Skip to content

Гарчиг руу орох

Ехова биднийг хамгаалдаг

Ехова биднийг хамгаалдаг

Ехова биднийг хамгаалдаг

«Эцсийн үед илэрхийлэгдэхэд бэлэн буй авралын төлөө та нар итгэлээрээ Бурханы хүчээр хамгаалагдсан ажээ» (1 ПЕТР 1:5).

ХАРИУЛНА УУ

Ехова биднийг хэрхэн татаж жинхэнэ шүтлэг рүү хандуулсан бэ?

Яавал Еховагаар удирдуулах вэ?

Ехова бидэнд хэрхэн урам зориг хайрладаг вэ?

1, 2. а) Үнэнч байхад Бурхан тусална гэсэн ямар баталгаа байдаг вэ? б) Ехова биднийг хэр сайн мэддэг вэ?

 «ЭЦСЭЭ хүртэл тэвчсэн нь аврагдах болно» (Мат. 24:13). Сатаны ертөнцийг устгах үеэр эсэн мэнд үлдье гэвэл эцэс хүртэл үнэнч байх ёстойг Есүс ийнхүү тодорхой хэлж өгчээ. Гэхдээ бид эцэс хүртэл тэвчихийн тулд өөрийн ухаан, хүчинд найдах учиргүй. Ехова үүнийг хүсдэггүй. «Бурхан итгэмжит билээ. Тэр та нарыг хэрээс чинь хэтэрсэн хүчээр соригдохыг зөвшөөрдөггүй, харин сорилтыг тэсвэрлэж чадахын тулд сорилттой хамт мөн гарах замыг ч өгдөг юм» хэмээсэн баталгаа Библид байдаг (1 Кор. 10:13). Энэ үгийг юу гэж ойлгох вэ?

2 Ехова хэр чадлаас маань хэтэрсэн сорилтод орохыг зөвшөөрдөггүй гэдэг нь тулгарч буй бэрхшээл, бидний хэн болох, хэр зэргийн зовлон даах чадвартай гээд бүхий л зүйлийг мэддэг гэсэн үг. Бурхан биднийг ийм сайн мэддэг хэрэг үү? Тэгэлгүй яах вэ. Ехова хүн бүрийг маш сайн мэддэг. Юу хийдэг, ямар хэвшилтэй, тэр бүү хэл юу бодож санадаг, юу хүсэж мөрөөддөгийг маань ч мэддэг (Дуулал 139:1–6-г уншина уу).

3, 4. а) Ехова хүн нэг бүрийг анхаарч сонирхдогийг Давидын түүх хэрхэн баталдаг вэ? б) Ехова өнөөдөр ямар гайхалтай юм хийж байна вэ?

3 Төгс хүчит Бурхан өчүүхэн дорд хүмүүсийг ингэтлээ их сонирхдог гэхлээр үнэмшмээргүй юм шиг санагдаж байна уу? Дуулалч Давидад чухам ингэж л санагдаж байжээ. Тийм учраас тэрбээр Еховад хандан «Таны мутрын бүтээл болох Таны тэнгэрүүдийг, Таны цогцлон байгуулсан сар, оддыг би тунгаан бодохдоо хүн гэгч юу болоод Та түүнд санаа тавина вэ?» хэмээжээ (Дуу. 8:3, 4). Иессийн бага хүү Давид өөрийн амьдралд тохиолдсон явдлыг бодоод ингэж асуусан байх. Ехова түүнийг хонь хариулдаг жаал хүү байхад «зүрх сэтгэлийн дагуух хүн» гэж үзээд, «Израилийн захирагч болгохын тулд ... бэлчээрээс хонин сүрэг хариулж байхад авсан» (1 Сам. 13:14; 2 Сам. 7:8). Өөрийг нь тийм балчир байхад л Орчлонт ертөнцийг Бүтээгч юу бодож явдгийг нь анхааран сонирхдог байжээ. Үүнийг мэдсэн Давидад ямар сэтгэгдэл төрснийг төсөөл дөө!

4 Ехова өнөөдөр хүн нэг бүрийг сонирхож байдаг нь гайхалтай. Тэрбээр «бүх үндэстнээс үнэтэйг» нь цуглуулж цэвэр шүтлэгт нэгтгээд зогсохгүй үнэнч байхад тусалдаг (Хаг. 2:7, ШЕ). Үнэнч байхад маань Ехова хэрхэн тусалдгийг илүү сайн ойлгохын тулд эхлээд, хүмүүсийг жинхэнэ шүтлэг рүү яаж хандуулдгийг нь эргэцүүлэн бодъё.

