Skip to content

Гарчиг руу орох

Ехова «удахгүй болох ёстой юмсыг» илчилдэг

Ехова «удахгүй болох ёстой юмсыг» илчилдэг

Ехова «удахгүй болох ёстой юмсыг» илчилдэг

«Удахгүй болох ёстой юмсыг Өөрийн боолуудад үзүүлэхийн тулд Бурханы Түүнд өгсөн Есүс Христийн илчлэлт» (ИЛЧ. 1:1).

ХАРИУЛНА УУ

Аварга баримлын юу нь Англи-Америкийн эзэнт гүрнийг бэлгэддэг вэ?

Англи-Америкийн эзэнт гүрэн Нэгдсэн Үндэстний Байгууллага хоёр холбоотойг Иохан хэрхэн дүрслэн бичсэн бэ?

Дэлхийн бүх засгийн газар устгагдахыг Даниел Иохан нарын үзэгдэл хэрхэн харуулдаг вэ?

1, 2. а) Даниел Иохан нарын зөгнөлүүдийг харьцуулбал юу ойлгох вэ? б) Араатны зургаан толгой юуг бэлгэддэг вэ?

 ДАНИЕЛ Иохан нарын зөгнөлүүдийг харьцуулж үзвэл одоо дэлхий дахинд болж буй, мөн ирээдүйд болох үйл явдлын учир холбогдлыг ойлгоно. Иоханы үзсэн долоон толгойтой араатан, Даниелын үзсэн арван эвэртэй аймшигт араатан болон Небухаднезарын зүүдэлсэн аварга баримлыг харьцуулж үзвэл юу мэдэж болох вэ? Эдгээр зөгнөлийн утгыг сайн ойлговол ямар хүсэл төрөх вэ?

2 Иоханы үзсэн араатанд анхаарлаа хандуулъя (Илч. 13-р бүлэг). Тэр араатны зургаан толгой нь Египет, Ассири, Вавилон, Меде болон Перс, Грек, Ромыг бэлгэддэгийг өмнөх өгүүллээр үзсэн. Эдгээр гүрэн бүгдээрээ эмэгтэйн үрийг үзэн ядаж, дайсагнаж байжээ (Эх. 3:15). Иоханыг үзэгдлээ бичиж байх үед зургаа дахь толгой Ром дэлхий дахинд ноёрхлоо тогтоосон байсан. Түүнээс хойших хэдэн зууны туршид ч хүчирхэг гүрэн хэвээрээ байв. Эцэст нь долоо дахь толгой гарч ирэн, Ромын халааг авсан. Тэр нь ямар гүрэн байсан бэ? Эмэгтэйн үрд хэрхэн хандсан бэ?

АНГЛИ, АМЕРИК ХҮЧИРХЭГЖСЭН НЬ

3. Арван эвэрт аймшигт араатан юуг бэлгэддэг вэ? Арван эвэр нь юуг бэлгэддэг вэ?

3 «Илчлэлт» номын 13-р бүлэгт гардаг, Иоханы үзсэн араатны үзэгдлийг Даниелын үзсэн арван эвэртэй аймшигт араатны үзэгдэлтэй харьцуулж үзвэл долоо дахь толгойгоор юу бэлгэдсэнийг мэдэж болдог * (Даниел 7:7, 8, 23, 24-ийг уншина уу). Даниелын үзсэн араатан Ромын эзэнт гүрнийг төлөөлдөг (12, 13-р хуудсан дахь хүснэгтийг үзнэ үү). МЭ V зуунаас Ромын эзэнт гүрэн жижиг жижиг улс болон задарч эхэлжээ. Айдас төрүүлэм араатны толгой дээрх арван эвэр нь Ромын эзэнт гүрэн задарсны дараа бий болсон хаант улсуудыг бэлгэддэг.

4, 5. а) Жижиг эвэр юу хийсэн бэ? б) Араатны долоо дахь толгой нь юуны бэлгэдэл бэ?

