Skip to content

Гарчиг руу орох

Еховад бүх зүрхээрээ үйлчилцгээе

Еховад бүх зүрхээрээ үйлчилцгээе

Еховад бүх зүрхээрээ үйлчилцгээе

«Миний хүү ... өөрийн эцгийн Бурханыг таньж мэдэн, бүх зүрх[ээрээ] ... Түүнд үйлчлэгтүн» (Ш.ДЭЭД 28:9).

ДАРААХ АСУУЛТЫН ХАРИУГ ОЛООРОЙ

Бэлгэдлийн зүрх гэж юу вэ?

Зүрхээ шалгах ямар арга байдаг вэ?

Еховад бүх зүрхээрээ байнга үйлчлэхийн тулд яах хэрэгтэй вэ?

1, 2. а) Бурхны Үгэнд хүний биеийн ямар эрхтнийг бусад эрхтнээс илүү олон удаа бэлгэдлийн утгаар бичсэн байдаг вэ? б) Бэлгэдлийн зүрх гэж юу болохыг ойлгох нь яагаад амин чухал бэ?

 БУРХНЫ ҮГЭНД хүний биеийн эрхтэнг их төлөв бэлгэдлийн утгаар бичсэн байдаг. Жишээлбэл, Иов: «Миний гарт хүчирхийлэл байхгүй» гэж хэлсэн байхад, Соломон хаан: «Сайн мэдээ ясанд эм болдог» хэмээн бичжээ. Ехова Езекиелд «Би чиний духыг цахиураас ч хатуу ... болгосон» хэмээн айлджээ. Түүнчлэн, элч Паул: «Чи бидний чихэнд нэг л хачин юм сонордуулав» гэж хэлсэн байдаг (Иов 16:17; Сур. 15:30; Езе. 3:9; Үйлс 17:20).

2 Харин хүний биеийн эрхтнүүдээс зүрхийг Библид илүү олон удаа дурдаж, бэлгэдлийн утгаар бичсэн байдаг. Еховагийн үнэнч үйлчлэгч Ханна: «Миний зүрх ЭЗЭНд баярлана» хэмээн залбирчээ (1 Сам. 2:1). Библийг бичигчид зүрх гэдэг үгийг мянга орчим удаа хэрэглэхдээ голдуу бэлгэдлийн утгаар бичжээ. «Зүрх» гэдгээр юу хэлснийг ойлгох нь бидний хувьд амин чухал юм. Учир нь зүрхээ хамгаалах хэрэгтэй гэж Библид бичсэн байдаг (Сургаалт үгс 4:23-ыг уншина уу).

БЭЛГЭДЛИЙН ЗҮРХ ГЭЖ ЮУ ВЭ?

3. Библид байдаг «зүрх» гэдэг үгийн утгыг хэрхэн ойлгох вэ? Жишээ хэлнэ үү.

3 «Зүрх» гэдэг үгийн утгыг Бурхны Үгэнд толь бичиг шиг тайлбарлаагүй боловч энэ үгийг ямар утгаар хэрэглэснийг ойлгох боломжтой. Жишээ нь, жижиг жижиг чулууг ойр ойрхон шигтгэж урласан гоёмсог зураг байна гэж бодъё. Арагшаа ухарч байгаад ажвал нямбайлан шигтгэсэн чулуунууд бүгдээрээ нийлээд юуны дүрс болсныг харж болно. Үүнтэй адилаар, «зүрх» гэдэг үг орсон Библийн зүйлүүдийг уншаад, бодож үзвэл утгыг нь ойлгоно. Тэгвэл «зүрх» гэдгээр чухам юу хэлэх гэсэн юм бол?

4. а) Библид «зүрх» гэдэг үгээр юуг хэлдэг вэ? б) Матай 22:37-д байгаа Есүсийн үг ямар утгатай вэ?