БУРХАН БИДНИЙГ ТАТСАН

5. Ехова хүмүүсийг хэрхэн татаж Хүү рүүгээ хандуулдаг вэ? Жишээ хэлнэ үү.

5 Есүс: «Намайг илгээсэн Эцэг хэн нэгнийг татахгүй л бол хэн ч Над уруу ирж чадахгүй» гэж хэлжээ (Иох. 6:44). Христийн дагалдагч болоход Бурхны тусламж хэрэгтэйг энэ үг харуулж байна. Ехова хонь мэт хүмүүсийг хэрхэн татаж Хүү рүүгээ хандуулдаг вэ? Дэлгэрүүлэх ажил болон ариун сүнсээ ашиглан татдаг. Жишээ нь, Паул миссионер нөхдийнхөө хамт Филиппойд байхдаа Лудиа гэдэг эмэгтэйтэй уулзаад сайн мэдээ дэлгэрүүлжээ. Библид «Паулын ярьж буй зүйлсийг анхааруулахын тулд Эзэн [Ехова] тэр эмэгтэйн зүрхийг нээжээ. Тэрээр гэрийнхнийхээ хамт баптисм хүртсэн» хэмээн бичсэн байдаг. Бурхан ариун сүнсээ өгч, сайн мэдээг ойлгуулсны дүнд Лудиа гэрийнхэнтэйгээ хамт баптисм хүртжээ (Үйлс 16:13–15).

6. Бурхан биднийг хэрхэн татаж жинхэнэ шүтлэг рүү хандуулсан бэ?

6 Энэ явдал зөвхөн Лудиад тохиолдсон уу? Хаанаас даа. Хэрэв та Еховад өөрийгөө зориулсан христиан бол Бурхан таныг ч бас татаж жинхэнэ шүтлэг рүү хандуулсан гэсэн үг. Тэнгэрийн Эцэг маань Лудиагийн зүрх сэтгэл дэх үнэтэй зүйлийг олж харсан шигээ танд байдаг сайн юмыг ч олж харсан. Таныг анхааран сонсож эхлэнгүүт Ехова ариун сүнсээ өгч сайн мэдээг ойлгуулсан (1 Кор. 2:11, 12). Библиэс олж авсан мэдлэгээ ажил хэрэг болгох гэсэн хичээл зүтгэлийг тань ивээсэн. Амь амьдралаа өөрт нь зориулахад Ехова баярласан. Амийн замаар явж эхэлсэн тэр цагаас хойш Ехова тантай хамт байгаа.

7. Үнэнч байхад Бурхан тусална гэдгийг хаанаас мэдэж болох вэ?

7 Өөртэй нь хамт алхаж эхэлсэн цагаас өнөөг хүртэл Ехова биднийг орхиогүй. Тиймээс үнэнч байхад хойшид ч туслах нь дамжиггүй. Бид өөрийн хүчээр үнэний замаар явдаг болоогүйн адил, өөрийн хүчээр энэ замаасаа гаралгүй явж чадахгүйг Ехова мэддэг. Элч Петр тослогдсон христиануудад «Эцсийн үед илэрхийлэгдэхэд бэлэн буй авралын төлөө та нар итгэлээрээ Бурханы хүчээр хамгаалагдсан» гэж бичжээ (1 Петр 1:5). Энэ үг зарчмын хувьд бүх христианд хамаатай. Ехова өнөөдөр биднийг яаж хамгаалдаг вэ? Энэ асуултын хариуг мэдэх нь их чухал. Учир нь үнэнч байхад Бурхны тусламж хүн болгонд зайлшгүй хэрэгтэй.

АЛДАА ГАРГАХААС ХАМГААЛДАГ

8. Буруу юм хийхээс сэрэмжлэх ёстойн учир юу вэ?

8 Амьдралд тохиолдох элдэв бэрхшээл, төгс бус байдал маань сүнслэг зүйлийг харахад саад болдог тул өөрийн мэдэлгүй буруу юм хийж болзошгүй (Галат 6:1-ийг уншина уу). Үүнийг Давидын амьдралд тохиолдсон явдал харуулдаг.

