Skip to content

Гарчиг руу орох

Ехова өөрийн хүмүүсийг хэрхэн аврахаа мэддэг

Ехова өөрийн хүмүүсийг хэрхэн аврахаа мэддэг

Ехова өөрийн хүмүүсийг хэрхэн аврахаа мэддэг

«Эзэн нь сүсэгт хүмүүсийг сорилтоос авра[хаа] ... мэдэх болой» (2 ПЕТР 2:9, 10, МАБ).

ХАРИУЛНА УУ

Ехова санаа зорилготойгоо холбоотой ямар үйл явдал хэзээ болохыг тогтоож, цагт нь юмаа хийдэг гэдэгт итгэж болохын учир юу вэ?

Ехова агуу хүчээ ашиглан ард түмнээ аврахад бэлэн байдагт итгэж болохын учир юу вэ?

Агуу их гай гамшгийн үеэр чухам юу юу болохыг Ехова яг таг мэддэг гэдэгт итгэж болохын учир юу вэ?

1. «Агуу их гай гамшгийн» үед юу болох вэ?

 БУРХАН Сатаны ертөнцийг хүмүүсийн бодоогүй цагт гэв гэнэт устгана (1 Тес. 5:2, 3). «ЭЗЭНий агуу өдөр» болоход хүний нийгэм тэр аяараа эмх замбараагүй болно (Зеф. 1:14–17). Тэр үед зовлон бэрхшээл, үгүйрэл хоосрол улам гаарна. Энэ нь «ертөнцийн эхнээс өнөөг хүртэл болоогүй» зовлон гамшгийн үе байх болно (Матай 24:21, 22-ыг уншина уу).

2, 3. а) «Агуу их гай гамшгийн үеэр» Бурхны ард түмэнд юу тохиолдох вэ? б) Ехова үйлчлэгчдээ аварна гэдэгт яавал итгэх вэ?

2 «Агуу их гай гамшиг» оргилдоо хүрэхэд «Магогийн газрын ... Гог» Бурхны ард түмэн рүү өргөн фронтоор довтолно. Бурхны ард түмний эсрэг дайрах тэдний «хүчирхэг цэргүүд» «газрыг бүрхэх үүл адил» байх юм (Езе. 38:2, 14–16). Хүний ямар ч байгууллага Еховагийн үйлчлэгчдийг авран хамгаалахгүй. Ийм үед Бурхны авралд найдахаас өөр арга байхгүй. Өөрсдийг нь хүйс тэмтрэх гэж байгаа дайснуудаа хараад тэд яах бол?

3 Еховагийн үйлчлэгч та, агуу их гай гамшгийн үеэр Бурхан ард түмнээ аварч ч чадна, аврах ч болно гэдэгт итгэдэг үү? Элч Петр: «Эзэн [Ехова] нь сүсэгт хүмүүсийг сорилтоос авран, зөв бус үйлст хүнийг шүүх өдөр хүртэл шийтгэлд оруулан сахи[хаа] ... мэдэх болой» гэж бичжээ (2 Петр 2:9, 10, МАБ). Ехова үйлчлэгчдээ эрт үед хэрхэн аварч байсныг эргэцүүлэн бодвол ирээдүйд аврагдана гэдэгт итгэл төгс болно. Гурван жишээ авч үзье.

УСАН ГАЛАВЫГ ЭСЭН МЭНД ДАВСАН НЬ

4. Усан галав юүлэхээс өмнө юу хийх ёстой байсан бэ?

4 Эхлээд Ноагийн үед болсон Усан галавын тухай ярилцъя. Еховаг санасан зорьсноо хэрэгжүүлэхээс өмнө хөвөгч авдар хийх, амьтдыг тэнд оруулах гэх мэтийн нүсэр ажил хүлээж байлаа. «Эхлэл» номд бичсэн түүхийг үзвэл Ехова эхлээд хөвөгч авдар хийлгээд, дараа нь үер буулгах цагаа товлоогүйг ойлгож болно. Тэрбээр хөвөгч авдар хийх ажил цагтаа багтахгүй байх вий гэж санаа зовохгүйгээр Усан галавыг хэзээ юүлүүлэхээ шийдэж чадах байв. Тиймдээ ч, Ноад хөвөгч авдар хийх заавар өгөхөөсөө бүр өмнө Усан галав юүлэх цагийг тогтоочихсон байжээ. Юуны үндсэн дээр тэгж хэлж болох вэ?

