Skip to content

Гарчиг руу орох

Ехова бол «нууцыг илчлэгч»

Ехова бол «нууцыг илчлэгч»

Ехова бол «нууцыг илчлэгч»

«Үнэхээр чиний Бурхан бол бурхдын Бурхан, хаадын Эзэн бөгөөд нууцыг илчлэгч мөн билээ» (ДАН. 2:47).

ХАРИУЛНА УУ

Ирээдүйд болох ямар нарийн ширийн зүйлийг Ехова бидэнд илчилсэн бэ?

Араатны зургаан толгой нь юуг бэлгэддэг вэ?

Араатан, аварга баримал хоёр ямар холбоотой вэ?

1, 2. Ехова бидэнд юу илчилсэн бэ? Яагаад?

 БУРХНЫ Хаанчлал хүний бүх засгийн газрыг устгах үед ямар ямар хүчирхэг гүрэн дэлхийг тэргүүлж байх бол? Энэ асуултын хариу тодорхой. Учир нь Ехова Бурхан зөнч Даниел болон элч Иоханаар дамжуулан бидэнд нууцыг илчилсэн.

2 Ар араасаа гарч ирдэг араатны тухай хэдэн үзэгдлийг Ехова энэ хоёр хүнд үзүүлжээ. Бас нүсэр том металл баримлын тухай зөнтэй зүүдний утгыг Даниелд тайлж өгсөн. Ехова эдгээр үзэгдлийг бидний тусын тулд Даниел Иохан нараар Сударт бичүүлж үлдээсэн юм (Ром 15:4). Энэ нь Бурхны Хаанчлал бүх засгийн газрыг удахгүй бутлан сөнөөнө гэдэгт бүр ч их найддаг болоход тустай (Дан. 2:44).

3. Библийн зөгнөлүүдийг зөв ойлгохын тулд эхлээд юу ойлгох ёстой вэ? Яагаад?

3 Даниел Иохан нарын бичсэн зөгнөлүүдийг хамтад нь авч үзвэл найман хаан буюу хүний засаглалын тухай мэдээд зогсохгүй, улс төрийн энэ хүчнүүд ямар дарааллаар гарч ирснийг тодорхойлж болдог. Харин дээрх зөгнөлүүдийг зөв ойлгоё гэвэл Библид бичсэн хамгийн анхны зөгнөлийн учрыг ойлгох хэрэгтэй. Яагаад тэр вэ? Библид бичсэн бүх зөгнөл тэр чигээрээ анхны зөгнөлтэй холбоотой.

МОГОЙН ҮР БА АРААТАН

4. Эмэгтэйн үр хэн хэнээс бүрддэг вэ? Энэ үр юу хийх вэ?

4 Еден цэцэрлэгт самуун дэгдсэний дараахан Ехова «эмэгтэйгээс» «үр» (ШЕ) бий болгохоо амласан * (Эхлэл 3:15-ыг уншина уу). Тэр үр эцэстээ могой буюу Сатаны толгойг няцлах аж. Амласан үр нь Абрахамаас, израиль үндэстнээс, Иудагийн овгоос гарах бөгөөд Давид хааны удмын хүн байх болно гэдгийг Ехова хожим нь илчилсэн (Эх. 22:15–18; 49:10; Дуу. 89:3, 4; Лук 1:30–33). Үрийн гол хэсэг нь Христ Есүс ажээ (Гал. 3:16). Харин тослогдсон христиануудын хурал энэ үрийн туслах хэсэг юм (Гал. 3:26–29). Есүс болон тослогдсон эдгээр христиан хамтдаа Бурхны Хаанчлалыг бүрдүүлдэг. Бурхан энэ Хаанчлалыг зэвсэг болгон ашиглаж Сатаныг устгана (Лук 12:32; Ром 16:20).

5, 6. а) Даниел Иохан нар хэдэн хүчирхэг гүрнийг дурдсан бэ? б) «Илчлэлт» номд гардаг араатны толгойнууд юуг бэлгэддэг вэ?

