар гэгддэг байсан тэр танхимд тэндхийн ах дүү нар цуглаанаа явуулдаг байв. Би 1926 оны аравдугаар сарын 15-нд төрсөн. 1940 оны гуравдугаар сард Английн Дувр гэдэг далайн эргийн хотод болсон чуулганаар баптисм хүртсэн. Түүнээс хойш Библийн үнэнийг бүр ч их эрхэмлэх болсон. Ээж тослогдсон христиан байсан болохоор миний хувьд хувцаснаас нь зуурсан анхны иудей хүн байлаа. Тэр үед аав эгч хоёр Еховад үйлчилдэггүй байв. Ээж бид хоёр Английн зүүн өмнөд нутгийн, дийлэнх нь тослогдсон христиануудаас бүрддэг «Жиллинхам» хурлын гишүүд байлаа. Ээж минь дэлгэрүүлэх ажилд хичээл зүтгэлтэй оролцдогоороо сайхан үлгэр жишээ үзүүлсэн.

1941 оны есдүгээр сард Лестер хотод чуулган болсон юм. Тэр чуулганд тавьсан «Үнэнч байдал» гэдэг илтгэлээр орчлонт ертөнцийн хэмжээгүй эрх мэдэлтэй холбоотой маргаантай асуудлыг ярив. Ехова болон Сатаны хооронд болсон маргаан хүмүүс бидэнд хамаатай учраас Орчлонт ертөнцийн хэмжээгүй эрхт Эзэн Еховагийн талд зогсож, түүнд үнэнч байх хэрэгтэйг энэ илтгэлээс анх удаа ойлгож авав.

Тэр чуулганаар эхлэгчийн үйлчлэлийг их онцолж, эхлэгчээр үйлчлэх зорилго тавихыг охид хөвгүүдэд уриалж байлаа. «Бурхны байгууллагад эхлэгчийн эзлэх байр суурь» гэдэг илтгэлийг сонсоод, «Би хаана байх ёстой вэ?» гэж бодов. Би ионадабчуудын нэг учраас тослогдсон ангид тусалж, дэлгэрүүлэх ажилд чадлынхаа хэрээр оролцох үүрэгтэй юм байна гэдгээ тэр чуулганаар ойлгож билээ. Тэгээд Лестерээс яваагүй байхдаа эхлэгч болох хүслээ илэрхийлж анкет бөглөв.

ДАЙНЫ ҮЕД ЭХЛЭГЧЭЭР ҮЙЛЧИЛСЭН МИНЬ

1941 оны арван хоёрдугаар сарын 1-нд, 15 настайдаа тусгай эхлэгчээр томилогдлоо. Эхлээд ээжтэйгээ хамт жил шахуу үйлчилж байтал бие нь муудаад эхлэгчээр үйлчилж чадахгүй болов. Тэгэхлээр нь, Рон Паркин гэдэг хүнийг (одоо Пуэрто Рико дахь Салбарын хороонд үйлчилж байгаа) надтай хамт үйлчлүүлэхээр Лондон дахь салбараас томиллоо.

Бид хоёр Кентэд байдаг Бродстерс, Рамсгейт гэдэг далайн эргийн жижиг хотуудад үйлчлэхээр томилогдож, тэнд байр хөлсөлж амьдрах болов. Тусгай эхлэгчийн авдаг нөхөн олговор сарын 40 шиллинг (тэр үеийнхээр ойролцоогоор 8 ам.доллар). Ихэнх мөнгө байрны түрээсэнд явчихлаар үлдсэн жаахан мөнгөө хүргэж ядна. Гэхдээ л Ехова ямар нэг аргаар хэрэгцээтэй бүхнийг өгдөг байсан даа.

Бид дугуйгаар их явна. Дугуйн дээрээ баахан юм аччихаад, Хойд тэнгисийн хүчтэй салхины өөдөөс жийж гарна даа. Лондонг бөмбөгдөхөөр яваа Германы Фау-1 пуужингууд Кентийн дээгүүр шүргэх шахан нисэхийг ч үзсэн, агаарын довтолгоог ч үзсэн. Нэг удаа бөмбөг толгой дээгүүр өнгөрөхөд би дугуйнаасаа үсэрч шуудуунд орж хэвтэв. Тэгтэл нөгөө бөмбөг холгүйхэн дэлбэрч билээ. Тэглээ ч Кентэд эхлэгчээр үйлчилсэн тэр жилүүд сайхан байж дээ.

