Skip to content

Гарчиг руу орох

Манай архиваас

«Би өдөр ирэх тусам ном түгээгчийн ажилд дуртай болж байна»

«Би өдөр ирэх тусам ном түгээгчийн ажилд дуртай болж байна»

1886 ОНД «Шинэ мянганы эхлэл» номын 100 ширхэг I ботийг АНУ-ын Пеннсилвани мужийн Аллегейни хотод байдаг Библийн өргөөнөөс (одоогийн Бетел) Иллинойс мужийн Чикаго хотод аваачжээ. Чарлз Тейз Расселл шинэ хэвлэлээ номын дэлгүүрүүдэд тараачихна гэж бодож байлаа. Шашны ном хэвлэл зарж борлуулах талаар АНУ-даа толгой цохидог нэг пүүс «Шинэ мянганы эхлэл»-ийг авахаар болжээ. Гэтэл хоёр долоо хоногийн дараа нөгөө ачаа тэр чигээрээ Библийн өргөөнд буцаж ирэв.

Нэгэн алдартай номлогч өөрийнх нь бичсэн номуудын дэргэд «Шинэ мянганы эхлэл» байхыг хараад ихэд уурлажээ. Хэрэв үүнийг эндээс зайлуулахгүй бол өөрийнхөө болон бусад алдартай номлогч нөхдийнхөө номыг бүх салбараас буцааж аваад, дахиж хамтран ажиллахгүй гэж омогдсон аж. Тэгэхлээр нь тэр пүүс «Шинэ мянганы эхлэл»-ийг арга буюу буцаажээ. Сонинуудад шинэ номын тухай зар сурталчилгаа нийтэлсэн байв. Гэтэл эсэргүүцэгчид зар сурталчилгааны гэрээг цуцлуулсан. Тэгвэл шинэ ном үнэнийг хайдаг хүмүүсийн гар дээр яаж очсон бол?

Тухайн үед ном түгээгчид гэгддэг байсан хүмүүс гол үүрэг гүйцэтгэжээ. * 1881 оны «Сионы Харуулын цамхаг» сэтгүүлд Библийн ном хэвлэл тараан бүрэн цагаар үйлчлэх 1 000 дэлгэрүүлэгч хэрэгтэй байна гэсэн өгүүлэл гарчээ. Ном түгээгчид цөөхүүлээ байсан ч үнэний үрийг хаа сайгүй тараасан. 1897 он гэхэд сая шахам «Шинэ мянганы эхлэл» ном олны хүртээл болсон бөгөөд дийлэнхийг нь ном түгээгчид тараажээ. Тэдний ихэнх нь «Харуулын цамхаг» сэтгүүлийн захиалгын мөнгө юм уу, хүргэж өгсөн номынхоо оронд авдаг багахан хэмжээний мөнгөөр амьдарч байв.

Энэ ажлыг хэн зориглон хийсэн бэ? Өсвөр насны охид хөвгүүдээс эхлээд настан буурлууд ч ном түгээгчээр ажиллажээ. Тэдний дунд ганц бие болон гэрлэсэн хүмүүс олон байв. Гэр бүлээрээ ном түгээгчээр үйлчилдэг хүмүүс ч цөөнгүй байлаа. Байнгын ном түгээгчид өдөржин, харин туслах ном түгээгчид өдөрт нэг юм уу, хоёр цаг ном тараадаг байжээ. Гэхдээ эрүүл мэнд, ар гэрийн гачигдлаас болоод хүн бүр ном түгээгчээр ажиллаагүй. Ном түгээгч хүн заавал «өндөр боловсролтой, авьяас чадвартай, тэнгэр элчийн хэл мэддэг» байх албагүйг 1906 оны чуулганаар онцлон тэмдэглэжээ.

Бараг тив болгоны эгэл жирийн хүмүүс жирийн бус энэ ажлыг хийжээ. Нэг эрэгтэй долоон жилийн хугацаанд 15 000 ном тараасан байна. Тэрбээр: «Би ном борлуулах гэсэндээ биш, харин Еховаг, Еховагийн тухай үнэнийг гэрчлэх гэж ном түгээгч болсон» гэж хэлжээ. Ном түгээгчид хаа л очно, тэнд үнэний үр үндэслэж, Библи Судлаачдын тоо нэмэгдсээр байлаа.

