Skip to content

Гарчиг руу орох

Та Еховагийн алдрыг тусган харуулдаг уу?

Та Еховагийн алдрыг тусган харуулдаг уу?

Та Еховагийн алдрыг тусган харуулдаг уу?

«Бид ... Эзэний алдрыг тусган харуулдаг» (2 КОР. 3:18, МБОХ 2000).

ХАРИУЛНА УУ

Хүн нүгэлтэй ч Еховаг алдаршуулж чадахын учир юу вэ?

Бурхны алдрыг тусган харуулахад залбирах, цуглаанд очих нь ямар ач холбогдолтой вэ?

Еховаг алдаршуулсаар байхын тулд яах хэрэгтэй вэ?

1, 2. Хүн Еховагийн зан чанаруудыг илэрхийлж чадна гэхийн учир юу вэ?

 БИД бүгдээрээ эцэг эхтэйгээ ямар нэг байдлаар адилхан байдаг. Хүмүүс жаал хүүг «Чи яг аав» гэж хэлэх юм уу, эсвэл жаахан охиныг хараад «Ээжтэйгээ ямар адилхан юм бэ» гэж хэлдэг. Хүүхэд эцэг эхээ даган дууриах нь олонтаа. Тэгвэл бид тэнгэрийн Эцэг Еховагаа дууриаж чадах уу? Ехова харагддаггүй ч Үгийг нь судалж, бүтээлийг нь ажиглаж, уншсан зүйлээ, ялангуяа, Бурхны Хүү Есүс Христийн үг яриа, үйл хэргийг эргэцүүлэн бодвол эрхэм сайхан чанаруудыг нь ойлгож болдог (Иох. 1:18; Ром 1:20). Тийм болохоор бид Еховагийн алдрыг тусган харуулж чадна.

2 Бурхан Адам Ева хоёрыг бүтээхээсээ өмнө, хүмүүс хүсэл тааллыг нь биелүүлж, зан чанарыг нь илэрхийлж, өөрийг нь алдаршуулж чадна гэдэгт итгэж байсан (Эхлэл 1:26, 27-г уншина уу). Бүтээгчдээ чин үнэнч байхыг хүсдэг хүн адилхан зан чанартай байх учиртай. Тийм байх аваас соёл, боловсрол, гарал үүсэл нь ямар ч бай, Бурхны алдрыг тусган харуулах боломжтой. Энэ нь асар их нэр төрийн хэрэг юм. Учир нь «Бурхан бол нүүр тал хардаггүй бөгөөд Түүнээс эмээгч, зөвийг үйлдэгч алив үндэстний хүн Түүнд таалагддаг» (Үйлс 10:34, 35).

3. Христианууд Еховад үйлчлэхлээрээ яадаг вэ?

3 Тослогдсон христианууд Еховагийн алдрыг тусган харуулдаг. Тийм ч учраас сүнсээр төрсөн элч Паул: «Бид бүгд бүтээлэггүй нүүрээр Эзэний алдрыг тусган харуулдаг. Сүнс болох Эзэн биднийг алдраас алдарт Өөртэйгөө ижил дүрээр өөрчилдөг билээ» гэж бичжээ (2 Кор. 3:18). Зөнч Мосег Арван тушаал бичсэн чулуун хавтангууд барьсаар Синаи уулнаас бууж ирэхэд Еховатай ярьсны улмаас нүүр нь гэрэлтэж байжээ (Ег. 34:29, 30). Мосед тохиолдсон явдал христиануудад тохиолддоггүй, нүүр царайнаас нь гэрэл цацардаггүй нь үнэн. Гэхдээ тэд Еховагийн тухай, зан чанарынх нь тухай, хүн төрөлхтний төлөөх агуу санаа зорилгынх нь тухай хүмүүст ярихлаараа баяр хөөр болдог. Тослогдсон христианууд болон дэлхий дээр амьдрах найдвартай нөхөд нь амьдрал, үйл ажлаараа Еховагийн алдрыг толь мэт тусган харуулдаг (2 Кор. 4:1). Та Еховагийн алдрыг тусган харуулахын тулд таалалд нь нийцүүлэн амьдарч, дэлгэрүүлэх ажилд тогтмол оролцдог уу?