5 Еден цэцэрлэгт Ехова хамгийн анхны зөгнөлийг хэлэхдээ Сатаныг бас «үртэй» болно гэжээ. Тэр үр нь эмэгтэйн үрд дайсагнаж, түүнийг үзэн ядах байлаа. Могойн үр гэж юу вэ? Сатаныг дууриаж Бурхныг үзэн яддаг, Бурхны ард түмнийг эсэргүүцдэг бүхэн юм. Сатан өөрийн «үрийг» янз бүрийн засгийн газар буюу «хаанчлал» болгон зохион байгуулж ирсэн (Лук 4:5, 6). Гэхдээ Бурхны ард түмнийг, тухайлбал, израиль үндэстэн болон тослогдсон христиануудын хурлыг хүчтэй эсэргүүцдэг засгийн газар харьцангуй цөөхөн байсан. Үүнийг тооцож үзвэл Даниел болон Иоханы үзэгдэлд ердөө найман эзэнт гүрнийг дурдсан байдгийн учрыг ойлгож болно.

6 Дахин амилсан Есүс МЭ I зууны сүүлчээр элч Иоханд хачирхалтай хэдэн үзэгдэл үзүүлжээ (Илч. 1:1). Иохан тэнгисийн эрэг дээр зогсож буй лууг гайхамшгаар үзсэн. Тэр нь Диавол байлаа (Илчлэлт 13:1, 2-ыг уншина уу). Тэгтэл нэг хачин араатан тэнгисээс гарч ирээд Диаволаас асар их эрх мэдэл авчээ. Иохан дараа нь долоон толгойтой, час улаан өнгөтэй өөр нэг араатныг үзсэн. Тэр нь Илчлэлт 13:1-д гардаг араатны хөрөг байлаа. Час улаан араатны долоон толгой нь «долоон хааныг» бэлгэддэг гэж нэг тэнгэр элч Иоханд тайлбарлажээ (Илч. 13:14, 15; 17:3, 9, 10). Иоханыг номоо бичих үед тэр хаадын тав нь байхгүй, нэг нь захирч байсан ба нөгөө нь «хараахан ирээгүй» байв. Тэдгээр нь ямар ямар улс байсан бэ? «Илчлэлт» номын 13-р бүлэгт гардаг араатны 7 толгойг нэгбүрчлэн авч үзье. «Даниел» номд эдгээр хаанчлалын олонх нь гардаг. Заримыг нь бий болохоос хэдэн зууны өмнө Даниел тэдний талаар ямар нарийн ширийн зүйл зөгнөн бичсэнийг мэдэж авъя.

ЭХНИЙ ХОЁР ТОЛГОЙ НЬ ЕГИПЕТ, АССИРИ

7. Эхний толгой нь ямар улс вэ? Яагаад тэгж хэлж болох вэ?

7 Араатны эхний толгой нь Египетийг бэлгэддэг. Учир нь Египет улс Бурхны ард түмэнд дайсагнасан анхны том гүрэн юм. Бурхан эмэгтэйн үрийг Абрахамаас бий болгохоо амласан билээ. Абрахамын үр удам болох израильчуудыг өсөн нэмэгдэхэд Египет дарангуйлан захирах болжээ. Үр бий болохоос урьтаж Бурхны ард түмнийг газрын хөрснөөс арчихыг Сатан хүссэн тул дөнгөж төрсөн эр хүйстэй израиль хүүхэд бүрийг хөнөөх тушаалыг фараоноор гаргуулсан. Ехова энэ оролдлогод саад болж, ард түмнээ Египетийн боолчлолоос чөлөөлжээ (Ег. 1:15–20; 14:13). Дараа нь израильчуудад Амласан газрыг өгсөн.

8. Хоёр дахь толгой ямар улс вэ? Яах санаатай байсан бэ?

8 Араатны хоёр дахь толгой нь Ассири юм. Энэхүү хүчирхэг хаант улс бас л Бурхны ард түмнийг үндсээр нь устгахыг завджээ. Шүтээн шүтэж, самуун дэгдээснийх нь төлөө Ехова арван овогт хаант улсыг шийтгэж ассиричуудын гарт өгсөн. Гэтэл ассиричууд бүр Иерусалимыг устгах гэж санаархжээ. Хэрэг дээрээ, Сатан Иудагийн хаадын угсааг таслахыг хүссэн байж болох юм. Учир нь тэр хаадын удмаас Есүс төрөх байв. Иерусалимыг сүйрүүлэх нь Еховагийн санаа зорилго биш байсан. Тиймд эзлэн түрэмгийлэгчдийг устган, ард түмнээ аварсан (Х.дэд 19:32–35; Ис. 10:5, 6, 12–15).

ГУРАВ ДАХЬ ТОЛГОЙ НЬ ВАВИЛОН

9, 10. а) Ехова вавилончуудад юуг зөвшөөрсөн бэ? б) Зарим зөгнөл биелэхээс өмнө ямар ямар үйл явдал болох ёстой байсан бэ?