«БЕТЕЛИЙН ХҮҮ» БОЛСОН МИНЬ

Ээж минь Бетелийн тухай байнга бахдан ярьдаг сан. «Бетелийн хүү болохоос илүү сайхан юм хаа байх вэ» гэж хэлдэг байв. 1946 оны нэгдүгээр сард Лондонгийн Бетелд гурван долоо хоног ажиллах урилга ирэхэд гайхах, баярлах зэрэгцэж билээ. Ажиллах хугацаа дуусах дөхөж байтал салбарын ажлыг хариуцдаг Прайс Хьюз ах намайг Бетелд үлдээч гэлээ. Тэндээс сурсан юм цаашдын минь амьдралд тун их хэрэг болсон доо.

Тэр үеийн Лондонгийн Бетел 30 шахам гишүүнтэй, дийлэнх нь ганц бие залуу эрчүүд, мөн түүнчлэн Прайс Хьюз, Эдгар Клей, Удирдах Зөвлөлийн гишүүн болсон Жек Барр зэрэг тослогдсон хүмүүс байв. Залуу хүү миний хувьд «багана» болсон эдгээр сүнслэг харгалзагчдаар удирдуулан ажиллаж, Христийн ах дүүсийг дэмжинэ гэдэг үнэхээр том завшаан байсан! (Гал. 2:9).

Ажлаа хийж байтал намайг дуудаж, нэг эмэгтэй чамтай уулзахаар үүдэн дээр ирээд байна гэж хэллээ. Тэгтэл ээж минь гартаа боодолтой юм барьчихсан зогсож байдаг байгаа! Ээж миний ажилд саад болохгүй гээд дотогшоо орсонгүй. Харин нөгөө боодолтой юмаа өгчихөөд явлаа. Тэр нь дулаахан пальто байв. Ийм халамжтай ээжийгээ хараад, асарт үйлчилдэг балчир хүү Самуелдаа дээл авчирж өгдөг байсан Ханнаг санаж билээ (1 Сам. 2:18, 19).

«ГИЛЕАД» СУРГУУЛИЙН МАРТАГДАШГҮЙ ДУРСАМЖ

1947 онд бидний таван бетелчинд «Гилеад» сургуульд суралцах урилга ирэв. Тэгээд хойтон жил нь бид 11-р ангид орсон юм. Биднийг АНУ-ын Нью-Йорк мужид сурахаар очиход чөмөг царцам хүйтэн байв. Ээжийн минь өгсөн нөгөө дулаахан пальто аминд орсон доо!

Мартагдашгүй зургаан сарыг Гилеадад өнгөрөөлөө. 16 орноос ирсэн хүмүүстэй хамт нэг ангид суралцаад юманд наанатай цаанатай ханддаг болсон доо. Сургуульд сураад их ч юм ойлгож авсан. Төлөвшсөн христиан нөхдөөсөө ч суралцсан. Хамт сурч байсан Ллойд Барри, сургуулийн багш Альберт Шрөдер, Хаанчлалын фермийн («Гилеад» сургууль тэнд байсан) харгалзагч Жон Бүүт нар хожим нь Удирдах Зөвлөлийн гишүүн болсон. Би энэ хүмүүсийн захиасыг эрхэмлэж явдаг. Еховад, Еховагийн байгууллагад яаж үнэнч байхыг өөрсдийн биеэр үзүүлсэн хүмүүс дээ.

ДҮҮРГИЙН ХАРГАЛЗАГЧ, ДАХИАД БЕТЕЛЧИН

«Гилеад» сургууль төгсөөд АНУ-ын Охайо мужид дүүргийн харгалзагчаар томилогдохдоо 21-хэн настай байлаа. Цэл залуу намайг тэндхийн ах дүү нар халуун дотноор угтан авч билээ. Тэр дүүргийн туршлагатай ахмад христиануудаас их юм сурсан.

