Skip to content

Гарчиг руу орох

Еховад үйлчлэхийг нэгдүгээрт тавихын учир

Еховад үйлчлэхийг нэгдүгээрт тавихын учир

Еховад үйлчлэхийг нэгдүгээрт тавихын учир

«Миний ам Таны зөв шударга, Таны авралын талаар өдөржин ярина» (ДУУ. 71:15).

ХАРИУЛНА УУ

Ноа Мосе Иеремиа Паул нар яагаад Еховаг амьдралынхаа эн тэргүүнд тавьсан бэ?

Юуг бодож үзвэл эн тэргүүнд тавих зүйлээ зөв сонгох вэ?

Та ямар учраас Еховад үйлчлэхийг эн тэргүүнд тавихаар шийдсэн бэ?

1, 2. а) Еховад өөрийгөө зориулна гэдэг нь юу гэсэн үг вэ? б) Ноа Мосе Иеремиа Паул нарын жишээ ямар ач тустай вэ?

 БУРХАНД өөрийгөө зориулан, Есүсийн дагалдагч болж баптисм хүртэнэ гэдэг амьдралын хамгийн чухал алхам юм. Энэ шийдвэрийг гаргасан хүн: «Ехова, Та миний Эзэн болооч. Би танд үйлчилье. Цагаа яаж үр бүтээлтэй өнгөрөөх, юуг эн тэргүүнд тавих, авьяас чадвар, байгаа бүхнээ юунд зориулахаа танаар заалгаж явъя» гэж хэлснээс өөрцгүй.

2 Хэрэв та Бурханд өөрийгөө зориулсан христиан бол энэ бүхнийг Еховад амлажээ. Маш сайн байна. Зөв шийдвэр гаргажээ. Тэгвэл Еховаг Эзнээ болгосон та цагаа хэрхэн ашигладаг вэ? Өөрийгөө шалгаж үзэхэд Ноа Мосе Иеремиа Паул нарын жишээ тус болно. Тэд бүгдээрээ Еховад чин сэтгэлээсээ үйлчилж байсан. Бидний нөхцөл байдал тэднийхтэй төстэй. Амьдралдаа юуг эн тэргүүнд тавьдаг байсныг гаргасан шийдвэрээс нь мэдэж болдог. Үүнийг бодоод цаг заваа юунд зарцуулдгаа шалгаж үзье (Мат. 28:19, 20; 2 Тим. 3:1).

УСАН ГАЛАВААС ӨМНӨ

3. Бидний амьдарч буй цаг үе Ноагийнхтай юугаараа адилхан бэ?

3 Есүс Ноагийн амьдарч байсан цаг үеийг биднийхтэй адилтган «Хүний Хүүгийн залран ирэх нь Ноагийн өдрүүдтэй адил байх юм» гэж хэлсэн. «Ноаг хөвөгч авдарт орох өдөр хүртэл тэд идэж ууж, гэрлэж, нөхөрт гарцгааж байлаа. Үер бууж бүгдийг хаман одох хүртэл тэд ойлгоогүй» (Мат. 24:37–39). Өнөөдөр ихэнх хүн Бурхны үйлчлэгчдийн тунхагладаг сэрэмжлүүлгийг сонсдоггүй. Тэд ямар цаг үед амьдарч байгаагаа анхаардаггүй. Тэр байтугай, Бурхан муу хүмүүсийг устгана гэдгийг сонсоод Ноагийн үеийнхний адилаар элэглэн дооглодог хүн олон байдаг (2 Петр 3:3–7). Ноа тийм таагүй нөхцөлд амьдарч байсан ч юуг эн тэргүүнд тавьж байсан бэ?

4. Ноа Еховагаас даалгавар аваад цагаа хэрхэн ашигласан бэ? Яагаад?