4 Даниелын зөгнөлд гардаг арван эвэртэй араатны толгой дээр өөр нэг жижиг эвэр ургахад урьд нь байсан арван эврийн гурав нь «үндсээрээ булгарсан». Ромын эзэнт гүрний хязгаар нутаг байсан Англи хүчирхэгжин хаант улс болсноор энэ зөгнөл биелжээ. Ромын эзэнт гүрний өөр гурван муж болох Испани, Нидерланд, Франц 17-р зуун хүртэл хавьгүй илүү хүчирхэг байв. Гэсэн ч Англи тэдэнтэй ээлж дараалан тулалдсаар, хүчийг нь сулруулсан. 18-р зууны дунд үе гэхэд Англи дэлхийн тавцан дээрх хамгийн хүчирхэг гүрэн болж эхэлжээ. Гэхдээ араатны долоо дахь толгой хараахан болоогүй байсан.

5 Англи дэлхийд ноёрхлоо тогтоосон хэдий ч Хойд Америк дахь колони орнууд нь тусгаар тогтнолоо зарласан. Тэгэхэд нь Англи улс Америкийн Нэгдсэн Улсад ямар ч хориг тавиагүйгээр үл барам, тэнгисийн цэргээрээ хамгаалжээ. Эзний өдөр 1914 онд эхлэхэд Англи улс түүхэн дэх хамгийн том эзэнт гүрэн, харин Америкийн Нэгдсэн Улс хамгийн хүчирхэг аж үйлдвэрийн орон болсон байсан. * Дэлхийн І дайны үед Америкийн Нэгдсэн Улс Английн ойрын түнш болжээ. Ийнхүү араатны долоо дахь толгой буюу Англи-Америкийн эзэнт гүрэн гарч ирсэн түүхтэй. Энэ толгой эмэгтэйн үрд хэрхэн хандсан бэ?

6. Долоо дахь толгой Бурхны ард түмний эсрэг юу хийсэн бэ?

6 Эзний өдөр эхэлмэгц долоо дахь толгой Бурхны үйлчлэгчид буюу дэлхий дээр амьдардаг Христийн ах дүүс рүү дайрсан (Мат. 25:40). Есүсийн хэлснээс үзвэл, Эзний өдөр эхлэхэд эмэгтэйн үрийн зарим нь дэлхий дээр байх бөгөөд даалгасан ажлыг нь идэвхийлэн хийх ажээ (Мат. 24:45–47; Гал. 3:26–29). Англи-Америкийн эзэнт гүрэн тэдгээр ариун хүмүүст дайн зарласан (Илч. 13:3, 7). Араатны долоо дахь толгой дэлхийн І дайны үед тэднийг хавчиж, зарим ном хэвлэл тараахыг хориглож, үнэнч боолын ангийн төлөөлөгчдийг шоронд хорьсон. Бас дэлгэрүүлэх ажлыг хэсэг хугацаанд зогсоосон. Ийм юм болохыг Ехова урьдаас харж, Иоханд илчилжээ. Үүний зэрэгцээ үрийн туслах хэсэг болсон тэдгээр ариун хүмүүс сүнслэг ажлаа сэргээхийг ч хэлж өгсөн (Илч. 11:3, 7–11). Эдгээр үйл явдал үнэхээр болсныг Еховагийн орчин үеийн үйлчлэгчдийн түүх баталдаг.

АНГЛИ-АМЕРИКИЙН ЭЗЭНТ ГҮРЭН БА ТӨМӨР, ШАВРЫН ХОЛЬЦТОЙ ТАВХАЙ

7. Аварга баримал, араатны долоо дахь толгой хоёр ямар холбоотой вэ?