Хэдхэн сарын дараа Бруклины Бетелээс урилга ирж, би дахиад сургалтад хамрагдав. Тэр үед Милтон Хеншел, Карл Клайн, Нейтан Норр, Т. Ж. (Бад) Салливан, Лайман Свингл нарын «баганануудтай» танилцсан. Тэд бүгдээрээ Удирдах Зөвлөлийн бүрэлдэхүүнд багтаж байсан хүмүүс юм. Ажил үүрэг, хүмүүс гээд бүх юманд христиан ёсоор хандаж байгааг нь ажиглаж арвин их туршлага хуримтлуулж, Еховагийн байгууллагад зуу дахин итгэдэг болсон. Дараа нь би Европ руу томилогдов.

Ээж минь 1950 оны хоёрдугаар сард нас барсан. Ээжийг оршуулсны дараа аав эгч хоёртойгоо илэн далангүй ярилцлаа. Ээж өнгөрчихлөө, би гэрээсээ хол байна. Та хоёр Библийн үнэнийг мэдэх талаар ямар бодолтой байна гэж асуув. Тэд Харри Браунин гэдэг өндөр настай тослогдсон ахыг мэддэг, хүндэлдэг байсан учир түүнтэй үнэний тухай ярилцаж байхаар боллоо. Жилийн дотор аав эгч хоёр баптисм хүртсэн. Дараа нь аав Жиллинхам хуралд үйлчлэгчээр томилогдсон. Аавыг нас барснаас хойш эгч Дора минь Рой Мортон гэдэг үнэнч ахлагчтай гэрлээд Еховад тууштай үйлчилсэн. Эгч маань 2010 онд нас барсан.

ФРАНЦЫН ИТГЭЛ НЭГТНҮҮДДЭЭ ТУСАЛСАН МИНЬ

Дунд сургуульд франц, герман, латин хэл үзэж байлаа. Франц хэл хамгийн хэцүү нь байсан. Тийм болохоор, Франц дахь Парис Бетелд үйлчлээч гэсэн хүсэлтийг сонсоод яахаа мэдэхгүй тээнэгэлзэж билээ. Тэнд очоод салбарын үйлчлэгч Анри Жежей гэдэг өндөр настай тослогдсон ахтай хамт ажиллах болсон нь их завшаан байлаа. Ажил үүрэг маань тэр бүр амар хялбар байсангүй. Онохоосоо алдах нь их. Гэхдээ би хүмүүстэй харьцах талаар их юм сурсан.

Дайны дараах анхны олон улсын чуулганыг 1951 онд Парис хотноо хийхээр төлөвлөхөд би зохион байгуулах ажилд оролцсон. Явуулын харгалзагч Леопол Жонтес гэдэг залуу надад туслахаар Бетелд ирэв. Хожим нь тэр хүн салбарын харгалзагчаар томилогдсон. Эйфелийн цамхгийн дэргэдэх спортын ордонд чуулган боллоо. 28 орны төлөөлөгчид ирсэн. Чуулганд нийт 10 456 хүн хүрэлцэн ирсэнд Францын 6 000 Гэрч магнай тэнийн баярласан!

Анх Францад ирэхдээ францаар маруухан ярьдаг байлаа. Ядахдаа, буруу хэлчихнэ гэж бодоод амаа үдүүлчихсэн юм шиг байдаг байв. Уг нь буруу зөрүү ч хамаагүй ярих л хэрэгтэй юм билээ. Тэгэхгүй бол хэн миний алдааг засаж өгөх билээ? Ерөөсөө сайжрахгүй шүү дээ.

Хэлний мэдлэгээ сайжруулахаар шийдэн гадаадынханд франц хэл заадаг сургуульд оров. Цуглаангүй өдрийн орой хичээлдээ сууна. Яваа яваандаа франц хэлэнд дурлах болов. Үүний ачаар Франц дахь салбарын орчуулгын ажилд тусалж чадсан юм. Сүүлдээ би өөрөө орчуулагч болж, англи хэлнээс франц руу орчуулж байсан. Боолын ангийн өгсөн арвин их сүнслэг хоолыг дэлхийн өнцөг булан бүрд байдаг франц хэлтэй ах дүү нартаа дамжуулах ажилд оролцоно гэдэг нэр төрийн хэрэг байсан (Мат. 24:45–47).