4 Библийг бичигчид дотор хүнийг дүрслэхдээ «зүрх» гэдэг үг хэрэглэсэн байдаг. Дотор хүн гэдэгт хүсэл эрмэлзэл, оюун бодол, зан ааш, сэдэл хандлага, чадал чадвар, сэтгэл мэдрэмж, санаа зорилго багтдаг (Дэд хууль 15:7; Сургаалт үгс 16:1; Үйлс 2:26-г уншина уу). Харин цөөнх тохиолдолд дотор хүний аль нэг шинжийг онцлон бичсэн байдаг. Жишээ нь, Есүс: «Чи бүх зүрх, бүх сэтгэл [буюу бие], бүх оюун ухаанаараа өөрийн Бурхан Эзэнээ хайрла» гэжээ (Мат. 22:37). Энд «зүрх» гэдгээр сэтгэл, хүсэл, мэдрэмжийг хэлсэн байна. Зүрхээрээ хайрлах гэдэг нь сэтгэлийнхээ угаас хайрлах гэсэн үг. Биеэрээ хайрлах гэдэг нь зөв зохистой амьдарна гэсэн үг. Оюун ухаанаараа хайрлах гэдэг нь оюун ухаанаа дайчилна гэсэн үг. Энэ санааг онцлох гэж Есүс зүрх, бие, сэтгэлийг тус тусад нь дурджээ (Иох. 17:3; Еф. 6:6). Харин зарим нэг шинжийг онцлоогүй тохиолдолд «зүрх» гэдгээр дотор хүнийг бүхэлд нь хэлдэг байна.

ЗҮРХЭЭ ХАМГААЛАХ ХЭРЭГТЭЙН УЧИР

5. Еховад бүх зүрхээрээ үйлчлэхийн төлөө чадах бүхнээ хийх хэрэгтэйн учир юу вэ?

5 Давид хаан, хүү Соломондоо «Миний хүү Соломон оо, өөрийн эцгийн Бурханыг таньж мэдэн, бүх зүрх болон оюун ухаанаараа Түүнд үйлчлэгтүн. Учир нь ЭЗЭН бүх зүрхийг шалгаж, бодол санааны хандлага бүрийг мэддэг юм» хэмээн сануулжээ (Ш.дээд 28:9). Үнэхээр Ехова бүх хүний зүрхийг, түүний дотор бидний зүрхийг ч шалгадаг (Сур. 17:3; 21:2). Еховатай тогтоосон харьцаа болон ирээдүй маань бидний зүрх ямар байхаас шалтгаална. Тиймээс ариун сүнсээр удирдуулан хэлсэн Давидын зөвлөгөөг дагаж, Еховад «бүх зүрхээрээ» үйлчлэхийн төлөө чадах бүхнээ хийцгээе.

6. Еховад бүх зүрхээрээ үйлчлэхэд амаргүй байдгийн учир юу вэ?

6 Еховагийн ард түмэн бид Бурхандаа бүх зүрхээрээ үйлчлэхийг үнэхээр их хүсдэг учраас хичээл зүтгэлтэй байдаг. Гэхдээ бидэнд Сатаны ёс бус ертөнц болон өөрсдийн маань нүгэлт хандлага хүчтэй нөлөөлж, Бурханд сэтгэл зүрхээ бүрэн зориулахад саад учруулдаг (Иер. 17:9; Еф. 2:2). Тийм учраас, Бурханд үйлчлэх шийдвэр маань хэр бат байгааг мэдэж, хамгаалахын тулд зүрхээ тогтмол шалгаж байх хэрэгтэй. Яаж шалгах вэ?

7. Хүний зүрхний байдал юунаас харагддаг вэ?

7 Модны үе давхаргыг нэвт шувт харж болдоггүйтэй адил хүний доторхыг гаднаас нь харах боломжгүй. Гэхдээ Есүс Ууланд айлдсан номлолдоо, модны чанарыг үр жимсээр нь мэдэж болдог шиг хүний зүрхний байдал үйл хэргээс нь харагддаг гэж ярьсан (Мат. 7:17–20). Тийм үйл хэргийн нэгийг авч үзье.

