Skip to content

Гарчиг руу орох

Хүү Эцгээ дуртайяа илчилдэг

Хүү Эцгээ дуртайяа илчилдэг

Хүү Эцгээ дуртайяа илчилдэг

«Хүүгээс өөр хэн ч, мөн Хүү Өөрийгөө илчлэхийг хүссэн тэр нэгнээс өөр хэн нь ч Эцэгийг хэн болохыг үл мэднэ» (ЛУК 10:22).

ХАРИУЛНА УУ

Зөвхөн Есүс Эцгээ хамгийн сайн илчилж чадсаны учир юу вэ?

Есүс Эцгээ хэрхэн илчилсэн бэ?

Та Есүсийг дууриан ямар ямар аргаар Эцгийг илчилж чадах вэ?

1, 2. Ямар асуулт олон хүний тархийг гашилгадаг вэ? Яагаад?

 «БУРХАН гэж хэн бэ?». Энэ асуултад хариулах гэж олон хүн тархиа гашилгадаг. Жишээ нь, өөрсдийгөө христиан гэдэг хүмүүсийн ихэнх нь Гурвалын тухай сургаалд итгэдэг ч энэ сургаалыг ойлгоход төвөгтэйг хүлээн зөв шөөрдөг. Зохиолч бөгөөд шашны удирдагч нэгэн хүний бичсэнээр, Гурвалын тухай сургаалын цаана хүн ойлгохын аргагүй зүйл байгаа учраас тайлбарлах боломжгүй ажээ. Нөгөөтэйгүүр, хувьслын буюу эволюцийн онолыг баримталдаг ихэнх хүн Бурхан байдагт итгэдэггүй. Бидний эргэн тойронд байгаа гайхамшигтай бүтээлүүд хар аяндаа үүссэн мэтээр ярьдаг. Гэсэн хэдий ч Чарлз Дарвин Бурхан байдгийг үгүйсгээгүй. Тэрбээр: «Бурхны мөн чанарыг ойлгоход хүний ухаан хүрэхгүй» хэмээн хэлжээ.

2 Хүмүүс янз бүрийн итгэл үнэмшилтэй ч Бурхан оршин байдаг эсэхийг бодож явдаг. Гэвч сэтгэлд нийцсэн хариу олж чадаагүйн улмаас Бурхныг эрж хайхаа больдог хүн олон. Үнэн хэрэгтээ, Сатан «үл итгэгчдийн бодол санааг сохолсон» билээ (2 Кор. 4:4). Тиймээс, хүн төрөлхтний дийлэнх нь төөрөлдөж, орчлонт ертөнцийг Бүтээгч Эцгийн тухай үнэнийг мэдэхгүй хоцордог нь гайхах зүйл биш юм! (Ис. 45:18).

3. а) Хэн бидэнд Бүтээгчийг мэдүүлсэн бэ? б) Ямар ямар асуултыг авч үзэх вэ?

3 Бурхны тухай мэдэх нь амин чухал. Яагаад гэвэл, «Эзэний [Еховагийн] нэрээр дуудах» хүмүүс л аврагдана гэж байдаг (Ром 10:13). Бурхныг нэрээр нь дуудна гэдэг нь Ехова гэж чухам хэн болохыг таньж мэднэ гэсэн үг. Есүс Христ шавь нартаа энэ чухал үнэнийг хэлж өгөн, Эцгээ мэдүүлсэн (Лук 10:22-ыг уншина уу). Эцгийг зөвхөн Есүс илчилж чадсаны учир юу вэ? Хэрхэн илчилсэн бэ? Есүсийг хэрхэн дууриаж, Эцгийг хүмүүст мэдүүлэх вэ? Эдгээр асуултыг авч үзье.

ЗӨВХӨН ЕСҮС ХРИСТ ЭЦГИЙГ ИЛЧИЛСЭН

4, 5. Эцгийг хамгийн сайн мэдүүлж чадах хүн нь Есүс байсны учир юу вэ?