9 Иоханы үзсэн араатны гурав дахь толгой нь Вавилон гэдэг нийслэлтэй хаант улс байв. Дуулгаваргүй загнан хууль тушаалыг нь сахиагүй израильчуудыг Ехова вавилончуудад олз болгон өгч, Иерусалимыг сүйтгүүлжээ. Ийм юм болно гэдгийг ч тэрслүү ард түмэндээ бүр өмнөөс анхааруулж байсан (Х.дэд 20:16–18). Түүнчлэн, Иерусалимд өөрийнх нь «сэнтийд» заларч байсан хүмүүн хаадын удмыг таслахаа мэдэгдсэн (Ш.дээд 29:23). Гэвч Давид хааны удмаас хууль ёсны «эрхтэй Нэгэн» гарч, өөрийнх нь нэрийн өмнөөс төр барихыг Ехова зөгнөсөн (Езе. 21:25–27).

10 Амласан Мессиа буюу Тослогдсон Нэгнийг ирэх үед иудейчүүд урьдын адил Иерусалимын сүмд шүтлэг мөргөлөө үйлдэж байхыг өөр нэг зөгнөлөөс мэдэж болно (Дан. 9:24–27). Израилийг Вавилонд олзлогдохоос өмнө бичигдсэн нэг зөгнөлийг үзвэл Мессиа Бетлехемд төрөх байлаа (Мика 5:2). Эдгээр зөгнөл иудейчүүдийг Вавилоноос чөлөөлөгдөөд, эх нутагтаа буцаж очин, сүмийг сэргээн босгосноос хойш биелэх байв. Гэтэл Вавилон олзны хүмүүсийг чөлөөлөх бодлого баримталдаггүй байлаа. Бурхны ард түмэн яаж нутаг буцах вэ? Энэ асуултын хариуг Ехова зөнчдөдөө хэлж өгсөн (Ам. 3:7).

11. Даниел Иохан нарын зөгнөлд Вавилоны эзэнт гүрнийг юу юугаар дүрсэлсэн байдаг вэ? (Зүүлтийг үзнэ үү).

11 Зөнч Даниел Вавилонд олзлогдсон хүмүүсийн нэг байлаа (Дан. 1:1–6). Вавилоны дараа ямар ямар гүрэн ээлж дараалан гарч ирээд дэлхийд ноёрхлоо тогтоохыг Ехова түүнд хэлж өгсөн. Эдгээр нууцыг янз янзын бэлгэ тэмдгээр илчилжээ. Тухайлбал, Вавилоны хаан Небухаднезарт зүүд зүүдлүүлэхдээ төрөл бүрийн металлаар хийсэн аварга том баримал үзүүлсэн (Даниел 2:1, 19, 31–38-ыг уншина уу). Ехова Даниелд зүүдийг тайлж, баримлын алтан толгой нь Вавилоны эзэнт гүрэн юм гэдгийг мэдүүлжээ. * Вавилоны дараа гарч ирэх гүрнийг мөнгөн цээж, гараар дүрсэлсэн. Энэ нь ямар улс байсан бэ? Бурхны ард түмэнд яаж хандсан бэ?

ДӨРӨВ ДЭХ ТОЛГОЙ НЬ МЕДЕ, ПЕРС

12, 13. а) Ехова Вавилоныг эзлэх гүрний талаар юу илчилсэн бэ? б) Араатны дөрөв дэх толгой нь Меде, Перс гэж дүгнэх нь яагаад зүйд нийцэх вэ?

12 Вавилоныг эзлэн авч дэлхийд ноёрхлоо тогтоох гүрний тухай нарийн ширийн зүйлийг Ехова Даниелын үеэс зуу гаруй жилийн өмнө зөнч Исаиагаар дамжуулан илчилжээ. Вавилон хот яаж эзлэгдэх төдийгүй, хэн гэдэг хүн эзлэн авахыг ч хэлсэн. Тэр удирдагч нь Кореш гэдэг перс хүн байв (Ис. 44:28–45:2). Даниел Меде, Персийн эзэнт гүрний талаар өөр хоёр үзэгдэл үзжээ. Нэг үзэгдэлд Меде, Персийг «хажуулдан босож» байгаа баавгайгаар дүрсэлсэн. Түүнд «Их мах ид» гэж хэлж байлаа (Дан. 7:5). Өөр нэг үзэгдэлд хоёр хаантай энэ улсыг хоёр эвэрт хуцаар бэлгэдсэн (Дан. 8:3, 20).