5. Эхлэл 6:3-т бичсэнээр, Ехова юу гэж тунхагласан бэ? Хэзээ зарлан тунхагласан бэ?

5 Ехова нэгэн шийдвэр гаргаж, түүнийгээ тэнгэр даяар зарлан тунхагласныг Библид бичсэн байдаг. Ехова: «Миний Сүнс хүнтэй үүрд хамт оршихгүй болно. Учир нь хүн бол махан бие юм. Харин тэдний өдрүүд нь нэг зуун хорин жил болно» гэж хэлсэн нь Эхлэл 6:3-т байдаг. Энэ нь хүн хэд наслахыг тогтоосон хэрэг биш юм. Харин бузар муу явдлыг газрын хөрснөөс хэзээ арчин зайлуулахаа тунхагласан хэрэг ажээ. МЭӨ 2370 онд Усан галав юүлсэн. Тэгэхлээр Бурхан энэ шийдвэрээ МЭӨ 2490 онд зарлан тунхагласан гэсэн үг. Тэр үед Ноа 480 настай байсан (Эх. 7:6). 20 орчим жилийн дараа буюу МЭӨ 2470 оноос эхлэн хөвгүүд нь төржээ (Эх. 5:32). Усан галав юүлэхэд 100 орчим жил үлдээд байв. Ехова хүн төрөлхтнийг эсэн мэнд үлдээхийн тулд тусгай ажил гүйцэтгүүлэх гэж байгаагаа Ноад хараахан хэлээгүй л байлаа. Хэзээ хэлэх бол?

6. Ехова Ноад хөвөгч авдар хийхийг хэзээ тушаасан бэ?

6 Ехова хийх гэсэн зүйлээ Ноад хэлэхээ азнан олон жил болсон бололтой. Ингэж хэлэх ямар үндэс байна вэ? Ноад хөвөгч авдар хийх тушаал өгөх үед хөвгүүд нь хэдийнээ эрийн цээнд хүрч, гэр бүл зохиочихсон байсан гэж Бурхны Үгэнд гардаг. Ехова: «Би чамтай гэрээ байгуулж, чи өөрийн хөвгүүд, эхнэр, бэрүүдтэй хамт тэр хөвөгч авдарт орох болно» гэж Ноад хэлжээ (Эх. 6:9–18). Тэгэхлээр, Усан галав юүлтэл ердөө 40 юм уу 50 жилийн хугацаа үлдээд байхад хөвөгч авдар хий гэсэн тушаалыг Ноад өгчээ.

7. а) Ноа болон түүний гэр бүлийнхэн Бурхны амлалтад итгэдэг нь юунаас харагддаг вэ? б) Усан галав яг хэзээ юүлэхийг Ехова Ноад хэдийд мэдэгдсэн бэ?

7 Ноа эхнэр, хөвгүүд, бэрүүдтэйгээ хөвөгч авдар хийж байхдаа Бурхан санаа зорилгоо яаж хэрэгжүүлэх юм бол, Усан галав хэзээ юүлэх юм бол гэж бодсон байж таарна. Гэхдээ ийм нарийн ширийн юм мэдэхгүй гээд хөвөгч авдар хийхээ зогсоогоогүй. «Ноа тийнхүү үйлдэж, Бурханы өөрт нь тушаасан бүхнийг ёсоор гүйцэтгэжээ» гэж Библид байдаг (Эх. 6:22). Ехова Усан галавыг долоо хоногийн дараа юүлүүлнэ гэдгээ Ноад мэдэгдсэн. Энэ хугацаанд Ноа гэр бүлийнхэнтэйгээ хамт амьтдыг хөвөгч авдарт оруулж амжих байлаа. «Ноаг зургаан зуун нас хүрсэн тэр жилийн хоёр дахь сарын арван долооны өдөр» тэнгэрийн усны хаалт нээгдсэн бөгөөд бүх зүйл аль хэдийнээ бэлэн болсон байв (Эх. 7:1–5, 11).