4 Бурхан санаа зорилгоо Ноад мэдэгдэж, тусгай даалгавар өгчээ. Ноа, хүн амьтныг амьд үлдээхийн тулд хөвөгч авдар хийсэн (Эх. 6:13, 14, 22). Бас муу хүмүүсийг Ехова устгах гэж байгааг тунхаглаж байв. Элч Петр түүнийг «зөвт байдлыг тунхаглагч» гэжээ. Учир нь Ноа хүмүүст тусалж, эгзэгтэй цаг үед амьдарч байгааг нь ойлгуулах гэж хичээж байсан (2 Петр 2:5-ыг уншина уу). Ноа болон түүний гэр бүлийнхэн худалдаа бизнес эрхэлж, ажил үйлс нь бүтэмжтэй, баян чинээлэг амьдарсан бол дээр байсан юм гэж та бодож байна уу? Яалаа гэж! Ноа ирээдүйд юу болохыг мэдэж байсан учраас иймэрхүү зүйлийг анхаараагүй.

ЕГИПЕТИЙН ЖОНОНГИЙН ШИЙДВЭР

5, 6. а) Мосе Египетийн бүх эрдэмд боловсорсны учир юу вэ? б) Мосе ямар учраас Египетийн жонон байхыг хүсээгүй вэ?

5 Одоо Мосегийн жишээг авч үзье. Тэрбээр Египетийн хааны ордонд фараоны охины өргөмөл хүү болж өсөж торнижээ. Залуу жонон «Египетийн бүх эрдэмд боловсорсон» (Үйлс 7:22; Ег. 2:9, 10). Олж авсан боловсрол нь фараоны ордонд алба хашихад хэрэг болох байлаа. Тухайн үедээ л хамгийн хүчирхэг байсан гүрэнд дээгүүр байр суурь эзлэн, баян тансаг амьдарч, эрх ямба эдлэх байв. Харин энэ бүхнийг Мосе чухал гэж үзсэн үү?

6 Тэрбээр бүр бага байхаасаа төрсөн эцэг эхээрээ заалгаж Еховагийн тухай мэдэж авчээ. Тийм учраас Абрахам Исаак Иаков нарт Еховагийн юу гэж амласныг мэдэж байсан нь гарцаагүй. Улмаар Бурхны амлалтад итгэх болсон. Мосе ирээдүйнхээ тухай, Еховад үнэнч байх тухай нухацтай бодсон байж таарна. Египетийн жонон байх уу, израиль боол болох уу гэдгээ шийдэх цаг болоход яасан бэ? «Нүглийн цаг зуурын жаргалыг эдэлснээс Бурханы хүмүүсийн хамт ад үзэгдсэн нь дээр гэдгийг тэр сонгосон юм» (Еврей 11:24–26-г уншина уу). Тэгээд Еховагийн удирдлага зааврыг дагаж амьдрахаар шийджээ (Ег. 3:2, 6–10). Учир нь Бурхны амлалт биелнэ гэдэгт итгэдэг, Египетэд ямар ч ирээдүй байхгүйг ойлгодог байсан аж. Үнэхээр Мосегийн зөв байлаа. Удалгүй Бурхан египетчүүдийг арван гамшгаар сүйрүүлсэн. Еховад өөрийгөө зориулсан бүх үйлчлэгч Мосег дууриах хэрэгтэй. Энэ ертөнцийн өнгө мөнгө, алдар нэрд дурлахын оронд Еховаг болон түүнд үйлчлэхийг эн тэргүүнд тавих ёстой.

ЮУ БОЛОХ ГЭЖ БАЙГААГ ИЕРЕМИА МЭДЭЖ БАЙСАН

7. Иеремиагийн амьдарч байсан цаг үеийг биднийхтэй адил гэж хэлж болохын учир юу вэ?

7 Еховад үйлчлэхийг эн тэргүүнд тавьсан бас нэг хүн бол зөнч Иеремиа юм. Ехова түүнийг зөнчөөр томилж, тэрслүү Иерусалим болон Иудаг шүүх гэж байгаагаа тунхаглуулжээ. Иеремиа тухайн үеийнхээ «сүүлчийн өдрүүдэд» амьдарч байв (Иер. 23:19, 20). Өөрийнх нь амьдарч байгаа нийгэм удаан оршин тогтнохгүйг тэрбээр маш сайн мэдэж байлаа.

8, 9. а) Барух бодлоо өөрчлөх хэрэгтэй байсны учир юу вэ? б) Ирээдүйгээ төлөвлөхдөө юу санах хэрэгтэй вэ?

