Skip to content

Гарчиг руу орох

«Фарисайчуудын хөрөнгөнөөс болгоомжлогтун»

«Фарисайчуудын хөрөнгөнөөс болгоомжлогтун»

«Фарисайчуудын хөрөнгөнөөс болгоомжлогтун»

Есүс шавь нартаа анхааруулан «Фарисайчуудын хөрөнгөнөөс болгоомжлогтун. Энэ нь тэдний хуурамч байдал юм» хэмээн хэлжээ (Лук 12:1). Матайн бичсэнийг үзвэл Есүс фарисайчуудын «сургаалыг» буруушаасныг тодорхой ойлгож болно (Мат. 16:12).

Библид заримдаа завхрал гажуудлыг талхны «хөрөнгөтэй» зүйрлэдэг. Фарисайчуудын сургаал номлол, буруу хандлагад автсан хүмүүс муу юм хийдэг байв. Тэдний сургаал яагаад аюултай байсан бэ?

1 Фарисайчууд өөрсдийгөө зөв шударга гэж үзэн бардамнаж, энгийн ардыг үл тоомсорлодог байв.

Есүсийн ярьсан ёгт үлгэрт өөрийгөө бусдаас илүү зөв юм хийдэг гэж боддог фарисай хүн гардаг. Есүс ярьсан нь: «Фарисай хүн зогсоод, өөртөө залбиран „Бурхан, Тандаа би талархъя. Юу гэвэл би бусад хүмүүс шиг зальхай, шударга бус, завхай биш ээ. Тэр байтугай, энэ татвар хураагч шиг ч биш билээ. Би долоо хоногт хоёр удаа мацаг барьж, олсон бүгдийнхээ аравны нэгийг өргөдөг“ гэв. Харин татвар хураагч нь зайдуу зогсоод, тэнгэр өөд харж ч зүрхлэлгүй, харин цээжээ дэлсэн байж, „Бурхан минь, нүгэлт намайг өршөөгөөч“ гэв» (Лук 18:11–13).

Есүс татвар хураагчийн даруу байсныг магтаж «Би та нарт хэлье, фарисай нь биш, харин энэ хүн зөвтгөгдөн гэртээ харив. Учир нь өөрийгөө өргөмжилдөг аливаа хүн номхруулагдаж, өөрийгөө даруу байлгагч нь өргөмжлөгдөнө» хэмээн хэлсэн (Лук 18:14). Хүмүүс татвар хураагчдыг шударга бус гэж муу хэлдэг байсан ч Есүс сургаалыг нь сонсох дуртай татвар хураагчдад туслахыг хүсжээ. Тэднээс Матай, Закхай нар дагалдагчид нь болсныг бид мэдэх билээ.

Авьяас чадвар, хуралд хүлээдэг үүргээсээ болоод эсвэл бусдын алдаа дутагдал, сул талыг олж харчихаад, би илүү дээр юм байна гэж бодвол яах вэ? Энэ бодлоо толгойноосоо нэн даруй авч хаях хэрэгтэй. Учир нь Библид «Хайр бол тэвчээртэй, энэрэнгүй юм. Хайр атаархдаггүй, бардам зан гаргадаггүй, ихэрхдэггүй, зохисгүй авирладаггүй, өөрийнхийг эрдэггүй, уурладаггүй, муутай тооцоо хийдэггүй, зөвт бус байдалд баярладаггүй, харин үнэнд баярладаг» гэж байдаг (1 Кор. 13:4–6).

Элч Паул: «Христ Есүс нүгэлтнүүдийг аврахаар ертөнцөд ирсэн гэдэг нь итгэмжит үг мөн. Тэдгээр нүгэлтнүүдийн эхнийх нь би байна» хэмээн бичжээ (1 Тим. 1:15). Бид ч бас ийм бодолтой байх ёстой.

Эргэцүүлж бодоорой

Би нүгэлтэй гэдгээ, Еховагийн нигүүлслийн ачаар аврагдана гэдгээ ойлгодог уу? Эсвэл, Еховад олон жил үйлчилж байгаа, Бурхны байгууллагад хариуцлагатай үүрэг хүлээдэг, бусдаас илүү чадвартай гэж биеэ тоодог уу?

2 Фарисайчууд зөв шударгаа олон түмэнд гайхуулж байсан. Тэд нэр алдар олж, цол хэргэмтэй болохыг хүсдэг байв.

