Skip to content

Гарчиг руу орох

«Цаг хугацаа болон эрин зуунуудын» Бурхан Еховад найдагтун

«Цаг хугацаа болон эрин зуунуудын» Бурхан Еховад найдагтун

«Цаг хугацаа болон эрин зуунуудын» Бурхан Еховад найдагтун

«Цаг хугацаа болон эрин зуунуудыг өөрчилдөг нэгэн бол Тэр мөн. Тэрбээр хаадыг босгож, унагадаг» (ДАН. 2:21).

ХАРИУЛНА УУ

Ехова цагаа нарийн баримталдгийг бүтээлүүд болон биелсэн зөгнөл хэрхэн баталдаг вэ?

Ехова бол «цаг хугацаа болон эрин зуунуудын» Бурхан гэдгийг ойлгохлоор юу хийх хүсэл төрдөг вэ?

Еховагийн цагийн хуваарьт дэлхий дахинд болж буй үйл явдал болон хүмүүсийн төлөвлөгөө нөлөөлдөггүйн учир юу вэ?

1, 2. Ехова цаг хугацааг төгс мэддэг гэж хэлж болохын учир юу вэ?

 ЕХОВА БУРХАН хүн төрөлхтнийг бүтээхээсээ өмнө цаг хугацаа хэмжих хэрэгсэл бий болгожээ. Тэрбээр: «Өдрийг шөнөөс салгахын тулд огторгуйд гэрэлтүүлэгчид бий болог. Эдгээрээр тэмдэг, улирал, өдөр, жилүүд бий болог» хэмээн бүтээлийнхээ дөрөв дэх өдөр айлджээ (Эх. 1:14, 19, 26). Тэгээд ёсоор болсон. Энэ нь Еховагийн хүсэл таалал байлаа.

2 Харин эрдэмтэд цаг хугацаа гэж чухам юу болох талаар өнөө хэр нь маргалдсаар байна. «Цаг хугацаа нь ертөнцийн тайлагдашгүй нууцуудын нэг юм. Энэ нь чухам юу болохыг яг таг хэлж чадах хүн байхгүй» хэмээн нэгэн нэвтэрхий тольд бичжээ. Ехова цаг хугацааг төгс мэддэг. Тэрбээр «газрыг бий болгосон Бурхан юм. Тэр газрыг ... бүтээсэн». Бас «эхлэлээс төгсгөлийг тунхаглаж, хийгдээгүй байгаа зүйлсийг өнө эртнээс мэдүүлсэн» (Ис. 45:18; 46:10). Ехова болон түүний Үг Библид бат итгэхэд тустай хоёр зүйлийг авч үзье. Ехова цагаа нарийн баримталдгийг батлах эдгээр зүйл нь 1) Еховагийн бүтээлүүд, 2) биелсэн зөгнөлүүд юм.

ЕХОВАГИЙН БҮТЭЭЛ ИТГЭЛ БАТЖУУЛДАГ

3. Ехова цагаа нарийн баримталдгийг ямар ямар бүтээлээс нь мэдэж болох вэ?

3 Ехова цагаа нарийн баримталдгийг том, жижиг олон бүтээл нь баталдаг. Жишээ нь, атом жигд хэлбэлзэн хөдөлж байдаг. Атомын хэлбэлзлээр тохируулагддаг олон улсын стандарт цаг 80 сая жилд нэг ч секунд алддаггүй аж. Од гаригсын хөдөлгөөн ч нарийн цагаар хэмжигддэг. Тиймээс тэдгээрийн байрлалыг урьдчилан тогтоож болдог. Үүний ачаар ямар улирал болж байгааг мэдэж, зүг чигийг тодорхойлдог. Ийм найдвартай цагуудыг бүтээсэн Ехова үнэхээр «агуу их хүчтэй», магтаал хүлээх зохистой Бурхан юм (Исаиа 40:26-г уншина уу).

4. Ехова цагаа нарийн баримталдгийг амьд байгаль хэрхэн баталдаг вэ?