9, 10. Ехова Давидыг буруу юм хийхийг нь хэрхэн болиулсан бэ? Бидний төлөө юу хийдэг вэ?

9 Давид атаач хаан Саулд хөөгдөж явахдаа өс хонзон авалгүй биеэ барьсныг нь үнэнхүү биширмээр (1 Сам. 24:2–7). Гэвч дараахан нь биеэ барьж дийлээгүй. Тэрбээр Набал хэмээх израиль хүнд ихэд хүндэтгэлтэй хандан, хоол хүнс өгч туслахыг гуйжээ. Набал түүнийг доромжлон, бүдүүлэг харьцав. Үүнд хилэгнэн уурласан Давид Набал болон түүний харьяат бүх эрчүүдээс өшөө авахаар шийдэхдээ гэмгүй хүний цус урсгаж Бурхны өмнө буруутан болох гэж байгаагаа ухаараагүй. Харин Набалын эхнэр Абигаил цагийг нь олж хэрэг явдалд оролцсоны ачаар Давид аймшигтай алдаа гаргалгүй өнгөрсөн. Ехова өөрийг нь хамгаалсныг ойлгосон тэрбээр Абигаилд «Өнөөдөр чамайг надтай уулзуулахаар явуулсан Израилийн Бурхан ЭЗЭН магтагдах болтугай. Мөн чиний саруул ухаан магтагдах болтугай. Намайг өнөөдөр цус урсгахаас болон өөрийнхөө гараар өөрийн өшөөг авахаас болиулсан чи магтагдах болтугай» гэж хэлсэн (1 Сам. 25:9–13, 21, 22, 32, 33).

10 Энэ түүхээс юу ойлгож болох вэ? Ехова Абигаилыг явуулж, Давидыг буруу юм хийхийг нь болиулсан. Орчин үед ч бас адилхан. Гэхдээ ноцтой алдаа гаргахаас маань урьтаж Ехова хэн нэгнээр сэрэмжлүүлэг байнга өгүүлнэ гэж бодож болохгүй. Бас санаа зорилгоо хэрэгжүүлэхийн тулд тухайн үед юуг яаж хийхийг, эсвэл юуг зөвшөөрөхийг нь бид нарийн тодорхой мэдэхгүй (Ном. 11:5). Юутай ч, Ехова бидний байр байдлыг хэзээд мэдэж байдаг бөгөөд өөрт нь үнэнч байхад тусална гэдэгт итгэх хэрэгтэй. Тэрбээр: «Би чиний явах ёстой замд чамд зааварлан зааж өгнө. Би чамайг ширтэн, чамд зөвлөнө» гэж баталдаг (Дуу. 32:8). Зөвлөгөөгөө яаж өгдөг вэ? Яавал ач тусыг нь хүртэх вэ? Ехова ард түмнээ удирдаж байгаа гэдэгт яагаад итгэж болох вэ? Эдгээр асуултад «Илчлэлт» ном юу гэж хариулдгийг анхаараарай.

ЗӨВЛӨГӨӨ ХАМГААЛАЛТ БОЛДОГ

11. Хурлуудад юу болж байгааг Ехова хэр сайн мэдэх вэ?

11 Дахин амилсан Есүс Христ Бага Азийн долоон хурлыг шалгасан тухай үзэгдэл «Илчлэлт» номын 23-р бүлэгт гардаг. Христ эдгээр хурлыг тойм төдий биш, тодорхой сайн мэддэг, тэр байтугай, зарим хүний нэрийг дурдсан байдгийг уг үзэгдэл харуулдаг. Бас хурал бүрийн магтвал зохих зүйлийг магтаж, тохирох зөвлөгөө өгчээ. Эндээс юу ойлгож болох вэ? Үзэгдэлд гардаг долоон хурал нь 1914 оноос хойших тослогдсон христиануудыг төлөөлдөг. Долоон хуралд өгсөн зөвлөгөө нь зарчмын хувьд дэлхий дахинд буй Бурхны ард түмний бүх хуралд хамаатай. Тэгэхлээр, Ехова орчин үеийн үйлчлэгчдээ Хүүгээрээ дамжуулан идэвхтэй удирдаж байна гэж дүгнэж болно. Еховагаар удирдуулъя гэвэл яах хэрэгтэй вэ?

12. Яавал Еховагаар удирдуулах вэ?