ЗҮРХЭЭ ШАЛГАХ АРГА

8. Матай 6:33-т бичсэнээр, зүрхэндээ юу байгааг хэрхэн мэдэж болох вэ?

8 Еховад бүхий л зүрхээрээ үйлчлэхийг хүсэж байгаа нь ямар үйл хэргээс харагдаж болохыг Есүс Ууланд айлдсан номлолынхоо эхэнд хэлсэн. Тэрбээр: «Эхлээд Түүний хаанчлал болон Түүний зөвт байдлыг хайгтун. Тэгвэл энэ бүхнийг та нарт нэмж өгөх болно» гэжээ (Мат. 6:33). Хүн юуг амьдралынхаа эн тэргүүнд тавьдгаас зүрх сэтгэлийнх нь гүнд ямар хүсэл, бодол, төлөвлөгөө байгаа нь харагддаг. Тэгэхлээр Бурханд бүх зүрхээрээ үйлчилж байгаа эсэхээ шалгах нэг сайн арга нь амьдралдаа юуг эн тэргүүнд тавьдгаа магадлах явдал юм.

9. Есүс замд тааралдсан хэдэн хүнд юу гэж хэлсэн бэ? Тэдний хариу юу харуулсан бэ?

9 Есүс сургаалыг нь сонсож байсан хүмүүст «эхлээд ... хаанчлалыг» хайхыг уриалснаас хойш нэгэн явдал болсныг Евангели бичигч Лук тэмдэглэн үлдээжээ. Амьдралдаа юуг эн тэргүүнд тавьдгаас хүний зүрхний байдал илчлэгддэгийг уг явдал харуулсан юм. Есүс өөрийг нь юу хүлээж байгааг сайн мэдэж байсан ч «шийдвэртэйгээр Иерусалимыг зорьжээ». Түүнийг элч нартайгаа «замд явж байтал» хэдэн хүн тааралдсан. Есүс: «Намайг дага» гэсэнд тэд урилгыг нь дуртайяа хүлээж авсан боловч шалтаг хэлдэг. Нэг нь: «Эхлээд явж, эцгээ оршуулахыг надад зөвшөөрөөч» гэсэнд, өөр нэг нь: «Эзэн, би Таныг дагана. Эхлээд гэрийнхэнтэйгээ салах ёс гүйцэтгэхийг Та зөвшөөрөөч» хэмээн гуйдаг (Лук 9:51, 57–61). Бурхны хүслийг биелүүлэхийн төлөө эрс шийдэмгий байсан Есүс болон шалтаг хэлж хойш суусан хүмүүсийн хооронд тэнгэр газар шиг ялгаа байгаа биз? Тэр хоёр хүн амин хувийн эрх ашгийг Хаанчлалын үйл хэргээс дээгүүр тавьж, Бурханд бүх зүрхээ зориулаагүйгээ харуулсан.

10. а) Христийн дагалдагч болох урилгыг бид хэрхэн хүлээж авсан бэ? б) Есүс ямар жишээ хэлсэн бэ?

10 Шавь нь болох гэж байсан тэр хоёр хүнийг бодвол бид Есүсийн урилгыг хүлээн авч дагалдагч нь болоод, одоо өдөр бүр Еховад үйлчилж байна. Үүгээрээ Еховагийн талаар зүрх сэтгэлдээ юу боддогоо харуулдаг. Гэхдээ хурлын үйл хэрэгт идэвхтэй оролцдогтоо сэтгэл ханахын оронд болзошгүй аюулаас сэрэмжлэн, зүрхээ хамгаалах хэрэгтэй. Ямар аюул бэ? Шавь нь болох гэж байсан тэр хүмүүст Есүс: «Анжсан дээр гар тавьсан атлаа арагшаа харагч хэн боловч Бурханы хаанчлалд үл тэнцэнэ» гэж хэлсэн (Лук 9:62). Энэ жишээг юу гэж ойлгох вэ?

«САЙНААС ЗУУРДАГ» УУ?

11. Есүсийн хэлсэн жишээнд гардаг тариачин ажлаа яаж хийсэн бэ? Яагаад?