4 Эцгийг хүмүүст хамгийн сайн мэдүүлж чадах хүн нь Есүс байв. Учир нь тэрбээр амьтай бүхний эхэнд бүтээгдсэн, тэнгэрт амьдардаг сүнсэн бодгаль, «Бурханы цорын ганц Хүү» ажээ (Иох. 1:14; 3:18). Юутай хосгүй завшаан бэ! Бурхан өөр ямар ч юмыг бүтээгээгүй байхдаа Хүүгээ л анхаарч, хайрлан халамжилж байв. Олон тэрбум жилийг хамт өнгөрөөн, санаа бодлоо хуваалцахын хэрээр Хүү нь Эцэгтэйгээ танилцаж, зан чанарыг нь мэдэж авчээ. Эцэг Хүү хоёр дотносож, бие биеэ улам хайрладаг болсон нь лавтай (Иох. 5:20; 14:31). Хүү нь Эцгээ ямар сайн мэддэг болсон бол оо! (Колоссай 1:15–17-г уншина уу).

5 Эцэг нь Хүүгээ «Бурханы Үг» буюу өөрийн төлөөлөгч болгон томилжээ (Илч. 19:13). Тийм учраас, Есүс л Эцгээ бусдад хамгийн сайн мэдүүлж чадах нь гарцаагүй. Евангели бичигч Иохан Есүсийг «Эцэгийн өвөр дэх» «Үг» гэжээ (Иох. 1:1, 18). Тэрбээр энэ үгийг хэлэхдээ тухайн үеийнхээ ёс заншлыг бодсон байж болох юм. Зоог барих үед зочин гийчид зүүн талаараа ширээ тохойлдон, бандан дээр эгнээд, хажуулдан суудаг байжээ. Нэг нь нөгөөгөө налсхийн зэрэгцэн суугаа хоёр дотночлон ярилцах нь илүү амар ажээ. Үүнтэй адилаар, Хүү нь Эцгээ налан суух адил ойр байж, дотночлон ярилцдагийг илэрхийлж «өвөр дэх» гэж бичжээ.

6, 7. Эцэг Хүү хоёр хэрхэн улам дотноссон бэ?

6 Эцэг Хүү хоёр улам дотноссоор байв. Хүү нь «[Бурхны] өдөр тутмын баяр бахдал байсан» (Сургаалт үгс 8:22, 23, 30, 31-ийг уншина уу). Эцэгтэйгээ гар нийлэн хамтран ажиллаж, адилхан зантай болохын хэрээр тэд бие биетэйгээ улам ойр дотно болсон нь лавтай. Эцэг нь оюун ухаант бусад бүтээлээ бүтээчихээд, тэдэнтэйгээ хэрхэн харьцаж байгааг ажигласан Хүү Эцгээ бүр ч их хайрлаж, хүндэтгэх болсон.

7 Хожим нь Сатан Еховагийн хэмжээгүй эрх мэдлийг эсэргүүцэн босжээ. Тийм ярвигтай үед Ехова хайраа хэрхэн илэрхийлж, яаж шударга хандаж, мэргэн ухаантай, хүчтэй байна гэж юу болохыг үзүүлсэн нь Хүүд бас нэгэн сургууль болсон. Үүний ачаар саад бэрхшээлийг хэрхэн даван туулах аргыг мэдэж авсан нь дамжиггүй. Сурсан эрдэм нь хожим дэлхий дээр үйлчлэх хугацаанд нь хэрэг болжээ (Иох. 5:19).

8. Евангелиэс Эцгийн зан чанарыг илүү их мэдэж болохын учир юу вэ?

8 Эцэгтэйгээ ойр дотно байсан Хүү Эцгийнхээ тухай хэний ч мэдэж чадахгүй нарийн ширийн зүйлийг хүмүүст ярьж өгдөг байсан. Тиймээс Эцгийг мэддэг болохын тулд цорын ганц Хүүгийн сургаал, үйл хэргийг судалж мэдэхээс өөр сайн арга байхгүй. Жишээ нь, «хайр» гэдэг үг ямар утгатайг тайлбар толиос хараад л бүрэн төгс мэдэж чадахгүй шүү дээ. Харин Евангели буюу сайн мэдээний дөрвөн номоос, Есүс дэлхий дээр үйлчилж байхдаа хүмүүст хэрхэн санаа тавьж байсныг уншаад эргэцүүлэн бодвол «Бурхан бол хайр» гэсний учрыг ойлгоно (1 Иох. 4:8, 16). Есүс дэлхий дээр байхдаа Бурхны өөр олон сайхан зан чанарыг шавь нартаа илчилсэн.