12 Хайр халамжтай Ехова Бурхнаар удирдуулъя гэвэл бие даан судлах хэрэгтэй. Ехова итгэмжит, ухаалаг боолын гаргасан ном хэвлэлээр дамжуулан Библийн үндэстэй янз бүрийн зөвлөгөө өгдөг (Мат. 24:45). Харин бид тэдгээр ном хэвлэлийг зав гарган судалж, сурснаа хэрэгжүүлж байж л үр шимийг нь хүртэнэ. Бие даасан судлал хэмээх арга хэмжээний ачаар Ехова биднийг «бүдрэхээс хамгаалдаг» (Иуда 24). Та байгууллагын ном хэвлэлийг судалж байхдаа, надад тохирсон зөвлөгөө өгч гэж бодож байсан уу? Тийм бол, Ехова миний төлөө л энэ зөвлөгөөг өгчээ гэж бодоод хэрэгжүүлээрэй. Найзууд нэгнийхээ анхаарлыг ямар нэг зүйл рүү хандуулахдаа тохойгоороо ёвордог шиг, Ехова бидний биеэ авч явах байдал, зан авирын юу нь болохгүй байгааг ариун сүнсээрээ мэдүүлдэг. Сүнсний удирдлагыг ойлгон хүлээж авбал Еховагаар удирдуулж чадна (Дуулал 139:23, 24-ийг уншина уу). Тиймээс хэр зэрэг цаг зав, хүчин чармайлт гаргаж бие даан судалдгаа шалгая.

13. Судлахад хэр их цаг зав, хүчин чармайлт гаргадгаа шалгах нь яагаад ухаалаг вэ?

13 Үзэж харах, уншиж сонсох зүйлд хэтэрхий их цаг зарцуулбал бие даан судлах цаг үлдэхгүй. Нэг Гэрч: «Бие даан судлахаа болих үнэхээр амархан. Зугаа гаргах юмыг хаанаас ч олж болдог болсон. Үнэ нь ч урьдынхаасаа хямд. Зурагт, компьютер, утсаар ч үзэж болно. Хаа сайгүй байна» гэж хэлжээ. Болгоомжлохгүй бол бие даан нямбай судлах цаг багасан багассаар бүр алга болж магадгүй (Еф. 5:15–17). Тиймээс хүн бүр өөрөөсөө «Би Бурхны Үгийн сургаалыг гүнзгийрүүлэн судлах цаг хэр олон удаа гаргадаг вэ? Зөвхөн даалгавар биелүүлэх, цуглаанд бэлдэхэд л цаг гаргадаг уу?» гэж асуух хэрэгтэй. Гэр бүлийн Библийн хичээл хийх, бие даан судлах цагаараа Еховагийн мэргэн ухааныг үнэт эрдэнэ адил хайгаарай. Ийм мэргэн ухаантай болбол хамгаалагдаж, эцэс хүртэл үнэнч байна (Сур. 2:1–5).

УРМААР ТЭТГЭДЭГ

14. Ехова бидний сэтгэлийг ойлгодгийг Библи хэрхэн баталдаг вэ?

14 Давид амьд явах хугацаандаа их зовлон үзжээ (1 Сам. 30:3–6). Ехова түүний сэтгэлийг ойлгож байсныг Библид тодорхой бичжээ (Дуулал 34:18; 56:8-ыг уншина уу). Бидний сэтгэлийг ч ойлгодог. Зүрх маань «эмтэрч», «сүнсээрээ» гэмшсэн үед тэрбээр бидэнд ойртдог гээд бодохлоор үнэхээр тайвширдаг. Давид ч бас тайвширчээ. Тэрбээр: «Би Таны хайр энэрэлд баясан баярлах болно, яагаад гэвэл Та миний зүдгүүрийг харсан. Та сэтгэлийн минь зовлонг мэдсэн» хэмээн дуулсан (Дуу. 31:7). Гэхдээ Ехова бидний зовлон зүдгүүрийг зүгээр нэг харах бус, олон аргаар тайвшруулж, урам зориг хайрладаг. Тэдгээр аргын нэг нь цуглаан юм.

15. Асафт тохиолдсон явдлаас ямар сургамж авах вэ?