11 Есүсийн хэлсэн жишээг бүр тодорхой ойлгохын тулд үйл явдлыг амилуулж бодъё. Нэг хүн анжсаар газар хагалаад чөлөө завгүй ажиллаж байна. Тэгэх зуураа, орон гэртээ очиж гэр бүл, найз нөхөдтэйгөө хамт сайхан хоол идэж, дуу хөгжим сонсож, инээж наргих сан гэж мөрөөднө. Тэрбээр энэ бодлоосоо салж үл чадна. Тэгээд ахиухан газар хагалсны дараа нөгөө хүсэл мөрөөдөлдөө дийлдээд, тэсэлгүй «арагшаа харах» нь тэр. Тариалалт дуусах яагаа ч үгүй боловч мөнөөх тариачин өөр юм анхаарснаас болоод ажлаа олигтой хийж чадсангүй. Ажилчнаа туйлбаргүй байсанд эзнийх нь урам хугарсан биз ээ.

12. Есүсийн хэлсэн жишээнд гардаг тариачин болон орчин үеийн зарим христианууд юугаараа төстэй вэ?

12 Тариачны жишээг санагдуулам ямар тохиолдол орчин үед болж болохыг авч үзье. Сайн үйлчилж байгаа мэт харагддаг боловч хэрэг дээрээ сүнслэг аюулд өртсөн христианууд тэр тариачинтай адил юм. Жишээ нь, христиан үйл хэрэгт идэвхтэй оролцдог нэг Гэрч байна гэж төсөөлье. Харин тэр хүн ертөнцийн амьдралд тодорхой хэмжээгээр татагддаг байжээ. Хэдийгээр цуглаанд очдог, дэлгэрүүлдэг ч зүрхний хүсэл болсон тэр юмаа л бодоод явдаг байв. Нэлээд хэдэн жил үйлчилсний эцэст хүсэлдээ дийлдээд «арагшаа харчихжээ». Бурхны Хаанчлалын төлөө хийх ажил их байсан ч тэр хүн «амийн үгнээс баттай барихаа» больж, христиан үйл хэрэгт идэвх муутай оролцдог болсон (Флп. 2:16). Үйлчлэгч нь тэвчээр алдан ажлаа цалгардуулсанд «ургацын Эзэн» Ехова ихэд гонсойв (Лук 10:2).

13. Еховад бүх зүрхээрээ үйлчилнэ гэж яахыг хэлдэг вэ?

13 Дээрх жишээнээс авах сургамж тодорхой байна. Цуглаанд очих, дэлгэрүүлэх зэргээр утга учиртай, сэтгэл сэргээм ажлыг тогтмол хийдэг христиануудыг үнэхээр магтууштай. Гэхдээ Еховад бүх зүрхээрээ үйлчлэх нь үүгээр хязгаарлагдахгүй (Ш.дэд 25:1, 2, 27). Хэрэв христиан хүн ертөнцийн юмыг зүрх сэтгэлийнхээ гүнд хайрласаар байвал Бурхантай тогтоосон харьцаагаа алдах аюултай (Лук 17:32). Гагцхүү «мууг жигш[иж], сайнаас зуурч авсан» цагт «Бурханы хаанчлалд ... тэнцэнэ» (Ром 12:9; Лук 9:62). Сатаны ертөнцийн зарим нэг юм хэчнээн ашиг тустай, таатай сайхан санагдлаа ч Хаанчлалын үйл хэргийн төлөө бүх зүрхээрээ үйлчлэхэд саад болдог тул тийм юм байгаа эсэхийг бид бүгдээрээ магадалж байх учиртай (2 Кор. 11:14; Филиппой 3:13, 14-ийг уншина уу).

СЭРЭМЖТЭЙ БАЙ!

14, 15. а) Сатан Еховад үйлчлэх хичээл зүтгэлийг маань сулруулахыг хэрхэн оролддог вэ? б) Сатаны арга аюултайг харуулах жишээ хэлнэ үү.