8. Ехова өөрийн хүмүүсийг хэзээ аврахаа мэддэгийг Усан галавын түүх хэрхэн ойлгуулдаг вэ?

8 Усан галавын түүхээс харахад Ехова төлөвлөсөн ажлаа цагт нь хийдэг төдийгүй, өөрийн хүмүүсийг авардаг ажээ. Өнөөгийн тогтолцоо төгсгөл рүүгээ ойртож байгаа үед бид амьдарч байна. Тиймээс Ехова санаа зорилгоо тогтоосон хугацаандаа буюу яг «тэр өдөр, цагт» биелүүлнэ гэдэгт бүрэн итгэлтэй байж болно (Мат. 24:36; Хабаккук 2:3-ыг уншина уу).

УЛААН ТЭНГИСИЙН ДЭРГЭД АВРАГДСАН НЬ

9, 10. Ехова Египетийн армийг урхидахын тулд ард түмнээ хэрхэн ашигласан бэ?

9 Ехова өөрийнхөө санаа зорилготой холбоотой үйл явдал хэзээ болохыг тогтоож, цагт нь юмаа хийдгийг сая үзлээ. Тэгвэл одоо хоёр дахь жишээг ярилцаж, Ехова үйлчлэгчдээ аварна гэдэгт итгэж болох бас нэг шалтгааныг мэдэж авъя. Тэрбээр хүсэл тааллаа биелүүлэхийн тулд хязгааргүй хүчээ ашиглан үйлчлэгчдээ аврах нь мэдээжийн хэрэг. Харин заримдаа тэднийг гарах газаргүй болсон мэт харагдуулан дайснаа урхиддаг. Энэ аргаар израильчуудыг Египетийн боолчлолоос чөлөөлсөн.

10 Египетээс гарсан израильчуудын тоо гурван сая орчим байлаа. Ехова израильчуудыг хаагуур яаж дагуулан явах зааврыг Мосед өгсөн. Энэ нь израильчууд төөрчээ гэх бодлыг фараонд төрүүлэх учиртай байв (Египетээс гарсан нь 14:1–4-ийг уншина уу). Ингээд фараон их цэргээ удирдан боолуудынхаа араас мөшгөж явсаар Улаан тэнгисийн дэргэд ирж тэднийг хашсан. Израильчууд хаашаа ч гарах газаргүй болсон мэт харагдаж байлаа (Ег. 14:5–10). Харин израильчуудын хувьд айх хэрэг байсангүй. Яагаад? Ехова тэднийг аврахад бэлэн байв.

11, 12. а) Ехова ард түмнийхээ төлөө хэрхэн тулалдсан бэ? б) Энэ явдал юугаар дууссан бэ? Энэ түүх Еховагийн талаар юу өгүүлдэг вэ?

11 Израильчуудын урд байсан «үүлэн багана» ард нь гарахад фараоны цэргүүдийг түнэр харанхуй нөмрөн авав. Шөнийн цагт ч израильчуудын тал гэрэлтэй байлаа (Египетээс гарсан нь 14:19, 20-ийг уншина уу). Дараа нь Ехова «дорнын хүчит салхиар далайн усыг ухраасанд, ус хуваагдаж, хуурай газар гарав». Энэ бүхэн болж өнгөрөхөд нэлээд хугацаа шаардагдсан нь ойлгомжтой. «Шөнийн турш» салхи салхилж, эцэст нь «Израилийн хөвгүүд далай дундуур хуурай газраар явсан» гэж Библид бичсэн байдаг. Тэрэг, морьдтойгоо довтолгож яваа фараоны цэргүүдтэй харьцуулахад, израильчууд удаан явж байлаа. Гэсэн ч египетчүүд тэднийг гүйцэж чадаагүй. Ехова Израилийн төлөө тулалдаж байсан учраас тэр юм. «ЭЗЭН Египетийн цэргүүдийг үзээд, тэднийг самууралд оруулав. Тэр тэдний тэрэгний дугуйг мулталж, жолоодоход хэцүү болгов» (Ег. 14:21–25).