7 Аварга баримал, араатны долоо дахь толгой хоёр ямар холбоотой вэ? Англи улс Ромын эзэнт гүрнээс гаралтай. Англиас өрх тусгаарласан Америкийн Нэгдсэн Улсыг ч бас Ромоос гарсан гэж хэлж болно. Библид баримлын тавхайг «төмөр ба шаврын хольцноос бүтсэн» хэмээн дүрсэлсэн байдаг (Даниел 2:41–43-ыг уншина уу). Энэ нь долоо дахь толгой буюу Англи-Америкийн эзэнт гүрэн дэлхийг ноёлж байх үед болох үйл явдлыг хэлж байгаа хэрэг юм. Шавартай хольсон төмөр эдлэл ган төмрөөр хийсэн эдлэлээс хэврэг байдаг шиг Англи-Америкийн эзэнт гүрэн өмнөх эзэнт гүрнээсээ хүчээр сул байх аж.

8, 9. а) Дэлхийн долоо дахь эзэнт гүрэн төмөр мэт хүчтэйгээ хэрхэн баталсан бэ? б) Баримлын тавхайн шавар юуг бэлгэддэг вэ?

8 Араатны долоо дахь толгой зарим үед төмөр мэт хүчтэйгээ харуулдаг байсан. Жишээ нь, дэлхийн І дайнд ялалт байгуулсан. Мөн дэлхийн II дайны үед ч төмөр мэт хүчтэй нь нотлогдсон. * Түүнээс хойш ч хүчтэйгээ баталсан. Гэхдээ л анхнаасаа шавартай холилджээ.

9 Еховагийн үйлчлэгчид баримлын тавхайгаар юу бэлгэддэгийг ойлгох гэж эртнээс оролдсоор ирсэн. Даниел 2:41-д төмөр, шавраас бүтсэн тавхай гэдгээр олон хаанчлалыг бус, нэг л хаанчлалыг хэлжээ. Тэгэхлээр, шавар нь Англи-Америкийн эзэнт гүрний дотор байгаа ямар нэг зүйл болж таарна. Даниелын зөгнөлийг цааш нь уншвал шавар нь «хүний үр» буюу хүмүүс юм (Дан. 2:43). Тэднээс болж Англи-Америкийн эзэнт гүрэн доройтох ажээ. Ийнхүү энэ гүрэн төмөр мэт хүчтэй Ромын дэргэд хүчээр сул дорой болно. Ард түмэн иргэний эрхийг хамгаалах хөдөлгөөн өрнүүлж, үйлдвэрчний эвлэлд эвсэлдэн нэгдэж, тусгаар тогтнолын төлөө тэмцэж Англи-Америкийн эзэнт гүрний төмөр мэт хүчийг сулруулсан. Нэр хүндтэй удирдагчид нь хүртэл хэдхэн саналын зөрүүгээр сонгуульд ялдаг, эсвэл үзэл бодлын зөрчил их байдгаас болоод амлалтаа биелүүлэх эрх мэдэлгүй байдаг. Даниел үүнийг зөгнөж «Тэр хаанчлалын зарим хэсэг нь хүчтэй байх атал нөгөө хэсэг нь хэврэг байх болно» гэжээ (Дан. 2:42; 2 Тим. 3:1–3).

10, 11. а) «Тавхай» эцэстээ яах вэ? б) Хөлийн хурууны тоо ямар нэгэн утгатай юу? Тайлбарлана уу.

10 XXI зуунд Англи Америк хоёр дэлхийн үйл явдалд их төлөв хамтран оролцож онцгой түнш гэдгээ нотолсоор байна. Англи-Америкийн эзэнт гүрний дараа ямар ч эзэнт гүрэн гарч ирэхгүйг аварга баримал болон араатны тухай зөгнөлүүд баталдаг. Энэхүү сүүлчийн эзэнт гүрэн төмөр шилбээр бэлгэддэг Ромоос хүчээр дутуу боловч өөрөө хар аяндаа устаж үгүй болохгүй.