БИД ЕХОВАГИЙН АЛДРЫГ ТУСГАН ХАРУУЛАХЫГ ХҮСДЭГ

4, 5. а) Паулын адилаар бид юутай тэмцэх хэрэгтэй вэ? б) Нүгэл хүн төрөлхтнийг хэрхэн ноёрхдог вэ?

4 Еховагийн үйлчлэгчид бид юу ч хийсэн Бүтээгчээ алдаршуулахыг хүсдэг. Гэвч хүссэн юмаа санаснаараа хийж чаддаггүй. Паулд бас ийм бэрхшээл байсан (Ром 7:21–25-ыг уншина уу). Хүн бузар муу хүсэлтэйгээ тэмцэх хэрэгтэй байдгийн учрыг тэрбээр: «Бүгд нүгэл үйлдсэнээр Бурханы алдарт хүрдэггүй» хэмээн товч бөгөөд тодорхой хэлж өгсөн (Ром 3:23). Хүн төрөлхтөн нүгэлт Адамаас болж «Нүгэл» гэгч харгис ноёнд боолчлогдох болжээ (Ром 5:12; 6:12).

5 Нүгэл гэж юу вэ? Еховагийн зан чанар, хэм хэмжээ, хүсэл таалалтай нь зөрчилддөг бүхнийг хэлдэг. Нүглээс болоод хүн Бурхан хоёрын хоорондох харьцаанд сэв суусан. Байгаа оноход нь харваачид ямар нэг юм саад болдгийн адил, Бурхны алдрыг тусган харуулахад нүгэл саад болдог. Бид заримдаа санаатай, заримдаа санамсаргүйгээр нүгэл үйлддэг (Тоол. 15:27–31). Нүгэл хүний дотор нэвт шингэсэн байдаг бөгөөд хүн Бүтээгч хоёрын хооронд ангал үүсгэдэг (Дуу. 51:5; Ис. 59:2; Кол. 1:21). Тиймд ихэнх хүн Еховагийн тогтоосон хэм хэмжээг зөрчиж, алдрыг нь тусган харуулах үнэлж баршгүй завшаанаа алддаг. Тэгэхлээр, нүгэл бол хүн төрөлхтнийг тарчилган зовоодог хамгийн адгийн зүйл юм.

6. Бид нүгэлтэй төрдөг ч Бурхныг алдаршуулж болдгийн учир юу вэ?

6 Хэдийгээр бид нүгэлтэй төрдөг ч Ехова биднийг «найдвараар бялхаадаг» (Ром 15:13). Тэрбээр биднийг нүглийн боолчлолоос чөлөөлөхийн тулд Есүс Христийг золиос болгон өгсөн. Энэхүү золиосонд итгэвэл цаашид «нүгэлд боолчлуулах[аа]» больж, Еховагийн алдрыг тусган харуулдаг анд нөхөр нь болж чадна (Ром 5:19; 6:6; Иох. 3:16). Бурхантай ийнхүү сайн харьцаатай байвал одоо ч ивээл хүртэнэ. Ирээдүйд төгс болж, мөнх амьдарна. Нүгэлтэй ч гэсэн, Бурхны алдрыг тусган харуулдаг хүний тоонд багтана гэдэг хэчнээн их ивээл бэ!

БУРХНЫ АЛДРЫГ ТУСГАН ХАРУУЛАХ НЬ

7. Бурхны алдрыг тусган харуулахын тулд юугаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй вэ?

7 Хүмүүс бид бүгдээрээ нүгэлтэй учраас алдаа дутагдал гаргадаг. Бурхны алдрыг тусган харуулъя гэвэл дутагдлаа мэдэх хэрэгтэй (Ш.дэд 6:36). Тэгээд түүнийгээ хүлээн зөвшөөрч, засах гэж тэмцвэл Бурхныг алдаршуулж чадна. Жишээ нь, порно үзэж нүгэл үйлдсэн бол сүнслэг тусламж авах хэрэгтэйгээ ойлгоод, ахлагчдад хандах ёстой (Иак. 5:14, 15). Энэ бол Бурхныг алдаршуулахыг үнэхээр хүсэж байгаа хүний хамгийн түрүүнд хийх ёстой алхам юм. Еховаг шүтэгчид бид хэм хэмжээнд нь нийцүүлэн амьдарч байна уу, үгүй юү гэдгээ үргэлж шалгах хэрэгтэй (Сур. 28:18; 1 Кор. 10:12). Алдаа дутагдал маань ямар ч бай, цаг ямагт тэмцсээр байх хэрэгтэй. Тэгж байж л Бурхны алдрыг тусган харуулна шүү дээ.