12 Израильчуудыг тэнгисийн эрэг дээр эсэн мэнд гарсны дараа Ехова Мосед «Далай дээгүүр гараа сунгаж, египетчүүд болон тэдний тэрэгнүүд, тэдний морин цэргүүд дээр усыг буцаагтун» хэмээн айлджээ. Түрэн ирж буй их уснаас зугтах гэж оролдохлоор нь «ЭЗЭН египетчүүдийг далайн дунд живүүлэв». Яах ч аргагүй байлаа. «Тэднээс нэг нь ч үлдсэнгүй» (Ег. 14:26–28). Ехова ард түмнээ ямар ч үед аврах чадалтайгаа ийнхүү харуулсан.

ИЕРУСАЛИМЫН СҮЙРЛЭЭС ЗУГТСАН НЬ

13. Есүс ямар заавар өгсөн бэ? Дагалдагчдад нь юу тодорхойгүй байсан бэ?

13 Санаа зорилго нь хэрэгжихээс өмнө юу юу болохыг Ехова яг таг мэддэг. Нэгдүгээр зууны үед Ромын цэргүүд Иерусалимыг бүслэхэд болсон үйл явдал үүнийг батлан харуулдаг. МЭ 70 онд Иерусалим хот устгагдах гэж байлаа. Тэр сүйрлийг эсэн мэнд давахын тулд юу хийх хэрэгтэйг Ехова Иудей, Иерусалимд амьдарч байсан христиануудад Хүүгээрээ хэлүүлсэн. Есүс: «Эш үзүүлэгч Даниелын хэлсэн хоосролын бузар юм ариун газар байхыг та нар харвал ... Иудейд байгсад нь уул уруу зугтааг» гэж хэлжээ (Мат. 24:15, 16). Харин энэ зөгнөл биелж байгааг Есүсийн дагалдагчид яаж мэдэх бол?

14. Ямар үйл явдал болоход Есүсийн өгсөн зааврын учир олдсон бэ?

14 Есүсийн өгсөн зааврын учир олон жилийн дараа олдсон. МЭ 66 онд Цести Галлаар удирдуулсан Ромын цэргүүд иудейчүүдийн бослогыг дарахаар Иерусалимд иржээ. Хэт шүтэгчид гэгддэг Иудейн босогчдыг сүмийн хэрэм дотор бүгж байтал Ромын цэргүүд хэрмийг нурааж эхэлсэн. Сонор сэрэмжтэй христианууд энэ бүхний учрыг ойлгожээ. Хуурамч шашин шүтдэг арми шүтээн болсон тугтайгаа («хоосролын бузар юм») сүмийн хэрэмд («ариун газар») тулж ирсэн. «Уул уруу зугтаах» цаг нэгэнт болсныг Есүсийн дагалдагчид ухаарчээ. Харин хот бүслэгдчихээд байхад яаж гарах вэ? Тэгтэл санаанд оромгүй явдал болов.

15, 16. а) Есүс тодорхой ямар заавар өгсөн бэ? Энэ зааврыг ягштал дагах нь дагалдагчдад амин чухал байсны учир юу вэ? б) Яавал аврагдах вэ?