Лам хуврагууд ном түгээгчдийг номын доншуур наймаачид гэж гутаан доромжилдог байв. 1892 оны «Харуулын цамхаг» сэтгүүлд «Тэднийг Эзний жинхэнэ төлөөлөгчид гэдгийг мэддэг хүн цөөхөн. Эзэн даруу зантай, өөрийгөө золиослох сэтгэлтэй тэр хүмүүсийг хүндэтгэн үнэлдэг. Үүнийг ойлгодог хүн ховор» гэж бичжээ. Ном түгээгч нэг эмэгтэйн хэлснээр, тэд «торгонд хөлбөрч, тосонд умбаж» байсангүй. Бөх гутал, унадаг дугуй ном түгээгчдийн гол унаа байлаа. Тэд бэлэн мөнгөгүй хүнд номоо өгөх болбол оронд нь хоол хүнс авдаг байсан. Өдөржин дэлгэрүүлээд ядарсан ч майхан юм уу, хөлсний байр луугаа баяр хөөртэй харьдаг байв. Тэр үед Ном түгээгчийн тэрэг гэж нэршсэн, цаг, мөнгөнд хэмнэлттэй, доороо дугуйтай байшин шинээр гарчээ. *

1893 оны эхээр Чикаго хотноо Библи Судлаачдын Олон Улсын Нийгэмлэгээс зохиосон чуулганд ном түгээгчдэд зориулсан тусгай хөтөлбөр багтжээ. Ном түгээгчидтэй хийсэн ярилцлага, тэдний дэлгэрүүлэх арга барил, хэрэгжүүлж болох зөвлөгөө уг хөтөлбөрт орсон байв. Расселл идэвх зүтгэлтэй дэлгэрүүлэгчдэд өглөө нь юм сайн идэж уухыг, үдийн алдад аяга сүү, халуун өдөр мөхөөлдөстэй ундаа уухыг зөвлөжээ.

Хамт дэлгэрүүлэх хүн хайж байгаа ном түгээгчид шар өнгийн тууз зүүсэн байлаа. Шинээр ном түгээгч болсон хүнийг сургах зорилгоор туршлагатай хүнтэй нэг баг болгож байв. Шинэ хүн тэр бүр сайн ярьж чаддаггүй байж л дээ. Жишээ нь, нэг хүн сандарсандаа «Та энэ номуудыг авахгүй, тийм ээ?» гээд хэлчихжээ. Харин азаар, гэрийн эзэгтэй номуудыг авч, хожим Еховагийн үйлчлэгч болсон аж.

Нэг христиан эрэгтэй: «Энэ л янзаараа тансаг амьдраад, энэ ажилд зориулж жилд 1 000 доллар хандивлаад байх уу, эсвэл ном түгээгч болох уу?» хэмээн боджээ. Аль нь ч Эзнийг баярлуулна, гэхдээ Эзэнд цаг заваа шууд зориулбал илүү их ивээл хүртэнэ гэсэн зөвлөгөө авсан аж. Мэри Хаиндс ном түгээгчээр үйлчлэхийг «олон хүнд буян болох хамгийн сайн арга» гэж ойлгожээ. Ичимхий зантай Альберта Кросби: «Би өдөр ирэх тусам ном түгээгчийн ажилд дуртай болж байна» гэж хэлжээ.

Хичээл зүтгэлтэй ном түгээгчдийн үр удам болон тэдний ачаар үнэнийг мэдсэн олон хүн сүнслэг өвөө одоо ч эрхэмлэн нандигнадаг. Та ном түгээгч буюу эхлэгч болж амжаагүй бол ахмад үеийнхээ тэр сайхан уламжлалыг дагаж болохгүй нь юу билээ? Та ч бас өдөр ирэх тусам бүрэн цагаар дэлгэрүүлэх дуртай болно.

[Зүүлт]

^ 1931 оноос хойш «ном түгээгч» гэдэг үгийн оронд «эхлэгч» гэдэг үг хэрэглэх болжээ.

^ Дугуйтай байшингийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг ойрын үед нийтлэх болно.

[32-р хуудасны товчлол]

Тэд заавал «өндөр боловсролтой, авьяас чадвартай, тэнгэр элчийн хэл мэддэг» байх албагүй байсан

[31-р хуудасны зураг]

Ном түгээгч А. У. Осей, Гана улс, 1930-аад он

[32-р хуудасны зураг]

Дээр: Ном түгээгч Эдит Кин, Гертрүд Моррис нар, Англи, 1918 оны үе; доор: Стенли Коссабүм, Хенри Нонкис нар, АНУ, тараасан номынхоо хоосон хайрцгуудын дэргэд