13 Вавилоныг түлхэн унагаж, израильчуудыг нутаг буцаана гэсэн амлалтаа биелүүлэхийн тулд Ехова Меде, Персийг ашигласан (Ш.дэд 36:22, 23). Харин энэ гүрэн хожим нь Бурхны ард түмнийг үндсээр нь үгүй хийх дөхжээ. «Естер» номд Персийн ерөнхий сайд Хаман гэгч хүний сэдсэн хуйвалдааныг бичсэн байдаг. Тэрбээр Персийн эзэнт гүрний нутаг дэвсгэрт амьдарч байсан бүх иудейчүүдийг хоморголон устгах арга сэдэж, өдөр цагийг нь тогтоосон. Гэвч Ехова Сатаны үрийн энэхүү дайсагнасан үйлдлийг таслан зогсоож, ард түмнээ дахин хамгаалсан (Ест. 1:1–3; 3:8, 9; 8:3, 9–14). Энэ бүхнийг бодож үзвэл «Илчлэлт» номд гардаг араатны дөрөв дэх толгой бол Меде, Перс юм гэж дүгнэх нь зүйд нийцнэ.

ТАВ ДАХЬ ТОЛГОЙ НЬ ГРЕК

14, 15. Ехова эртний Грекийн эзэнт гүрний тухай ямар нарийн ширийн зүйлийг илчилсэн бэ?

14 «Илчлэлт» номд гардаг араатны тав дахь толгой Грекийг төлөөлдөг. Даниелын тайлсан, Небухаднезарын зүүдэнд гардаг нүсэр том баримлын хүрэл хэвлий ба гуя мөн энэ гүрнийг бэлгэдэж байжээ. Даниел бас өөр хоёр үзэгдэл үзсэн бөгөөд тэнд энэ эзэнт гүрний онцлог шинж болон хамгийн агуу удирдагчийнх нь тухай гайхалтай нарийн ширийн зүйл гардаг.

15 Даниелын үзсэн нэг үзэгдэлд Грекийг дөрвөн далавчтай ирвэсээр төлөөлүүлсэн нь Меде, Персийг богино хугацаанд эзэлнэ гэсэн үг байлаа (Дан. 7:6). Меде, Персийг бэлгэддэг хоёр эвэртэй хуцыг онцгой ганц эвэртэй ухна нүд ирмэхийн зуурт мөргөж алж байгаа өөр нэг үзэгдлийг Даниел үзсэн. Тэр ухна нь Грекийг бэлгэдсэн бөгөөд том эвэр нь Грекийн хаан гэдгийг Ехова Даниелд хэлж өгсөн. Даниел цааш нь тэр том эвэр хугарч, оронд нь дөрвөн жижиг эвэр ургасан гэж бичжээ. Энэ зөгнөл Грекийг ноёрхлоо тогтоохоос хэдэн зуун жилийн өмнө бичигдсэн боловч ширхэг дараалан биелжээ. Эртний Грекийн хамгийн алдартай хаан Их Александр Меде, Перстэй хийсэн дайныг удирджээ. Гэвч удалгүй эвэр хугарсан. Өөрөөр хэлбэл, энэ агуу хаан ид цэцэглэж явсан 32-хон насандаа таалал төгсжээ. Дараа нь хаант улсыг дөрвөн жанжин нь хувааж авсан (Даниел 8:20–22-ыг уншина уу).

16. IV Антиох юу хийсэн бэ?

16 Грек Персийг эзлэн авсныхаа дараа Израилийг захирчээ. Энэ үед иудейчүүд Амласан газарт буцаж очоод Иерусалимын сүмийг сэргээн босгочихсон байв. Бурхан тэднийг урьдын адил ард түмнээ хэмээн үзэж, сэргээн босгосон сүмийг нь ч жинхэнэ шүтлэгийн төв гэж тооцож байсан. Гэтэл МЭӨ II зуунд Грек Бурхны ард түмэнд дайсагнаж эхэлжээ. Александр хааны задран унасан гүрнийг захирагчдын нэг болох IV Антиох хуурамч бурхдад зориулсан тахилын ширээг Иерусалимын сүмд босгож, иудейн шашныг шүтсэн хэнд ч болов үхлийн ял оноохоор болсон. Сатаны үр Бурхны ард түмнийг ийнхүү үзэн ядсан! Гэвч удалгүй Грекийн оронд өөр нэг гүрэн ноёрхлоо тогтоожээ. Араатны зургаа дахь толгой ямар улсыг бэлгэддэг вэ?