4 Амьд байгаль ч цаг хугацаанд захирагддаг. Ургамал, амьтад өөрийн гэсэн биологийн цагтай. Шувуу хэзээ нүүдэллэхээ зөнгөөрөө мэддэг (Иер. 8:7). Хүнд ч бас биологийн цаг гэж бий. Жишээ нь хэзээ өдөр, хэзээ шөнө болж байгааг бие маань бидэнд хэлж өгдөг. Дэлхийн нөгөө бөөрөнд онгоцоор нисэж очлоо гэхэд цагийн зөрүүнээс болоод нэлээд хэдэн өдрийн дараа бие махбод шинэ газарт дасдаг. «Цаг хугацаа болон эрин зуунуудын» Бурхан мэргэн ухаантай, хүч чадалтайг баталдаг ийм жишээ олныг дурдаж болно (Дуулал 104:24-ийг уншина уу). Тийм ээ, цагаа нарийн баримталдаг агуу Бүтээгч маань эгнэшгүй ухаантай, хязгааргүй хүчтэй учир хүссэн бүхнээ биелүүлж чадна гэдэгт эргэлзэх хэрэггүй!

БИЕЛСЭН ЗӨГНӨЛ ИТГЭЛ БАТЖУУЛДАГ

5. а) Хүн төрөлхтний ирээдүйг мэдэх цорын ганц ямар арга байдаг вэ? б) Ямар үйл явдал яг хэзээ болохыг Ехова хэлж чаддагийн учир юу вэ?

5 Бүтээсэн бүхэн нь Еховагийн «үл үзэгдэх чанаруудыг» илчилдэг ч, «Хүн төрөлхтнийг ямар ирээдүй хүлээж байгаа вэ?» гэх мэтийн чухал асуултад хариулдаггүй (Ром 1:20). Бурхан өөрийнхөө Үг Библиэр дамжуулан энэ асуултын хариуг хэлж өгдөг. Библийг нямбай судалбал зөгнөлүүд яг цагтаа биелж байсныг мэдэж авна! Ехова ирээдүйг урьдаас харах чадвартай учир ямар үйл явдал болох гэж байгааг хэлж чадна. Түүнчлэн санаа зорилгоо товлосон цагтаа хэрэгжүүлэх чадвартай. Тийм учраас Библид зөгнөсөн бүхэн яг цагтаа биелдэг.

6. Ехова бидэнд Библийн зөгнөлийг ойлгуулах хүсэлтэйг хаанаас мэдэж болох вэ?

6 Ехова үйлчлэгчдэдээ Библийн зөгнөлийг ойлгуулж, ач тусыг нь хүртээх хүсэлтэй. Цаг хугацааны талаарх Бурхны ойлголт биднийхээс өөр боловч, тэрбээр ямар нэг үйл явдал хэзээ болох гэж байгааг бидэнд ойлгогдохоор хэлж өгдөг (Дуулал 90:4-ийг уншина уу). Жишээ нь, «Илчлэлт» номд «дөрвөн тэнгэр элчийн» тухай гардаг бөгөөд тэднийг «цаг, өдөр, сар, жилийн төлөө бэлтгэгдсэн» гэж бичжээ. Цаг хугацааны эдгээр нэгжийг хүмүүс бид ойлгодог (Илч. 9:14, 15). Зөгнөлүүд Бурхны товлосон цагт биелж байсныг мэдэхлээр «цаг хугацаа болон эрин зуунуудын» Бурханд, бас түүний Үгэнд итгэх итгэл батаждаг. Хэдэн жишээ үзье.

7. Ехова цагаа нарийн баримталдгийг Иудагийн талаарх Иеремиагийн зөгнөл хэрхэн баталдаг вэ?

7 Эхлээд МЭӨ VII зуунд юу болсныг санацгаая. «Иудагийн хаан, Иосиагийн хүү Иехоиакимын дөрөв дэх жилд ... Иудагийн бүх хүмүүсийн талаарх [Еховагийн] үг Иеремиад иржээ» (Иер. 25:1). Иерусалим сүйрч, иудейчүүд нутаг орноосоо Вавилон руу цөлөгдөнө хэмээн Ехова зөгнөжээ. Тэгээд тэд «Вавилоны хаанд далан жил үйлчлэх» учиртай байв. Үнэхээр ч МЭӨ 607 онд Вавилоны арми Иерусалимыг устгаж, иудейчүүдийг олзлон Вавилон руу авч явсан. Гэхдээ 70 жилийн дараа юу болох байсан бэ? Иеремиа: «ЭЗЭН ингэж айлдаж байна. Вавилоны төлөө далан жил дуусахад та нарыг энэ газар уруу буцааж авчрахын тулд Би та нар уруу ирж, Өөрийн сайн үгийг та нарт биелүүлнэ» хэмээн зөгнөсөн байна (Иер. 25:11, 12; 29:10). Энэ зөгнөл яг цагтаа биелсэн. МЭӨ 537 онд медечүүд болон персүүд иудейчүүдийг Вавилоноос чөлөөлжээ.