8 Иеремиа Бурханд итгэж байсан учраас устгагдах нь гарцаагүй болсон тухайн үеийнхээ нийгэмд байр сууриа бэхжүүлж, эд хөрөнгөтэй болохыг санаархаагүй. Ингэх нь мунхаг хэрэг байлаа. Гэтэл түүний туслах Барух хэсэг зуур төөрөлдөж байжээ. Тиймээс Бурхан Барухт «Үзэгтүн, Би Өөрийн барьж босгосноо нураах гэж байна, Өөрийн тарьж суулгаснаа тастан сугалах гэж байна. Тэр нь бүхий л нутаг юм. ... Харин чи, чи өөртөө агуу зүйлсийг хайж байна уу? Бүү хай. Учир нь үзэгтүн, Би бүх махан бие дээр гай гамшиг авчрах гэж байна. ... Харин чиний явж болох бүх газарт Би чиний амийг чамд олз болгон өгнө» хэмээн Иеремиагаар хэлүүлжээ (Иер. 45:4, 5).

9 Барух ямар «агуу зүйлсийг» хайж байсан нь тодорхойгүй. * Харин тэр нь ямар ч ирээдүйгүй байсныг бид мэднэ. МЭӨ 607 онд вавилончууд Иерусалимыг эзлэн авахад «агуу зүйлс» устгагдсан. Энэ явдал бидэнд ямар сургамжтай вэ? Амьдралд зайлшгүй шаардлагатай юм олж авахын тулд төлөвлөх хэрэгтэй нь зүйн хэрэг (Сур. 6:6–11). Гэвч зуурдын юманд хэтэрхий их цаг зав, хүч чадал гаргавал мунхаг хэрэг болох бус уу? Еховагийн байгууллага Хаанчлалын танхим, салбарын барилга барих гэх мэтийн ажил төлөвлөдөг нь үнэн. Эдгээр төлөвлөгөө нь Хаанчлалын үйл хэргийг өргөжүүлэх зорилготой учраас ирээдүйтэй. Еховад өөрийгөө зориулсан хүн ч мөн үүний адилаар Хаанчлалыг эн тэргүүнд тавих хэрэгтэй. Та «эхлээд ... хаанчлал болон [Еховагийн] зөвт байдлыг» хайдаг уу? (Мат. 6:33).

«БИ ТЭДГЭЭРИЙГ ХОГ ГЭЖ ҮЗДЭГ»

10, 11. а) Паул христиан болохоосоо өмнө юуг чухал гэж үздэг байсан бэ? б) Паул чухал гэж үздэг байсан зүйлээ хог гэж үзэх болсны учир юу вэ?

10 Одоо Паулын жишээг авч үзье. Тэрбээр христиан болохоосоо өмнө, хүмүүсийн ярьдгаар, сайхан ирээдүйтэй байсан. Тухайн үеийнхээ хамгийн алдартай багш нарын нэгээр Иудейн хуулийг заалгажээ. Бас тэргүүн тахилчийн итгэлийг хүлээн, эрх мэдэл олж авсан удаатай. Үеийн олноосоо онцгойрч Иудейн шашныхны дунд нэр хүндтэй болсон (Үйлс 9:1, 2; 22:3; 26:10; Гал. 1:13, 14). Гэсэн хэдий ч Ехова иудейчүүдийг ард түмнээ гэж үзэхээ больсныг ойлгомогцоо амьдралаа тэр чигээр нь өөрчилжээ.

11 Иудейн нийгэмд байр суурьтай боллоо гээд Еховагийн мэлмийд ямар ч үнэ цэнэгүй, ямар ч ирээдүйгүй харагддагийг Паул ухаарчээ (Мат. 24:2). Фарисай байсан энэ хүн Бурхны санаа зорилгыг ойлгож, дэлгэрүүлэх ажил хийхийг завшаан хэмээн эрхэмлэх болжээ. Түүгээр ч барахгүй, өмнө нь үнэ цэнэтэйд тооцдог байсан зүйлээ «хог» гэж үзэх болсон. Паул Иудейн шашнаас гарч, үлдсэн бүх амьдралаа сайн мэдээг дэлгэрүүлэх үйлсэд зориулжээ (Филиппой 3:4–8, 15-ыг уншина уу; Үйлс 9:15).