14 Еховад хайртай учраас түүнд өөрийгөө зориулж, бүх зүрхээрээ үйлчлэхээр эргэлт буцалтгүй шийдсэнээ батлаад олон жил болсон хүн бидний дунд цөөнгүй бий. Гэвч Сатан Еховагийн үйлчлэгчдийг зүгээр орхидоггүй. Зүрхийг нь онилсоор байдаг (Еф. 6:12). Еховаг гэв гэнэт орхидог христиан байдаггүйг Сатан мэддэг нь зүйн хэрэг. Тийм учраас, энэ ертөнцийг овжин ашиглаж, Бурханд үйлчлэх хичээл зүтгэлийг маань сулруулахыг оролддог (Марк 4:18, 19-ийг уншина уу). Сатаны энэ арга үр дүнтэй. Яагаад?

15 Энэ асуултад хариулахын тулд нэг жишээ авъя. Таныг 100 ваттын чийдэнгийн гэрэлд ном уншиж байтал чийдэн шатчихав. Өрөөнд тас харанхуй болсон учир та чийдэн шатсаныг шууд мэдээд шинээр солино. Өрөө дахиад л гэрэлтэй болов. Маргааш орой нь та өнөөх чийдэнгийн гэрэлд ном уншиж сууна. Гэтэл өөр хүн таны сольсон 100 ваттын чийдэнгийн оронд 95 ваттын чийдэн хийчихжээ. Та ялгааг нь мэдэх үү? Үгүй л болов уу. Маргааш нь өөр нэг хүн 90 ваттын чийдэн хийчихвэл яах вэ? Бас л анзаарахгүй байх. Яагаад? Чийдэнгийн гэрэл аажим аажмаар бүдгэрч байгаа учраас танд анзаарагдахгүй. Түүнтэй адилаар, Сатаны ертөнцийн нөлөөгөөр бидний хичээл зүтгэл бага багаар суларч мэдэх юм. Ийм юм болбол Еховагийн төлөөх «100 ваттын» хичээл зүтгэлийг маань бууруулах гэсэн Сатаны оролдлого амжилттай боллоо гэсэн үг. Сэрэмжтэй байхгүй бол бага багаар өөрчлөгдөхийг анзаарахгүй байж магадгүй (Мат. 24:42; 1 Петр 5:8).

ЗАЛБИРАХ НЬ НЭН ЧУХАЛ

16. Сатаны мэхэнд орохгүйн тулд яах хэрэгтэй вэ?

16 Сатаны мэхэнд орохгүй байж, Еховад бүх зүрхээрээ үргэлж үйлчлэхийн тулд яах вэ? (2 Кор. 2:11). Залбирах нь нэн чухал. Паул итгэл нэгтнүүдээ «диаволын заль мэхний эсрэг бат зогсохыг» уриалсан. Дараа нь «Цаг үргэлж аливаа залбирал ба гуйлтаараа залбир» гэж хэлжээ (Еф. 6:11, 18; 1 Петр 4:7).

17. Есүсийн жишээ бидэнд юу хэлж өгдөг вэ?

17 Сатаны эсрэг бат зогсохын тулд Есүсийг дууриан Еховад бүх зүрхээрээ үйлчлэх хүсэлтэйгээ хэлж залбирдаг байх хэрэгтэй. Жишээ нь, Есүс нас барахынхаа урьд шөнө хэрхэн залбирсныг Лук: «Тэр зовж, шаналж байсан тул маш шаргуу залбирч байлаа» хэмээн бичжээ (Лук 22:44). Есүс дэлхий дээр амьдарч байх хугацаандаа шаргуу залбирдаг байсан. Харин энэ удаа хамгийн хүнд сорилтод орох гэж байсан учир «маш шаргуу» залбирсан. Залбирлынхаа хариуг ч авсан. Заримдаа өмнөхөөсөө илүү шаргуу залбирах шаардлага гардгийг Есүсийн жишээ хэлж өгч байна. Тийм учраас, сорилт ширүүсэж, Сатаны заль мэх нарийсахын хэрээр үүнээс хамгаалахыг Еховагаас гуйж «маш шаргуу» залбирах хэрэгтэй.