8, 9. Ехова бол «цаг хугацаа болон эрин зуунуудын» Бурхан гэдгийг Даниелын зөгнөл хэрхэн баталдаг вэ?

8 Бурхны эртний ард түмэнтэй холбоотой өөр нэг зөгнөлийг ярилцъя. Иудейчүүдийг Вавилоноос гарахаас хоёр жилийн өмнө Бурхан зөнч Даниелаар дамжуулан зөгнөл хэлүүлжээ. Тэр нь Иерусалимыг сэргээн босгох тухай зарлиг гарснаас хойш 483 жилийн дараа Мессиа тодорно гэсэн зөгнөл байлаа. Меде, Персийн хаан МЭӨ 455 онд зарлиг буулгажээ. Үүнээс хойш яг 483 жилийн дараа МЭ 29 онд Назарын Есүс баптисм хүртэн ариун сүнсээр тослогдож Мессиа болсон * (Нех. 2:1, 5–8; Дан. 9:24, 25; Лук 3:1, 2, 21, 22).

9 Бурхны Хаанчлалын талаар Библид юу гэж зөгнөсөн байдгийг ярилцъя. Библийн зөгнөлийг үзвэл, Мессиагийн Хаанчлал 1914 онд тэнгэрт байгуулагдсан нь тодорхой харагддаг. Зарим зөгнөлд, Есүсийн залран байх үеийн «шинж тэмдгийг», тэр үед Сатан тэнгэрээс хөөгдөн дэлхий дээр нутаглагсдад асар их гай зовлон тарихыг бичсэн байдаг (Мат. 24:3–14; Илч. 12:9, 12). Түүнээс гадна, «харь үндэстний цаг» дуусаж тэнгэрийн Хаанчлал захирч эхэлсэн оныг Библийн зөгнөл тодорхой харуулдаг. Энэ нь 1914 он юм (Лук 21:24; Дан. 4:10–17). *

10. Ямар үйл явдал товлосон цагтаа болох вэ?

10 Есүсийн зөгнөсөн «агуу их гай гамшиг» удахгүй болно. Дараа нь Есүсийн Мянган жилийн засаглал эхэлнэ. Энэ бүх үйл явдал товлосон цагтаа болно гэдэгт эргэлзэх хэрэггүй. Есүсийг дэлхий дээр ирэхээс бүр өмнө Ехова эдгээр үйл явдлын «өдөр, цагийг» хэдийнээ тогтоочихсон байжээ (Мат. 24:21, 36; Илч. 20:6).

«ӨӨРТӨӨ ЗОХИСТОЙ ЦАГИЙГ ЗОЛЬЖ АВАГТУН»

11. Төгсгөлийн цаг үед амьдарч байгаагаа мэдсэн хүн яах ёстой вэ?

11 Хаанчлал захирч эхэлснийг, одоо «төгсгөлийн цаг үе» гэдгийг бид мэддэг. Тэгвэл яах хэрэгтэй вэ? (Дан. 12:4). Олон хүн дэлхийн нөхцөл байдал улам дордож буйг мэддэг хэр нь үүнийг эцсийн өдрүүдийн тухай Библийн зөгнөл биелж байна гэж ойлгодоггүй. Зарим хүн энэ бүх бэрхшээл дийлдэхийн аргагүй болно гэж боддог байхад, зарим нь «амар тайван, аюулгүй байдлыг» хүмүүс өөрсдөө бий болгоно хэмээн найддаг (1 Тес. 5:3). Харин бид Сатаны ертөнц юу юугүй сүйрэх болсон цаг үед амьдарч байгаагаа үнэхээр ойлгодог уу? Тийм бол «цаг хугацаа болон эрин зуунуудын» Бурханд үйлчилж, хүмүүст Бурхныг мэдүүлэхийн төлөө цаг заваа зориулахгүй гэж үү? (2 Тим. 3:1). Бид зохистой цагийг зольж авах буюу цагаа ухаалаг ашиглах ёстой (Ефес 5:15–17-г уншина уу *).

12. Ноагийн өдрүүдийн тухай Есүсийн хэлсэн үгнээс юу мэдэж болох вэ?