15 Цуглаанд очих нь тустайг дуулалч Асафт тохиолдсон явдал харуулдаг. Зөв шударга хүмүүс зовж, хорон муу хүмүүс сайхан амьдарч байгаа юм шиг санагдахад тэрбээр Бурханд үйлчлэх нь ямар ашигтай юм бэ гэж бодоход хүрчээ. Тэгээд сэтгэлээр унасан. Энэ тухайгаа «Миний зүрх сэтгэл гашуудахад Би дотроо цоо хатгагдан [байв]» хэмээн бичжээ. Үүнээс болоод Еховад үйлчлэхээ бараг больсон. Тэгвэл бодлоо өөрчлөхөд нь юу тус болсон бэ? Тэрбээр: «Бурханы ариун газарт орсон» гэжээ. Еховаг шүтдэг хүмүүсийн дунд ороод бодлоо өөрчилсөн байна. Хорон муу хүмүүсийн амжилт түр зуурынх бөгөөд Ехова шударга ёсыг тогтооно гэдгийг ойлгожээ (Дуу. 73:2, 13–22). Бидэнд ч бас тэгж санагдах үе гарч болох юм. Сатаны ертөнцөд болж буй шударга бус явдлыг хараад бухимдаж, сэтгэлээр унадаг. Харин ах дүүстэйгээ хамт цугларвал сэтгэл сэргэж, Еховад баяр хөөртэй үйлчилсээр байх болно.

16. Ханнагийн түүхээс юу мэдэж болох вэ?

16 Гэтэл хуралд хариуцлагатай үүрэг хүлээх эрхээ алдаж, түүнээсээ ичиж зовох, эсвэл итгэл нэгтнүүдтэйгээ санал зөрөлдөх зэргээс болоод цуглаанд очихоос халгаад байвал яах вэ? Ханнагийн түүхийг эргэцүүлэн бодох нь тустай (1 Самуел 1:4–8- ыг уншина уу). Нөхрийнх нь нөгөө эхнэр Пенинна түүнийг байнга өдөж уурыг нь хүргэдэг байжээ. Тэднийх жил бүр Еховад тахил өргөхөөр гэр бүлээрээ Шилод очих үед Ханна бүр ч их бухимдана. Сэтгэл нь хэтэрхий шаналснаас болоод «уйлан, хоол унд ч иддэггүй байжээ». Тэглээ гээд Еховаг шүтэх газар очихоо болиогүй. Ехова Ханнагийн үнэнч байгааг хараад, ивээл хишгээ хүртээсэн (1 Сам. 1:11, 20).

17, 18. а) Цуглаанд очоод бид хэрхэн урамшин зоригждог вэ? б) Еховагийн хайр халамжийг бодохлоор танд ямар сэтгэгдэл төрж байна вэ?

17 Христианууд Ханнаг дууриан цуглаанд тогтмол очих хэрэгтэй. Тэнд очоод урамшин зоригждогийг бид бүгдээрээ мэднэ (Евр. 10:24, 25). Хайр халамжтай сүнслэг ах дүүс маань биднийг тайвшруулдаг. Жишээ нь, илтгэл юм уу хэн нэгний хариулт зүрх сэтгэлийн утсыг хөндөх нь бий. Цуглааны өмнө болон дараа итгэл нэгтнүүдтэйгээ уулзан ярилцаж, урмын үг сонсохлоор тайвширдаг (Сур. 15:23; 17:17). Еховад зориулж дуу дуулахад сэтгэл сэргэдэг. Ялангуяа, «санаа зовсон бодолд» эзэмдүүлсэн үед цуглаан урам хайрладаг. Учир нь Ехова цуглаанаар дамжуулан биднийг тайтгаруулж, үргэлж үнэнч байхад тусалдаг (Дуу. 94:18, 19).

18 Ехова биднийг хамгаалж, эцэс хүртэл тэвчихэд тусалдагт нь үнэхээр талархмаар! Еховагийн хайр халамжийг бид Асафын адилаар мэдэрдэг. Тэрбээр: «Та баруун гараас минь барьсан юм. Та намайг Өөрийн зөвлөгөөгөөр удирдана» хэмээн дуулжээ (Дуу. 73:23, 24).

[Догол мөрийн асуулт]

[28-р хуудасны зураг]

Ехова таныг ч бас татсан

[30-р хуудасны зураг]

Бурхны зөвлөгөөг дагавал хамгаалагдана

[31-р хуудасны зураг]

Бид урмаар тэтгүүлдэг