11 Баримлын хөлийн хурууны тоо ямар нэгэн утгатай юу? Даниел бусад зөгнөлдөө тодорхой тоо дурдсан байдаг. Жишээ нь, төчнөөн эвэртэй, тийм тийм араатан гэж дүрсэлдэг. Тэр тоо нь утга учиртай. Харин баримлын хөлийг төдөн хуруутай гэж хэлээгүй. Тийм учраас баримлын гар, шилбэ, тавхай хэд байх нь чухал биш байсан шиг хөлийн хурууны тоо ч онцын ач холбогдолгүй бололтой. Гэхдээ хөлийн хуруунууд төмөр, шавраас бүтсэнийг онцолжээ. Тэгэхлээр, Англи-Америкийн эзэнт гүрэн дэлхийг ноёрхож байх үед Бурхны Хаанчлалыг төлөөлдөг «чулуу» аварга баримлын тавхайг цохино гэж дүгнэж болно (Дан. 2:45).

АНГЛИ-АМЕРИК БА ХОЁР ЭВЭРТ АРААТАН

12, 13. Хоёр эвэрт араатан юуг бэлгэддэг вэ? Ямар үүрэг гүйцэтгэх вэ?

12 Англи-Америкийн эзэнт гүрэн төмөр, шавраас бүтсэн хэдий ч эцсийн өдрүүдэд гол үүрэг гүйцэтгэхийг Есүс Иоханд ер бусаар үзүүлжээ. Иоханы үзсэн үзэгдэлд хоёр эвэртэй араатан луу мэт ярих ажээ. Энэ хачин араатан юуны бэлгэдэл бэ? Хоёр эвэртэй гэснийг бодоход түншлэгч хоёр засгийн газрыг хэлж байгаа гэж ойлгож болно. Тэгэхлээр, энэ нь мөн л Англи-Америкийн эзэнт гүрэн бөгөөд энэ удаад онцгой үүрэг гүйцэтгэх аж (Илчлэлт 13:11–15-ыг уншина уу).

13 Долоон толгойтой араатны хөргийг бүтээ гэж энэхүү араатан хэлдэг. Араатны хөрөг гарч ирээд, алга болох боловч дахин гарч ирнэ хэмээн Иохан бичжээ. Энэ нь дэлхийн І дайны дараа бий болсон нэг байгууллага юм. Энэ байгууллагад нэгдэхийг Англи болон Америкийн Нэгдсэн Улс бусад улс оронд уриалсан. Үндэстнүүдийг нэгтгэж, төлөөлөх нь уг байгууллагын зорилго байв. * Дэлхийн I дайны дараа байгуулагдсан Үндэстнүүдийн Холбоо гэдэг нэртэй энэ байгууллага дэлхийн II дайн эхлэхэд оршин тогтнохоо больжээ. «Илчлэлт» номд бичсэн зөгнөл ёсоор, араатны хөрөг дахин гарч ирэхийг Бурхны ард түмэн энэ дайны үед тунхаглаж байсан. Үнэхээр ч зөгнөл биелж, араатны хөрөг Нэгдсэн Үндэстний Байгууллага гэсэн нэрээр гарч ирсэн (Илч. 17:8).

14. Араатны хөргийг «найм дахь хаан» гэсэн нь ямар учиртай вэ?

14 Иохан долоон толгойтой араатны хөргийг «найм дахь» хаан гэсэн. Энэ нь ямар учиртай вэ? Араатанд найм дахь толгой бий болно гээгүй. Харин араатны хөргийг л хэлжээ. Гишүүн орнууд, ялангуяа гол дэмжигч Англи-Америкийн эзэнт гүрэн аливаа эрх мэдлийг түүнд өгдөг (Илч. 17:10, 11). Улс үндэстнийг хөдөлгөж чадах эрх мэдэлтэй учраас энэ хөргийг «хаан» гэжээ.