12 Анхаарал татах зүйл их болсон энэ үед «зохистой цагийг зольж авах» амаргүй. Есүс: «Хүний Хүүгийн залран ирэх нь Ноагийн өдрүүдтэй адил байх юм» хэмээн анхааруулжээ. Ноагийн өдрүүд ямар байсан бэ? Бурхан Ноад ертөнцийг устгах цаг болох гэж байгааг мэдэгджээ. Тэр үед муу хүмүүс дэлхийг хамарсан Усан галаваар устгагдах байв. «Зөвт байдлыг тунхаглагч» Ноа тухайн үеийнхээ хүмүүст Бурхны мэдээг үнэнчээр тунхаглаж байсан (Мат. 24:37; 2 Петр 2:5). Гэвч тэд «идэж ууж, гэрлэж, нөхөрт гарцгааж байлаа. Үер бууж бүгдийг хаман одох хүртэл тэд ойлгоогүй». Тийм учраас, Есүс дагалдагчдадаа анхааруулж «Та нар ... бэлэн бай. Хүний Хүү та нарын бодоогүй цаг мөчид ирнэ» гэж хэлжээ (Мат. 24:38, 39, 44). Бид Ноагийн үеийн хүмүүс шиг биш, харин Ноа шиг байх хэрэгтэй. Яавал бэлэн байх вэ?

13, 14. Ехова ямар гэдгийг санавал Хүүг нь ирэхийг хүлээнгээ үнэнч үйлчлэх вэ?

13 Бид Хүний Хүүгийн ирэх цагийг мэдэхгүй ч Ехова цагаа нарийн баримталдгийг санах хэрэгтэй. Дэлхий дахинд ямар ч үйл явдал болж, хүмүүс юу ч төлөвлөсөн, Ехова цагийн хуваариа өөрчлөхгүй. Хэзээ, юу хийхээ, үр дүн нь ямар байхыг Ехова мэднэ (Даниел 2:21-ийг уншина уу). Сургаалт үгс 21:1-д «Хааны зүрх ЭЗЭНий мутарт атгаастай байгаа усны урсгал мэт юм. Тэр хүссэн цагтаа урсгалыг өөрчилдөг» гэж байдаг.

14 Ехова санаа зорилгоо цагт нь хэрэгжүүлэхийн тулд дэлхийн үйл явдлыг хянан зохицуулж чадна. Дэлхий дахинд гарсан том том өөрчлөлтийн үр дүнд Библийн зөгнөл, ялангуяа Бурхны Хаанчлалын тухай сайн мэдээг дэлхий даяар дэлгэрүүлнэ гэсэн зөгнөл биелэх боломж бүрдсэн. Зөвлөлт Холбоот Улс задрахад юу болсныг санаарай. Улс төрд ийм том өөрчлөлт гэв гэнэт гарна гэж бодсон хүн цөөхөн байх. Иймэрхүү өөрчлөлтийн үр дүнд, өмнө нь манай байгууллагын үйл ажиллагааг хориглодог байсан олон улс оронд одоо сайн мэдээ дэлгэрүүлж байна. Тиймээс «цаг хугацаа болон эрин зуунуудын» Бурханд үнэнчээр үйлчлэх зохистой цагийг зольж авцгаая.

ЕХОВА ЦАГАА БАРИМТАЛДАГТ ИТГЭГТҮН

15. Еховагийн байгууллага дотор ямар нэг өөрчлөлт гарвал бат итгэлтэй хүн яадаг вэ?

15 Эцсийн энэ өдрүүдэд Хаанчлалын тухай сайн мэдээ тунхаглах ажлаа тасралтгүй хийе гэвэл Ехова цагаа нарийн баримталдаг гэдэгт итгэх хэрэгтэй. Дэлхий дахины нөхцөл байдал өөрчлөгдөж байдаг тул бид ч дэлгэрүүлэх аргаа өөрчлөх хэрэгтэй болж болох юм. Илүү үр өгөөжтэй дэлгэрүүлэхэд маань туслах зорилгоор Еховагийн байгууллага зарим зүйлийг өөрчилдөг. Тийм өөрчлөлтийг дэмжиж, «чуулганы толгой» Христийн удирдлага дор үнэнчээр үйлчилдэг бол «цаг хугацаа болон эрин зуунуудын» Бурханд итгэдэг гэсэн үг (Еф. 5:23).

16. Ехова хэрэгтэй үед маань тусална гэдэгт яагаад итгэж болох вэ?