ЕСҮС ЭЦГЭЭ ИЛЧИЛСЭН НЬ

9. а) Есүс Эцгээ ямар хоёр аргаар илчилсэн бэ? б) Есүс заасан сургаалаараа Эцгээ илчилсэн жишээ дурдана уу.

9 Есүс тэр үеийн болон ирээдүйн шавь нартаа Эцгээ хэрхэн илчилсэн бэ? Үндсэн хоёр аргаар буюу заасан сургаал, явдал үйлээрээ илчилжээ. Эхлээд Есүсийн сургаалыг авч үзье. Дагалдагчдадаа зааж байсан сургаал номлол нь Эцгийнхээ санаа бодол, сэтгэл мэдрэмж, арга барилыг сайн мэддэг байсныг харуулдаг. Тухайлбал, Эцгээ хонин сүрэгтээ санаа тавьдаг халамжит хоньчинтой зүйрлэсэн. Хоньчин хүн сүргээсээ тасарсан нэг хонио олбол «төөрөөгүй ерэн есөн хониноосоо илүүгээр түүнд баярлах болно» гэж Есүс хэлсэн. Ийм жишээ татсан учраа тэрбээр: «Эдгээр багачуудаас хэн нэг нь эрсдэх нь тэнгэрт байгаа Эцэгийн тань хүсэл биш юм» хэмээн тайлбарлажээ (Мат. 18:12–14). Энэ жишээнээс Еховагийн талаар юу мэдэж авах вэ? Заримдаа та өөрийгөө ямар ч үнэ цэнэгүй, хэнд ч хэрэггүй амьтан гэж боддог байлаа ч тэнгэрийн Эцэг тань таныг анхаарч, танд санаа тавьдаг юм шүү. Таныг «эдгээр багачуудын» нэг гэж үздэг.

10. Есүсийг харсан хүмүүс Эцгийнх нь талаар юу мэдэж авсан бэ?

10 Хоёрдугаарт, Есүс явдал үйлээрээ Эцгээ илчилсэн. «Бидэнд Эцэгээ харуулаач» гэж элч Филипийг хүсэхэд Есүс хариуд нь «Намайг харсан хүн Эцэгийг харсан» хэмээн хэлдэг (Иох. 14:8, 9). Есүсийн хийж үйлдсэнээс Эцгийнх нь зан чанарыг ойлгож болох хэдэн жишээ авч үзье. Уяман өвчтэй нэгэн хүн эдгээж өгөөч гэж гуйхад Есүс «биеэрээ дүүрэн уяман өвчтэй» тэр хүнд хүрч, «Би хүсэж байна. Цэвэрш» гэж хэлдэг. Өвчнөөсөө салсан тэр хүн Еховагийн хүчээр эдгэснээ ойлгосон нь эргэлзээгүй (Лук 5:12, 13). Лазарыг нас барахад Есүс «гүнээ шаналж, сэтгэл нь хөдөлж», «уйлдаг». Үүнийг харсан шавь нар нь өрөвч сэтгэлтэй Эцгийг нь ойлгосон биз ээ. Есүс Лазарыг амилуулах гэж байсан хэр нь төрөл төрөгсөд, найз нөхөдтэй нь хамт гашууджээ (Иох. 11:32–35, 40–43). Есүсийн хийж үйлдсэнийг эргэцүүлж бодоод Эцгийнх нь өршөөнгүйг сэтгэлийг ойлгож болох өөр олон сайхан түүх Библид байдгийг та мэдэх биз ээ.

11. а) Есүс сүмийг цэвэрлэснээрээ Эцгийн талаар юу илчилсэн бэ? б) Энэ түүх биднийг яагаад тайвшруулдаг вэ?