ГЭР БҮЛТЭЙ Ч БОЛСОН, ҮЙЛЧЛЭЛЭЭ Ч ӨРГӨЖҮҮЛСЭН

1956 онд эхлэгчээр үйлчилдэг Эстер гэдэг швейцар бүсгүйтэй гэрлэв. Бид хоёр хэдэн жилийн өмнө танилцсан юм. Лондонгийн Бетелийн дэргэдэх Хаанчлалын танхимд (ээжийн минь баптисм хүртсэн, хуучнаар Лондонгийн асар гэгддэг) хуримын ёслолоо хийсэн. Хьюз ах хуримын илтгэл тавьж билээ. Эстерийн ээж хурим дээр ирсэн. Хадам ээж маань бас тэнгэрийн найдвартай байсан юм билээ. Ингээд сайхан, үнэнч ханьтай төдийгүй сүнслэг бодолтой, сайн хадамтай болсон доо. Хадам ээжийгээ 2000 онд дэлхий дэх амьдралаа дуусгах хүртэл их л дотно байлаа.

Хуримын дараа Эстер бид хоёр Бетелээс өөр газар амьдарч байлаа. Би Бетелд орчуулгын ажил хийж, Эстер Парис хотын захын дүүрэгт тусгай эхлэгчээр үйлчлэв. Эхнэр маань нэлээд хэдэн хүнийг Еховагийн үйлчлэгч болоход нь тусалсан. 1964 онд биднийг Бетелд урив. 1976 онд Салбарын хороо байгуулагдах үед намайг гишүүнээр томилов. Эстер минь надад олон жил өмөг түшиг болж байна даа.

«ТА НАР НАДТАЙ ҮРГЭЛЖ ЦУГ БАЙХГҮЙ»

Би Нью-Йорк дахь Еховагийн Гэрчүүдийн байгууллагын төвд ажлаар үе үе очдог байлаа. Тэгж очихдоо Удирдах Зөвлөлийн янз бүрийн гишүүдээс сайхан зөвлөгөө авна. Жишээ нь, ажлаа цагт нь багтааж амжихгүй байна гэж нэг удаа намайг санаа зовонгуй хэлэхэд Норр ах инээмсэглээд, «Санаа зоволтгүй. Ажиллаад бай!» гэв. Тэр цагаас хойш, ажил давхацсан үед сандарч тэвдэлгүй, нэг ажлаа гараас гаргаж, нөгөөг нь барьж авсаар голдуу цагт нь дуусгадаг болсон.

Есүс нас барахынхаа өмнө шавь нартаа «Та нар Надтай үргэлж цуг байхгүй» гэж хэлсэн байдаг (Мат. 26:11). Өөр хонинууд бид ч гэсэн Христийн тослогдсон ах дүү нартай үргэлж хамт байхгүйгээ мэддэг. Тийм учраас, би тослогдсон олон хүнтэй 70 гаруй жилийн турш дотносон нөхөрлөж, нэг ёсондоо, иудей хүний хувцаснаас зуурч явсныгаа үнэлж баршгүй их завшаанд тооцдог юм.

[21-р хуудасны товчлол]

Норр ах инээмсэглээд, «Санаа зоволтгүй. Ажиллаад бай!» гэж хэлсэн

[19-р хуудасны зураг]

(Зүүн) Ээж аав хоёр

(Баруун) 1948 онд «Гилеад» сургуулийн гадаа, ээжийн өгсөн дулаан пальтотой байгаа нь

[20-р хуудасны зураг]

1997 онд Франц дахь салбарыг зориулах ёслолын үеэр Ллойд Барри ахын илтгэлийг орчуулж байгаа нь

[21-р хуудасны зураг]

(Зүүн) Эстер бид хоёрын хуримын өдөр

(Баруун) Хамт дэлгэрүүлж байгаа нь