15 Цести Галлыг цэргүүдийнхээ хамт ямар ч шалтгаангүйгээр бүслэлтээ зогсоож, Иерусалимыг орхин явахад босогчид араас нь нэхсэн. Дайтаж буй талуудын эзгүйд зугтах боломж Есүсийн дагалдагчдад гэнэт олджээ. Эд хөрөнгөө хаяад хурдан зугтахыг Есүс тодорхой хэлж өгсөн байсан (Матай 24:17, 18-ыг уншина уу). Нэн даруй зугтах хэрэг үнэхээр байсан уу? Энэ асуултын хариу тун удалгүй тодорхой болов. Хэдэн өдрийн дараа босогчид буцан ирж Иерусалим, Иудейн оршин суугчдыг хүчээр бослогодоо нэгтгэжээ. Иудейн бүлэглэлүүдийн хооронд болсон эрх мэдлийн төлөөх тэмцлээс болж хотын амьдрал туйлын хүнд болсон. Тэмцэл хөдөлгөөн улам ширүүсжээ. Ромчуудыг МЭ 70 онд Иерусалимд буцаж ирэхэд тэндээс зугтах ямар ч аргагүй болжээ (Лук 19:43). Хотоос гараагүй хүмүүс урхинд орсон! Есүсийн зааврыг даган уул руу зугтсан христианууд аврагджээ. Ехова өөрийн хүмүүсийг хэрхэн аврахаа мэддэгийг тэд биеэрээ үзсэн. Энэ явдлаас юу ойлгож болох вэ?

16 Агуу их гай гамшгийн үед христианууд Бурхны Үг болон байгууллагын зааврыг дагах хэрэгтэй болно. Жишээ нь, Есүс дагалдагчдадаа «уул уруу зугтаа» гэсэн заавар өгсөн. Бидэнд ч бас тиймэрхүү заавар өгнө. Харин бид яаж зугтахыг яг таг мэдэхгүй. * Гэлээ ч Ехова зааврынхаа учрыг цаг нь болохоор тодорхой ойлгуулна гэдэгт итгэж болно. Аврагдах эсэх маань дуулгавартай байхаас шалтгаалах учир «Ард түмэндээ өгч байгаа Еховагийн удирдамж зааварт би яаж ханддаг вэ? Дор нь хүлээж авдаг уу, эсвэл дагахаас хойш суудаг уу?» гэж өөрөөсөө асуух хэрэгтэй (Иак. 3:17).

ИРЭЭДҮЙД БЭЛДЭХ НЬ

17. Гогийн довтолгооны талаар Хабаккукийн зөгнөлөөс юу мэдэж болох вэ?

17 Өгүүллийн эхэнд дурдсан Гогийн довтолгооны талаар дахин ярилцъя. Тэр үеийн тухай зөнч Хабаккук: «Намайг сонсоход, дотор минь дэлсэж, чимээ шуугианд уруул минь чичирнэ. Ялзрал ясанд минь нэвтэрч, зогсож буй газартаа би салганан чичирнэ. Яагаад гэвэл биднийг түрэмгийлэгч ард түмнийг бостол, гамшигт өдөр ирэх хүртэл би нам гүм хүлээх ёстой» гэж хэлжээ (Хаб. 3:16). Бурхны ард түмний эсрэг довтлох тухай мэдээг сонсмогцоо зөнчийн дотор нь эвгүйрхэж, уруул нь чичрэн, тамир тэнхээ нь барагдсан боловч Ехова л ард түмнээ аварна гэдэгт итгэн тэрхүү агуу өдрийг чимээгүй хүлээхэд бэлэн байсан. Гогийн талынхан бидэн рүү ширүүн довтлох үед бид бас айдаст автаж мэднэ. Гэхдээ Бурхан үйлчлэгчдээ аварна гэдэгт Хабаккукийн адилаар итгэх хэрэгтэй (Хаб. 3:18, 19).

18. а) Удахгүй болох довтолгооноос айх хэрэггүйн учир юу вэ? б) Дараагийн өгүүллээр юу үзэх вэ?

18 Ехова ард түмнээ хэрхэн аврахаа мэддэгийг маргаангүйгээр баталдаг гурван жишээг авч үзлээ. Бурхны санаа зорилго нурна гэж хэзээ ч байхгүй. Тэрбээр дайснаа дарах нь тодорхой. Харин бид тэрхүү агуу их ялалтыг тэмдэглэе гэвэл эцэс хүртэл үнэнч байх ёстой. Одоо үнэнч байхад Ехова хэрхэн тусалдаг вэ? Дараагийн өгүүллээр энэ тухай ярилцъя.

[Зүүлт]

[Догол мөрийн асуулт]

[24-р хуудасны зураг]

Фараоны цэргүүдээс айхын хэрэг израильчуудад байсан уу?