11 Тэгвэл Есүс сүмийг цэвэрлэсэн тухай түүхээс ямар дүгнэлт хийж болох вэ? Юу болсныг эргэн саная. Есүс дээсээр шилбүүр хийж, тэнд байсан хонь, үхрийг тууж гаргаад, мөнгө солигчдын зоосыг тараан хаяж, ширээг нь хөмрүүлдэг (Иох. 2:13–17). Үүнийг харсан шавь нар нь «Таны өргөөний төлөөх хичээл зүтгэл намайг залгив» гэж Давид хааны зөгнөснийг санажээ (Дуу. 69:9). Есүс шийдэмгий арга хэмжээ авснаараа жинхэнэ шүтлэгийг хамгаалах гэсэн чин хүсэлтэйгээ харуулсан. Та энэ явдлаас Эцгийн талаар юу ойлгосон бэ? Бурхан ёс бус бүхнийг газрын хөрснөөс арчин зайлуулах хязгааргүй хүчтэй төдийгүй асар их хүсэлтэйг энэ түүх хэлж өгдөг. Өнөөдөр дэлхий даяар өргөн тархсан муу муухай бүхэн Еховад ямар санагддагийг Есүсийн хандлагаас мэдэж болно. Шударга бус явдлын золиос болж зовохын цагт энэ түүх бидний сэтгэлийг хэчнээн их тайвшруулах бол!

12, 13. Есүс шавь нартайгаа хэрхэн харьцаж байснаас Еховагийн тухай юу мэдэж болох вэ?

12 Есүс шавь нартаа яаж хандсаныг одоо ярилцъя. Шавь нарынх нь дунд хэн нь хамгийн агуу болох талаарх маргаан үргэлжилсээр байсан (Марк 9:33–35; 10:43; Лук 9:46). Бардам занг Ехова хэрхэн үздэгийг Есүс сайн мэддэг байсан нь Эцэгтэйгээ олон жил хамт амьдарсных юм (2 Сам. 22:28; Дуу. 138:6). Бас Сатан Диаволын бардам загнахыг ч үзсэн. Хувиа хичээсэн энэ этгээд нэр нөлөөтэй, өндөр байр суурьтай болохыг шунан хүсдэг байв. Гэтэл зааж сургасан шавь нараас нь нөгөө л нэр төрд дурлах хандлага илэрч байсанд Есүс хэчнээн их харамссан бол оо! Элч болгон сонгосон хүмүүс нь хүртэл ийм зан гаргаж байсан гээд бод доо! Дэлхий дэх амьдралынх нь сүүлчийн өдрийг хүртэл тэд бардам зангаа хаяагүй (Лук 22:24–27). Гэхдээ Есүс тэднийгээ хэзээ нэгэн цагт өөр шиг нь даруу болно доо хэмээн найдаж, сайхан сэтгэлээр хэлж зөвлөсөөр байсан (Флп. 2:5–8).

13 Шавь нарынхаа өөдгүй муухай занг засахдаа тэвчээртэй байсан Есүсийг бодохлоор Ехова төсөөлөгдөж байна уу? Үйлчлэгчид нь дахин дахин алдахад ч Ехова тэднийгээ орхидоггүйг Есүсийн үг яриа, үйл хэргээс мэдэж авсан уу? Еховаг ийм сайхан зан чанартай гэж мэдэхлээр алдаа дутагдлаа гэмшиж, өршөөл нигүүлсэл гуйх сэтгэл төрөхгүй гэж үү?

ХҮҮ НЬ ЭЦГЭЭ ДУРТАЙЯА ИЛЧИЛСЭН

14. Есүс Эцгээ дуртайяа илчилсэн нь юунаас харагддаг вэ?

14 Удирдагчид ард олныг эрхэндээ байлгахыг оролдон, мэдвэл зохих зүйлийг нь нуун дарагдуулдаг. Харин Есүс Еховагийн тухай мэдвэл зохих бүх зүйлийг хүмүүст дуртайяа хэлж өгдөг байсан (Матай 11:27-г уншина уу). Түүгээр зогсохгүй, шавь нартаа «үнэн Нэгэнийг [буюу Ехова Бурхныг] мэдүүлэхийн тулд ухааныг өгсөн» (1 Иох. 5:20). Энэ нь юу гэсэн үг вэ? Есүс дагалдагчдадаа Эцгийнхээ тухай илэн далангүй ярьж, ойлгомжтой заадаг байжээ. Эцгийгээ учир битүүлэг Гурвалын нэг гэх мэтээр зааж хүмүүсийн толгойг эргүүлж байгаагүй.

15. Есүс Эцгийнхээ тухай зарим зүйлийг хэлж өгөхгүй байсны учир юу вэ?