8. Бид нүгэлтэй ч яах ёстой вэ?

8 Бурхны таалалд бүрэн нийцэж, алдрыг нь төгс тусган харуулсан цорын ганц хүн бол Есүс юм. Бид төгс биш боловч Есүсийг дууриаж, жишээг нь дагах гэж хамаг чадлаараа хичээх хэрэгтэй (1 Петр 2:21). Ехова өөрийг нь алдаршуулахын төлөө идэвх зүтгэл гарган, ахиж дэвшиж байгаа хүнийг хараад ивээдэг.

9. Бурхны алдрыг тусган харуулахад Библи ямар үүрэгтэй вэ?

9 Яавал Бурхны алдрыг илүү сайн тусган харуулахыг Библиэс мэдэж болно. Тийм учраас, Судрыг нягтлан судалж, уншсанаа эргэцүүлэн бодох нь чухал юм (Дуу. 1:1–3). Бурхны Үгийг өдөр бүр уншвал ахиц дэвшил гаргахын тулд юугаа өөрчлөх хэрэгтэйг мэдэж авна (Иаков 1:22–25-ыг уншина уу). Библийн мэдлэгээ гүнзгийрүүлэх тусам итгэл бэхэждэг. Бас ноцтой нүглээс хол явъя, Еховад таалагдъя гэсэн шийдвэр батаждаг (Дуу. 119:11, 47, 48).

10. Еховад илүү үр бүтээлтэй үйлчлэхэд залбирал ямар ач холбогдолтой вэ?

10 Бурхны алдрыг тусган харуулъя гэвэл «залбиралд өөрсдийгөө зориулах» хэрэгтэй (Ром 12:12). Таалалд нь нийцүүлж үйлчлэхийн тулд Еховад залбирч ариун сүнс гуйх нь зүйтэй. Бас хорхой хүргэм зүйлийг тэвчих хүчтэй, «үнэний үгийг зөв заах» чадвартай, улам их итгэлтэй болгож өгөөч гэж гуйж болно (2 Тим. 2:15; Мат. 6:13; Лук 11:13; 17:5). Хүүхэд аавдаа найддаг шиг, бид тэнгэрийн Эцэг Еховадаа найдаж, тусална гэдэгт итгэх хэрэгтэй. Өөрт нь илүү их үйлчлэх хүсэлтэйгээ хэлбэл Ехова заавал тусална. Биднийг залбирахад хэзээ ч төвөгшөөдөггүй! Залбирахдаа Еховаг магтаж, талархах хэрэгтэй. Ялангуяа сорилтод орсон бол удирдамж заавар гуйн залбирах нь нэн чухал. Бас ариун нэрийг нь алдаршуулахад туслаач гэж гуйцгаая (Дуу. 86:12; Иак. 1:5–7).

11. Бурхны алдрыг тусган харуулахад цуглаан ямар ач тустай вэ?

11 Бурхан хоньдоо эрхэмлэн үнэлдэг бөгөөд тэдэнд санаа тавих даалгаврыг «итгэмжит ухаалаг боолд» өгсөн билээ (Мат. 24:45–47; Дуу. 100:3). Итгэл нэгтнүүд нь Еховагийн алдрыг хэрхэн тусган харуулж байгааг боолын анги анхааран сонирхож байдаг. Оёдолчин хувцсыг гоё болгон засаж янзалдаг шиг, цуглааны ачаар христианууд бид амьдралын хэв маяг, зан байдлаа засаж өөрчилдөг (Евр. 10:24, 25). Тиймээс цуглаандаа хоцролгүй очих нь туйлын чухал юм. Хэрэв хоцордог бол ач тусыг нь бүрэн дүүрэн хүртэж чадахгүй.

БУРХНЫГ ДУУРИАЦГААЯ

12. Бурхныг яаж дууриах вэ?