Харин Есүс: «Тэд хамаг үйлсээ хүмүүст харуулахын тулд хийдэг бөгөөд тэд магнайн ба гарын сахиусаа өргөсгөж, унжлагаа уртасгадаг. Тэд найр наадмын тэргүүн эгнээнд, синагогуудад тэргүүн суудалд суух, зах зээл дээр хүндлүүлэн мэндлүүлэх, „Багш аа“ гэж хүмүүсээр дуудуулах дуртай аж» хэмээн анхааруулжээ (Мат. 23:5–7). Есүс тэднээс эрс ялгаатай байлаа. Тэрбээр Бурхны төгс Хүү атлаа даруухан байсан. Нэг хүн түүнийг «сайн» гэж хэлэхэд Есүс: «Чи яагаад Намайг сайн гэж дуудна вэ? Бурханаас өөр хэн ч сайн биш» хэмээн хариулжээ (Марк 10:18). Бас нэг удаа тэрбээр шавь нарынхаа хөлийг угааж, даруу байх хэрэгтэйг үлгэрлэн үзүүлсэн (Иох. 13:1–15).

Жинхэнэ христиан хүн итгэл нэгтнүүддээ үйлчилдэг (Гал. 5:13). Ялангуяа харгалзагч болох хүсэлтэй хүн бусдадаа үйлчлэх учиртай. «Харгалзагч болохыг эрмэлзэх» нь зөв боловч хүмүүст туслах гэсэн хүсэлдээ хөтлөгдөх ёстой. «Харгалзагч» болох гэдэг нь алдар нэр, эрх мэдлээрээ бусдаас илүү болно гэсэн үг биш. Тийм хүн «зүрх сэтгэлдээ ... даруу» байх хэрэгтэй (1 Тим. 3:1, 6; Мат. 11:29).

Эргэцүүлж бодоорой

Би хурал дотор нэр алдартай болох юм уу нэмэлт үүрэг хүлээх гэж хариуцлагатай ах нарт тал засдаг уу? Олны хараанд өртөж, бусдаар магтуулахын тулд л Бурханд үйлчилдэг үү? Мундаг болж харагдах гэж хичээдэг юм биш биз?

3 Фарисайчуудын зохиосон дүрэм журам, ёс заншил Бурхны хуулийг сахих гэсэн хүмүүст дарамт болдог байсан.

Ехова израильчуудад Хууль өгч, өөрийг нь яаж шүтэхийг заасан. Гэхдээ бүр нарийвчлан заагаагүй. Тухайлбал, Амралтын өдөр ажил хийхийг Мосегийн хуулиар хориглосон боловч юу хийж болох, юу хийж болохгүйг ширхэг дараалан хэлж өгөөгүй (Ег. 20:10). Фарисайчууд Мосегийн хуульд цоорхой байна гэж үзсэн учраас өөрсдөө дур мэдэн дүрэм журам зохиожээ. Есүс фарисайчуудын зохиосон дүрэм журмыг бус, Мосегийн хуулийг сахидаг байсан (Мат. 5:17, 18; 23:23). Тэрбээр Хуулийн үг үсгийн хойноос хөөцөлдөж байгаагүй. Харин Бурхны хуулийн цаад санааг ойлгодог, Бурхан хүмүүсийг өрөвч, энэрэнгүй байгаасай гэж хүсдэгийг мэддэг байсан. Шавь нар нь урмыг нь хугалахад ч энэрэнгүй ханддаг байжээ. Жишээлбэл, түүнийг баригдах шөнө гурван элч нь сэргэг байж чадалгүй, нойрондоо дийлдээд унтчихсан. Гэсэн ч Есүс тэднийгээ өрөвдөн «Сүнс нь хүсэж байна, харин махан бие сул дорой» гэж хэлсэн (Марк 14:34–42).

Эргэцүүлж бодоорой

Би өөрөө хатуу дүрэм зохиочихоод, бусдыг мөрд гэж албаддаг уу? Хэрээс нь хэтэрсэн зүйлийг бусдаас шаарддаг уу?

Есүсийн сургаал, фарисайчуудын сургаалын хооронд ямар ялгаа байгааг бодоорой. Засаж өөрчлөх зүйл танд байгаа юм биш биз? Тийм бол шийдвэртэй арга хэмжээ аваарай.

[28-р хуудасны зураг]

Фарисайчууд судартай бяцхан хайрцаг зүүдэг байсан (Мат. 23:2, 5)

[29-р хуудасны зураг]

Даруу зантай христиан ахлагчид бусдад үйлчилдгээрээ бардам фарисайчуудаас ялгаатай

[30-р хуудасны зураг]

Та бусдаас хэтэрхий ихийг шаарддаг уу, эсвэл Есүс шиг энэрэнгүй юү?