АРААТНЫ ХӨРӨГ ЯНХАН ЭМИЙГ ЦӨЛМӨСӨН НЬ

15, 16. Янхан эм юуг бэлгэддэг вэ? Өнөөдөр хүмүүс шашинд хэрхэн хандаж байна вэ?

15 Иоханы бичсэнээр, бэлгэдлийн янхан эм час улаан араатан унаад, удирдан залж явжээ. Час улаан араатан гэдэг нь долоон толгойтой араатны хөрөг юм. Янхан эмийн нэр нь «агуу их Вавилон» (Илч. 17:1–6). Бүх хуурамч шашныг бэлгэддэг. «Агуу их Вавилоны» хамгийн гол хэсэг нь христ шашны ертөнц юм. Шашны байгууллагууд араатны хөргийг ил тод дэмжиж, нөлөө үзүүлэхийг оролдсоор ирсэн.

16 Агуу их Вавилоныг «их усны дээр» сууж байгаагаар дүрсэлсэн байдаг. Ус гэдэг нь түүнийг дэмждэг хүмүүс юм. Харин Эзний өдөр энэ ус «ширгэнэ». Өөрөөр хэлбэл, хүмүүс Агуу их Вавилоныг урьдынх шигээ дэмжихээ болих ажээ (Илч. 16:12; 17:15). Өнөөдөр байдал ямар байна вэ? Араатны хөргийг анх гарч ирэхэд Агуу их Вавилоны нөлөө бүхий хэсэг болох христ шашны ертөнцийн сүмүүд барууны орнуудад хүчээ авч байсан. Харин өнөөдөр эдгээр шашныг болон лам хуврагуудыг хүндэтгэж, дэмжих нь багасчээ. Харин ч шашнаас болж зөрчил мөргөлдөөн гардаг гэж үзэх хүний тоо нэмэгдэж байна. Нийгэмд үзүүлэх шашны нөлөөг үгүй хийхийг барууны оронд ил тод шаардах болжээ.

17. Хуурамч шашин удахгүй яах вэ? Яагаад?

17 Гэхдээ хуурамч шашин өөрөө замхраад алга болчихгүй. Хаадад хүчтэй нөлөөлж, хүссэн болгоноо тэднээр хийлгэсээр байх болно. Гэвч удахгүй Бурхан нэг санааг хаадын «зүрхэнд» хийнэ (Илчлэлт 17:16, 17-г уншина уу). Сатаны тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг болох улс төрийн байгууллагууд Еховагийн нөлөөгөөр хуурамч шашин руу довтолно. Янхан эм засгийн газруудыг эрхэндээ байлгаж чадахаа больж, хамаг эд хөрөнгөө алдана. Ийм явдал болохыг хорь, гучаад жилийн өмнө хэн ч төсөөлж чадахгүй байсан биз ээ. Харин өнөөдөр бүх юм өөрчлөгдөж байна. Час улаан араатан унасан янхан эм гуйвж дайвж байна. Гэлээ ч өөрөө унахгүй. Түүнийг гэв гэнэт, хүчээр унагана (Илч. 18:7, 8, 15–19).

АРААТНУУД УСТГАГДАНА

18. а) Араатан юу хийх вэ? Тэр нь юугаар төгсөх вэ? б) Даниел 2:44-т бичсэн Бурхны Хаанчлал ямар хаанчлалуудыг устгах вэ? (17-р хуудасны хавсралт үзнэ үү).

18 Хуурамч шашин устгагдсаны дараа Сатаны мэдэлд байдаг улс төрийн тогтолцоо буюу араатан Бурхны Хаанчлалын эсрэг довтлохыг санаархана. Газрын хаад тэнгэрт байгаа Бурхны Хаанчлал руу довтолж чадахгүй учир Хаанчлалыг дэмжигч хүмүүст уураа гаргана. Ингэвэл Бурхантай л тэмцэлдэх болно (Илч. 16:13–16; 17:12–14). Даниел энэхүү эцсийн тулалдааны тухай хэлсэн байдаг (Даниел 2:44-ийг уншина уу). Долоон толгойтой араатан, түүний хөрөг болон хоёр эвэрт араатан устгагдана.