ЮУГ ЭН ТЭРГҮҮНД ТАВЬДГАА ШАЛГАЯ

12. Есүс баптисм хүртсэнийхээ дараа юуг эн тэргүүнд тавьсан бэ?

12 Ноа Мосе Иеремиа Паул гэх мэтийн олон хүн Еховагийн үйл хэрэгт ихэнх цаг зав, хүч чадлаа зориулж байсан нь бидний хувьд дууриавал зохих жишээ болдог. Еховад өөрийгөө зориулсан үйлчлэгчдийн хамгийн агуу нь Есүс байсан (1 Петр 2:21). Тэрбээр баптисм хүртсэнийхээ дараа сайн мэдээг дэлгэрүүлэх, Еховаг магтан алдаршуулахын төлөө дэлхий дэх амьдралаа зориулсан. Тэгэхлээр Еховаг өөрийн Эзэн гэж хүлээн зөвшөөрдөг христиан хүн түүнд үйлчлэхийг нэгдүгээрт тавих ёстой гэж дүгнэж болно. Та яадаг вэ? Еховад чадлынхаа хэрээр үйлчлэхийн сацуу бусад үүрэг даалгавраа хэрхэн биелүүлж болох вэ? (Дуулал 71:15; 145:2-ыг уншина уу).

13, 14. а) Бурханд өөрийгөө зориулсан христианууд юуны тухай бодох нь зүйтэй вэ? б) Бурхны үйлчлэгч хүн яавал сэтгэл дүүрэн байх вэ?

13 Еховагийн байгууллага христиануудад эхлэгчээр үйлчлэх талаар залбирч байгаад эргэцүүлэн бодохыг олон жилийн турш уриалж байгаа билээ. Янз бүрийн шалтгаанаас болоод сар бүр 70 цаг дэлгэрүүлэх бололцоогүй хүмүүс Еховагийн үнэнч үйлчлэгчдийн дунд байдаг. Тэглээ гээд гутрах хэрэггүй (1 Тим. 5:8). Харин таны хувьд эхлэгчээр үйлчлэх боломж бий юү?

14 Ехова Бурхны үйлчлэгчид энэ жилийн Дурсах цуглааны улиралд ямар их баяр хөөр эдэлснийг эргэн санацгаая. Гуравдугаар сард туслах эхлэгчээр үйлчлэх хүмүүст 30 юм уу 50 цагийн аль нэгийг сонгоод дэлгэрүүлэх онцгой боломж олгосон (Дуу. 110:3). Олон сая хүн туслах эхлэгчээр үйлчилж, хурлууд ер бусын баяр хөөрт умбаж байсан гэлтэй. Та ажил амьдралаа зохицуулаад ийм баяр баясгаланг илүү олон удаа эдэлмээр байна уу? Туслах эхлэгчээр үйлчилбэл орой бүр «Ехова, би танд чадах чинээгээрээ үйлчиллээ» гэж сэтгэл дүүрэн хэлэх болно.

15. Мэргэжил боловсролын тухайд залуу христиан ямар зорилго тавих хэрэгтэй вэ?

15 Дунд сургуулиа төгсөх гэж буй залуу христиан та нар эрүүл чийрэг биетэй, татлаа түтлээ багатай бол байнгын эхлэгч болох талаар нухацтай бодож үзсэн үү? Их, дээд сургуульд сурах нь амьдралыг баталгаатай болгох хамгийн сайн арга гэдэгт багш нар тань итгэдэг байж болох юм. Гэвч тэд хүний байгууллага, хөрөнгө мөнгийг үндэс болгодог учраас итгэл найдвар нь ямар ч ирээдүйгүй. Харин Бурханд үйлчлэхийг зорилго болговол хамгийн ашигтай, сайхан ирээдүйтэй замыг сонгосон гэсэн үг. Мөн Есүсийн төгс жишээг дагаж байгаа хэрэг юм. Ийм ухаалаг шийдвэр гаргасан цагт та нар жаргалтай амьдарч, хамгаалагдана. Түүнээс гадна, Еховад өөрийгөө зориулсныхаа дагуу амьдрахаар бат шийдсэнээ харуулна (Мат. 6:19–21; 1 Тим. 6:9–12).