12 Еховагийн алдрыг тусган харуулъя гэвэл бид түүнийг «дуурайгчид болох» ёстой (Еф. 5:1). Аливаа асуудалд Еховагийн үзэл бодлоор хандаж сурах нь түүнийг дууриаж байгаа хэрэг юм. Өөрийнхөөрөө явах гэж зүтгэвэл Бурхны нэрийг гутааж, өөртөө ч гай тарина. Биднийг хүрээлэн буй ертөнц муу нэгэн болох Сатан Диаволын эрхшээлд байдаг учраас Еховагийн үзэн яддагийг үзэн ядаж, хайрладгийг нь хайрлаж сурахын тулд чадлынхаа хэрээр чармайх хэрэгтэй (Дуу. 97:10; 1 Иох. 5:19). Бүх юмыг Бурхны алдрын төлөө хийх нь түүнд үйлчлэх цорын ганц зөв арга гэдэгт чин сэтгэлээсээ итгэх учиртай (1 Коринт 10:31-ийг уншина уу).

13. Нүглийг үзэн ядах ёстойн учир юу вэ? Нүглийг үзэн яддаг хүн яадаг вэ?

13 Ехова нүглийг үзэн яддаг. Бид Бурхныг дууриах ёстой. Нүглийг үзэн яддаг бол буруу юм хийх аюулаас аль болохоор хол явах бөгөөд ийм аюул руу хэр зэрэг ойртож болдгийг үзэх гэж аз туршихгүй. Жишээлбэл, бид тэрс үзэлд автахаас сэрэмжлэх ёстой. Бурханд тэрсэлбэл түүнийг хэрхэн алдаршуулах билээ? (Д.хууль 13:6–9). Тиймд тэрслэгчид юм уу өөрийгөө Гэрч гэдэг мөртлөө Бурхныг гутаадаг хүмүүстэй огт харьцахгүй байя. Гэр бүлийн маань гишүүн байсан ч «холбогдож болохгүй» (1 Кор. 5:11). Еховагийн байгууллагыг шүүмжилдэг хүмүүс юм уу тэрслэгчидтэй маргалдаад ямар ч нэмэргүй. Тэдний хэлж ярьдаг зүйлийг сонин сэтгүүл, интернетээс уншиж мэдэх гэсний хэрэггүй. Эс тэгвэл Еховатай тогтоосон харьцаанд аюул учирна (Исаиа 5:20; Матай 7:6-г уншина уу).

14. Бурхны алдрыг тусган харуулахад юу чухал бэ? Яагаад?

14 Христианууд тэнгэрийн Эцгээ дууриан, бусдыг хайрладаг байх хэрэгтэй (1 Иох. 4:16–19). Хэрэв бид бие биеэ хайрладаг бол Христийн дагалдагч, Еховагийн үйлчлэгч гэдгээ батална (Иох. 13:34, 35). Бид нүгэл өвлөж төрсөн болохоор зарим үед хайр илэрхийлэхэд амаргүй байдаг. Гэлээ ч гэсэн хайр халамжтай байхыг цаг ямагт хичээх учиртай. Хайр гэх мэтийн христиан чанарыг илэрхийлж сурвал базаахгүй юм хийхгүй, нүгэл үйлдэхгүй (2 Петр 1:5–7).

15. Бусдыг хайрладаг бол тэдэнтэй яаж харьцах вэ?

15 Хайрын ачаар бусдад сайн юм хийх хүсэл төрдөг (Ром 13:8–10). Жишээ нь, бие биеэ хайрладаг нөхөр эхнэр хоёр ор дэрээ бузарлахгүй, үргэлж үнэнч байна. Ахлагчдыг хайрлаж, хүндэтгэдэг хүн дуулгавартай байж, заавар зөвлөгөөг нь дагадаг. Хүүхэд аав ээждээ хайртай бол үгэнд нь ордог, хүндэлдэг бөгөөд тэднийгээ муулдаггүй. Бусдыг хайрладаг бол дорд үзэхгүй, хүндэтгэлгүй хандахгүй (Иак. 3:9). Бурхны хоньдыг хайрладаг ахлагчид тэдэнтэй зөөлөн харьцдаг (Үйлс 20:28, 29).

16. Дэлгэрүүлэх ажилд хайр ямар үүрэгтэй вэ?