18. а) Бид өөрсдөөсөө юу гэж асуух хэрэгтэй вэ? Яагаад? б) Бэлгэдлийн зүрхэнд юу сайн бэ? Яаж сайнаар нөлөөлөх вэ? ( 16-р хуудсан дахь хавсралт үзнэ үү).

18 Шаргуу залбирахын үр дүн юу вэ? Паул: «Аливаа зүйлд залбирлаараа болон гуйлтаараа талархалтайгаар хүсэлтээ Бурханд мэдүүл. Бүх оюун ухаанаас дээгүүрх Бурханы амар тайван нь ... та нарын зүрх сэтгэлийг ... хамгаална» гэж бичжээ (Флп. 4:6, 7). Еховад бүх зүрхээрээ үйлчилсээр байя гэвэл байнга шаргуу залбирах хэрэгтэй (Лук 6:12). Тиймд «Би хэр зэрэг шаргуу, хэр олон удаа залбирдаг вэ?» гэж өөрөөсөө асуугаарай (Мат. 7:7; Ром 12:12). Энэ асуултад юу гэж хариулахаас Бурханд үйлчлэхийг хэр их хүсдэгээ мэдэж болно.

19. Та Еховад бүх зүрхээрээ үргэлж үйлчлэхийн тулд юу хийх вэ?

19 Амьдралдаа юуг эн тэргүүнд тавьдгаас нь хүний зүрхний байдлыг мэдэж болохыг энэ өгүүллээр ярилцлаа. Еховад бүх зүрхээрээ үйлчлэх шийдвэрээсээ няцахгүйн тулд бид «арагшаа харах» юм уу Сатаны уран аргад хууртахыг хүсдэггүй (Лук 21:19, 34–36-г уншина уу). Тийм учраас, Давидын адилаар «Зүрхийг нэгтгээч» гэж Еховагаас байнга гуйцгаая (Дуу. 86:11).

[Догол мөрийн асуулт]

[16-р хуудасны хавсралт]

 ЗҮРХЭНД САЙН ГУРВАН ЭМ

Ер нь хүн зүрхээ эрүүл байлгахын тулд тодорхой арга хэмжээ авдаг. Бэлгэдлийн зүрхээ эрүүл байлгахад ч мөн ялгаагүй. Дараах гурван чухал зүйлийг бодож үзэх хэрэгтэй.

1 Хоол тэжээл. Тэжээллэг хоолыг зохистой хэмжээгээр идэх нь зүрхэнд сайн байдаг шиг, чанартай сүнслэг хоолыг хангалттай хэмжээгээр хүртэхийн тулд Библийг бие даан тогтмол судалж, эргэцүүлэн бодож, цуглаанд очих хэрэгтэй (Дуу. 1:1, 2; Сур. 15:28; Евр. 10:24, 25).

2 Дасгал. Эрүүл байя гэвэл үе үе эрчимтэй дасгал хөдөлгөөн хийж, зүрхнийхээ цохилтыг түргэсгэх хэрэгтэй байдаг. Үүнтэй адил, дэлгэрүүлэх ажилд идэвхтэй оролцвол, тухайлбал, үйлчлэлээ өргөжүүлбэл бэлгэдлийн зүрх эрүүл байна (Лук 13:24; Флп. 3:12).

3 Орчин. Бурхны хуулийг сахидаггүй хүмүүсийн дунд ажиллаж, амьдрахад бухимдал төрж, бодит болон бэлгэдлийн зүрхэнд сөргөөр нөлөөлдөг. Энэ сөрөг нөлөөг багасгая гэвэл бидэнд чин сэтгэлээсээ санаа тавьдаг, Бурханд бүх зүрхээрээ үйлчилдэг итгэл нэгтнүүдтэйгээ аль болохоор хамт байх хэрэгтэй (Дуу. 119:63; Сур. 13:20).