16 Ехова биднийг ямар ч үед өөрт нь хандан, «хэрэгцээтэй цагт тусална» гэсэн бат итгэлтэйгээр залбираасай гэж хүсдэг (Евр. 4:16). Хүн бүрийг хайрлан, чин сэтгэлээсээ санаа тавьдгийнх нь шинж биш гэж үү? (Мат. 6:8; 10:29–31). Бид Еховагаас тусламж гуйн тогтмол залбирч, зааврыг нь даган түүнд бат итгэдгээ харуулдаг. Бас итгэл нэгтнүүдийнхээ төлөө залбирахаа мартдаггүй.

17, 18. а) Удахгүй Ехова дайснуудаа яах вэ? б) Бид ямар аюулаас сэрэмжлэх ёстой вэ?

17 Одоо бол «үл итгэн тээнэгэлзэх» цаг биш, харин «итгэлээр хүчирхэгжих» цаг мөн (Ром 4:20). Бурхны дайсан Сатан болон түүний гар хөл бологсод Есүсийн дагалдагчдадаа даалгасан ажлыг зогсоохыг оролдож байна (Мат. 28:19, 20). Диавол бидэн рүү довтолдог ч «бүх хүний, ялангуяа итгэгчдийн Аврагч болох амьд Бурхан» Ехова бидний талд байдаг. Тэрбээр «бурханлаг хүмүүсийг сорилтоос яаж ангижруулахыг» мэддэг (1 Тим. 4:10; 2 Петр 2:9).

18 Удахгүй Ехова өнөөгийн тогтолцоог устгана. Энэ үйл явдал хэзээ, хэрхэн болохыг бид мэдэхгүй. Гэхдээ Христ яг цагтаа ирж, Бурхны дайснуудыг устгах нь тодорхой. Тэгэхэд Еховагийн хэмжээгүй эрх мэдэл зөвтгөгдөнө. Тэгэхлээр, одоо ямар «цаг хугацаа болон эрин зуунд» амьдарч буйгаа ухаарахгүй явах нь үнэхээр аюултай! «Бүх юмс бүтээлийн эхнээс байсан шигээ хэвээрээ байна шүү дээ» гэж боддог болохоос сэрэмжилцгээе (1 Тес. 5:1; 2 Петр 3:3, 4).

«ХҮЛЭЭГТҮН»

19, 20. Еховаг хүлээх ёстойн учир юу вэ?

19 Еховагийн анхны санаа зорилгоор бол хүн төрөлхтөн өөрийг нь болон гайхамшигт бүтээлийг нь үүрд мөнхөд судалж мэдэх учиртай байлаа. Номлогчийн үгс 3:11-д «Бүх юмыг Тэр тухайн цагт нь сайн сайхнаар бүтээсэн бөгөөд хэдийгээр хүн Бурханы үйлдсэн ажлыг эхнээс эцсийг нь хүртэл ойлгохгүй ч гэсэн Тэр [Ехова] тэдний зүрхэнд үүрд мөнхийг байгуулсан билээ» гэж байдаг.

20 Ехова хүн төрөлхтний төлөөх санаа зорилгоо өөрчлөөгүй нь хэчнээн сайхан бэ! (Мал. 3:6). Бурханд «өөрчлөлт ч байхгүй, өөрчлөгдөх сүүдэр ч байхгүй» (Иак. 1:17). Хүмүүс дэлхийн эргэлт гэх зэргийг ашиглан цаг хугацааг хэмждэг. Ехова энэ мэтийн хэмжүүрээр цагаа товлодоггүй. Ехова бол «Үеүдийн Хаан» билээ (1 Тим. 1:17). Тийм учраас «авралынхаа Бурханыг хүлээцгээе» (Мика 7:7). «ЭЗЭНд найдагч бүгд ээ, хүчтэй байн, зүрхээ зоригтой байлга» (Дуу. 31:24).

[Зүүлт]

^ Ефес 5:16 (ШЕ): «Энэ өдрүүд нь ёс бус учир өөртөө зохистой цагийг зольж авагтун».

[Догол мөрийн асуулт]

[19-р хуудасны зураг]

Бурхны зөгнөл биелнэ гэдэгт Даниел итгэж байсан

[21-р хуудасны зураг]

Та хүмүүст Бурхныг мэдүүлэхийн төлөө цаг заваа зориулдаг уу?