19. Бид юунд эргэлзэх хэрэггүй вэ? Одоо ямар цаг вэ?

19 Бид долоо дахь толгойн үед амьдарч байна. Араатан устгагдахын өмнө дахин өөр толгой гарах тухай бичээгүй. Англи-Америкийн эзэнт гүрэн дэлхийг эзэгнэж байх үед хуурамч шашин үндсээрээ таслагдана. Даниел Иохан нарын зөгнөл нэг бүрчлэн биелсээр ирсэн. Тиймээс удахгүй хуурамч шашин устгагдаж, Хармагедон болно гэдэгт эргэлзэх хэрэггүй. Чухам юу болохыг Бурхан нэгд нэгэнгүй хэлж өгсөн. Харин бид эдгээр зөгнөлд байгаа сануулгыг анхаардаг уу? (2 Петр 1:19). Одоо бол Еховагийн талд зогсож Хаанчлалыг дэмжих цаг мөн (Илч. 14:6, 7).

[Зүүлт]

^ Библид арвын тоогоор цогц юмны бүрэн бүтнийг бэлгэддэг. Тиймээс арван эвэр гэдэг нь Ромын эзэнт гүрэн задран унасны дараа бий болсон бүх хаант улс юм.

^ Англи болон Америкийн Нэгдсэн Улс тэртээ 18-р зууны үед оршин тогтнож байсан хэдий ч Иоханы бичсэнээр Эзний өдөр эхлэхэд л эзэнт гүрэн болох байлаа. Учир нь «Илчлэлт» номд «Эзэний өдөр» биелэх зөгнөл бичигдсэн байдаг (Илч. 1:10). Англи Америк хоёр дэлхийн І дайны үеэс нэг улс мэт хамтран ажиллах болж дэлхийд ноёрхлоо тогтоожээ.

^ Англи-Америкийн эзэнт гүрэн дэлхийн II дайны үед аймшигт сүйрэл учруулахыг Даниел зөгнөж, «Тэр асар их хэмжээгээр эвдэнэ» хэмээн бичжээ (Дан. 8:24). Тухайлбал, Америкийн Нэгдсэн Улс хоёр ширхэг атомын бөмбөгийг дэлхийн эзэнт гүрний дайсан дээр хаяснаар урьд хожид үзэгдээгүй аймшигтай сүйрэл учруулсан.

^ «Илчлэлт. Оргил үе нь ойрхон байна!» номын 240, 241, 253-р хуудсыг.үзнэ үү [англи].

[Догол мөрийн асуулт]

[17-р хуудасны хавсралт]

«ТЭДГЭЭР БҮХ ХААНЧЛАЛ» ГЭЖ ЮУ ВЭ?

Даниел 2:44-т Бурхны Хаанчлал «тэдгээр бүх хаанчлалыг бутлан сөнөөнө» хэмээн зөгнөсөн байдаг. Баримлын хэсгүүдээр бэлгэдсэн эзэнт гүрнүүдийг л тэдгээр хаанчлал гэжээ.

Бусад засгийн газар яах вэ? Даниелын зөгнөлтэй төстэй зөгнөл «Илчлэлт» номд байдаг бөгөөд тэндээс хариуг нь мэдэж болно. «Бүх дэлхийн хаад» «Төгс хүчит Бурханы агуу өдрөөр» Еховагийн эсрэг цугларна гэж тэнд бичжээ (Илч. 16:14; 19:19–21). Тэгэхлээр, баримлын хэсгүүдээр төлөөлсөн хаанчлалууд төдийгүй, бусад бүх засгийн газар Хармагедоноор устгагдах аж.