ЗУРГАА ДАХЬ ТОЛГОЙ НЬ «АЙМШИГТАЙ, АЙДАС ТӨРҮҮЛМЭЭР» РОМ

17. Эхлэл 3:15-д байдаг зөгнөл биелэхэд зургаа дахь толгой ямар үүрэг гүйцэтгэсэн бэ?

17 Бурхан элч Иоханд хачирхалтай араатныг ер бусын аргаар үзүүлж байх тэр үед Ром дэлхийг эзэгнэсэн том гүрэн байлаа (Илч. 17:10). Эхлэл 3:15-д байдаг зөгнөл биелэхэд энэхүү зургаа дахь толгой гол үүрэг гүйцэтгэсэн. Сатан Ромын удирдагчдыг ашиглан эмэгтэйн үрийн «өсгийг» няцалжээ. Яаж тэр вэ? Тэд Есүсийг үймээн дэгдээсэн гэж гүтгэн цаазаар авсан (Мат. 27:26). Гэвч энэ шарх удалгүй эдгэжээ. Учир нь Ехова Есүсийг дахин амилуулсан.

18. а) Ехова ямар шинэ үндэстнийг ард түмнээ болгон сонгосон бэ? Яагаад? б) Могойн үр эмэгтэйн үрд хэрхэн дайсагнасаар байсан бэ?

18 Иудейн шашны удирдагчид ромчуудтай нийлж Есүсийн эсрэг хуйвалдаан зохиосон. Бас израильчуудын дийлэнх нь Есүсийг эсэргүүцсэн. Тиймээс Ехова израиль үндэстнийг өөрийн ард түмэн гэж үзэхээ больжээ (Мат. 23:38; Үйлс 2:22, 23). Оронд нь «Бурханы Израиль» буюу шинэ үндэстнийг ард түмнээ болгон сонгосон (Гал. 3:26–29; 6:16). Тэр нь иудейчүүд болон харь үндэстнээс бүрдсэн тослогдсон христиануудын хурал байв (Еф. 2:11–18). Есүсийг үхээд амилсны дараа ч могойн үр эмэгтэйн үрд дайсагнасаар байсан. Ромчууд үрийн туслах хэсэг болсон христиан хурлыг арчин зайлуулахыг нэг бус удаа оролджээ. *

19. а) Даниел зургаа дахь эзэнт гүрний талаар юу гэж хэлсэн бэ? б) Дараагийн өгүүллээр юу үзэх вэ?

19 Даниелын тайлсан зүүдэнд гардаг аварга баримлын төмөр шилбэ нь Ром юм (Дан. 2:33). Ехова Даниелд Ромын эзэнт гүрнийг төдийгүй, түүний дараа гарч ирээд ноёрхлоо тогтоох улсыг ер бусын аргаар үзүүлжээ (Даниел 7:7, 8-ыг уншина уу). Хэдэн зууны туршид Ром «аймшигтай, айдас төрүүлмээр асар хүчтэй» араатан байлаа. Гэхдээ уг зөгнөлд энэхүү эзэнт гүрнээс «арван эвэр» ургах бөгөөд дараа нь «өөр нэгэн жижиг эвэр ургаж» түрүүчийн эврүүдээс илүү хүчирхэг болох тухай гардаг. Энэ арван эвэр юуны бэлгэдэл бэ? Жижиг эвэр нь юу вэ? Небухаднезарын зүүдэлсэн аварга баримал жижиг эвэртэй ямар холбоотой вэ? Дараагийн өгүүллээр энэ тухай ярилцъя.

[Зүүлт]

^ Эмэгтэй гэдэг нь тэнгэр дэх сүнсэн бүтээлүүдээс бүрдсэн Еховагийн байгууллага юм. Үүнийг Библид Еховагийн эхнэр гэдэг (Ис. 54:1; Гал. 4:26; Илч. 12:1, 2).

^ Вавилоныг «Даниел» номд баримлын толгойгоор, «Илчлэлт» номд араатны гурав дахь толгойгоор дүрсэлдэг. 12, 13-р хуудсан дахь хүснэгтийг үзнэ үү.

^ МЭ 70 онд ромчууд Иерусалимыг устгасан нь могойн үр эмэгтэйн үрд дайсагнасан хэрэг биш байв. Учир нь Бурхан Израилийг ард түмнээ гэж үзэхээ хэдийнээ больсон байлаа.

[Догол мөрийн асуулт]