16, 17. Христианууд ямар асуултыг бодож үзэх хэрэгтэй вэ?

16 Өнөөдөр, талхны мөнгө олохын тулд олон цагаар ажилладаг хүн Бурхны үйлчлэгчдийн дунд цөөнгүй бий. Зарим нь илүү цагийн ажил хийдэг байх (1 Тим. 6:8). Бизнесийн ертөнц худалдаанд гарч байгаа хамгийн сүүлийн үеийн бараа бүтээгдэхүүнийг авахгүй бол амьдрах аргагүй гэж ойлгуулахын төлөө чадах бүхнээ хийдэг. Гэсэн ч жинхэнэ христианууд эн тэргүүнд тавих юмаа шийдэхдээ Сатаны ертөнцийн сурталчилгаанд автдаггүй (1 Иох. 2:15–17). Тэтгэвэрт гарсан хүмүүсийн хувьд Еховад үйлчлэхийг эн тэргүүнд тавьж эхлэгчээр үйлчлэх шиг сайхан юм хаа байх вэ?

17 Еховад өөрийгөө зориулсан бүх хүн дараах асуултыг бодож үзэх нь зүйтэй. «Миний амьдралын хамгийн гол зорилго юу вэ? Хаанчлалыг эн тэргүүнд тавьдаг бил үү? Бидний төлөө амиа золиосолсон Есүсийг дууриан Бурханд үйлчлэхэд цаг зав, хүч чадлаа дуртайяа зориулдаг уу? Есүст дуулгавартай байж, мөрөөр нь тууштай явдаг уу? Хаанчлалын тухай мэдээ дэлгэрүүлэх болон бусад христиан үйл хэрэгт түлхүү оролцохын тулд цагийн хуваариа өөрчилж чадах уу? Одоохондоо үйлчлэлээ өргөжүүлэх боломжгүй ч цаг зав, хүч чадлаа Еховад зориулах арга зам хайдаг уу?».

«ҮЙЛДҮҮЛЖ, ХҮСҮҮЛЭХИЙН ТУЛД»

18, 19. Юуны тухай залбирч болох вэ? Энэ нь Еховагийн таалалд яагаад нийцэх вэ?

18 Идэвх зүтгэлтэй Бурхны үйлчлэгчдийг харахлаар бахдалтай. Гэвч эхлэгчээр үйлчлэх боломжтой хэр нь чадваргүй хэмээн өөрийгөө голдог хүмүүс бас байдаг (Ег. 4:10; Иер. 1:6). Тийм хүн яах хэрэгтэй вэ? Энэ тухайгаа Еховад хэлж залбираарай. Паул: «Өөрийн сайн тааллын дагуух зүйлсийг үйлдүүлж, хүсүүлэхийн тулд та нарын дотор ажиллаж буй нь Бурхан юм» хэмээн итгэл нэгтнүүддээ хэлжээ (Флп. 2:13). Үйлчлэлээ өргөжүүлэхийг хүсдэггүй бол хүсэлтэй, чадвартай болгож өгөхийг Еховагаас гуйгаарай (2 Петр 3:9, 11).

19 Ноа Мосе Иеремиа Паул Есүс нар бүгдээрээ Бурханд үнэнч хүмүүс байсан. Цаг зав, хүч чадлаа Еховагийн мэдээг тунхаглахад зориулсан. Тэд өөр юмыг анхаарч байгаагүй. Өнөөгийн тогтолцооны төгсгөл тун ойрхон байна. Тиймээс амь амьдралаа Бурханд зориулсан та бид энэ сайхан хүмүүсийг дууриахын төлөө чадах бүхнээ хийцгээе (Мат. 24:42; 2 Тим. 2:15). Ингэвэл Еховагийн таалалд багтаж, арвин их ивээл хүртэнэ (Малахи 3:10-ыг уншина уу).

[Зүүлт]

[Догол мөрийн асуулт]

[21-р хуудасны зураг]

Хүмүүс Ноагийн сануулгыг анхаараагүй

[24-р хуудасны зураг]

Та байнгын эхлэгч болох талаар нухацтай бодож үзсэн үү?