16 Дэлгэрүүлэх ажил хийхэд ч биднээс хайр гэрэлтэж байх учиртай. Зарим хүн бидний хүргэдэг сайн мэдээг сонирхдоггүй, бүр сонсдог ч үгүй. Тэглээ гээд бид гуньж гутардаггүй. Харин ч Еховаг чин сэтгэлээсээ хайрладаг учраас сайн мэдээгээ тасралтгүй дэлгэрүүлдэг. Дэлгэрүүлэх ажилдаа сайн бэлдэж, Бурхны Үгийг чадварлаг заадаг болохыг хичээдэг маань хайрын илрэл юм. Бурхныг болон бусдыг үнэхээр хайрладаг бол Хаанчлалын тухай дэлгэрүүлэх ажлыг яршиг төвөг гэх юм уу заавал гүйцэтгэх ёстой үүрэг төдий үзэхгүй, харин агуу завшаан гэж үзээд баяр хөөртэй хийнэ (Мат. 10:7).

ЕХОВАГ АЛДАРШУУЛСААР БАЙГТУН

17. Бурхны алдрыг тусган харуулахад нүгэл саад болдгийг ойлгодог хүн яадаг вэ?

17 Нүгэл гэж ямар ноцтой зүйл байдгийг ихэнх хүн ойлгодоггүй. Харин бид үүнийг ойлгодог учраас нүгэл үйлдэх хандлагатай тэмцэх хэрэгтэйг мэддэг. Нүгэлт хандлагатайгаа хүлээн зөвшөөрөхлөөр мөс чанараа сургах хүсэл төрнө. Мөс чанараа сургавал ухаан санаа, зүрх сэтгэлд төрсөн муу хүсэлдээ дийлдэлгүй, зөв юм хийж чаддаг (Ром 7:22, 23). Бурхан мөхөс хүмүүс бидэнд ямар ч үед зөв юм хийх хүч хайрладаг (2 Кор. 12:10).

18, 19. а) Бид юуны хүчээр муу сүнснүүдийг ялах вэ? б) Бид ямар хүсэлтэй байх хэрэгтэй вэ?

18 Еховаг алдаршуулъя гэвэл бас муу сүнснүүдтэй тэмцэх хэрэгтэй. Энэ тэмцэлд ялаарай гэж Бурхан бидэнд сүнслэг зэр зэвсэг, хуяг дуулга өгсөн (Еф. 6:11–13). Сатан Еховад л хүртээлтэй алдар хүндэтгэлийг өөрийн болгох гэж цаг үргэлж хичээдэг. Бас Еховатай тогтоосон харьцааг маань эвдэн бусниулахын төлөө чадах бүхнээ хийсээр байгаа. Харин эрэгтэй эмэгтэй, хөгшин залуу олон сая хүн төгс бус ч гэсэн Бурханд үнэнч байж, алдрыг нь тусган харуулахлаар Сатан хүнд цохилтод ордог! Тиймээс тэнгэрийн бүтээлүүдийн адилаар Еховаг алдаршуулсаар байцгаая. Тэд: «Бидний Эзэн ба Бурхан минь, Та алдар, хүндэтгэл, хүчийг авах нь зохистой. Учир нь Та бүх юмсыг бүтээсэн билээ. Таны хүслийн улмаас тэдгээр нь оршсон бөгөөд бүтээгдсэн юм» хэмээн магтан дуулсан билээ (Илч. 4:11).

19 Еховаг үргэлж магтан алдаршуулах хүслээ оргилуулцгаая. Ехова өөрийг нь дууриаж, алдрыг нь тусган харуулах гэж чадлаараа хичээж яваа үнэнч үйлчлэгчдээ хараад баярладаг (Сур. 27:11). «Миний Бурхан ЭЗЭН, би бүх зүрхээрээ Танд талархаж, таны нэрийг мөнхөд алдаршуулна» хэмээн дуулсан Давидынх шиг сэтгэлтэй байцгаая (Дуу. 86:12). Еховагийн алдрыг төгс тусган харуулж, түүнийг үүрд магтан алдаршуулах өдрийг бид ямар их хүлээнэ вэ! Дуулгавартай хүмүүс энэ сайхан цагийг үзнэ. Та Бурхны алдрыг тусган харуулдаг уу? Бурхнаа үүрд мөнхөд алдаршуулна гэдэгтээ итгэдэг үү?

[Догол мөрийн асуулт]

[27-р хуудасны зураг]

Та Еховагийн алдрыг тусган харуулдаг уу?