15 Есүс Эцгийнхээ тухай мэддэг бүхнээ нэгмөсөн илчилсэн үү? Үгүй, заримыг нь хэлэлгүй азнасан нь ухаалгийн шинж байлаа (Иохан 16:12-ыг уншина уу). Учир нь тухайн үед шавь нар нь «тэдгээрийг даахгүй» байх байв. Гэхдээ «Туслагч» буюу ариун сүнс ирж «бүх үнэн уруу удирдахад» тэд бүр ч их юм мэдэж авна гэж Есүс хэлсэн (Иох. 16:7, 13). Ухаалаг эцэг эх, хүүхдээ юмны учрыг ойлгодог болохлоор нь л зарим нэг зүйлийг хэлж өгдөг. Түүнтэй адилаар, Есүс шавь нараа төлөвшсөний дараа Эцгийнхээ тухай зарим нэг зүйлийг ойлгуулахаар шийдсэн. Ийнхүү тэдний хэр чадал хязгаартайг тооцож, сайхан сэтгэл гаргасан.

ЕСҮСИЙГ ДУУРИАН, ЕХОВАГ ХҮМҮҮСТ ИЛЧЛЭГТҮН

16, 17. Та ямар учраас Эцгийг бусдад илчилж чадах вэ?

16 Та хэн нэгэнтэй танилцаад, сайхан зан чанартайг нь мэдэхлээрээ түүний тухай бусдад ярихыг хүсдэг биз дээ? Есүс дэлхий дээр байхдаа Эцгийнхээ тухай ярьдаг байсан (Иох. 17:25, 26). Бид Есүсийг дууриан Еховаг хүмүүст илчилж чадах уу?

17 Есүс Эцгийнхээ тухай хэнээс ч илүү сайн мэддэг байсныг ярилцлаа. Тэрбээр мэдсэн юмаа дуртайяа хэлж өгдөг байжээ. Тэр байтугай, дагалдагчдынхаа ухааныг тэлж, Эцгийнхээ зан чанарыг улам сайн ойлгуулсан. Есүс бидэнд ихэнх хүний хэрэглэдэггүй аргаар Эцгийг маань мэдүүлж өгсөн. Тэрбээр заасан сургаал, явдал үйлээрээ Эцгээ дуртайяа илчилсэн. Үүнд нь талархаад баршгүй! Бид Еховаг мэддэгээрээ бахархдаг (Иер. 9:24; 1 Кор. 1:31). Өөртэй нь дотносохыг хичээх тусам Ехова бидэнд ойртдог (Иак. 4:8). Тийм учраас, бид мэдлэгээ бусадтай хуваалцаж чадна. Харин яаж хуваалцах вэ?

18, 19. Та хүмүүст ямар ямар аргаар Эцгийг илчилж чадах вэ? Тайлбарлана уу.

18 Есүсийг дууриан үг яриа, ажил үйлээрээ Эцгийг илчлэх учиртай. Ихэнх хүн Бурхан гэж хэн болохыг мэддэггүйг бүү мартаарай. Хуурамч шашны нөлөөгөөр Бурхны талаарх тэдний ойлголт гажуудсан байгаа. Бид Библи судлаад Бурхны нэрийг хэн гэдэг, хүн төрөлхтний талаар ямар санаа зорилготой, ямар зан чанартайг нь мэдсэн учир хүмүүст мэдүүлж чадна. Түүнээс гадна, Библид гардаг үйл явдлыг уншиж байхдаа Бурхны талаар шинэ юм олж мэдвэл итгэл нэгтнүүдтэйгээ хуваалцаж болно. Тэгвэл тэдэнд ч тустай байж болох юм.

19 Бас Есүсийн адилаар, зан байдал, явдал үйлээрээ Эцгийг илчлэх хэрэгтэй. Хүмүүс бидний байгаа байдлыг хараад Христийн хайрыг мэдэрвэл Есүстэй төдийгүй Эцэгтэй танилцахыг хүсэх биз ээ (Еф. 5:1, 2). Элч Паул: «Би Христийг дуурайдаг шиг намайг дуурайцгаа» хэмээн уриалсан байдаг (1 Кор. 11:1). Биеэ авч явах байдлаараа хүмүүсийн анхаарлыг татаж, тэднийг Еховатай танилцуулах нь ямар их нэр төрийн хэрэг вэ! Есүсийг үргэлж дууриан, Эцгийг хүмүүст илчилцгээе.

[Догол мөрийн асуулт]